2012-05-01
Багшийн хөгжилд менежментийн үүднээс хандсан кейс судалгааны дүн
Шинжлэх ухааны доктор,профессор Ч.Пүрэвдорж
Боловсролын удирдлагын магистр Ж.Оюунцэцэг

 
Ардчилал зах зээлийн орчинд тавигдаж буй шинэ нийгмийн зорилтоос болж багшийн үүргийг өөрөөр үзэхэд хүргэж байна. Сургууль багшийн ажлын үр дүн зөвхөн мэдлэг бүтээлгэхэд бус улс орныхоо ирээдүйг тогтвортой хөгжилд хүргэхэд хамаардаг. Асуудал ийнхүү томсгосон хүрээгээр тавигдаж буй нөхцөлд багш нарын амьдралын дүр төрхийг бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нар бодьтой төсөөлөх нь нэн чухал учраас эл асуудал хөндөгдөж байгаа болно. 

Багшийн хөгжлийн тухай үзэл баримтлал цөөнгүй. Хөгжилд хандаж ирсэн байдлаас үзэхэд наад зах нь:

·         Мэргэжил боловсролын талаас

·         Арга, сэтгэхүйн талаас

·         Харилцаа зан үйлийн үүднээс гэсэн чиглэлтэй байжээ.

Эдгээр хандлага нь бүхэлдээ багш бүр өөрийгөө өөрчлөх бүх боломжийг ашиглан мэргэжил боловсролоо байнга ахиулах идэвхтэй үйл явц гэсэн байр суурин дээр нэгддэг байна. Ийм хандлага багшийн хөгжлийг голчлон өөрөөс нь хамааруулж орчиндоо дасан зохицох менежментийн үндсэн зарчмыг олонх тохиолдолд орхигдуулсан байх нь ажиглагддаг. Үнэн хэрэгтээ багшийн хөгжил нь гадаад, дотоод хүчин зүйлээс шалтгаалдаг хүний хөгжлийн нэгэн өвөрмөц хэлбэр юм. Бид ийм байр сууринаас багшийн хөгжлийн өнөөгийн байдалд нэгэн кейс судалгаа хийсэн юм.

 

  Судалгаанд манай баруун бүсэд орших аймгийн ЕБС-ийн  41 багш ажилтан, 68 сурагч оролцов.

·     Багшийн нас-   20-29 настай 15, 30-39 настай 12, 40-49 настай 10, 50-60 настай 4

·     Хүйс-   эрэгтэй  7, эмэгтэй 34

·     Ажилласан жил -  1-5 жил 15, 6-11 жил 7, 12-16 жил 4, 17-24 жил 12, 25-аас дээш  жил 3

·     Боловсролын хувьд – дипломын 8, бакалавр 30, магистр 3

·     Сурагчдын хувьд 10-р анги төгсөх сурагчид байв.

 

            Багшийн гэр бүл дэх цалин орлогын талаар дор дурдсан түүвэр ажиглалтыг хийлээ.

 

 

48 настай, орос хэлний багш, эмэгтэй,  20 жил багшилсан.  

 16-28 насны 4 хүүхэдтэй, нөхөр эрхэлсэн ажилгүй.   Өрхийн сарын орлого 136 200, үндсэн цалин  76 200, нэмэгдэл орлого  60 000 орчим төгрөг. 7 хоногт 24-28 цагийн хичээл заадаг, төгсөх анги удирддаг, гадаад хэлний кабинеттай, Заах аргын нэгдлийн ахлагч,      3 хүүхэд оюутан, нэг нь төрийн сангийн зээлээр бусад  2 нь 710 мянган төгрөгийн төлбөр төлдөг, нэг охин ЕБС-ийн ахлах ангид сурдаг 30 мянган төгрөгийн төлбөртэй, намар сургуульд ороход нь сурах бичиг, хичээлийн хэрэглэл, хувцас, байр хоолны мөнгө, замын зардалд 500 орчим мянган төгрөг зардаг. Гэрт амьдардаг, түлш, хоол, цахилгаан, телевизор, хогны  зэрэг төлбөрт 400 орчим мянган төгрөг зарцуулна. Багшийн жилийн цалин дунджаар 1 496 000 орчим төгрөг боловч хүүхдээ сургуульд явуулахын тулд  800 000 төгрөгийн цалингийн зээл авсан. Түүнд сар бүр 80 000 төгрөг төлдөг. Энэ бүхнээс багшийн өрхийн орлого зарлага ямар байгаа нь бэлхнээ харагдана

 

 

 

 

49 настай,  бага ангийн багш, эмэгтэй, 16-28 насны 5 хүүхэдтэй.

    Нөхөр зурагчин, сарын нийт цалин 124 800 төг, үндсэн цалин 76 800, нэмэгдэл орлого 48 500 төгрөг.  7 хоногт 24 цагийн хичээл заадаг,    2 хүүхэд дээд сургууль төгссөн боловч ажил эрхлээгүй, 2 охин оюутан, нэг хүү ЕБС-ийн ахлах ангид сурдаг.

  Цалингийн жилийн нийт хэмжээ 1 300 000 орчим төгрөг, 2 хүүхдийн сургалтын төлбөр  720 000 төгрөг.

  Байр, унаа, хичээлийн хэрэглэл, хувцсанд 1 удаа 600 орчим мянган төгрөг зарцуулна. Өрхийн орлого зарлага хүнд байгаа боловч өрхийн тэргүүний эрхэлдэг жижиг бизнес тэднийхийг цалингийн зээлд хүргээгүй байна.  Энэ бизнест эхнэр ихээхэн үүрэгтэйгээр оролцдог тул түүний багшлах ажлын үр дүнд багагүй нөлөөлдөг. 

 

 

 

22 настай, математикийн багш,  эрэгтэй,  эцэг, дүү нартайгаа амьдардаг. Эцэг нь  улирлын чанартай ажил эрхэлдэг. Дүү оюутан.           Үндсэн цалин  68 200, Нэмэгдэл хөлс 35 000,         нийт цалин  103 200 төгрөг. Математикийн 22 цагийн сонгон хичээллүүлж анги даадаг. Жилийн нийт орлого нэг сая орчим төгрөг. Намар дүүгээ  сургуульд явуулахын тулд 800 000 төгрөгийн цалингийн  зээл авсан сар бүр 75 000 төгрөг төлдөг. Өөрийг нь оюутан байхад дүү нь сургуулиа орхиод ажиллаж байсан. Одоо дүүгээ боловсрол олоход нь туслах ээлж ирсэн.

 

 

Тус сургуулийн багш нарын амьдралын боломжийг үнэлэвэл 24 хувь нь амьдралын дундаж түвшинд 76 хувь нь дундаас доош түвшинд байлаа. Эл байдал нь багшийн үндсэн хөдөлмөрт сөргөөр нөлөөлдөг бөгөөд ялангуяа оюутан хүүхэдтэй багшийн гэр бүлд (энэ нь багш нарын 37 хувийг эзэлдэг) бүр ч хүнд тусдаг байна. Тулгарсан бэрхшээлээс гарахын тулд тэд цалингийн зээл их хэмжээгээр авна. Судалгаанаас үзэхэд багш нарын 51 хувь нь цалингийн зээлтэй. Цалингийн зээл нь тухайн үед бэрхшээлээс гаргах боловч угийн бага орлоготой  багш нарт сэтгэл зүйн болон эдийн засгийн хүнд  дарамт үүсгэнэ.

                                      

                                                                  

Зураг  1   Багш нарын боловсролын судалгаа

 

  Боловсролын зэргээ ахиулах сонирхол багш нарын дунд их байна. Судалгаанд оролцсон багш нарын  53,6 хувь нь зэргээ ахиулахыг хүссэн байв. Өнөөдөр багш нарын мэргэжил, ур чадварын хөгжлийн төвшнийг илэрхийлдэг нэг үзүүлэлт бол мэргэжлийн зэрэг болжээ.

              

 

Зураг 2       Мэргэжлийн зэрэгтэй багшийн судалгаа

 

 

Багш нарын мэргэжлийн зэргийн судалгааг энд үзүүлэв. Үүнээс үзэхэд 2001-2006 онд тэргүүлэх зэрэгтэй багшийн тоо буурсан байна. Үүнийг судалж үзэхэд энэ хугацаанд тэргүүлэх зэрэгтэй 5 багш өөр ажилд шилжжээ. Тэдний 3 нь төрийн захиргаанд, 2 нь бизнест шилжсэн байна. Тэд яагаад багшийн ажлаас гарсаныг тодруулахад багшийн ажил нь:

Өөрийгөө хөгжүүлэх боломж муу Цалин нь амьдралд хүрэлцдэггүйАжлын ачаалал их  гэж үзжээ.

 

Багш нарын дунд явуулсан судалгаанаас үзэхэд мэргэжлийн зэргээ ахиулах шалгуур оновчгүйн дээр  заавал 5 жил гэхгүйгээр багш хүссэн үедээ мэргэжлийн зэргээ ахиулах бололцоог нээх нь зүйтэй гэж үзсэн байв.  

 

 

Зураг 3      Багш нарын насны судалгаа

 

 

Багш нарын насны судалгааг “Багшлах ажилд дадах, тасралтгүй суралцах загвар” - тай харьцуулах зорилгоор хийв. Энэ загвараас үндэслэн багш нарын дунд санал асуулга явуулахад 30-49 насны багш нар ихэвчлэн мэргэжлээ дээшлүүлэх сонирхол илүү харин 22-29 насныхан буюу  эхний 5 жилдээ ажиллаж байгаа багш нар ажлын байран дээрээ суралцах дадлагажихад түлхүү анхаардаг нь ажиглагдаж байв.

 

Зураг 4      Багш нарын эрүүл мэндийн судалгаа

 

 

Нэг багш 7 хоногт дунджаар 37,5 цагийн хичээл, сонгон, дугуйлан, давтлага зэргийг явуулж байна. Үүний дээр хичээлийн бэлтгэл, дэвтэр засах, ангитай ажиллах, кабинет хариуцах мэтийг нэмбэл 51,5 - 56,5 цагийн багтаамж бүхий ажил болно. Үүнийг  ажлын 5 өдөрт хуваавал нэг өдөрт дунджаар 10,3 - 11,3 цагийн ачаалалтай ажиллана. Ийм ачааллын хажуугаар өөрийгөө хөгжүүлэх, шинжлэх ухааны мэдээлэл олох, гадаад хэл сурах, гэр орноо халамжлах зэрэг олон зүйлийг зохицуулахад багшийн хүчин мөхөсддөг байна. Түүнээс гадна багшийн ажлын ачаалал их хөдөлмөрийн бусад нөхцөл хүнтэй холбоотойгоор тэдний эрүүл мэнд сайнгүй. Үүнийг энд үзүүлсэн судалгааны графикаас төвөггүй харж болно. Судалгаанд хамрагдсан багш нарын 58 хувь нь мэргэжлээс шалтгаалах өвчтэй, 23 хувь нь суурь өвчтэй 19 хувь нь эрүүл байв.

Багшийн хөгжлийн асуудалтай холбогдуулж явуулсан судалгаагаар 10-р анги төгсөх сурагчдын дөнгөж 3 хувь нь багш мэргэжлийг сонгосон байв.  Энэ нь багш мэргэжилийн нэр хүнд, хэрэгцээ ямар хэмжээнд хүрснийг харуулна. 

 

Багшийн хөгжилд холбогдох энэхүү кейс судалгааны дүнд үндэслэн тунгааж үзвэл дор дурдсан эрэгцүүлэл үүсч байна.

 

Өнөө үед хүний хөгжлөөр аливаа улсын хөгжил дэвшлийг тодорхойлох  хандлагатай болоо. Хүний хөгжил нь эрүүл энх явж,  урт удаан наслах, улмаар эрдэм боловсрол олж амьдрал ахуйд бүрэн хүрэлцэхүйц орлоготой аж төрөхийг хэлдэг. Хүний хөгжлийг илэрхийлдэг эрүүл мэнд, боловсрол, ядуурал, ажилгүйдэл нь бие биеэ нөхцөлдүүлж бас нэг нь нөгөөгөө үгүйсгэдэг  харилцан холбоо хамаарал бүхий зүйл учраас тэдгээрийг шийдвэрлэхдээ саланг тусд нь биш аль болох уялдаа холбоотой менежментийн арга ухааны үүднээс үзвэл илүү үр дүнтэй нь тодорхой юм.

Хүн амын бичиг үсэгт тайлагдалт, боловсролын түвшин, нэг хүнд оногдох эрдэмтэдийн тоогоор тийм ч бага биш монгол улс хөгжлийн доод хэмжээнд оршсоор байгаа өнөөгийн байдлыг судлаачид манай иргэдийн эзэмшсэн боловсролын бүтээлч бус, номлосон шинжтэй холбож үздэг. Манай улсад ажилгүйдэл, ядуурал газар авах шинжтэй байна. Улс орны буурай хөгжил, амжиргааны түвшин доогуур байгаа нь нийт хүн амын бүтээмжийн хэмжээтэй шууд холбоотой. Тийм учраас иргэдийнхээ боловсролын чанарыг сайжруулах замаар хүн ардынхаа бүтээх чадамжийг нэмэгдүүлэх нь тус орны боловсролын гол зорилт болоод байна. Цээжлэх байдлаар сурсан бүтээлч бус хандлага  багшийн сургалтын үйл ажиллагаанд мөн тийм  арга барилыг зуршил болгож улмаар  улс орны боловсролыг бүхэлд нь дэвшил хөгжил руу биш өнгөрснөө дахин давтдаг мухардмал зам руу түлхдэг байж мэдэх юм. Ийм байдлаас гарахад эн тэргүүнд боловсролын шинэчлэл чухал гэдгийг хаа сайгүй хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэхүү шинэчлэлийн хүндийн төв багш нар дээр тулгуулах болов. Өөрөөр хэлбэл макро түвшний бодого зохицуулалт, онол баримтлал харьцангуй тодорхой болж микро түшинд буюу үйл ажиллагааны хүрээнд шинэчлэл хийх ажил тулгарчээ. Энэ бол сургууль багш нарын хүрээн дэх шинэчлэлийг эрчимжүүлнэ гэсэн үг. Сургууль багш нарын ажлын шинэчлэлийн үндсэн нөхцөл нь багшийн хөгжлийн асуудал юм. Багшийн хөгжлийг зөвхөн арга сэтгэхүйгээ шинэчлэх төдийд бус хүний хөгжлийн онол баримтлалд тулгуурлаж цогцолбороор үзэх нь илүү үр дүнтэй юм.

Багшийн орлогыг нэмэгдүүлэх замаар аж амьдралыг нь төвхнүүлж мэргэжлээрээ тасралтгүй бүтээлчээр ажиллаж бүх хүч нөөцөө сургалтын ажилдаа зориулах   эдийн засгийн нөхцөл бүрдүүлэх нь багшийн хөгжлийн нэг гол асуудал юм. Багшийн орлогыг хүрэлцэхүйц хэмжээгээр нэмэгдүүлж чадаагүй нөхцөлд ямар ч сайн бодлого стратеги, боловсролын стандарт, киррикюлим боловсролыг өнөөгийн хүсээд байгаа чанарын түвшинд хүргэж чадахгүй нь тодорхой. Улдаанбаатар хотод Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн дотор бидний саяхан хийсэн судалгаагаар тэдний дөнгөж 5,7 хувь нь багш мэргэжлийг цаашдаа сонгох бөгөөд үүнээс татгалзаж байгаа шалтгаанаа багшийн цалин хөлс бага, багшийн ажил хүнд, ирээдүй бүрхэг гэж хүүхдүүд үзсэн байв. Энэ бол багшийн орлого бага, ажил амьдралын нөхцөл сайнгүй байгаа бас нэг баримт юм. Ийм байдлаас болж багш мэргэжлийн нэр хүнд олон нийтийн дунд унасан. Багшийн нэр хүндийн уналт манай улсын боловсролын хямралын нэг шалтгаан юм.

Багшийн хөгжлийн хоёрдох гол асуудал бол түүний эрүүл мэнд, ажил амьдралын орчин нөхцөл. Үүнд өнөө хир нь бага анхаарч зөвхөн багшийн нийгмийн асуудал гэдэг томъёололд багтааж бүдэгрүүлсээр байна. Багшийн ажлын нөхцөл хүнд, хөдөлмөрийн үнэлэмж бага байна. Багш нарын амралт сувилал, эмнэлэг, нийгмийн даатгалын баталгаа, төрөл бүрийн хөнгөлөлт, эрүүл ахуйн нөхцөл нэн тодорхойгүй хэвээр байна. Орон нутагт газар авах хандлагатай байгаа ядуурал нь эрүүл мэндтэй шууд холбоотой бөгөөд хувь хүний эрүүл мэндийн байдал доройтох нь түүний амьдралын чанарт нөлөөлж энэ нь “ Өвчин эмгэг – ажилгүйдэл- ядуурал “ гэсэн гинжин холбоог бий болгодог. Үүнээс гадна “Оюуны доройтол- ажилгүйдэл- ядуурал” гэсэн гинжин холбооны зэрэгцээ эрүүл мэндийн байдал нь өрхийн амжиргаанд нөлөөлж “Оюуны доройтол- ажилгүйдэл- ядуурал” гинжин холбоогоор даамжирч өрх гэрээс эхлээд нийт улс орныг хамрах зүй тогтолтой ажээ.

 Багшийн хөгжлийн гуравдахь бүрэлдэхүүн бол багшийн боловсрол мэргэжлийн ур чадвар, арга сэтгэхүй, зан үйлтэй холбоо бүхий цогцолбор асуудал юм. Энэ талаар өнөөдөр чамгүй анхаарал тавьж онол баримтлал, арга зүй, судалгааны ихээхэн ажил хийгдэж байгаа тул нуршин тайлбарлах нь илүүц болов уу. Ийнхүү багшийн хөгжлийг аль ч талаас нь харсан харилцан уялдаа холбоо бүхий цогцолбор асуудал гэдгийг бодлого боловсруулах шийдвэр гаргах түвшинд сайтар тооцож байх нь зарчмын ач холбогдолтой юм.

 

 

Мэдээллийн эх үүсвэр

 

Монголын хүний хөгжлийн илтгэл. УБ, 1997, 2000

Тогтвортой хөгжлийн үзүүлэлтийн систем. -НҮБ, Нью-Йорк, 1996.

Төрийн бодлого ба төрийн хүний нөөцийн менежмент. УБ,1998.

Б:Жадамбаа Нийгэм ба Инфодинамик, 2005

 Ч.Пүрэвдорж     Байгууллагын менежмент (Сурах бичиг), 65 хэвлэлийн хуудас, 2006

Пүрэвдорж Ч. Боловсролын хөгжлийн онол арга зүйн асуудалд.- УБ.1999.

Тейлор Ф. Менежмент буюу үйлдвэрлэлийг удирдахуй.- Орос хэлнээс орч., 2002.

1978.

Друкер П.Ф.  Задачи менеджмента в XXI веке.  Пер. с англ.  М. : Вильямс, 2000.

Мелентьев Л.А.  Оптимизация развития  и управление больших систем  энергетики.- М: Высш. Школа, 1982.

Хакен Г.  Синергетика.  Иерархии неустойчивностей в самоорганизующихся системах и устройствах. Пер. с  англ. -М. :Мир,1985.

Andrew, P. (2005) Reflective Teaching, 2nd Edition Continuum, London, New York

Ball, S. (1990) Politics and Policy Making in Education: Explorations in Policy Sociology. London: Routledge

Barrow, R. and Woods, R. (1988) An Introduction to Ph: Logophy of Education. London: Routledge

Bassey, M. (1999) Case Study Research in Educational Settings. Buckingham: Open University Press

Bonney, R. Management Guidelines for Teachers, Great Britain at The Bath Press, Avon

Coffey, A. (2001) Education and Socail Change, Buckingham: Open University Press Research Association, Rand McNALLY CollegePublishing Company Chicago

Second Handbook of Research on Teaching, A Project of The American Educational

 

 

 

 

 

 

 

 

 

 

Бичсэн: EDUCATION | цаг: 10:35 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1781278 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax