Шинжлэх ухааны доктор, профессор Ч.Пүрэвдорж
(МУБИС-ийн Боловсролын удирдахуйн ухааны тэнхим )
Менежмент гэдэг хэллэг манай өдөр тутмын амьдралд орж ирсээр удаагүй дөнгөж арваадхан жил өнгөрч байна. Социалист удирдлагын аргыг менежментийн аргад шилжүүлэх нь манай улсын хувьд үг хэллэг солих төдий өнгөцхөн зүйл биш ажээ. Тийм учраас шинжлэх ухааны менежментийн мөн чанар түүний социалист удирдлагаас ялгаатай талыг сайтар ухан үзүүштэй санагдана. Энэ удаад ангийн менежмент гэсэн сэдэвтэй холбогдуулан менежмент гэдгийн дор эн түрүүнд юу ойлгууштай бэ гэсэн асуулт тавигдаж болох юм. Манай өнөөгийн нөхцөлд энгийн ухамсарын түвшинд менежмент гэсэн ухагдахууныг “сайн удирдах” гэдэгтэй дүйлгэж өөрөөр хэлбэл удирдлагыг аль нэг байдлаар “сайжруулж” л байвал менежмент болж буй мэт төсөөлөх тал заримдаа ажиглагдана. Багшийн үйл ажиллагаа, анги бүлгийг удирдахын хувьд ч ялгаагүй ийм байдлаар ханддагаас ойлголтын зөрөө гарч хуучин үе рүү хэлбэрч ажлын үр дүн хүссэн хэмжээнд хүрэхгүй байх тал бий.
Хүмүүсийг айлган сүрдүүлэх, захиран тушаах, хамтран ажиллах мэт олон янзын арга хандлагаар удирдаж болно. Өнгөрсөн нийгмийн үед удирдлагын төвлөрүүлэн захирах хүнд суртлын арга хандлагыг хэрэглэж байв. Тэр үеийн нийгэм хүмүүсийг үүнээс өөрөөр удирдах боломж үнэндээ байхгүй юм. Гэтэл зах зээл, арчиллын нөхцөлд социалист аргаар эрх чөлөө бүхий хүмүүсийг удирдаж болох уу. Болдог юмаа гэхэд аль хир үр дүнтэй байх бол. Эл учраас удирдлагын хуучин арга хандлага онол номлолоо ардчилал, зах зээлийн нөхцөлд эрх чөлөөт хүмүүсийг удирддаг арга хандлагаар солихоос аргагүй болсон хэрэг. Тийм нэгэн удирдлагын арга хандлага онол номлол нь өнөөгийн хэрэглээд байгаа менежмент буюу шинжлэх ухааны менежмент юм.
Шинжлэх ухааны менежмент зуу гаруй жилийн түүхтэй, эрчимтэй шинэчлэгдэн хөгжсөөр буй шинжлэх ухаан, үйл ажиллагааны салбар юм. Аливаа хүч нөөцийг зохистой байршуулж ажиллуулан эрхэм зорилго (Mission), зорилтуудад (Objectives) хүрэхийн тулд төлөвлөх, зохион байгуулах, хошуучлах, хянах зэргээр асуудал бүтээлчээр шийдэх үйл явцыг менежмент гэж мэргэжлийн үүднээс явцуу утгаар ойлгож болно. Үүнийг бүр хялбарчлан менежмент нь хөдөлмөр, оюун ухаан, мотивац зэрэг бусдын хүчин зүйлийг ашиглан хамтран ажиллах замаар зорилгодоо хүрэх чадвар гэж бас үзэж болно. Эдгээр нь менежмент гэдэг өргөн ухагдахуун хийгээд орчин цагийн соёлт хүний тэрхүү олон талт үйл ажиллагааг ганц өгүүлбэрт багтаан илэрхийлсэн хэрэг биш бөгөөд үүний цаана менежментийн технологи, тогтолцоо, нийгэм-хүмүүнлэгийн гэх мэт олон шинж орхигдсон нь тодорхой. Ер нь аливаа тодорхойлолт нийлмэл зүйлийн нэг л хэсгийг, их сайндаа нэг хэсэг шинжийг илэрхийлэх гэсэн оролдлого байдаг.
Менежментийн тухай илүү парагматик хоёр тодорхойлолтыг өнгөцхөн боловч харьцуулж үзье. Америкийн менежментийн нийгэмлэгийн ерөнхийлөгч "Менежмент бол бусдыг ажиллуулах" гэжээ. Харин өөр нэгэн тодорхойлолтонд "Байгууллага хийгээд түүний гишүүд аль алины нь зорилгыг хэрэгжүүлэхийн тулд бусадтай хамтрах, тэднийг ажиллуулахыг менежмент гэнэ" гэжээ. Эдгээр тодорхойлолтын ялгаатай тал юу вэ гэвэл наад зах нь гурван гол зүйлийг ашиглаж болно.
Сүүлчийн тодорхойлолтонд :
§ Бүлэгт хүний эзлэх байр суурь улмаар хүмүүнлэг шинж илүү нэмэгдсэн
§ Эд юмс хийгээд үйл ажиллагаанд төвлөрөхөөс илүү хүрсэн байвал зохих үр дүн, гүйцэтгэсэн байвал зохих зорилгод илүү хандсан
§ Гишүүн бүрийн хувийн зорилго бүлгийн зорилгын гүйцэтгэлтэй нэгдмэл байх үзэл санаа тусгагджээ.
Энд өгүүлсэнээс үзвэл менежмент нь ардчилсан, нээлттэй нийгэм, зах зээлийн чөлөөт тогтолцоо бүхий орчинд байгууллага, хүмүүсийг удирддаг нэгэн зүйл арга хандлага болохоос биш ерөөс удирдлагаа сайжруулах төдийг хэлж буй хэрэг хараахан биш ажээ. Ангийн менежмент сэдвийг хөндөж тавих, угаас багш анги бүлэгтэй ажиллахад энэ үзэл санааг удирдлага болгууштай санагдана.
Анги танхим дахь багш, суралцагчийн оновчтой сайн харилцаа сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах сургуулийн амьдралын чухал хүчин зүйл юм. Багш, шавийн барилдлага суларч байна. Хүүхэд багшдаа хүндэтгэлгүй ханддаг болсон гэж сэтгэл зовнисон хүмүүс цөөнгүй тохиолддог. Үүнтэй холбоотойгоор:
§ Номын багшаа хүндэтгэн мөнх барилдлагатай явах уламжлал суларсан уу
§ Монгол хүний ёс жудаг бүдгэрсэн үү
§ Хүүхдийн нийгэмшил, ёс зүй дордсон уу мэтийн олон асуулт гарна.
Багшаа хүндэтгэх эл асуудалд нөгөө талаас нь хандаж бас болно. Тухайлбал:
§ Багш шавийнхаа хүндэтгэлийг хэзээ хүртэх вэ
§ Багш алдар хүндлэлийг тэднээс хүсэн хүлээсээр байх уу
§ Багш тийнхүү хүндлүүлэхийн тулд юу хийх ёстой вэ мэт асуулт бас гарна.
Бидний ярилцаж буй эл асуудлыг менежментийн ухаанд менежерийн хошуучлалтай (Leadership) холбож судалдаг. Хүүхдийг өөрийнхээ дур хүслээр захиран барих уу эсвэл тэд өөрсдийнхээ хүсэл зорилгыг хэрэгжүүлэхэд нь нөлөөлөн дэмжиж туслах уу гэсэн багшийн үйл ажиллагааны хоёр хандлагаас хоёр дахыг өнөө цагийн багш нар сонгох нь мэдээж. Гэхдээ мэдээд байх нэг хэрэг, мэдсэнээ хэрэгжүүлэх өөр хэрэг биш билүү. Энэ нь яаж хэрэгжүүлэх арга ухаанаа олохгүй байх эсвэл яаж хэрэгжүүлж яваагаа өөрөө мэдэж ухаарахгүй байхтай нилээдгүй холбоотой. Багш анги бүлэгтэй ямар арга барилаар ажиллах вэ, Үүнд багшийн оролцоо ямар байх учиртай вэ. Эдгээр асуулт нь та биднийг эрэгцүүлэлд оруулж, диалогт хүргэж чадах асуулт мөн бөгөөд үүнийг хувь хувьдаа болон хамтдаа эрэгцүүлэн үзэх нь чухал болов уу. Аль ч тохиолдолд менежментийн ухааны үүднээс хандвал эдгээр асуулт багшийн хошуучлалтай холбогдох болно. Хошуучлал нь юуны өмнө тухайн менежерийн ажлын арга барилаар илэрхийлэгдэнэ.
Зорилгоо хэрэгжүүлэхээр хүмүүст нөлөөлөх, өдөөхийн тулд тэдэнд хандах удирдагчийн зан үйлийн ерийн байдлыг удирдлагын арга барил гэж ойлгодог. Бүрэн эрхээ төлөөлөн шилжүүлсэн байдал, засаглах хэлбэр, хүмүүст хандах хүмүүнлэг харилцаа бүгд удирдлагын арга барилд хамаарна. Багшийн ажлын арга барилыг автократ (захирангуй), либерал (эвлэрэнгүй) гэсэн хоёр туйлтай, тэдгээрийн дунд ардчилсан арга барил оршдог гэж төсөөлөе. Тэгвэл багшийн ажлын арга барилын континуум энд оруулсан зурагт үзүүлсэн хэлбэртэй байна.
Багшийн ажлын арга барилын котинуум
Автократ арга барилтай багш захиран тушаах шинжтэй. Тэрээр хүүхдэд санаа бодлоо тулган хүлээлгэх замаар харьцдаг. Ийм багш хүрэлцэхүйц хэмжээний засаглалтай байхыг эрмэлзэнэ. Тэд юуны өмнө шалгалт шүүлгээр далайлган, эцэг эхэд нь хэлнэ, хурлаар оруулна гэх зэргээр сүрдүүлэх түүгээр ч зогсохгүй загнах, шоглох мэтээр хүчирхийлэхээс ч буцахгүй. Автократ багш хүүхэдтэй харьцахдаа урьдал болгодог баримтлалыг хошуучлалын судалгаагаар нэрд гарсан Дуглас МакГрегорын "Х"онолыг баримтлан илэрхийлбэл:
§ Хүүхэд хичээллэх дургүй болж өгвөл түүнээс зугаатадаг
§ Хүүхэд залхуу учраас тэднийг албадаж, сүрдүүлж, захирч, хянаж байвал зохино
§ Хүүхэд бэлэнчлэх, хариуцлагаас зайлсхийх бас шударга бус хандлагад хялбархан өртдөг
§ Хүүхдийг захирч тэдэнд юу сурахыг нэг бүрчлэн зааж өгөх ёстой
§ Цөөхөн хүүхэд үнэн голоосоо хичээдэг
§ Хүүхдийн оюун ухааны хязгаарлагдмал чадвар нь шинжлэх ухаанд суралцах боломжийг мөхөсдүүлдэг
§ Хүүхэд өөртөө итгэл муутай эсвэл онгиргон хөөрүү байдаг
Ийм баримтлал бүхий арга барилтай багш ихэвчлэн сургалтын бихевиорист онолыг баримталж, бүрэн эрхийг аль болохуйцаар төвлөрүүлж хүүхдийг захиран хянаж тэдэнд асуудлаа өөрөө шийдвэрлэх боломж бараг өгдөггүй бүх хэрэгт нь оролцож зааж зааварлахыг чухалчилсан хандлагатай байна.
Харин Либерал арга барилтай багш автократаас ялгаатай нь МакГрегорын "У" онолоос тодорхой харагдана. Тухайлбал:
§ Хүүхэд хичээллэх угийн дургүй биш сургалтын сайн нөхцөл, сайн харилцааг эерэгээр хүлээн авна
§ Өөрсдөө оролцож хүлээн авсан мэдлэгээ чадвар болгон хувиргаж өөрийгээ идэвхжүүлж өөрийгээ захирч чаддаг
§ Хүүхэд хариуцлага хүлээхэд суралцаж чадна
§ Ихэнх хүүхэд бүтээлч чанар, мэргэн ухаан, нэр хүндтэй байх чадвартай
§ Сургалтын агуулга сонирхолгүй, нас биений онцлогт нийцээгүй учраас тэдний идэвх санаачлагыг боогдуулдаг
§ Хүүхэдтэй хүүхэд мэт харьцаж ганцаарчлан ажиллаж итгэл хүлээлгэвэл сайн суралцах бүрэн үндэстэй
§ Орчин цагийн сургалтын орчин, нөхцөл хүүхдийн мэдлэг, чадварыг бүрэн дүүрэн ашигладаггүй
Энэхүү баримтлалаар бол хүүхдийн өөрийгээ илэрхийлэх түүний дээд эрэмбийн хэрэгцээг эрхэмлэж байна. Либерал арга барилтай багш хүүхдэд санаа бодлоо тулгахаас зайлсхийж хамтран хэлэлцэхийг чухалчилж сурагчдынхаа санал бодлыг хүндэтгэдэг. Үүний үрээр сургалтанд хүүхдийн оролцоо, гүйцэтгэх ажлын эрх чөлөө нэмэгдэж багшийн хошуучлах боломж сайжирч суралцагч багшаа хүндэтгэх түүнчлэн багш шавийн барилдлагааны уг үндэс бүрэлдэж эхэлдэг байж мэдэх юм.
Менежментийн сурах бичгүүдэд ‘’Leadership’’-ийг монголчлохдоо манлайлал, хошуучлал, идэвхжүүлэл гэх зэрэг янз янзаар хөрвүүлсэн байдаг. Эдгээр үгсийн аль нь оновчтой вэ гэдгийг тунгаахын тулд менежментийн уг функцийн утга, мөн чанарыг аль нь бүрэн илэрхийлэх вэ гэдгийг тооцох хэрэгтэй. Идэвхжүүлэл гэдэг үг нь ‘’Motivate’’-д илүү хамаарах бөгөөд өдөөх, сонирхолтой болгох гэсэн санаа тул идэвхжүүлэлт гэдэг үг хошуучлал функцийн утга, мөн чанарыг дангаараа илэрхийлэхэд учир дутагдалтай. Заримдаа хошуучлал, манлайлал хоёрыг адилтгасан тохиодол цөөнгүй. Сайтар тунгаахад энэ хоёр үгэнд утгыг ялгах магадлал бий. Манлай гэдэг үгийг толь бичигт тэргүүн юм, охь, дээд зэргийн, магнай, оройн дээд, толгой гэсэн утгаар тайлбарлажээ. Энэ нэр үгийн язгуураас манлайл, манлайлах, манлайлагч, манлайлал, зэрэг шинэ үг бүтэх ба тэдгээрээс тэргүүлэх, түрүүлэх, толгойлох, толгой цохих гэсэн санааг олж харж болно.
Монгол хэлний зонхилох толь бичгүүдийг судлан ‘’хошуу’’ гэсэн үгэнд Боловсролын удирдлагын магистр Д.Наранзул дөрвөн утга ялгасан байдаг:
1 2 3 4
Хошигу Хошигу Хошуу Хошуу
Хүн амьтны Уламжлалт Үзүүр хэсэг Хошуу торго
ам хамрын засаг захиргааны /уулын, хадан, /тэмдэг нэр/
үзүүр тус газар нэгж үзэгний хошуу/
Харин дээрх үгсийн аль нь чухам хошуучлалын язгуур үндэс болохыг анхааралдаа авбал гуравдахь утга буюу толь бичигт тайлбарласнаар аливаа зүйлийн шувтайж барагдсан үзүүр этгээд гэсэн утгатай хошуу гэдэг үг нь хошуучлалын язгуур ажээ. Шувтайж барагдсан үзүүр этгээд гэдэг нь үзүүр хэсэг рүүгээ улам шувтайж нарийссан гэсэн санаа. Өөрөөр хэлбэл гурвалжин дүрсний хурц өнцөг бүхий оройн шовх үзүүр хэсэг юм. Үүнийг хошуу гэдэг язгуураас бүтсэн нийлмэл үг батлана. Жишээ нь таван хошуу, уулын хошуу, хадан хошуу, өрхний хошуу, үзэгний хошуу гэх мэт. Хошуу гэдэг язгуураас хошуур, хошууч, хошуучил, хошуучлал, хошуучлагч, хошуулд мэт шинэ үг бүтнэ. Хошуурах гэдэг үгийг толь бичгүүдэд “амьтны ямар нэгэн юм руу түрүү татсанаа дагалдан цувах үйл” гэж тайлбарласан байдаг. Түрүү татна гэдэг нь мөн л үзүүр, хошуу гаргах гэсэн санаа буй. Тухайлбал:
§ Хошуучлал - хошуурах үйлийн нэр
§ Хошуучлагч - хошуучлах үйлийн эзэн
§ Хошууруулах - хошуурахын үйлдүүлэх хэв болно.
Хошуур, хошуурах, хошууран дагах, хошууруулах гэсэн үгсэд олноороо хошууран явах гэсэн утга санаа байна. Тэгвэл олноороо аяндаа хошуурч байгаа энэ үйлийн шалтгаан нь хэний ч шахалтгүй өөрсдийн дураар олноороо хошууран явахад хүргэсэн ямар нэг учир шалтгаан, хүсэл зорилго байх болно. Эндээс хошуучлал гэсэн үг бол “Нэг нь түүчээ тогоруу мэт хошуучлан дагуулж бусад нь аяндаа хошууран дагах үйл явц” гэсэн утга бүхий үг гэж тодорхойлж болно Түүчээ тогоруутай зүйрлэсэн учир нь түүчээ тогоруу холын аянд сүргээ дагуулан, тэднийг чиглүүлэн хөтлөж, сүрэг нь түүнийг хошууран дагаж ниссээр хамтдаа зорьсон газраа эсэн мэнд хүрдэг. Түүчээ тогоруунд сүргийг авч явах ямар нэг шинж чанар байсан болоод сүрэг нь түүнийг дагасан байх бизээ. Түүнээс хэн ч тэдэнд энэ арга зам мөрийг зааж сургасан байж боломгүй.
Манлайлагч ганцаараа дээд зэргийн сайнд тооцогдох, манлайлж гарах, манлайлж тасран гарч байгаагаараа хошууран дагасан олонтойгоо хамт яваа хошуучлагчаас ялгаатай. Хошуучлагч бол өөрөө тэргүүлэхээсээ илүү зорилго руу нь хүмүүсийг хошууруулах шинж чанарыг агуулдаг бололтой. Үүнийг нэгэн жишээгээр илэрхийлэхийг оролдъё.
Хоёр үгийн үйлдүүлэх хэвийг харьцуулбал:
§ Хошууруул – Ямар нэгэн зүйл рүү олноор нь дагуулан явах
§ Манлайлуул - Нэгийг манлай болгох, нэгнээр удирдуул, даргалуул гэсэн санаа гарч байна.
Үүнээс үзэхэд манлайлал нь зориудын шахалтаар хийгдэх үйл удирдлагын үүднээс легитим буюу хууль ёсны засаглалтай илүү холбоотой болж байна. Ер нь 1990-ээд оноос өмнө ”намын гишүүний манлайлал” гэдэг зүйлээр хүмүүсийг ялгаварлан, манлайлагчийг олноос тусгайлан оройн дээд, хамгийн сайн нь, охь манлай нь гэсэн утгаар ойлгож байсныг нэхэн санахад илүүдэхгүй болов уу. Энэ ойлголт одоо ч мөнөөх утгаа хадгалан менежментийн нэр томъёонд Leadership –г төлөөлөн хэрэглэгдсээр байгаа нь анхаарууштай, залруулмаар зүйлийн нэг юм. Мөн англи хэлний толь бичигт Lead гэдэг үг нь:
удирдан авч яваххөтлөх, аваачих, хүргэх араасаа дагуулахаж төрөхсанаачлах, үлгэрлэх, чиглүүлэх гэсэн олон утгыг илэрхийлдгийг заасан байдаг.Харин Vanguard гэдэг үг зөвхөн манлайлах, түрүүлах гэсэн хоёр утгыг агуулдаг байна.
Угаасаа Leadership гэдэг ойлголт нь эмх цэгц муутай байсан хүмүүсийн бүлгийг нэгэн зүгт хошууруулан дагуулах удирдагчийн хүч нөөцийг илэрхийлдэг менежментийн нэг функц бүлгээ. Энэ утгаараа Leadership нь удирдлагын үйл ажиллагаа явуулагч этгээдийг бусад хүмүүс даган нэгдэх механизмтай холбоо бүхий цогц ухагдахуун, үзэл санаа төдийгүй бүлгийн гишүүдийг зорилго өөд дагуулах сэтгэлзүйн нарийн үйл явц юм. Тийм учраас менежментийн эл функцийн мөн чанар, агуулгыг хошуучлал гэдэг үг илүү тодорхой илэрхийлнэ гэж үзэж байгаа тул уг нэр томъёог нэг мөр хэрэглэж занших нь зүйтэй. Хүүхдүүдийг сайн үйл өөд түүчээ тогруу мэтээр хошуучлан дагуулах хүч нөөц арвинтай явахыг багш шавь нартаа ерөөе.
Мэдээллийн эх үүсвэр
Д.Алтангэрэл “Англи Монгол толь” УБ 2002 он.Б.Дамдинсүрэн, Б.Осор “Монгол үсгийн дүрмийн толь” УБ 1983 он.Чой Лувсанжав нарын “Монгол бичгийн хадмал толь” УБ 1992 он.Ч.Пүрэвдорж “Байгууллагын менежмент” УБ 2006 он.Я.Цэвэл “Монгол хэлний товч тайлбар толь” УБ 1966 он.С. Шагж “ Монгол үсгийн дүрмийн толь” УБ 1927 он.Мескон М.Х, Альберт М, Хедоури Ф. Основы менеджмента. Пер с англ. М. : Дело, 1992. Douglas McGregor The Human Side of Enterprise 1960Beohnke, K., Distefano,C.A., Distefano, J.J, Bontis, N. Leadership for extraordinary performance. Iyey Business Quarterly. [Online].
10. James M. Higgins The Management Challenge, Florida, 1990