Мөнх бусын орчлонд түүний мөнх бусыг үзүүлэх тохиолдол дэндүү олон. Сүнс эзнээ орхижээ. Гэтэл түүний орон гэр, унтаж байсан ор дэр, хэрэглэж дассан аяга халбага тэргүүтэн цөм хэвээр гагцхүү өөр шинэ эзэнтэй болсон байх. Түүний эзэмшил газар, орд харш, машин техник цөм өөр хүний мэдэлд очжээ. Түүний суудал дээр хэн нэгэн ханхалзана. Цаад өрөөнд нь хүмүүс хөлчүүрхэн үлэмж чангаар инээлдэцгээнэ. Тэр бүхэн сүнсэнд яахан сайнаар санагдах билээ. Сүнс цонхон дээр хэсэг зуур уйтгарлан суув. Тэгснээ алгуурхан босож тасалгаан дундуур явж мөнөөх эзэгнэгч этгээдийн дэргэд хүрэв. Сүнсийг хэн боловч яахан мэдэх. Түүнийг хэнч олж үл харна.
Хүмүүс бүрэлгээчийг ор тас алга болсон хэмээн бодоцгоож, зарим нь аль хэдийнэ мартсан. Ямар сайндаа л эд юмсыг нь эзэгнэхэв. Энэ бүхэнд сүнс гомдоллох, харуусах ажгуу. Тэр бухимдана. Түүнээсээ болж уурсан хашигачина, цовхчино тусыг үл олно. Сүүлдээ цөхөрч тэнүүчлэн явах болсон аж. Харин Бурхан болоочийн үлдээсэн бүтээл туурвил хаа сайгүй элбэг. Нэг номын хуудсаас нөгөө номын хуудсанд, нэг дуучны хоолойноос нөгөө хүний чихэнд, нэг компьютерийн санах ойгоос нөгөөгийн дэлгэц дээр гарч, заримдаа хөхөн баясаж, заримдаа гундан гансарч, мөнөөх сүнстэй хэдүүл нийлж цэнгэн явах ажгуу. Сүнс гагцхүү тэрхэн мөчид л цэнгэлийг эдлэн жаргамой. Сүнсийг цэнгүүлэгтүн.
http://purev.mn/