Энх-Амгалан хаан Монгол хатнаас төрсөн анхны Манж хаан бол Энх-Амгалан байсан юм. Тэрээр 1662 онд 8 настайдаа хаан суужээ. Тэрээр 61 жил төр барьсан бөгөөд түүний үеийг Канси хааны үе хэмээнэ. Энх-Амгалан хааны үед Манж гүрэн хөгжлийнхөө оргилд хүрсэн гэдэг. Түүний эмэг эх нь Монголын Цахараас гаралтай хүн байсан бөгөөд Амарлингуй хэмээх нэрээрээ түүхэнд мөнхөрсөн хатан юм. Манжийн хаан болсоны дараа Энх-Амгалан хаан бүх амьдралаа Монголыг эзлэхэд зориулсан гэж хэлж болно. Тэрээр Мин улсын үлдэгдлийн бослогыг амжилттай дарж, 1683 онд Тайванийг эзэлсэнээр Хан үндэстэнг нэгтгэжээ. Хятадууд Энх-Амгалан хааныг Хятадын бүх цаг үеийн хамгийн ухаалаг, шийдэмгий, зоригтой, аугаа их хаан хэмээн үздэг. Тэрээр их хөдөлмөрч, шинэ юманд дуртай, сайн сурган хүмүүжүүлэгч, гайхалтай зохион байгуулагч байжээ. тэрээр Хятадын бүр нутгаар 6 удаа тойрон аялал хийсэн байдаг. Тэр судалгаанд мөнгө хайрладаггүй байсан бөгөөд хууль цаазыг өөрөө боловсруудаг байв. Энх-Амгалан хаан мөн авьяаслаг шүлэгч байсан бөгөөд өдгөө түүний 40000 орчим шүлэг байдаг ажээ. Хятадуудын хувьд тэрээр Монголчуудыг бүрмөсөн дарсан гавьяатай билээ. Манж нар Өвөрмонголыг эзэлсэнийхээ дараа Халх Монголыг онилох болов. Тэрээр Өндөр гэгээн Занабазарыг өөртөө татахыг хичээж, Халхуудын дотоод хямралд хутгалдаж орох болов. Халхуудын доторхи хямрал тэмцэлд Манжуудын адилаар Ойрадууд оролцох болсон. 1686 оны Хүрэнбэлчирийн чуулган бол Энх-Амгалан хааны зохион байгуулсан жүжиг байсан бөгөөд түүний өгөөшийг Галдан үмхэж авсанаар том алдаа гаргажээ. Галданд Манж нар Халхууд нэгдэж байгаа боловч Манжийн харьяанд аажмаар орно гэсэн ойлголтыг өгч чадсан байна. Тиймээс Галдан цэрэглэн орохоор шийджээ. Энх-Амгалан үүнийг л хүлээж байсан юм. 1688 онд Ойрадууд Халхад довтлов. Халхын ноёдууд Өвөр Монголын хил дээр дутаан иржээ. Энэ үед Энх-Амгалан өөрийн тоглолтоо хийж эхлэв. Тэрээр Халхуудын нутгийг чөлөөлж өгнө гэсэн нэрэн доор 1691 онд Долоннуурын чуулганыг зохион байгуулж үнэн хэрэгтээ дагаар оруулжээ. Үүний өмнө 1689 онд Манж нар Оростой Нерчинскийн гэрээг хийж, газар нутгийн хувьд буулт хийсэн байна. Хариуд нь Оросын зүгээс Галданд туслахгүй байх амлалтыг авчээ. Энэ нь Галданг ганцаардуулах, гарыг нь мухарлах гэсэн бодлого байв. Шаардлагатай арга хэмжээнүүдийг авсаны дараа Энх-Амгалан хаан өөрийн биеэр 20 түмэн цэргийг удирдаж Тэрэлжийн Зуун мод хэмээх газар болсон гол тулалдаанд Галданг ялж Халхыг жинхэнэ утгаар нь эзлэн авчээ. Энх-Амгалан хаан 1722 онд өөд болж түүний 4 дэх хүү Юнжи буюу Найралт төв хэмээгдэн 1723 онд хаан суув.
source: https://www.facebook.com/delhiintuuh