XVIII зууны үед Өвөрмонголын Баарин хошууны түүхч Раашпунцагийн зохиосон Болор эрх гэдэг олон боть түүхэнд монголын есөн өрлөгтэй архины гэм хорын тухай цэд булаалдаж ялсан өнчин хүүгийн шастир гэдэг зохиолын тухай урьд өмнө мэдэгдээгүй шинэ сонин мэдээ байхыг 1956 онд миний бие ажиж мэдсэн боловч одоо болтол олны сонорт хүргэж чадаагүй билээ. Раашпунцаг, тэр өнчин хүүгийн шастирыг цагаагчин хонин (1211) жилийн зуны тэргүүн сард Хэрлэн мөрөнд зохиосон гэж шууд заажээ.
Бас өнчин хүүд "Монгол-бух” гэж нэр өгсөн хэмээн Раашпунцаг бичжээ. Үүнийг монголч эрдэмтэн Мостайр 1959 онд ажиж тэмдэглэсэн үзэгдэнэ. Харин 1962 онд өнчин хүүгийн цэцэлсэн шастирыг герман хэлэнд хөрвүүлэн дармалласан Хайссиг дээрх мэдээг анзааралгүй өнгөрсөн байна.
Өнчин хүү Монгол-бух ХШ зууны үед цэрэг дайнд хэдэн жил оролцон явсаныг Раашпунцаг он дараалан тодорхой бичсэн байна. Монгол-бух 1217 онд хятадын Жун-да-жань гэдэг газарт хятадын Жан Жай жанжинтай байлдаж явжээ. 1220 оны намрын дунд сард Монгол-бух 3000 цэрэгтэй хятадын Тао- мань боомтоор гарч явсан байна.
1221 онд Монгол-бух хятадын Хо Да жанжны цэрэгтэй хуурмагаар байлдаж буруулж байсан байна. 1222 онд Монгол-бух харуулын морьт цэргийг захирч, хятадын Чин-лунгийн газраар гарч уул голын байдлыг туршиж үзэж явжээ. 1223 онд өрлөг Мохолойг нас барснаас хойш Монгол-бухын нэр түүхэнд гэнэт гарахаа больдог нь сонин юм.
Раашпунцаг бол аливаа түүхэн мэдээг их л хянуур шүүмжлэн үзэж олон баримттай тулгаж лавлаж байсан байх тул өнчин хүүгийн тухай барин тавин мэдээ ямар нэгэн ул сурвалжтай байжээ гэж үзэхэд болмоор байна.
Монголын эртний уран зохиолын ардчилсан чиглэл бүхий өнчин хүүгийн цэцэлсэн шастир гэдэг яруу найргийн гол баатар нь түүхэн хүн байсан ба зохиосон газар, он цагийг нь Раашпунцаг үнэн бичиж үлдээн уламжилсан байж юун магад хэмээн үзэж энэ бяцхан тэмдэглэлийг туурвиж монголын уран зохиол шинжээчид улмаар нягтан тунгаахад бэлтгэлээ.
эх сурвалж: Цог сэтгүүл. 1963, №3-т