2009-12-12
Хөдөлгөөн хүүхдийг ухаантай болгодог гэж үү?


Яахаараа оюун ухаан чинь хөдөлгөөнтөй хамааралтай болоод явчихдаг байна аа гэж энэхүү сэдвээр өмнө нь сонирхож оролдож байгаагүй хүн гайхан асуух биз.

Хэн нэгэн нэг бол ухаалаг, эсвэл тамирчин аль эсвэл их л сайндаа аль аль нь байх нь бий гэхдээ энэ бүхэн бол тохиолдол шүү дээ, тийм биш гэж үү?

Үгүй юм байна аа! Бие бялдрын эвсэл сайтай хүүхэд хөдөлгөөнөө зорилготойгоор ашиглаж чаддаг ба биеийн тодорхой хэсгээ ухамсартайгаар тодорхой дарааллаар хөдөлгөх чадвар эзэмшсэн байдаг. Ядарч унатлаа дүрсгүйтэхээс өөрийг мэдэхгүй хүүхдийг хөдөлгөөний эвсэл сайтай хэмээн ихэвчлэн буруугаар ойлгоод байдаг тал бий. Хүүхдийнх нь хөдөлгөөний дутагдлын тухай ярихаар л гайхшран бүлтэгнээд “Үгүй ээ манай Ханзи чинь хөлд орсон цагаасаа л өдөржингөө хөдөлчихдөг шүү дээ. Тэр ердөө ч тайван сууж чаддаггүй байнга л энүүгээр тэрүүгээр гүйж явдаг юм. Үүнийг чинь одоо хөдөлгөөнтэй хүүхэд гэхгүй юм бол за би л лав юу ч ойлгохоо байлаа” гэцгээх эцэг эхтэй байнга л тааралддаг.

Ингэж ярьж буй эцэг эхчүүд уг нь асуудлын голыг нь олоод хэлчихэж байгаа юм. Ханзи үүгээр түүгээр гүйгээд л явдаг, харин тайван сууж чаддаггүй гэж байгаа.  Мэдээж хэрэг тэр хөдөлж чадна гагцхүү хөдөлгөөнөө залж, хянаж чаддаггүй зогсоож бүр ч чадахгүй.
Ийм хүүхдүүдийн хувьд шогших нь хамгийн удаан явалт байдаг ба тэд гүйж явахдаа зогсож чадахгүйгээс бусад хүүхдүүдийг түлхэж унагаана, бүр хоол идэж байхдаа ч ийшээ тийшээ ухас давс хийгээд л ахин босч гүйх мөчөө л байж ядан хүлээнэ. Ийм хүүхдүүд бол хөдөлгөөнөө хянаж чаддаггүй харин тэд бол хөдөлгөөнийхөө боол болсон хүүхдүүд юм.

 

Удирдах, хянах, ухамсартайгаар ашиглах зэрэг нь

хөдөлгөөний хөгжлийн түлхүүр үгнүүд юм

Ямар эрхтэн тодорхой хийх хөдөлгөөнийг удирдаад ямар эрхтэн сэтгэн бодох болон суралцахад оролцоод байна аа гээд үзэхээр хоёуланд нь нэг л ижил хариулт байдаг. Энэ бол  Neocortex буюу тархины бор гадарга юм. Энэ бол хэдхэн мм-ийн зузаантай,  50x50 см орчим хэмжээтэй тархины гадаргуу хэсэг ба гавлын ясанд маань багтаж байхын тулд олон дахин нугларан  эвхэгдсэн байдаг юм.

Чухам энэхүү тархины гадарга хэсгийн хүчээр бид хүн гэгдэж яваа юм шүү дээ. Биднээс өөр ямар ч амьд амьтанд энэ байхгүй. Хяналттай бөгөөд ухамсартайгаар жолоодогдож буй хөдөлгөөнийг тархины бор гадаргын тусламжтайгаар эхэлж сурдаг. Зарим хөдөлгөөнийг бид олон дахин давтан хийсээр бүр төгс эзэмшин ингэхэд яадаг билээ гэж эрэгцүүлэн бодохгүй хэмжээнд очсон хойно тархины өөр хэсэг энэ үүргийг хариуцан авдаг. Ухаандаа бид бүжиглэж, дугуй унаж сураад үүнийхээ зэрэгцээ ярилцаж чаддаг нь үүний жишээ юм. Харин эхлээд заавал тархины бор гадаргаар дамжуулан яаж ингэхээ сурдаг.
Хөдөлгөөнөө удирдаж чадахгүй зүгээр л ямар ч хяналтгүй сарвалзаад эсвэл үүгээр түүгээр гялалзаад яваа бол энэ хүүхэд бор тархиараа дамжуулан хөдөлгөөнд суралцсангүй харин хөдөлгөөнийг тархины өөр хэсэг удирдаж байна гэсэн үг. Бор тархины доор орших тархины энэхүү хэсэг нь нярай хүүхдийн тийчлэх, сарвагнах хөдөлгөөнийг хийлгэж байсан тэр хэсэг юм.

Сайн ажиллаж буй тархи бол мэдээллийн өндөр хурдны зам

Хүн энэ дэлхийд мэндлэхдээ тогтсон бүтэцгүй “замбараагүй” тархитай байдаг. Хүн бүр агуу их суутан болох ч байна уу уншиж бичиж сурахгүй боольхой нэгэн болох ч байна уу бүгд л мэдрэлийн системдээ адилхан тооны буюу 100 тэрбум мэдрэлийн эс болох нейронтой төрдөг.  Бидний ухаантай эсвэл тэнэг болох эсэх нь мэдрэлийн эсийн тооноос хамаарахгүй. Энэхүү эсүүд хоорондоо хэрхэн холбогдсоноор л бид бүхний сэтгэн бодох чадвар өргөн дэлгэр бөгөөд хурдтай байх уу аль эсвэл бүдүүлэг бөгөөд хашин хойрго болох уу гэдгийг шийдвэрлэдэг. 
Оюуны чадвар гэдэг бол тархинд хадгалагдсан мэдээллийг хооронд нь холбож ингэснээр төрөл бүрийн үр дүнг гарган авах чадвар л юм шүү дээ. Математикийн тодорхой даалгаврын хариу байна уу, баримт бичгийг өөр хэл рүү хөрвүүлэх ажил байна уу аль эсвэл тодорхой ургамал, амьтныг ялган таних байна уу ямар ч тохиолдолд мэдээллийг хооронд нь холбож байж л үр дүнд хүрдэг.  Бидний уураг тархины олон өрөөнд төрөл бүрийн мэргэжилтнүүд сууж байдаг гэж бид төсөөлж болох юм. Мэргэжилтэн бүр өөрт нь “дарга” нь хариуцуулсан мэдээллээ хариуцан сууна. Үүнийг нэг энгийн жишээн дээр тайлбарлая л даа.

Дараахи хэсэг бусаг мэдээллийг тархинд хүлээн авлаа гэж үзье. Үүнд:
Одоо 17.45 цаг болж байна.
Дэлгүүрүүд 18.00 цагт хаана.
Компьютерийн принтерийн хор саяхан дуусчихсан.
Шаардлагатай принтерийн хорны дугаар нь ....
Би өнөө орой амжиж нэг яаралтай бичиг явуулах ёстой.
Машинаа засварт өгчихсөн.
Хот руу дугуйгаар явбал 15 минут зарцуулна.
Таны нөхөр ногоо авахаар явна гэж ажлаасаа дөнгөж сая ярилаа.
Ногоо зардаг дэлгүүрийн дэргэд компьютерийн төв байдаг.
Нөхөр тань байнга гар утастай явдаг.
Нөхрийн тань гар утасны дугаар ...

Энд дурдагдсан мэдээллүүд ганц нэгээрээ бол танд ямар ч нэмэр байхгүй. Нөхөр тань ногооны дэлгүүр явлаа гэдгийг мэдээд таны асуудал шийдэгдэхгүй. Хорны дугаар эсвэл дэлгүүр хаах цагийг тус бүрт нь мэдлээ гээд танд ямар ч нэмэргүй, машин тань засварт байгаа аль эсвэл та өнөөдөр яаралтай бичиг явуулах ёстой гэдгээ санаад ч ашиггүй. 

Энэ бүх мэдээллийг хооронд нь холбосноор л хийх үйл ажиллагааны чинь талаар боломжийн төсөөлөл бий болно. Өөрөөр хэлбэл та нөхрийнхөө гар утас руу залгаж, ногооны дэлгүүрийн дэргэд байгаа сайхан боломжийг ашиглан компьютерийн төвөөс нөгөө хорыг авчирж өгөхийг гуйна. Өөрөө дугуй унан хот руу давхих нь ямар ч утгагүй, дэлгүүр хаахад үлдсэн 15 минутын хугацаанд компьютерийн төвд амжиж очиж ч чадахгүй. Энэ энгийн асуудлыг шийдэхийн тулд гэхэд л тохирох мэдээллүүдийг хооронд нь холбож, үүнээсээ дүгнэлт хийн үр дүнтэй үйл ажиллагаа явуулахад хэрэгтэй сэтгэн бодох тогтолцоо шаардлагатай болж байна. 

Иймээс эцэг эхийн хувьд дараахи асуудлыг тэргүүн ээлжинд анхаарах ёстой юм. Зарим талаар замбараа муутайхан байгаа мэдрэлийн эсүүдийг хэрхэн уураг тархин доторхи төрөл бүрийн мэргэжилтнүүд мэдээллээ хурдан бөгөөд үр ашигтайгаар солилцдог, хүчин чадал сайтай өндөр хурдны зам болгон хувиргах вэ? davlagaa.mn

Бичсэн: EDUCATION | цаг: 12:11 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1740013 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax