2009-12-16
Оюунд бус мөнгөнд шунасан боловсрол

Сурагчийн ширээ, үлгэрийн төсөөлөл
Бяцхан биед нь ахадсан болов уу гэмээр сурагчийн цүнхээ хичээнгүйлэн үүрэх балчир жаалууд сургуулийн үүдэнд үймж, багш нарынхаа дэргэд зогсохоор дараалал үүсгэж харагдана.

Өмнө нь зогссон сурагчийн цүнхний оосроос барьчихаад журамтай нь аргагүй жагсах дэрсхэн жаалуудыг харахад даанч эгдүүтэй. Саяхан л тоглоом наадгайгаар дүүрэн цэцэрлэг юугаан орхиод сурагчийн ширээнд суух гэж бөөн уйлаан майлаан болон эцэг эхээсээ зүүгдэж явсан зургаан настнууд маань одоо л жинхэнэ "Сурагч" төрхөндөө орсон бололтой.

Олон улсын жишигт нийцүүлэн Ерөнхий боловсролын сургуулийн боловсролын системийг 12 жил болгосон учраас ийнхүү зургаан настай бяцхан үрс маань сурагчийн ширээнд тухлахаар зэхсэн нь энэ. Харин хайртай бамбарууш, хөөрхөн хүүхэлдэйгээ тэврээд нүдэндээ нулимстай сургуулийн босго алхсан балчир сурагчид маань эрдэм номын дуу хэрхэн сонсч байгаа нь сонирхолтой.

Мэдээж хэрэг, багш сурган хүмүүжүүлэгчдийнх нь ярьж тайлбарласнаар тэд богино хугацаанд суралцах арга барилаа олоод авчих юм байх. Гэхдээ зургаан настай хүүхдийн хувьд, эрдэм ном сурахад хамгийн тохиромжтой үе хэмээн тодорхойлсон хэдий ч сургах арга барил, сургалтын орчин гээд л гайхаж эргэлзмээр асуудал олон бий. Гадаадын ихэнх улс оронд бага насны хүүхдийг цэцэрлэгээр, дамжуулан сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулж, тэдэнд тохирсон сургалтын орчин, багшлах арга зүйн асуудалд ихэд анхаарал хандуулдаг аж.

Сургуульд ороход нь бэлтгэл болгон ерөнхий мэдлэгийн хичээл заахаас гадна бие даах чадварыг нь эзэмшүүлж, сэтгэхүй хөгжүүлэх тусгай тоглоом зэргээр оюун ухаан болоод биеийг нь бэлтгэдэг гэх. Гэтэл манайд энэ бүхэн хэрэгждэг билүү. Зөвхөн хооллож ундлах, унтуулах "ажилтай" мэтээр төсөөлсөн балчир үрсээ цэцэрлэгийн багшид даатгаад орхидог нь бидний гэм биш зан. Багш нарын хувьд ч, энэ мэт төсөөллөөс нэг их гажаад байх зүйлгүй. Ямар хэн хүний өгснийг идчихээд л унтаж байдаг тэжээвэр амьтан биш дээ, тэд.

Дуу шүлгээр өрнөсөн хичээлийн хөтөлбөр, урлагийн тоглолтыг нь эс тооцвол манай цэцэрлэгүүд яг л хагас дэглэмтэй шорон гэсэн үг. Үймүүлж гүйлдэх нь битгий хэл, өндөлзөж суух ч эрхгүй гэвэл хэтрүүлсэн болохгүй биз. Бас болоогүй ээ, чимээ шуугиан гаргах, хог тарих, эвдэлж сүйтгэх асуудлын тухайд ачит багшаасаа чамлахааргүй "шан" хүртэнэ гэж байгаа. За тэгээд, иймэрхүү байдлаар хүмүүжсэн охид хөвгүүд маань сурагч болохын бөөн хүслэн. Сурагчийн цүнх, дүрэмт хувцас нэхээд л өнөө маргаашгүй гүйгээд очиход бэлэн аятай аашилна гээч. Харин бяцхан оюунд нь гэрэлтсэн эрдэм номын өргөө тэднийг хэрхэн угтах бол оо...

Хашир багшийн хоцрогдсон арга
Хүүхдийн 0-6 нас хувь хүний хөгжлийнх нь чухал суурь үе байдаг талаар эрдэмтэд тайлбарласан нь бий. Энэ насанд нь хүүхдийг боловсролын чиглэлд эрчимтэй хамруулж чадвал дараагийн шатны боловсролыг амжилттай эзэмшиж, цаашдаа ч сурлагадаа амжилт гаргах үндэс болдог ажээ. Энэ ч утгаараа, зургаан настай хүүхдийн сэтгэлзүй болон суралцах чадвар, өсөлт хөгжилтийн талаар Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш нарын дунд сургалт явуулжээ.

Гэвч тэр бүр сургалтад хамрагдаж, бяцхан сурагчдаа хүлээж авах туршлага хуримтлуулсан багш тийм ч олон биш. Өөрөөр хэлбэл, ахимаг насны багш нар олон жил ажилласнаараа түрий бариад сургууль төгсөөд удаагүй, шинэ залуу багш нарыг сургалтад хамруулах талаар асуудал үүсгэсэн гэх мэдээлэл чих дэлсч байсан удаатай. Яахав, олон жил багшилсны хувьд заах арга зүй, ур чадвар, дадлага туршлага гээд авууштай чанар цөөнгүй байгаа нь үнэн. Гэхдээ орчин цагийн боловсролын системд тэдний арга барил дэндүү хоцрогдсон гэдэг нь илт.

Хиргүй тунгалаг сэтгэлээр гэрэлт ирээдүйгээ төсөөлөн яваа бяцхан сурагчдад хичээл номоо хэрхэн ойлгуулж, сурч мэдэх их хүслийг нь бадраахаа багш нар хэнээр ч заалгалтгүй мэдэж баймаарсан. Эрдмийн өргөөнд тухалсан эхний өдрөөс нь эхлээд л сургуульд сурна гэдэг хэчнээн сайхан зүйл болохыг мэдрүүлж чадвал тэр нь багшийн амжилт гэсэн үг.

Харамсалтай нь самбарын дохиураар саваадаж, сандал өргүүлэх "шийтгэлтэй" яхир багш нарын буруугаас болж хүүхдүүдийн сурах эрмэлзэл буурах тохиолдол цөөнгүй гарч байгаа нь нууц биш. Үзэг бал барьж дадаагүй турьхан гар нь чилээд үүрэглэж суугаа жаахан сурагчаа чанга дуугаар цочоох, барьсан номоороо дэлсээд авах багшийн тухай энд тэнд дуулдаад эвгүй гэдэг нь. Ямар зодуулах гэж очсон биш, хэдий үед хэрхэх ёстойг нь хэлж тайлбарлаад ойлгуулж болдоггүй юм уу. Гар нь өвдвөл амраагаад, ам нь цангавал ундыг нь уулга л даа, яадгийм. Дэвтэр номоо халтартуулна гээд ус жүүсийг нь хориглоод зогсоо зайгүй дүрс зуруулна гэвэл хүүхдэд дорхноо залхах байлгүй.

Аан нээрээ, тэдэнд ариун цэврийн өрөө орно гэдэг аягүйцмээр асуудал байнга тулгардаг гэсэн шүү, бас. Зургаан настнуудад зориулсан ариун цэврийн өрөө гээч зүйл сургуулиудад байдаг нь яамай даа. Инээдтэй нь, энд жорлонгийн суултуур битгий хэл ариун цэврийн цаас ч алга. Цаас аваад өгье гэхээр тогтоогч, тавиур нь хүртэл алга. Юун тэр нүүр гарын саван, алчуур манатай. Ёстой л өнөө "Хонх нь дуугарахаар дамар нь таг. Дамар нь дуугарахаар лам нь таг" гэдэг шиг л... Үүгээр ч зогсохгүй, хэн дуртай нь гүйж ороод бие засах боломжгүй. Багш нарын хувьд, сурагчдаа нэгдсэн журмаар ариун цэврийн өрөө рүү авч явдаг гэвэл та итгэх үү. Дугаарлаж зогссон хүүхдүүдээс хэнийх нь гэдэс эвгүйрч, давсаг гүзээ нь чинэрч байгааг тэр багш бас мэдэж байгаа болов уу.

Тэгж яривал, уртаас урт дарааллын төгсгөлд ээлжээ хүлээж тэсэлгүй өмдөндөө тавиад туучихсан өрөвдмөөр сурагчдын эмзэглэмээр паян олшрох янзтай даг. Хошин шогийн тоглолтод гардагчлан "Энэ чинь ариун явдал уу" гэж егөөдмөөр санагдчихлаа. Сурагч ч гэсэн хүн юм байгаа биз дээ. Том бага, нас зүсээрээ л ялгаатай болохоос биш, бид нар бүгдээрээ л адилхан хүн. Тэглээ гээд бид цагийн хуваарь баримталж, тэр тусмаа хүссэн үедээ тохируулаад ариун цэврийн өрөө рүү зүглэдэг гэж үү. Энэ мэт ирээдүй хойч үеэ үл тоосон, хэтэрхий гэмээр хайхрамжгүй байдал Ерөнхий боловсролын сургуулиудад "удамших" хандлагатай байгааг хаана хаанаа анхаарах цаг болжээ.

Сурах бичгийн төлөөх "дайн"
Хичээлийн шинэ жил эхлээд даруй нэг сарын хугацаа өнгөрч. Харин энэ хооронд Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг болоод дүрэмт хувцасны талаарх маргаан тасраагүй хэвээр. Тэр тусмаа, нэгдүгээр ангийн сурах бичгийг төрөөс зуун хувь даах тухай мэдээлэл эцэг эхчүүдийг баярлуулсан хэдий ч басхүү ялимгүй асуудал үүсгээд авч. "Зарим сургуулиуд сурах бичгээ худалдаалж байхад, нөгөө хэсэг нь сурах бичиг ашигласны төлбөр хэмээн их бага хэмжээгээр мөнгө нэхэх боллоо" гэж бухимдсан эцэг эхчүүд зохих шатны байгууллагад гомдол гаргаж эхэлсэн сурагтай. Гэтэл төрөөс зөвхөн 12 жилийн сургалттай Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурах бичгийг 100 хувь хангах бөгөөд үүнд нэгээс хоёрдугаар ангийн хичээлийн номууд багтах ажээ.

Харин 11 жилийн сургалттай Ерөнхий боловсролын сургуулийн хоёроос тавдугаар ангийн сурах бичгийг 40-80 хувийн хөнгөлөлттэй үнээр хангахаар болжээ. Тиймээс өнгөрсөн долоо хоногоос эхлэн хэвлэлтээс гарсан сурах бичгүүдийг бүх сургуулиар тараасан аж. Үнийн хувьд, өнгөрсөн жилийнхээс 30 хувиар хямдхан байхаар тогтоосон юм байх. Харамсалтай нь, бага ангид олгохоор тараасан сурах бичгүүд нь аманд ч үгүй, хамарт ч үгүйн үлгэрээр алга болоодхов. "Эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй" гэсэн багш нар хагас болон бүтэн өнчин хүүхдүүдээс бусдад сурах бичгээ хагас дутуу тараасан болоод аргаа барахдаа арай л "царай харсангүй".

Нэг ангиар жишээ авч үзэхэд, сурах бичгээ бүрэн гардсан хүүхэд лав алга. Тэгэхээр дутуу номыг нь эцэг эхчүүд л эрэх үүрэгтэй үлдэж байгаа нь тэр. Хаанаас хэрхэн хайж олох юм, бүү мэд. "Хэвлэж бэлтгэсэн газруудаар нь хаяглаж сураад ч тусыг эс оллоо" гэлцэх эцэг эхчүүд сурах бичгийн эрэлд хатаж, өлөн нүдтэй явах болж. За тэгээд, амь тавихаас наагуур олж авсан цөөн хэдэн сурах бичгээ бас ч гэж хөөрхөн "түрээс" төлөөд ашиглах нь.

Зөвхөн нэг ном ашигласны төлбөр л гэхэд 2500 төгрөгийн үнэтэй юм билээ. Тэгвэл нэг сурагч дор хаяж арваад сурах бичиг ашиглана гэвэл хэдий хэмжээний төлбөр төлөх нь ойлгомжтой. БСШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Д.Эрдэнэчимэгийн яриагаар бол, бага ангийн хүүхдүүд сурах бичгээ тамтаггүй болтол нь хэрэглэдэг дэггүй нөхөд юм байх. Тэд номынхоо хавтас хуудсыг урж тастан, элдэв зүйл эрээчиж сараачаад эгээ л идэх нь холгүй хэрэглэдэг болохоор дахин ашиглах нөхцөл байхгүй хэмээн мэдэмхийрсэн. Тиймээс дээрх хураамжаар сан байгуулаад дараа жил нь сурах бичиг хэвлэхэд ашиглах юм гэнэ.

Гэртээ ч өмсөхгүй сургуулийн гоёо
Сурагч насны баяр бахдал, басхүү гоёл нь дүрэмт хувцас гэдэгтэй санал зөрөх хүн лав гарахгүй биз. Харин өдгөө сурах бичиг лугаа адил жил ирэх тусам өөрчлөгдөх болсон дүрэмт хувцасны өнгө, хийц загварыг тэр гэж танихад бэрх болжээ. Сүүлийн хэдэн жил овоо гайгүй тогтворжоод байгаа сурагчийн дүрэмт хувцасны загвар өнгөц харсан хүнд жаахан албархуу маягтай юм билээ. За, тэр ч яахав. Чанартай материалаар үзэмж сайтайхан урласан бол хэний ч охин, хүүд зохих нь дамжиггүй. Харин хэний ч санаанд торохооргүй дүрэмт хувцасны асуудал бизнес болтлоо хөгжөөд байгааг юу гэхэв.

Нэгэн үе Хятадаас оруулж ирсэн чанар муутай даавуугаар дүрэмт хувцас хийж байгаа үйлдвэрүүдийг газар дор ортол нь муулж явлаа. Гэтэл одоо дүрэмт хувцасны үйлдвэр бус сургуулийн захирлуудыг муучлах нь дутаж. Сэргэлэн нь дэндсэн эрхэм захирлууд танил талаа ашиглан сурагчдадаа дүрэмт хувцас "шахаж" суудаг үндсэн бус ажилтай болсон юм гэнэ.

Адаг сүүлдээ өөрөө оёж суух нь халаг, амин хувийн ашиг хонжоо хайж эхэлсэн аж. Өмсөөд хэд хонов уу, үгүй юу л бөөсөрч ноолордог мөнөөх хувцаснууд нь ганц угаагаад л тэр гэхийн тэмдэггүй болтлоо өнгөө алддаг. Харин зарим сургуулиудад тарааж байгаа майк, цамц нь ганц удаагийн угаалтаар л урт хормойтой болтлоо сунадаг гэж байгаа.

Энэ мэт тоочоод байвал барагдахааргүй их асуудалтай дүрэмт хувцасны үнэ өртөг 28-30 мянга гэдэг нь арай ч дэндэнэ ээ. Ганц хоёр удаа өмсөөд л гарзанд гаргахаас өөр аргагүй болтлоо хуучирдаг дүрэмт хувцсаар яах ч юм билээ. Будаг нь гардаг, бөөсөрч ноолордог чанаргүй материалаар хувцас хийж "шахаад" байгаа тэр үйлдвэрийн эзэд нь ч, сургуулийн захирлууд ч ичдэг болоосой. Өөрсдөө лав ийм хувцсыг гэртээ ч өмсөхгүй биз.

Р.Мөнгөн

Бичсэн: EDUCATION | цаг: 14:06 | news
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


авилга гэдэг ийм л аюултай гэмт хэрэг дээ. Харамсалтай нь авилга нь тавилга болцон юм чинь. Хэт улс төржсөн байж магадгүй гэхдээ лав л ийм бодол төрж байна даа
Бичсэн: dadido цаг: 20:52, 2009-12-16 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1734766 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax