2010-03-16
Энэ олон дүрмийн алиугаар (алинаар )нь явах вэ? Таминээ (та минь ээ)?
Уул нь би гадаадад амьдардаг. Сүүлийн хэдэн жил ер нь ажил, сургалтынхаа шаардлагын дагуу англи дээр л юм бичээд байлаа. Одоогоос хэдэн сарын өмнөөс  Монгол дээр юм бичиж эхлээ л дээ. Яахав, зүгээр чат болон емайл-ээр латин үсгээр Монгол хэлээрээ юм бичиж байсан. Харин кириллээр бичихгүй ямар их удснаа, яагаад алдаагүй бичихгүй байж чадахаа болисноо эргүүцүүлэн бодсноор Монгол кирилл бичгийн дүрмэнд асуудал байгааг мэдэрч билээ.  

Ингээд өөрийн санал бодлоо бичье.

Хамгийн түрүүнд “Щ”  гэж нэг шог үсэг байна. Дуудахдаа Ш,Ч гэж дуудна. Би анх энэ үсэгтэй нэгдүгээр ангидаа бичиг үсэг сурахдаа л тааралдсан. Щорс гэдэг украйны иргэний дайны баатрын тухай л бичсэн байдаг шиг санагдах юм. Улааны талын мундаг баатар учраас л энэ хүний дурсгалд зориулан “Щ” үсгийг Монгол хэлэнд оруулсан юм уу хаашаа юм. Дахиад хэзээ ч Монгол дээр бичигдсэн бичиг баримт байтугай, Монгол хүний амнаас ийм үсэг хэрэглэсэн авиа сонсоогүй юм даг.

Бас нэг гайхалтай нь авиа ерөөсөө тэмдэглэдэггүй “Ь”,”Ъ” тэмдгүүд байна. Физик шинж чанараар нь ангилаад зөөлөн, хатуу тэмдэг гээд нэрлэчихсэн харин ч нэг сайхан будилааны эд дээ. “Ярь” гэхэд байж байсан мань зөөлний тэмдэг уг үйл үг ялимгүй уртсаж өөрчлөгдөхийн төдийд шууд л “И” болчихсон харайлгаж явна. Үүний оронд хуучин Монгол бичгийнхээ уламжлалын дагуу  “И” үсгээ хэрэглээд явж болоогүй юм байхдаа гэж боддог юм. Жишээ нь: “морь” гэхийн оронд “мори” гээд хатуугийн тэмдэгийн “харъя” гэхийн оронд “харая” гээд явж болох шиг санагддаг. Өнөөгийн Монгол кирилл чинь авиа зүйн бичиг үсэг болохоос Хятад ханз шиг дүрс үсэг биш биз дээ? та минь ээ?

“Я”- “j+a”, “Е”-“j+e”, “Ё”-“j+o”, “Ю”-“j+u”,” j+y” гээд хоёр авианаас бүтсэн хэн нэгэн хүн зодуулаад, шанлаад, ёолоод байгаа юм шиг үсэгнүүд байна. Ялангуяа “Ю” үсэг нь хоёр янзаар дуудагдахыг яана! Дүйнгэтсэн хэн нэгэн юу?, юү? гээд нэг  асуултаа дахиж. давтаж асуугаад байгаа янзтай. Үсэг болгон нэг авиаг тэмдэглэвэл яасан юм бэ?

“Й” хагас “и” гэж хачин юм байна. Хагасаар “и” авиаг яаж хэлэхийг би ерөөсөө учрын ойлгохгүй байгаа юм. Тэгээд  “Ы” жаран нэгийн “и” гэж сонирхолтой “нөхөр” байна. Эр, эм үгэнд ялгаатай урт эгшиг хэрэглэнэ гээд ойлгоод явахад гадаад үг дээр ёстой толгой эргүүлнэ дээ. Гадаад үгэнд тэр, эр эм үсэг нь цуг “нааж” явдаг байхгүй юу. Хуучин Монгол үсгийн дүрмээ харахад ингэж ялгадаггүй л юм байна лээ. Тэгээд надыг 80-аад онд сурж байхад гадаад үгэнд урт “ий” хэрэглэнэ гэдэг байсан бол 90-ээд онд гадаад үгийн өргөлтөөс хамаараад урт эм “ий”, эр “ы” хэрэглэн гээд байдаг болсон бололтой. Бодоод байхад Монгол хүн тэр гадаад үгүүдийн өргөлт хаана байгааг яаж тэр болгон мэдэх вэ дээ. Ер нь энэ урт эгшгийг ганцхан эр үгийн ы –гээр бичиж болдоггүй юм байх даа? Тэгвэл “Й” гэдэг үсэг хэрэгцээгүй болж, цагаан толгойн баяраа урьдчилан тэмдэглэж, хүүхэд цээжлэх хэдэн үсгийн нэг нь хорогдоно биз.

Дахиад нэгэн хачирхалтай үйлдэл нь зүгээр байж байсан нэг үгэнд урт эгшгээр эхэлсэн дагавар залгасны төлөө эцсийн гийгүүлэгчийн өмнөх эгшгийн “хойтохыг” унших хэрэг гарна. Тэгээд мөрөөрөө явахгүй оноосон нэрэн дэх тэрхүү эгшиг, бас үйлт нэрийн “Х”-ийн өмнөх эгшиг энэ тэрийг хасч хяргахгүй  гээд хэдэн монгол үгээ бас ялгаварлан гадуурхаж бөөн будлиан үүсгэнэ.  Жишээ нь: Дүрмээр бол “баатар” гэдэг үгэнд урт эгшигтэй дагавар залгахаар “баатраар” гээд сүүлийн эгшиг гээгдэгийг дээр өгүүлсэн билээ. Гэтэл амьдрал дээр хэлээд үзэхээр энэ “а” эгшиг гээгдээгүй л байгаа байхгүй юу. Хэлээд үзэхэд “баатараар” гээд сүүлийн “а” –тай л хэлээл байна. “Баатар” гээд хүний нэр болохоор “Баатараар”-аа л үлдэнэ.

Тэгсэн мөртлөө “хоёулаа” гэдэг үгийг “хоюулаа” гэж ярьдагаар бичихгүй яагаад гэвэл үгийн үндэсийг өөрчлөх гээд байна гээд онолдоод явчихна. Ер нь зүгээр байгаа үгийн үндсийг дагавар залгаж өөрчлөх ямар хэрэг байдаг юм бол? Улам л Монгол хэлний дүрмийг төвөгтэй болгож байгаа бус уу!

Бас тэгээд хэзээ Монгол хэл тийм олон гийгүүлэгч  давхцуулаад хар няр, тас няс гэдэг байсан юм болоо. Эгшиг гийгүүлэгч олон байх тусмаа Монгол хэл уянгалаг сонсголонтой сонсогдох болно гэж би үздэг. “Жимст”- “жимэст”, “элст”–“элэст”, “санаарх”–“санаарах” гэх мэтчилэн эгшиг оруулж хэлдэг байтал баахан гийгүүлэгч давхардуулан тавьж Монгол хэлээ гутааж байгаа юм биш үү?

Гэтэл “Г” авиа маань угийн болон биш, “Н” хэлний үзүүрийн , угийн гэж илэрхий ялгаатай авиагаар дуудагддаг мөртлөө нэг л үсгээр тэмдэглээд л давхичихна.  Энэ “Г” үсгийн хоёр өөр авианаас болж яг ижилхэн  бичигдсэн хоёр үг утгаасаа хамаарч өөрөөр дуудагдах болдог. Жишээ нь: “багаар”-“бага”;“баг” гэсэн хоёр утгатай байж болно. “Багаар тоглоод оноог багаар цуглуулья.” гэж оруулбал баг болж тоглоод бага оноог цуглуулах тактиктай тоглоё гэж ойлгох уу? Эсвэл хүмүүс нь бага хувийн тоглолт хийгээд баг нь (хүн болгон) оноогоо цуглуулах тактиктай тоглоё гэж байна гэж ойлгох уу?

Өөр нэг будилааны эх үүсвэр нь 1990 оны дундуур хийсэн дүрмийн өөрчлөлтүүд.Жишээ нь: “Эрвээхэй” гэж бичдэг байснаа “эрвээхий” гэх зэргээр өөрчилсөн байгаа юм. Хаана тэгж “эрвээхий” гэж ярьдаг юм болоо? Зөвхөн тэр эрдэмтийн хүрээнд тэгж ярьдаг юм бол уу? Өвөрхангайхан “хашаа” гэхийг “гашаа” гэдэг тул тэгээд ингэж бичих боллоо гэвэл арай үндэстэй сонсогдох байх!

Энэ бүхнээс үндэслээд би эрдэмтдийн зохиосон бичгийн хэл гэдгээс илүү аман яриаг дагаж хэл бичиг өөрчлөгдөх ёстой гэсэн үзэл бодлыг барьдаг л даа. Тэгэх болно гэсэн бодолтой байгаа.

“Шогших”-“шогшох” , “таньдаг юм  уу?”- “танидагийм уу?”, “таньдаггүй”- “танидгүй”, “ажиллагаа”-“ажилагаа”, “амлаж”-“амалж”, “өшиглө”-“өшгөл”, “эхлэлээ”-“эхэллээ” гээд л явчихвал зөв аман яриандаа ойр, хэн ч ойлгоно гэж боддог.

Ингээд гадаад хэлний үгс, нэр томъёог яаж буулгах вэ? гэсэн асуулт гарна аа. Бичдэгээр нь Монгол дээр бичих үү? Дуудлагаар нь дуудаж бичих үү? гэж. Austin гэдэг хотын нэрийг Аустин гээд бичдэгээр нь бичихгүй  Остин гээд дууддагаар нь бичвэл танигдахгүй болчих гээд байдаг.

Дахиад л нэг “болдоггүй” санаа гэвэл Монгол хэлэнд байхгүй байсан үгнүүдийг заавал орчуулах гэж байснаас шууд тэр чигээр нь хэрэглээд хэлээ Англи хэлний жишгээр баяжуулаад явбал яадаг юм бол?

Энэ мэтчилэн нөгөө дуунд дуулдаг шиг энэ олон салаа замын алинаар (алиугаар) нь явах вэ та минь ээ (таминээ)?

Эцэст нь яагаад би энэ асуудлуудыг сөхөвөө гэвэл:

  1. Монгол хэл, бичгийн дүрэм боловсронгуй биш түүнчлэн хэд хэдэн удаа өөрчлөгдснөөс хойш бөөн будилаан үүссэн.
  2. Энэхүү будилаан нь орчин үеийн техник, технологи нэвтрүүлэхэд маш их саад болж техник талын асуудлаасаа илүү хэл зүй, үсэг зүй, авиа зүйн асуудал нь энэ талаар судалгаа шинжилгээ хийж буй хүмүүст ихээхэн төвөг бэрхшээл үзүүлж байна. Тэд техник, технологийн судалгаандаа бус, Монгол хэлний асуудалдаа илүү цаг заваа харамсалтайгаар алддаг.

Бид Монголчууд орчин үед Монгол хэлээ аварч, хамгаалая гэвэл өнөөгийн шаардлагын дагуу мэдээллийн техник, технологид оруулснаар одоо бий болж байгаа хиймэл оюун ухаан, ухаалаг сүлжээг Монгол хэл дээр нэвтрүүлэх хэрэгтэй байна. Хүн яахав дээ алдааг гүжирдэж ойлгоод яваад болно. Техник, технологи дээр энэ чинь бөөн асуудал болдог юм.  Ирээдүйд хүн компьютерийн гараас илүүгээр хэл яриагаараа техник хэрэгсэлтэй харьцдаг болно. Түүнчлэн хараагүй хүмүүс таниас ирсэн емайлийг сонсох хэрэгтэй, бичих чадваргүй хүмүүс хэлж ярьснаа емайл болгох шаардлагатай байдаг гэх мэт олон жишээ дурдаж болох байна.  Хойшдоо мэдээллийн багтаамж, хэмжээ урсгал ихсээд ирэхээр тэр их текст мэдээллийг хүн унших болон ялгах бололцоогүй болон хиймэл оюун ухааны туслалцаатайгаар шалгах, ангилахаас өөр аргаүй цаг үе ирнэ. Тийм үед бэлдэж одооноос Монгол инженерүүд, эрдэмтэд суурь, эхлэлүүдээ тавьж байна. Энэ шаардлагаар бид дүрмээ эргэн харах хэрэгтэй болжээ. Гэхдээ хэлний эрдэмтэд маань дангаараа сууж өөрчлөхгүй, энэ талын техник, технологийн судалгаа хийж буй, байсан инженерийн шинжлэх ухааны эрдэмтэдтэйгээ хамтрах хэрэгтэй болов уу!

Ё. Гантулга

2009 оны 7 дугаар сар 6

Австрали

http://gantulga.wordpress.com

Бичсэн: EDUCATION | цаг: 10:32 | Чөлөөт цаг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Найз минь жаахан алдаатай бичиж байна тэ
Бичсэн: Зочин цаг: 13:16, 2010-03-20 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1739287 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax