2010-03-10
ХАДНЫ МАНГАА

Намайг бага байхад эмээ ээж маань сахилгагүйтээд байвал хадны мангаа чамайг ирээд аваад явчихна шүү гэж айлгадагсан. Балчир үедээ итгээд “Нэг тийм айхавтар амьтан байдаг юм байна. Томоотой байн, үгэнд орохгүй бол намайг аваад явчихдаг юм байна” гэж боддог байлаа. Сүүлд том болсон хойно эмээгээ тэгж хэлэхээр тохуу хийгээд, дүү нарыг минь тэгж айлгахын сонсохоор инээд хүрдэг байж билээ. 

Хожим Монголын түүхийг уншиж байхад бас нэлээн хадны мангаанууд манай түүхэнд хэрэглэгдэж байжээ.

XYII–р зууны үед Монгол орон ханлигууд, аймгуудын хэмжээнд бутарч сарнихад Монгол орныг хүч түрэн эзэрхийлж эхэлсэн Манж Дай Чин гүрэн “Хадны мангааг” идэвхтэй ашиглаж ирсэн бөгөөд эхний үед Цахарын Лигдэн хааныг энэ дүрд хувилган бусад өвөр Монгол аймгуудыг айлган өөрсдийн арга мэхэндээ оруулж байжээ. Тэр байтугай Халхууд хүртэл Цахар аймаг довтлох гэж байна хэмээн түгшиж Орос улстай холбоо харилцаага идэвхжүүлэн цэрэг зэвсгийн тусламж хүсч байжээ. Жишээ нь: Одоогийн Монголын баруун хязгаар, Тува, Оросын Красноярскийн хязгаарын өмнө хэсэгт ноёрхож байсан Алтан хааны элч 1691 онд Томскд хүрч  Цахарын Лигдэн хааны довтолгооноос сэргийлэхэд тусламж хүссэн байна. [1]

Хожим энэ хадны мангаа тактикаа Манж нар дахин ашиглан Зүүнгарын хаант улстай муудалцсан Халхын Түшээт хааныхныг дэвэргэн Орос, Зүүнгар хоёр холбоотон болсон, хөөрхий халхуудыг устгах гэж байгаа тухай үлгэрээ ярин Халхыг дагаар оруулсан байдаг. Зүүнгарууд ч өөрсдөө яг л Лигдэн хааны алдааг давтан хэт түрэмгий аашлан Халхуудыг хавчин шахсан юм. Харин үнэндээ хожим Манж, Зүүн Монголын цэргүүд өөрсдөө Зүүнгарын хүн амыг хүйс тэмтэрэн устгасан түүхтэй бөгөөд ингэснээр дор хаяж баруунтаа Балхаш нуур, хойшоогоо Томск хүртэлх асар уудам, байгалын маш их баялагтай Монгол үндэстний нутаг үүрд алдагдсан юм. Одоо энэ нутгаас (Шинжаанаас) Хятадууд болон Казахууд нефтийн гол олзворлолтоо хийдэг.

Тэр үеийн Монголын бараг бүх түүхчид орчин үеийнхээр бол үзэл сурталчид, нийтлэлч нар Манжийн хааны ивээлт агуу их хишгийг, хөөрхий Халхуудыг хэрхэн мөхөж байхад нь аварсан тухай магтан бичсэн байдаг юм.

Үүний нэг жишээ нь : Тэр үеийн Монголын (харчин) томоохон түүхч Аси Ломи өөрийн үзэл бодлоо ингэж илэрхийлж байсныг сийрүүлье. Манай монгол улс мандан, буурч явсан түүхтэй. Бид хоорондоо хэрэлдэн, тэмцэлдэж  явсан боловч  Их эзний (Манжийн хааны) хишгээр бид дахин эвлэлдэн нэгдсэн. Тэнгэрийн өршөөлөөр энэ бүхэн бидэнд заяагдсан бөгөөд ингээгүй бол аллага таллага, эмх замбараагүй явдал бидний өвөг дээдсийн цагаас эхлээд үргэлжлээд л байх байсан. Бид Амбагай болон Энх Амгалан хааны өршөөл нигүүслэлд гүнээ талархаж байна гэсэн утгатай зүйлсүүд бичсэн байдаг юм. [2]

Энэ  бүхэн та бидэнд социализмийн үеийн манай үзэл сурталчдын хэрхэн Монголчуудыг мөхөж байхад сайн санаат орос ах нар нь ирэн аварсан тухай үй түмээрээ магтан дуулсан нийтлэл зохиолуудыг сануулахгүй байна гэж үү? Хэрэв хүсвэл та бүхэн тэр үеийн ном зохиол, сонин хэвлэлүүдийг дахин эргэн хараарай! Яг л энэ манжийн үеийн монгол түүхчдийн бичснийг санагдуулам утга агуулгатай Оросын хүчээр хөгжсөн, соёлжсон  зүйлүүд бичсэн байдаг.

Тэгвэл бидэнд өөр хувилбар байсан уу? гэвэл өнөөдрийн өндөрлөгөөс харахад байсан. Хэрэв Монголчууд эвлэлдэн нэгдэж чадсан бол, Манжийн хааны эрхийг хүлээн зөвшөөрөхийн оронд ойрадын Галдан, Цахарын Лигдэн ч юм уу хэн нэгнээ дэмжээд хөдөлсөн бол юун Манжийн түрэмгийлэл байтугай Монголын хоёр дахи удаагийн  байлдан дагууллын түүхийг өдийд уншаад сууж болох цэрэг, эдийн засаг, улс төрийн хүчин чадал тэр үеийн Монголчуудад байсан юм шүү.

Социализмийн үед ч эхлээд Японы аюул, тагнуул гэсэн хадны мангаагаар айлган манай сор болсон сэхээтнүүдийг маань алж, түүхэн дурсгалуудыг маань системтэй устгаж байсныг та бүхэн сайн мэднэ. Бидэнд өөр зам байгаагүй мэт боловч бас сайтар эргэцүүлээд бодвол байсан мэт. Тэр замыг хайж Герман, Францад анхны оюутнуудаа илгээж, уламжлалтайгаа хосолсон, нийгмийн анги, давхаргуудаа устгалгүйгээр дэвшилд хүрэх арга замууд байж болох байсныг гадны хүчний даалгавраар Япон гэсэн хадны мангааг ашиглан хаасан нь ажиглагддаг.

Дараа нь Хятадын аюул гэдгээр хадны мангааг босгож ирэн хамгийн догматик, бусдаас хэт хараат, социалист интернационалч гэсэн сайхан нэртэй бүхнийг бусдад тавьж өгөөд өөрсдийн эрх ашгаа хоёрдугаарт тавьсан нийгмийг байгуулж дөнгөсөн. Тэр үеийн бусад социалист орнууд Монголоос хамаагүй илүү бусад орнуудтай харилцдаг, харьцангуй чөлөөтэй, өөрсдийн эрх ашгаа чадах чинээгээрээ хамгаалдаг байсан хувилбарыг санацгаая.  Энэ хадны мангааны үлгэр ингээд дууссан бол яамай.

Гэтэл сүүлийн хэдэн жил хялбар олзонд шунасан гадныхан бидэнд хуулийн зөвлөлгөө өгсөн нэрээр тоглоомын дүрмээ бичиж өгөөд тэр дагуу бизнесээ хийгээд байдаг. Тэд ашиг олох гэж ирснээс хойш ашигаа хийлгүй яахав. Харин хамтарч ажиллаж орлого олох гэсэн Монголчуудын хүсэл “будаа” болоод, өрөнд баригдаад, шүүхдүүлээд, дээр нь байгаль орчин, ундны усаа тавиад туучихаар үнэндээ хэцүү байна ш дээ. Нарийн тооцвол бид харин улам ядуураад байна.

Ирээдүйд цэвэр ус, байгаль орчин, дахин ашиглагдах бүтээгдхүүний асуудал хамгийн хурцаар тавигдахыг одооноос өндөр хөгжилтэй орнууд анхаарч ногоон байгаль, цэнхэр дэлхийн асуудлыг байнга ярьдгийг хүн болгон мэдэх байх гэж найдая.

Энэхүү шударга бус, авилгалын хөрөнгө оруулалтыг шүүмжлэхээр гадны хөрөнгө оруулалтыг эсэргүүцсэн, Монголчуудыгаа ядуу байлгахыг хүсээд байгаа хорон санаат этгээд, аягүй бол барууны хөгжил дэвшилийг нэвтрүүлэх гэхэд саад болоод байгаа, хятадын талыг баримтлагч гэсэн хадны мангаагаар айлган мохоох гэж зарим нийтлэлчид оролдож сүүлдээ улаан цагаандаа гарч ашиггүй муу гэрээ ч байсан байгуулах тухай алсын хараатай гэж нэрлэсэн “хүүхдийн санаагаа” тулгах болж. Эс тэгвэл барууныхан Монголоос зугтаагаад Хятадын коммунист компаниуд оронд нь орж ирээд Монголыг базаад авна гэсэн нөгөө л хадны мангаагаа босгож ирэх юм.

Бид Монголчууд барууны хөрөнгө оруулалтыг дэмжиж, ач холбогдлыг нь ойлгодог ч гэсэн харилцан ашигтай өгөө аваатай хамтын ажиллагааг чухалчилна уу гэхээс, өнөөгийн хөгийн гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашиг нэртэй “капиталист интернационализм”, ашиггүй гэрээндээ үнэнч байх хэрэгтэй гэсэн “тархи угаалт” мэтийн юманд итгэдэг гэнэн томоогүй үеэ өнгөрөөсөн. Хэрэв энэ логикоор Монголыг гэрээнээсээ буцдаг найдваргүй новшийн орон гэж байгаа бол Их Британи болон түүний хаантай байгуулсан гэрээнээсээ татгалзаж тусгаар тогтносон АНУ, 1911, 1921 онд Хятадын худалдаачдын өрийг хүчингүйд тооцож устгасан Монгол улсын тусгаар тогтнолын төлөө тэмцэл ч гэсэн утгагүй зүйл болох юм байна.

Ямар ч асуудалд гарц бий. Өөр хувилбар олддог билээ. Жаймс Скотын хэлснээр туйлын үнэн хэзээ ч байдаггүй гэдгийг эрхэм агуу нийтлэлчдэд сануулая.[3]

Ё. Гантулга

2009 оны 6 дугаар сар 30

http://gantulga.wordpress.com

Австрали

Ашигласан материалууд:

  1. Редактор Л. Жамсран. 2003. Монгол улсын түүх III-р боть 6-р бүлэг 4. 151-р хуудас.Улаанбаатар: Адмон
  2. Peter, C. Perdue. 2005. China Marches West: The Qing Conquest of Central Eurasia. 488-р хуудас. London: Harvard University Press
  3. James, C. Scott. 1990. Domination and the Arts of Resistance: The Hidden Transcript of Subordinate Groups. New Haven: Yale University Press
Бичсэн: EDUCATION | цаг: 12:33 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


гоё шүү
Бичсэн: Зочин цаг: 14:10, 2010-03-10 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1735775 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax