2010-04-15
ЕБС-ийн сурагч хүү Их Юань Улсын түүхийн боть ном бичлээ

Интер номын их дэлгүүрт Дархан-Уул аймгийн  ЕБС-ийн “Оюуны Ирээдүй” сургуулийн  11-р ангийн сурагч Ч.Содбилэг “Монголын их Юань улсын түүх” номын нээлтээ хийсэн юм. Ерөнхий боловсролын сургуулийн сурагч өөрийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн гадаад, дотоодын эрдэмтдийн судалгаа, ном, хятад, англи хэл дээрх эх сурвалжийг судалж ийнхүү түүхийн үнэнийг өгүүлсэн ботио хэвлүүлжээ. Энэ удаагийн дугаартаа түүнийг урьж цөөн хором хөөрөлдсөн юм.

-ЕБС-ийн сурагч түүхийн судалгааны боть ном хэвлүүлж нээлтээ хийж байгааг анх удаа сонсож байна. Монголын түүх  тэр дундаа Юань улсын түүхийг яагаад сугалж сонирхсон юм бэ? Түүхийг эх сурвалжуудыг хятад, англи хэлээр судалсан байсан?

-Түүх судлаач гадаад хэл сурах нь зайлшгүй шаардлагатай. Ялангуяа Юань улсын түүх судлахад Монгол эх сурвалж харьцангуй цөөн байдаг юм билээ. Хятад, англи хэлээр бичсэн эх сурвалжийг түлхүү ашигласан. Тэр дундаа эртний хятад хэлээр бичсэн эх сурвалж их байдаг юм билээ. Тэгээд зарим багш, эрдэмтдийн зөвлөгөөг дагаж судалсан.

-Хүн бүрт эрдэм номын сэжүүрлүү хөтөлж оруулсан багш байдаг. Багш тань ямар хүн бэ?

-Миний багш ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн  Дундад зууны салбарын эрхлэгч, доктор А.Пунсаг гэж хүн бий.

-Танай гэр бүлд түүх судлаач бий юу. Хүүхэд гэхэд уйгагүй нэлээд хэдэн жил судалгаа хийжээ?

-Миний аав Чулуунбаатар гэж эксковаторчин хүн байдаг. Манай улсын түүх судалж баршгүй арвин баялаг. Түүхч эрдэмтэд зах зухаас нь судалж, шинжлээд түүхийн бүрхэг үеүдийг тодруулан нэлээдгүй судалгаа шинжилгээний бүтээл туурвисан байдаг.  Гэтэл бас анхаарлын гадна үлдсэн түүхийн үеүд бий.  Ерөнхийдөө Хүннү, Нирун, Түрэг, Хамаг Монгол Улс, Их Монгол Улс, Улс төрийн бутралын үе, Хорьдугаар зууны Монголын түүх тун чамбай судлагдсан. Вэй улс, Хятаны Ляо, Манжийн үеийн түүхийг сонирхож судалсан хүн цөөн, бичсэн  ном, сурвалж ч тоотой. Эдгээр улсын үетэй адил Монголын Юань Улсын түүх бол хөндөгдөөгүй, бүрхэг үеийн нэг мөн. Ч.Далай гуай, Ш.Нацагдорж зэрэг цөөн эрдэмтэд Юань улсын түүхийн талаар хэд хэдэн ном бичсэн ч эдгээр бүтээлүүд нь Юань улсын түүхийг бүхэлд нь өгүүлсэн бус, зөвхөн аль нэг сэдвийг  дагнан судалсан байх юм билээ.  Ерөөс Монголд Юань улсын тухай гарт баригдах гурав, дөрвөн ном л хэвлэгдсэн байдаг.  Гурван хуан, Таван ди-гийн үеэс нааш ямар ч улс Монголын Юань улс шиг хүчирхэг, хэмжээлшгүй уудам газар нутагтай байгаагүй. Энэ том улсын тухай Монголчууд бид л бичиж, үзэл баримтлалаа тодорхойлохгүй юм бол өөр хэн бичих билээ. Чухам ийм л үзэл бодлын үүднээс зохиогч миний бие яг гурван жил уйгагүй судалж өнөөдөр  энэхүү номыг бичсэн санаж байна. Би бол түүхч, судлаач биш ердийн нэгэн дунд сургуулийн ахлах ангийн сурагч. Би онц сайн сурдаггүй, муу ч биш, сайн ч биш сурдаг алтан дундаж сурагч. Туух судлах ялангуяа Хятадын түүх, орчин үеийн цэргийн түүх судлах бол миний хоббий. Хүмүүс марк цуглуулах, бэлэг дурсгал, зангиа цуглуулах гээд олон хоббитой байдаг. Харин минийх бол  түүх судлах . Би нэг их түүх  сонирхдоггүй байлаа. Гэтэл нэгэн зүйл миний сонирхлыг татсан юм. Энэ зүйлийг хүмүүст хэлэхэд ч ичмээр  юм шиг. Тэр бол Мингийн Чжу Юань Чжаны тухай сэдэвтэй кино. Энэ киног бусад хүн үзвэл жирийн л нэг кино. Гэвч түүх тэгтлээ их сонирхдоггүй байсан надад тэрхүү кинонд гарч буй ордон харш, хаад ноёдын хувцас, байдал, төрх их л сонирхолтой санагдаж билээ. Энэ киног үзсэний дараа би интернэтэд орж Чжу Юань Чжаны тухай судалсан. Кинонд нэр нь гарч байсан хүмүүсийн түүхэн үйл явдлыг уншихад надад  гайхалтай санагдсан. Дараа нь би Мин улсын түүхийг нэлээд гүнзгий судаллаа. Мин улсын тухай бичсэн ном, сурвалж Монголоор байхгүй учир интернэтэд орж, хятад, англиар бичсэн зүйлийг л уншдаг.
Мин улсын түүх сонирхож эхэлснээс хойш сар орчмын дараа “Юан гүрний үеийн Монгол” номыг санаандгүй олж үзэв. Тэр ном миний оюуны мэлмийг нээж өгсөн. Энэ номонд дурдсан хятад сурвалжуудыг уншаад тэдгээр сурвалжийг үзэх сонирхол асар их төрж байсан .  Энэ үеэс хойш би Юань улсын түүхийг эргэлт буцалтгүй сонирхох болсондоо.

-Юань улсын түүхийг судлаад ирэхээр Хубилай хааныг тухай илүү ихийг судлсан байж таарна. Зарим судлаачид Хубилай хааныг нийслэлээ Хятад руу нүүлгэсэн. Хятадын талыг баримтлагч гэж буруутгах нь бий. Чиний хувьд энэ тал дээр ямар дүгнэлтэд хүрсэн бэ?

-Хубилай хааныг шүүмжилдэг хүмүүс өнгөрсөн цагийн түүхийг өнөөгийн хэмжүүрээр хэмжиж дүгнээд байх шиг санагддаг. Хубилай хааныг дөрвөн гол зүйлээр буруутгадаг юм билээ. Улсын нийслэлээ Бээжин хотод шилжүүлсэн гэдэг. Гэтэл Бээжин хот өнөөдөр БНХАУ-ын нийслэл ч гэлээ 700 жилийн өмнө нүүдэлчдийн нутгийн нэг хэсэг байсан. Түүнээс ч өмнөх түүхийг ярих юм бол Хятадыг умард, өмнөд гэж хуваадаг. Өмнөд хэсэгт нь хятадууд, умард хэсэгт нь нүүдэлчид амьдарч байсан. Бээжин хотыг газрын зурагнаас харахад Умард хятадын нутагт байрлалтай байдаг л даа. Хубилай хаан Хятадыг захирхад дөхөм болгож нийслэлээ улсынхаа зах хягаар луу шилжүүлсэн гэж ойлгож болно. Бээжин хот хэзээ хятадын нийслэлийн шинжтэй болсон бэ гэвэл Хубилай хааны үед болсон байдаг юм билээ. Хубилай Бээжинг Хятадын улс төр, соёл, эдийн засгийн төв болгож чадсан. Энэ утгаараа өнөөгийн хятад улсыг цогцлоосон ч гэж хэлж болно. Хоёрдугаарт нь Хубилай хааныг хятад ёсыг дэндүү баримталдаг гэж үздэг. Гэтэл хятадад цөөн Монголчуудаа уусгахгүйн тулд хэд хэдэн аргыг дэс дараатай авч хэрэгжүүлсэн байдаг. Энд Юань гэдэг үгийг зайлшгүй тайлбарлах шаардлагатай болж байгаа юм. Манай зарим эрдэмтэд Юань гэж хятадаар нэрлэсэн гэж шүүмжилсэн байх юм. Гэтэл  Хубилай 1260 онд хаан сууринд залраад 11 жилийн дараа улсаа Юань гэж нэрлэсэн.  Ингэж нэрлэхийн өмнө Хятадын Сүн улсыг бүрэн захирсан, Зүүн өмнөд Азийн улс орнуудтай харьцаа  тогтоосон. Юань улс байгуулах шатаа алхам алхамаар хийсээр байсан. Яагаад Юань гэж сонгосон бэ гэвэл Хятадын эртний зурхайд номын Цянь Юань хэмээх хоршоо үгээс Юань гэдэг үгийг салгаж авсан. Монголоор Юань гэдэг үг язгуур, эхлэл, хөх гэсэн утгатай. Миний бодлоор Цянь Юань гэдгийг хөх тэнгэр гэж хөрвүүлж болох юм билээ. Хөх тэнгэр гэдэг нь Монголчууд, нүүдэлчид мөнх хөх тэнгрээ дээдэлж ирсэн. Энэ үүднээс аваад үзсэн ч Хубилай хаан Мөнх хөх тэнгэр, эцэг өвгөдийн уламжлалт  сургаалийг баримталсан мөн улсынх нь иргэдийн 80 гаруй хувийг эзэлдэг хятад үндэстнийг хүндэтгэсэн нэрийг сонгож авсан байгаа юм.

-Судалгааны ажил хийхэд ямар ном зохиол илүү ашигласан бэ, Түүхчдийн судалгаа, бүтээл номыг уншиж байхад чамд хамгийн их түшиг болсон сайн бүtээл нь ямар эрдэмтний бүтээл байв.

-Өмнөд эрдэмтдийн судалгааны бүтээлийг нэлээд уншсан, судалсан. Миний хувьд түүхэн үнэнийг эхээр нь бичсэн монгол, хятад суравлж бичиг түлхүү ашигласан. Хятадаар Юаньши буюу Юань улсын судар хэмээх 214 дэвтэр сурвалж бичиг, Мин улсын хаадын “Үнэн магад тэмдэглэл”, “Мин улсын түүх” гэж 332 боть сурвалж бичиг. Монголын, гадаадын эрдэмтдийн судалгаа бүтээл 200 гаруй ном, судалгааны ажлыг уншиж судалсан.Ер нь эх сурвалжуудын ихэнхийг эртний хятад хэлээр бичсэн байдаг юм билээ. “Монголын нууц товчоо”, “Болор эрхи” гээд уншсан. Монголын эрдэмтдээс Юань улсын тухай хамгийн сайн тусгайлан судалсан эрдэмтэн бол академич агсан Ч.Далай гуай, Ш.Бира, сүүлийн үед гүнзгий судалж байгаа эрдэмтэн бол доктор А.Пунцаг гуайг хэлнэ. Судалгааны ажил дуусаад номоо бичиж эрдэмтдэд үзүүлэн зөвлөгөө авсан. Тухайн үед гурав, дөрвөн удаа том том засвар хийсэн шүү.

-Цалин мөнгөгүй сурагч боть ном хэвлүүлэхэд санхүүгийн бэрхшээл байсан байхдаа. Хэн тус дэм болсон бэ?

-Аавын маань ажилладаг  “Эс-Энд-Ай” компани ивээн тэтгэж 300 хувь хэвлүүлж өгсөн. Энэ компани “Оюу толгой”-д ажилладаг юм. Аав маань эксковаторчин хүн. Нэг номоо 25 мянган төгрөгөөр борлуулж байна. Надад гүн туслалцаа үзүүлсэн бүх хүнд танай сониноор дамжуулж талархал илэрхийлье.

-Чи төгсөх ангийн сурагч. Цаашдаа түүхийн чиглэлээр мэргэших үү?

-Монголын иргэн бүр түүхээ мэддэг байх хэрэгтэй. Судалгааны ажлаа дуусгахгүй. Цааш үргэлжлүүлж эрдэм шинжилгээний тал руу олон бүтээл хийнэ. Гэхдээ өөр мэргэжил сонгоно одоохондоо нууц. Шалгалтандаа бэлдээд эхэлсэн.

Д.Догсмаа  source: sonin.mn

Бичсэн: EDUCATION | цаг: 17:39 | news
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


зо зо
Бичсэн: g84 цаг: 10:20, 2010-04-16 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1741957 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax