2010-06-17
ДЭЛХИЙН БОЛОВСРОЛЫН ТҮҮХ
Блогт минь байнга зочилж байдаг та бүхэндээ "Дэлхийн боловсролын түүх"-ийг цувралаар хүргэж байна. Энэхүү номыг түгээхэд гүн туслалцаа үзүүлсэн Боловсролын хүрээлэнгийн ЭША Н.Энхцогт ахдаа болон номын зохиогч Ц.Нина нарт талархсанаа илэрхийлье.
Хэрэв уншигч та эл номыг хэвлэмэл байдлаар худалдан авахыг хүсвэл миний мейл хаяг руу хандана уу.


Нэг. Эртний үе

1.Эртний Грек

1.1. Афины хүмүүжил

Эртний Грект бүр анхнаасаа хүүхдийн хүмүүжилд ихээхэн анхаарал тавьж байв. Афин дахь хүмүүжлийн гол зорилго оюун ухаан, гоо зүй, бие бялдрын хөгжилтэй, биеийн гоо сайхныг ёс суртахууны сайн үйлтэй хослуулсан Афины чөлөөт нийгмийн хүнийг төлөвшүүлэхэд чиглэгдэж байжээ. Бүр МЭӨ Y зуун гэхэд Афины чөлөөт иргэдийн дунд бичиг үсэг мэддэггүй хүн алга байв. Энэ үед гэрийн сургалт сургууль уруу шилжиж, Хөвгүүд өөрийн “багшийн” (итгэлтэй боолуудын) хяналтан дор грамматист, кифарист, палестр сургуульд явах болов.

Грамматист сургуульд хөвгүүд эрдэм мэдлэгийг ивээн тэтгэгч охин тэнгэрийн хөргөн дор уншиж, бичиж, тоолж сурдаг байв. Сургуульд гол төлөв лааны тосон самбар болох диптих хэмээн нэрлэдэг ном шиг нээгддэг нэг талаар нь нугалсан холбоотой хоёр самбарыг ашиглаж байжээ. Энэ самбарын дотор талд лааны тос түрхээд түүн дээрээ төмөр саваагаар үсэг, тоо бичих ба түүнийгээ амархан арилгадаг байв. Бичиж дуусаад самбараа хоёр нугалан эвхэх нь хялбар байсан байна.

Энэ тохиолдолд самбарыг бичсэн зүйлээ хадгалах, мөн нуух зорилгоор ч ашиглана. Сургуульд аливаа зүйлийг сонсоод ойлгож сурах ба хэдийгээр өдөр дутмын хэлний баялагаас ялгаатай боловч тухайн үедээ грекүүдийн сүм, хийдийн хэл мэтээр хэрэглэж байсан алдарт туульч Гомерийн зохиолоос бүтэн бадгаар нь цээжлүүлж, уншуулдаг байв.

Гомерийн араас Гесиод ба Феогнидийн ёс суртахууны сургаалиуд, Солоний амьдралын түүх, Эзопийн зохиолуудыг мөн адил сурах бичгийн журмаар хэрэглэж байв. Энд мөн чулуугаар тоолж сургана. Арай хүндэвтэр арифметик үйлдлийг савх модоор ч гүйцэтгэдэг байв. Боловсролынх нь хөтөлбөрт чухал байр эзэлдэг нэг зүйл бол Грекийн хотуудын чөлөөт иргэд оролцдог шашны баярт бэлтгэх явдал байв. Энд хөвгүүдийг зан үйлийн дуу болон нийтээр дуулах дуу, гоцлол дуунд сургаж, хамтад нь ёслолын сүлд дуу дуулуулж сургана.

Кифарист сургуульд ятга ба кифар хөгжим тоглож сургадаг ба үүнийг тоглож чадахгүй хүнийг боловсролгүй хүн хэмээн тооцож байв. Энэхүү хөгжмийн аялгуунд хөвгүүд Паллад бурханыг магтан дуулсан афины хуучин сүлд дууллууд, Стесихор, Симонид нарын яруу найргаас дуулдаг. 12 наснаасаа эхлэн хүүхэд гимнастик хичээллэнэ. Энэ хичээлийг педотриб (үгчилбэл дасгалжуулагч хөвгүүн гэсэн үг) удирдан явуулна. Төр болон гэр бүлээс хөвгүүдийг авхаалжтай, хүчтэй, уян хатан байж, цэргийн эрдэмд эртнээс боловсрохыг ихэд чухалчилж байв. Педотрип нь хөвгүүдэд жад болон зээрэнцэг хэрхэн шидэхийг зааж, гүйлт, харайлтад сургаж, гимнастикийн төрөл бүрийн тэмцээнд бэлддэг. Спортын тэмцээнүүд энэ талын арга хэмжээнд зориулан байгуулсан байр буюу палистрад явагдана. Ихэнх хичээл флейт буюу бишгүүр хөгжмийн аянд явагддаг байв. Палестра нь жирийн нэг өрөө биш том хэмжээний баганат ордон бөгөөд тэнд өөрийн хөвгүүдийг харахаар эх, эцгүүд болон албаны хүмүүс олноор ирдэг байв. Чухам ийм байрнуудад Сократ зэрэг алдарт философчид өөрийн сургаалаа айлдаж байжээ. Хүмүүжлийн энэ гурван хэрэгсэл дээр нэмэгдээд дээрх гурвыг нэгтгэсэн хорей хэмээх сургалт явагдаж байсан бөгөөд үүнийг төгсөгчдийг түүхч Аристофан “палестрт сурч, дуунд суралцаж, урлагийг эзэмшигчид” хэмээн нэрлэж байв.


Эртний Грект ийм байрнуудад сургалт явуулна

16 наснаас эхлэн хөвгүүд өөрийн боловсролыг гимнасид үргэлжлүүлнэ. “Гимнас” гэсэн нэр нь эртний грекийн gymnos гэсэн үгнээс гаралтай бөгөөд “нүцгэн” гэсэн утгатай аж. Эртний Грект биеийн тамир ба гимнастикаар хичээллэхэд зориулсан байрыг гимнас хэмээн нэрлэж байв. Палестрад суралцаж дууссан 16-18 насны язгууртан хөвгүүд гимнасид суралцаж, ямар нэг тэмцээнд бэлтгэх буюу аливаа шинжлэх ухааныг гүнзгийрүүлэн судалдаг. Гимнасид байрладаг хамгийн уужим том байрыг эфебион хэмээн нэрлэдэг ба тэнд тамирчид бөх болон гар зодооноор хичээллэдэг. Удаан хугацаанд бэлтгэл хийсний дараа хөлс, хирээсээ салахын тулд халуун, хүйтэн усаар урьдчилан дүүргэсэн онгоц ашигладаг байв. Үүнийхээ дараа амрах зориулалтын тусгай өрөө бэлтгэсэн байдаг.  


Алдарт гүн ухаантнуудын байгуулсан Афины сургууль

           Мөн тэндээ хөвгүүд багш нартайгаа маргах урлагаар хичээллэн том илтгэгч, гүн ухаантнууд тэдэнд зориулан лекц уншдаг. Зарим гимнасийн дэргэд илтгэх урлагийн ба гүн ухааны сургуулиуд ажилладаг ба тэдгээр нь өөрийн багш нараараа алдаршиж байв. Тухайлбал  МЭӨ IV зуунд гүн ухаантан Платон өөрийн Академиа байгуулжээ. Түүний сурагчид Акадёма баатрын нэрээр нэрлэгдсэн гимнасид цугларч байв. Мөн Афинаас холгүй газарт Аристотелийн байгуулсан Ликей (өнөөгийнхөөр Лицей) ажиллаж байсан бөгөөд түүний дэргэд мөн гимнас ажиллаж байв.

                              Пифагор (МЭӨ 580 -500 он)

Пифагорын үзэж байгаагаар сургалт нь хүний нас зүйд тохирох ёстой ба (нас зүйн үечлэлийн гол үндэс нь цаг хугацааны 7 жилийн ангилал байв) ой тогтоолтыг хөгжүүлж, бэрхшээлийг бие даан даван туулах ажиллагаанд сургахад чиглэнэ. Тэрээр өдрийн дэглэмийг ухамсараа цэгцлэх зорилгоор өглөөний ганцаарчилсан зугаалга хийх, сүмд очиж ёс зүйд суралцах, ариутгах, гимнастик, өглөөний цай, нөхөдтэйгээ хамтран олсон мэдлэгээ баталгаажуулах, унших, багшаас суралцах хэмээн ангилжээ. Сургалт сайн дурынх бөгөөд сурагч ба багшийн харилцан сонирхолын үндсэн дээр явагдана. Ингэхгүйгээр үр дүнд хүрэхгүй. Багш сурах үйлийг хөнгөвчлөх ёсгүй хэмээн тэрээр сургажээ.

            Цаг өнгөрөх тусам гимнасийн байр улам том, уужим болж, түүнд зориулан дээвэртэй баганат байр баригдан өвөл ч гэсэн хичээллэх болов. Амралтын өрөө буюу экседрүүдийг урлагийн бүтээлээр чимэглэн, усан сан бүхий өрөөнүүдийг өнгөт хавтан, гантиг барималуудаар чимэглэх болжээ. Гимнасид энд тэндгүй гавшгай, хүчтэй тамирчдыг ивээн тэтгэгч Гермес бурханы хөргийг зална.


                                                                        Гераклит (МЭӨ 544-483 он)

Олон юм мэдсэнээр ухаан суухгүй хэмээн Гераклит үзэж байв. Түүнийхээр хүн суралцах чадвартай. Үнэнийг танин мэдэхийн тулд маш мэрийлттэй сурагч байх шаардлагатай. Танин мэдэхүйн хоёр үндсэн зэвсэг бол сэрэл (мэдрэхүйн эрхтэний тусламжтайгаар хүн хүрээлэн буй орчинтойгоо харьцаанд орж, сэтгэх аргад суралцдаг), оюун ухаан (түгээмэл танин мэдэхүй бол үнэний шалгуур бөгөөд түүнийг ойлгож сурах хэрэгтэй) юм. Мэдрэхүй бус харин оюун ухаан үзэгдлийн жинхэнэ гэрч мөн. Оюун ухааны ба ёс суртахууны хүмүүжил нэгдмэл үйл явц мөн хэмээн Гераклит үзэж байв. Түүнийхээр бие даан сэтгэх чадварын хөгжил ба байгальд нийцүүлэн ажиллаж сурах нь хамгийн чухал сургалт ажээ. Хүмүүжилдээ байгалийн хуулийг дагахыг уриалж байв.

            Харин охидууд өөрийн эхийн дэргэд суралцах боловч, энэ шинжлэх ухаан нь нилээд нарийн төвөгтэйд тооцогдож байв. Тэдний хувьд аж ахуй хөтлөх аргад суралцахын зэрэгцээ гэр ахуйн анагаах ухаанд суралцах үүрэг ноогддог. Учир нь үр хүүхэд төдийгүй гэр бүлийн бүх гишүүдэд санаа тавих үүрэг гэрийн эзэгтэйн заавал сурах үүрэг байв. Тэдний хоёр дахь сургууль бол дээр дурьдсан хорей бөгөөд тэднийг бусдын нэг адил төрөлх бурхандаа үнэнчээр зүтгэхэд сургадаг. Охидууд зан үйлийн баярт бэлтгэгдэх зорилгоор заавал дуулж, бүжиглэж сурна. Тэд мөн утга зохиолтой ч танилцдаг байв. Бүр МЭӨ YII зууны үед Грекийн зарим нэг мужуудад охидуудад хөгжим, яруу найраг, дуу, бүжиг заадаг эмэгтэйчүүдийн сургууль ажиллаж байсныг түүхэнд тэмдэглэсэн байдаг.

                    Демокрит (МЭӨ 470/460 – 371 он)

Хүмүүжлийг хүүхдийн мөн чанартай холбон зохицуулахын зайлшгүйг илэрхийлж байв. Түүнийхээр байгаль ба хүмүүжил адил бөгөөд хүмүүжил нь хөдөлмөр, ёс суртахууны тасралтгүй үйлдэл, биеэ зөв авч явах тасралтгүй дасгалуудын үндсэн дээр хүнд хоёр дахь байгалийг бий болгодог. Хөдөлмөр нь хүмүүжлийн чухал нөхцөл учраас хөдөлмөрт хүчээр бус дасган сургах ёстой. Тэрээр өөрийгөө хөгжүүлэх үндсэн сэдэл тэмүүлэл нь хүүхдийн сониуч зан хэмээн үзжээ. Түүнийхээр сургалтад мэдлэгийн тоо чухал бус харин сэтгэлгээ, оюун ухааны хөгжил чухал байдаг. Ингэхэд гэр бүл, эцэг, эх их үүрэг гүйцэтгэнэ. 


          Домог ярианд өгүүлсэнээр ийм сургуулиудын нэгийг алдарт яруу найрагч эмэгтэй Сапфо удирдаж байжээ. Түүний бичсэн шүлгүүдэд гоо сайхан, төгс төгөлдөрийн орчинд хүмүүжсэн өөрийн сурагч охидуудад зориулсан эелдэг яруу тунгалаг мөрүүд олонтоо тохиолддог. Өөрийн эхнэрээс нөхөр нь олон насаар ахмад байдаг Грекийн заншил ёсоор охидын боловсрол нөхөрт гарсанаар төгсгөл болдог ажээ. 

            Афины боловсролын энэ тогтолцоонд сүүл үрүүгээ дээд боловсрол хэмээн хэлж болохуйц элемент агуулсан төрлүүд нэмэгдэх болжээ. Тухайлбал, биеийн болон оюуны сургалтыг хамтатгасан эфебии буюу 16 ба түүнээс дээш насны хөвгүүдийг ард түмний сонголтоор төрөөс тавьсан “софронист” ба “космет”-уудын хаяналтын дор сургах сургалт, түүний дараа математик, байгалийн ухаан, ялангуяа ёс зүй-улс төрийн ухааныг софистууд болон Платон, Антисфен, Аристотель зэрэг гүн ухаантнуудын удирдлага дор суралцах сургалт гарч ирсэн юм.

                                                                                    Сократ (МЭӨ 469-399 он)

Философийн мэдлэг хүний бие даасан шинж үрүү хандах болсон үеийн үзэл баримтлал болох Сократын сургаал нь хүн ба хүмүүнлэг үзлийн асуудал төлөвшин тогтохтой холбоотой. Түүнийхээр философийн зорилго “өөрөө өөрийгөө танин мэд” гэсэн сайн үйлийн үнэнийг танин мэдэх хувийн танин мэдэх шинжид оршино. Түүний сургаалийн мөн чанар хүний санаа бодлын ёс зүйн чанарт чиглэсэн философи юм. Ёс суртахуунт чанарын чин эрмэлзэл нь мэдлэг ба цэцэн мэргэнтэй адил сайн үйл билээ. Хүн биеэ муу авч явах нь түүний мэдлэггүйтэй холбоотой. Сайн үйл бүтээгч гэдэг нь сайн үйл ба алдар хүнд бүтээх тухай ойлголтоор нөхцөлдсөн бөгөөд хүнээс бие даан боловсруулсан чанар юм. Өөрийгөө танин мэдэхүй нь хамгийн дээд сайн үйл мөн. Багшийн эзэмшсэн урлаг бол ярилцлагыг чадварлаг хийж, үнэнийг эрэлхийлсэн асуудлыг ухаалаг тавих явдал ажээ. Тэрээр үнэнийг маргааны явцад танин мэднэ хэмээн үзсэн.  Хүн аливаад бодитойгоор дасан зохицох урьдач нөхцөл нь жинхэнэ үнэн тус авчрагч зан төлөвийн ёс суртахууны үндэс болох өөрийгөө танин мэдэхүй юм.  Сократын сурган хүмүүжүүлэх гол арга нь багш сурагчдаа үнэнийг буй болгоход туслахад оршдог ажээ. Мөн ярилцагчийнхаа хэт өөртөө итгэлтэй байдлыг алдагдуулж, түүнийг өөрийн амьдралын мөн чанарыг дотроо тунгаан бодоход хүргэх явдал юм. Өөрийн мэдлэггүйг ойлгосон сурагч бие даан сэтгэх үйл ажиллагаанд ордог. Иймээс боловсрол дахь бие хүний хөгжилд чиглэсэн хөгжигч, хүмүүнлэг хандлага, сургалтын эвристик аргын төлөвшил, ярилцлагын арга түүний нэртэй салшгүй холбоотой.

үргэлжлэл бий...
Бичсэн: EDUCATION | цаг: 17:42 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1777238 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax