2010-06-22
”Хурдан морины бие ба зүсний шинж"-ийн тухай

         Толгойн сайн нь махлаг бус, хошуу нь шөвгөр, хамрын нүх уужим, нүдний зовхи зузаан, шанаа нь бугын шанаа мэт. Цээжний гурван сайн гэгч хүзүү нь урт, сэрвээ өндөр, бүдэрхий нь их энэ гурав буй. Бэлхүүсний гурван (хоёр) сайн гэгч хавирганы бураа хавтгай, харцага нь өргөн буй. Бөгсний  гурван  (дөрвөн) сайн гэгч ташаа нь ханхар, харцаганы яс гүвгэр өндөр, тойг нь гадагш даягар, хондлойн яс богино. Хөлийн таван сайн гэгч шилбэ бүдүүн урт, бэрэвхий нь богино нарийн, туурай нь цомбон, хойт шилбэ нь урт, (тахим) нь бугын тахим мэт сайн. Шөрмөсний сайн гэгч  дотор талын бүлх нь яснаасаа завсартай, гадаад шандас нь гадагшаа ороонги уг нь бүдүүн.Гурван сайн байдал (шинжит гэсэнтэй адил утгатай ) гэгч :
        Загасны байдал гэдэг нь  хүзүү нь урт, хавирга нь матаастай, нуруу нь шулуун, дөрвөн хөл нь богино  "байдаг". Мэлхий байдал гэгч нь зовхи нь зузаан, нүд бүлтгэр, урд хөл богино, нуруу нь хавтгай, гүйдэл явдал нь хатуу "байдаг". Бугын байдал гэгч нь магнай нь өргөн, хошуу нь шөвгөр нарийн, эрүүний мах дүгэрэг, бөгс нь өндөр, шилбэ нь урт, цээж доор, сэрвээ нь өндөр  "байдаг".

        Нүдний сайн гэгч нь бүргэдийн нүд шиг алсын барааг ширтэмхий байвал нэн сайн. Шүдний сайн гэгч нь цагаан лавай мэт өнгөтэй, дээд доод шүдний хавсарга нь чимхүүрийн ам "мэт" нийлсэн байх нь нэн ховор. Хэлний хэвтэш уужим, соёо нь гадагш даягар, доод хавсарга нь урагш илүү гарсан байвал холын хурдтай морь, дээд шүд нь илүү байвал ойрын хурдтай  "байдаг". Соёолон, хязаалан морины шүдний өнгө тэнгэрийн шаргал, цагаан өнгөтэй бөгөөд хааяа хар хагтай, доод шүдний цөгц гүнзгий бөгөөд цахиур чулуу мэт хагарч язран эмт эмт үсэрч байвал сайн.Шүдлэн, даага хоёр насны "морины" шүд нь том цагаан бөгөөд олон хагарвал сайн гүйхийн шинж. Нурууны бөгтөр сайтай морины өехий тэнүүн бол сайн хурдлах, ганагар нуруутай морины хавирга нь матаастай, дөрвөн хөл нь бүдүүн байвал сайн.
   
Хурдан морины дотоод шинж нь гэвэл:
       Хамрын нүх уужим, бүрээний ам мэт байвал уушигны амьсгал сайтайн шинж. Нүд нь хар, хүрэн өнгөтэй байвал зоригтойн шинж. Чихний үзүүр нимгэн, бугын чих мэт байвал цус сайтайн илрэл. Шүд, буйл хатингир байвал дэлүү багатайн шинж. Хэлний өнгө улаан хөх байвал элэг, дэлүү муутайн шинж. Хэл нь цагаан, нимгэн байвал сайн хурдлахын дохио.

"Хурдан морины"  нууц  шинж "нь" гэвэл:
        Үс нь тачирхан байвал булчин мах сайтайн шинж. Шүд нь сайн байвал яс хөнгөний шинж. Залаат чөмөгний уг бүдүүн бол шөрмөс булчин сайн. Хошногоны цар уужим байвал дотор сав хөнгөний байдал. Туурайн гахай жижиг байх нь гишгэдэл сайны шинж. Нүднээс нуух гарвал хурдан морь бузардсаны шинж. Уяан дээр тогтож ядан холхих нь давхилтаас халширч, зориг мохохын илрэл бөгөөд хөөргөн морины шинж. ( Бусад сударын  нууц шинжид зөвхөн  шүдний олон хувилбарыг л номлосон байдаг)

Эх сурвалж: Монгол морь

Бичсэн: EDUCATION | цаг: 11:56 | Чөлөөт цаг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Sh
Бичсэн: Зочин цаг: 18:43, 2023-02-07 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1751082 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax