2010-08-23
Дэлхийн боловсролын түүх

"Дэлхийн боловсрол" номын үргэлжлэл...


1.2. Спартын хүмүүжил

            Спартын хүмүүжлийн үндсэн зорилго нь тэвчээртэй, зоригтой, дайснаа үл өрөвдөгч дайчин эрийг хүмүүжүүлэхэд оршино. Энэ нь тэдний хүмүүжил, сургалтын тогтолцооны зорилтыг тодорхойлдог байна. Хүмүүжлийн хатуу чанд тогтолцоо нь хөвгүүд хүчтэй, дуулгавартай, аймшиггүй болон төлөвшихөд чиглэгдэнэ.  


                                                                                   Платон (МЭӨ 427-347 он)

Сократын шавь болох Платон нь бүх бодитой зүйлсийн үндэс болох мөнхийн санааны тухай сургаалыг боловсруулсан юм. Тэрээр төрийн үндэс бол нийтийн сайн үйл хэмээн үзэж байв. Боловсролын зорилго нь дээрх үзлийг хэрэгжүүлэхэд төрд зайлшгүй хэрэгтэй тийм чанаруудыг нийгмийн гишүүдэд төлөвшүүлэх явдал ажээ. Иймд боловсрол нь хүнийг субьектив, хувийн сонирхолоос хөндийрүүлж, нийтийн эрх ашигт зохицоход сургах үүрэгтэй. Тэрээр гэр бүлийн хүмүүжлийг хэт үгүйсгэж үзсэн байна. Тэрээр гэр бүл зохиохыг төрөөс хянаж, хүүхдийг төрийн мэдлийн хүмүүжүүлэх газруудад нийтээр нь хооллож, 3-6 насанд нь тусгай хүмүүжүүлэгч хүмүүжүүлж, 7 наснаас нэгдсэн төрийн сургуулиудад сургах ёстой хэмээн үзэж байв. Боловсролыг төрийн хяналтын дор явуулна. Түүний удирдаж байсан Академид математик, диалектик, одон орон, байгаль шинжлэл үзэж үүнийгээ зааж сургахад ярилцлага, маргаан, харилцан яриа зэрэг янз бүрийн аргуудыг хэрэглэж байв. Мөнхийн санаа бол бие хүний төлөвшилтөд дотоодоос нь нөлөөлөх хүчирхэг зэвсэг ажээ. Хүүхдийг багаас нь бодол санаанд нь төгс төгөлдөр ертөнцийн тухай мэдлэг төлөвшихөд хүргэх сайхан ба сайн үйлийн хүрээлэлд өсгөх ёстой.  

Спартад хүүхэд хүмүүжүүлэх нь иргэн хүний нийгмийн нэг чухал үүрэг бөгөөд энэ үйл ажиллагаа төрийн мэдэлд байв. Тухайлбал, гурван хүү төрүүлсэн Спартын иргэн харуулын албанаас чөлөөлөгдөж, таван хүү төрүүлсэн хүн аливаа үүрэгт ажлаас бүрэн чөлөөлөгдөх жишээтэй. Хүүгээ хүмүүжүүлэх нь эцгийн хүсэл зоригоос төдийлөн хамаарахгүй. Тэрээр хүүгээ ахмад хүмүүс хүүхэд хүмүүжүүлэхийн тулд тусгайлан байрладаг “лесхэд” аваачдаг. Хэрэв хүүхэд эрүүл чийрэг болох нь тогтоогдвол эцэгт нь буцааж өгөх ба тэгэхдээ эцэгт нь бага хэмжээний газар ч өгдөг байна. Харин сул биетэй болон оюун ухаан хомсдолтой хүүхэд гаргуундаа хаягдах хувь тохионо.

 

 

Эрдэмтэн, дайчин хоёр Спартын бэлэг тэмдэг болж байв

            Хүүхэд хүмүүжүүлэгч тусгай хүн байх ба тэрээр хүүхдийг багаас нь өлгийдөхгүй. Харин бүх биеийг нь үргэлж чөлөөтэй байлгаж, их идүүлэхгүй, хоолонд шуналтахгүй, харанхуйгаас болон ганцаараа үлдэхээс айхгүй, зөрүүдлэхгүй, уйлахгүй байхад сургадаг. Долоон нас дөнгөж хүрэнгүүт хөвгүүдийг цуглуулж, “агел” хэмээн нэрлэгддэг бүлгүүдэд хуваарилна. Тэд хамтдаа амьдарч, хооллож, тоглож өөрөөр хэлбэл цагийг үргэлж хамтдаа өнгөрүүлдэг байна. Аливааг бусдаасаа түрүүлж ойлгодог, гимнастик илүү сайн хийдэг хүүхдийг агелийн ахлагчаар томилно. Бусад нь түүнээс суралцах ёстой ба түүний үгийг ягштал биелүүлж, гаргасан шийтгэлийг нь үг дуугүй биелүүлнэ. Учир нь сургууль бол дуулгавартай байхад сургадаг газар ажээ. Ахмадууд хүүхдүүдийн тоглохыг алсаас ажиглаж, тэдний дунд яс хаян зодолдуулж, хэн нь хэн бэ гэдгийг тогтоодог байв.

                      Антисфен (МЭӨ 435-370 он)

Киникийн сургуулиудыг үндэслэгч. Хүмүүжлийн үндсэн хэрэгсэл бол багшийн үзүүлэх үлгэр жишээ хэмээн үзэж байсан. Хүний сайн сайхан гэдэг бол түүний хөдөлмөрийн үр дүн учраас хөдөлмөрөөс олж авсан сэтгэл ханамжаараа баясах ёстой гэсэн байна. Хүүхэд хүндрэл бэрхшээлийг даван туулахад суралцах ёстой. Иймээс хүмүүжлийн нэг чухал зорилт аливаад хатаагдаж, эрс тууштай занд суралцаж, зовлон бэрхшээлийг даван туулж, эд хөрөнгөнөөс зайлсхийхэд оршино.  Түүний үзэж байгаагаар сургуулийн үндсэн зорилго сайн үйлд сургаж, зориг тэмүүлэлээр хүмүүжүүлэх явдал юм. Сайн үйлийн шалгуур нь мэдлэггүй байх явдал бус харин сурагчдын өөрсдийн үйл хөдлөл. Иймд тэднийг гимнастикийн төрөл бүрийн дасгалаар хүмүүжүүлнэ. Амьдрал дахь гол хүмүүжүүлэгч, удирдагч нь хүний оюун ухаан учир хүний ухааны хөгжил тэргүүн зэрэгт тавигдана хэмээн үзсэн.

                                       Ксенофонт (МЭӨ 430-355 он)

Сократын шавь, “Кирийн хүмүүжил” хэмээх удирдагчийн боловсрол, хүмүүжлийн тухай сурган хүмүүжүүлэх ухааны ном бичсэн. Сургалтад яриа, маргааны урлагийн гүйцэтгэх үүргийг өндрөөр үнэлж, аливаа зүйлийг харьцуулж, дүгнэж сурах нь мэдлэг эзэмших үндсэн арга хэмээн үзсэн. Нийгэмд хэрэгтэй төгс иргэнийг төлөвшүүлэхийн тулд боловсролын тогтолцоог төрийн мэдэлд байлгах хэрэгтэй хэмээн үзэж байв. Төгс хүнийг бага наснаас нь сургуулиар бэлтгэнэ. Тэр эргээд төрд үйлчлэх ёстой. Бие бялдрын хүмүүжлээс гадна оюун ухааны хүмүүжил чухал нөлөөтэй. Хүүхэд бол гэр бүлийн бүтээгдэхүүн бус төрийн бүтээгдэхүүн юм. Тэднийг төрд үйлчилж сургах нь боловсролын хамгийн том зорилт болдог. Хүүхэд философ боловсрол хир зэрэг гүнзгий авна төр тэр хэмжээгээр хүчтэй байна гэж үзсэн.

Уншиж, бичихэд зайлшгүй суралцах ба хүмүүжлийн бусад хэрэгслүүд үг дуугүй захирагдах, тэвчээртэй байх, ялж сурахад  чиглэдэг байна. Жил өнгөрөх тусам тэдний хүмүүжлийн арга хэрэгсэл улам чангарах ба үсийг нь хусч, хөл нүцгэн явуулж, нүцгэнээр хамтдаа тоглож сургах болжээ. 13 наснаас эхлэн бүх хувцасаа тайлж, жилдээ ганц удаа хувцас авах болдог. Тэдний арьс наранд түлэгдсэн эв хавгүй байв. Тэд халуун усанд ордоггүй, жилд ганц хоёр удаа л хирнээсээ сална. Тэд модны мөчрөөр хийсэн дэвсгэр дээр унтах ба энэ дэвсгэрээ Эврот голын эргээс түүсэн модноос нүцгэн гараараа бэлтгэдэг байв. Өвөл “зарааны хөл” хэмээх ургамлаар хийсэн хувцсыг доод хэсгээ халхлах зорилгоор өмсөнө. Энэ ургамлыг дулаацуулах чанартайг нь тооцон дэвсгэртээ мөн адил зулна. Хүүхэд наснаасаа өнгөрөөд жил болсон залуусыг “иренүүд” хэмээн нэрлэх ба 20 настай ирен өөрийн удирдлагад байгаа багачуудыг удирдан бүхнийг бэлтгэнэ. Арай томхон хөвгүүдээр түлээ мод бэлтгүүлж, багачуудаар хүнсний ногоо бэлтгүүлнэ.
Үргэлжлэл бий...

Бичсэн: EDUCATION | цаг: 10:20 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1777097 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax