1.3. Эллинизмийн үе (МЭӨ 3-1 он)
Македоны Александр нас барсан үеэс (МЭӨ 323 он) эхлэн эртний Грек Римийн эзэнт улсын мэдэлд орох хүртэлх үеийг эллинизмийн үе хэмээн нэрлэдэг. Энэ үеийн хүмүүжлийн үндсэн үзэл баримтлал бие даасан, хэнээс ч үл хамаарах, хүчтэй цэцэн мэргэн бие хүнийг төлөвшүүлэх явдал байв. Энэ үед сургалтын төрийн байгууллагууд Грект олноор байгуулагдах болжээ. Чөлөөт иргэдэд зориулагдсан энгийн боловсролыг 7-12 насны хүүхдүүд эзэмшинэ. Илүү гүнзгий сургалтыг утга зохиол, яруу найргын урлаг судлах хэлний сургуулиудад олдог байв. Гимнасид хичээл гол төлөв утга зохиол, философ, хөгжмийн тухай ярилцлага өрнүүлж, газар зүй, математик, илтгэх урлагт сургаж байв.
Демокритийн атомист үзлийг үргэлжлүүлэгч, мэдрэхүйд мэдрэгдсэн зүйлс үнэн бөгөөд танин мэдэхүй дэх буруу тайлбарууд алдаанд хүргэдэг хэмээн үздэг сенсуалист үзлийг үндэслэгчдийн нэг. Сургалтын зорилго нь хүнийг зөвөөр сэтгэхэд оршино хэмээн үзсэн. Хүн хувь заяаныхаа тоглоом бус харин хувь заяагаа өөрөө шийдэгч юм. Ингэхэд түүнд болж буй үйл явцын хуулиудын мэдлэг туслах ба түүний үндсэн дээр тэрээр хийж буй үйлийнхээ зорилгыг чөлөөтэй сонгож, амьдралаа зөвөөр зохицуулдаг. Зайлшгүй нөхцөлийн хүрээнд хүн эрх чөлөө, аз жаргалд хүрэх замаа олно. Байгалийн хуульд захирагдаж, аливаа шаардлага зохистой бол түүнийг биелүүлж, хортой бол эрс шийдэмгий дарахад хүүхдийг сургах ёстой хэмээн үзжээ. Хүний аз жаргалын шалгуур бол сэтгэл ханамжийн мэдрэмж бөгөөд сэтгэл ханамж буй болгох нь сайн үйл юм. Харин зовлон зүдгүүр бий болох нь муу үйл ажээ. “Сэтгэл баясал бол эцсийн зорилго хэмээн ярихдаа бид мэдрэмжээсээ олж авсан баясалыг ярьж байгаа бус харин бие бялдрын зовлон, сэтгэлийн шаналалаас чөлөөлөгдөж буйг ойлгодог” хэмээн тэр өгүүлсэн байна. Аз жаргал, эрх чөлөөнд танин мэдэхүйгээр дамжин хүрнэ. Түүний сурагчид сургуульдаа гүн ухаан судалж, түүнээсээ асар их таашаал авч байжээ. Учир нь түүний сургаал нийгмийн гишүүн болох хүнд хандах шинэ хандлагад үндэслэж байв.
2. Эртний Рим
2.1. Эртний Рим дэх сургалт, хүмүүжлийн тогтолцоо
Римийн төрт ёс тогтнож байсан эхний 2 зуунд боловсролын ямар тогтолцоо оршиж байсан талаар мэдээ түүхэнд үлдээгүй байна. Сургууль, сургалтын тухай анхны мэдээ МЭӨ 449 оны үед хамаарах бөгөөд залуу Вергиний өдөр бүр асрагчаа дагуулан сургуульд явж байсан тухай тэмдэглэгдэн үлджээ. Камилла хааны үед Италийн жижиг хотуудад баян иргэдийн хүүхдүүд суралцдаг сургууль ажиллаж байсан байна.
Тухайн үеийн римчүүдийн хүмүүжлийн тухай төсөөллийг өөрийн хүүг Катон хэрхэн хүмүүжүүлж байсан тухай өгүүлсэн Плутархийн зохиолуудаас олж үзэж болно. Катонд мэдлэг боловсролтой боол байсан бөгөөд тэрээр хүүхдүүдийг сургах үүрэгтэй байсан боловч Катон түүнд өөрийн хүүгээ сургах ажиллагааг итгэж өгөөгүй байна. Тэрээр хүүгээ хүмүүжүүлэх ажлыг өөртөө хүлээж, түүнийг бичиг үсэг, эрх зүйд сурган биеийн тамираар хичээллүүлж байжээ. Тэрээр хүүдээ зориулж олон дэвтэр дүүрэн зүйл бичжээ. Гэхдээ өөрийн үлгэр жишээгээр гүнзгий нөлөөлж байв. Тэр жишээнд нь морь унах, зэвсэг хэрэглэх, тэмцэх, гол хэрхэн гатлах, халуу, хүйтнийг хэрхэн тэсвэрлэх зэрэг орж байсан нь жинхэнэ рим хүн болон төлөвшихөд шууд нөлөөлж байв. Хүмүүжлийн ийм практик тогтолцоо тэр үеийн язгууртан римчүүдэд түгээмэл байжээ. Хэрэв тухайн хүүхэд эцэггүй байсан ч хүмүүжүүлж, чиглүүлэх ахмад насны хэн нэгэн заавал олдоно. Хөвгүүд эцгийн бүрэн хяналтан дор өсөж, торнино.
Марк Туллий Цицерон (МЭӨ 106-43 он)
Уран илтгэгч, улс төрийн зүтгэлтэн, гүн ухаанч, сурган хүмүүжүүлэгч. Илтгэх урлагийн тухай сурах бичиг бичсэн. “Илтгэх урлагийн тухайд” товхимолдоо сургалтын явцад боловсрогдсон хурц ухаантай бүх талаар боловсорсон гүн ухаантан-илтгэгчийн төгс дүрийн тухай зураглан үзүүлжээ. Хүмүүжлийн чин зорилго бол төгс илтгэгч, үгийг урлан бүтээгч, нийгмийн зүтгэлтэнг төлөвшүүлэх явдал гэж үзсэн. Хүний мөн чанарыг “хүнлэг энэрэнгүй чанар” гэсэн ойлголтоор тодорхойлсон. Төгс хүн болохын тулд тасралтгүй боловсрол эзэмшиж, өөрийгөө хөгжүүлж, нийтийн соёлыг эзэмших ёстой. Төгс бие хүний шинжид эвсэл, мэдрэмж, эр зориг, дөлгөөн чанар, ухаалаг оюун, шударга ёс, нөхөрсөг шинж, нийгэмд үйлчлэх хүслийг оруулсан ба хүний гол дутагдал бол эгоизм гэж үзжээ.
Хүүхдийн цэвэр ариун сэтгэл, гэмгүй занг гутаасан үйлдэл хатуу цээрлэл хүлээж байв. Тухайлбал, хянагчийн үүрэг гүйцэтгэж байсан Катон өдрийн цагаар олон хүний дэргэд охиныхоо хажууд эхнэрээ үнссэн хэмээн Манлийг сенатаас хөөж байв. Мөн ямар нэг баяр ёслолын арга хэмжээний төгсгөлд агуу их хүмүүсийг магтсан дууг нийтээрээ дуулдаг ба үүнд хүүхдүүд олноор оролцоно. Энэ нь эрүүл чийрэг биетэй, хатуу чанд зантай, сахилга баттай, хуулийг сохроор дагаж мөрддөг болгон хүмүүжүүлэх нэг арга байжээ. Ийм иргэдтэй байсан Рим асар хүчирхэгжиж, хүнд бэрх цагт ч римчүүд зовлонг нэр төртэйгээр даван гарч чаджээ. Тухайлбал Пунийн хоёрдугаар дайн римчүүдэд асар их гай, зовлон авчирсан боловч, энэ нь римчүүдийн сэтгэлийн хатыг улам бүр чангалж өгсөн байна.
Гэхдээ хүмүүжлийн ийм тогтолцоо бас өөрийн гэх сул талыг ч харуулжээ. Практик сонирхол амьдралын цорын ганц чиглүүлэгч дүрэм болсоноор оюун санааны сэтгэл ханамжийн нарийн мэдрэмж тогтоох хүний нинжин сэтгэлийн төлөвшилтөд төдийлөн нөлөө үзүүлсэнгүй. Үүний үр дүнд Римийн ном зохиолд гардагчлан дахин үйлчлэх аргагүй болтолоо хөгширсөн боолоо зарахаар шийдсэн Катон, юу ч бодолгүйгээр урлагийн үнэт бүтээлүүдийг Коринфэд шатааж буй Муммийн дүр жинхэнэ рим хүний шинж болон тогтсон байна. Гэсэн хэдий ч ийм хатуу чанга сэтгэлийн үр хөврөлийн оронд оюун ухааныг дээдэлсэн грекийн хүмүүжлийн нөлөө түрэн орж иржээ.
2.2. Бага боловсрол
Рим дэхь сургуулиудыг schola бус харин ludus хэмээн нэрлэдэг байсан ба ийм маягийн сургууль нээх нь маш энгийн үзэгдэл байв. Хүссэн хүн бүр багш болж гар урчуудын нэг адил гудамжны нэг өнцөгт лангуу тавиад л болно. Энэ тал дээр төр ямар нэг нөлөө огт үзүүлэхгүй. Хүүгийн эцэг хэнд итгэж сургах вэ гэдгийг өөрөө шийднэ. Ийм бага сургуулиудад уншиж, бичиж, тоолж сургадаг байв.
Бага сургуулийн багш ширээ сандалтай байхад л хичээлээ явуулах бололцоотой. Нийгмийн доод анийнхан, боолоос чөлөөлөгдөгсдийн хүүхдүүд Ludi magister хэмээх задгай талбайд хичээллэнэ. Гэр бүлийн хүрээнд litteratus буюу paedagogus хэмээн нэрлэгдэх боол багшилна. Хэлний хичээлд сурагчид хэмнэлтэйгээр хэлэх ёстой хуулийн ишлэлүүдийг цээжээр уншина. Бүр Цицерон хүүхэд ахуй насандаа Арван хоёр хүснэгт хэмээх хуулиас цээжээр уншдаг байв.
Бичиг үсэг римчүүдийн дунд ихэд дэлгэрчээ. Хүүхдийг үе шаттайгаар уншиж сургадаг байв. Хүүхэд эхлээд үсгээ цээжилнэ. Дараа нь түүнийгээ үеэр нийлүүлж сураад бүхэл үг уншиж сурдаг. Эцэст нь өгүүлбэр уншиж сурдаг байна. Бичиж сурахын тулд самбар хэрэглэнэ. Үүнийг хүүхэд гэртээ бэлтгэн авчирдаг байна. Бичиж сургахын тулд хүүхдийн гарыг удирдан бичих буюу эсвэл багшийг яг дууриаж бичиж сургана. Дараа нь хүүхдийг үг, өгүүлбэрийг хуулж бичихэд сургадаг байна. Тоолоход бол нэг дээр нэмэх нэг тэнцүү хоёр гэх жишээгээр чанга дуугаар сургана. Дараа нь хуруугаар, савх модоор үйлдэл хийж сургаад эцэст нь самбар дээр бичүүлж сургадаг. Бага сургуулийн сургалтын ерөнхий дүр төрх эртний Римд иймэрхүү янзаар явагдаж байв.
2.3. Дунд боловсрол
Дунд боловсролын сургалт грамматик хэмээн нэрлэгдэх сургуульд явагдана. Долоон настайдаа бага сургуульд орсон хүүхэд 12-13 насандаа грамматикт шилжин ордог. Грамматикын хичээлийн байр бага сургууль буюу ludus-аа бодвол илүү тансаг байсан байна.
Дунд сургалтын хичээлийн байранд багшийн суух сандал ихээхэн онцлогтой. Сathedra буюу багшийн суух түшлэгтэй сандал өндөр тавцан дээр байрладаг нь ангийг бүхэлд нь харах бололцоог багшид өгдөг. Түүний дэргэд туслах нь суух ба түүний суух сандал буюу sella түшлэггүй бөгөөд шалан дээр байрлана.
Үргэлжлэл бий...