2010-12-16
Гоц авьяастан болох уу?

Гоц авьяастан болох уу?

Хүн бүрт онцгой чадварууд заяагдсан байдаг. Харин энэ сод авьяасаа илрүүлэх нь л чухал. Хүүхдийнхээ авьяас чадварыг хөгжүүлэхийнтулд яах ёстой вэ гэж үү?
Хамгийн түрүүнд хүүхдээ номтой нөхөрлүүлэх нь зүй, мэдээж энэ нь оюун ухааныг нь задалж өгнө. Санаа оноогоо цэгцтэй болгож цаасанд буулгахын тулд өнгө ашиглан ажилладаг болгох хэрэгтэй. Спорт сэтгэн бодох чадварыг дээшлүүлдэг тул биеийн тамирт анхаарах ёстой. Тамирчид гагц биеийн хар хүчээр бус ухаанаараа ялалт байгуулдаг. Эрүүл хоололтонд анхаарах учир нь „муу хоол“ нь „муу тархийг“ л төрүүлдэг байна. Бүтээлч тоглоом хүний тархийг сэргээж байдаг бол уйтгарлаж суух нь тархийг “унтуулдаг” байна. Ийм амархан уу гэж үү?
Бичгийн хавчаар аваад та түүнийг юунд хэрэглэж болох болон юунд хэрэггүй болохыг жагсааж бичээд үзээрэй. Мэдээж болохгүй нь л уртхан жагсаалт гарна. Харин нарийн сайн нягтлаад үзвэл энэ бол эндүүрэл байж гэж санагдах ч юм билүү. Сансарт нисэхэд бичгийн хавчаар хэрэггүй мэт санагдаж болно. Гэтэл түүнийг бусад хаягдал металлтай хамт хайлуулаад пуужин хийхэд ашиглачихаж болно шүү дээ! Компьютерийн эд ангид ч ашиглагдана, таны хувцасны цахилгаан ч болж болох, усанд сойж байж зэвийг нь уусгаад ууж ч болох юм, ер нь л энэ маягаар нарийн шалгаад байвал болохгүй гэсэн жагсаалт нилээд богиносно. Үүнийг олж тогтооход сод ухаан гэхээсээ илүүтэй зүгээр л жаахан өөр өнцгөөс буюу асуудлыг нилээд олон талаас нь харахад л ойлгомжтой. Харин ингэж бүтээлч хандаж чадах уу гэдэгт л асуудлын гол нь байгаа.
Хэн ямар хүн болох вэ гэдэг нь мэдээж тэр юуг чадах вэ, юуг хийж дөнгөх бол гэсэнтэй л утга нэг асуулт. Авьяастай эсвэл билиг төгөлдөр нэгэн болох эсэх нь тухайн хүүхдийн байр сууриас ихээхэн хамаардаг. Эцэг эх нь эсвэл багшийнх нь хүсээд байгаа чухам тэр чадвар л дутагдсанаас болоод олон хүүхэд авьяас чадваргүйгээрээ дуудуулдаг. Авьяас чадвар бол хувь заяа биш, түүнийг эзэмшиж авч болдог зүйл гэдгийг Мажаарын багш Лөсцли Полгөр харуулсан байдаг. 70-аад оны үеэр тэр нилээд хэл ам дагуулсан туршилт хийсэн юм. Тэрээр гурван охиндоо өөрөө хичээл зааж, тэднийг шатарчин болгохоор багаас нь сургаж эхэлжээ. Энэ туршилт амжилттай болж, гурван охин нь сайн шатарчид болсон ба Юдит охин нь 15 насандаа шатрын Их мастер болж өнөө ч дэлхийн эмэгтэй шатарчдын жагсаалтыг тэргүүлсээр байгаа.

Онцгойлон сургахгүйгээр ч ердийн хүмүүс ажил төрлийн онцлогоосоо шалтгаалж онцгой чадварыг эзэмшдэг. Компьютер нэвтрээгүй тэр цагт 09 лавлах утас уруу залгахад тэд түгдрэлгүй л хэрэгтэй утасны дугаарыг хэлээд өгдөг байсан биз дээ. Өчнөөн их бараатай дэлгүүрийн худалдагчид цаас барьчихсан үнэ харах гээд суудаггүй шүү дээ. Ажлын шаардлагаар авьяас нь илэрсэн төрөлхийн авьяастнууд уу эсвэл ерөөсөө сод ухаантнууд уу?
Сод авьяаст суралцаж болох уу?
Агуу сод ухаантнуудын намтрыг уншихаар тэд бурхнаас заяагдсан хүмүүс бус харин ердийн л хүн гэдэг нь ажиглагддаг . Агуу А.Моцарт (1756-1791) бол төрөлхийн хөгжмийн сод авьяастан байсан гэж дараах шалтгаануудыг тоочих нь бий. Тэр ердөө л дөрвөн настайгаасаа хөгжим зохиож эхэлсэн. 6-7 насандаа хийл, цембала хөгжмүүдийг бүрэн эзэмшиж аав болон эгч нартайгаа хамт Европоор аялан концерт тоглодог байв. Төсөөлөхийн аргагүй хөгжмийн ой тогтоолттой байсан тул нэг сонссон хөгжмийн бүтээлийг цээжээр нотолж бичиж чаддаг байсан гэдэг. Гэхдээ Моцартын анхны бүтээлүүд тийм ч сайн байгаагүй, магадгүй эцэг нь тусалж тоглох явцдаа сайжруулдаг байсан байх. Хүүхэд насандаа хөгжим зохиохдоо тухайлбал төгөлдөр хуурын эхний долоон концерт нь голдуу бусад уран бүтээлчдийн бүтээлээр хийсэн найруулга байдаг ажээ. Гайхамшигт бүтээл гэж хүлээн зөвшөөрөгдсөн өөрөөр хэлбэл “жинхэнэ Моцартын” анхны бүтээл бол төгөлдөр хуурын 9-р концерт бөгөөд түүнийг зохиохдоо 21 настай байжээ.
Амжилтын үндэс шохоорхол
Моцарт болон эгчийнх нь хөгжмийн их авьяасыг төрөлхийн гэхээсээ илүүтэй дасгал сургуулийн үрээр гэж харах нь зөв юм. Тэр ерөөсөө хөгжмийн орчинд л төрж өссөн. Гурван настайгаас нь эхлэн аав нь хүүхдүүдтэйгээ өдөр бүр дунджаар 3 цагаар хичээллэсэн гэж үзвэл түүнийг зургаан нас хүрэхэд энэ нь нийтдээ 3500 цаг хичээллэсэн болж байна. Өнөөгийн хөгжмийн ертөнцөд нилээд сайн уран сайханч болохын тулд мөн ийм хэмжээний цаг зарцуулах хэрэгтэй болдог гэдэг. Байнгын дасгал сургууль хийсээр хөгжмийн нотнууд цээжилчихсэн түүнд үүндээ тулгуурлаад томоохон хөгжмийн бүтээлийг тогтоож авахад нэг их гайхаад байх зүйл биш л дээ.  


Энэ мэтчилэнгээр сод авьяастнуудыг ажиглаад байхаар тэд ерөөсөө төрөлхийн их авьяастай байжээ гэхээр нотолгоо харагддаггүй. Харин тэдний шохоорхол, ул суурьтай сонирхол ялангуяа төмөр мэт тэсвэр хатуужил л үүнд хүргэсэн байдаг.  
Механикийн хуулиудыг нээсэн агуу эрдэмтэн Исаак Ньютон тухайн үеийн геометрийн гол номыг ойлгож авах гэж тээрмийн илжиг шиг зүтгэсэн гэдэг яриа байдаг. Нэг зүйлийг ойлгохгүй байвал буцаад л өмнөх хуудсуудыг судалж, эхнээс нь эхлэн бүхнийг үнэхээр яс ойлгож автлаа зүтгэдэг байжээ. Аваргуудын мөрөн дээр гарч зогсож чадсандаа л илүү хол харж чадсан гэж тэрээр өөрөө хожим тодорхойлсон байдаг. Түүний өмнөх эрдэмтдийн мэдлэгийг эзэмшихийн тулд Ньютон үнэхээр их хөдөлмөрлөсөн, мэдлэгийн оройд гарч цааш харах гэсэн түүний эрмэлзэл л үнэндээ жинхэнэ амжилт нь байжээ.  

Заримдаа нугаршгүй их хүсэл болон эрс шийдмэг байдал нь өөрийн зорилго болон тавигддаг энэхүү сониуч зан бол хүний нэг онцлог шинж юм. Сод ухаантан байх нь нилээд тохиолдолд нийгэмд ноёлж буй үзэл бодолтой зөрчилдөж, үүнийхээ үрийг амсах нь ч байдаг. Нийгэм маань шинэ үзэл бодлыг хэрхэн хүлээж авахаас шалтгаалж сод авьяас нь буян заяа гэхээсээ илүүтэй хараал болж хувирах нь ч бий. Тухайлбал агуу Галлейн түүх байна.
Тавьсан зорилгодоо үнэнчээр зүтгэн, цаг наргүй бодолдоо дарагдан ажилласаар гэр бүл, хувийн амьдралаа золионд гаргадаг хүн ч байдаг.

IQ өндөртэй байх нь амжилтын баталгаа бишээ. Харин ч эсрэгээрээ буюу хэт их оюунлаг байх нь амьдралд хөл алдахад ч хүргэж болдог. Оюун ухаан маш олон генээс хамааралтай байдаг. IQ нь нэг талаас генээс хамаарах боловч нөгөө талаас орчноос хамаардаг. Тэгэхлээр хагас нь угаасаа төрмөл юм бол би яаж ч чардайгаад тодорхой түвшнээс илүү гарч чадахгүй гэж үү?

Сод авьяастнууд тэр бүр IQ өндөртэй байдаггүй
Амьдралд амжилт олохын тулд хүсэл зориг, олон нийттэй харьцах чадвар мэтийн бие хүний төлөвшлийн чухал чанарууд хэрэгтэй, IQ бол нэг л чанар төдий юм. Сайн эсвэл муу гентэй гэхээсээ илүү хүн бүр өөрөө хичээн зүтгэж өмнөх үеийнхний мөрөн дээр гарах л чухал юм.
Нэртэй уран бүтээлчид, шатарчид, эрдэмтэд, хөгжимчид ихэвчлэн дунджаас дээгүүр IQ-тэй өөрөөр хэлбэл 115- 130 байдаг. Гэтэл энэ бол тийм ч гайхмаар амжилт биш, ерөөсөө хүн амын 14 % нь ийм үзүүлэлттэй байдаг ажээ. Сод ухаантнууд тэр бүр өндөр IQ эзэмшдэггүй байх юм.
Нью-Йоркийн Hunter-College нь IQ нь 130 онооноос дээш хүүхдийг л элсүүлж авдаг. Хүн амын хоёроос илүүгүй хувь нь л ийм үзүүлэлттэй байдаг ба тус сургууль дээр хийсэн судалгаагаар суралцагсадын дундаж IQ нь 157 гэж гарчээ. 5000 хүнээс нэг нь л ийм амжилт гаргадаг гэхээр үнэхээр гайхмаар боловч одоогоор энэ сургуулийг төгсөгчид онцгой содон зүйл бүтээгээгүй л байгаа гэдэг.

Тухайн нийгмийн хөгжлөөс хамаараад хүний чадварыг үнэлэх шалгуур үзүүлэлтүүд ч өөр. Амазоны ширэнгэн ойн индианчууд хэдэн мянган амьтан, ургамлыг таньж, хэрэгтэй хэрэггүйгээр нь ялгаж чадна, далайн мандлыг ажигласан полинез эр усан доогуурхи урсгалыг тодорхойлж чадна, монгол малчин ангийн мөрийг хараад хэзээ хаашаа явсныг нь хэлж, хаана тосохыг ч зааж өгч, цас орохоос өмнө амжих эсэхийг нь ч хэлээд л өгнө. Бидний шүтэн биширдэг соёлт ертөнцийнхөн бол энд бүгд бүдэрнэ. Тэгэхлээр хүрээлэн буй орчин бол бидэнд харилцан адилгүй шаардлага тавьж байдаг. 0, 3, 8 гэсэн тооны ард 15 гэж бичнэ гэдгийг олон газрын уугуул иргэд ойлгох ч үгүй гэвч бушменүүдийн нумны зэвэнд хэрэглэгддэг хорын эсрэг эм соёлт хүн төрөлхтөн бүтээж чадаагүй л байгаа.

Сурч сурч эцэст нь нэг амжилт гаргах үе гэж байх ёстой ёо доо. Тамирчид хорь дундаас гуч хүртэл насандаа, эрдэмтэд, уран бүтээлчид, шатарчид, хөгжимчид болохоор гуч дундаас 40 хүртэл насандаа амжилт гаргадаг нь ажиглагдсан байна.
Авьяас чадвар бол бурхны хишиг биш хөдөлмөрийн үр дүн гэдэг нь олон зүйлээр илрэх боллоо. Урьд нь сод авьяастнууд л хүрч чаддаг байсан олон амжилт (ялангуяа спортод тод харагддаг) одоо ердийн хүмүүс хүрч чаддаг энгийн л зүйлс болсон байх нь олонтаа. Хүмүүсийн ген тэгтлээ өөрчлөгдчихөөгүй л байгаа юм чинь.

Ц.Даланцагаан

Бичсэн: EDUCATION | цаг: 20:14 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1730576 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax