2010-12-17
ЦАГ ХУГАЦААГААР АЯЛАГЧИД БУЮУ БОДИТ БАРИМТ

Европын нэгэн хуучны сударт тэмдэглэснээр тосгоны нэг оршин суугч “гэнэт л хар нүх рүү яваад орчихсон. Тэнд бүх юм өөр. Би аймшигтай хурдлах төмөр могой харсан” хэмээн ярьсан тухай тэмдэглэгдсэн байдаг. Төмөр могой гэдэг нь галт тэргийг хэлсэн бололтой.“Хар нүх” хэмээн нэрлэгддэг орон зайн цоорхойгоор хүмүүс ирээдүй рүү аялсан нь үнэн эсэхийг эцэслэн нотлоогүй ч ор тас үгүйсгэж чаддаггүй. Ингээд сонирхолтой олон тохиолдлуудаас түүвэрлэн хүргэхээр шийдлээ. Итгэх эсэн нь таны хэрэг.

Арав гаруй жил ой санамжаа алдсан уу? Эсвэл…

Тиррений тэнгист Германы жуулчид жилийн турш очиж амардаг Искья хэмээх арал байдаг. Тэнд маш амгалан тайван, цаг хугацаа удаан өнгөрдөг газар. Гэхдээ тус арал дээр хачирхалтай тохиолдлууд цөөнгүй гардаг байна. 1997 оны наймдугаар сард 25 настай, хамаг хувцас нь халтардаж, шарх сорви болсон Райнер гэх залуу “Посейдоны цэцэрлэг”-т хүрээлэнд очжээ. Тэрбээр тэндхийн ажилтанд мотоциклоосоо унаж гэмтсэн мөн тархиндаа гэмтэл авсаны улмаас хаана байгаа гэдгээ сайн мэдэхгүй байна хэмээн өгүүлсэн байна. Ажилтан эмч дуудаж, эмч ирээд Райнерт тариа хийн эмнэлэг рүү явуулжээ. Эмнэлэгт очсоныхоо дараа өдөр нь түүний бие сайжирч, өөрийн овог мөн буудалласан зочид буудлынхаа тухай эмч нарт ярьсан байна. Хачирхалтай нь залуугийн буудаллаж байсан гэх буудал руу залгахад бүртгэлд ямар ч Райнер байгаагүй гэнэ. Харин цагдаагийнхан 1981 онд тус буудалд үнэхээр Райнер хэмээх овогтой Герман жуулчин буудаллаж байгаад дараа нь оньсого мэт гэнэт алга болсон тухай олж мэдсэн байна. Тухайн үед түүнийг эрэн сурвалжилах ажлыг эхлүүлсэн ч олдоогүй тул тэнгист живсэн гэсэн дүгнэлтэнд хүрч байжээ. Харин гэр бүлийнхэн нь Райнерыг нас барсанд тооцож байжээ. Ийнхүү олон жилийн өмнө үхсэнд тооцогдсон Райнерыг ах нь ирж авсан бөгөөд харин өнгөрсөн хугацаанд тэр хаана байсан нь оньсого хэвээр үлдсэн аж.

Тэнгэрт болсон гайхалтай Явдал

1961 онд Охаёо мужид Америкийн нисэгч нислэг үйлдэж байжээ. Тэр үед цаг агаар их таагүй, үүлэн завсраар туссан нарны гэрэл нисэгчийн нүдийг сохлох шахаж байж. Нисэгч гэнэт маш ойрхон өөр нэгэн онгоц нисч явахыг олж харсан байна. Гайхамшгийн хүчээр мөргөлдөхгүй өнгөрч чадсан ч онгоцныхоо далавчаар нөгөө онгоцны их биеийг шүргэж орхижээ. Газардсаныхаа дараа нисэгч рапортондоо дэлхийн II дайны үеийнхтэй адил нисэх аппараттай мөргөлдөх шахсан тухайгаа бичжээ. Түүний дүрсэлснээр мөргөлдөх шахсан онгоц нь дайны үеийн онгоцтой адил, нэг хүний суудалтай, том далавчтай, онгорхой кабинд нь савхин хүрэм, том шил зүүсэн нисэгч байсан аж. Энэ явдлыг сонссон нислэгийн аюулгүй байдлыг хариуцсан офицерууд тухайн онгоц нь түүхэн кино авахад зориулан хуулбарлан бүтээсэн онгоц байсан гэж үзжээ. Гэтэл хэдэн сарын дараа нэгэн нислэгийн буудал дээрээс рапортонд дурьдсан онгоцтой маш адилхан онгоц олдсон байна. Шинжээчид энэ онгоцыг маш хуучных, нисэх боломжгүй, тийм учраас өнгөрөгч зуны хэрэг явдалд огтхон ч хамаагүй гэсэн дүгнэлтийг гаргаж. Эл явдал үүгээр дууссангүй. Олдсон онгоцны сэгээс хуучин бүртгэлийн дэвтэр олджээ. Дэвтэр дээр 1911 онд бичигдсэн тэмдэглэгээ байсан байна. Сүүлийн нислэгийнхээ үеэр уг онгоц маш хурдтай нисч байсан “сонин хийцтэй мөнгөлөг онгоцтой арай л мөргөлдчихөөгүй , далавчаараа шүргээд өнгөрсөн” хэмээн бичсэн байжээ. Үнэхээр онгоцны бүхээг дээр далавчаар шүргэсний ул мөр болсон зураас, будаг ховхорсон байхыг илрүүлсэн, түүнчлэн тэндээс хөнгөн цагааны үлдэц олсон нь орчин үеийн онгоцны хийцэд ордог найрлагатай яв цав таарч байсан гэнэ. Тэгэхээр дайны үеийн нисэгч 50 жилийн дараах үед очин нислэг хийсэн үү, эсвэл 60-аад оны нисэгч өнгөрсөн үед очсон уу гэдэг нь тодорхойгүй хэвээр үлдэж байна.

ЧӨтгӨр шҮгэлсэн хҮҮ

1995 оны эхээр Хятадын нэгэн хотод хачин хувцастай хүү гэнэт гарч иржээ. Тэрбээр сонин аялгаар ярьж, 1695 онд амьдардаг хэмээн цагдаагийнханд ярьсан байна. Мэдээж түүнийг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлэв. Тэнд түүнийг олон талаар шалгаж үзсэний эцэст эрүүл гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Харин 1996 оны эхээр хүү гэнэт алга болжээ. Тэр үед хүүгийн хэлснээр XVII зуунд амьдарч байсан гэх сүмээс хайхад хуучин бүртгэлийн дэвтэр олджээ. Тэнд сүмд амьдардаг хүү 1695 онд гэнэт алга болоод жилийн дараа ирэхдээ XX зууны хүмүүс хэрхэн амьдардаг талаар ярьж эхэлсэн гэнэ. Тухайн үед хүүд “чөтгөр шүгэлсэн” үзэж байжээ.

Хальсан дээр Үлдсэн баримт

Саяхан YouTube цахим хуудсан дээр хачирхалтай кадруудыг тавьжээ. Тодруулбал 1928 онд Лос-Анжелосын Манна хэмээх кинотеатрын өмнө авсан дүрсүүд. Тухайн үед Чарли Чаплины алдарт “Цирк” хэмээх киноны зураг авалт болж байжээ. Циркийг дүрслэхийн сацуу, театрын үүдэнд тахины баримал байх аж. Харин эсрэг талд нь оператор зогсон хачирхалтай дүрсийг хальсандаа буулгажээ. Театрын хаалга болон тахины хооронд банзал, туфль өмссөн эмэгтэй харагдана. Гэхдээ толгой хэсгийг нь харахад арай өөр сэтгэгдэл төрөхөөр. Хачин малгайны доороос эрэгтэй хүнийх л баймаар том хамар цухуйна. Энэ дүрсийг харсан хүмүүс настай эмэгтэй, эмгэн явж байна гэж бодох нь мэдээж.
Гэхдээ хальсанд мөнхөрсөн энэ хүн эмээ байна уу, эсвэл эмэгтэй хувцас өмссөн эрэгтэй хүн үү гэдэг нь гол биш. Түүний зүүн гарт байгаа зүйл л анхаарал татаж байгаа юм. Хэрвээ энэхүү оньсого мэт эмэгтэй өнөө үед амьдарч байсан бол хэн ч харсан түүнийг гар утсаар ярьж байна гэдэгт эргэлзэхгүй. Киноны энэ хэсэг дээр үлдсэн эмэгтэй хэн нэгэнтэй ярьж, нүүрний хөдөлгөөн гаргаж байсан байгаа юм. Өөрөөр хэлэл хүмүүс гар утсаараа гудамжинд ярихдаа ямар хөдөлгөөн хийдэг яг түүнийг хийж байжээ.

Киноны энэ гайхалтай хэсгийг “YouTube” цахим хуудсанд тавьсан Кларк хэмээгч эр Британийн “The Daily Mall” сонинд өгсөн ярилцлагандаа “Надад ганцхан хувилбар бий. Маш энгийн. Цаг хугацаагаар аялсан эмэгтэй гар утсаар ярьж байна. Өөрсдөө хар л даа” хэмээн өгүүлжээ. Кларк хачирхалтай кадруудыг жил гаран судалсан гэдгээ мэдэгдээд эцсийн бүлэгт эмэгтэй чихэндээ гар утас барьсан байна гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Түүгээр ч зогсохгүй танилууддаа үзүүлэхэд бүгд эмэгтэй чихэндээ гар утас барьсан гэдэгтэй санал нийлжээ. Мэдээж тэр үнэхээр цаг хугацаагаараа аялагч байсан гэдэгт шинжээчид эргэлзэж байгаа ч 1928 онд гар утас байгаагүй гэдгийг баталж байгаа юм. Чихэндээ нааж бариад ярьдаг одоогийн гар утастай төстэй аппарат дөнгөж 1940 онд бий болсон гэдэг. Тухайн үед Моторолла компани анхны гар утсыг гаргасан ч тэр нь одоогийнхтой огт адилгүй, алганд багтахааргүй том байсан юм. Хальснаас харахад хэд хэдэн хувилбар толгойд бууж байна. Нэгдүгээрт, кинонд дүрслэгдсэн эмэгтэй үнэхээр явж байхдаа өөрөө өөртэйгээ ярьж, нэг гараараа чихээ халхалдаг. Магадгүй тэр зураг авч байсан оператороос нууцалсан бололтой.

Өөр нэгэн хувилбар нь хальсыг YouTube цахим хуудсанд тавьсан Кларк гэгч энэ зургийг өөрөө хийсэн, шуугиан тарих гэж. Гэхдээ л эмэгтэй утсаар ярьж байна гэж үзвэл тэр хэнтэй ярьж байгаа вэ гэсэн асуулт гарч ирнэ. Тэр үнэхээр гар утсаар ярьж байгаа бол өөр нэгэн цаг хугацааны аялагч гар утастай тухайн үед очсон гэсэн үг. Ийнхүү хоёр хүн хоорондоо гар утсаар холбогдохын тулд үүрэн телефоны станцтай байх ёстой. Чарли Чаплины үед үүрэн холбооны станц байтугай телефон утас өргөн дэлгэрч амжаагүй байсан. Тэгэхээр кино хальсан дээр байгаа гар утсаар ярьж буй эмэгтэйн дүрс хаанаасаа гараад ирэв гэдэг асуулт мөн л тайлбаргүй үлдэж байна.

Гайхмаар гэрэл зургууд

Энэ оны хавар Канадын Bralone Pioneer Museum нэртэй музейн хэд хэдэн зураг интернэтэд тавигдаж байсан. Тэдгээрээс нэг нь олны анхаарлыг ихэд татаж, маргаан үүсгэсэн. Өөрөөр хэлбэл 1941 онд болсон гүүрний нээлтийн үйл явдлыг буулгасан гэрэл зураг. Цугласан олны дунд нэг залуу зогсоно. Тэр залуу л өвөрмөц төрх байдлаараа олны анхаарлыг татаж орхисон юм. Түүнийг харсан хүмүүс ирээдүйгээс ирсэн хүн гэж үзэж байлаа. Залуугийн үс засалт тухайн үеийнхээс огт өөр, мөн хэвлэмэл эмблем бүхий футболка, загвар сайтай цамц мөн XXI зууны загварын нарны шил зүүжээ. Мэдээж 70 жилийн өмнө Канадад тийм загвараар хувцасладаг залуус байгаагүй. Гайхал төрүүлсэн уг гэрэл зургийг шинжээчид үзээд жинхэнэ эх зураг, ямар ч хуулбарлаж засварласан зүйлгүй гэсэн дүгнэлтэнд хүрсэн юм. Өөрөөр хэлбэл “ирээдүйгээс ирсэн залуу” үнэхээр гэрэл зураг авах үед хүмүүсийн дунд байсан гэсэн үг. Тэр залуугийн өөр нэг гайхал татаж байгаа зүйл нь гэрэл зургийн аппарат. 1941 онд “Кодак” компани гэрэл зургийн аппарат гаргаж байсан хэдий ч одоогийнхтой адилхан авсаархан биш, гармошкоор нээж хаагддаг төхөөрөмж байв. Нарны шилний тухайд 70 жилийн өмнө хүмүүс ийм шил бараг зүүдэггүй байсан. Зүүдэг байсан ч зураг дээрхээс огт өөрийг… Гэхдээ мэргэжилтнүүд 30-аад оны сүүлээр уулчид ийм төрлийн шил зүүдэг байсан хэмээн баталж байгаа. Бас нэг эргэлзээ төрүүлж байгаа нь хөвөн даавуун материалаар хийгдсэн, хэвлэмэл эмблемтэй футболка юм. Тухайн үед зөвхөн нэхмэл цамц, хатгаж оёсон эмблем л байдаг байжээ. Эцэст нь дүгнэж хэлэхэд уг гэрэл зургийг харсан хүмүүсийн 60 хувь нь залууг “ирээдүйгээс ирсэн” гэж үзсэн бол 20 хувь нь гайхаад байх зүйл алга гэж өгүүлжээ. Харин үлдсэн хэсэг нь юу гэхээ ч мэдэхгүй байсан байна. Үнэхээр цаг хугацаагаар аялагчид гэж байдаг уу? Хэрвээ байхгүй гэж итгэл төгс хариулж чадах юм бол дээрх бүх тохиолдлуудыг хэрхэн тайлбарлах вэ?

Эх сурвалж: zaluus.cc

Бичсэн: EDUCATION | цаг: 09:55 | Чөлөөт цаг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1737420 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax