2011-01-03
Татвар төлсөн мөнгөө буцааж авах боломж
“Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэгчээр харьяа дүүргийнхээ татварын албанд тайлангаа гаргаж татвараа төлсөн иргэд Хувь хүний орлогын албан татварын шинэчлэгдсэн хуулинд заасны дагуу хөнгөлөлт эдэлж байна. Энэ талаар Нийслэлийн татварын газрын Хувь хүний орлогын албан татварын тасгийн дарга Ц.Сайнбуянтай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Нийслэлийн хэмжээнд хэчнээн иргэн татварын хөнгөлөлт эдэлж байна вэ?

-Өнгөрсөн онд УИХ-аар Хувь хүний орлогын албан татварын тухай хуулинд өөрчлөлт оруулж, татварын хөнгөлөлт эдлэх иргэдэд мөнгийг нь буцаан олгохыг хуульчилж өгсөн. Энэ онд нийслэл, дүүргийн татварын албадаас татварын шинэчлэгдсэн хуулийн дагуу 5303 иргэнд нэг тэрбум 608 сая төгрөгийг буцаан олгохоор болсон юм. Одоогоор 4699 иргэнд нэг тэрбум 403 сая төгрөгийг буцаан олгоод байна. 
 
-Иргэдэд хэзээнээс мөнгө олгож эхэлсэн бэ. Өмнөх жилүүдэд хэчнээн хүн татварын хөнгөлөлт эдлэв?

-2004 оноос эхлэн Хувь хүний орлогын албан татварын хуульд заасны дагуу иргэдэд хөнгөлөлт үзүүлсэн. Энэ жил хөнгөлөлт авсан иргэдийн тоо 3-4 дахин өссөн. 2006 онд 3281 иргэнд нэг тэрбум 405 сая төгрөгийг олгосон бол 2007 оны дүнгээр нийслэлийн хэмжээнд 1717 иргэн татварын хөнгөлөлтөд хамрагдсан байна. Шинэ хуулинд хөнгөлөлт давхар эдэлж болно гэж заасан учраас иргэдийн тоо нэмэгдсэн. Өнгөрсөн тавдугаар сард Сангийн яамнаас мөнгө буцаан олголтыг хэрхэн явуулах талаар журам гаргасан. Энэ журмын дагуу нийслэлийн татварын байцаагч нар дүүргүүдийн татварын хэлтсээс ирсэн материалиудыг нэгтгэн хянаж, шаардлага хангасан хүмүүст хөнгөлөлт олгож байна. Үүнийг Татварын албанаас гадна төрийн сан дээр давхар шалгаж байгаа.

-Ингэхэд ямар шалгуур хангасан хүмүүст татварын хөнгөлөлт үзүүлж байгаа юм бол?

-Хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогыг албан татвар ногдох орлогоос чөлөөлөхөөр хуулинд заасан. Дээрх үзүүлэлтээр орон сууцны татварын хөнгөлөлтийг 1576 иргэн буюу нэг тэрбум 92 сая төгрөгөө буцаан авсан. Өөрөөр хэлбэл нэг хүн гурван сая хүртэлх төгрөгөө авна гэсэн үг. Мөн үр хүүхэд нь гадаад дотоодын их дээд сургуульд суралцаж байгаа бол сургалтын төлбөр төлсөн хэмжээгээр татварын хөнгөлөлт эдэлнэ. Сургалтын төлбөрийн хувьд тухайн иргэн хүүхдийнхээ төлбөрт 800 мянган төгрөг төлсөн бол 80 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ. Хуучин Хүн амын орлогын албан татварын хуулиар бол гадаадад сурч буй хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн нөхцөлд татварын хөнгөлөлтөд хамрагдах боломжгүй байсан. Харин шинэчлэгдсэн хуулиар таван сая төгрөг төлсөн бол 500 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэх жишээтэй. Энэ дагуу 3697 иргэнд сургалтын төлбөр буюу 508 сая төгрөгийг төрийн сангаас өгч байна. Хөнгөлөлт эдэлж буй иргэд харъяа дүүргийнхээ татварын албанд хандаж дансны дугаараа зөв өгсөн бол төрийн сангаас мөнгийг тухайн иргэний дансанд шилжүүлж байгаа. Энэ дашрамд хэлэхэд иргэдийн зүгээс дансныхаа дугаараа буруу бичсэнээс болж цаг алдах тохиолдол цөөнгүй гарч байна.

-Ямар шалгуур хангасан хүмүүс хөнгөлөлт эдэлж байна вэ?

-Тухайн иргэн хоёрдугаар сарын 15-ны дотор татвар төлсөн тайлангаа өөрийн амьдарч байгаа дүүргийнхээ татварын албанд гаргаж өгснийг үндэслэдэг. Нөгөөтэйгүүр иргэд хуурамчаар материал бүрдүүлэх гэдэг. Тиймээс давхар шалгах шаардлага гарч ирж байгаа.

-Сургалтын төлбөрийг төлсөн тохиолдолд тухайн хувь хүнд татварын хөнгөлөлт эдлүүлнэ гэж хуулинд заасныг тайлбарлаж өгөхгүй юу?

-Хувь хүний орлогын албан татварын хуулийн 24.6, 24.7 дугаар зүйлд “Албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн баримтаар нотлогдож буй төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлнэ” гэж заасан. Татварын алба хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлтийн тооцоог хувь хүний орлогын албан татварыг тодорхойлох хуудсаар олгох юм.

Хэрвээ та орон сууцны хөнгөлөлт эдлэхээр бол дараах материалыг бүрдүүлэх юм байна:

-Үл хөдлөх хөрөнгийн газраас тухайн иргэнд олгосон “Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ”

-Тухайн иргэний банк болон санхүүгийн байгууллагатай хийсэн зээлийн гэрээ

-Иргэн хэн нэгэн хувь хүнээс уг орон сууцыг худалдан авсан бол орон сууцаа худалдсан этгээдийн үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны 2 хувийн албан татвар төлсөн баримт.

-Иргэн орон сууцыг өөрийн хөрөнгөөр худалдаж авсан бол уг орон сууцыг худалдаж авсан буюу барьсан хөрөнгийг албан татвар ногдох орлогод оруулан тооцсоныг нотлох баримт 
 
НИЙСЛЭЛ ТАЙМС
Бичсэн: EDUCATION | цаг: 11:38 | news
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1739736 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax