НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийгмийн байгууламж
Нэгдүгээр зүйл: Бүгд Найрамдах Монгол Ард Улс бол эзэрхэг түрэмгий ба феодалын дарлалыг устгасан /малчин, ажилчин, сэхээтэн/ хөдөлмөрчдийн тусгаар тогтносон бөгөөд цаашид нийгэм журамд давшин орохын тулд тус орныг хөрөнгөтний бус замаар хөгжүүлэх явдлыг хангагч улс мөн.
Хоёрдугаар зүйл: Бүгд Найрамдах Монгол Ард Улсын улс төрийн үндэс бол феодалын байгууллыг унагааж ард түмэн, улс төрийн эрхийг байлдан олж, феодалууд /хан ван, гүн тайж, хутагт хувилгаад/-аас өргөн олон ард түмэнд учруулж байсан улс төр, эдийн засгийн дарлал мөлжлөг, эрх ямба болон дур зоргын эзэрхлийг устгасны үрээр өсч бэхэжсэн хөдөлмөрчдийн депутатын /ардын төлөөлөгчдийн/ хурлууд мөн.
Гуравдугаар зүйл. Бүгд Найрамдах Монгол Ард Улсад засгийн бүх эрх хөдөлмөрчдийн депутатын хурлаар уламжлагдан хот, хөдөөгийн хөдөлмөрчдийн мэдэлд байна.
Дөрөвдүгээр зүйл: Бүгд Найрамдах Монгол Ард Улс хөрөнгөтний бус замаар хөгжиж цаашид нийгэм журамд шилжин орох явдал бол Бүгд Найрамдах Монгол Ард Улсын аж ахуй соёл, нийгэмлэгийн аж байдлыг улсын төлөвлөгөөний үндсэн дээр өөрчлөн зохихо явдлын биелэлтээр хангагдах, үүнд тухайлбал:
Ардын хөдөлмөрч аж ахуйг бүхий л аргаар хөгжүүлэн сайжруулахад улсаас тэтгэх, хөдөлмөрчин ардуудын сайн дурын хамтарсан нэгдлүүдэд улсаас туслах хийгээд машинаар өвс хадах, морин станцуудыг хөгжүүлэх, тус улсын дотор мал аж ахуй, аж үйлдвэр, харилцаа холбоо, тээвийг хөгжүүлэх явдлуудаар хангагдана.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ардын аж ахуйн хөгжилт нь нийгмийн баялгийг нэмэгдүүлэх, хөдөлмөрчдийн аж амьдрал, соёл боловсролыг ухралтгүйгээр өрнүүлэх, үндэсний тусгаар тогтносон байдал ба улс орны батлан хамгаалах хүчнийг бэхжүүлэх явдлын тусад тохируулан биелүүлнэ.
Тавдугаар зүйл: Бүх газар, ой мод, ус, тэдгээрийн баялаг, улсын үйлдвэр /фабрик, завод, нийт уурхай, алт боловсруулах явдал/ зэрэг төмөр замын ба ус агаарын тээвэр, холбооны хэрэгсэл, банк, сангийн аж ахуй, мал аж ахуйн машинт станцууд бол улсын өмч буюу ард түмний хөрөнгө мөн.
Зургадугаар зүйл: Ард иргэдээс мал ба хөдөө аж ахуйн багаж зэвсэг хийгээд үйлдвэрлэлийн бусад багаж зэвсэг, түүхий эд, мөн боловсруулсан үйлдэхүүн, орон сууц, хашаа, барилга, гэр хогшил, орлого зэргийг өмчлөх эрх ба түүнчлэн хувийн өмчийг өмчлөх эрхийг хуулиар хамгаална.
Долдугаар зүйл: Хоршоолсон байгууллага, хөдөө аж ахуйн нэгдлийн нийгэмчилсэн тоноглол, хөрөнгө хогшил, мал, багаж, хэрэгсэл, мөн тэдгээрийн боловсруулж байгаа үйлдэхүүн, нийтийн барилга нь эдгээр хоршооллын байгууллага, хөдөө аж ахуйн нэгдлийн нийтийн өмч мөн.
Наймдугаар зүйл: Газар бол улсын өмч буюу нийт ардын хөрөнгө болох тул ард иргэн ба хөдөлмөрчдийн сайн дурын нэгдлүүдэд бэлчээр буюу тариалангийн газрыг төлбөргүйгээр олгоно.
Есдүгээр зүйл: Шударга бөгөөд үнэнчээр хөдөлмөрлөх хөдөлмөр бол Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ардын аж ахуйг хөгжүүлэн, хөдөлмөрчин олны аж байдлыг бэхжүүлэх явдлын үндэс бөгөөд хөдөлмөрийн чадвар бүхий ард нэг бүрийн хүндэт үүрэг мөн болно.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Засаг төрийн байгууламж
Нэгдүгээр зүйл. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын өмнөөс засгийн дээд эрх ба улсын захиргааны дээд газруудын эрхлэх хэрэг нь:
- Олон улсын харилцах явдалд харьяат улсаа төлөөлөх, ба бусад улсуудтай гэрээ байгуулах хийгээд батлах
- Бүгд Найрамдах Монгол Ард Улсын дотоод бодлого ба түүний аж ахуй, соёл боловсролын ажил хэргийг хөгжүүлэх явдлыг ерөнхийлөн удирдах
- Бүгд Найрамдах Монгол Ард Улсын батлан хамгаалах явдлыг байгуулж, Зэвсэгт хүчнийг удирдах хийгээд тусгаар тогтносон байдлыг хадгалах
- Улсын хил хязгаарыг тогтоох ба өөрчлөх
- Байлдах ба найрамдах асуудлууд
- Үндсэн хуулийн биелэлтийг хянах
- Улсын засаг захиргааны хуваарийг тогтоох
- Бүгд Найрамдах Монгол Ард Улсын доторхи яс үндэстнүүдийн улс төр, аж ахуй, соёл боловсролын хөгжилтийг тэдгээрийн үндэсний онцлог байдалтай тохируулан хангах
- Гадаадын худалдааг улсын онц эрх /монополь/ болгон явуулах ба дотоодын худалдааны явдлыг удирдах
- Улсыг аюулгүй байлгах явдал ба ард иргэний эрх ёс журмыг баримтлах
- Улсын ардын аж ахуйн төлөвлөгөөг батлах
- Мөнгө ба зээллэгийн явдлыг удирдах , улсын орлого зарлагын төсвийг батлах, албан татвар хийгээд орлогыг тогтоох
- Улсын банк, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, худалдааны газар, албан газруудыг захирах
- Улсын ба түүнчлэн нийгмийн аюулаас хамгаалах ажлыг байгуулах
- Гадаадтай байгуулах зээллэгээс батлах ба дотоодын зээллэгээг гаргах
- Тээвэр ба холбоо харилцааны газруудыг удирдах
- Тус улсын байгалийн баялгийг хамгаалах ба ашиглах, газар шороо ой мод ус бэлчээр ба түүний баялгийг ашиглах
- Мал аж ахуй ба газар тариаланг хөгжүүлэх ажлыг зохион байгуулж удирдах
- Жин хэмжүүрийн журмыг тогтоох
- Улсын тоо бүртгэл, тайланг зохион байгуулах
- Улсын орон сууц ба нийлсэн аж ахуй болон барилга хийгээд хотын байдлыг сайжруулах зам барилгыг удирдах
- Улс ардын соёл боловсрол, эрүүл мэндийг хамгаалах хэрэг ба шинжлэх ухаан биеийн тамирын байгууллагуудыг удирдах
- Шүүх прокурорын байгууллагуудыг удирдах
- Бүгд Найрамдах Монгол Ард Улсын одон тэмдэг хүндэт үнэмлэх цол шагнах
- Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ард иргэний тухай хууль гаргах
- Өршөөл уучлал үзүүлэх тухай тогтоол гаргах
Арван нэгдүгээр зүйл: Бүгд Найрамдах Монгол Ард Улс бол Төв, Хэнтий, Чойбалсан, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Завхан, Ховд, Хөвсгөл, Булган, Увс, Говь-Алтай, Баян-Өлгий, Сүхбаатар, Дундговь, Баянхонгор аймгууд ба Улаанбаатар хотоор бүрэлдэнэ.
Арван хоёрдугаар зүйл: Бүгд Найрамдах Монгол Ард Улсын аймаг хотууд нь засаг захиргаа нутаг дэвсгэрийн талаар сум, баг, хороо, хорьдоос бүрэлдэнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Улсын Их Хурал
Арван гуравдугаар зүйл: Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн эрхийг барих дээд газар нь Улсын Их Хурал мөн.
Арван дөрөвдүгээр зүйл: Улсын Их Хурлыг 3500 хүн тутмаас нэжгээд депутатаар бодож, сонгуулийн тойргуудаар Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ард иргэд сонгоно.
Арван тавдугаар зүйл: Улсын Их Хурлыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.
Арван зургадугаар зүйл: Улсын Их Хурлаар дангаар эрхлэх хэргүүд нь:
1. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын үндсэн хуулийг батлах ба өөрчлөх
2. Гадаад дотоодын улс төрийн бодлогын талаар үндсэн зарчим ба арга хэмжээнүүдийг тогтоох
3. Бага хурлын гишүүдийг сонгох. /БНМАУ-ын 9-р их хурлын 1949-9-12-ны өдрийн тогтоолоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулан шинэчлэн найруулсан тул энэ зүйл хүчиншгүй болсон/
Арван зургадугаар зүйл: Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа дууссанаас хойш хоёр сарын дотор Улсын Их Хурлын Тэргүүлэгчид улсын шинэ сонгогдох Их Хурлын сонгуулийг зарлан тогтоох болно.
4. Арван долдугаар зүйл: Улсын Их Хурлын завсар Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засгийн дээд эрхийг Улсын Бага Хурал барина. /БНМАУ-ын 9-р их хурлын 1949-9-12-ны өдрийн тогтоолоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулан шинэчлэн найруулсан тул энэ зүйл хүчиншгүй болсон/
Арван долдугаар зүйл: Шинэ сонгогдсон Улсын Их Хурлыг улсын түрүүчийн Их Хурлын тэргүүлэгчид, сонгууль явуулсан өдрөөс хойш хоёр сарын дотор зарлан хуралдуулна.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Бага Хурал ба Бага Хурлын Тэргүүлэгчид
Арван наймдугаар зүйл: Бага хурлыг Их Хурлаас хүн амын 10000 хүн тутмаас нэг гишүүнээр хэмжээ тогтоон 3 жилийн хугацаагаар сонгоно.
Арван есдүгээр зүйл: Бага хурлын эрхлэх хэргүүд нь:
1. Улсын Их Хурлыг зарлан хуралдуулах
2. Сайд нарын зөвлөлийг байгуулах, шинээр байгуулагдсан яамд ба улсын төвийн байгууллагуудыг батлах, өөрчлөх, хэргийг эрхэлнэ.
3. Шалтгаан тохиолдвол Сайд нарын Зөвлөлийн тогтоол ба тушаалыг хүчингүй болгоно.
4. Бага хурлын чөлөө цагт бага хурлын тэргүүлэгчдээс гаргасан хууль дүрмүүдийг батлах
5. Улсын орлого зарлагыг хянах ба батлах
6. Бага хурлын тэргүүлэгчдийн ба Сайд нарын Зөвлөлийн илтгэлүүдийг сонсох ба улс төр, аж ахуй, соёл боловсролын байгууллагуудын асуудлуудыг хянан хэлэлцэх
7. БНМАУ-ын дээд шүүхийг томилох
8. БНМАУ-ын прокурорыг томилох
Хорьдугаар зүйл: Бага хурлын тогтмол хурлыг жилд нэг удаа зарлан хуралдуулна. Тогтмол бус онц бага хурлыг Бага Хурлын Тэргүүлэгчдийн хувийн санаачлагаар ба түүнчлэн бага хурлын гишүүдийн гуравны нэг хувиас доошгүйгийн шаардлагаар зарлан хуралдуулна.
Хорин нэгдүгээр зүйл: Бага хурал нь өдөр тутмын байнгын ажлыг эрхлүүлэхээр өөрийн гишүүдийн дотроос долоон тэргүүлэгчдийг сонгох, үүнд: дарга, даргын орлогч, нарийн бичгийн дарга ба дөрвөн гишүүн байна.
Хорин хоёрдугаар зүйл: Улсын Бага Хурлын Тэргүүлэгчид бол бага хурлын члөө цагт улсын засгийн дээд байгууллага мөн болно.
Хорин гуравдугаар зүйл: Бага Хурлын Тэргүүлэгчид нь:
1/ БНМАУ-ын үндсэн хуулийг ажил хэрэг дээр биелүүлэх, улсын их ба бага хурлын тогтоолуудын гүйцэтгэлд хяналт тавих
2. Бага хурлыг зарлан хуралдуулах
3. Бага хурлын гишүүдийг сонгох
4/ Бага хурлаас батлах хүртэл шинэ хуулийг гаргах ба дагаж шийтгүүлэн байгаа хуулиудад тайлбар өгөх
5/ Шалтгаан тохиолдвол Сайд нарын Зөвлөлийн тогтоолыг зогсоох ба тэдгээрийг өөрчлөх тухай саналыг бага хуралд оруулан тогтоолгох
6/ Дараагийн бага хуралд оруулан батлах хүртэл Сайд нарын Зөвлөлийн ерөнхий сайдаас оруулан ирүүлснээр зарим яамдын сайдбг ажлаас нь чөлөөлөх ба томилох
7/ Ялын өршөөл үзүүлэх тухай тогтоол гаргах ба уучлах эрхийг биелүүлэх
8/ БНМАУ-ын одон тэмдэг ба хүндэт үнэмлэх хийгээд алдар цолор шагнах
9/ Гадаад улсаас тус улсад суухаар томилогдсон дипломат төлөөлөгчдийн итгэмжлэх бичиг ба татагдсан бичгийг тус тус хүлээн авах
10/ БНМАУ-аас гадаад улсуудад суух бүрэн эрх барих төлөөлөгчдийг томилох ба татах
11/ Бусад улсуудтай байгуулсан гэрээ бичиг ба хэлэлцээг батлах
12/ Бага хурлын чөлөө цагт хэрэв БНМАУ-д дайнаар довтлох буюу усвуд харилцан туслалцаж дайран довтлогчдоос хамгаалахаар олон улсын хооронд тогтоосон гэрээний үүргийг гүйцэтгэх учир тохиолдвол бага хурал нь дайн бүхий байдлыг зарлах
13/ Цэргийг нийтээр буюу заримыг дайчлах явдлыг зарлах
14/ БНМАУ-ын харьяат болгон авах явдлыг биелүүлэх
15/ Шалтгаан тохиолдвол орон нутгийн хурлуудын тогтоолуудыг хүчингүй болгоно.
Хорин дөрөвдүгээр зүйл: Бага Хурлын Тэргүүлэгчид нь өөрийн бүх аижл явууллагын тухай тайлан илтгэлийг бага хуралд гаргана.
Хорин тав дугаар зүйл: Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга нар нь бага хурал дээр дагалдах ба түүний дотоод журмыг эрхлэх
Хорин зургадугаар зүйл: Бага Хурлын гишүүдийг бага хурлын буюу мөн бага хурлын чөлөө цагт Бага Хурлын Тэргүүлэгчдийн зөвшөөрөлгүйгээр хуулийн хариуцлагад татах буюу баривчлан авч үл болно.
/БНМАУ-ын 9-р Их Хурлын 1949-09-12-ны өдрийн тогтоолоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулан шинэчлэн найруулсан тул 18-26-р зүйлүүд хүчингүй болсон.
Арван наймдугаар зүйл: Улсын Их Хурлын ээлжит чуулганыг жил тутам нэгэн удаа хуралдуулна. Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн санаачлагаар буюу депутатуудын гуравны нэгээс доошгүйн шаардлагаар хуралдуулна.
Арван есдүгээр зүйл: Улсын Их Хурал тус их хурлын дарга, түүний хоёр орлогчийг сонгоно. Дарга нь Улсын Их Хурлын өдөр тутмын хуралдааныг удирдах ба түүний дотоод журмыг эрхэлнэ.
Хорьдугаар зүйл: Улсын Их Хурал Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Их Хурлын депутатын бүрэн эрхийг шалгах мандатын комисс түүнчлэн гадаад хэргийн комисс, хуулийн төлөвлөгөөг боловсруулах комисс, төсвийн комиссыг тус тус сонгоно.
Хорин нэгдүгээр зүйл: Улсын Их Хурал тус Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга ба нэг орлогч, нарийн бичгийн дарга, Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн гишүүн дөрвийн бүрэлдэхүүнтэйгээр Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийг сонгоно.
Хорин хоёрдугаар зүйл: Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хууль тогтоох эрх нь гагцхүү Улсын Их Хуралд байна.
Хорин гуравдугаар зүйл: Энэ Үндсэн хуулийн 10 дугаар зүйлд дурдсан Бүгд Найрамдах Монгол Ард Улсын бүх эрхийг биелүүлэхдээ Улсын Их Хуралд захирагдсан засаг төрийн ба удирдан захирах харьяа дорд байгууллагуудын эрх мэдэлд тэдгээр эрхнүүдээс үндсэн хуулийн ёсоор үл хамаарахыг нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Их Хурлаас эрхлэн биелүүлнэ. Тухайлбал Улсын Их Хурал бол:
а/ Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Үндсэн хуулийг батлах ба өөрчлөх
б/ Гадаад дотоодын улс төрийн бодлогын талаар үндсэн зарчим, арга явууллагыг тогтооно.
в/ Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийг сонгоно
г/ Сайд нарын Зөвлөлийг байгуулах, шинээр байгуулагдсан яамдыг батлах, байгаа яамд хийгээд төрийн удирдах захирах төв газруудыг өөрчлөн байгуулна.
д/ Улсын Их Хурлын чөлөө цагт Улсын Их Хурлын Тэргүүлэгчдээс гаргасан бөгөөд Улсын Их Хуралд батлуулбал зохих зарлигуудыг батална.
е/ Уучлал үзүүлэх явдлыг нийтэлнэ.
ж/ Тус Бүгд Найрамдах Улсын ардын аж ахуйн төлөвлөгөөг хянан үзэж батална. Улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тухай тайланг батална.
Хорин дөрөвдүгээр зүйл: Аливаа хуулийг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Их Хурлын ер олонхийн саналаар зөвшөөрсөн байвал баталсанд тооцно.
Хорин тав дугаар зүйл: Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Их Хурлаар баталсан хуулиудыг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, нарийн бичгийн даргын нарын үсэгтэйгээр нийтэлнэ.
Хорин зургадугаар зүйл: Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Их Хурал нь хэрэгтэй гэж үзвэл ямар ч асуудлын талаар сөрдөн байцаах ба шалган байцаах комиссыг томилон байгуулна. Бүх албан газар, албан тушаалын хүмүүс тэдгээр комиссын шаардлагыг биелүүлэх ба хэрэглэх материал бичиг баримтыг нийлүүлэн өгөх үүрэгтэй.
Хорин долдугаар зүйл: Улсын Их Хурлын депутатаас албан тушаалын хүмүүст тавьсан асуултын хариуг тав хоногийн дотор өгөх үүрэгтэй. Үүнд: Шалгавал зохих асуудлын талаар бол нэг сараас хэтрэхгүй хугацааны дотор хариуг өгөх ёстой.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Улсын Их Хурлын Тэргүүлэгчид
Хорин наймдугаар зүйл: Улсын Их Хурлын Тэргүүлэгчид бол Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт засаг төрийн эрхийг барих дээд газар мөн.
Хорин есдүгээр зүйл: Улсын Их Хурлын Тэргүүлэгчид нь:
а/ Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Үндсэн хууль ба аливаа хуулийг хэрэгжүүлэн биелүүлэх явдалд хяналтыг тавина.
б/ Улсын Их Хурлын сонгуулийг тогтоон явуулна.
в/ Улсын Их Хурлын чуулганыг зарлан хуралдуулна.
г/ Дагаж шийтгүүлэн байгаа хуулиудад тайлбар өгнө. Мөн зарлигуудыг гаргана. Үүнд тэдгээрийн хэрэгтэйг нь Улсын Их Хуралд дараагаар оруулан батлуулна.
д/ Ард нийтийн саналыг асуух явдлыг гүйцэтгэнэ.
е/ Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөл ба орон нутгийн хөдөлмөрчдийн депутатын хурлаас хуульд үл тохирох тогтоол захирамжийг гаргавал хүчингүй болгоно.
ж/ Улсын Их Хурлын чуулганд дараа оруулан батлуулахаар Сайд нарын Зөвлөлийн даргын саналаар сайд нарыг тушаалаас нь чөлөөлөх ба томилно.
з/ Өршөөх эрхийг биелүүлнэ.
и/ Бүгд Найрамдах Монгол Ард Улсын одон медалиудыг тогтоох ба Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хүндэт ба цэргийн болон бусад цолыг олгоно.
к/ Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлөөс оруулан ирснээр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын одон медалиар шагнагдах ба Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хүндэт цолыг олгоно.
л/ Гадаад улсаас тус улсад суухаар томилогдон ирсэн дипломат төлөөлөгчдийг итгэмжлэх буюу эгүүлэн татах жуух бичгийг хүлээн авна.
м/ Бүгд Найрамдах Монгол Ард Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчдийг томилох ба эгүүлэн татна.
н/ Бусад улстай байгуулсан гэрээ хэлэлцээрийг батална.
о/ Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг цэргийн хүчээр халдан довтлоход буюу түүнчлэн олон улсын гэрээний үүргийг зайлшгүй биелүүлэх хэрэг тохиолдвол Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт дайны байдлыг зарлана.
п/ Нийтийн буюу хэсэглэсэн дайчлалыг зарлана
р/ Бүгд Найрамдах Монгол Ард Улсын харьяат ард иргэн болгон авах явдлыг эрхэлнэ.
Гучдугаар зүйл: Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Их Хурлын Тэргүүлэгчид нь шинэ сонгогдсон Улсын Их Хурлаар Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Их Хурлын шинэ тэргүүлэгчийг байгуулах хүртэл бүрэн эрхээ хадгална.
Гучин нэгдүгээр зүйл: Улсын Их Хурлын Тэргүүлэгчид, өөрийн бүх үйл ажиллагааны талаар Улсын Их Хурлын өмнө тайлагнана.
Гучин хоёрдугаар зүйл: Улсын Их Хурлын депутатыг Улсын Их Хурлын зөвшөөрөлгүйгээр буюу Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт түүний тэргүүлэгчдийн зөвшөөрөлгүйгээр шүүхий хариуцлагад татах буюу баривчлан хорьж үл болно.
ТАВДУГААР БҮЛЭГ
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөл
Гучин гуравдугаар зүйл: БНМАУ-ын засаг төрийн гүйцэтгэн захирах дээд газар нь БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл мөн.
Гучин дөрөвдүгээр зүйл: БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл бол Улсын Их Хурлын өмнө ба түүний чуулганы чөлөө цагт Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн өмнө өөрийн ажиллагааг хариуцах ба тайлагнана.
Гучин тавдугаар зүйл: БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл , дагаж шийтгүүлэн байгаа хуулиудыг баримталж, тэдгээрийг биелүүлэн гүйцэтгэхийн тулд тогтоол, тушаалуудыг гаргах ба тэдгээрийн гүйцэтгэлийг шалгана.
Гучин зургадугаар зүйл: БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс гаргасан тогтоол, тушаалуудыг БНМАУ-ын бүх нутаг дэвсгэр дотор заавал дагаж биелүүлбэл зохино.
Гучин долдугаар зүйл: БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл бол
1. БНМАУ-ын яамд ба харьяалагдах бусад байгууллагуудын ажил хэргийг нэгтгэн жолоодно.
2. Ардын аж ахуйн төлөвлөгөө, улсын ба орон нутгийн орлого зарлагын төсвийг биелүүлэх хийгээд албан татвар, зээллэгээний явдлыг биелүүлэх тухай арга хэмжээнүүдийг гүйцэтгэнэ.
3. Гадаад улстай харилцах явдлын ерөнхий удирдлагыг биелүүлэн гүйцэтгэнэ.
4. Батлан хамгаалалт ба тус улсын Зэвсэгт хүчний байгуулалтанд ерөнхий удирдлагыг өгч гүйцэтгэх, цэргийн жинхэнэ албанаа жил тутам татах ард иргэний нас тоог тогтооно.
5. Нийгмийн хэв ёсыг хангах ба улсын ашиг тус хийгээд ард иргэний биеийн ба хөрөнгө хогшил, эрхийг хамгаалах талаар арга хэмжээ авч гүйцэтгэнэ.
6. Аймгуудын ба Улаанбаатар хотын захиргаа хийгээд бусад орон нутгийн хөдөлмөрчин ардуудын хурлууд болон тэдгээрийн тэргүүлэгчдийг шууд удирдан жолоодно.
7. Сайд нарын Зөвлөлд шууд харьяалагдсан газрууд ба яамд хийгээд орон нутгийн засаг захирааны байгууллагуудын тушаал, заавар, тогтоол, шийдвэрийг өөрчлөх ба хүчингүй болгох
8. Хэрэг тохиолдвол БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэд соёл боловсрол, аж ахуйн ажил явууллагыг эрхлэх төв газруудыг байгуулна.
9. Засаг төрийн албан газруудад хэрэглэх улсын сүлд тэмдэг бүхий тамга тэмдэг хийлгэх зөвшөөрлийг олгох ба түүний маягийг батална.
Гучин наймдугаар зүйл: Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийг Улсын Их Хурлаас дор дурдсан бүрэлдэхүүнтэйгээр байгуулна.
- Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн дарга
- Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга
- Бүгд Найрамдах Монгол Ард Улсын яамдын сайдууд
- Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төлөвлөгөөний комиссын дарга
- Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Банкны ерөнхий хорооны дарга
- Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хянан шалгах комиссын дарга
Гучин есдүгээр зүйл: БНМАУ-д дор дурдсан ажлууд явагдана.
- БНМАУ-ын Хөдөө аж ахуйн яам
- БНМАУ-ын Аж үйлдвэрийн яам
- БНМАУ-ын Тээвэр холбооны яам
- БНМАУ-ын Цэргийн ба нийгмийг аюулаас хамгаалах яам
- БНМАУ-ын Худалдааны яам
- БНМАУ-ын Сангийн яам
- БНМАУ-ын Хянан шалгах яам
- БНМАУ-ын Гэгээрлийн яам
- БНМАУ-ын Соёлын яам
- БНМАУ-ын Шүүх яам
- БНМАУ-ын Эрүүлийг хамгаалах яам
Дөчдүгээр зүйл: БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд шууд харьяалагдах газрууд нь:
- БНМАУ-ын Төлөвлөгөөний комисс
- БНМАУ-ын Банк
- БНМАУ-ын Барилгын хэрэг эрхлэх хороо
- БНМАУ-ын Шинжлэх ухаан- Дээд боловсролын хүрээлэн
- БНМАУ-ын Биеийн тамир спортын хороо
- БНМАУ-ын Геологи шинжилгээний газар
- БНМАУ-ын Хэвлэл утга зохиолыг хянах газар
Дөчин нэгдүгээр зүйл: БНМАУ-ын Яамдын сайдууд ба улсын төв байгууллагын удирдагчид нь өөрт оногдсон улсын албан байгууллагуудын салаа мөчрийг удирдах бөгөөд тухайн эрхэлсэн хэргийн чанар байдал ба ажил явуулга дээр Сайд нарын Зөвлөлийн өмнө дүүрэн хариуцлага хүлээнэ.
Дөчин хоёрдугаар зүйл: БНМАУ-ын Яамдын сайдууд ба улсын төвийн албан байгууллагын удирдагч нь өөр өөрийн эрхлэх хэмжээний дотор тушаал зааврыг гаргах бөгөөд мөн түүний гүйцэтгэлийг шалгах үзнэ.
Тушаал зааврууд нь дагаж шийтгүүлэн байгаа хуулийг биелүүлэх ба мөн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоол, тушаалыг биелүүлэх үндсэн дээр гарна.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Төрийн эрхийг барих орон нутгийн байгууллагууд
Дөчин гуравдугаар зүйл: Аймаг, сум, баг, Улаанбаатар хот, хороо хоринд төрийн эрхийг барих дээд байгууллагууд нь хөдөлмөрчдийн депутатын хурал мөн.
Дөчин дөрөвдүгээр зүйл: Аймаг, сум, баг, хот, хороо хорины хөдөлмөрчдийн депутатын хурлыг аймаг, сум, баг, хот, хороо хорины хөдөлмөрчид гурван жилийн хугацаагаар сонгоно.
Дөчин тавдугаар зүйл: Аймгийн хөдөлмөрчдийн депутатын хурлууд нь дор дурдсан нормыг баримтлан сонгогдсон хөдөлмөрчдийн депутатаар бүрэлдэх үүнд: 30000 хүн амтай аймагт 50 депутат, 30000-аас дээш хүн амтай аймагт 600 хүн тутмаас нэжгээд депэтат, Улаанбаатар хотын хөдөлмөрчдийн депутатын хурал нь /600/ 2000 хүн, Сүхбаатар хотын хөдөлмөрчдийн депутатын хурал нь 500 хүн ам ттмаас нэг депутат байхаар бодож сонгогдсон хөдөлмөрчдийн депутатаар бүрэлдэнэ.
Сум, хороо, жич захиргааны талаар биеэ даасан хотын хөдөлмөрчдийн депутатын хурал нь дор дурдсан нормыг баримтлан сонгогдсон хөдөлмөрчдийн депутатаар бүрэлдэх үүнд: 3000 хүртэл хүн амтай сум, хороодод 30 депутат, 3000-аас дээш хүн амтай сум хороодод 100 хүн тутмаас нэжгээд депутат байх боловч нийт депутатын тоо нь 50-аас хэтэрч үл болно.
Баг, хороодын хөдөлмөрчдийн депутатын хурлууд нь дор дурдсан нормыг баримтлан сонгогдсон хөдөлмөрчдийн депутатаар бүрэлдэх үүнд: /400/ 1000 хүртэл хүн амтай баг, хороодод 7 депутат, /400/ 1000-аас дээш хүн амтай баг, хороодод /50/ 200 хүн тутмаас 1 депутат байх боловч нийт депутатын тоо нь 15-аас хэтэрч үл болно.
Дөчин зургадугаар зүйл: Аймаг ба Улаанбаатар хотын хөдөлмөрчдийн депутатын хурлын ээлжит чуулганыг нэг жилд хоёроос цөөнгүй удаа тэдгээрийн гүйцэтгэх захиргаанаас зарлаг хуралдуулна.
Сум хорооны хөдөлмөрчдийн депутатын хурлын чуулганыг нэг жилд 3-аас цөөнгүй удаа тэдгээрийн гүйцэтгэх захиргаанаас зарлан хуралдуулна.
Баг хорины хөдөлмөрчдийн депутатын хурлын хуралдааныг баг хорины дарга удирдан явуулна.
Орон нутгийн хөдөлмөрчдийн депутатын хурлын ээлжит бус чуулганыг хурлын депутатын тал хувиас доош бусын шаардлага буюу гүйцэтгэх захиргааны санаачлага, мөн түүнчлэн УИХ-ын Тэргүүлэгчдийн заалтаар зарлан хуралдуулна.
Дөчин долдугаар зүйл: Чуулганы хуралдааныг удирдахын тулд аймаг, хот, сум, хорооны хөдөлмөрчдийн депутатын хурлууд нь чуулганыхаа үед дарга, нарийн бичгийн даргыг сонгоно.
Дөчин наймдугаар зүйл: Өдөр тутмын байнга ажлыг эрхлэхийн тулд аймгийн ба Улаанбаатар хотын хөдөлмөрчдийн депутатын хурлууд нь гүйцэтгэн захирамжлах газраа болгож гүйцэтгэх захиргааг өөрсдийн депутатын дотроос 7-9 хүртэл хүнээр бүрэлдүүлэн сонгох үүнд: Дарга, орлогч дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга, гишүүдийг сонгоно.
Дөчин есдүгээр зүйл: Сум хорооны хөдөлмөрчдийн депутатын хурлын гүйцэтгэн захирамжлах газар нь мөн хурлаас 5-7 хүртэлх хүнээр сонгогдсон гүйцэтгэх захиргаа болно. Түүний бүрэлдэхүүн нь дарга, орлогч дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга ба гишүүд болно.
Гүйцэтгэх захиргааны дарга бүх ажил хэргээ удирдах бөгөөд гүйцэтгэх захиргааны хуралдааныг зарлан хуралдуулж, мөн хуралдааныг даргална.
Тавьдугаар зүйл: Баг хорины хөдөлмөрчдийн депутатын гүйцэтгэн захирамжлах газар нь мөн хурлаас сонгогдсон баг хорины дарга, орлогч дарга, хариуцлагатай нарийн бичгийн даргаар бүрэлдсэн гүйцэтгэх захиргаа болно.
Тавин нэгдүгээр зүйл: Аймаг, сум, баг, хот, хороо хорины хөдөлмөрчдийн депутатын хурлын бүрэн эрхийн хугацаа дуусахад түүний гүйцэтгэн захирамжлах газрууд нь шинэ сонгогдсон хурлаар гүйцэтгэн захирамжлах шинэ газрыг байгуулахын наана бүрэн эрхээ хадгална.
Тавин хоёрдугаар зүйл: Аймаг, сум, баг, хот, хороо хорины хөдөлмөрчдийн депутатын хурлууд нь:
а/ Харьяа нутаг дэвсгэр дээрээ соёл, улс төр, аж ахуйн байгуулалтыг удирдана.
б/ Харьяа захиргааны газруудын ажиллагааг удирдана.
в/ Орон нутгийн төсвийг тогтооно.
г/ Улсын ёс дэглэмийг хамгаалах, хуулийг сахин дагах, ард иргэний эрхийг хамгаалах явдлыг хангана.
Тавин гуравдугаар зүйл: Хөдөлмөрчдийн депутатын хурлын гүйцэтгэх дээд захиргаа нь гүйцэтгэх дорд захиргаануудын шийдвэр захирамжийг хүчингүй болгох ба хөдөлмөрчдийн депутатын зохих дорд хурлын шийдвэрийг түтгэлзүүлэн зогсоох эрхтэй.
Тавин дөрөвдүгээр зүйл: Хөдөлмөрчдийн депутатын харьяа дээд шатны хурал нь
хөдөлмөрчдийн депутатын харьяа доод шатны хурал ба түүний гүйцэтгэх захиргааны шийдвэр, захирамжийг хүчингүй болгох эрхтэй.
Тавин тавдугаар зүйл: Орон нутгийн хөдөлмөрчдийн депутатын хурал бол Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хуулиар олгосон эрх хэмжээний дотор шийдвэр гаргана.
Тавин зургадугаар зүйл: Орон нутгийн хөдөлмөрчдийн депутатын хурлын гүйцэтгэх захиргаа бол түүнийг сонгосон хөдөлмөрчдийн депутатын зохих дээд хурлын гүйцэтгэх газрын өмнө нэгэн адил шууд тайлагнана.
Тавин долдугаар зүйл: Аймгийн ба Улаанбаатар хотын хөдөлмөрчдийн депутатын хурлын гүйцэтгэх захиргаанд дор дурдсан хэлтсүүд байна.
- Төлөвлөгөөний комисс
- Хөдөө аж ахуйн хэлтэс
- Зохион зааварлах хэлтэс
- Санхүүгийн хэлтэс
- Эрүүлийг хамгаалах хэлтэс
- Соёлын хэлтэс
- Гэгээрлийн хэлтэс
- Ерөнхий хэлтэс
Тавин наймдугаар зүйл: Аймгийн ба Улаанбаатар хотын гүйцэтгэх захиргааны хэлтсүүд нь өөрийн ажиллагааны талаар аймаг, хотын хөдөлмөрчдийн депутатын
хурлын гүйцэтгэх захиргаа ба мөн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын зохих яамдад нэгэн адил захирагдана.
ДОЛДУГААР БҮЛЭГ
Шүүх прокурорын газар
Тавин есдүгээр зүйл: БНМАУ-д шүүх таслах явдлыг Улсын Дээд Шүүх, аймаг хотын шүүх, Улсын Их Хурлаар байгуулагдах БНМАУ-ын тусгай шүүх, түүнчлэн ардын хэсгийн шүүхээр гүйцэтгэнэ.
Жардугаар зүйл: Бүх шүүхэд хэрэг таслах явдлыг хэрэв хуульд зориуд заасан хэрэг бус ахул ардын төлөөлөгчдийг оролцуулан байнга шүүгч нар гүйцэтгэж байна.
Жаран нэгдүгээр зүйл: Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн. Дээд шүүх бол БНМАУ-ын шүүхийн бүх байгууллагын шүүх таслах ажиллагааг байцаан хянана.
Жаран хоёрдугаар зүйл: БНМАУ-ын Дээд Шүүхийг Улсын Их Хурлаас 4 жилийн хугацаагаар сонгоно.
Жаран гуравдугаар зүйл: Аймаг хотын шүүхийг аймаг хотын хөдөлмөрчдийн депутатын хурлаас 3 жилийн хугацаагаар сонгоно.
Жаран дөрөвдүгээр зүйл: Ардын хэсгийн шүүхийг зохих аймаг, сум /Улаанбаатар хотноо/ хот, хорооны ард иргэдийн нууцаар санал гаргаж нийт тэгш шууд сонгуулийн эрхийг үндэслэж 3 жилийн хугацаагаар сонгоно.
Шүүгч ба ардын төлөөлөгчид шүүхээр шийдэгдээгүй бөгөөд сонгуулийн эрхтэй 23 нас хүрсэн бүх ард иргэд сонгогдож болно.
Жаран тавдугаар зүйл: Хэрэг таслахдаа монгол хэлээр явуулах бөгөөд монгол хэл үл мэдэх хүмүүст уг хэргийн материалыг хэлмэрчээр дамжуулан бүрэн таниулж мөн шүүхийн хурал дээр төрөлхийн хэлээр үг хэлэх эрхий нь хангана.
Жаран зургадугаар зүйл: Бүх шүүхэд хэрэг таслахдаа хэрэгтэн хүний өмгөөлүүлэх эрхийг хангаж хэргийг ил тасална. Хуулиар тусгайлан үзсэн хэрэг тохиолдох ахул шүүх таслах хурлыг хаалттай явуудж болно.
Жаран долдугаар зүйл: Шүүгч нар хэний ч эрхшээлд орохгүй гагцхүү хуульд захирагдана.
Жаран наймдугаар зүйл: БНМАУ-ын бүх яамд ба төвийн байгууллагууд , тэдгээрийн харьяа албан газрууд, мөн албан тушаалын хүмүүс ба тус улсын ард иргэд хуулийг хэрхэн чандлан биелүүлж байгааг хянан ажиглах дээд хяналтыг улсын прокурор гүйцэтгэнэ.
Жаран есдүгээр зүйл: БНМАУ-ын прокурорыг Улсын Их Хурлаас 5 жилийн хугацаагаар томилно.
Далдугаар зүйл: Аймаг хотын хэмжээн дээр прокурорын хяналтыг БНМАУ-ын прокуророос 4 жилийн хугацаагаар томилогдсон аймаг хотын прокурорууд гүйцэтгэнэ.
Далан нэгдүгээр зүйл: Орон нутагт прокурорууд орон нутгийн ямар ч газарт хамаарагдахгүй гагцхүү улсын прокурорт захирагдан өөрийн үүргийг гүйцэтгэнэ.
НАЙМДУГААР БҮЛЭГ
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төсөв
Далан хоёрдугаар зүйл: БНМАУ-ын санхүүгийн бүх бодлого нь өргөн олон хөдөлмөрч ардын аж амьдралыг сайжруулах, мөлжигч этгээдийг шийдвэртэйгээр хязгаарлах ба шахан зайлуулах хийгээд мөн үүний хамтад хөдөлмөрчин ард түмний эрх чөлөөг батжуулан бэхжүүлэх ба тус улсын батлан хамгаалах чадал хүчнийг бүхий л аргаар бэхжүүлэх явдалд чиглэгдэнэ.
Далан гуравдугаар зүйл: БНМАУ-ын орлого зарлагыг улсын төсөвт нэгтгэнэ.
Далан дөрөвдүгээр зүйл: Улсын төсвийг Сангийн яам эрхлэн зохиож Сайд нарын Зөвлөл хянан үзнэ. Сайд нарын Зөвлөлийн зөвшөөрсөн төсвийг БНМАУ-ын Их Хуралд батлуулахаар оруулна.
Далан тавдугаар зүйл: БНМАУ-ын Их Хурал, төсвийн комиссыг сонгон байгуулах бөгөөд тэрхүү комисс, БНМАУ-ын төсвийн тухай дүгнэлтээ Улсын Их Хуралд илтгэнэ.
Далан зургадугаар зүйл: Улсын төсөвт төсөвлөгдөөгүй буюу эсхүл Улсын Их Хурлын тэргүүлэгчид буюу Сайд нарын зөвлөлөөс тухайн зардлыг зарах тусгай шийдвэргүй бол улсын хөрөнгөнөөс ямар ч зардлыг гаргаж үл болно. Улсын төсөвт төсөвлөсөн хөрөнгийг гагцхүү тогтоосон төсвийн хэмжээнд багтаан уг зориулсан зүйлд зарцуулна.
Далан долдугаар зүйл: Улсын Их Хурал, орлогыг улсын ба орон нутгийн төсөвт хувааж өгнө.
Далан наймдугаар зүйл: Аймаг, сум, хотын төсвийг аймаг, сум, хотын хөдөлмөрчдийн депутатын хурлаар хянан үзэж батална.
Далан есдүгээр зүйл: Улсын төсвийн гүйцэтгэлийн тухай тайланг Сайд нарын зөвлөлөөс Улсын Их Хуралд батлуулахаар оруулна.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын сонгуулийн систем
Наядугаар зүйл: Хөдөлмөрчдийн депутатын бүх хурал үүнд: БНМАУ-ын Их Хурал,
аймаг, хот, сум, баг, хороо хорины хөдөлмөрчдийн депутатын хурлуудад депутатыг сонгохдоо нийт, шууд, тэгш сонгуулийн эрхийг үндэслэж сонгогчид саналаа нууцаар гаргаж гүйцэтгэнэ.
Наян нэгдүгээр зүйл: Депутатыг сонгох сонгууль бол нийтийн чанартай байх агаад үүнд: БНМАУ-ын харьяат 18 насанд хүрсэн ард иргэд эрэгтэй эмэгтэй, арьс өнгө, үндэстэн, шашин шүтлэг, эрдэм боловсрол, нүүдэл суурьшил, хөрөнгийн байдал, нийгмийн гарлыг ялгалгүйгээр ганцхан шүүхийн тогтоолоор сонгуулийнхаа эрхийг хасагдаж шйитгэгдсэн хүмүүс ба мөн түүнчлэн хуульд тогтоогдсон журмаар ухаан солиу гэж тооцогдсон хүмүүсээс бусад нь цөм сонгуульд оролцох ба сонгогдох болно.
Наян хоёрдугаар зүйл: Депутатыг сонгох сонгууль тэгш байх үүнд: сонгогч бүр саналыг нэг удаа гаргана. Бүх ард иргэн сонгуульд тэгш үндсэн дээр оролцоно. Цэргийн албан хаагчид сонгуулийн эрхийг бүх ард иргэний нэгэн адил эдэлнэ.
Наян гуравдугаар зүйл: Эмэгтэйчүүд сонгох, сонгогдох бүрэн эрхийг эрэгтэйчүүдийн нэгэн адил эдэлнэ.
Наян дөрөвдүгээр зүйл: Депутатыг сонгох сонгууль шууд байх үүнд: Баг хороодын хөдөлмөрчдийн депутатын хурлаас эхлэн БНМАУ-ын Их Хурал хүртэл хөдөлмөрчдийн депутатын бүх хурлыг ард иргэдээс сонгохдоо шулуун шууд сонгоно.
Наян тавдугаар зүйл: Хөдөлмөрчдийн депутатын бүх хурлыг сонгоход саналыг нууцаар гаргана.
Наян зургаадугаар зүйл: Сонгуулийн үед сонгох хүмүүсийн нэрсийг сонгуулийн тойргуудаар дэвшүүлэн гаргана.
Ардын хувьсгалт намын байгууллага, хоршоолол, Үйлдвэрчний Эвлэл, залуучуудын байгууллага, ардын нэгдэл, соёлын байгууллага зэрэг хөдөлмөрчдийн олон нийтийн байгууллага ба нийгэмлэгүүд нь сонгох хүмүүсийн нэрийг дэвшүүлэн гаргах эрхээр хангагдана.
Наян долдугаар зүйл: Депутат бүр өөрийн ажил ба хөдөлмөрчдийн депутатын хурлын ажлын талаар сонгогчдын өмнө тайлангаа гаргах үүрэгтэй бөгөөд тэднийг сонгогчдын олонхийн шийдвэрээр хуульд тогтоосон журам ёсоор хэзээ ч гэсэн татан оролцуулж болно.
АРАВДУГААР БҮЛЭГ
Ард иргэний үндсэн эрх үүргүүд
Наян наймдугаар зүйл: БНМАУ-ын Үндсэн хууль бол мал аж ахуйг аль болох өсгөн үржүүлэх зорилтоор бэлчээрийг үнэ төлбөргүй хэрэглэх, түүнчлэн ард иргэд засаг төр, аж ахуй, соёлын байгуулалтын бүхий л салаа мөчирт мэдлэг хөдөлмөрөө хэрэглэх болсон ард түмний энэ байлдан олсон эрхийг бататгана.
Наян есдүгээр зүйл: БНМАУ-ын ард иргэд амрах эрхтэй үүнд: ажилчин албан хаагчдын ажлын өдрийг 8 цаг болтол хорогдуулж, ажилчин албан хаагчдад цалинг хэвээр олгон жил бүр амралт эдлүүлэх бас сар бүр театр клуб, санатори, амралтын газрыг хөдөлмөрчдөд зориулж хэрэгжүүлснээр энэхүү эрхийг хангана.
Ердүгээр зүйл: БНМАУ-ын ард иргэд боловсрох эрхтэй үүнд: үнэ төлбөргүйгээр сургах, олон техникум, дээд сургуулиудыг өргөтгөн хөгжүүлж, сургуульд төрөлх хэлээр нь сургах ба дээд сургуулийн оюутанд улсаас цалин олгох явдлаар энэхүү эрх хангагдана.
Ерэн нэгдүгээр зүйл: БНМАУ-ын хөлсний ажилчин хийгч ард иргэн нь нас хөгшрөх цагт мөн түүнчлэн өвдөх ба хөдөлмөрийн чадвараа алдвал эдийн тусламж авах эрхтэй. Үүнд:улсын буюу хөлслөгч этгээдийн зардлаар ажилчин албан хаагчдыг нийгмийн даатгалын системээр хангах ба хөдөлмөрчдөд эмнэлгийн тусламжийг үнэ төлбөргүйгээр үзүүлэх, эмнэлгийн рашаан усыг дэлгэрүүлэх зэргээр энэхүү эрхийг хангана.
Ерэн хоёрдугаар зүйл: БНМАУ-ын бүх ард иргэн нь тус улсын засаг төр, аж ахуй, нийгэмлэг, улс төр, соёлын бүх салбарт угсаа үндэстэн ялгаварлахгүй адил тэгш эрх эдэлнэ. Ард иргэдийн эрхийг шууд буюу дашрам далимаар хязгаарлах элдэв явдал, үндэсний дээрэнгүй хялайх үзэл гаргах, үл тоомсорлох, мөн үндэсний явцуу үзлийн ятгалга хийх зэргийг хуулиар цээрлүүлэн шийтгэнэ.
Ерэн гуравдугаар зүйл: БНМАУ-ын эмэгтэйчүүд нь засаг төр, аж ахуй нийгэмлэг, улс төр, соёл боловсролын бүхий л салбарт эрэгтэйчүүдийн нэгэн адил тэгш эрхийг эдэлнэ. Эдгээр эрхийг биелүүлэх бололцоо нь эмэгтэйчүүдэд эрэгтэй хүний нэгэн адил ажил хөдөлмөрийн бололцоог олгох, амрах буюу аюулаас хамгаалуулах эрдэм сурах бөгөөд эх нялхсын эрх ашгийг улсаас батлан хамгаалах ба жирэмсэн эмэгтэйчүүдэд зохих чөлөөг олгох, мөн энэ завсар хөлс хэрэглэлийг бүрэн дүүрэн олгох явдлаар хангагдана.
Эмэгтэйчүүдийг богтлон өгөх, насанд хүрээгүй эмэгтэйчүүдийг эхнэр болгох өгөх буюу авах, олон эхнэртэй байх явдал, түүнчлэн сургуульд орох болон аж ахуй улсын ба соёл боловсрол, улс төр, олон нийтийн ажил явдалд оролцох зэрэгт саадыг учруулах зэргээр ямар нэгэн байдлаар эмэгтэйчүдийг боолын байдлаас ангижруулан гаргах ба тэгш эрхтэй болох явдалд саадыг учруулбал хулиар цээрлүүлэн шийтгэнэ.
Ерэн дөрөвдүгээр зүйл: БНМАУ-д шашныг төр ба сургуулиас тусгаарласан үүнд: БНМАУ-ын ард иргэд шашин шүтэх, шашны эсрэг суртал нэвтрүүлэх бүрэн эрхтэй болно.
Ерэн тавдугаар зүйл: Хөдөлмөрчин ард түмний ашиг тусад нийлүүлж тэдгээрийн зохион байгуулалттай хувийн санаачлага ба улс төрийн идэвхийг өрнүүлэх зорилгоор БНМАУ-ын ард иргэдийг нийгэмлэгийн байгууллага, нэгдэх эрхийг хангах. Үүнд: ҮЭ, хоршоолсон байгууллага, залуучуудын ба биеийн тамир улс орныг батлан хамгаалах байгууллага, соёл боловсролын ба техникийн хийгээд шинжлэх ухааны байгууллагууд эвлэлдэнэ. БНМАУ-ын хөдөлмөрчин ардын дотроос аль шилдэг идэвхтэй бөгөөд учраа мэдэгсэд нь тус улсыг бэхжүүлэх ба хөрөнгөтний бус замаар хөгжүүлэхийн төлөө тэмцэлд хөдөлмөрчин ардын тэргүүнд явах хэсэг бөгөөд улс нийгмийн бүх байгууллагыг удирдах гол хүчин болох МАХН-д эвлэлдэн нэгдэнэ.
Ерэн зургадугаар зүйл: БНМАУ-ын ард иргэн бүхэн улсын байгууллага буюу ямар нэгэн албан тушаалтны хууль бус ажил явууллагааны тухайг улсын зохих засаг төрийн ба удирдан захирах газрууд үүнд: дээд эрхийг барих газар хүртэл чөлөөтэйгээр анхааруулж гомдол буюу өргөдлийг амаар буюу бичгээр гаргах эрхтэй.
Улсын төр засгийн бүх байгууллага ба албан тушаалтан бүхий хүмүүсээс өргөдөл гомдлыг хянан үзэж уг гомдол өргөдөл гаргагсдад уул гомдол өргөдлийн зохих хариу шийдвэрийг заавал өгөх үүрэгтэй болно.
Ерэн долдугаар зүйл: БНМАУ-ын бүх ард иргэн өөрсдийн биеэр чөлөөтэйгээр шилжин явах ба оршин суух газраа сонгох эрхийг эдэлнэ.
Ерэн наймдугаар зүйл: Хөдөлмөрчдийн ашиг тусад тохируулан БНМАУ-ын төрийн байгууллыг бататган бэхжүүлэхийн тулд БНМАУ-ын ард иргэдэд хуулиар батлан олгох эрх нь:
- Чөлөөтэйгээр үг хэлэх
- Чөлөөтэйгээр хэвлэн нийтлэх
- Чөлөөтэйгээр хурал цуглаан хийх
- Чөлөөтэйгээр гудамжны жагсаал ёслол хийх болно.
Ерэн есдүгээр зүйл: БНМАУ-ын ард иргэдийн биед халдаж үл болох явдлыг хангана. Шүүх таслах газрын тогтоолгүйгээр буюу хууль хамгаалагч прокурорын зөвшөөрөлгүйгээр баривчлан хорьж үл болно.
Зуудугаар зүйл: Ард иргэний орон сууцанд халдаж үл болохыг ба өгөлцөх авалцах захидлын нуцыг хуулиар хамгаална.
Зуун нэгдүгээр зүйл: БНМАУ бол хөдөлмөрчдийн ашиг тусыг хамгаалсан буюу үндэстний эрх чөлөөний төлөө тэмцсэний учир хавчигдсан гадаадын ард иргэдэд оршин суух эрхийг эдлүүлнэ.
Зуун хоёрдугаар зүйл: БНМАУ-ын ард иргэн хэн бүхэн БНМАУ-ын үндсэн хуулийг журамлан дагаж хууль цаазуудыг биелүүлэн гүйцэтгэх бөгөөд ажлын сахилга батыг сахиж тус орны аж ахуй ба соёл боловсрол улс төрийг хөгжүүлэх явдалд бүхийлэн аргаарг тусалж нийгмийн үйлсэд үнэнчээр зүтгэвэл зохино.
Зуун гуравдугаар зүйл: Цэргийн албан хаах үүрэг бол хууль мөн. Монгол ардын хувьсгалт цэргийн алба хаах явдал бол БНМАУ-ын ард иргэдийн хүндэт үүрэг нь мөн болно.
Зуун дөрөвдүгээр зүйл: Эх орноо хамгаалах явдал бол БНМАУ-ын ард иргэн бүрийн гүйцэтгэх ариун үйлс мөн болно. Эх орноос урваж тангаргаа няцах, дайсны талд орох, улсын цэргийн сүр хүчинд хор хүргэх хийгээд гадаад улсын тусын тулд тагнуул хийх эдгээрийг хамгийн хүнд хорт хэрэг гэж үзэж хүндээр цээрлүүлэн шийтгэнэ.
АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Сүлд, далбаа, нийслэл
Зуун тавдугаар зүйл: БНМАУ-ын сүлд тэмдэг бол дугуй хэлбэртэй, дунд нь Монгол улсын хангай тал, говь нутаг дээр нарын зүг уурга барин давхиж яваа морьтой ард байх ба дугуйн хөвөөгөөр өвс ногооны дээр хонь, үхэр, тэмээ, ямааны толгойг 2 талд нь зурж, дугуйн дээд талыг дан алхан хээгээр хүрээлж, дунд нь таван хошуу тэмдэг байна. Өвс ногооны доод уулзварт улаан лент дээр / Бүгд Найрамдах Монгол Ард Улс/ гэсэн бичиг байна.
Зуун зургадугаар зүйл: Бүгд Найрамдах Монгол Ард Улсын далбааг улаан ба ба цэнхэр өнгийн эдээр үйлдэх бөгөөд уг далбааг гурав хуваасны нэгийн хэмжээтэй дунд тал нь тэнгэрийн хөх өнгөтэй байх ба түүний хоёр хажуу тал нь улаан өнгөтэй байна.
Ишинд уях талын улаан дэвсгэрийн дээд хэсэгт алтан шар өнгийн таван хошуу, түүний дор мөн алтан шар өнгийн “Соёмбо” тэмдэг, бадмаа лянхуа цэцэггүйгээр байна. Далбааны өргөн урт хоёр нь 1:2-ын харьцаатай байна.
Зуун долдугаар зүйл: БНМАУ-ын нийслэл нь Улаанбаатар хот мөн.
АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Үндсэн Хуулийг өөрчлөх журам
Ерэн тавдугаар зүйл: БНМАУ-ын үндсэн хуулийг өөрчлөх явдлыг гагцхүү Улсын Их Хурлаар гуравны хоёроос доошгүйн саналаар баталсан шийдвэрийн ёсоор гүйцэтгэнэ.
30 /1940/ оны 6 дугаар сарын 30-ны өдөр
Улсын 8-р Их Хурлаар батлав.
БНМАУ-ын 1940 оны Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт, нэмэлт оруулсан жагсаалт
- БНМАУ-ын 9-р их хурлын 1949-09-12-ны өдрийн тогтоолоор Үндсэн хуульд өөрчлөлт нэмэлт оруулан шинэчлэн найруулсан.
- БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1956-8-14-ны өдрийн 117-р зарлигаар Үндсэн хуулийн 45-р зүйлд өөрчлөлт оруулав.
- БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1957-2-27-ны өдрийн 26-р зарлигаар Үндсэн хуулийн 14-р зүйлд өөрчлөлт оруулав.
- БНМАУ-ын Их Хурлын 1957-4-3-ны өдрийн хуулиар Үндсэн хуулийн 11, 14, 38, 45-р зүйлд өөрчлөлт оруулав.
- БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1957-7-6-ны өдрийн 104-р зарлигаар Үндсэн хуулийн 5, 7, 12, 15, 20, 30, 39, 4, 44, 57-р зүйлд өөрчлөлт оруулав.
- БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1959-8-21-ны өдрийн 136-р зарлигаар Үндсэн хуулийн 45-р зүйлд өөрчлөлт оруулав.
- БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1960-6-23-ны өдрийн 134-р зарлигаар БНМАУ-ын шинэ Үндсэн хуулийн төслийг сайшаажээ.