2011-01-04
Анхдугаар Үндсэн хууль /1924 он/

1924 оны 11 дүгээр сарын 26-ний өдөр

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын анхдугаар Үндсэн хууль

Олноо өргөгдсөн гэдэг оны цолыг мөнхүү өдрөөс эхлэн Монгол Улсын 14 дүгээр он гэж халахаар тогтжээ.
Одоо Улсын Их Хурал анх удаа хуралдаж тийнхүү Засгийн газраас тогтсон явдлыг зөвшөөрөн батлаад, Бүгд Найрамдах ардын эрхтэй Монгол Улсын үндсэн хуулийг зохион баталж, дор жагсаан бичсэн тул энэхүү үндсэн хуулийг төв газрын ба орон нутгийн олон яамны эрх баригчдаас зарлан ухуулж бас олон албаны газар ил тавьж үзүүлбэл зохино.
Бас энэхүү үндсэн хуулийн гол тогтоолуудыг олон сургууль ба цэргийн ангид зааварлан сургах явдлыг Их Хурлаас Ардын засгийн газар даалган гүйцэтгүүлэхээр тогтов.

Бидний ардын эрхтэй хэмжээт цаазат улсыг тэргүүлж байсан богд Жавзандамба хутагт хаан олноо өргөгдсөний 14 дүгээр он 4 дүгээр сарын 17-ний өдөр нэгэнт таалал төгссөн учир мөнөөхөн 11-р онд олноор хувьсгал үүсгэн, гадаадын харгисуудаг харьяат орон нутгаас хөөн гаргаж, дотоодын эзэрхэг байдлыг устгаж нэгэнт зоригоо олон ард түмний ашиг тусад нийлүүлэхийн тулд, хувьсгалын ардын сонгон байгуулсан Засгийн Газраас:

НЭГ.  Богд хааны тамгыг Засгийн Газар шилжүүлэн залж хадгалах.

ХОЁР.  Харьяат улсад Бүгд Найрамдах Ардын Засгийг явуулж, да жунтан гэдэг Ерөнхий даргыг сонгохгүй, улсын бүх дээд эрхийг Улсын Бага хуралд ба мөн хурлаар сонгогдсон Засгийн газар хадгалах

ГУРАВ.  Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засгийг явуулах их баярыг жил бүр 6 сарын шинийн 6-ний өдөр улсын баяртай хамтатган явуулах

ДӨРӨВ.  Олноо өргөгдсөн гэдэг оны цолыг мөнхүү өдрөөс эхлэн Монгол Улсын 14 дүгээр он гэж халахаар тогтжээ.
Одоо Улсын Их Хурал анх удаа хуралдаж тийнхүү Засгийн газраас тогтсон явдлыг зөвшөөрөн батлаад, Бүгд Найрамдах ардын эрхтэй Монгол Улсын үндсэн хуулийг зохион баталж, дор жагсаан бичсэн тул энэхүү үндсэн хуулийг төв газрын ба орон нутгийн олон яамны эрх баригчдаас зарлан ухуулж бас олон албаны газар ил тавьж үзүүлбэл зохино.
Бас энэхүү үндсэн хуулийн гол тогтоолуудыг олон сургууль ба цэргийн ангид зааварлан сургах явдлыг Их Хурлаас Ардын засгийн газар даалган гүйцэтгүүлэхээр тогтов.
 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Монголын жинхэнэ ардын эрх чөлөөг илтгэн тунхаглах нь:

 
Нэгдүгээр зүйл. Бүх Монгол улсыг үүнээс хойш Бүгд найрамдах бүрэн эрхтэй Ард улс гэж улсын дээд эрхийг жинхэнэ ардад шилжүүлэн улсын аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүсэглэн дагавал зохино.

Хоёрдугаар зүйл. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын зорилт бол хуучны эзэрхэг харгисын ёс суртлын үлдэгдлийг үндсээр устгаж, улс төрийн захиргааны явдлыг жинхэнэ ардын ёсонд нийлүүлж, шинэ ёсны Бүгд Найрамдах Улсын үндэс тулгуурыг бататган бэхжүүлнэ.

Гуравдугаар зүйл. Улс төрийн бүх хэргийг ард түмнээс удирдан гүйцэтгэх явдлыг хүндэтгэх ба дээр дурдсан ёсоор улсын үндсийг бататгахад гол болгон явуулбал зохих зүйлүүд нь:
1.    Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хязгаарын дотор бүхий газар ба уурхай хийгээд ой мод, ус ба мөн тэдгээрийн баялгууд бол эрт цагаас нааш ард нийтийн хөрөнгө байсаар ирсэн зан сургаал нь чухам одоогийн ард улсын ёсонд нийлэлцэх тул энэхүү хөрөнгө бүрнээ ардын мэдэлд байвал зохих бөгөөд энэ тухай хувийн өмч байгуулж үл болно.
2.    Монголын 11 дүгээр оны хувьсгалаас цааш Монголын эрх баригчдын гадаадтай тогтсон гэрээ бичгүүд ба мөнгө зээлдсэн зүйлүүд бол гадаадаас хүчирхэн хүлээлгэсэн болох тул цөмийг устгасанд тооцно.
3.    Дотоод гадаадын эзэрхэг харгисын үеэс эхлэн зарим нэгэн хүн ба албаны газраас олны хөрөнгийг зааж, гадаадын эзэрхэг шунахай нартай хуйвалдан байгуулсан өр шир бол улсын болон ард олны аж ахуйд маш хорлолтой болох учир энэ 14 дүгээр онд Ардын Засгийн Газрын тогтсон ёсоор эл өрийн үлдэгдлийг бүрнээ төлүүлэхийг хэрэгсэхгүй болгон устгаж басхүү 11 дүгээр онд Засгийн газрын тогтсон ёсоор аль нэгэн этгээдийн байгуулсан өрийг ард олонд халдаан төлүүлэх суртлыг устгасан явдлыг батлав.
4.    Улсын аж ахуй ба эдийн засгийн бодлогыг чухал болгон тус улсаас эрхлэн удирдах ба басхүү гадаадтай харилцах худалдааг улсын онц эрх болгон авах нь ардын эрхийг мандуулах, мөн ардын эрхт засгийг бататгахад чухал нөхцөл болох тул цөм улсаас эрхэлбэл зохино.  
Үүнд тайлбарлах нь: Гадаад улстай харилцах худалдааг улсын онц эрх болгон авах явдлыг зүй зохисыг үзэж гүйцэтгэвэл зохино.
5.    Жинхэнэ ард түмний эрх чөлөөг бүрэн бүтнээр хамгаалах ба басхүү гадаад дотоодын харгис шунахай нарын эрх мэдэл хөгжих замыг таслан сэргийлэхийн тулд ардын хувьсгалт цэргийг байгуулахаас гадна улсын идэр залуу ардыг цэргийн эрдэмд боловсруулбал зохино.
6.    Тус улсын харьяат аливаа хүнийг шүтэх, итгэх явдалд бүрнээ эрх чөлөө олгохын тул шашны хэргийг улс төрийн хэргээс тусгаар байгуулж, шашин шүтлэгийн явдлыг өөр өөрийн дур сүсгээр болговол зохино.
7.    Элдэв хэргийн жинхэнэ ард түмнээр шүүмжлэх эрхийг хүндэтгэж тус улсаас аливаа хэвлэх, нийтлэх явдлыг бүрэн гүйцэтгүүлбэл зохино.
8.    Жинхэнэ ард түмний нийтээр хуралдах, цэнгэлдэх ба баяр үйлдэх явдлыг, тус улсаас тэдний хэрэглэх орон байшин элдэв хэрэглэл зэргийн бэлтгэн гүйцэтгүүлбэл зохино.
9.    Жинхэнэ олон ардын аливаа эвлэл хоршоо зэргийг байгуулах, эрх чөлөөг хүндэтгэх эл явдалд тус улсаас элдэв тусламж үзүүлбэл зохино.
10.    Жинхэнэ олон ардын аливаа эрдэм соёл гэгээрүүлэх замыг нээгдүүлэн, тус улсаас элдэв ухааны эрдэмд бүрнээ үнэ төлбөргүйгээр боловсруулах явдлыг гүйцэтгэвэл зохино.
11.    Тус улсын харьяат ард түмэнд угсаа, шашин, эрэгтэй эмэгтэй гэдэг ялгаваргүй нэгэн адил эрхийг эдлүүлбэл зохино.
12.    Тус улсыг олон ардын эрх ашгийг хүндэтгэн хамгаалахын тул хэрэв аль нэгэн хүн буюу хэсэг этгээд өөрийн эрхийг улсын явдалд хортойгоор хэрэглэх аваас тэдний эрхийг хязгаарлах буюу устгавал зохино.
13.    Ван, гүн, тайж нарын хэргэм зэрэг, аливаа хутагт хувилгаадын захирах тушаах ба ардын хөрөнгөнд холбогдох эрхийг устгавал зохино.
14.    Бүх дэлхийн жинхэнэ ард түмний зорилго нь одоогийн эзэрхэг хөрөнгөтний байдлыг үндсээр нь устгаж, нийгэм журамт ба эв хамт ёс журмыг эрмэлзэх тул бидний жинхэнэ ард улсаас гадаадтай харилцах засгийн бодлогыг бүх дэлхийн бага буурай улс ба хувьсгалт ард түмний ашиг тус, үндсэн зорилготой нийлүүлэн явуулбал зохино. Үүнд тайлбарлах нь: Мөн цагийн байдлыг хянаж ямар ч гадаад улстай харилцан найрамдаж болох боловч бидний улсын бүрэн эрхэд халдах этгээд бий ахул бүхий л хүчнээр эсэргүүцэн эгүүлбэл зохино.
 
ХОЁРДУГААР БҮЛЭГ
 
Улсын дээд эрхийг барих газрын тухай
Дөрөвдүгээр зүйл: Бүгд Найрамдах Монгол Ард Улсын дээд эрхийг Улсын Их Хуралд хадгалах бөгөөд мөн хурлын чөлөө цагт улсын бага хуралд хадгалуулах ба бас мөн хурлын чөлөө цагт Бага Хурлын тэргүүлэгчид ба Засгийн Газрын дунд хадгалуулбал зохино.

Тавдугаар зүйл:  Улсын дээд эрхийг хадгалах газруудын эрхлэн шийтгэвэл зохих зүйлүүд нь:
1.    Гадаадтай харилцахад тус улсыг төлөөлөх ба мөн харилцах явдлыг эрхлэх улс төрийн ба худалдааны зэрэг хэргүүдийн тухай гадаадтай гэрээ бичиг тогтоох
2.    Тус улсын хил хязгаарыг өөрчлөх, байлдах, найрамдах явдлыг эрхлэх, мөн гадаадтай тогтоосон гэрээ бичгийг батлах
3.    Гадаад дотоодоос мөнгө урьдчилан зээлдэх, эл зүйлийн эх хүүг төлж дуусгах, мөн төлөх хугацааг сунгах ба гадаад мөнгө зээлүүлэх
4.    Гадаадтай харилцах худалдааны хэргийг удирдах, дотоод худалдааны явдлын тухай хэмжээ заавар тогтоох,
5.    Тус улсын ард олны аж үйлдвэрийн бодлогыг зохиох Концесс ба монополь гэдэг онц эрхийг олгох, өөрчлөх, устгах
6.    Аливаа зам тээвэр, цахилгаан мэдээ, шуудангийн явдлыг байгуулах
7.    Улсын цэргийн хүчнийг байгуулах удирдах
8.    Улсын орлого зарлагыг батлах, гэвчуур татварын зэрэг орлогын зүйлийг тогтоох
9.    Улсын мөнгөний үнийн хэмжээг тогтоох, мөнгөний тэмдэгт цаас зоос үйлдүүлэх
10.    Газар эдлэх нийтийн дүрмийг батлах, аймаг хошуудын нутгийн хил хязгаарыг байгуулах, дэлхийн баялгийг ашиглах, дүрэм заавар тогтоох
11.    Улсын шүүх таслах газруудын хэргийг явуулах дүрэм хэмжээ мөн иргэний ба эрүүгийн хууль зүйлийг тогтоох
12.    Ардыг гэгээрүүлэхийн тухай дүрэм хэмжээг тогтоох
13.    Хүний өвчин эмгэгийг анагаах засах сэргийлэх дүрэм хэмжээ тогтоох
14.    Аливаа хэмжээ жигнүүрийг тогтоох
15.    Улсын аливаа тоо бүртгэх явдлыг тогтоох

Зургадугаар зүйл:  Улсын үндсэн хуулийг өөрчлөх, батлах явдлыг гагцхүү Улсын Их Хурлаас эрхлэн шийтгэвэл зохино.
 
Улсын Их Хурлын тухай
 

Долдугаар зүйл: Улсын их хурал бол аймаг ба хот жич ардын цэргийн төлөөлөгчид хуралдах бөгөөд тоог төлөөлөгчид сонгох газрын хүн амын олон цөөнийг үзэж нэгэн жилийн хугацаагаар сонгоно.
Үүнд тайлбарлах нь:
1/ хэрэв ямарваа шалтгаанаар аймгийн хурал хуралдаж үл чадах нь бий аваас хошуудаас төлөөлөгчдийг томилон явуулна.
2/ Улсын их хурлын төлөөлөгчдийг сонгоход мөн улсын их хурлын төлөөлөгчийг сонгох дүрмийг баримталбал зохино.

Наймдугаар зүйл:  Улсын Их Хурлын тогтмол хурлыг Улсын Бага Хурлаас эрхлэн жил бүр нэгэн удаа хуралдуулбал зохино.

Есдүгээр зүйл:  Улсын Их Хурлын онц хурлыг Улсын Бага Хурлаас буюу Их Хурлын гишүүдийн гурван хувийн нэгэн хувь ба эсхүл харьяат улсын гурван хувийн нэгэн дээш тооны хүмүүс бүхий газруудын улсын их хурлын төлөөлөгчдийг сонгох эрхтэй хурлаас хуралдуулсугай гэж хүсвэл даруй хуралдуулна.

Аравдугаар зүйл:  Улсын Их Хурал нь гучин гишүүдийг сонгож Улсын бага хурлыг байгуулна.

Арваннэгдүгээр зүйл:  Улсын Бага Хурлын аливаа хэргийг улсын их хурлаас хянан байцаана.

  Улсын Бага Хурлын тухай

  Арван хоёрдугаар зүйл: Улсын Бага Хурал нь хууль дүрэм, тогтоол, тушаал гаргах, Засгийн Газар ба олон яам газруудыг хянан байцаах явдлыг ерөнхийлөн захирах, харьяат хурлын тэргүүлэгчид ба Засгийн Газрын эрхлэн шийтгэх зүйлүүдийн дүрмийг төлөвлөн тогтоох, Засгийн Газрын явуулах хэргүүдийн гол төлөвийг зааварлах, улсын үндсэн хууль ба мөн их хурлын тогтоолуудыг ёсоор гүйцэтгэх явдлыг эрхлэн шийтгэвэл зохино.
 
Арван гуравдугаар зүйл:  Улсын Бага Хурал нь нэгэн жилд хоёр удаагаас цөөнгүй хуралдвал зохино.
 

Арван дөрөвдүгээр зүйл:  Улсын Бага Хурлын онц хурлыг мөн хурлын тэргүүлэгчид буюу Засгийн Газрын ба эсхүл тус хурлын гишүүдийн гурван хувийн нэгэн хувиас хуралдуулсугай гэж хүсвэл даруй хуралдуулбал зохино.

Арван тавдугаар зүйл:  Улсын Бага Хурал нь үргэлж суух харьяат хурлын тэргүүлэгчдийн таван хүн ба Засгийн Газрыг нэгэн жилийн хугацаагаар тус тус сонгохоос гадна хэрэв чухал хэрэг тохиолдвол комиссыг сонговол зохино.

Арван зургадугаар зүйл:  Улсын Бага Хурал нь шийтгэсэн хэрэг ба явуулсан засгийн ерөнхий бодлого зэргийг улсын их хуралд илтгэн байцаавал зохино.

Арван долдугаар зүйл:  Улсын Бага Хурлын олон гишүүдийг тус улсын тэргүүлэгчид буюу эсхүл мөнхүү тэргүүлэгчдээс зөвшөөрлийг авч аливаа албан тушаалд явуулбал зохино.
Үүнд тайлбарлах нь: Бага Хурлын Тэргүүлэгчдээс тус хурлын гишүүдийн эрхийн тухай тусгай дүрэм тогтоовол зохино.

Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн тухай

Арван наймдугаар зүйл:  Улсын Бага Хурлын Тэргүүлэгчил нь тус хурлыг жолоодно.

Арван есдүгээр зүйл:  Улсын Бага Хуралд хэлэлцэн шийтгэвэл зохих зүйлүүдийг бэлтгэн гүйцэтгэвэл зохино.

Хорьдугаар зүйл:  Аливаа хууль дүрмийн эхийг зохиож Бага Хуралд хэлэлцүүлбэл зохино.

Хорин нэгдүгээр зүйл:  Улсын Бага Хурлын тогтоолуудыг хэрхэн гүйцэтгэж байгааг хянавал зохино.

Хорин хоёрдугаар зүйл:  Улсын Бага Хурлын Тэргүүлэгчид бол Засгийн Газрыг удирдан орон нутгийн ба аливаа хэргүүдийн тухай зохих газруудтай Засгийн Газраар уламжлуулан харилцах боловч онц чухал хэрэг тохиолдвол шууд харилцах болно.

Хорин гуравдугаар зүйл:  Аливаа ял хэлтрүүлэх, хөнгөрүүлэх явдлыг эрхлэн шийтгэвэл зохино.      

Хорин дөрөвдүгээр зүйл:  Бага Хурлын Тэргүүлэгчид нь тус хурлын чөлөө цагт аливаа дүрэм хэмжээ батлах ба басхүү засгийн газрын тогтоолын дотроос татгалзалтай зүйл бий аваас эгүүлэн залруулах буюу эсхүл түдгэлзүүлэн дараагийн бага хуралд оруулж таслан тогтоолгохоос гадан яамны сайдуудыг сонгох огцруулах хэргийг эрхэлбэл зохино.

Хорин тавдугаар зүйл:  Бага Хурлын Тэргүүлэгчид нь Засгийн Газрын хооронд үл тохирох буюу  Засгийн Газарт гомдсон хэрэг гарвал хянан шийтгэвэл зохино.

Хорин зургадугаар зүйл:  Бага Хурлын Тэргүүлэгчид нь аливаа шийтгэсэн хэргээ тус хуралд тайлбарлан илтгэж хянан байцаалгавал зохино.

Засгийн Газрын тухай
Хорин долдугаар зүйл:  Засгийн Газар бол тус улсыг ерөнхийлөн захирах газар мөн бөгөөд гишүүд нь ерөнхий сайд, жинхэнэ орлогч сайд, бүх цэргийн ба эдийн засгийн зөвлөлийн тэргүүлэгчид, бүх цэргийн жанжин улсын хянан байцаагч, дотоод гадаад цэрэг, санхүү, аж үйлдвэр, шүүх, ардыг гэгээрүүлэх яамны сайдууд болно.

Хорин наймдугаар зүйл:  Засгийн Газар нь тус газрын эрхлэн шийтгэх зүйлүүдийн дүрэмд тусгагдсан аливаа хэргийг гүйцэтгэн явуулбал зохино.
 

Эдийн Засгийн Зөвлөлийн тухай
 

Хорин есдүгээр зүйл:  Тус улсын аливаа аж ахуй, эдийн засгийн бодлогыг ерөнхийлөн эрхлүүлэхийн тухай Засгийн Газрын дэргэд тусгай дүрмийн ёсоор эдийн засгийн зөвлөлийг байгуулбал зохино.
 

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Нутгийн захиргааны тухай

 

Гучдугаар зүйл:  Нутгийн захиргааны хууль, дүрмийн ёсоор аймаг, хошуу, сум, баг, арван гэр хүртэл олон хотын газар, орон нутгийн хурал байгуулбал зохино.

Гучин нэгдүгээр зүйл:  Нутгийн хурал нь аливаа аж ахуй ба албаны хэргүүдийг гүйцэтгэн явуулахаар өөрсдийн дундаас аймаг, хошуу, сум, баг, арван гэрийн аливаа хэрэг явдлыг гүйцэтгэх захиргааны газрыг сонгон байгуулбал зохих бөгөөд мөн албан хаагчдыг нэгэн жилийн хугацаагаар сонговол зохино.

Гучин хоёрдугаар зүйл:  Дээр дурдсан аливаа захиргааны газрууд тус тусын орон нутгийн хуралд хянан байцаагдвал зохино.

Гучин гуравдугаар зүйл:  Аймаг, хошуу, сум, баг, арван гэрийн хурал ба захиргааны газруудын эрх хэмжээ харилцах зэрэг явдлыг нутгийн захиргааны дүрэмд заасан ёсоор гүйцэтгэн явуулбал зохино.
 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Сонгох, сонгогдох эрхийн тухай
Гучин дөрөвдүгээр зүйл:  Улсын Их, Бага Хурал ба нутгийн хурлуудад төлөөлөгчдийг сонгох ба мөн төлөөлөгчдөд сонгогдох эрхийг эдэлбэл зохих тус улсын харьяат эр эм хамаагүй хэн боловч сонголт үйлдэх өдөр арван найман нас  хүрэгсэд нь /нэг/ өөрийн хүчнийг үнэлэх буюу хувийн ажил хийж амьдрагчид /хоёр/ ардын хувьсгалт цэрэг болно.

Гучин тавдугаар зүйл:  Аливаа хурлын төлөөлөгчдийг сонгох ба  төлөөлөгчдөд сонгогдох эрхгүй хүмүүс нь:
1.    Ямагт ашгийг эрмэлзэх, бусдыг зарж амьдрагчид
2.    Ямагт бусдыг хөлслөн зарах ба хөрөнгө орлого зэргийн үржлээр амьдрагч жинхэнэ худалдааны ба мөнгө хүүлэгчид
3.    Урьдын ван, гүн ба хутагт хувилгаад, жич орон хийдэд үргэлж суух санваартан лам нар
4.    Солиорсон ба ухаан эвдэрсэн бөгөөд зохих газраас шинжлэн батлагдагсад
5.    Эд хичээх зэргээр нэрийг гутаах явдлыг үйлдэж зарга шүүх газраас ял шийтгэгдэгсэд болно.

Гучин зургадугаар зүйл:  Сонголтыг үйлдэх ба түүнийг хянан байцаах, сонгох зэргийг сонголтын тусгай дүрмийг баримталж шийтгэвэл зохино.
 
ТАВДУГААР БҮЛЭГ

Улсын орлого зарлагын эрхийн тухай

Гучин долдугаар зүйл:  Тус улсын аливаа орлого зарлагыг бүх улсын төсөвлөсөн дансанд нэгтгэвэл зохино.

Гучин наймдугаар зүйл:  Улсын бүх орлого, зарлагын төсөвлөсөн дансыг Улсын Их Хурлаас буюу онц хэрэг учир тохиолдвол Улсын Бага Хуралд  мэдүүлэн батлуулбал зохино.

Гучин есдүгээр зүйл:  Улсын бүх орлого, зарлагын төсөвлөсөн дансыг уул орлого зарлагыг хэрэглэх жилийн наана 2 сарын урьдаас зохиож дээд газар мэдүүлэн батлуулбал зохино

Дөчдүгээр зүйл:  Хэрэв төсөвлөсөн жилийн эхэн хүртэл улсын орлого зарлагын дансыг үл баталбал батлахын наана засгийн газраас өнгөрсөн жилийн орлого зарлагын дансыг баримталж хэрэглэвэл зохих боловч төсөвлөсөн жилийн дөрвөн сараас цааш хэтрүүлж үл болно.

Дөчин нэгдүгээр зүйл:  Ямарч зүйлд хэрвээ улсын данснаа оруулж үл батлагдсан буюу эсхүл тусгаж дүрэм гаргасан нь бус бол улсын сангаас гаргаж үл болно.

Дөчин хоёрдугаар зүйл:  Улсын орлого зарлагын дансаар тавьж олгосон зүйлийг уг зориулсан зүйлд шууд зарах ба нэгэнт батлагдсан төсөвлөлийн доторхи зүйл ангиар ялгаварлан хэтрүүлэхгүй зарахаас гадна Засгийн Газраас тусгай тогтсон зүйлгүй бол бусад зүйлд хэрхэвч зарж үл болно.

Дөчин гуравдугаар зүйл:  Улсын Их буюу Бага Хурлаас ямар зүйлийн орлого татвараас аль зүйлийг бүх улсын орлого зарлагын төсөвлөсөн данснаа оруулах ба ямар зүйлийг нутгийн захиргааны зарлагад хэрэглэвэл болох явдлыг ялган салгаж тогтооно.

Дөчин дөрөвдүгээр зүйл:  Улсын бүх зардлыг сангаас тавин гүйцэтгэхээс гадна орон нутгийн захиргааны газрууд нь төв засгийн газраас тогтоон зарласан дүрмийг баримталж харьяат ардаас татварлан авч нутгийн зохих зүйлд таацуулан хэрэглэвэл зохино.

Дөчин тавдугаар зүйл:  Орон нутгийн албан газруудаас орон нутгийн зарлагыг төсөвлөхдөө сар ба нэгэн жилээр данс үйлдвэл зохихоос гадна сумын төсөвлөсөн дансыг хошууны тамгын газраас баталж аймгийн төсөвлөсөн дансыг засгийн газраас баталж, хошууны төсөвлөсөн дансыг аймгийн яамнаас бүх улсын орлого зарлагын дансанд багтааж 6 сар ба нэгэн жилийн хугацаагаар батлуулбал зохино.

Дөчин зургадугаар зүйл:  Улсын төсөвлөсөн дансанд  үл орсон буюу орсон боловч үл гүйцэлдэх бөгөөд бүх улсын орлогод хэрэглэх учир тохиолдвол нэмэгдүүлэн шийтгэх явдлыг орон нутгийн захиргаа нь зохих явдлын яаманд мэдүүлэн шийтгүүлбэл зохино.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

Улсын тамга ба сүлд тэмдэг, туг далбаа гурвын тухай

Дөчин долдугаар зүйл:  Улсын Их Хурлаас дараалан Засгийн Газар, олон явдлын яам, албаны газруудын тамгыг цөм дөрвөлжин бөгөөд нүүрийн дундад соёмбо гэдэг эрхэм үсэг, түүний хоёр этгээдэд уул газрын нэр сэлтийг үйлдүүлэн гүйцэтгүүлбэл зохино.

Дөчин наймдугаар зүйл:  Улсын сүлд тэмдэгт дээр дурдсан соёмбо үсэг, түүний доод этгээдэд бадамлянхуа цэцгийн зураг бүхий сүлд тэмдэг хэрэглэн явуулбал зохино.

Дөчин есдүгээр зүйл:  Улсын туг далбааг улаан өнгөтэй бөгөөд дундад нь улсын сүлд тэмдгийг оруулан үйлдүүлж гүйцэтгүүлбэл зохино.

Тавьдугаар зүйл:  Тус улсын их, бага хурлыг Улаанбаатар хотод хуралдуулан байвал зохино.

ХУРЛЫН ДАРГА
ДЭД ДАРГА
НАРИЙН БИЧГИЙН ДАРГА

Монгол улсын 14 дүгээр он 10 сарын 30 бөгөөд аргын улирлын 11 дүгээр сарын 26-ний өдрийн үдийн хойд цаг 4 цаг 17 минутанд энэхүү Үндсэн хуулийг Улсын анхдугаар Их Хурлын 14 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлд батлав .
Бичсэн: EDUCATION | цаг: 10:16 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1764853 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax