2011-01-26
Сургалтын тухай ухагдахуун, бүтэц, мөн чанар.


 Обучение –Teachihg learning process

 

1.    Сургалтын мөн чанар

2.    Сургалтын бүтэц

3.    Сургалтын үүрэг

Улс орны болон хувь хүний тогтвортой хөгжлийн үндэс нь боловсрол юм. Хүн боловсролыг дараах  3 замаар олж  авах  боломжтой  байдаг. Үүнд:

1.    Ямар нэгэн сургуульд албан ёсны сургалтаар

2.    Сургуулиас гадуур явагдах албан бус сургалтаар

3.    Амьдарч буй орчноосоо.

Хүн боловсролынхоо ихэнх хэсгийг сургалтаар эзэмшдэг. Иймээс сургалт бол иргэний боловсрох гол арга зам бөгөөд  СХҮА-ны зохион байгуулалтын үндсэн хэлбэр юм. Багшийн оролцоо сургалтын гол шинж  нь  болдог. Иймд багш хүн сургалтыг зохион байгуулахын тулд энэ талаар тодорхой мэдлэгтэй байх шаардлагатай. Сургалт хэмээх нийгмийн үзэгдэл хүний үүсэлтэй холбоотой  бөгөөд  хүн төрөлхтний түүхэнд  анх  Энэтхэг, Хятадад  үүссэн гэж  үздэг.

            1.Сургалтын мөн чанар

Сургалт хэмээх ухагдахуун нь маш олон янзын холбоо хамаарал, харилцаа, шинж чанарыг агуулж олон хүчин зүйлүүдээс шалтгаалдаг нарийн нийлмэл үйл явц учраас бүх талаас нь бүрэн дүүрэн тодорхойлох боломжгүй учраас мөн чанарыг нь олон зүйлээр  тодорхойлж  болно.

1.          Сургалт нь тогтолцоот шинжтэй үйл явц. Өөрөөр хэлбэл нарийн тогтолцоо  байдлаар хэрэгждэг.  Зорилго – агуулга - арга хэлбэр - хэрэглэгдхүүн - үр дүн гэсэн хоорондоо уялдаа холбоо бүхий элементүүдээс тогтоно.

2.          Хамтын шинжтэй үйл явц. Багш сурагчдын хамтарсан, бүтээлч, идэвхтэй үйл ажиллагааг  шаарддаг.

3.          Динамик шинжтэй. Сургалт цаг үеэ даган байнга өөрчлөгдөж байдаг. Нийгмийн байгуулал, харилцаа, хөгжил, боломж зэрэг обьектив хүчин зүйлийн зэрэгцээ сурагчийн сонирхол, багшийн ур чадвар зэрэг субьектив хүчин зүйлийг ч  харгалзах шаардлагатай.

4.          Удирдан залагддаг үзэгдэл. Багш буюу мэргэшсэн субьектийн удирдлагад явагддаг  бөгөөд тусгай төлөвлөлт, зохион байгуулалт шаарддаг.

5.          Зорилго чиглэлтэй үйл явц. Тодорхой үр дүнд хүрэхийг зорьдог. Сургалтын зорилт нь эзэмшсэн мэдлэг, чадвар, дадал, үйл ажиллагааны арга барилыг практикт хэрхэн хэрэглэж  чаддаг болсноор шийдвэрлэгддэг.

6.          Байнгын тасралтгүй шинжтэй. Сургалтын бүхий л түвшний нэгдмэл байдал, сургалтын  залгамж  чанараар илэрдэг.

7.          Хянаж шалгагддаг үйл явц. Тодорхой үр дүнд хүрэхийг зорьж  байдаг учраас үнэлж,  оношилж  прогноз хийж  болдог.

8.          Бүтээлч шинжтэй. Сурагчдыг сургаж  хөгжүүлэх үйл ажиллагаа бэлэн жороор явагдахгүй бүтээлч шинжтэй байдаг. Учир нь сургалтын явцад багш шинээр гарч буй асуудал бэрхшээл, зорилтыг сурагчидтай хамтран шийдвэрлэж байдаг.  Энэ  үйл явцын эрчимтэй  байдлаар илэрдэг.  Эдгээрээс  үндэслээд:

Сургалт гэдэг нь боловсролын тодорхой зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн багш сурагч 2-ын  хамтын бүтээлч үйл ажиллагаанаас  бүрдэх, хоёуланд нь  чанарын өөрчлөлт гаргах зорилготой   түүний зорилго, агуулга нь суралцагчийн хэрэгцээ нийгмийн шаардлагаар тодорхойлогдож, тэдгээрийг хэрэгжүүлэх чиг хандлага, арга технологийг  багш тодорхойлж  чиглүүлэн жолоодох үйл явц юм.

Нийгмийн байгуулал хөгжиж, хүмүүсийн хэрэгцээ өргөжин туршлага хуримтлагдахын хирээр  сургалт өөрчлөгдөн түүний зорилго, агуулга, аргазүй зэрэг нь улам  боловсронгуй болж  ирсэн түүхтэй. Нийгмийн хөгжилтэй уялдаж тухайн хүний нийгэмд амьдрах хувь хүнд зайлшгүй шаардагдах наад захын мэдлэг, чадвар, ур ухаан нь байнга шинэчлэгдэн  өсч  байдаг.

2. Сургалтын бүтэц  Сургалт нь өөр хоорондоо уялдаа бүхий дараах элементүүдээс  бүрдэнэ.

 А. Суралцагсдын хэрэгцээ Өнөөгийн суралцагсад шүүмжлэлтэй бүтээлчээр сэтгэж  сурах, мэдээлэлтэй ажиллах, асуудал шийдвэрлэж сурах  насан туршдаа суралцаж  хөгжиж  чаддаг байх хэрэгцээтэй.

 Б.  Зорилго, зорилтууд: Сургалтын зорилго бол бие дааж сурах, ажиллаж амьдрах  чадвартай, мэдлэг чадвараа өөрөө дээшлүүлж өөрийгөө хөгжүүлэх шинийг хүлээн авах болон хийж  бүтээх чадавхитай бие хүнийг төлөвшүүлэх явдал юм.  Сургалтын үндсэн зорилтуудыг ярихын тулд хүн яах гэж  сурдаг вэ? гэсэн асуултанд хариулах хэрэгтэй болов уу? Хүн орчиндоо дасан зохицож, хөгжин боловсрохын тулд насан туршдаа суралцдаг. Иймээс сурагчдад  бие дааж  сурах арга барилуудыг эзэмшүүлэх явдал юм.

·         Хүн оршин байхын тулд суралцдаг-нийгмийн шаардлагад зохицон өөрийгөө тал бүрээр хөгжүүлэхэд нь туслах

·         Хүн мэдэхийн тулд суралцдаг –стандартын шардлага хангасан мэдлэг эзмшихэд туслах

·         Хүн хийхийн тулд суралцдаг-мэдлэг эзэмшээд зогсохгүй ур чадварыг эзэмшсэн байх. Бодит чадвартай иргэн төлөвшүүлэх  асуудал чухал.

·         Хамтдаа нийгэмшин амьдрахын тулд суралцдаг. Бие хүний эрхэм чанаруудыг төлөвшүүлэх

В.  Агуулга Шинжлэх ухааны бэлэн мэдлэг олгодог байдлаас ухарч амьдралд хэрэгтэй мэдлэг, арга барил, ур чадвар, юмс үзэгдэлд хандах хандлага эзэмшүүлэх. Өөрөөр хэлбэл академик талыг бууруулахгүйгээр прагматик талыг нэмэгдүүлэх чиглэлийг баримталж  байна. Тухайлбал агуулгад сурагчидад эзэмших мэдлэг, чадвар, ур ухаанаас гадна түүнд төлөвшүүлэх бие хүний шинж  багтана.  Сургалтын агуулга нь суралцагч болоод нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангахад чиглэгдэнэ. Гэхдээ энэ нь улс нийгмийн хөгжилтэй уялдаж байнга шинэчлэгдэн  байдаг. Суралцагчийн хэрэгцээ гэдгийн цаана тухайн хүний ажиллаж амьдрахад нь зайлшгүй шаардагдаж  буй мэдлэг, ажиллах арга ухаан, ур чадварыг ойлгох ба боловсрохын утга учир нь ажиллаж, амьдрахын  арга ухааныг  эзэмшиж  өөрийгөө авч явах чадвартай болоход оршино.

Г. Багшийн сургах үйл ажиллагаа. Багшийн сурган хүмүүжүүлэх үйл арга ажиллагаа нь сурагчдад бэлэн мэдээлэл дамжуулагч, хянагч, шалгагч байх бус сурагчдын танин мэдэх үйлийг сэдэлжүүлэх, идэвхжүүлэх, хамтран ажиллах, туслан зөвлөх, хэрэгцээ онцлогийг судалдаг судлаач, сурагчдын сурч танин мэдэх төрөл бүрийн үйл ажиллагааг зохион байгуулагч менежер байх болсон. Сургалтанд багшийн гол үүрэг нь суралцагчийн сурах үйл ажиллагааг чиглүүлж жолоодоход оршино. Багш нь сурагчдад сурах ёстой зүйлийг дамжуулан заах бус, сурах үйлдээ хандах хандлагыг төлөвшүүлж зорилго зорилтоо ухамсартай тодорхойлж  хэрэгжүүлэх арга зам, хэрэглэх зүйлсээ оновчтой сонгоход нь туслан алдаа гаргахаас сэргийлж, гаргасан алдаа доголдлыг нь цаг алдалгүй засах зорилтыг тавьж  ажиллах нь чухал. Багшийн сургах үйл ажиллагааны зорилго нь суралцагсдад их хэмжээний мэдлэг чадвар эзэмшүүлэхэд бус, тэднийг цаашид бие даан суралцаж өөрийгөө хөгжүүлж нийгмийн хэрэгцээ шаардлагад зохицон ажиллаж  амьдрах чадвартай болгоход оршино. Багшийн сургах үйл ажиллагаанд сурах үйлийг хянаж, үнэлж дүгнэх элемент багтах бөгөөд юу мэдэж чадаж  байгааг үнэлэхээсээ илүү сурах үйлийн арга барил эзэмшиж буй байдал, хөгжил төлөвшлийнх нь хандлагыг оновчтой хөтлөх чиг баримжааг олохыг хичээх нь чухал.

Д. Сурагчийн сурч танин мэдэх үйл ажиллагаа. Багшийн хэлсэн ярьсан зүйлийг сонсох, сурах бичгээ унших зэргээр хязгаарлагдахгүй өөртөө хэрэгтэй мэдлэг чадварыг бүтээх, түүнээ бусадтай хуваалцах, идэвхтэй суралцах, өөрийн үйл ажиллагаагаа төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх чадвартай субьект  болсон.

Е. Сургалтын  аргазүй. Би хичээлээ яаж заах вэ? Хүүхэд яаж суралцдаг вэ? гэдэг асуултын байр солигдсон. Хэрэв хүүхэд яаж суралцдаг вэ? гэсэн асуултын хариултыг олоод тэр зүй тогтолд нийцүүлэн аргазүйгээ боловсруулбал илүү оновчтой байх болно.

Ё. Хэрэглэгдхүүн Хүн ер нь юунд суралцдаг вэ? Хүн үйлэнд суралцдаг. Тэрхүү үйлийг орчин бий болгож  байдаг. Таатай орчин: 

1. Материаллаг  орчин /анги, сургалтын хэрэглэгдхүүн/ 

2. Сэтгэлзүйн орчин /сурах, сургах  сонирхол, тэмүүэл, чармайлт, нийгмийн сэтгэлзүй, үнэлэмж/

3. Үйлийн орчин: /Багш- шавь- эцэг эхийн хамтын  үйл  ажиллагаа/

З. Сургалтын үр дүн, үнэлгээ Үйл ажиллагаа явагдаж  учраас түүний явц, хүрэх үр дүн хоёрын хамаарлыг алхам тутамд хянан шинжлэх шаардлагатай. Амжилт болон доголдлын шалтгаан юу байв? гэдгийг эрт оношилж  сайжруулахад  үнэлгээ хяналт шинжилгээ чухал үүрэгтэй. Аливаа сургалтын үр дүн нь сурагчдад гарч байгаа төлөвийн өөрчлөлтөөр хэмжигдэнэ. /оюун ухаан, ур чадвар, ёс суртахуун/ Сурагчдын гүйцэтгэсэн ажлын тоог бүртгэж үнэлдэг хандлагаас гүйцэтгэх чадварт гарч буй өөрчлөлтөөр үнэлдэг, үнэлүүлэхийн тулд гүйцэтгэдэг байр сууринаас  алдаа оноог илрүүлэхийн тулд гүйцэтгэдэг байр суурь луу шилжих шаардлагатай болж  байгаа юм.  Урам хайрласан үнэлгээг эрхэмлэх явдал чухал.

3. Сургалтын үүрэг.    Сургалт  нь дараах 3 үүрэгтэй. 

1.    Боловсруулах үүрэг. Сургалтын явцад суралцагч нь оюун ухаан, гоо зүй, ёс суртахуун, сурах арга барилын хувьд боловсорч тодорхой хэмжээний мэдлэг чадвар эзэмшин, тодорхой түвшний боловсролтой болно.

2.   Хөгжүүлэх үүрэг. Сургалтын явцад сурагчийн оюун ухаан, гоо сайхан, ёс суртахуун, сурч танин мэдэх арга барил, юмс үзэгдэлд хандах хандлагын хувьд  чанарын  ахиц  өөрчлөлт гарна.

3.     Хүмүүншүүлэхүйн үүрэг. Суралцагчийн юмс үзэгдлийг үнэлэх үнэлэмж, өөртөө болоод бусдад хандах хандлага, ёс суртахууны хэм хэмжээ төлөвшиж өөрийн үйл хөдлөлийг зохицуулан жолоодох чадвар хөгжинө.

Бичсэн: EDUCATION | цаг: 13:21 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


Сайн байна уу?

Энэ блогийн эзэн Өмнөговь аймгийн хүн бололтой. Yahoo Messenger-т хаягийг чинь нэмчихлээ. Холбоо бариарай.

Б.Мөнх-Эрдэнэ
Бичсэн: etgeed цаг: 15:00, 2011-01-31 | Холбоос | |


гоё шүү алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 14:41, 2011-01-26 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1774146 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax