2011-01-27
Монголчуудын боловсролын түүхэн дэх бичиг үсэг

 

 

Аливаа улс орон, үндэстэн ястны соёлын хөгжлийн нүүр царай, түвшинг ард түмнийх нь боловсролын хэмжээ харуулах ба боловсрол нь мэдлэг, чадвар, дадал эзэмшсэний үр дүн бөгөөд эрдэм ном, бүтээл туурвил, аливаа ажил үйлсэд мэргэжин дадсан байдал юм. “Боловсрол гэдэг нь соёлт хүний эзэмшвэл зохих эрдэм мэдлэг, арга барил, чадвар, дадлын тогтолцоо” хэмээн Монголын нэвтэрхий тольд дурдсан байна. Нийгэм хувь хүнээс юу шаардаж байгааг ханган биелүүлж байгаа нь тухайн улсын боловсролын тогтолцоо өөрийн нийгмийн үүргээ гүйцэтгэж буй хэрэг бөгөөд энэ нь нэг талаараа боловсролын хэрэглээний утга мөн чанараараа илэрч буй хэрэг мөн. Нийгэм хөгжиж, шинжлэх ухаан өндөр түвшинд гарч, хүн ард энэхүү шинжлэх ухааны мэдлэгийг амьдрал ахуйдаа ашиглах нь нэмэгдэхийн хирээр тухайн ард түмнээс боловсрол, мэдлэгийг улам бүр шаардах болсон нь өнөөгийн дэлхий дахины хөгжлийн нэг гол хандлага болж байна.

            Гэгээрэл, боловсрол нь танин мэдэхүй, нийгмийн оюун санааны амьдралд төдийгүй хүмүүсийн хөдөлмөрийн үйл ажиллагаанд нөлөөлөн хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх чухал хүчин зүйл болжээ. Иймд хүн ардынхаа гэгээрэл боловсролын түвшинг ахиулахын төлөө хэрэгжүүлж буй ажил аль ч улс орны хэмжээнд нэн чухал асуудлын нэг байдаг ажээ. Аливаа ард түмэн гэгээрэл, боловсролын ажлыг өөрсдийн амьдралын ахуй нөхцөл, зан заншил, эрхэлж буй ажил хөдөлмөр, аж ахуйн онцлог, байгаль газар зүйн нөхцөлд тохируулан хөгжүүлж байдаг.

            Эртнээс нааш нүүдлийн аж ахуй эрхлэн, хол ойрын аялал, дайн байлдаан хийж байх явцдаа Монголчууд соёл, боловсролоо хөгжүүлсээр ирсэн учраас дэлхийн соёл иргэншилд өөрийн гэх хувь нэмрээ оруулж, хүн төрөлхтөний оюуны соёлын оргилд тооцогдсон бүтээл туурвиж байсан билээ.

            Улс орны боловсролын хөгжлийн хэмжээ цар хүрээ нь тухайн улс орны аж ахуйн онцлог, ард түмний ахуй амьдралаа хөтлөн явуулж буй арга, хэрэгсэл зэрэгтэй нягт холбоотой учраас манай улсын гэгээрэл, боловсролын ажлын түүх нь Монголчуудын нэн эртнээс нүүдлийн аж ахуй эрхлэн ирсэн тэр өвөрмөц шинжтэй нягт холбоотой бөгөөд манай улсад боловсролын тогтолцоо бий болж хөгжихөд цаашид үндэс суурь болох их ач холбогдолтой юм.

            Монгол ардын сурган хүмүүжүүлэх ухааны түүх нь 2000 гаруй жилийн өмнө Монголчууд бичиг үсэгтэй болсон үеэс эхэлсэн гэж үздэг. Монгол хүнийг төрүүлж өсгөх, сургаж боловсруулах, хүнжүүлэн хүмүүжүүлэх нь монгол гэр бүл, аав, ээж, ахмадын үүрэг хэзээнээс байжээ. Монгол айлд үр хүүхэд өсөн бойжиж, сурч боловсорч, хүмүүжин төлөвшдөг учраас гэр бүл нь ардын сурган хүмүүжүүлэх арга туршлага бий болж хуримтлагдах, хадгалагдан залгамжлагдах нэг ёсны хүн төлөвшлийн төв болох бөгөөд монгол айл гэрийн тоогоор энэ төв “ажиллаж” ардын сурган хүмүүжүүлэх өв туршлага нь улам баяжин хөгжсөөр иржээ. Ер нь аливаа ард түмний сурган хүмүүжүүлэх мэдлэг туршлага нь тэр ард түмэнтэйгээ хамтад үүсч хөгждөг бөгөөд тухайн ард түмний үр хүүхдээ болон ер иргэнийг сурган боловсруулж, хүмүүжүүлэх арга ухаан, туршлагын цогцыг ардын сурган хүмүүжүүлэх өв уламжлал гэж нэрлэн түүнийг судлах ухааныг Ардын сурган хүмүүжүүлэх зүй хэмээн үзсээр ирсэн байна. Өөрөөр өгүүлбэл монголчуудын хүнээр хүн хийх ухааны цогцыг ардын сурган хүмүүжүүлэх зүй гэж нэрлэвэл зохино. Чухам энэхүү ардын сурган хүмүүжүүлэх зүйн хүрээнд монголчуудын боловсролын тогтолцоо бүрэлдэж, цаашдаа улам боловсронгуйгаар шинэчлэгдсээр иржээ. Энэхүү боловсронгуй болж, шинэчлэгдсээр ирсэн боловсролын тогтолцоонд монголчуудын бичиг үсгийн соёл томоохон байр эзлэх бөгөөд монголчуудын боловсролын түүх чухам эндээс үүдэлтэй хэмээн үзэж болно. Хүн төрөлхтний буй болгосон боловсрол, бичиг үсгийн түүхэнд монгол туургатан ямар байр суурь эзлэхийг тодруулахын тулд юуны өмнө бичиг үсэг гэж юу болох, түүний хөгжлийн нийтлэг үйл явцыг товч боловч хөндөх нь зүйтэй юм.

Эх байгалиас ялгарч хүн төрөлхтөн буй болоход онцгой үүрэг гүйцэтгэсэн зүйлийн нэг нь яах аргагүй хэл бөлгөө. Хэлний үүргийг ном бичигт “харилцахын хэрэглүүр” хэмээн тодорхойлдог. Тэгэхдээ хэл харьцангуй хязгаарлагдмал нөхцөлд энэхүү үүргээ биелүүлнэ. Тухайлбал: цаг хугацаа, орон зайн шалтгаалцал давхацсан үед буюу өгүүлэгч, сонсогч хоёр этгээд тодорхой нэг орон зайд, тодорхой нэгэн хугацаанд хамт байх үед л хэл харилцахын хэрэглүүр болж чаддаг байлаа. Гэтэл хүний аж төрөл хөгжихийн хирээр цаг хугацаа, орон зайн хязгаарлагдмал шалтгаацлыг давах шаардлага гарч өгүүлэгч, сонсогч хоёр этгээд өөр өөр газар оронд, өөр өөр цаг хугацаанд байх нөхцөлд хэрхэн харилцаж болох боломжийг хайхад хүрч, үүний дүнд бичиг гэдэг бас нэгэн гайхамшигт нээлтийг буй болгожээ /Монголын соёлын түүх. Дэд боть, 1999, 5 дахь тал/.                                    

Бичиг хэмээх үгийн үүсэл гарлын тухай эрдэмтэд янз бүрийн санал, таамаглал хэлдэг бөгөөд тухайлбал, түүхч Г.Сүхбаатар:

 

“бичиг гэдэг үгийн гарлын тухай эрдэмтдийн саналыг дурдвал: 1. Түрэг судлаачид хятадын “би” (бийр) гэдэг үгийн эртний дуудлага “бити”-гээс бичиг гэх үг гаралтай нь эргэлзээгүй мэтээр үзэж байна. Монголч эрдэмтэн П.Поуха ч тэдний саналыг дагажээ. Бичиг гэдэг үг бичгийн хэрэгсэл бийр гэдэг үгнээс гарсан гэхэд үнэмшил багатай. Учир нь бийрнээс өмнө бичсэн бичгийг хүн үзэх ёстой. 2. К.Сиратори зэрэг эрдэмтэн бичиг гэдгийг монгол хэлний үгнээс гарсан гэж үзэж байна. Монгол орны монгол, түрэг угсаатны нүүдэлчдээс бүр урьд өрнөж дорно дахинд бичгийн өндөр соёл буй болсон болохоор уг үг зээлдмэл үг байх нь эргэлзээгүй мэт. Монгол орны эртний нүүдэлчдийн хувьд хятадын иргэншлийн нөлөөг бодвол энэтхэг-европийн иргэншлийнх нь илт давамгайлж байгаа учир бичиг гэдэг үг орос хэлний писать (бичих), письмо (бичиг) гэдгийн пис язгууртай гарал нэгтэй гэж үзэх нь түүх, хэлний талаар бүрэн нотлогдож болохоор байна. Орос хэлний пис язгуур нийт энэтхэг-европийн хэлний “pingere”, “peisai” мэтийн зурах, эрээчих, гоёх гэх утгатай үгнээс үүссэн гэж эрдэмтэд санал нэгтэй үзэж байна. Гэхдээ письмо бичиг нь язгуур нэгтэй үгс болохоос бус, нэг нэгнээсээ үүссэн гэж бид үзээгүй. Д.Доржиевийн бичсэнээр буриадууд Октябрийн хувьсгалын өмнө худам монгол бичиг хэрэглэж байхдаа бичиг гэхийг зурах, бэшэх гэж хоёр янзаар хэлж байв. Эдүгээ ч монголчууд гарын үсэг зурах гэж хэлнэ. Хиргис, якут мэтийн түрэг хэлэнд бичихийг мөн зурах гэж хэлдэг. Энэ нь уг үгний эртний утга хадгалагдсаар ирсний гэрч мөн байх” гэж тэмдэглэсэн байна /Г.Сүхбаатар, 1992, 124-125 дахь тал/.

 

Ингээд бичиг гэдэг зүйл буй болсноороо өгүүлэгч, түүнийг хүртэн сонсогч хоёрыг орон зайн хувьд заавал нэг дор цуг байх, цаг хугацааны хувьд заавал нэг агшинд хамт байх хязгаарыг цуцлах боломжийг бүрдүүлсэн байна. Дээр дурдсан нийтлэг хэрэгцээний эрхээр хүмүүс өөр өөрийнхөө хэлний онцлогт тохирсон үсэг бичгийг зохиож, зарим нь бусад улс үндэстний бичгийг хэлэндээ тохируулан их бага аль нэгэн хэмжээгээр засан авч хэрэглэсээр олон зүйл үсэг бичиг буй болжээ. Үүний зэрэгцээ аливаа улсын үндэсний бичиг нь нийгмийн хөгжлийн тодорхой үе шаттай ямагт холбоотой буй болдог зүйл ажгуу. Иймд бичиг үсгийн судалгааг боловсролын түүхээс тусгай авч үзэхийн аргагүй юм.

Бичиг үсгийн хамгийн анхны хэлбэр нь тухайн хүн өөрийн санаа бодлыг эд юмсаар төлөөлүүлэн өөр нэгэндээ илгээж байсныг “юм бичиг” гэж үздэг. Жинхэнэ утгаараа үсэг бичиг буй болсны эхний шатыг зураг бичиг гэж үздэг бөгөөд эхэн үедээ хийсвэрлэц гэх юмгүй, уг юмаа яг хэвээр нь дүрсэлсэн, зураг, бичиг хоёрын зааг бараг байхгүй, өөрөөр хэлбэл нийлэг хэлбэртэй баижээ. Дэлхий дахинаа ийм зураг бичгийн сонгодог баримт гэвэл эртний хүмүүсийн бууц оромжоос олдсон, тухайлбал Франц, Испанийн нутагт оршдог Дордонийн Ляско, Алитамир зэрэг агуйн туурганы зураг гэж үздэг. Монгол газар ур чадал, цаг хугацааны хувьд тэдгээр алдаршсан туурвилуудаас дор орохооргүй дурсгал гэвэл Ховд аймгийн Хойд Цэнхэрийн агуйн зураг, Бичигт хадны зураг гэж олон эрдэмтэн хүлээн зөвшөөрдөг. Иймэрхүү хад чулууны сүг зураг, дүрс монгол нутгаас газар сайгүй олддог маань эрт цагийн хүмүүсийн бичиг үсгийн эх гэж үзэх үндэстэй ажээ.

 

Хойд Цэнхэрийн хадны агуйн зураг

 

Үсэг бичгийн хөгжлийн дараагийн шатанд дүрс зургийн хийсвэрлэц хөгжиж, уг дүрслэгдэхүүнээсээ холдож, улмаар ямар нэгэн утга илэрхийлэх “санаа бичиг”-ийн шатанд хүрдэг ажээ. Чухам энэ үеэс л бичиг гэдэг сонгодог утгаа олдог гэж үзэж болно. Санаа бичгийг дотор нь хэд ангилдаг. Үүнд: нэг тэмдэг нь бүхэл бүтэн санааг илэрхийлж байвал “өгүүлбэр бичиг” гэнэ. Харин нэг тэмдэгт нь ямар нэгэн санааг нэмэн гаргаж байвал “бүтээвэр бичиг” гэдэг байна.

Бичигт хадны зураг

 

Бичиг үсэг хөгжлийнхөө дараагийн шатанд уг тэмдэглэгдэхүүнээсээ бүрмөсөн салан бүрнээ хийсвэрлэж, хэлний тодорхой нэг буюу хэдэн авиаг тэмдэглэх болсноор “авианы бичиг” буй болжээ. Авианы бичгийг дотор нь хоёр зүйл болгон үздэг. Нэгэн тэмдэгт нэг бүхэл бүтэн үеийг тэмдэглэж байж болно. Ийм бичгийг “үеийн бичиг” гэнэ. Үеийн бичгийг цааш нь задлаж энэ нь эгшиг, энэ нь гийгүүлэгч байна гэж салгаж болдоггүй. Японы катагана, кирагана гэдэг бичиг ийм болой. Нэгэн тэмдэг нь нэг авиаг тэмдэглэдэг бол “цагаан толгойт” бичиг болно. Цагаан толгойт бичигтэй жишихэд үеийн бичиг нь харьцангуй олон тэмдэгттэй, тэхдээ хэдэн зуугаас үл хэтэрнэ. Цагаан толгойт бичгийн тэмдэгт нь хамгийн олондоо 50-60-аас нэг их хэтрэхгүй. Харин дүрс бичиг бол хэдэн мянгад хүрнэ. Нэгэн зүйлийг тэмдэглэхэд цагаан толгойт бичгээр үгийг үе үеэр нь таслан бичдэг ёс буй боловч түүнийг үеийн бичиг гэж үздэггүй байна. Ийм бичиг гэвэл монголын дөрвөлжин, соёмбо, төвд, самгарди, солонгос зэрэг цагаан толгойт бичгийг дурдаж болно /Монголын соёлын түүх, Дэд боть, 1999, 7 дахь тал/.

Эрдэмтэн зохиолч Ш.Гаадамба гуай:

 

 “Монгол үсгийн гарал үүсэл Нууц товчоог зохиохоос 1200-1500 жилийн урд буюу одоогоос 2000 гаруй жилийн өмнө үед холбогдоно гээд, харин XIII зууны үеэс уйгур бичгийн нөлөөнд орсон, өөрөөр хэлбэл, монгол бичгийг зориуд уйгур маягтай болгосон” /http://www.Origo.mn/ 

 

гэсэн сонирхолтой гаргалгаа хийжээ. Мөн монголчуудын үсэг бичигтэй болсон үеийг X зуунаар авч үзсэн Õятадûí эрдэмтэн Боушаны саналыг Чингис хааны XII дугаар çóóíû үеийн дээд өвгө Боданчар мэргэнийг “Боданчарын улс иргэн маш олон болсонд бүгдийг Монгол Улс хэмээн нэрийдвэй. Сүн төр-лүгээ зохицон, судар бичиг эрдмийг туулвай. Соёлоор Монгол Улсын солигийг чин-дор хүргэвэй” гэсэн Урадын Мэргэн гэгээний “Алтан товч” түүхийн мэдээтэй харьцуулж үзэхэд он цагийн хувьд ойролцоо байгаа нь анхаарал татахгүй байж болохгүй юм. Боданчарыг нийтийн он тооллын 970 онд төрснийг заасан түүхийн мэдээ бэлхэнээ байна. Үүнээс үзвэл, юу боловч Боданчарын амьд ахуй үед монголчууд үндэсний бичиг үсэгтэйгээр барахгүй “Судар бичгийн эрдмийг туулах” гэдэг Монголын билэгтэй хөвгүүдийн оюуны их сорилго нэгэнтээ эхэлчихсэн байжээ /http://www.Origo.mn/. Энэ нь зөвхөн уншиж бичих төдий биш, бичгийн утгачийн бүрэн боловсрол эзэмших гэсэн үг юм. Бичгийн эрдэмтэн, бичгийн утгач, бичгийн хүн гэсэн үг ухагдахуун, магадгүй энэ үеэс эхэлсэн ч байж болно. Ингэж үзвэл, монголчууд бичигтэй, бичгийн баялаг боловсон хэлтэй болсон цаг нь Боданчараас их өмнө байж таарна. Саяхан болтол монгол бичигтэй, сонгомол бичгийн хэлээ нийтээр мэдэж хэрэглэж байх цагт ерийн бичигтэн бичгийн боловсролтон хоёрын ялгаа их хол байлаа” гэж ахмад багш Д.Дамдиндорж бичсэн байна.

Бичсэн: EDUCATION | цаг: 18:29 |
Холбоос | email -ээр явуулах |
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1774195 удаа нээгдэв.