2011-03-29
өөрийн үнэлгээний талаар товчхон

 

 

            Хураангуй

 

            Аливаа үнэлгээг бодитой болгоход багшийн төдийгүй эцэг эх сурагчдын оролцоо чухал нөлөөтэй байдаг. Иймээс үнэлгээнд багш, сурагч, эцэг эх хэрхэн оролцохыг тодруулах нь чухал бөгөөд сурлагын амжилтанд үнэлгээ хийхэд  сурагчийн өөрийн үнэлгээ чухал байр суурь эзэлдэг бөгөөд тэд ч үнэлгээнд биечлэн оролцох сонирхолтой байдаг байна. Суралцагч өөрийгөө үнэлснээр сурах үүрэг хариуцлагаа улам ухамсарлаж, өөрийгөө хөгжүүлэх эрмэлзэл хандлага нь улам өсдөг.

 

            Түлхүүр үгс   

            Сургалт, сурах сургах үйл, багш, суралцагчид, үнэлгээ, өөрийн үнэлгээ, суралцагчийн хөгжил, хандлага

 

            Удиртгал

            Багш бидний сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаанд өдөр тутам чухал байр суурь эзэлж байдаг асуудлуудын нэг нь үнэлгээ билээ.

Өмнөх модулиудын хугацаанд “Сурагчдыг бүтээлээр нь үнэлэх” “Үнэлгээ ба бүтээлч сэтгэлгээ” сэдвүүдээр туршилт судалгаа хийсэн бөгөөд үйлийн судалгааны явцад цаашид үнэлгээний талаар анхаарах, туршиж судлах олон асуудлууд нээлттэй үлдсэн юм.

Уламжлалт сургалтын үед бид ихэвчлэн сургалтын үр дүнг үнэлдэг байлаа. Жишээ нь: хичээлийн төгсгөлд, бүлэг сэдвийн эцэст, улирлын төгсгөлд, жилийн  эцэст,   анги  дэвших,  сургууль  төгсөхөд  шалгалт  авч,  үнэлгээ  хийдэг. 

Харин сургалтын технологи, агуулгын стандарт шинэчлэгдсэн өнөө үед бид сургалтын үйл явцыг үнэлэх, суралцагчийн хөгжил төлөвшлийг тэдний танин мэдэхүйн үйл ажиллагааны чанараар үнэлэх, шинэ мэдлэгийг бүтээх, арга барил төлөвших явцыг нь үнэлэх юм.

Сургалтын үйл ажиллагааны хяналт шинжилгээ, үнэлгээ нь сургалтын өмнөх үе буюу оролт, сургалтын үе буюу үйл явц, сургалтын дараах үе буюу гаралт гэсэн хэсэг тус бүрт суралцагчдын мэдлэг, чадвар, төлөвшил, хөгжлиийг үнэлэх улмаар эерэг зүйлийг бататгах, сөрөг зүйлийг засаж залруулах тасралтгүй үйл ажиллагаа мөн. /Ц. Чимэдлхам “Цогц чадамжийг үнэлэх арга зүй” УБ 2006 он/

            Үнэлгээ нь стандартыг хангах үйл ажиллагааны хэвийн хөгжлийг хангах, дэмжих зорилготой үйл ажиллагаа юм.

            Үнэлгээ нь бодот, ил тод, уян хатан, шударга, олон арга хэлбэртэй, шалгуурт түшиглэсэн байх зарчмыг баримтална. Нөгөөтэйгүүр үнэлгээ бол сургалтын зорилго хэр зэрэг биелэгдсэнийг тодорхойлоход чиглэгдсэн судалгааны ажил юм. /Ц.Чимэдлхам 2006/

            Үнэлгээ нь сургалтын зорилго, зорилт, агуулга арга зүйтэй бүхий л талаар холбогдох бөгөөд өөрийн болон хөндлөнгийн гэсэн төрөлд хуваагддаг./Ц.Батсуурь “Үнэлгээний шинэчлэлийн асуудал”

Бидний практикт хөндлөнгийн үнэлгээг голлон хийдэг бөгөөд багш сурагчгүй хэрэглээд сурчихсан байдаг. Харин өөрийн үнэлгээний хувьд төдийлөн хэрэглэдэггүй, ач холбогдол өгдөггүй байдал ажиглагддаг.

            Багш сурагчийн харилцаа зөрчилддөг  олон шалтгаануудын нэг нь энэхүү өөрийн үнэлгээ, багшийн үнэлгээ  хоёр нь зөрчилддөгөөс үүдэлтэй байдаг  гэж миний хувьд үздэг. Өөрийн үнэлгээг тодорхой зорилготой, хөндлөнгийн үнэлгээтэй харилцан уялдаатай зөв хийвэл сурагч хөгжих амжилттай сайн суралцах үндэс болно.

 

          Өөрийн  үнэлгээний тухай товчхон өгүүлэхэд:

Өөрийн үнэлгээ гэдэг нь тухайн хүн өөрийнхөө мэдлэг, чадвар, хийж гүйцэтгэсэн ажил, өөрийн бүтээлч үйл ажиллагаандаа үнэлгээ өгөх үйл явц юм. Ийнхүү үнэлэхэдээ  тухайн үйл ажиллагааг хийж гүйцэтгэх явцдаа дэвшүүлсэн зорилго, зорилт, тавигдаж буй шаардлагад тулгуурлана. Аливаа хүний өөрийгөө үнэлэх үнэлгээ нь өөртөө тавьж буй шаардлага, нийгэм цаг үеийн байдлыг мэдрэх мэдрэмжээс хамаардаг. /М.Тунгалаг “Суралцагчийн өөрийн үнэлгээ” 2007/

Тухайлбал: хүн нийгмийн хэрэгцээ бодит байдлыг мэдрэхийн хэрээр өөртөө түүнд илүү ойр зохицсон шаарлагыг тавьж, өөрийнхөө үйл ажиллагааг  түүнд хэр зохицож байгаагаар нь үнэлэх болно. /С. Батхуяг  2006/

Өөрийгөө үнэлэх нь хүнд дахин хэрэгцээ бий болгож  сонирхлыг төрүүлдэг. Хэрэгцээ сонирхлын дүнд  хүн хөгжих боломж нээгддэг.

 
Бид үнэлгээг яаж хийдэг вэ?

Уламжлалт сургалтанд үнэлгээний тоон хандлага давамгайлж байсан бол сургалтын технологи шинэчлэгдэж буй өнөө үед чанарын хандлагыг илүүд үзэх болж байна. Тоон үнэлгээг эзэмшсэн мэдлэгийн хэмжээгээр, чанарын үнэлгээг суралцагчийн сурах сэдэл, сонирхол, суралцах арга барилд болон  хөгжил төлөвшилтөнд гарч байгаа  өөрчлөлт зэргийг тусган хийнэ. Өөрийн сумын 11 багш, бүсийн сумын 10 багш, нийт 21 багшийн хичээлд суусан тэмдэглэл,  өөрийн сургуулийн  8 багшийн суралцагчдаас авсан шалгалтын анализ, боловсруулсан шалгалтын сэдэв зэрэг баримтад анализ хийж багш нарын үнэлгээ хийх арга барил, хичээл зааж буй байдал, эцсийн үр дүнг үнэлэх явцыг ажиглаж судлаж үзэхэд суралцагчийг үнэлэхдээ  гол төлөв тоон үзүүлэлтээр үнэлэх хандлага байсаар  байна. Ингэж үнэлэхдээ тухайн багшийн заасан, хэлж  бичүүлсэн, бодуулсан зүйлийг хэр зэрэг мэдэж байна гэдгийг үнэлдэг.

Мөн өмнө нь  авч байсан тоон хувь нь хэдэн хувь ахив гэдэгт нь анализ хийдэг. Тухайн сурагч өмнөхөөсөө хэр зэрэг ахив, түүний мэдлэгт чанарын ямар ямар өөрчлөлт гарав, ямар чадвар төлөвшиж юуг хийж чаддаг болов, сурах арга барил нь сайжирав уу? гэх мэт олон зүйлүүд орхигддог байна.

Багш нар ихэвчлэн бүлэг сэдэв үзэж дууссаны дараа шалгалт авдаг. Үүнийгээ явцын үнэлгээ гэж ойлгодог. ЕБС-д жилд хоёр удаа дүн гаргадаг. Үнэлэх зорилго нь гол төлөв дүн гаргахад чиглэгдсэн байдаг. Сургуулийн захиргаанаас улиралд нэг удаа төвшин тогтоох шалгалт авдаг.

Суралцагчийн бичсэн илтгэл, реферат, бүтээлүүдийг зөвхөн багш үзэж үнэлдэг. гэх мэт нийтлэг зүйлүүд ажиглагдаж байна.Багш бидний гаргадаг нэг ноцтой дутагдал бол сурагчдын мэдлэг чадвар хандлагыг бодитой үнэлэх шалгуураа нарийвчлан гаргаж чаддаггүйгээс сурагчдад худлаа дүн тавьж, өөрсдийгөө болон шавь нараа хуурах явдал гаргадаг. Энэ нь бидний сургалтын ажлын зохион байгуулалт, төлөвлөлтийн алдаанаас гардаг сөрөг үр дагавар юм.

Ийм тохиолдолд суралцагчийн хөгжлийн гол үндэс болсон өөрийн үнэлгээг ашиглах, хэрхэн яаж ашиглах вэ? гэдэг асуудал бидний өмнө тулгарч байна.  

Иймд сурлагын амжилтын үнэлгээнд өөрийн үнэлгээг тооцох боломж нөхцөлийг судлах, турших зорилт тавьсан юм.

 

Судалгааны  арга зүй

1. Холбогдох ном зохиол, гарын авлага, материалуудыг уншиж судлах

2. Суралцагчдаас өөрийгөө хэрхэн үнэлж буй байдлыг санал асуулгын хуудсаар судалж дүгнэлт гаргах

3. Тодорхой нэг сурагчийг сонгон авч, өөрийгөө үнэлдэг байдал, өөртөө итгэх итгэл төлөвшиж буй явцыг судлах

4. Суралцагчдаар  тодорхой бүтээлч даалгавар хийлгэж, өөрсдөөр нь үнэлүүлэн, ахиц хөгжлийг нь тодорхойлох, тэдэнтэй ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага хийх

5. Амжилтын тэмдэглэл хөтлүүлж, анализ хийн суралцагчдын хөгжлийг тодорхойлох  

            Судалгааны явц, үр дүн

1. Суралцагчдын еранхий чадвар болох санаа бодлоо бичгээр болон хэл яриагаар илэрхийлэх, зөв бичих чадварыг суралцагчид хэрхэн үнэлж буйг тандах зорилгоор 8-9 ангийн 20 суралцагчаас санал асуулгын хуудсаар авсан судалгааны дүнг нэгтгэн үзвэл:

 1. Санал бодлоо хэл яриагаар                                  2. Санал бодлоо бичгээр

         илэрхийлэх чадвар                                                  илэрхийлэх чадвар

           

                       

    3.  Зөв бичих чадвар                                                4. Өөрийн үнэлгээ хийж

                                                                                              байсан байдал

            Дээрх судалгааны дүнг багшийн авсан түвшин тогтоох шалгалтын анализ болон ажиглалт тэмдэглэлд үнэлсэнтэй харьцуулж  үзвэл:

              

 

                          Сурагчийн үнэлгээ                        Багшийн үнэлгээ

 

 

              Сурагчийн үнэлгээ                      Багшийн үнэлгээ

 

      Сурагчийн үнэлгээ                      Багшийн үнэлгээ

 

 

Сурагчдаас өөрийгөө үнэлсэн  болон багшийн үнэлсэн, тэдгээрийг харьцуулсан эдгээр судалгаанаас харахад сурагчид өөрсдийнхөө чадварыг багшийн үнэлснээс 20-35% дээгүүр үнэлсэн нь харагдаж байна.

Энэ нь суралцагчид өөрийгөө өөртэйгөө харьцуулан, аливаа зүйлийг хийж чадна, өөрийгөө илэрхийлж чадна гэсэн итгэл үнэмшилтэй байдаг ажээ.

  Өөрийн үнэлгээ нь таны хэрэгцээ сонирхолд нийцэж байна уу? гэсэн асуултанд 75% нь тийм гэж хариулсан нь тэд сурлагын үнэлгээнд биечлэн оролцох сонирхолтой байдгийг харуулж байна. /Ё.Оюунчимэг 2006/

2. Суралцагчийн өөрийн үнэлгээнд хандах хандлага, мэдлэг чадвар төлөвшилтөнд гарч буй өөрчлөлтийг судлах зорилгоор 8-р ангийн сурагч Д-г сонгон авсан юм.

Д нь сурлагаар хоцрогдсон, маш их алдаатай бичдэг, хамгийн арын ширээнд суудаг, бусадтай төдийлөн харилцдаггүй, бүрэг хүүхэд.

            Түүнтэй уулзаж 1.Яагаад хичээлд идэвхтэй оролцдоггүй

                                      2. Ямар учраас хичээлээ хийж давтдаггүй

                                      3. Ер нь хичээлээ сайн хийе гэж оролдож үзсэн үү

                                      4. Өөрөө хичээвэл амжилттай сурах боломж бий юу гэх мэт асуулт тавьж ярилцахад: - Бага ангиасаа л хичээлээсээ хоцорчихсон болохоор хэцүү байдаг. Тэгээд ч багш нар надаас асуудаггүй, тэртээ тэргүй хоцорчихёон болохоор хийе ч гэж боддогүй, хичээвэл яахыг мэдэхгүй хэмээн ярьсан юм.

Түүнд уран зохиолын хичээлд  өөрийнх нь  чадварт тохирсон тодорхой бүтээл хийх санал тавьж, түүнд туслана гэдгээ хэлж сургууль дээр ирэхийг хүсэхэд маш баяртай хүлээж авсан. Тэрээр удаан боловч комъьютер дээр эх шивэх, зургийн тайлбар хийх гэх мэт хялбар даалгавруудын хийж эхэлсэн бөгөөд тэдгээрийг хийж чадаж байгаадаа урамшиж, өөртөө итгэх итгэлтэй болсон. Компьютерт эхийг алдаагүй хурдан шивж сурч, хичээлээ хийх хүсэл эрмэлзэлтэй болсон.

Өөрийгөө үнэлж, хийж чаддаг юм байна гэсэн итгэл үнэмшилтэй болж байгаа шавийнхаа энэ жишээнээс өөрийн үнэлгээ гэдэг сурагчийн хөгжлийн гол үндэс юм байна гэдгийг ойлгож авлаа.

3. 8-р ангийн уран зохиолын хичээлээр ахиц, хөгжлийг нь тодорхойлох зорилгоор сурагчдаар тодорхой бүтээлч даалгавар гүйцэтгүүлж, өөрийн үнэлгээг 4-5 удаа  хийлгүүлэн бүлгийн ярилцлага хийлээ.

Сурагчидтай хийсэн ярилцлагаас тоймловол:

-    Өөрийнхөө хийж бүтээсэн зүйлийг үнэлэх нь надад маш их таалагдсан. Мөн миний өөрийн үнэлгээ багшийнхтай хэр нийцэж байна гэдэг нь сонирхол их татаж байсан  /М.С  8-р ангийн сурагч/

-    Өөрийнхөө бүтээлийг өөрөө үнэлнэ гэсэн учир би бүтээлээ маш их хичээж хийсэн. Эхлээд өөрийгөө үнэлэхэд их хэцүү юм шиг санагдаж байсан. Харин дараа нь их өөр болсон. /Ц.Ц 8-р ангийн сурагч/

Хааяа багшийн тавьсан үнэлгээнд сэтгэл дундуур байх тохиолдол гардаг. Гэхдээ тийм олон биш. Өөрөө өөрийгөө үнэлснээр өөрийнхөө алдааг ойлгож, юуг нь яаж засаж сайжруулахаа мэддэг болсон. Би өөрийгөө шударга үнэлсэн гэж бодож байгаа.  /Д.Т 8-р ангийн сурагч/   Нэг улирлын турш сурагчдаар бүтээлч даалгавар гүйцэтгүүлж, өөрийн үнэлгээ хийлгэхэд сурагчдын мэдлэг  чадвар, суралцах идэвх, сонирхол сайжирч байлаа.

4. Сурагчдад “Амжилтын дэвтэр” хөтлүүлэн туршиж үзлээ. Дэвтэрт тэмдэглэсэн тэмдэглэлүүдийг ангилж үзвэл:

- Өмнө нь өөрийнхөө хийж чаддаггүй зүйлийг хийж сурсан

- Хийж чаддаг зүйл, авьяас сонирхлоороо төрөл бүрийн уралдаан тэмцээнд амжилттай оролцсон.

- Найз нөхөд болон бусад хүмүүст тусалсан

- Хийж бүтээж чадсандаа өөрөө өөртөө талархсан талархал зэрэг байлаа.

            Энэхүү “Амжилтын дэвтэр” хөтлөх нь өөрийн үнэлгээний нэг хэлбэр болох бөгөөд өөрийгөө танин мэдэж, хийж чадсан зүйлээрээ бахархаж, сурах хүсэл эрмэлзэл төрүүлснээрээ ач холбогдолтой болох нь харагдав.

 

            Дүгнэлт,санал

-    Өөрийн үнэлгээ нь сургалтын амжилтын үнэлгээний нэг гол хэлбэр боловч багш нарын практикт төдийлөн өргөн хэрэглэгддэггүй

-    Суралцагчдын хувьд өөрийгөө үнэлэх хэрэгцээ сонирхол байдаг бөгөөд тэдний мэдлэг, чадвар, хөгжил, төлөвшилтөнд тодорхой нөлөө үзүүлэх боломжтой

-    Өөрийн үнэлгээ нь сургалтын үр дүнг тодорхойлоод зогсохгүй, өөртөө итгэх итгэл, эрч хүч, урам зориг өгдөг.

-    Өөрийгөө өөртэйгөө харьцуулан үнэлдэг, өөрийнхөө ахиц дэвшил, хөгжлийг мэдрэх боломжтой, шударга, бодот үнэлгээ юм.

-    Багш нарын хувьд өөрийн үнэлгээний боломжийг судалж туршин, үнэлгээний практиктаа өргөн хэрэглэж, бусад үнэлгээний хэлбэртэй хослуулан хэрэглэвэл бидний сургалтын ажилд дэм болно гэдэгт итгэлтэй байна.

-    Энэхүү бичил туршилт судалгааны ажлыг гүйцэтгэх явцдаа өөрийн үйл ажиллагаандаа эргэцүүлэл хийж, цаашид хийх турших олон санаа олж авсан бөгөөд багшийг ажлын арга барилаа тодорхой хэмжээгээр өөрчилж чадлаа. 

 

                               Ном зүй

 

1. Ц.Батсуурь  “Үнэлгээний шинэчлэлийн асуудалд  УБ 2006

2.Ц.Чимэдлхам “ Цогц чадамжийг үнэлэх арга зүй” УБ 2006

3. М.Тунгалаг “Суралцагчийн өөрийн үнэлгээ” УБ 2006

4. Ц.Бурмаа нар “ Суралцагчийн өөрийн үнэлгээ-өнөөдрийн сургалтанд

5. Модуль 1,2,3,4  УБ 2007-2008

 Хэнтий. Баянхутаг сумын ЕБС-ийн сургалтын менежер Н.Сайнтуяа.

Бичсэн: EDUCATION | цаг: 14:12 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1737671 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax