2011-04-13
Монгол зураг -2




Галаа Аннтай гэрлээд арав гаруй жил болсон юм. Тэднийх хүү, охин хоёртой байдаг л нэг сайхан гэр бүл байсан сан. Анн бол Австралийн зах хязгаар нутгийн жирийн фармерийн хоёр охины эгч нь бөгөөд Женни нь түүнээс 5 дүү аж.   Аав Аллен Смит, ээж Карен Смит нар нь насаараа  фармерийн ажил хийсэн дундаж орлоготой, хаана ч байдаг хөдөөний хүмүүсийн адилаар хүн амьтантай цөөхөн уулздагийн хувьд гаднаас ирсэн гийчин хэнийг ч гэсэн үнэн сэтгэлээсээ баярлан сониучирхаж, ихэд шохоорхон ярих дуртай, хөдөөний нэгэн гэр бүл байв. Тэдний үндсэн бизнес нь усан үзмийн тариалан байсан ба үүндээ түшиглэн хувийн жижигхэн виноны газар байгуулсан боловч зах зээлээс хол, эргэн тойронд өрсөлдөгч ихтэй тул орлого, зарлага нь ойролцоо л байдаг аж. Бас хааяа багахан хэмжээний  үхэр сүргийнхээ махыг тушааж орлого олно.

Анн, Галаа хоёр салсанаас хойш Галаа тэдний гэр бүлтэй холбоо тасарсан юм. Дүү Женни нь Галаа Анн хоёрыг танилцаж байхад ахлах ангийн сурагч шаргал үстэй, цэнхэр нүдтэй байдаг л нэг Австрали хөдөөний хүүхэд, гадны тэр тусмаа Ази хүнийг ховорхон харсан хүний нүдээр Галааг ихэд сониучирхан харж байлаа. Тэр үес хойш Женниг Галаа дахиж ганц хоёр удаа л Кристмасын баяраар харсан. Женни ахлах сургуулиа төгсөөд Сиднейн их сургуулийн урлаг судлаачийн ангийг дүүргэжээ. Гэнэтийн энэ учрал хэн хэнд нь тун сонихон байлаа. Тиймээ, байгууллагын үүдэн дэх Монгол зураг тохиолдол байгаагүй аж. Галаатай Анн сууснаас хойш тэдний гэр бүлийнхэн Монгол орныг ихэд сонирхох болсон. Галаагаас ч их сонирхон асуудаг байсан юм. Хожим урлаг судлаач болсон Женнид Монгол зураг ихээхэн сонирхолтой санагдсан учраас байгууллагын оффис менежрийн хувьд энэ зургийг сонгож тавьсан учиртай байж. Женни их сургуульдаа оюутны солилцоогоор ирсэн Америк оюутан Пол Спиэрмантай танилцан улмаар гэр бүл болон Чикагод ирсэн гэх зэрэг өөрсдийн сонин сайхныг солилцож байх зуур өндөр нуруутай, долгионтой үстэй залуу уучлал гуйж орж ирсэн Давид байлаа.

Женни, Галаа руу харснаа: танилц Давид хүрээд ирлээ гэснээр Галаа, Давид хоёр мэнд усаа солилцоход. Женни: за дараа уулзая, өөр рүү чинь яринаа гэж ялдамхан инээмсэглэсээр бариу банзал нь явахад нь саад болоод байна уу гэмээр донжтой нь аргагүй алхаж одов.

Давид бол хээнцэрдүү хувцасласан, үсээ тосолж, хацраа ягааруулан өнгө оруулсан туранхай дэгжин залуу байлаа. Эртний арабын зүйр цэцэн үгэнд хэлснээр гэж яриагаа эхлээд баахан цэцэрхэж, учир шалтгаан ярьсаар Галааг бараг яриулсангүй. Галаад ч үнэндээ мань хүний цэцэрхүү, ихэмсэгдүү зан таалагдаагүйн улмаас яриа нэг л нийлж өгөхгүй байлаа. Уул нь Галаагийн компани энэхүү Америк компанитай холбоо тогтоосноор хөдөө аж ахуй, газар тариаланд орчин үеийн GPS (газрын байрлал тогтоох систем) технологи ашигласан үйлчилгээг Австралидаа хариуцаж явуулая гэсэн зорилготой байгаа юм. Чикагод байрладаг энэхүү “Гео систем” компани нь GPS-д зориулсан программ хангамж хийдэг бөгөөд энэ программын давуу тал нь хоёрхон сантиметрийн нарийвчлалтайгаар байрлалыг тодорхойлон ажилладаг нь Австралийн хөдөө аж ахуйн ургац хураалт, тариалалтанд чухал хэрэгтэй технологи байлаа. Ингэснээрээ энэ GPS-ээр тоноглоглогдсон трактор, комбайнууд нь үр тарианы ургац хураалт, үрслүүлтэнд ажиллах ёстой байв. Австралийн хөдөө аж ахуй бол тус улсын эдийн засгийн гол тулгуур багануудын нэг, хэрэв Галаагийн компани энэхүү үйлчилгээг хийх эрхийг авч дөнгөхийн бол “цөм” авах төлөвтэй тул алс холын Австралиас Галааг илгээсэн ажээ. Харамсалтай нь Давидын байр байдал анхнаасаа Галаатай юм уу Галаагийн компанитай тохиролцох янзгүй нь мэдэгдээд байв. Үүдний өрөөнөөс эхлээд хүлээлгээд л, худлаа цэцэрхээд  л баахан нуршуу яриа өрнүүлээд л аль болох Галааг яриулахгүй өөрөө санаачлагыг авч яриад л. Иймэрхүү байдал ажил хэрэг бүтэхгүй болохын цондон гэдгийг Галаа дотроо мэдэрч эхэллээ. Одоо яая гэхэв. Тэвчээд л сууж байхаас үндсэндээ Галаагийн тал эднийхийг гэрээ байгуулая гэж гуйж байгаа юм чинь. Галаа өнгөн дээрээ нүүрний хувирал сэтгэлийн хөдөлгөөнгүй тайван сууж байсан ч дотроо муу новшийн “winging pomp” гээд л хараагаад сууж байлаа.  Учир нь Давид мэдэгдэхүйц бритиш аялгуутай ярина.

Бодол санаа аль хэдийн уулзалтын өрөөнөөс халиад явчихжээ. Хаашдаа энэ уулзалт бүтэлгүй болж байгаа болохоор бодол санаагаа ярианд төвлөрүүлэе ч гэж бодсонгүй. Давидийн яриа ч гэсэн худлаа панаал шинжтэй, яагаад гэрээ хийхгүй болохоо манжилж тайлбарласан шинжтэй залхмаар байлаа. Уул нь үүдэн дээр Монгол зураг тааралдсан явдалд мань хүн ихэд билэгшээж байсан юмсан.  Цонхоор Чикаго хотын дүр зураг тун сайхан харагдах аж. Яг л ийм хаврын намуухан өдөр анх Аннтай танилцаж билээ. Анн тэгэхэд ихэнх залуу бүсгүйчүүдийн адил үргэлж инээмсэглэсэн, баяр хөөртэйгээр амьдралыг тусгаж авдаг, өөдрөг, цагаанаараа, цайлган сэтгэлтэй бүсгүй байсан. Тэр гэнэндүү ч юм уу гэмээр цагаан цайлган зан нь, зөв тэгш хэмтэй нүүрний хэв маяг, элдэв зангүй ил цагаан яриа хөөрөө энэ бүхэн анхнаасаа Галаад таалагдсан. Тэд хоёр хүүхэдтэй болсон юм. Том нь охин, хүү нь эгчээсээ найм дүү. Одоо өөрийн эрхгүй үүдэнд байсан Монгол зураг болон Аннийн тухай дурсамж бодол нь сэргээд ирлээ. Дэндүү их үйл явдал нэг өдөр болоод байгаа юм шиг. Эхний үед амьдрал сайхан байлаа. Анхны хүүхэд, анхны байр орон сууц гээд л бүх зүйл сайн сайхнаар амьдралын зурагт бүтээгдэж байсан юм.  Гэвч сүүлдээ аажим аажимаар гэр бүлийн маргаан, санал үл нийлэх явдлууд нэмэгдсээр улмаар хоорондоо барилцаж авдаг болсноор хоёр тийшээ салая гэж тохиролцож билээ. Шүүх шийдвэрээ уламжлал ёсоор эхнэрийн талд гаргаж хүүхдүүд, байшин энэ тэр бүгд Анных боллоо. Мань хүнд хуучин муу Нолден соммодоре (Австралийн 4 хаалгатай седан загварын машин) нь үлдсэн. Хамгийн эмгэнэлтэй нь тэр үед 10 настай байсан охин нь уйлан байж аавыгаа битгий яваач гэж гуйж байсан нь, 2 настай хүү нь юугаа ч мэдэхгүй, учрыг ойлгохгүй шулганан ярьж, тоглоод сууж байсан нь манай хүнд зүрх зүсмээр санагдаж байсныг, охиноосоо нулимсаа нуугаад гарахдаа миний охин битгий уйлаарай, аав нь явахгүй бол болохгүй нь гэж арайхийж салж байснаа бодохоос зүрх сэтгэл нь эмтэрч, уяран хайлж одоо ч нулимс дусаамаар санагддаг аж. Уйлуулан, гуйлган байж охиноо орхиод явснаа бодохоос хэзээ нэгэн цагт охин минь том болоод намайг ойлгон уучлах болов уу? Эсвэл гомдол цөхрөл нь барагдаад үзэн ядаж өсөх болов уу? Хүү маань аавыгаа мэдэхгүй, мэдлээ ч гэсэн харь элгийн хүн болж өснө гэдгийг, өөрийг нь хэзээ ч өөрөөсөө илүүгээр хайрлаж байсныг нь мэдэхгүй, санахгүй өсөж өндийнөө гэдэг мэдрэмж Галаад маш их том цохилт, сэтгэлийн зовиуртай шарх, дурсамж болон үлдсэн. Тэр үед Галаа сэтгэлээр их унасан. Хамаг итгэл найдвар нь хийсэн алга болсон юм шиг, хүний нутагт эргэн тойронд ойр дотно хэн ч үгүй гав ганцаараа ёстой үнсэнд хаягдсан шалз шиг байхын шаналлыг үнэн зүрхээрээ мэдэрчээ. Маш их ганцаардаж байв. Гэвч энэ бүхнийг даван туулсан юм. Туулахаас ч өөр яах билээ.

Хуульч авсан ч гэсэн энэхүү орны хуулиар ямагт эхнэрүүд ялдаг бөгөөд Галаагийн хуульч ихэнх хуульч нарын адилаар баахан итгэл төрүүлж амлаж байсаар уламжлал ёсоор баахан мөнгөө аваад л үүнээс өөр аргагүй, бид бүхнийг хамгийн сайнаар төгсгөлөө гэж Галааг аргалсан. Тиймээ, хаа ч тэр эдгээр хуульч, өмгөөлөгч нар хүний мөнгийг салгаж чадахаас биш өөр олигтой үйлдэл хийдэг гэж үү? Галаа хүнийг арьс өнгө, үндэс угсаагаар нь бус, харин мэргэжлээр нь тухайлбал хуульч,  үнэт цаасны брокеруудыг үзэн яддаг. Яагаад гэвэл тэд юу ч хийж бүтээдэггүй мөртлөө хүний толгой эргүүлэн баахан мөнгийн салган баян тансаг амьдардагт оршино.

Уул нь Галаа Австрали хүүхэнтэй суувал юу болдгийг мэддэг, насны эцэст гэр бүл эхнэрээсээ салсан олон эрчүүд хувхай хоосон хоцордгийг зөндөө харсан. Тийм боловч хаврын тэр нэг өдрийн учрал, дараагийн болзоо, анхны учрал Аннын зузаан том уруул, усан үзэм мэт ягаахан хөх … манай хүний бодол санааг урвуулж дөнгөсөн юм. Одоо бодоод байхад ёстой нөгөө зураг төөргөөрөө боллоо гэдэг нь болжээ.

Энэ бүх бүтэлгүйдлээс болоод Галаа өөрийнхээ амьдралд сэтгэл дундуур болж амьдралын тухай, түүний мөн чанарын тухай эргэцүүлэн бодох дуртай болжээ. Тэгээд Галаагийн амьдралын зураг төөрөг нь Монгол зураг дээр зурагдах ёстой байсан байтал түүнээс халиад өөр газар, тухайлбал ондоо дэвсгэр зураг дээр зурагдаад уг зургийнхаа үйл явдал, өнгө, ерөнхий суурь дээрээ тохирохоо байсны улмаас энэ бүх болохгүй бүтэхгүй зүйл тохиолдоод байгаа ч юм билүү. Хүн өөрийнхөө зургийн хүрээн дотроо зурагдах хэрэгтэй тэрнээсээ гараад явчихбал өнгө будаг, үйл хөдлөл нь зургийнхаа суурь дэвсгэрдээ таарахаа больдог, тийм хэсэг дээрээ зураач хүн дахин, дахин дарж зурдаг эсвэл ерөнхий суурьтайгаа адилхан болгох хэрэгтэй байдаг байх аа.

Үргэлжлэл бий

Ё. Гантулга

Австрали

2009 оны 8 дугаар сар 16

http://gantulga.wordpress.com

Бичсэн: EDUCATION | цаг: 14:09 | Уран зохиол
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1782199 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax