Алс цагаан тэнгисийн хязгаарт нутагтай ядуу тариачин Василий Дорофеевийнд нэгэн хүү төрсөн нь хожим Петербург, Стокгольм, Болоны Шинжлэх ухааны Академийн гишүүн болсон анхны орос хүн, тал бүрийн авьяастай аугаа их эрдэмтэн Михайл Васильевич Ломоносов байлаа. Миша хүү багадаа эхээсээ хагацан, арван наснаас аавынхаа хүнд хүчир ажилд туслалцаж, Умард мөсөн далай, Цагаан тэнгисээр аялан явдаг байжээ. Тэр багадаа уншиж сурсан боловч, унших ном нь даанч ховор, олдсон ганц нэг ном нь шашны сургууль дүүрэн байдаг байв. Харин Смотрицкийн “Хэл зүй”, Магницкийн “Тоо бодлого” гэдэг хоёр номтой санамсаргүй тааралдсан нь сониуч хүүгийн өмнө шинжлэх ухааны шинэ ертөнцийг нээв. Энэ шинэ ертөнц 16 настай хүүгийн хамаг санаа бодлыг эзэмдэн улмаар түүнд бүх амьдралаа зориулахаар шийдсэн юм. Тэгээд Москвад очиж эрдэм сурахаар 1730 оны өвлийн тэсгим хүйтэн нэгэн өдөр загасчны хөсөг бараадан халаасандаа гурван рубльтэй, үүргэвчиндээ хоёр номтой явган гарчээ. 1731 оны эхээр Москвад ирж слав, грек, латин хэлний академи (Спасскийн сургууль)-д язгууртны хүүхэд гэдэг нэрээр орж амжжээ. Эхний нэг жил гурван ангийн хичээлийг сурч, дөрөвдүгээр ангид шууд дэвшин оржээ. Энд суралцсан таван жилийн дотор шинжлэх ухааны номуудыг ихэд шамдан сонирхож уншсаар нэг мэдэхэд сургуулийнх нь өгдөг мэдлэг түүнд чамлагдах болжээ. Удалгүй түүнийг Шинжлэх ухааны Академийн дэргэд байсан гимназид, дараа нь Германд явуулж хим ба уул уурхайн мэргэжилд суралцуулжээ. Тэнд “Шингэн дэх хатуу биеийн хувирлын тухай” гэдэг анхныхаа эрдэм шинжилгээний бүтээлийг туурвисан байна. 1741 онд эх орондоо буцаж ирсэн боловч Академийн ерөнхийлөгч Шумахер зэрэг герман хүмүүсийн хавчилтанд өртөн дөрвөн жилийн дараа сая л химийн профессор болжээ. Тэд оросын их сургууль байгуулах гэсэн түүний саналыг эрс эсэргүүцэн “Ганц Ломоносов нь бидэнд саад болж байхад арван Ломоносовын хэрэг байна уу” гэцгээж байв. Гэвч 1755 онд М.В.Ломоносовын санаачилга, төслөөр Москвагийн их сургууль байгуулагдаж, хожим нь түүний нэрээр нэрлэгдэх болсон юм. М.В.Ломоносов шинжлэл судлалын ажлаа үргэлжлүүлж “Химийн уусгагчдын үйлчилгээний тухай”, “Дулаан ба хүйтний шалтгааны тухай физик ойлголт” гэдэг бүтээлүүдээ бичив. 1744 онд бичсэн “Математик химийн элементүүд” гэдэг гайхамшигт бүтээлдээ бодисын байгуулалтын атом-молекулын сургаалыг бий болгосон байна. Түүнчлэн 1745 онд бичсэн “Дулаан ба хүйтний тухай”, 1754 онд бичсэн “Жин ба материйн тоо хэмжээний харьцаа” гэдэг ажлуудаараа физик, химийн шинжлух ухааны гол хуулиудыг нээгч болсон юм. М.В.Ломоносовын нээсэн “бодисын жингээ хадгалах” хуулийг Ф.Энгельс XIX зууны гурван гайхамшигт нээлт гэж үнэлсэн билээ. М.В.Ломоносовын физикт хийсэн ажлууд дотор атмосферийн цахилгаан үзэгдлийг судалсан нь онцгой байр эзэлдэг. Бас тэрээр цаг уурын судлалыг ихэд сонирхож энэ шинжлэх ухааны хөгжилд чухал хувь нэмэр оруулжээ. Тэр далайн аялал, геологи, минералоги, уул уурхайн ажил, төмөрлөгийн үйлдвэрийн талаар олон бүтээл туурвижээ. Гэвч материалист их эрдэмтний байгалийн шинжлух ухаанд оруулсан аугаа нээлтүүд амьд ахуйд нь бараг үнэлэгдээгүй бөгөөд үнэлэн дэмжих хүн ч тэр цагт өдрийн од шиг байв. М.В.Ломоносов зөвхөн байгалийн шинжлэгч төдийгүй орос шүлэг холболтын онол боловсруулж, өдий төдий магтаал, найраглал, шүлэг бичсэн авьяас төгөлдөр яруу найрагч байснаас гадна “Тамир Селим хоёр”, “Демофонт” гэдэг шүлэглэсэн эмгэнэлт жүжгүүдээрээ Оросын драмын урлагийн санг баяжуулжээ. Слав шашны биш жинхэнэ орос ардын ярианы хэл дээр үндэслэж шинжлэх ухаан, урлаг, уран зохиол хөгжинө гэсэн М.В.Ломоносовын санаа 1757 онд зохиосон “Оросын хэлний зүй”-д нь тусгалаа олж, олон дахин хэвлэгдсэн энэ номоор оросын бүхэл бүтэн үе боловсорчээ. М.В.Ломоносов бас түүхч эрдэмтэн байв. Түүний “Орос үндэснтий эхний үеэс 1054 он хүртэлх эртний түүх” гэдэг өргөн хүрээт бүтээл нь түүхийн талаарх үндсэн материал болон үлдсэн байна. Оросын дүрслэх урлагийг хөгжүүлэхэд шавь нарынхаа хамт “I Петр”, 30 кв м том талбай эзэлсэн “Полтавын батали” гэдэг шигтгэмэл зургууд нь өнөө үе хүртэл хадгалагдаж үлдсэн юм. Олон тооны шинэ нээлтээрээ дэлхийн шинжлэх ухааныг баяжуулсан сод ухаантан М.В.Ломоносов хавчилт, хяхалт, бурангуй ёсны эсрэг зоригтой тэмцэн эрдэм ухааны оргилд хүрсэн боловч нүсэр их ажилдаа ядарч туйлдан 54 насандаа ертөнцөөс хальжээ. Гэвч тэрээр хийсэн бүтээсэн бүтээлээрээ өөрийн насыг үүрдийн болгон уртасгажээ.
эхсурвалж: Монголын хүүхэд залуучуудын нэвтэрхий толь-III
Халаасандаа гурван рубльтэй хүү дэлхийн суут хүн болсон нь |
Арван настай байхад нь хайрт ээж хорвоогоос хальж амь зогоохын тулд эцэг нь далайд гарна. Аавынхаа хүнд хүчир ажилд туслан Умард мөсөн далай, Цагаан тэнгисээр олон хоног аялдаг байсан гэдэг. Энэ нь түүний нүдийг нээхэд нөлөөлсөн гэж Ломоносов судлаачид онцолдог юм билээ. Москвад ирээд язгууртны хүүхэд гэж заль хэрэглэн Латин, Слав хэлний академид орж суралцсан байна. Эхний нэг жилд л гурван жил үзэх бүх хичээлийг үзэж дуусчихаад шалгалт өгөөд шууд дөрөвдүгээр ангид орж байсан гэхээр үнэхээр гайхамшигтай, төрөлхийн онцгой авьяастай байсны илрэл юм. Шинжлэх ухааны номыг шимтэн уншсаар багшийн заах хичээлийг голдог байж. Тэгээд Шинжлэх ухааны гимназид сураад дараагаар нь Герман руу явж уул уурхайн чиглэлээр сургууль дүүргэсэн байна. Тэнд сурч байхдаа “Шингэн дэх хатуу биеийн хувиралын тухай” эрдэм шинжилгэнэний анхны бүтээлээ туурвисан нь судлаачид, эрдэмтэдийн дунд шуугиан тарьжээ.
Уйгагүй зүтгэсээр Москвагийн их сургуулийг санаачлан байгуулсан түүхтэй. Хожим нь түүний нэрээр нэрлэх болсон. Ухаантай хүмүүсийг амьдарч байхад нь хайрлаагүй, ойлгоогүй атлаа мөнх бусыг үзүүлсний дараа л суутыг нь мэдэрч алт, хүрлээр хөшөө босгож магтан дуулдаг даа. Түүний нэгэн адил Орост энэ хүний нэрээр нэрлэсэн, бас хөшөөг босгосон газар олон бий.
Ломоносов анх удаа цахилгааны ниргэлт, аянгын үүсэх мөн чанарыг дэлгэрэнгүй тайлбарлаж, бүдүүвчийг гаргасан нь хийн мандлын цахилгааны үзэгдлийн онолын үндэс болжээ. Тэгээд аянга зайлуулагчийг зохион бүтээсэн юм.
Ямар сайндаа тэрбээр “Испани хэлээр бурхантай, Франц хэлээр нөхөдтэй, Герман хэлээр дайсантай, Итали хэлээр бүсгүйчүүлтэй ярихад зохимжтой хэмээн” ярьдаг байсан гэдэг.
Ийнхүү Оросын суут эрдэмтэн М.В.Ломоносов нь байгалийн аугаа их шинжлээч, цаг уурч байсан төдийгүй далай судлаач, химич, физикч, газарзүйч, түүхч, философич, хэл шинжлээч, яруу найрагч, уран зураач, өөрөөр хэлбэл түүний суут ухаан оролцоогүй шинжлэх ухааны салбар бараг үгүй. М.В.Ломоносов 1745 оны 8 дугаар сард профессор /академич/-ын албан тушаалд томилогдсон анхны орос хүн болжээ.Түүнийг 1760 онд Шведийн ШУА, 1764 онд Болоны ШУА-ийн хүндэт гишүүнээр сонгожээ.
Асар их ажилладаг байснаас гадна хавчилт, мөрдлөгө, шахалт, дарамт нь стресст оруулсан гэж үзэх хүмүүс ч бий. Энэ агуу хүн урт наслаагүй ч түүний бүтээл туурвил үеийн үед дурсагдаж, шинжлэх ухааны түүхэнд түүний нэр алтан үсгээр бичээстэй бий. |