2012-02-18
БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА
БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД 
ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу БНХАУ нь жил бүр тус улсын их, дээд сургуульд сурч буй Монгол Улсын 220 иргэнд БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг олгодог. Энэ дагуу БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 2012-2013 оны хичээлийн жилд 161 оюутан үргэлжлүүлэн суралцах тул шинээр 59 (5 бакалавр, 54 мэргэжил дээшлүүлэгч) тэтгэлэг олгоно. Мөн энэ хичээлийн жилд БНХАУ-ын Засгийн газраас 50 бакалавр оюутанд тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн байна.

Тэтгэлэгт хамрагдах шаардлага хангасан Монгол Улсын иргэдийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. 

Нэг. Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгчдэд тавигдах шаардлага

1/Бакалавр:

Монголын Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа болон БНХАУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангид 1 хичээлийн жилээс илүү хугацаагаар 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж, хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалтад 3 ба түүнээс дээш зэрэг авсан 25 хүртэлх насны Монгол Улсын иргэн байх.

2/Мэргэжил дээшлүүлэгч:

-     Магистрант: бакалавр зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 35 хүртэлх насны;

-     Докторант: магистр зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 40 хүртэлх насны;

-     Жирийн мэргэжил дээшлүүлэгч: мэргэжлийн дунд боловсролтой болон бакалавр зэрэгтэй, 35 хүртэлх насны;

-     Дээд зэргийн мэргэжил дээшлүүлэгч: магистр зэрэгтэй, 40 хүртэлх насны Монгол Улсын иргэн байх.


БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт өмнө нь хамрагдсан бол тус тэтгэлгийг дахин олгохгүй болно.

Хоёр. Бүртгэл

1/ Бакалавр:

Монгол Улсад суралцагчид өөрийн суралцаж байгаа сургуульдаа бүртгүүлнэ. МУИС, ШУТИС тус бүр 40 хүртэл, ЭМШУИС, ХААИС, СУИС, МУБИС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль тус бүр 25 хүртэл, бусад магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллеж нь тус бүр 10 хүртэл оюутныг урьдчилан шалгаруулж, оюутан тус бүрийн 5000 төгрөгийн шалгалтын хураамжийн хамт сургуулийн захирлын албан бичгээр 2012 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ.

БНХАУ-д суралцагчид нь дараахь бичиг баримтыг бүрдүүлэн 2012 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 10.00-18.00 цагийн хооронд МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны 179 дугаар өрөөнд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ: 

-     Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;

-     Бүрэн дунд боловсролын гэрчилгээ;

-     Бэлтгэл ангийн сурлагын дүнгийн тодорхойлолт;

-     Хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалтын гэрчилгээний эх хувь;

-     Шалгалтын хураамж 5000 төгрөг.

2/ Мэргэжил дээшлүүлэгч:

Мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдахыг хүсэгч нь дараахь бичиг баримтыг бүрдүүлэн 2012 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 10.00-18.00 цагийн хооронд МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны 179 дугаар өрөөнд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ:

-     Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;

-     Ажил байдлын тодорхойлолт;

-     Дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;

-     БНХАУ-д бакалаврын боловсрол эзэмшсэн бол ямар зардлаар суралцаж төгссөн тухай сургуулийн албан ёсны тодорхойлолт;

-     Суралцах хөтөлбөр, төлөвлөгөө (500-аас цөөнгүй үгтэй);

-     Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (соёл урлагийн чиглэлийн мэргэжил дээшлүүлэгчид өөрийн 2 бүтээлийг CD, VCD-нд буулган хавсаргана);

-     Шалгалтын хураамж 7000 төгрөг. 

Гурав. Сонгон шалгаруулалт

Сонгон шалгаруулалтыг БНХАУ-ын Боловсролын яамны холбогдох журмын дагуу БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хариуцан зохион байгуулна.

1/ Бакалавр:

Бакалаврын сургалтанд хамрагдах хүмүүсээс математик, англи хэл, хятад хэлний нэгдсэн шалгалтыг тестийн хэлбэрээр авна. Шалгалтыг 2012 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 10.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимуудад зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй.

Бичгэн шалгалтын дүн болон ярилцлагад орох хүмүүсийн нэрс, ярилцлагын цагийн хуваарийг 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 17.00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны үүдний самбар дээр зарлана.

Ярилцлагыг 2012 оны 3 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны байранд зохион байгуулна. Ярилцлагад орохдоо Монгол Улсын их, дээд сургууль, коллежид суралцагч иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, суралцаж буй хугацааныхаа сурлагын болон голч дүнгийн тодорхойлолтоо, харин БНХАУ-д суралцагч бүртгүүлэхдээ бүрдүүлсэн бичиг баримтаа эх хувиар нь авч ирэх шаардлагатай.

Ярилцлагад тэнцсэн хүмүүсийн нэрсийг 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 17.00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны үүдний самбар дээр зарлана.  

2/ Мэргэжил дээшлүүлэгч:

Мэргэжил дээшлүүлэхээр бүртгүүлсэн хүмүүсийн бичиг баримтад үнэлэлт, дүгнэлт өгөх хэлбэрээр сонгон шалгаруулж, ярилцлагад орох хүмүүсийн нэрс, ярилцлагын цагийн хуваарийг 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 17.00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны үүдний самбар дээр зарлана.

Ярилцлагыг 2012 оны 3 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны байранд зохион байгуулна. Ярилцлагад орохдоо бүртгүүлэхдээ бүрдүүлсэн бичиг баримтаа эх хувиар нь авч ирэх шаардлагатай.

Ярилцлагад тэнцсэн хүмүүсийн нэрсийг 3 дугаар сарын 29-ны өдрийн 17.00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны үүдний самбар дээр зарлана.

Сонгон шалгаруулалтын дүнд ямар нэгэн тайлбар хийхгүй тухай БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдэж байна.

Дөрөв. Тэтгэлэгт нэр дэвшүүлэх ба суралцуулах

Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийн бичиг баримтыг бүрдүүлэх ажлыг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ хариуцан зохион байгуулж, БНХАУ-ын их, дээд сургууль, коллежид суралцуулахаар тэтгэлэгт нэр дэвшүүлнэ. Инженер технилоги, байгалийн ухаан, хөдөө аж ахуй, анагаах ухаан болон хятад хэлний чиглэлээр суралцах хүмүүс сонгон шалгаруулалтанд давуу эрх эдэлнэ.

Тухайн нэр дэвшигчийг хүлээн авч суралцуулах эцсийн шийдвэрийг БНХАУ-ын Боловсролын яам, хүлээн авах сургууль хамтран гаргана. Суралцах урилга хүлээн авсан оюутан, мэргэжил дээшлүүлэгч нь хятадын талаас хуваарилсан сургуулийн хэлний бэлтгэлд суралцсаны дараа шалгалт өгнө. Энэ шалгалтад тэнцсэн хүмүүс үргэлжлүүлэн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр үндсэн сургалтад хамрагдана.

Суралцагч замын зардлаа хариуцах бөгөөд БНХАУ-ын Засгийн газраас сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийг санхүүжүүлнэ.

 


МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД
СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Бичсэн: EDUCATION | цаг: 16:11 | news
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


ХЯТАДАД ХҮҮХЭД СУРГАХ ДЭМИЙ Л ЮМ БАЙГААМДАА, ТӨРИЙН АЛБА ХЯТАДЖААД ЭХЛЭЖ БАЙГАА ТУХАЙ ХҮМҮҮС ЯРИХ БОЛСОН БАЙНА ЛЭЭ. БОДЛОГООР ХЯЗГААРЛАХГЙҮ БОЛ. ХАРИН АЛЬ БОЛОХ АМЕРИК, АНГЛИРУУ Л ИХ СУРГАХ ХЭРЭГТЭЙ.
Бичсэн: Зочин цаг: 06:50, 2012-02-20 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1736731 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax