2012-03-09
Монголын уламжлалт сурган хүмүүжүүлэх ухаан


 

Н.Энхцогт. ЭША, судлаач

 

2.1. Монголчуудын уламжлалт сурган хүмүүжүүлэх сэтгэлгээ

 

Хэдийгээр монгол туургатан ард түмэн олон мянган жилийн турш нүүдлийн мал аж ахуй эрхлэн, өргөн уудам нутаг дэвсгэр дээрээ дураар нүүж, дөрвөн цагийн аясаар шилжин хөдөлж ирэхдээ суурин иргэд шиг хот байгуулж, сургууль соёлын төвлөрсөн газрууд, шинжлэн судлах байгууллага үүсгэн байгуулж байсангүй. Гэвч суурьшмал соёл иргэншилтэй улс үндэстнээс дутахгүйгээр өөрсдийн мэдлэг туршлагын оюуны асар их өвийг бүтээн бий болгож үеэс үед амаар болон хожим бичгээр уламжлуулан өдгөө хүрч иржээ.

Монголчуудын нүүдлийн иргэншлийн доторх оюуны өвөрмөц нэгэн бүтээл, шилдэг уламжлал туршлагын нэг бол яах аргагүй сурган хүмүүжүүлэх сэтгэлгээний хөгжилт юм. Монголчуудын гүн ухааны сэтгэлгээний түүхэн туршлагыг нэрт эрдэмтэн Ч.Жүгдэр агсан судалж 3 боть бүтээлдээ тусгасан бол уран сайхны соёл сэтгэлгээний түүхийг эрдэмтэн зохиолч Л.Түдэв “Монголын уран зохиолын үндэсний болон нийтлэг шинж” бүтээлдээ судалжээ. Эртний монголчуудын оюун сэтгэлгээний  домог зүйн бүтээлээс эрэн сурвалжилж доктор С.Дулам “Монгол домог зүйн дүр”, мөн монгол бэлэгдэл зүйн сэтгэлгээг нарийн судалж,   4 боть ном хэвлүүлсэн байна. ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлсэн А.Очир, Д.Чулуунжав нарын бичсэн “Монголын төрт ёсны уламжлал, улс төрийн сэтгэлгээ” бүтээлийг дурдаж болно. Эдгээр бүтээлүүд нь монголчуудын оюун сэтгэлгээний хөгжлийг тус тусын салбар чиглэлүүдээр судалсан хийгээд эдгээр нь нэгдэн нийлж бүхэлдээ монголчуудын сурган хүмүүжүүлэх сэтгэлгээний болон боловсролын түүхэн туршлага, уламжлал хөгжлийн тоймыг илэрхийлж байгаагаараа ач холбогдолтой юм.

Сэтгэхүй бол хүний оюун ухааны дээд эрэмбэт үйлдэл, хүний ухамсрын хамгийн хөгжингүй хэлбэр мөн. Хүн оюун сэтгэхүйн ачаар юмс үзэгдлийн мөн чанар, учир утгыг ухааран таньж, байгаль, нийгэм, хүмүүнтэй харилцах олон талт харилцааг тогтоож, нийгмийн оюуны үнэт баялагийг бүтээдэг юм. Аль ч ард түмэнд ахуй амьдралын онцлог шинж, хэв заншил, соёлын уламжлалтай холбоотойгоор тухайн үндэстний өвөрмөц сэтгэхүй үүсэн бүрэлдэж, уламжлагдан хөгжиж байдгийг үгүйсгэх аргагүй. Тэгвэл монгол угсаатан үүсэн бүрэлдсэн нэн эрт үеэс эхлээд өөрийн үндэсний өвөрмөц аж ахуй эрхлэлт, байгаль экологийн онцлог, эдийн ба оюуны соёлын онцлог шинжийг хадгалсан биологи-бие махбод, зан чанар, сэтгэлгээний хувьд дэлхийн аль ч улс үндэстнээс ялгарах шинжийг агуулж чаджээ. Харамсалтай нь, бид эдүгээ болтол ер хүмүүний ерөнхий шинж төлөв, сэтгэл зүйн нийтлэг онцлогтой холбон монгол хүний уг гарвал шинж, төрц төрх, оюун сэтгэлгээний онцлог хэв маяг, монгол хүний шинжийн өөр бусдаас (үндэстнээс) ялгарах ялгаа, оюун сэтгэхүйн давуу ба дутмаг талыг  шинжин судлаагүй байсаар байна. Одоогоос 750000 жилийн өмнө монгол нутагт монгол төст хүн оршин нутаглаж байсны ул мөр, баримтыг түүх архелогийн ухаан шинэ олдвор нээлтээрээ илрүүлсэн байна. Тэгвэл оюун ухаант хүн манай дэлхийд үүссэн цаг хугацаа нь үүнээс зуугаадхан мянган жилийн тэртээ болно. Манай дэлхийд хүн анх үүссэн балар эртний үетэй монгол төст хүн монгол нутагт үүссэн хугацаа нь тун ойр байгаа нь монгол хүн гарваль шинжээрээ анхны хүний төрц, шинжийг хадгалдаг гэдгийг батлах үндэс болно. Хүн судлал, биологи, анагаах ухаанд “монголиод” гэсэн хүний ген бүлэг буй.

Монголын нийгмийн хөгжлийн түүхийн урт удаан хугацааны цагийн шугам дээр монгол улсын ард иргэдийн боловсрол, сурган хүмүүжүүлэх сэтгэлгээнд гарч байсан ололтыг олж тэмдэглэвээс, эртний ба дундад үе, орчин үе гэсэн ерөнхий гол гурван томоохон үед хуваан үзэж болмоор байна. Үүнд, нэгдүгээр үеийг монголчуудад сурган хүмүүжүүлэх үзэл санаа бүрэлдэн тогтсон үе, хоёрдугаар үеийг монголчуудад гэгээрэл боловсрол соёл нэвтэрсэнтэй холбоотой сурган хүмүүжүүлэх үзэл санаа нь улмаар сэтгэлгээний түвшинд боловсорч хөгжсөн үе, гуравдугаар үеийг орчин үеийн монголчуудад боловсрол мэдлэгийг эрхэмлэж үр хүүхдээ бүх шатны сургуулиар хүмүүжүүлэн сургах болсон, ард иргэдийн боловсрол соёлын ерөнхий төвшин дээшилж, сурган хүмүүжүүлэх үйлс өрнөсөн, сурган хүмүүжүүлэх ухаан нь Боловсрол судлалын ухаан болж өргөжсөн, сурган хүмүүжүүлэх шинжлэх ухааны сэтгэлгээний оргил үе гэж хөгжлийн үеэр ялган үзэж болох байна. Нэгдэх үе буюу сурган хүмүүжүүлэх үзэл санаа бүрэлдэн тогтсон үеийн гол онцлог нь байгалийг шүтэх, бишрэх, байгальч үзэл, сүсэг бишрэл, гэнэн итгэл, хүсэл мөрөөдөл, бөө мөргөлийн шүтлэг давамгайлсан оюуны хөгжилтэй холбоотой үүссэн сурган хүмүүжүүлэх үзэл санааны үр хөврөлүүд, үүнд тухайлан биеийн хар хүчинийг үнэлэх үнэлэмжээр хүнээ тодорхойлох болсон. Амьд үлдэх, амьдралын төлөөх тэмцэлд дан ганц биеийн хүч чадалд найдах, биеэр бүхнийг хийх бүтээх зайлшгүй шаардлагатай байсан учраас их хүч чадалтай, том биетэй, бадриун хүнийг хүний төгс төгөлдрийн шинж хэмээх үзэл санаа хүчтэй болж энэхүү үзэл санаанаас тийм хүнийг сурган хүмүүжүүлэх хэрэгцээ гарч байсан үе гэж тодорхойлж болно. Аливаа хүн хүч чадалтай байвал өрсөлдөгч дайснаа амархан ялж дийлнэ гэсэн тийм үзэл санаанаас шалтгаалж монгол сурган хүмүүжүүлэх сэтгэлгээнд баатарлаг үйл, баатарлаг сэтгэлгээ дамамгайлах хандлагатай гарч ирсэн.

Хоёрдахь үед бичгийн ардыг дээдлэх үзэл санаа улмаар дэлгэрч, цэрэг дайны эрдэм боловсролоос илүүтэй иргэний боловсрол, бичгийн түшмэл, бичээч эрдэмтэй хүнийг эрхэмлэх болсон онцлогтой үе. Энэ үед монголд бурхны шашин дахин сэргэн мандсан, сүм хийдүүд нь боловсролын гол төв болсон, дорно дахины олон хэлнээс үлэмж тооны ном орчуулж хэвлэсэн, шашны ба төрийн сургуулиуд байгуулагдан шашин төрийн хос ёсны боловсрол хөгжсөн гээд яривал монголын гэгээрэл боловсролын хөгжлийн чухал үе хамаарагдана.

Гуравдахь үед иргэний боловсрол голлосон, бүх нийтийн боловсрол давамгайлсан, боловсролыг хүний хөгжил ба улсын хөгжлийн гол хөдөлгөгч хүчин гэж үзэх болсон нийгмийн сэтгэлзүй бүрдсэн үе юм. Орчин цагийн олон шинжлэх ухааныг эзэмшсэн үндэсний сэхээтэн эрдэмтэд төрж гарсан, бүх нийтээрээ ерөнхий боловсрол эзэмшиж, залуу үе нь түүнээс дээш боловсролтой болсон сургууль боловсролын ажил үйл эрчимтэй өрнөсөн онцлог хөгжлийн үе юм.

Нийгмийн хөгжлийн аль үед, түүхэн тодорхой ямар нөхцөл шалтгааны улмаас монголчуудын хүнийг шинжин таних, үнэлэх, хөгжүүлэх, төлөвшүүлэх үзэл санаа, сэтгэлгээнд ямар өөрчлөлт гарсан, хүнд боловсрол олгох арга ухаан хэрхэн төлөвшсөнийг судлахад юуны өмнө эл үндэстний сурган хүмүүжүүлэх үзэл санааны түүхийг судлах чингэхдээ монголчуудын сурган хүмүүжүүлэх үзэл санаа хэдий үеэс үүсэн бүрэлдэж тогтсон бэ? гэдэг асуултанд тодорхой хариулт өгөх хэрэгтэй. Монгол нутагтаа монгол хүн мөнхөд аж төрж амьдарсан тэрхүү балар эртний үеэс эхлэн аав ээж, эмэг өвөг, элэнц хуланц нь өөрсдийгөө залгамжлах үр хөвгүүнээ өсгөн хүмүүжүүлж, хүний дайтай хүн болгож байсан өнөр гэр бүлийн үүсэл, түүхээс эхтэй байсан гэж хэлж болно. Эцгийн болон эхийн эрхт ёсны ноёрхлын үед буюу монгол гэр бүлийн үүсэл хөгжлийн эхэн үед монголчуудын сурган хүмүүжүүлэх үзэл санаа бүрэлдэн тогтож эхэлсэн бөгөөд энэхүү үзэл санаа нь анхандаа гэр бүлийн явцуу хүрээнд явагдаж байсан тул айл гэр бүл нэг бүрийн хүн (хүүхэд) өсгөх, хүмүүжүүлэх туршлага, ахмадын сургаал, үлгэрлэлээс эхлээд аав ээж бүрийн үр хүүхдээ хүмүүжүүлэн сургах арга барил, туршлага зэрэг нь цөм хувь хүний шинжтэй байсан учраас нийтийг хамарсан, тодорхой нэгдсэн тогтолцоонд орж  чадаагүй, зөвхөн эрээвэр хураавар үзэл санааны хуримтлалын үе байв. Гэр бүлд хүүхдийг хүмүүжүүлэх, ер монгол айл гэрт монгол хүн төлөвшсөн бүхий л үйл явц эрт үеэс өнөөдөр хүртэл үргэлжлэн уламжилж ирсэн бөгөөд монголын уламжлалт сурган хүмүүжүүлэх ухаанд “гэр бүлийн хүмүүжил” гэх буюу “Гэрийн хүмүүжил”, “Гэрийн сургууль” гэх нэр томьёо ч хэвшин тогтсон байна. Монгол угсаатан ард түмний дунд гэр бүл, ураг төрлийн харилцаа үүссэн нь сурган хүмүүжүүлэх үзэл санааны хөгжлийн бодит үр дүн мөн.

Хүн өөрөө өөрийгөө юм уу хүнээс хүнийг үнэлэх үнэлэмж, сайн муу хүний тухай ойлголт, “хүнээр хүн хийх” монгол арга ухаан гагцхүү гэр бүлийн хүрээнд боловсорч хөгжсөн бөгөөд харин энэ харилцаа үүсээгүй, хүн-сүргийн үед бол хүн хүнээ шинжин таних, үнэлэх, хөгжүүлэх тийм хэрэгцээ шаардлага нэг их байсангүй, зөвхөн хүнээс байгальтай харьцах харилцааны дунд төлөвшсөн байгальч үзэл буюу байгальд шүтэх бишрэх, онгод сахиус савдаг болон далдын хүч, зөн билиг ид шидэд итгэх гэнэн төсөөлөл л эртний монгол хүний байгаль ертөнц, хүнийг үзэх гол үзэл санаа, ойлголт болж байжээ.

 

“Зэрлэг араатан адил газрын өрх, хадны агуй, эрэг хунхад сууж, сүрэг гөрөөс мэт ургамлын үндэс үр жимс түүх цуглуулах, эсвэл сүрэг чонын ан гөрөөсөнд олноороо довтлох зэргийн аж төрөлтэй байсны анхны үед тэдний аж төрөл бараг бүхлээрээ ган зуд, гал түймэр, араатан жигүүртэн, аянга цахилгаан, салхи шуурга тэргүүтэн байгалийн эрхшээлд байсан нь зайлбаргүй тул  тэдний нялх бага ухамсарт эхлээд байгалийн юм үзэгдлийг шүтэх фетишизм, амьтныг шүтэх анимизмын илрэл бүхий сэтгэлгээ үүссэн нь магадтай” /Гаадамба.Ш; Цэрэнсодном.Д, 1998, 54-55 дахь тал/.

 

Ерөөс байгальч үзэл, бөө мөргөл, тотем шүтлэгээс хүн төрөлхтний үзэл санаа, онол сэтгэлгээний хөгжлийн түүх эхэлдэг учраас сурган хүмүүжүүлэх үзэл санааны түүхийн эхлэлийг нэн урагшлуулж үзэх бололцоотой боловч энэ түүх нь дэндүү гэнэн балчир, үнэн бодтой бус, мөрөөдөл хүслийн шинжтэй байдаг.

Нийгмийн бичил орчин гэгддэг-гэр бүлээс үүдэлтэй сурган хүмүүжүүлэх үзэл санаа нь улмаар монголд анхны ханлиг улс болох Хүннү, Сянби, Тоба, Нирун, Хятан зэрэг эртний төрт улсын үеэс эхлэн хөгжиж, угсаа залгамжлах феодалын ёсон буй болж, хан хөвгүүнийг сурган хүмүүжүүлэх үзэл санааны үе эхэлсэн. Ер хөвгүүнийг буюу хүнийг хүмүүжүүлэх хөгжүүлэх асуудал аав ээж, гэр бүлийн хүрээнээс халин тэлж, улс нийгмийн чанартай болж төрийн хууль цааз, хэм хэмжээг иргэн бүр сахин биелүүлэх үүрэгтэй болохоор хүний нийгэмшил буюу нийгэмших үйл явц хурдацтай хөгсөн юм.

Монголын төр, нийгмийн хамгийн хүчирхэг, давшингуй хөгжлийн үе бол олон монгол аймаг, улс нэгдэн, их цаазат хуульт, төр улс тогтсон үе буюу 13 дугаар зуун болно. Тархай бутархай, өөр хоорондоо хямрал тэмцэлтэй байсан олон монгол аймгийг Чингис хаан хураан хумьж, нэгтгэн захирч, хүчирхэг нэгдмэл хаант улс байгуулснаар барахгүй тухайн үеийн олон улсад хүрээ нөлөөгөө түгээж чадсан тэрхүү эзэнт гүрний үеэс монгол үндэстний түүх эхэлдэг гэж зарим түүхчид үздэг. Монголын түүх, утга соёлын бүхий л өв судалгааг Чингис хаантай холбох, “Монголын нууц товчоо” зэрэг тэр үеийн хэрэг явдлыг мөшгөн бичсэн түүх-уран зохиолын тулгуур бүтээлүүдээс эшлэн тайлбарлах нь тийм ч буруу биш юм. Тухайлбал, монголын сурган хүмүүжлийн үзэл санааны түүхийн эхлэлтийг “Монголын нууц товчоо”-оос эрэх буюу Алунгоо эх таван хөвгүүдээ сургасан домог үлгэрийн өгүүлэмж, үзэл санаатай холбон тайлбарлах явдал ч буй. Алунгоо эх бол Чингисийн 11 дүгээр үеийн дээдэс болох Добу мэргэний эхнэр бөгөөд таван хөвгүүн төрүүлж тэднийгээ “хамт нэгэн эетэн” болгож, “хар тэргүүнт хүнтэй” адилтгашгүй, хамгийн хаадын залгамж болгон өсгөн хүмүүжүүлсэн алдарт эх болно.  Өүлэн эх ч урьдын Алун гоо эхийн хүүхдээ сургасан 5 сумны үлгэрийг сурган  хэлж, хавт Хасар, Тэмүүжин нарыг эвтэй найрамдалтай явахыг нэг бус удаа сануулан сургаж хэлж байжээ. Эв эе, бүлгэмдэл найрамдлын бэлгэдэл болсон энэ домгийг Алун гоо эхийн амьдарч байсан аль эрт Х зуунаас хойш эдүгээ хүртэл ам болон бичгээр өвлөн дамжуулж хойч үеийнхэнд үлгэр дууриалал болгосоор ирсэн төдийгүй монгол үндэстний эв нэгдлийн уриа дуудлага мөнийн учирт уг домгийн сурган хүмүүжүүлэх үзэл санааны онцгой ач холбогдол оршино.

2000 жилийн тэртээгээс монголд төрт улс байгуулагдсан нь иргэн төлөвшилтөнд хүчтэй нөлөөлсөн нь дамжиггүй бөгөөд тухайн тухайн үеийн төр нийгэм, улсын бодлого зорилгод нийцсэн тийм төгөлдөр бие хүнийг хүмүүжүүлэх явдал ч мөн чухлаар тавигдах болжээ. Энэхүү хүн нийгэмших үйл явц нь хүнийг үзэх, үнэлэх, шинжин таних, хүншүүлэх, хөгжүүлэх үзэл үнэлэмжид шинэ ахиц дэвшил болж, сурган хүмүүжүүлэх үзэл санаа гүнзгий бүрэлдэн тогтож улмаар энэхүү үзэл санаа нь нийгмийн оюун сэтгэлгээний хүрээнд боловсорч сурган хүмүүжүүлэх сэтгэлгээ болон хөгжжээ.

Өнө эртнээс өдгөөг хүртэлх монгол улсын түүхийн уртын урт цагийн шуам дээр нийгмийн хөгжлийн онцлог чухал үеүдийг товч тэмдэглэн дурдах маягаар, энэ энэ үеүдэд үндэстэн угсаатны мандал буурал өвөл зун мэт солилцсон, үндэсний сэргэн мандлын онцгой үеүдэд монгол хүн хэрхэн төлөвшсөн, хүнийг үзэх үнэлэх сэтгэлгээнд ямар өөрчлөлт гарсан хийгээд монгол хүний хөгжлийн загвар, туйлын үзэл баримтлал ямар байсныг авч үзье. Үүнд эртний монголчуудад хүнийг үнэлэх гол үнэлэмж юу байв? Хүний ямар шинжийг голлодог байв? Эртний монгол хүн нь дээр өгүүлсэнчлэн эх байгальтайгаа шүтэн барилдаж, байгаль дэлхийгээ бишрэн шүтэж, тахиж мөргөж сүслэх боловч амьдрахын эрхэнд байгалиас бэлэн хишэг, хоол тэжээл горьдон “гар хумхин” суусангүй, нүхэн гэр буюу оромж барих, чулуу, мод, төмрөөр зэр зэвсэг хийх, ан амьтдыг олуул нийлж агнах, хоол хүнс бэлтгэх зэргээр амь зуулгын амьдралд эр хүйстэн буюу эрчүүд чухал үүрэгтэй байсан. Тийм болохоор эр хүнийг дээдлэх, эр бяр, биеийн хүч тэнхээг эрхэмлэх үзэл давамгайлж байжээ.Үүнийг бид эртний аман бичгийн зохиол, эд өлөгийн зүйл, түүх архелогийн олон олдвор, баримт мэдээ, хэрэглэгдэхүүнээс сайн мэдэж болох юм. Тухайлбал, 1224 оны орчим холбогдох “Чингисийн чулууны бичиг” хэмээн түүхэнд алдаршсан бичээст нэгэн их найр хурим дээр Чингисийн нэгэн баатар цэрэг эр 350 алд газар байг мэргэн онож харвасныг алдаршуулан, тэрхүү мэргэн харваачид зориулан босгосон хөшөө юм. Эл хөшөөний бичээс монгол бичгээр бидэнд олдож байгаа хамгийн анхны дурсгал бичиг тул хэл шинжлэл, түүх, угсаатны зүйн үүднээс гадаад дотоодын эрдэмтэд шинжлэн судалж бичсэн нь олонтаа. Харин хөшөөг хэнд, юуны учир зориулж босгов? Эл үйл явдлыг хад чулуунаа сийлэн мөнхлөх болсны цаад нарийн утга учир юу байв? Хөшөөний гол баатар болсон Есүнхэй гэгч ямар хүн бэ? гэдэг талаас нь бага анхаарсан, өөрөөр хэлбэл сурган хүмүүжүүлэх ухааны үүднээс Есүнхэй бол тухайн үедээ эр хүний төгс төгөлдөр шинжийг хадгалсан баатар хүн болох хийгээд хүнийг үзэх үнэлэмжийн талаас тайлбарласан нь үгүй байна. Тэгвэл сурган хүмүүжүүлэх ухааны талаас үзвэл Есүнхэй баатар бол олон цэрэг эрчүүдийн дундаас эрхийдээ хүчтэй, эгэмдээ бяртай, хурц хараа, хурдан шаламгай байдал, төгөлдөр бие сүрээрээ хавьгүй илүү, олныг оройлсон онцгой сайн эр, цэргийн шилдэг баатар эр болох нь тодорхой байна. Эртний монголчуудын үзэл санаанд ямар хүнийг төгс сайн эрийн загвар болгож, үнэлж байсан бэ гэвэл их бяр тэнхээтэй, том бадриун биетэй, өрсөлдөгч дайсан хийгээд араатан амьтантай тэмцэн ялах чадалтай хүнийг эрхэмлэдэг байжээ. Өөрөөр хэлбэл эртний монголчуудын хүнийг үзэх, үнэлэх сэтгэлгээнд биеийн хар хүчийг үнэлэх дээдлэх үзэл санаа нэвт шингэмэл байна. Үүнийг батлах жишээг монголын эртний уран зохиол, аман зохиолоос төвөггүй олж болно. Тухайлбал: “Жангар”-ын туульд Жангар баатрын аварга том биетэйг дүрслэхдээ:

                        Тавлаад суухаараа

                        Тавин таван хүний зайд суудаг

                        Тахийгаад суухлаараа

                        Хорин таван хүний зайд суудаг гэж гардаг бол “Монголын нууц товчоо”-нд Хавт Хасарын их хүч чадалтайг дүрслэхдээ:

            Гунан үхэр идэвч

            Цадахгүй ходоодтой

Гунан бухаар зүтгүүлэвч

Гулзайхгүй хүчтэй хэмээн уран зохиолын ихэсгэлийн аргаар бичсэн ч гэсэн чухамдаа баатар эрийг магтан дуулах, эр хүний сүр хүчин, бяр тэнхээг бахархах үзлийн нэгэн илэрхийлэл даруй мөн.

Ийнхүү эртний монголчуудын сурган хүмүүжүүлэх сэтгэлгээний нэгэн илрэл болж байсан биеийн хар хүчнийг үнэлэх сэтгэлгээнээс баатар, эр зоригийг эрхэмд үзэх сэтгэлгээ үүсэн бүрэлдэж улмаар энэ сэтгэлгээ монголын төрт ёсны нийгэмд улам гүнзгийрэн хөгжжээ. Өөрөөр хэлбэл  биеийн хүч чадлаас илүү баатар зориг, цэргийн эрдэм боловсролыг чухалчлан үзэх болсон нь монголчуудын сурган хүмүүжүүлэх сэтгэлгээнд гарсан нэгэн дэвшил хөгжил болно. Ийм сэтгэлгээ монголын нийгмийн хөгжлийг эрс эргэлтэнд оруулсан Чингис хааны байлдан дагуулалт, аян дайны үед улам ч чухал болж иржээ. Мэдээжээр дайн тулалдааны үед хямрал тэмцэлтэй нийгэмд цэргийн эрдэм боловсролд эрчүүдийг сургах, цэрэг эрийг эрхэмд үзэх сэтгэлгээ ноёрхох болно. Их эзэнт гүрний үед эр хүйстэн бүхэн цэрэг болдог, тэгээд ч цэргийн албыг эр хүний хатуужил, эр зориг, эрдэм билгийн сургууль хэмээн үздэг сэтгэлгээ байсан учраас хөвгүүнийг бүр багаас нь нум хавчаахайгаар сум харвах, бай онох, улмаар шувуу болжмор харвах зэргээр амьтныг намнах сургууль хийлгэж цэргийн боловсролд багаас нь бэлтгэдэг байжээ. Чингис хаан буюу Тэмүүжин багадаа нум сумаар харваж, наадаж тоглодог байсан тухай “Монголын нууц товчоо” болон бусад дурсгалт бичгүүдэд тэмдэглэгдсэн нь буй. Тухайн түүхэн цаг үед ямар нийгэм оршин тогтож, ямар суртахуун номлол ноёрхож байснаас шалтгаалж бие хүнийг үзэх үнэлэмж хийгээд иргэнийг төлөвшүүлэх сурган хүмүүжүүлэх арга барил, зорилгод ялгаа гарах явдал бий. Монголын нийгмийн хөгжлийн мандал буурлын онцгой үеүдэд ч монгол хүн төлөвшилд чухал өөрчлөлт гарч, хүнийг үэзх үнэлэмж, үзэл санаанд хувирал гарч сэтгэлгээний өөрчлөлт хувьсал явагдаж байжээ.  Тухайлбал  дээр өгүүлсэнчлэн эртний монгол хүний аж амьдралтай шууд холбогдон бий болсон биеийн хүч чадлыг эрхэмд үзэх сэтгэлгээ болон Чингис хааны нэгдсэн төр улсыг байгуулах тэмцлийн үед цэргийн эрдэм боловсролыг чухалчлан үзэж, дайнд баатар цэрэг хүнийг эр хүний төгс төгөлдөр  шинж чанар, туйлын зорилго болгож, дайнч, баатарлаг үйлийн сэтгэлгээ давамгайлж байжээ. Өөрөөр хэлбэл эрэлхэг гавьяат үйлс бүтээх, цэргийн эрдэм боловсролыг эрхэмлэх нь энэ үеийн сурган хүмүүжүүлэх сэтгэлгээний гол онцлог байжээ гэж дүгнэж болно.

Тэгвэл нэгдсэн эзэнт гүрнийг байгуулж төрийг төвшитгөн, ард түмнийг амаржуулан жаргааж, улс нийгмээ мандуулан хөгжүүлэх дараагийн онцлог үед цэргийн эрдмээс илүү бичгийн эрдмийг чухалчлан үзэж, төрд алба хаших түшмэл хүнийг илүү хүндэтгэх, эрдэм номтой, ухаан билиг хурц төгөлдөр хүнийг эрхэм сайн хүний загвар жишээ болгож, ийм хүнийг сурган бэлтгэхэд тэр үеийн төр улсын болон иргэний боловсрол сургуулиудын эрхэм зорилго чиглэж байжээ. Чингис хаан нэгэнтээ “Морин дэл дээрээс төрийг байгуулах амархан, харин мориноос буугаад төрийг төвшитгөх бэрхтэй” хэмээн айлдсан нь дайн тулалдаанд ялалт ялагдал хүлээх нь хоромхон зуурын хэрэг байдаг бол харин төрийг энхжүүлэн тогтоож барих нь алс хэтийн, өнө мөнхийн, хүнд сорилт, хүчир ажил болохыг хэлсэн хэрэг юм. Төрийн хүнийг хүндэтгэхээс төрт ёсоо дээдлэх үзэл бүрэлдэн тогтсон хийгээд иргэний хүмүүжилд төрийн хууль цаазыг биелүүлэх, төрт ёсны хэм хэмжээг сахих болсон нь монгол хүн төлөвшилд чухал нөлөө үзүүлсэн нь дамжиггүй. Төрийн хүний шинж, төрд алба хаших түшмэл хүнийг сонгох, сургах боловсруулах бүхэл бүтэн сургалтын тогтолцоо энэ үед бий болжээ.

Монгол ардын сурган хүмүүжүүлэх ухааны өвд “Хаан хүний 35 эрдэм”, “Түшмэл хүний 15 эрдэм” гэж байдаг нь чухамдаа төрийн хүнийг шинжих, таних, боловсруулан сургах чухал заавар мөн бөгөөд энэ нь нэг ёсны хүнийг үзэх үнэлэх сэтгэлгээний явцад бий болсон  төгс төгөлдөр төрийн хүний хэв загвар, тогтолцоо мөн гэж үзэж болно. Ер нь хүний оюун ухааныг дээдэлж, бичиг үсгийн боловсролыг эрхэмлэх, бичгийн ардыг “мэргэн” хүний шинж болгож ирсэн нь монголчуудын хүнийг үзэх үзэл санаа үнэлэмжид гарсан сурган хүмүүжүүлэх сэтгэлгээний нэг ололт болно.

Бичгийн эрдмийг эрхэмлэх болсон нь монгол хүний төлөвшил, монголын сургууль боловсролын хөгжилтийн түүхтэй салшгүй холбоотой бөгөөд энэ үе нь барагцаагаар ХҮ-ХҮ11 зуунд холбогдоно. Учир нь энэ үед монголд төр иргэний болон шашны сургуулиуд байгуулагдаж, бүхэл бүтэн сургуулийн тогтолцоо буй болсон төдийгүй номч мэргэд олноор төрж бүтээл ном туурвих, ном хэвлэх, барлах ажил өрнөсөн төдийгүй дорно дахины их үндэстэн хятад, энэтхэг, төвд хэлнээс зүйл зүйлийн ухааны номыг эх хэлээрээ орчуулан олны хүртээл болгож байснаас гадна энэ үед холбогдох түүх, уран зохиол, хууль цааз, хэл шинжлэл, шашин суртахуун, гүн ухаан, ёс заншил, ардын урлаг, гоо зүйн шилдэг бүтээлүүд туурвигдан гарчээ. Мөн үед монголын олон бичиг үсэг зохиогдон, тэр тэр бичгээр монголын түүх утга соёлын өв бүхий олон дурсгал бичгүүд бичигдсэн хийгээд зарим нь өнөө бидэнд уламжлагдан иржээ. Жирийн ардын дунд ч үр хүүхдээ бичиг номтой, билиг эрдэмтэй хүн болгож сурган хүмүүжүүлэхийн тулд багаас нь нэг бол гэрийн сургуулиар үндэсний бичиг үсэгт сургаж иргэний боловсрол олгох, нөгөө бол хүрээ хийдийн газар дацанд шавилуулан хувраг болгохыг эрхэм зорилго болгож байжээ.

Дурдан бүхий үед холбогдох монголын ард түмний сурган хүмүүжүүлэх сэтгэлгээний хөгжилтөнд гарсан өөр нэг зүйл бол тэнгэр шүтлэгтэй бөөгийн язгуурын суртхуунаас бурхан хийгээд лам багшийг шүтдэг бурхны шашныг нийтээр шүтэх, бурхан багшийн сургаал номлолыг дагаж явах болсонтой холбогдон монгол хүний төлөвшил, хүмүүжилд өөрчлөлт гарсан төдийгүй хүнийг үзэх үзэл санаа, сэтгэлгээнд ч томоохон хувьсал гарсан юм. Ялангуяа бурхны шашны энэрэнгүй нигүүлсэнгүйн сургаал нь монгол хүнлэг ёс, хүн чанарын тухай ойлголтыг улам гүнзгийрүүлж, хүнийг хайрлах, энэрэх, асрах, өрөвдөх нинжин сэтгэлийг бий болгоход эерөг нөлөө үзүүлсэн болно. Энэхүү сургаал номлол нь шашны гүн ухаанч, бясалгагч, хутагт хувилгаадын бүтээлээр дамжин бурхны сургаалыг номлогч лам багш нарын үг сургаал болж сүсэгтэн олонд хүрч нөлөөлж байв. Шашны сургаалын дотор иргэнийг засаж хүмүүжүүлэх, хүний ёс суртахууныг зөв төлөвшүүлэх, явдал мөр, үйл хэргээ өөрөө хянах, бусдыг энэрэх хайрлах тухай үлэмж арвин сургаал бий бөгөөд үүнийгээ сүсэгтэн олонд хүргэх хамгийн түгээмэл арга болох итгүүлэн үнэмшүүлэх, ятган сэнхрүүлэх, шүтэн  бишрүүлэх аргаар гурван эрдэнэд итгэл явуулах уншлагаар номлодог бөгөөд эдгээр нь цөм буян нүглийн тухай ойлголтонд үндэслэн, буруу зөвийн сургаалаар хэрэгждэг юм. Бөөгийн шашны улбаатай, Чингисийн үеэс угшилтай монгол хүний хатуу чанга цэгц чанар, эрэмгий дайчин шинж, юунаас ч үл эмээх шантрах эрэлхэг зориг, ширүүн дориун зан авирыг зөөлрүүлэн номхотгох, хүн ба амьтны амийг энэрэн нигүүлсэх, сэтгэлээ ариусгах, буяныг арвитгаж нүглийг тэвчих хийгээд аливаад номхон хүлцэнгүй, хүлээцтэй байх чанарыг бий болгоход бурхны шашин, түүний сургаал номлол чухал нөлөө үзүүлсэн нь дамжиггүй. Монголд гурвантаа дэлгэрсэн түүхтэй бурхны шашны гуравдахь дэлгэрэлт нь ХҮ1 зуунаас эхтэй боловч эдүгээ хүртэл хүч, нөлөө нь сулралгүй хөгжиж ирэхдээ түүний сургаал номлол, жаяг дэг ёс монгол хүний мах цусанд гүн шингэж, олон түмний сүсэг бишрэл, оюун сэтгэл, үзэл бодлыг эрхгүй эзэмдсээр байгаа тул бурхны шашин нь монгол хүний төлөвшил, гэгээрэлд оюун сэтгэлгээнд баттай байраа нэгэнт эзэлсэн гэж хэлж болно. Туурга тусгаар монгол улсын тусгаар тогтнол алдагдаж, Манж Чин улсын захиргаанд орсон 220 жилд бидний өвөг дээдэс харийнхны дарлал дор толгой гудгар, нуруу бөгтөр явсан ч монгол хүн бүр дээд тэнгэр, эзэн Богддоо сүслэн, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэн амьдрах, ялангуяа үр хойч нараа эх оронч, цогтой тэмцэгч, иргэнлэг хүмүүн болгож хүмүүжүүлэхэд ихэд анхаарч байжээ. Олон зуун жилийн түүхэн уламжлалтай төр улсын тусгаар тогтнол алдагдаж, монгол газар шороон дээрээ монгол хүн эзэн нь сууж чадахаа больсон түүхийн ээдрээтэй, эгзэгтэй, харанхуй үед бидний өвөг дээдэс хойч үеэ ийнхүү эх оронч сэтгэлтэй, үндэсний бахархал үзэлтэй хүн болгож хүмүүжүүлэх нь эл үеийн ардын сурган хүмүүжүүлэх сэтгэлгээний гол зүйл болж байв. Энэ тухай доктор Ч.Жүгдэр асан “Монголын философийн түүхийг судлах арга зүйн асуудал” өгүүлэлдээ: “Энэ үед манжийн колончлолын эсрэг үндэсний тусгаар тогтнолын үзэл санаа товойн гарах, нэгдсэн төр байгуулж, төрийн тусгаар тогтнолоо бататган бэхжүүлж байсан үеэ байнга дурсан сануулах замаар түүхийн шинэ үед өмнөх үеийн нэгдсэн төрт улсыг сэргээн босгох үзэл санааг сурталчлах, баатарлаг үйлст уриалан дуудах явдал энэ үеийн (ХVII-ХIХ) монголын нийгмийн сэтгэлгээний хөгжлийн гол хандлага болж байжээ” гэж бичжээ. Үнэхээр монгол улсын тусгаар тогтнол алдагдах буюу ээдрээтэй эгзэгтэй болсон түүхэн онцлог үед монголчуудын үзэл сэтгэлгээнд эх оронч үзэл, үндэсний ухамсар сэтгэлгээ сэргэн идэвхждэг байсныг түүх гэрчилнэ.

Хэдийгээр монгол орон Манжийн дарлалд орж, тусгаар тогтнолоо  нэг үе алдаж байвч, Автономит эрхтэй “хагас улс” , хараат улс болж бууран доройтовч, манж хятадад бүрмөсөн эзлэгдэн уусаж устсангүй, өөрийн газар нутаг, хил хязгаар, хэлбичиг, хэв ёс, урлаг соёл, боловсрол шинжлэх ухаан, шашнаа хүртэл авч үлдсэн нь дээр өгүүлсэн монголын нийгмийн сэтгэлгээний болон ардын сурган хүмүүжүүлэх сэтгэлгээний хөгжлийн түүхэнд гарсан дэвшилттэй салшгүй холбоотой бөгөөд түүхийн аль ч үед одоо, ирээдүйд ч монгол хүнээ монгол чигээр нь авч үлдэх, улмаар монгол хүнээ төгс хөгжүүлэх, улс үндэстнээ гэх үзэл бодол сэтгэлгээг “хөх толбот” хүн бүхэнд төлөвшүүлэх явдал эдүгээ ч улам бүр ач холбогдолтой хэвээр байна.

Эцэст тэмдэглэхэд, монголчуудын сурган хүмүүжүүлэх сэтгэлгээний хөгжлийн түүхийг нэн түрүүн судлах нь монголын боловсролын түүх судлалын  тулгамдсан зорилтын нэг бөгөөд монгол хүн төлөвших, гэгээрэхэд үндэсний сурган хүмүүжүүлэх үзэл санаа, сэтгэлгээ хэрхэн нөлөөлдөг хийгээд монгол хүний төгс төгөлдөр хэв шинж, загварыг боловсруулах, түүнд тохирох, үйлчлэх боловсрол судлалын ухааныг хөгжүүлэхэд чухал болно.

 

2.2. Гэрийн сургууль

 

Монголд олон зууны турш тасралтгүй үргэлжилсэн оюуны соёлын хүрээ нийгэмд өргөн үйлчилж байсан бөгөөд уламжлалт соёлоо хадгалан хойч үедээ өвлүүлэн залгамжлуулах гол төв нь “Гэрийн сургууль” байсан юм. Өөрөөр хэлбэл  монгол үндэстний язгуурын соёл, зан заншил, эх хэл бичиг, урлаг утга зохиолын өв санг хадгалан хөгжүүлэх, монгол хүнээ монгол төлөвөөр нь хүмүүжүүлэхэд гэрийн сургууль онцгой үүрэг гүйцэтгэснийг зориуд тэмдэглэлтэй.

            Ардын хувьсгалаас өмнөх монгол оронд боловсролын өвөрмөц тогтолцоо байсныг үгүйсгэх аргагүй. Үүнд хүн ард, хүүхэд залууст боловсрол мэдлэг, мэргэжил олгох зорилготой 3 хэв шинжийн сургууль байжээ. Тухайлбал: үндэсний хэл бичгээр уншиж бичих, тоо бодох, зурах, урлах, бие махбодыг тамиржуулах, хүмүүжүүлэх зорилготой иргэний суурь боловсрол олгох гэрийн сургууль, төвд хэл бичиг зааж шашны суурь боловсрол эзэмшүүлэх буюу сүм хийдэд хурлын лам нарыг бэлтгэх шашны сургууль, хууль цааз, төр захиргааны боловсрол олгох буюу төрийн түшээ, тамгын ажилтныг бэлтгэх төрийн сургууль тус тус сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байжээ.

            Энэ тухай их эрдэмтэн Б.Ринчин “Монгол бичгийн хэлний зүй”-н тэргүүн ботидоо:

 

“Хянаваас, хуучин монгол сургуультан уг сургууль хийх хэл бичгээрээ гурван зүйл байсан байнам. Түүний дотор хамгийн олон нь шарын шашны сургуультан байжээ. “Шарын шашин нь насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 44 хувийг сүм хийдүүд өөрийн хүрээнд татан оруулж” гэснээр эрэгтэйчүүдийн дөчин дөрвөн хувь нь төвд бичиг үсэгтэй байсан гэсэн утгатай болно. Үүнд төвд хэлийг гадаадын хэл гэж үзэхэд дэлхийн аль ч улс оронд эрэгтэйчүүдийн 44 хувь нь гадаадын нэг хэл  бичиг мэддэг гэсэн тоо бараг гарахгүй байх гэж болох байх. Ийм олон хувь эзэлсэн шашны сургуультан бага наснаас эхлэн хүрээ хийдийн газар шавилан сууж, шарын шашны номын сургууль хийгчид байжээ...” гэсэн байна /Ринчин.Б, 1958, 31 дэхь тал/.

 

            Монголын хуучин сургуультны хоёрдугаар хэсэг нь төрийн сургуультан байжээ. Олонх нь манж хэлбичигтэй, цөөвтөр нь нанхиад бичиг үсэгтэн байв. Тооны хувьд шашны сургуультан хүмүүсээс цөөхөн боловч Манж дайчин улс, түүний дараах иргэн улсын харьяа өөртөө засах Монгол улсын үеэс төрийн алба хааж хошуу тамга, журган яам, аймаг чуулганы жасааны газар алба хаших хүмүүс байжээ... Хуучин сургуультны гутгаар хэсэг нь дан монгол бичгийн сургуультан. Эдгээрийн тоо нь хоёрдугаар хэсэг, манж нанхиад бичигтнээс үлэмж боловч эрэгтэйчүүдийн 44 хувийг эзэлсэн шашны сургуультныг гүйцэхгүй бөгөөд шашны сургуультан хийд хүрээний газар төвд үсэг номын сургууль албаны манж нанхиад түүнийг дагалдсан монгол үсгийн сургууль хийцгээх буюу тэр сургуулиас гарсан хүмүүсээр хошуу тамгын газар тогтсон тооны дотор багтан заалгаж суралцсан хүмүүс байсан ба монгол бичгийн сургуультан нь их төлөв гэрийн сургуультан ажээ. Нутаг усны ямар нэгэн хүнийг шүтэж, цагаан толгой заалгаад сүүлээр нь нэгэн түүх буюу хөлгөн судар мэтийг уншин шударгасаад цаашдаа үзэх хүсэл нь бололцооны хэрэг болдог байжээ.

            Эл гурван хэв шинжийн сургууль нь бүтэц, зохион байгуулалт, сургах үүрэг зорилго, сургалтын агуулга, арга хэлбэрээрээ адилгүй байсны зэрэгцээ тус тус биеэ даасан шинжтэй, өөрийн гэсэн өвөрмөц онцлог тогтолцоотой байжээ. Үүнээс гэрийн сургууль нь суралцагчдад иргэний анхан шатны боловсрол буюу дөрвөн аргын тоо, үндэсний бичиг үсгийн унших бичих дадлага чадварыг олгох зорилготойн дээр ямар нэг ажил мэргэжил ч олгох чиглэлтэй байв. Монгол айл өрх бүхэн үр хүүхдээ юм уу гэрийн аль нэг гишүүнээ гэрээр бичиг үсэгт тайлан сургаж байсан гэж үзвэл айл бүрийн тоогоор гэрийн сургууль байсан гэж үзэх бололцоотой. Ийм түгээмэл тархац дэлгэрэлтэй, өвөрмөц ахуй байршилтай сургууль монголоос өөр улс үндэстэнд ховор буй за.

            Энэхүү гэрийн сургуулийн уламжлал, туршлага дээр тулгуурлан төр улсын албан ёсны сургууль байгуулагдаж байсан үе нь нэлээд эрт үед холбогдох юм. Түүхчдийн мэдээгээр Сүмбэ улсын үе буюу 399 онд анхны сургууль, дараа үед монгол нутагт тогтнож байсан Нирун, Түрэг, Уйгар, Хидан гүрний ед монгол нутагт бичиг үсэг хэрэглэж, ном хэвлэж, орчуулж байсан зэргээс үзвэл сургууль соёлын ажил эртний монголд нэлээд өрнөлттэй хөгжиж байсан нь тодорхой. Юань гүрний үе буюу ХII зууны үед Хубилай хааны ордны дэргэд тусгай төрийн сургууль байгуулагдан (1269) ажиллаж байжээ. Ийм төрийн тусгай сургууль манжийн хааны захиргааны үед ч монголд олон байсан бөгөөд гэрийн болон төрийн албан боловсролын уламжлал дээр суурилан Автономит монголын үеэс улсын, хожим шашны сургуультай зэрэгцэн оршиж хамтад хөгжиж байсан гэрийн сургууль нь дээрх хоёр сургуулиа бодвол түгээмэл дэлгэрэлтэй, энгийн төсөрхөн, хямд зардалтай, нүүдлийн ахуй амьдралд тохирсон, сурха хүсэлтэй хүн нэг бүрийг хамарсан сайн дурын үндсэн дээр зохион байгуулагдсан жинхэнэ монгол хүний сурч боловсрон хүмүүжих боловсролын гол төв, иргэний албан ёсны сургууль болсоор иржээ.

            “Монгол ардын гэрийн сургууль” бол монголын нүүдлийн амьдрал, аж ахуй эрхлэлтэд онцгой тохирсон, хамгийн түгээмэл, энгийн авсаархан, анхдагч сургуулийн нэг хэв шинж бөгөөд гэрийн сургуулийн арга хэлбэр, зохион байгуулалт, хэрэглэгдэхүүн, агуулга арга зүй нь нэгэнт уламжлан хэвшин тогтсон учраас өрхийн гишүүн бүхэн энэ л сургуулийг дамжин боловсрол мэдлэг, хүмүүжлийг олдог байжээ. Монгол гэрийн сургуульд хэн ч багш, хэн ч шавь байж болдог, өрхийн гишүүн бүр бие биедээ харилцан багш, шавь байдаг учраас монгол өрх гэрийн тоогоор монгол сургууль байсан юм.

            Монголчуудын үр хүүхдээ сурган эрдэмжүүлдэг орчин хүрээ нь ахуйн, гэрийн, сүмийн, ордны, төрийн гэх мэт бүтэц зохион байгуулалттай, сургалтын арга, зорилгын хувьд өөр байсан гэж судлаачид үздэг. Тухайлбал: доктор Л.Дашням:

 

Амьдрал ахуйд хүүхдийг дуурайлган хөтөлж, өөрт нь байгаа чадварыг хөгжүүлэх сургалт явагддаг, Гэрийн сургуульд тусгай багшид шавилуулан ахуйд олж авсан мэдлэгтэй нь хослон, зарим үед түүнийг гүнзгийрүүлэн лавшруулах, зарим тусгай мэргэжлийг олгодог, ордны сургуульд шилж сонгосон хүүхдийг тусгай эрдэм эзэмшсэн багш нар журамлах эрдэмд сургадаг, сүмийн сургуульд эрхшээх амьдралын нь суурь болох мэдлэгийг олгодог, зориуд чиглэлтэйгээр /зурхай, анагаах гэх мэт/ сургадаг, зарим практик мэдлэгийг лавшруулж, танин мэдэхүй, шинжлэх ухааны зарим мэдлэг олгодог, төрийн сургуульд чиглэсэн зорилгоор гол нь тодорхой шинжлэх ухааны мэдлэг олгодог буюу уламжлалт мэдлэгийг нэлээд цэгцтэй тогтолцоот байдлаар сургадаг байсан байна” /Дашням.Л, 18 дахь тал/ гэж бичжээ.

 

            Монголын уламжлалт ахуйн буюу амьдрах ухааны сургууль нь хүүхэд залууст бичиг ном заах биш харин ямар нэг тусгай мэргэжил эзэмшүүлэх чиглэлтэй байсан бөгөөд түүнийг мөн л гэрээр багшид дагалдуулан сургах шавилуулах аргаар олгож байсан. Үүнийг одоогийнхоор “мэргэжлийн боловсрол” олгох сургалт гэж хэлж болно. Энэхүү мэргэжлийн боловсролд дархан, мужаан, оёдол үйл зэрэг хүний онцгой авьяас билиг, ур ухааныг илүү шаардах ажил мэргэжил багтана.

            Монгол ардын гэрийн сургуулийн сургалтын хэлбэр, зохион байгуулалт нь аж ахуй эрхлэлтээ дагасан шинжтэй юм. Үүнд, гэрийн сургууль нь өрхийн сургалт, хот айлын сургалт, саахалтын сургалт гэсэн тогтолцоо бүхий хэлбэр зохион байгуулалттай байжээ. Өрхийн сургалт нь гэрийн сургуулийн хамгийн түгээмэл хэлбэр болно. Сургалтын зохион байгуулалт нь ихэвчлэн шавь багшийн гэрт очиж ном заалгах уламжлал нийтлэг байв. Гэвч зарим өрхийн сургалтанд гаднаас багш залж ирүүлэн хүүхэддээ бичиг үсэг заалгах нь буй. Хичээллэх хугацаа, цаг үе нь ямар ч байж болно. Өрхийн сургалт нь улирлын шинжтэй биш, хэзээ хэдийд ч сургалт явагдаж болох ба сургалтын арга, зарчим нь ихээхэн нээлттэй, чөлөөтэй. Түүнчлэн өрхийн сургалт нь суралцагч нэг бүртэй ганцаарчлан ажиллах боломжтой учраас үр дүн нь харцангуй сайн байдаг.

            Хот айлын сургалт нь хамрах хүүхдийн тоо арай олон, нэг хот айл нь 3-4, 4-6 өрх гэр байдаг бөгөөд тэдгээр айлын үе насны хүүхдийг цуглуулан нэг багш хичээл заана. Хүүхэд бүрийн оюун чадварт тохируулан ялгавартай хандаж сургана. Харин зун болоход малчин айлууд ойр саахалтлан бууж аж ахуйгаа хамтран эрхэлдэг учраас саахалтын сургалт нь ихэвчлэн зуны цагт явагддаг. Ойролцоо гэртэй хүүхдүүд нэг айлдаа цугларан багшаар ном заалган даалгавар аваад дараагийн хичээлдээ ирэхдээ түүнийгээ шалгуулан дахин шинэ зүйл заалгах маягаар хичээллэдэг. Саахалтын сургалтанд олон хүүхэд хамрагдах боломжтой, олноороо хичээллэдгээрээ онцлогтой.

            Уламжлалт сургуулийн зохион байгуулалтын хэлбэрүүд яваандаа нийгмийн хөгжлийг дагаад олон хэлбэр, хэв маягтай болж хөгжсөн байна. Жишээлбэл: Түр сургууль, дамжаа, гэрээт сургууль гэх мэт. Түр сургуульд үзэх зүйл нь монгол бичиг. Зорилго нь үндэсний бичиг үсгээ үл мэдэхийн балрыг арилгахад оршиж байв. Өөрөөр хэлбэл бичиг үсэгт тайлах сургалт юм. Хугацааны хувьд 3 сараас хэтрэхгүй. Уншуулж сургахыг гол болгоно. Харин дамжаа нь ажил мэргэжил олгох зорилготой байв. Гэрээт сургуулийн хэлбэр нь суралцагч ба сургагч нарын хооронд ам хэлцэл хийх эсвэл бичгээр үйлдэн тэдэн сарын дотор тийм хэмжээнд сургаж боловсруулна гэсэн хоёр талын итгэлцэл, хэлцэл юм. Ийм сургалтын хэлбэр хожуу үеэс хөгжжээ. Монгол гэрийн сургуулийн сургалт нь ихэвчлэн ганцаарчилсан сургалтаар явагддаг. Ер нь ганцаарчилсан сургалтын хэлбэр нь дэлхий нийтэд түгээмэл дэлгэрсэн болно. Дэлхийн нэрт хүмүүс, Нобелийн шагналт эрдэмтэд, зохиолч, хөгжмийн зохиолчдын ихэнх нь гэрийн сургуулиар боловсрол олсон байдаг нь гэрийн сургалт буюу шавь сургалтын давуу тал юм. Сайн багшид шавилах нь шавийн оюун ухаан, авьяас чадвар эрт нээгдэж, эрчимтэй, идэвхтэй суралцах, цаг алдахгүй өөрийн хурдаар хөгждөг бөгөөд сургалтын явцад гаднаас харшлах муу нөлөө, анхаарал хоёрдуулах элдэв хөндлөнгийн саад бэрхшээл байдаггүй. Шавь багшийн хэлснийг сайн ойлгож авдаг төдийгүй багшаас лавлан асуух, хамтран ажиллах бүрэн боломжтой байдаг зэргээрээ олноор цугларан сууж нэг багшаар заалгадаг анги хичээлийн системээс энэхүү ганцаарчилсан сургалт илүү давуутай.

            Гэрийн шавь сургалт бол тусгай олон нөхцөл шаардахгүй, хамгийн хямд, сурах сургах хоёр хүний чин сэтгэл нийлсэн байх тул хамгийн чанартай, жинхэнэ сургалт шиг сургалт байдаг байсан гэж гэрийн сургуулиар багшийг дагаж ном үзсэн ахмадууд ярьдаг нь туйлын үнэн болно. Монголын нүүдэлчний соёл, ахуйн өвөрмөц онцлогоос үүдэн гэрийн сургуулийн шавь сургалт бус сургуулиас /шашны болон төрийн/ илүү өргөн тархацтай хөгжиж байжээ.

            Монгол гэрийн сургуулийн зорилгод үндэсний хэл бичгийн боловсрол олгох явдал тэргүүн зэргийн зорилт байв. Энэ боловсролыг олгох сургалтын эхэн зорилт нь уншуулж сургах, удаах зорилт нь бичүүлж сургахад оршиж байв. Унших, бичих хоёрыг зааглаж, салгаж үзэж болохгүй гэж орчин үеийн дидактикчид үздэг бөгөөд энэ хоёрыг сургалтын явцад зэрэг эзэмшүүлэх ёстой хэмээдэг. Гэтэл манай ардын гэрийн сургалтанд уншуулж сургахыг голлодгийн учрыг монгол ахуй, сэтгэлгээ, соёлын хэрэгцээ, уламжлалаас салгаж ойлгохын аргагүй.

            Ер нь гэрийн сургалт маань хувь хүний хэрэгцэээнд тулгуурласан сургалт байв. Өөрөөр хэлбэл одоо бидний яриад байгаа прагматик сургалт гэрийн сургалтанд давамгайлж байжээ. Унших бичих үйл ажиллагааг хувь хүний хэрэгцээ шаардлагатай холбон үзвэл унших хэрэгцээ нь бичих хэрэгцээнээсээ ямагт илүү төдийгүй сурч боловсроход ч дөхөм, унших үзэх ном дэвтэр ч хүрэлцээтэй /хэвлэмэл ба бичмэл дэвтрүүд/ байсантай холбоотой. Тиймээс өмнө өгүүлсэнчлэн хуучин монголын хүн амын дийлэнх нь уншдаг, цөөнх нь бичдэг байсан баримт үүний нотолгоо юм. Нөгөө талаар өмнөх уламжлалд үсэг бичигт анхан сургах “Цагаан толгой” хэмээхээс өөр ном сурах бичиг байсангүй, зөвхөн цагаан толгойн сургалтаар бичиг үсэгт сургах ажил хязгаарлагдаж байв. Үүнээс шалтгаалж бичигтэн хүний тоо харьцангуй цөөн, ялангуяа бичих чадвартан, бичгийн хэлээ сайн эзэмшсэн хүн хувьсгалын эхэн жилийн мэдээгээр гэхэд бүх хүн амын дөнгөж 9 хувийг эзэлж байжээ. Харин уншиж чадах хүний тоо харьцангуй олон байв.

            Зөвхөн уншиж чадах хүнийг бичигтэнд тооцдоггүй учир гэвээс бичигтэн хүний үүрэг нь төрд алба хаших түшмэл зиндааны хүн байсан. Тэд бичгийн чадвараараа мөн ялгарч тал бичээч, жинхэнэ бичээч, эх зохиогч гэсэн зэрэг дэвийн ялгаатай мэргэжлийн зэрэг олдог байжээ. Энэхүү эх зохиогч, бичээч нар л тамгын газар алба хашиж, бичиг данс эрхлэн, аливаа харилцах бичгийг үйлдэх болохоос биш хүн бүр бичиж зохиох, найруулах бичгийн боловсролыг эзэмших албагүй (үүрэггүй) байсан байна. Тиймээс урьдын монголд унших боловсролтон нь олонх, бичих боловсролтон нь хошуу тамгын газрын бичээч нараас хэтрэхгүй байжээ.

            Уламжлалт сургалтын гол арга нь хуулан бичүүлэх, нүдэлж тогтоолгох, цээжлүүлэх, дахин давтан дадлагажуулах, маргаж мэтгэлцэх, эргэцүүлэн бясалгах, биеийг нь даалгаж өөрт тохирсон даалгаврыг гүйцэтгүүлэх зэрэг аргаар сургаж байв. Үүнээс зөвхөн хуулан бичүүлж сургах аргын тухай товч өгүүлье. Хувь хүний бичгийн боловсрол, чадавхийн нэг чухал зүйл нь цэвэр сайхан бичиг бөгөөд бас түргэн бичих чадвар юм. Хэлбичиг заах аргад гэрийн багш нар юуны өмнө шавийг хичээнгүй нямбай, бичгийн хэв сайтай, гаргацтай бичүүлж сургахад ихэд анхаарч байжээ. Үүний тулд хуулан бичиг их хийлгэдэг байв. Чингэхдээ үсгийн зурлага, хэв тигийг зөв гаргах, үсэг бийрийг хэрхэн зөв барьж даралттай даралтгүй /хөнгөн/ бичих, сүүл орхицыг яаж орхиж хаяж цацаж бичих, нурууг тэгш татаж үсгүүдийг жигд холбох арга зэргийг нарийн зааж өгч, өөрөө үлгэрлэн бичиж үзүүлнэ. Багшаас шавийн гарыг барьж дагуулан бичих дадлагыг анхнаасаа хийж үсэг бичихэд түүртэхгүй болгон шавийн гарын бойдоог арилгана. Багшийн бичсэнийг дууриан дагаж хуулан бичнэ. Түүнчлэн сайн бичээчийн бичгийг харж хуулна. Анхандаа богино эх бичвэр хуулан бичих ба яваандаа том эх, заримдаа бүхэл бүтэн номыг нь хуулан бичиж багшдаа шалгуулна. Хуулан бичих явцад үгийн зөв бичлэг суралцагчдын ой билигт хоногшин гарт орж ирэх ба бичих хурд нэмэгдэх сайн талтайгаас гадна гарын ур, бичгийн тиг зөв боловсрон хөгжих ач холбогдолтой болно.

            Ер монголд “гар бичмэл” хэмээх өвөрмөц нэгэн номын соёл уламжлагдсан байдаг нь номыг олноор хувилан хуулан бичих сургалттай холбоотой, энэ нь заримдаа сургалтын гэхээсээ ном хувилж тархаах нэгэн ёсны ном үйлдвэрлэл болж байсан юм. Тиймээс монголын нутагт нэртэй сайн бичээчид, тэдний шавь нар олноор төрж, бичгийн сургуулийн дэг ёс нэгэнт бүрэлдэн тогтжээ. Хуулан бичүүлэх сургалтаар бичэээч, бичгийн боловсролтныг бэлтгэж байсан энэхүү уламжлал эдүгээ нэгэнт тасарч, хуулан бичгийн ажлыг зөвхөн хэлбичгийн хичээлд хааяа нэг зөвхөн эх сэдвийг харж хуулуулах идэвхгүй аргаар хэрэглэх болжээ.

            Гэрийн сургуулиар хүүхдийн оюуныг хөгжүүлэх сургалтын өөр нэг үйл ажиллагаа бол оньсого таавар таалгах, тоо тоолох, бодох үйлд сургах явдал юм. Бага насны хүүхэд аман зохиол, аман тоглоомыг их сонирхдог болохоор оньсого таавар таалгах, аман бодлого бодуулах нь  тэдний хэрэглээ, сонирхолд илүү нийцэхээс гадна хүүхдийн оюуныг задлан нээх, оюуны нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх үйлд сургах, тогтоох цээжлэх ойг хөгжүүлдэгээрээ ач холбогдолтой.

            Хүний бие эрхтний нэрийг хэлж мэдүүлэхийн зэргэд тухайн эрхтэн хүнд хэд байгааг тоолуулж, хоёр чих, нүд, гар, 10 хуруу, нэг хамар, нэг толгой гэж анхны тоо тоололд сургана. Дөрвөн аргын тоог хуруугаар заадаг уламжлал байв. Эрхий хуруу нь 1 ба 10, долоовор нь 2 ба 9, дунд хуруу нь 3 ба 8, ядам хуруу нь 5 ба 6-г илэрхийлдэг байжээ. Арван хуруугаа “үзүүлэн” болгож тоог тоолох, нэмэх хасах үйлдлийг хүүхэд сургуульд орохоосоо өмнө сурчихсан байдаг. Харин нэгж, аравт, зуут, мянгатыг уул юмны баримжаагаар тогтоож, ер олон оронтой тоог ерөнхий багцаагаар ойлгоно. Ер нь монголчууд тоог түүнд харгалзах тоотой юмны нэрээр нэрлэх /жишээ нь, нар орчлонд ганц байдаг тул нэгийг нар гэх/ эсвэл ерөнхий тойм, багцаа тогг их хэрэглэдэг уламжлалтай байжээ. Жишээ нь , атга шагай, азарга адуу, сүрэг хонь, тарагийн таван ямаа гэх мэт.

            Тоо бодуулж сургахдаа хүүхдийн сонирхол хүсэлд нийцсэн сонирхолтой үйл явдал, өгүүлэмжтэй ардын аман бодлого бодуулж оюуны үйлдэл хийх арга барилд сургадаг. Сургалтын шинжтэй ардын аман ба зугаатай, хошин, таавар бодлого нь монгол ардын аман зохиолын санд тусгай нэгэн төрөл болж өвлөгджээ.

            2000 гаруй жилийн төрт ёсны түүхэн уламжлалтай, хэдэн зуун жилийн бурхны шашинтай монгол улсад төрийн болон шашны сургууль эрт үеэс үүсэн хөгжиж эдүгээр хүртэл залгамжлагдан хөгжиж байна. Юань улсын үед төрийн олон сургууль байгуулагдсан түүхтэй. XII, XIII зууны үе бол монгол улсын төр, үндэстний соёл иргэншлийн цэцэглэлтийн үе бөгөөд энэ үе нь хоёр зуугаад жил үргэлжилжээ. Монголын түүхэнд “харанхуй үе” гэж нэрлэгддэг XV, XVI зууны үед монголчууд өөр хоорондоо хямран тэмцэлдсэнээс төр улсын хүч, нөлөө суларч, харь гүрний зууш болон тусгаар тогтнолоо алдах хүртэл монгол улс доройтон буурчээ. Дайн байлдааны хөлд ахуй соёлоо алдаж, туйлдан ядарсан ард түмэнд гэгээрэл боловсрол юу байхсан билээ. Энэ үед холбогдох түүхэн сурвалж, соёлын дурсгал өв ховор хомс бөгөөд тэгээд ч түүхийн болон соёлын уналтын үе учраас “харанхуй үе” хэмээн түүхнээс тэмдэглэгдсэн буй.

            Монгол улсын соёлын сэргэн мандлын үе XVII  зуунаас өрнөлттэй эхэлсэн бөгөөд энэ үед монголчуудын оюуны соёлын хөгжилтөнд бусад хөрш орнуудын соёл боловсрол хүчтэй нөлөөлжээ. Тухайлбал, хятад, энэтхэг, төвдийн соёл боловсрол монголд нэвтрэхийн зэрэгцээ бурхны шашин ч хүчтэй дэлгэрчээ. Дээрх улсуудын сонгодог бүтээл, ном судрыг орчуулах, барлах /хэвлэх/, үндэсний сэхээтнүүдийн хувьд ч тэр улс үндэстний хэлбичгийг сурах, зарим нь тэр хэлээр бүтээлээ туурвих, хурал ном унших зэргээр монголчуудын оюуны боловсрол тэлж, ертөнц дахинтай харилцах хамтран ажиллах боломж дахин нээгдсэн юм. Монголчуудын оюуны соёлын гол гол бүтээл- бичгийн уран зохиол, орчуулгын уран зохиол, сургаал билгийн уран зохиолууд бичигдэж, шашин, гүн ухаан, түүх, хэлбичиг, одон зурхай, анагаах ухаан, урлахуйн ухаанууд хөгжжээ. XVII-XVIII, XIX зууны эхэн хүртэл монголын соёл боловсрол бадран хөгжиж байсны баримт олон буй.

            Тухайлбал, Энэтхэг, төвд хэлнээс гол төлөв бурхны шашны зохиол, хятад хэлнээс түүх, уран зохиол, Кунз Мензийн сургаал (“Ачлалт ном”, “Ёслолт ном”, “Засагт ном” гэх мэт) зохиолууд болон их, бага арван ухааны бүтээлүүдийг орчуулахын тулд 1760-аад оны үеэс Аюуш гүүш гэгч “Али-гали” буюу галиг үсгийг зохиож, тухайн хэлнээс шууд орчуулга хийх боломжтой болжээ. Дорно дахины их нэвтэрхий толь болох Ганжуур, Данжуур хэмээх 300 гаруй боть их хөлгөн зохиолыг энэ үед монгол хэлнээ орчуулан барласан байх юм. Монголын олонх мэргэд, тэдний бүтээлийн алтан сан чухамхүү дээрх үетэй л холбогддог. Хэдийгээр монгол төр улсын тусгаар тогтнол алдагдах ээдрээтэй үе байсан боловч соёл боловсролын хувьд монголчууд хэнээс ч дутахгүй, ямар ч үндэстэнд гологдохгүй байжээ.

            Монгол улс Манжийн дарлалд 220 жил болж, Автономит эрхтэй улс болсон нь үнэн хэрэгтээ тусгаар тогнол алдагдаж, Автономит хэмээх хагас улс, хагас эрхтэй улс үндэстэн гэгч болж, өөрийн эрх барих мэдэлгүй, дээр ноён нь эзлэн түрэмгийлэгч манжийн амбан бүх эрх мэдлийг мэдэж захирч байсан үе. Гэхдээ Автономит монгол улсын үед манж хэл бичиг, төрийн хууль цаазны боловсрол эзэмшүүлэх төрийн сургууль ч байгуулагдаж байсныг тэр үеийн архивын баримт гэрчилдэг. Төрийн сургуульд ихэвчлэн угсаа залгамжлах ноёд, түшмэдийн хөвгүүд суралцана. Тэд хаад ихсийн ордон буюу хошуу тамгын газар тусгайлан боловсрох сургуульд сурч төр ёсны боловсролыг мөн л анги зиндаа ахисан системтэй сургалтаар олж эзэмшдэг. Төрийн сургуулиар төрд алба хаишх түшмэл, тамгын ажилтнуудыг бэлтгэдэг учраас тэдний үзэж судлах хичээлийн гол нь төрийн хууль цааз, төрт ёсны сургааль, хэв ёс, бичгийн боловсрол /албан бичиг үйлдэх, төрөл бүрийн бичгийн эх зохиох зэрэг/, мөн манж, хятад хэл бичиг зэрэг болно.

 

Ашигласан ном

 

1.    Агваандандар. Үсгийн номлол-мэргэдийн амны чимэг

2.    Ачлалт номын тухай. УБ., 1961

3.    Асрамжлах сургах билиг

4.    Баттогтох.Д. Монгол ардын гэрийн сургууль. УБ., 2002

5.    Бага хөвгүүдийг удирдан заах сургаал

6.    Бодватаны аймгийн үлэмж ном утгыг гийгүүлэн үйлдэгч зул, үлгэрийн ном эрдэнэ цогцолсон Лянхуан тайлбар оршвой

7.    Богдын сургаалыг сэнхрүүлэн бадруулах бичиг

8.    Бодь мөрийн зэрэг. Хэвлэлд бэлтгэсэн Г.Пүрэвбат. 2002

9.    Болдсайхан.Б. Буддын сургаал ба шинжлэх ухаан. УБ., 2001

10.  Ванчигсүрэн.Д. Шавь төвтэй сургалтын онол аргазүй. УБ., 2001

11.  Гаадамба Ш, Цэрэнсодном Д. Монгол ардын аман зохиол. УБ., 1998

12.  Дагвадорж.Д. Бурхан шашин, монгол уламжлал. УБ., 2002

13.  Дагвадорж.О. Монголын уламжлалт боловсролын тогтолцоон дахь дацангийн сургалтын эзлэх түүхэн байр суурь. Диссертаци. УБ., 2004

14.  Дармадала. Их монголын оронд дээдийн ном ямар мэт дэлгэрсэн ёсыг тодорхой өгүүлэх Цагаан лянхуан эрхис хэмээх оршвой. УБ., 1995

15.  Дашням Л. Монголчуудын хүн бүтээдэг эрдэм. (18 тал)

16.  Дэмчигдорж /Дандаа/. Эрдэнэт толь хэмээх шастир оршвой. УБ., 2002

17.  Лувсанчойндон. Монгол зан аалийн ойлбор. Хөх хот., 1981

18.  Монголын боловсрол судлаач эрдэмтдийн өгүүллийн сонгомол. 2002

19.  Ринчин.Б. Монгол бичгийн хэлний зүй. УБ., 1958.

20.  Түдэв.Л. “Монголын уран зохиолын үндэсний болон нийтлэг шинж” УБ., 1979

21.  Хавх.Н. Буддын сурган, сэтгэл судлалын ухаан. УБ., 2006

22.  Хүрэлбаатар.Л. Монгол орчуулгын товчоон. УБ., 1995

23.  Шагдар.Ш. Монгол улсын боловсролын түүхийн товчоон. УБ., 2002

24.  Эрдэнэ-Очир.Г. Ерөнхий дидактикийн үндэс. УБ., 1995

25.  Энэрэн нигүүлсэх бурхны сургаал. УБ., 1999

Зохиогчийн эрхтэй болно!!!

 

 

Бичсэн: EDUCATION | цаг: 10:34 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1739998 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax