Уран зохиолын яруу утгыг тайлагч буюу доктор, утга зохиолын шинжээч судлаач Дэмбэрэлсүрэнгийн Цэвээндорж “Хориг шүүмжийн бичиг” нэртэй нэн сонирхолтой судалгааны шинэ номынхоо эх бичлэгийг гар дээр авчирч тавилаа. Үүний өмнө “Монгол намтар зохиол, зохиолчийн намтар судлал” гэсэн бараг намтар судалгааны анхных гэмээр ном, мөн “Тодорхой утгын зул” гэдэг судлал шинжлэлийн дотоод чанарт нэвтэрсэн туурвилыг зохиосон залуу эрдэмтэн маань энэ удаагийн энэ эмхтгэлдээ судлал шүүмж, орчуулгаа оруулжээ. Япон ном шиг энэ номын хамгийн төгсгөлд орсон орчуулгын шүлгүүдээс нь санаснаа эхэлж хэлье! гэж бодлоо. Т.Эллиотын монголд гарч байгаа бараг анхны орчуулгын шүлгээс эхлээд Английн их бичгийн хүн Уйлъяам (Вильяам) Шекспирийн сонет буюу 14 мөртөөс түүвэрлэн дуун хөрвүүлсэн нь сонирхлыг татлаа.
У.Шекспирийн сонетоос урьд алаг цоог орчуулан Ж.Чойнхор яруу найрагч, дуун хөрвүүлэгчийн хувиар Англи эхтэй нь тулгасан бэсрэг орчуулгын ном гаргасан бол Д.Цэвээндорж энд (эл номд) нэр заасан шүлгүүдийг орчуулжээ. Үүнийг утга санаа ижил нэгэн сонет-шүлгэн дээр жишиж үзье. Аль 1960-аад онд Ш.Гаадамба багш нэг сонетыг нь ийн орчуулжээ.
“Гантиг хүрэл, газар далай
Үеэ болохоор цөм баларна
Ганган зүс үзэсгэлэн- арчаагүй цэцгийг чинь
Үхэлтэй маргаж, эсэрхэн хамгаална
Зэс хөшөө, гантиг багана
Уул хадыг ч тэсгэлгүй сүйтгэгч
Цаг нь ирэхийн бэрх аюулаас
Уран цэцэг чамайгаа хэрхэн аврана
Уран өнгийг чинь хорогдох газрыг
Хаанаас олох вэ? Халаг чааваас
Улирах цагийн санжлуурыг зогсоож
Хайрт цэцгээ хэрхэн аврана вэ?
Найдвар алга, ганцхан хар бэх л
Нандин хонгор дүрийг чинь аварч мэднэ”
(Орос хэлнээс Ш.Гаадамба)
гэсэн бол Англи хэлнээс энэ 14 мөрт буюу сонетыг Ж.Чойнхор ийн орчуулжээ.
“Гарцаагүй цаг нь нөмрөөд ирэхийн үед
Гантиг хүрэл ч бай, газар далай ч бай ялгаагүй
Турьхан цэцэг шиг чи минь цагийг сөрөөд
Тунаж үлдэнэ гэж даанч байхгүй
Хүрэл хөшөө, гантиг баганыг нураагаад
Хүрээд ирэх тэр их гэнэтийн аюулаас
Зуны сарын бал шиг чамайгаа
Зугтаалгаж хааш нь аваачих вэ, эндээс
Цагийг эзэлсэн эрдэнийн сувд
Цагийн дайрлагаас хаана нуугдах вэ?
Чааваас ийм л гашуун бодолд
Чамайгаа л гэхдээ дарагдахаас яах вэ?
Харин өөр замгүй бол хайран гоо сайхныг чинь
Хадгалж л үлдэнэ байхдаа хоёр бэх минь”
Үүнтэй төстэй Шекспирийн сонетийг Д.Цэвээндорж ийн орчуулжээ.
<<“Язгууртан хааны гантиг баримал шармал хөшөөнөөс илүүтэй
Яруу найргийн гайхамшигт мөрүүд ямагт урт настай
Бохиртсон хөшөөнөөс дайртсан цагийн гуниглал нэхэгдэхэд
Баясан цацрах гэрэл гялбааг нь чи эдгээр шүлгүүдээс л харна шүү
Утга учиргүй самуунд баримал дүрс балран арилах үеэр
Ул сууринд нь наран ээж, хэрмэн хана нураасай
Хааны юлдэт сэлэм мягмар гарагийн дайн тулаанаар бус
Хайрлалт чиний дурсамжийг сэдрээн дүрэлзэх түүдэгт шатаасай
Хэнэггүй зангаар хорсол тэтгэн үхэл сөрсөн тэмцлийг зогсоовоос
Хаа сайгүй чамайг л алдаршуулж өрөө бүхэнд магтана шүү
Хувь заяаны төгсгөлөөс энэ ертөнцийг ангижруулж чадваас
Харцанд нь амгалан ноёлж үр хойчис чинь амаржина шүү
Ингэж л өөрийгөө чангатган, уужуу ухаанаар хандахаас нааш
Энд чи амьдран жаргаж, энхрий харцанд уярахгүй шүү”
(55-р сонет)
Тайлбар: С.Маршакийн “Сонеты Шекспира” Москва (1952) номын орос орчуулгын эхтэй тулгасан ч эртний англи хэл бүхий эхээс нь орчуулж буй анхны өчүүхэн оролдлого маань энэ юм. Д.Цэвээндорж>>
Иймэрхүү оролдлого хичээлтэй, ухаарал зүтгэлтэй бас өөрийнх нь онцлог гэмээр гэгээн сэрэл мэдрэмжтэй залуу эрдэмтэн судлаачийн эл ном чухамхүү эзнээ хүлээж байв уу гэлтэй олон шүүмж, хөрөг бодролоос бүрджээ. Томоохоноос нь л гэхэд ардын хоёр дахь уран зохиолч С.Эрдэнэ, түүний туурвилыг хэрхэн дэнсэлж цэгнэсний нь авч үзье л дээ. <<...Өөрийн амьдралын түүх мэт өөриймсүүлж, үйл явдалдаа зохиолч өөрөө шингэн, өгүүлэгчийн хандал, баатрын догдлол хоршин илэрдэгээрээ онцгой бөгөөд хүний сэтгэлийн дотоод ертөнцийг уудлан дэлгэсэн уянгын сэтгэмж, бодрол эргэцүүлэл, уянга сэтгэл зүй, ухаарлын өнгө аяс бүхий шинэтгэлийг эхлүүлсэн туурвил зүйн содон хэв маягаараа С.Эрдэнийн зохиолууд гойд онцлогтой>> гэж дүгнээд “сонгодог шинж бүхий уран яруу болгодог шид” хутагтай нь холбон шинжилсэн байна.
<<...1960-аад оны монголын орчин үеийн хүүрнэл зохиолын уянга-сэтгэл зүйн төлөөлөгч, ард орны сэтгэл оюунд бүтээл нь хоногшиж, ардын уран зохиолчийн болзлыг хангасан тоотой уран бүтээлчийн нэг Сэнгийн Эрдэнэ нь уянгын өгүүлэгч төдийгүй шүүмжлэлт, ардчилсан үзэл санааны гарамгай мастер байсныг>> бүтээлүүдээр нь шинжлэн нотолжээ. Энэчлэн С.Буяннэмэх, Д.Нацагдорж нарын хэвлэлийн тухай шүлэг, нийтлэлийг зэрэгцүүлэн үзсэний дээр романы төрөлд гаршсан гэгдэх Жамбын Пүрэвийн бүтээлийн ололт болон дутагдлыг шүүн тунгаажээ. <<...Дүрийн хөгжил хөдөлгөөнийг үнэмшилтэй гаргаж буй ч нарийн урлаж чадаагүй нь уламжлалт аргаар туурвиж ирсэнтэй нь холбоотой бололтой байна. Ж.Пүрэв зохиолч түүхэн баримт, үйл явдлын талаар голтой тусгадаг сайн талтай ч дүрслэл үйлдлийг эхлэлд голлоод, өрнөл дунд сул хаядаг нь зохиолчийн хэт сунжруулсан бичлэгээс үүтгэлтэй>> гэсэнтэй нь маргах хүн гарахгүй биз ээ. Д.Цэвээндорж зөвхөн тууж романы зохиолчдын бүтээлийг шинжлээд зогссонгүй, өгүүллэгийн мастеруудын бүтээлийг үе шат, он цагаар нь хөөж судлан нягтлахдаа гадаад оронд амьдарч бүтээлээ туурвиж суугаа өгүүллэг бичигчдийг ч хамарсан амой. Тухайлбал
<<...Манай өгүүллэгийн мастеруудын зэрэгцээ Германд бүтээлээ туурвин нэрд гарч буй Ч.Галсан, Японд бүтээлээ туурвиж уянгын олон өгүүллэгээрээ нэрд гарч яваа С.Хишигсүрэн гээд олон зохиолчийн сүүлийн жилүүдэд туурвисан бүтээлүүд тод гэрчилнэ.... С.Хишигсүрэн, хүний зан чанарын догдлолоор дүрийн хэв шинж, цаашлаад зохиолынхоо үзэл санааг тодотгодог нь уншигчид энгийн хүүрнэсэн сонирхолтой бичлэгийн утгыг тайлах, уянгын тайлал руу улам бүр тэмүүлэхэд хүргэдэг. Дүрийн зан төлөвийг шууд дүрслэн тодорхойлолгүй үг хэллэгээр нь, үйлдэл хөдөлгөөнөөр нь төлөөлүүлэн дүрсэлдэг туурвил зүйн ололт тод анзаарагддаг юм. Энгийн хүүрнэсэн дүрслэмж, хүний мөс гэгээн сэтгэлийг гүнзгий харуулсан товч хийгээд сонирхолтой өгүүллэгүүд нь залуу уран бүтээлчдийн ирээдүйг тодорхойлж байна>> гэж эцэст нь дүгнэсэн нь нэгийг хэлж, хоёрыг бодуулж байна.
Энэ номын бүлгүүдийг тодосгож буй нэг тод сонин зүйл бол “Монголын орчин үеийн уран зохиол дахь Чингис хааны дүрийн уламжлал, туурвил зүйн зарим асуудал” гэсэн судалгааны хэсэг юм. Үүнийг дэлгэрүүлэн ярихад цаг цаас багадах учир дээр дурдсан зохиолчид, яруу найрагчдын бүтээлийн ололт амжилт, дав даруй санаа авч засууштай дутагдлыг шинжин шүүж, тунгаасан хэсгүүдийг ишлэн өгүүлэх явдал юм. Үүнд <<Муруй дүрстэй “Алтан өд”>> хориг шүүмждээ: <<...Үнэндээ “Алтан өдтөн”-үүд тийм сайн бичдэг үү, бусдад үлгэр дуурайлал болж чаддаг уу гэдгийг нэгэн бүтээлээр жишээлье. 2009 оны яруу найргийн богино хэмжээний төрөлд шалгарсан гэх Ц.Отгонжаргалын “Муруй дүрс” (2009) номд...
“Өрцнөөсөө мэдрэмж савируулан
Өөрийгөө дуустал хундагалъя” гэх юмуу
“Ногоон цайвар дээлийн голд хөдөлж ядан
Ноорсон царайтай эмгэн эх минь бөөвийж сууна”
гэсэн 247 тал буюу 16 хэвлэлийн хуудас эл ном бүхэлдээ иймэрхүү л гурав дөрвөн мөртөөр нэг нүүрийг дүүргэжээ...
“Чамайг сануулдаг гоёлоосоо
Чавганц болтол салахгүй”,
“Туурганд хадсан хадаас лугаа
Тэсвэрлэн удаан хүлцсэн
Одоо надад болохгүй нь ээ!
Орвонгоор нь эргүүлэн цацаж
Ер бусын үйлчлэлээр
Юүтэй хүүтэй нь илчилмээр байна”
гэх зэргээр толгой холбосон л бол шүлэг гэж ойлгон... хүчилсэн үгийн сонголт, авцалдаагүй үгсээр 2009 оны яруу найргийн өнгийг тодорхойлжээ... Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг хачин шүлэг гээчээ “Алтан өд” наадамд ямар бөх зүрх гаргаж нэр дэвшүүлэн ямар гээч харласан дотор, баларсан нүдтэй нь эцсийн шат хүртэл нь шалгаруулаад орхидог байнаа>> гэсэнтэй нь би ихэд санал нийлж байгаагийн зэрэгцээ “яруу найргийн гоо зүй, яруусал ариуслыг уландаа гишгэсэн энэ цөвүүн цагийн нэгэн төлөөлөл нь энэ шүлгийг бичигч төдийгүй цагтаа түүнийг эхэнд нь О.Дашбалбар ч дэмжиж, Ш.Дулмаа бид хөөцөлдөн Хөтөл цементийн үйлвэрийн хотхонд ажилд хүртэл оруулж өгч явсандаа гол харламаар байгааг дашрамд дурдъя. Ийм шүлгийн эзэд хийгээд ийм бүтээлийн оронцогийг дэмжин өөхшүүлэгч эрдэмтэн багш хүртэл байдгийг би нэгэн цагт зэвүүцэн “Шүлс хийгээд унгас алдалтыг хавархагч эрдэмтэн авгайн дэмийрэл” нэртэй шүүмж бичсэн хэдий ч манай гэргий Л.Цэнд хориглоод хэвлүүлээгүй билээ. Энэ шүүмжийн зарим мөрүүд нь мөнөөх “бадарчин” хочтой Ц.Батбаатарын
“Ядуухан бүсгүйн унагасан нулимс
Ярвайсан авгайн дүлсэн унгас”
зэрэг мөртэй бөгөөд тэднийг дэвэргэгч зарим “эрдэмтэн шүүмжлэгч”-ийн гавал дээр цахилгаан хуралдуулсан аянгын дохио байсан билээ гэдгийг дашрамд дурдахыг хүснэм. Цааш нь Д.Цэвээндорж маань мөнөөх Цэвлээгийн Отгонжаргалын “Алтан өд” хүртсэн бүтээлийг хэрхэн шинжилснийг авч үзье.
<<....Ц.Отгонжаргалын ийм мөрүүдийг уншихад Д.Цоодол найрагчийн малын бараа хараа ч үгүй байж найрагчийн хоосон магтаж бичсэн цаас хүндээрээ атны нуруу хугалмаар, хавтгайгаараа Галба, Шанхын говийг хэд дахин хучмаар болсонд харууссан “Цаасан малгайн дууль”-ийг эрхгүй санагдуулдаг. Бас нэгэн дөрвөн мөрт нэргүй шүлгээс бүрэн эх авъя.
“Мөөмөн дотор л сүлд гэрэлтэнэ
Мөргөлийн уншлага, архад ч хэрэггүй
Ердийн өдрүүдэд хүүхдээ өсгөхөд ч
Ерөнхийлөгчийн шовгор малгай шиг хэрэггүй л”
Даанч дээ гэмээр, шагнал гэгч цаг үеэ, хүнээ олоогүйгээс хэн хэндээ хал балтай байдгийн жишээ энэ юм...
“Мөнхийн рашаангүйгээр болдог амьдралыг
Мөрөөдлөөс салгаж гэргий боллоо ч
Буглаа суусан санамжаа амруулж
Баглаа цэцэгийг түүнээс л авахсан”
гэсэн үг үсгийн алдаатай, мөн л мэдээжийн зүйлийг “яруу найраг” болгосон логик зөрчилтэй шүлэг байна. Энэ мэт “сэгийн хэрээ гуаглана”, “алим мэт толгойгоо”, “өвөлжсөн буурал бут”, “аюулхай мэргэн зөн” гэсэн тодотголууд, “Нийтийнх болж амжсан зүрхээр чинь нөгөө бүсгүй бөмбөгхөн хийж” “цас тэнгэрийн гүнээс сэм ховхорч харагдан” буй сэтгэхүйн хадуурал, “хавшийсэн амтай, эвхийсэн эмээ ханцуй дотроо сурамгай залбирна” гэсэн доромж бүдүүлэг үгс, “царсан гитартай гитар минь” гэх мэт ижил утгатай үгийг хоршин найруулсан хэллэг, “эрүү нь цоройндоо тулсан гэдэстэй эх хүн” гэх мэт ойлгомжгүй дүрслэл, “хатуу алхаар гутал тогшин” “юухан ч юм биш-тоос” гэх зэргийн дэмийрэл цөөнгүй нь зөөлөн алх ч бас байж болох л юм гэж зөвтгөхөд хүргэж болно. Гэтэл “гарт нь алх хадаас л тонгочино” гэж бичснийг сайшаана гэж үү? “Чих ” хэмээх шүлэгт нь
“Жалга мэт гүнзгий
Жаран ховоор дүүрсэн чихийг
Жаргасан зовсон олон
Жайвийтал хэрэглэх нь”
гэх мэтийн яруу сайхан гоо зүйн мэдрэмжийн хувьд авах юм алгаа... Чингис хааны онгоныг өндөр хөгжилтэй хэд хэдэн орны орчин үеийн багаж төхөөрөмж бүхий шинжилгээний анги газар сайгүй нэгжээд буцсан байхад тэрбээр
“Гурван голын уйтгарт хөндийд
Гулдайж хэвтээ өвгөн Чингисийг
Удтал зузаарсан түүхийн гүнээс
Ухаж гаргалаа ч юм олж долоохгүй” гэж мэдээлээд
Азарга тачигнан, сэлэм хангинах
Аль цаг дор авсандаа тухлана вэ”
гэж Эзэн хаанаасаа тавласан янзтай асуусан байх юм>> гэх мэт “эстетика” буюу гоо зүйн ямар ч мэдрэмжгүй гэмээр шүлгийг нь Цэвээндорж эш татсаныг уншихад дотор муухайруулж, бие агзасхиймээр ажээ.
<< “...Өтөнд идүүлж, эсвэл чандарлуулснаас
Өрцөнд байгаа юм бүхнээ
Анагаахын оюутнуудад өгч
Амтлуулах нь холгүй задлуулмаар байна
Шүдээ сугалуулж, гэдсээ оёулж
Шүүрхий мах жимсэнд дурлаж
Үс цайж, нойр муудаж
Үнэхээрийн хүн шиг явлаа”
гэж эртний хүний шинж төрхөө шүүрхий маханд дуртайгаараа дахиад илтгээд авсан бол эх хүн, яруу найрагч түүний “Аборт” шүлэгт нь
“Түмпэнд нялцайн унаж
Цусанд тунах сүнс
Том хуруутай эмч рүү
Цочрон хөхрөн харах
Эвдэрсэн ой дурсамж”
гэх зэргээр цааш уншихын аргагүй юм бичсэн байх юм>> гэхчлэн шүлгээс нь эшилсэн задаргаа хийж үнэхээр урлагийн гоо зүй, яруу найргийн халдашгүй эрхэм чанар, дотоод дархлалд харш зүйлийг бичсэнийг нь эгдүүцэлтэйгээр илэрхийлжээ. Энэ нь үхэл, зовлон, хагацал шаналалыг яруу найраг, урлагт илэрхийлэх нь харшилна гэсэн санаа биш бөгөөд гоо зүй, ариусал нь өөрийн мөн чанар, дотоод ёс зүйн бүтэцтэй байдгийг сануулсан хэрэг юм. Энэтхэгийн мэргэн Шантидэва өөрийн алдарт зохиол “Бодичиръяа-авадара”-даа үүнийг эрт бодолж, үхлийг хүн урьдчилан сэтгэлээрээ хүлээн авах болзлыг болон гай барцад, бузар буртагийг ч илэрхийлж болно. Гэхдээ энэ нь хүний сэтгэхүйн чанарыг гутаахгүйгээр үнэнийг илэрхийлж болно гэдгийг нотлон үзүүлсэн юм.
“Ариун нандин рашаан ч гэлээ
Аманд ороод бөөлжис болдог
Амтат сайхан идээ ч гэлээ
Биенээс гарахдаа өмхий болдог”
гэж Шантидэва энэхүү номондоо бичсэний цаад үнэнийг зөвшөөрөхөөс аргагүй болдог нь үүний жишээ юм. Мөн цааш нь
“Ялгадас буртгаас цээрлэдэг мөртлөө
Ялгадасын саванд дуслын үрнээс
Төлжиж бойжиж, төрсөн биеийг
Түмэнтээ тэврэхийг хүсдэг чинь юуных вэ”
гэсний дээр гай барцад, бузардах юм гэж хүнд байдгийг эвтэйхнээр (боловсноор) сануулж элдэв бузраас цээрлэхгүй байгаа бол... (итгэхгүй байгаа бол)
“Хүүрийн газар хүрч очоод
Хүний цогцосыг лавлаад хар!
Үс гэзэг нь сэгсийж ширэлдээд
Хуруу хумс нь хэрзийж хэрэлдээд
Хас шүд нь хагдарч хөгцрөөд
Хамаг бие нь үмхийрч ногоороод
Шалдан нүцгэн гүйж явбал
Шагших хүн олдох болов уу
Шаавай ганганд сүйд болдог
Шалиг сэтгэл чинь төрөх болов уу”
гэж эртний мэргэн Шантидэва “Бодичаръя-авадра” судартаа бичсэн байдаг нь дээр дурдсан Ц.Отгонжаргалын шүлгээс хахь өөр бөгөөд хүн хойт төрөлдөө амар амгаланг олохын тухайтад
“Зандан шугуйн анхилам салхинд
Хундан сарны сэрүүхэн туяанд
Тунгалаг усны сэлүүхэн хөвөөнд
Хадан хавцалын халуухан чөлөөнд
Өнгөт ертөнцөөс юуг ч горьдолгүй
Өөрийн дураар халин одвоос
Ханасан сэтгэлийн ийм жаргалыг
Хан хурмаст ч эдлэх нь үгүй!”
гэж яруухнаарбичсэн байдаг юм. Энэ бүхнийг гаргаж хэлэх шалтгааныг гаргаж өгч байгаагаараа эрдэмтэн шинжээч Д.Цэвээндоржийн “Хориг шүүмж”-ийн энэ ном ихээхэн үнэтэй юм. Мөн энд яруу найрагч Д.Баянтунгалаг, дуун хөрвүүлэгч Х.Хангайсайхан, Саймон Смит зэрэг олон авъяастны туурвисан шүлэг, орчуулгын бүтээлийг задлан шинжилж Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен нарын бүтээл туурвилын онцлог, С.Эрдэнэ, П.Лувсанцэрэн, Ч.Лодойдамба, С.Дашдооров зэрэг нэр цуутан, П.Баярсайхан, С.Хишигсүрэн, Д.Баянтунгалаг, Х.Сүглэгмаа нарын зэрэг тодорч буй авъяаслаг залуусын бүтээлч чанарыг цэгнэн үзэж, зарим зохиолын өө дутагдлыг гярхай харж мэдрэн таньсан төдийгүй уншигчдын нүд оюуныг нээгдүүлж, билгийн хараа оруулсан зэргийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Мөн орос, англи эхтэй нь тулган үзэж Т.Эллиот болон Ульяам Шекспирын сонетоос шилж шигшиж орчуулсан зэрэг нь залуу эрдэмтний уйгагүй хөдөлмөр, чин сэтгэлийн шамдлага, үгийн мэдрэмж, зүтгэлт чанарыг тодосгож байна. Д.Цэвээндоржийн шүүмж бичлэгийн үг найруулга нь ойлгоход дөхөмтэй энгийн байхаас гадна үгийн сэрэл мэдрэмж сайтай, далд сонсголонтой яруусал сайтай, хөгжимлөг байгаа нь цаашдын зам мөрийг нь ариусгаж сэтгэлийн сэржимтэй, бичлэгийн эгшиглэнтэй болгож байгааг ихэд олзуурхсанаа зүрхнээсээ давтан хэлэхийг хүснэм. Ингээд сайн сэтгэлт, саруул ухаант эрхэм дүүдээ Богд зонховад багш нь эгүүлэн өргөхдөө Жанрайсиг, Манзушир, Очирваань гурван бурхны төгс чадлыг Зонхова-д шингээн тарнидсан “Мэгзэм”-ийг чадан ядан дуун хөрвүүлснээ хадаг болгон өргөж, номынх нь мөнгөн жийжүү дөрөөнд сэтгэлийн сүү дусаая.
“Мэгмид зээвий дэрчин Жанрайсиг
Дэмид чимбуу бамбуу жимбийян
Зүгдэн малий жанцог санвуйдан
Ганжин хээвий зүгдэн зонхова
Лувсан-дагвий шавлаан сулбаандив
Бүгдийг энэрэн хайрлахуйн их сан Жанрайсиг
Билгийг оюунаар тунгаахын увидаст Манзушир
Бүхий л шулмасыг даран сөнөөсөн Очирваань
Бүгд мэргэдийн оройн дээд чимэг Зонхова
Бүдгэршгүй суу алдарт Лувсандагвийн өлмийд сүслэе!”
Ум суваадий шиддаам
Шаравын Сүрэнжав /Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч/
2011 оны 05 дуаар сарын 02-ны билэгт сайн өдөр
Цусанд тунах сүнс
Том хуруутай эмч рүү
Цочрон хөхрөн харах
Эвдэрсэн ой дурсамж” гэдэг бол шууд л бууж байна. Тэр айдас хүйдсийг гайхалтай дүрсэлж харин ч таалагдлаа. Энэ Муруй дүрс номыг олж уншмаар байна.