2012-08-29
ӨНӨ МӨНХӨД ДУУРСАГДАХ ӨГӨӨМӨР ГАВЬЯАТ ҮЙЛСТНҮҮД

                                     Лувсандоогийн  Чулуунбаатар

                                     Хүүцүүгийн         Чинтогтох

                                      Банзрагчийн        Сандаг

 

 

 

 

 

                         ӨНӨ  МӨНХӨД   ДУУРСАГДАХ

                         ӨГӨӨМӨР   ГАВЬЯАТ  ҮЙЛСТНҮҮД

                                                      I I

                                       (Алтан нутгийн алдартнууд  цувралын  үргэлжлэл)

 

 

                        Ариутган шүүсэн:  Түүхийн ухааны магистр Ч.Мягмардулам

 

 

 

 

 

                           

 

                                      УЛААНБААТАР   ХОТ

                                                   2011 он

 

                         

 

Аав, ээжийн ачаар эрдэнэт биеийг олж, алтан дэлхийн хөрстөд хүн болж мэндэлсэн, амьдрал тэмцлийн явцад хэрсүүжин төлөвшиж, ард олныхоо дэмээр нэр алдраа цуурайтуулсан үе үеийн ахмадууд, ажилсаг хөдөлмөрч түмний амжилт бүтээлээс дээжилсэн энэхүү номыг  гэр бүлийнхнийхээ хамтаар  нэг сая төгрөгөөр ивээн тэтгэсэн  Сандагжавын Ганлхагва болон номын цагаан буянд  хишиг хүртээж, Даржаагийн Очирбат 250000 төгрөг,  Банзрагчийн Сандаг гэргий  Балжирын  Дэжидийн хамт,  Даржаагийн Саруултуяа,  Содномын Төмөрбаатар,  Лувсанцэдэнгийн Хэрлэнцэцэг нар тус бүр 100000 төгрөг хандивласанд  зохиогчдын өмнөөс чин сэтгэлийн гүн талархал илэрхийлж, Та бүхэнд болон танайхны гэр бүл, үр хүүхдүүдэд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Энэ номыг зохиогчдын зөвшөөрөлгүйгээр хэвлэх, хувилж олшруулахыг хориглоно.                        

 

                              


                                                          ИВЭЭН ТЭТГЭГЧИЙН  МЯЛААЛГЫН  ҮГ                          

           

            Он цаг улиран өнгөрч, хуучин юм бүхэн шинэчлэгдэн, хорвоо дэлхий хувьсан өөрчлөгдөж байна. Энэ бол ертөнцийн хөгжил хөдөлгөөний жам ёсны үйл явц, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн зүй тогтол билээ. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Та бидний амьдралын нөхцөл байдал, аж төрөх хэв маягт асар их өөрчлөлт өрнөснийг эргэн харахад, нэг талаар итгэмгүй, нөгөө талаар жам ёсны хэмээн үнэлж, зах зээлд шилжиж байна. Зах зээлийн үе бол хэн бүхнээс илүү бодож сэтгэж, хичээж зүтгэж ажиллаж амьдрахыг зүй ёсоор шаардаж байгаа, нэлээд хэцүү цаг үе бололтой. Бидний хувьд ч алдсан, оносон зүйл багагүй, бас ч чамгүй туршлага сургамж олж авлаа. Энэ хорвоод хүн болж төрснийх эцэг эхийн ач гавьяаг эгнэгт дурсаж, шүүдрийн усаар цай чанаж өгч амжаагүй ч, чин сэтгэлийн үүднээс ямагт дурсан санаж, өгсөн зэмлэл сургаалийг нь өдөр бүр тунгаан бодож явдаг. Хүний амьдралын хувь төөрөг янз бүр, хүсэл эрмэлзлэл хязгааргүй ажээ. Иймээс аавын оронд аав, ээжийн оронд ээж болсон бид нар эцэг өвгөдийнхөө ач гавьяаг бага ч гэсэн хариулах, сэтгэлээрээ улам ариусаж, итгэлээрээ дүүрэн байхыг хичээж, үр хүүхдүүддээ удам судар, ураг төрлийнхнөөсөө эхлээд орон нутгаа хүндлэн дээдлэж явахыг захиж хэлж өгөхийн зэрэгцээ сум байгуулагдсаны яруу алдарт 80 жилийн ойд зориулсан “ Өнө мөнхөд дуурсагдах өгөөмөр гавьяат үйлстнүүд ( Алтан нутгийн алдартнууд цувралын үргэлжлэл ) номыг хэвлүүлэхэд ивээн тэтгэж, нутаг орны өргөн түмэндээ их ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлж  номын цагаан буянг сүсэглэн дээдэлсэн өчүүхэн бэлэг барьж байгааг минь хүлээн авч болгоон соёрхоно  уу.

            Миний бие, Чавга овогтой Сандагжавын Ганлхагва 1958 онд Баянхутаг сумын төвд эхээс мэндэлсэн. 1976- 1979 онд  цэргийн алба хаахдаа бага дарга бэлтгэх  ардын цэргийн 150 дугаар ангиас Өмнөговь аймгийн 167 дугаар ангид шилжин, бага даргаар ажиллаж байлаа. 1980- 1995 он хүртэл шуудан зөөгч, бригад, хэсгийн тоо бүртгэгчээр Буян- Уул, Өгөөмөрт ажиллаж, төвийн багийн дарга зэрэг ажлыг хийсэн. 1995- 2011 он хүртэл хувийн мал аж ахуй эрхлэж, 2004 онд мянгат малчин болсон. Одоо хоёр мянгат малчин.

            Манай сум орон нутаг монгол улсын засаг захиргааны нэгэн нэгжийн хувьд ажил үйлс, аль бүх талаараа, түүх уламжлалын үүднээс ч, түмэн олонд алдаршсан гавьяат үйлстнүүдээрээ ч бахархан дууриах баялаг өвтэй юм. Бидний багад ахмадууд нутаг орны гайхамшигт хүмүүсийн тухай их ярилцаж, тэр нь хүүхэд залуучуудад танин мэдэхүйн их баясал төрүүлж, яавал тийм эрдэм чадалтай, их малч, ажилч хичээнгүй болж чадах вэ гэсэн хүсэл тэмүүлэлд хөтлөж байсан шиг санагддаг байв. Өнөө үед хэвлэл ном, радио телевиз элбэг болж, өнгөрсөн үеийн түүх уламжлалаа ч их дээдлэж байна. Энэ сайхан боломжийг ашиглаж, унасан газар, угаасан тунгалаг Хэрлэн мөрний хаяа түшсэн алдар цуутнуудын тухайд ном бүтээсэн зохиогчдод манай гэр бүлийнхний өмнөөс чин сэтгэлийн гүн талархал илэрхийлье. Эрхэм хүндэт ард олон Та бүхэндээ Баянхутаг сумын 80 жилийн ойн баярын мэнд хүргэж, номын цагаан буян дэлгэрэх болтугай гэж ерөөе.

     Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн:     

                                          Сандагжавын Ганлхагва

                                                           Дамчаагийн Алтаннавч, үр хүүхдүүдээс нь

                             

         

                              СУМЫН ЗАСАГ ДАРГЫН  МЭНДЧИЛГЭЭ

            Эрхэм хүндэт  ард иргэд  ээ. Та бүхэнд сум байгуулагдсаны яруу алдарт 80 жилийн ойн  баярын мэнд дэвшүүлье.

            Баянхутаг сум нь 1931 оны орон нутгийн засаг захиргааны хоёр дахь өөрчлөлтөөр байгуулагдсан, 6029 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, Жаргалант, Улаан- Өндөр, Цантын хоолой гэсэн 3 багтай, аймгийн төвөөс 22 км, Улаанбаатар хотоос 360 км зайд оршдог. Манай сум нь Батноров, Баян- Овоо, Галшар, Баянмөнх, Мөрөн, Хэрлэн, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумдтай хиллэдэг, мянганы зам дайран өнгөрдөг. Тус сумын нутагт түүх соёлын дурсгалт зүйлс олон байдаг. Эртний үеийн булш бунхан, хүн чулуун хөшөө, хадны зураг сүг Сэрвэн хаалга, XVII зууны Модон Эрдэнэ уулын хотын туурь, Хулгарын ухаа зэрэг олон газарт байгаа бөгөөд сүм хийдийн туурь бас бий. Мөн сөнөсөн галт уул болох Баян хүрээнд мухрын ус, ходоодны рашаан зэрэг нь хүний биед эрч хүч үзүүлдэг бол Чингисийн морины уяа, гүүний зэлний гадас гэх мэт олны нэрлэж ирсэн өвөрмөц тогтоцтой газар орон, шүтлэг тахилгатай уул овоо олон юм. Баянхутаг сумын нутаг дэвсгэр нь  зүүн, дунд, баруун гэсэн гурван Тарганы уулсын тогтолцоотой, тал хөндий хосолсон тэнүүн уудам үржил шимт хөрс ургамалтай билээ.

            Манай нутгийнхны бахархал болсон алдар цуутнууд олноор төрж гарснаас дурдвал, Халхын сүүлчийн Сэцэн хан Ц.Навааннэрэн,  партизан А.Шарав, улсын баатар Ш.Гонгор, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Ж.Сосор, даншгийн их аварга М.Мөрренчин, ардын засгийн үеийн анхны аварга Г.Самдан, М.Жунай заан, монгол улсын анхны эмэгтэй эрдэмтэн Д.Намсрайжав, эрүүл мэндийн анхны сайд Пунцаг, хөдөлмөрийн баатар, үхэрчин Г.Данзандаржаа, хөдөлмөрийн баатар, хоньчин С.Жамаадорж, хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав, урлагийн гавьяат зүтгэлтэн, төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Д.Бадарч, ард түмний гавьяат зураач С.Лувсанзундуй, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Л.Бат- Очир, геологи эрдэсийн ухааны доктор З.Нарангэрэл, түүхийн ухааны доктор, профессор Л.Чулуунбаатар, монгол улсын гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс, Г.Хонгорзул, улсын начин Б.Одхүү, улсын алдарт уяач З.Хүрэлбаатар, Б.Балдандагва, жүдо бөхийн азийн аварга, 17 настай Б.Ганхайч, олс таталтын олон улсын хэмжээний мастер Ч.Оюун- Эрдэнэ нарыг онцлон нэрлэж болно. Манай суманд улсын тэргүүний хүүхдийн цэцэрлэг, улсын хошой аварга хадлангийн залуучуудын салаа зэрэг сум орон нутгаа алдаршуулсан байгууллага, хамт олон ажиллаж ирсэн билээ.

            Сум байгуулагдсаны 80 жилийн ойгоо угтаж манай малчид, ард иргэд их зүйл хийж бүтээсэн юм. Одоо тус сум 213450 толгой малтай, 50 мянгат малчинтай аймаг улсдаа олон зүйлээр тэргүүлэх байр суурь эзэлж байгаа билээ. Ололт амжилтаар дүүрэн түүхт ойдоо бэлэг барьж байна. Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, ололт амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Төрөлх нутгийн маань төлөө санаа бодлоо чилээдэг ахмадууддаа, хөгжил дэвшлийн өөд ханцуй шамлан ажиллаж буй залуучууддаа, түүхэн ойг хамт бичилцэж буй нийт иргэддээ Баянхутаг сум үүсэн байгуулагдсаны ойн баярын мэнд хүргэе.

             

                Баянхутаг сумын засаг дарга                                  Г. Энхбат                                                                                

                            

                                   

 

 

 

                                               УДИРТГАЛЫН ОРОНД

            Сэцэн ханы хошууны ард олны үр сад, цэнгэл жаргалант амьдралын үнэний тод гэрч болсон өнөө үеийнхэнд бахархан дууриах, үлгэр жишээ авах алдартнуудаараа манай сум орон нутгийнхан ямагт манлайлж ирсэн түүхэн уламжлалтай. Тиймээс ч өнө мөнхөд дуурсагдах өгөөмөр гавьяат зарим үйлстнүүдийн тухайд “ Алтан нутгийн алдартнууд “-ын  энэхүү цуврал бүтээлд товч өгүүлж, ажил хөдөлмөр, авьяас чадвар, арга туршлагаас нь дээжлэж байна. Энэ нь манай залуу үеийнхэнд улам сайн санаж сэрэх, ухаарч ойлгох нэгэн боломж олгож байгаа төдийгүй, бүтээлч үйл хэргийг нь нэр төртэй үргэлжлүүлэх нэн хариуцлагатай үүрэг ноогдож бүхийг илтгэн харуулж байна. Хүний уг мөн чанар бол өмнөө тодорхой зорилго дэвшүүлж, түүнийгээ биелүүлэхийн төлөө ихээхэн шамдан зүтгэх, ямагт өөрөө өөрийгөө голж, бусдаас санаа сургамж авч, өөрөө харамсахааргүйгээр нарт хорвоод амьдарсан шиг амьдрахад оршино. Түүхийн ном зохиолд, хүн гэж юу вэ ? хэмээн асуухад, хариуд нь: “үхлийн боол, хажуугаар өнгөрч яваа хүнд замын хань, гэртээ бол зочин“ гэсэн бол амьдрал гэж юу вэ ? гэвэл, азтай хүнд жаргал, азгүй хүнд зовлон, ер хэн бүхэнд үхлээ хүлээх хугацаа” гэж бичжээ. Магадгүй, дээр эш татсан зүйлд нэлээд гутрангуй үзэл шингэсэн, бодь сэтгэлгээний илрэл ажиглагдаж байгаа байх. Гэвч өнөө үе бол хөгжил дэвшлийн үе, хүн бүх талаар өөрийгөө хөгжүүлж, үхэл хагацлын тухайд ч бодох завгүй зүтгэж буй үе юм. Чухам эндээс бодь хүмүүс, бодь сэтгэлтнүүд гэсэн ойлголт төрж гарсан бололтой. Бодь амьдралыг гэтэлж гарах гол арга зам нь боловсрол мэдлэг мөн. Эртний үеийн их сэтгэгчид, ухаантай хүнд орчлон дэлхий нээлттэй“, “толгойгоо ажиллуулдаг нь биеэ ажиллуулдгаа ямагт залгидаг" гэж сургажээ. Энэ бол ямар ч байсан санаа авах зүйл юм.

            Манай нутгийн залуучууд эрдэм номыг шүтэж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлж, зах зээлийн үеийн өрсөлдөөний мөн чанарыг сайн ухаарч ажиллаж амьдрах ёстой. Энэ бүхэнд хамгийн гол хүчин зүйл нь сэтгэлгээний шинэчлэлт юм. “Ухаан бодол номоос эхтэй“ болохоор хүн бүр ямагт уншиж, бодож сэтгэж, тэр бүхнээ бодит ажил хэрэг болгох нь хүн ардын өөрсдийн ахуй амьдрал дээшлэх, сум нутаг орон хөгжиж дэвжихийн гол үндэс билээ.

            Алтан нутгийн алдартнууд цувралын үргэлжлэл болох “Өнө мөнхөд дуурсагдах  өгөөмөр гавьяат үйлстнүүд“ номонд Улсын Бага Хурлын гишүүн, улсын сайн малчин Б.Гомбо, С.Пунцаг, Б.Лүеэмядаг, өнөөгийн улсын сайн малчин Б.Гантуяа, Л.Лувсанбаяр, Р.Цэрэн, мал эмнэлгийн ахмад ажилтан Н.Намчинжав, зоотехникч Ж.Цэдэв, хүндэт төмөр замчин Л.Дорж, нэрт ухуулагч Д.Жамсранжав, түүний үр сад Ц.Цэгмид, Ё.Цэцэгээ, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Т.Санжаадамба,  геологи- эрдсийн ухааны доктор З.Нарангэрэл, эдийн засгийн ухааны доктор М.Хасбаатар, хөдөө аж ахуйн ухааны доктор Г.Даваадорж, эдийн засгийн ухааны доктор Ч.Баатар, түүхийн ухааны доктор, профессор Л.Чулуунбаатар, монгол улсын гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс, Г.Хонгорзул, улсын начин Б.Одхүү, ард түмний гавьяат зураач С.Лувсанзундуй, Монгол улсын ахуй үйлчилгээний тэргүүний ажилтан, шинийг санаачлагч  Ж.Лувсандорж,  аймгийн алдарт уяач  Д.Нацагдорж, , монгол улсын шилдэг зохион бүтээгч, зөвлөх инженер, багш Г.Алтангэрэл,  аймгийн арслан Н.Баатархүү, ахмад багш, армийн бэлтгэл офицер С.Төмөрбаатар зэрэг хүмүүсийн амьдрал, үйл ажиллагааны талаар өгүүлсэн юм. Түүнчлэн монголын анхны эмэгтэй эрдэмтэн Дамчайн Намсрайжав, Тамсагбулагийн 6 дугаар морьт дивизийн улс төрийн удирдагч Жүгдэрийн Жамбалжамц нарын тухайд товч тэмдэглэсэн болно. Дээр дурдсан хүмүүс болон улсын сайн малчин Нямгүнсэлийн Ичинхорол, Өлзийн Жадамба, Баярын Халзан нарын талаар цаашид эрэн сурвалжлах ажил өрнүүлж, гавьяа зүтгэлийг нь тодруулж алдаршуулах явдал зайлшгүй шаардлагатай билээ. Энэ бүтээлийг сөхөж эргүүлэхийн өмнө Та бүхэн 1991 онд хэвлэгдсэн “Хэнтий аймгийн Баянхутаг сумын түүхэн замнал“, 2001 онд олны хүртээл болсон “Алтан нутгийн алдартнууд“,  2010 онд  гарсан “Баянхутаг сумын сургуулийн түүхэн дурсамж“ гэсэн ном бүтээлийг уншаарай.

            Алтан нутгийн алдартнууд номын эхний дэвтэрт Сэцэн хан Ц.Навааннэрэн, ахмад дайчин Намдийн Шарав, партизан Аюушийн Шарав,  монгол улсын баатар Шагдарын Гонгор, “босоо“ аварга Ганжууржавын Самдан, ахмад дайчин, алдарт уяач Баттөрийн Балдандагва, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Жаргалын Сосор, хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн соёрхолт Дагвын Лувсаншарав, урлагийн гавьяат зүтгэлтэн, төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Дэндэвийн Бадарч, хөдөлмөрийн баатар, үхэрчин Галсандаржаагийн Данзандаржаа, хөдөлмөрийн баатар, хоньчин Содномдаржаагийн Жамаадорж, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Лхамсүрэнгийн Бат- Очир, сум нэгдлийн дарга асан Гэндэнгийн Дорж нарын талаар тодорхой өгүүлсэн билээ. Мөн “Баянхутаг сумын сургуулийн түүхэн дурсамж“ гэдэг номонд  Д.Чулуун, О.Наваанбалдан, Н.Ламжав, Х.Рэгзэннамжил, С.Ханд, Д.Цэенпил, Д.Дашдорж, Г.Дашлхүндэв, Б.Цэнджав, Д.Тамара, Д.Жамсран, Г.Сүрэн, М.Очирпүрэв, Д.Базар, Ч.Адьяа, Т.Жамьянжав, Ш.Цэдэвсүрэн, Ж.Уртнасан, Д.Дуламсүрэн, Д.Ганчимэг, С.Батчулуун, Г.Энхбат, Б.Дэжид, Н.Гэрэлтуяа нарын тухайд товч бичсэн юм.  Унаган нутгийн алдар цуутнуудын тухай өгүүлэх номыг таалан соёрхоно уу.

 

 

 

1.1  Онгон дэлхий, унаган байгаль, баян хангайгаа аргадаж амьдрахын учир холбогдол

            Олон зууны туршид уламжилж ирсэн  нутаг дэвсгэр засаг захиргааны зохион байгуулалтыг нягтлан үзвээс, бүр XIII зууны үед манай сумын газар нутаг, хүн ам нь их эзэн богд Чингис хааны отгон дүү Тулуйн эзэмшилд байжээ. Тэр үед дөрөө зурсан өндөр сахлаг өвс ургамалтай, алдуул малаа өвсний налархайгаар мөрдөн олж авсан тухай Нууц товчоонд бичсэн байдаг. Харин XIV зууны үеэс монголд улс төрийн бутрал гүнзгийрч, дээрээ суудлаа олохгүй, дороо гүйдлээ тохируулахгүй болсон юм. Энэ байдал нь байгаль цаг ууртаа тодорхой хэмжээгээр нөлөөлсөн мэт, ган гачиг тохиолдож, арван мал тутмаас ес нь үхэж хорогдсон талаар Юан улсын сударт бичжээ. Тухайн үед манай орон нутаг нь Батмөнх даян хааны хүү Гэрсэнз жалайр хунтайжийн дөрөвдүгээр хүү Амин-Дурал, түүний хүү Мөрбум нарын эзэмшилд багтаж байв. Мөрбумын хүү Шолой ( 1577- 1652 ) бол манай хошууны язгуурыг үндэслэсэн хүн билээ. Сэцэн хан нарын 19 үе залгамжилсан байдлаас үзэхэд, хамгийн сүүлчийн сэцэн хан Цэрэндондовын Навааннэрэн нь манай сумын уугуул  иргэн, монголын төр, нийгэмд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн хүн байжээ. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, сүүлчийн сэцэн хан Ц.Навааннэрэнгийн төрсөн газар нь манай сумын баруун Тарганы Хөгнө гэдэг жижигэвтэр толгой юм. Халхын хаадын төгсгөл болсон Ц.Навааннэрэнгийн алдрыг мөнхжүүлэх, түүний амьдрал тэмцлийн сургамжаас бахархах зүйл тун их гэдгийг зориуд тэмдэглье. 2010 онд  Баянхутаг сумын ИТХ, Засаг даргын тамгын газраас ШУА-ийн Түүхийн хүрээлэнтэй хамтран Ц.Навааннэрэнг хан ширээнд  заларсны 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан билээ.

            Сэцэн ханы гол хошууны баруун хойно арав жаргалант, зүүн хойно шавар жаргалант, зүүн урд бадрах жаргалант, баруун урд төгрөг жаргаланттай учраас энэ хошуу нутаг хэзээ ч мөнх байх өлзий учралтай хэмээн нутгийн ахмадууд ярьдаг. Дээр дурдсан арав жаргалант нь одоогийн Цэнхэрмандал сумын нутагт, шавар жаргалант нь Батноров сумын нутагт, үлдсэн 2 жаргалант нь манай сумын нутаг дэвсгэрт хамаарч байна. Манай оронд нутаг дэвсгэр, засаг захиргааны зохион байгуулалтыг 1924, 1931 онд хийж, олон аймаг сумтай болсноор, тус сумын нутаг дэвсгэр нь зөвхөн Хэрлэн голын урд биеэр буюу хэвтээ тэнхлэгийн чиглэлтэй болж, ард иргэд нь гол төлөв бэлчээрийн мал аж ахуй эрхлэсээр иржээ.

            1980-аад он хүртэл хугацаанд манай орон нутгийн байгаль, газар орон, ус цаг уурын нөхцөл үндсэндээ тааламжтай, бэлчээрийн олон зүйлийн өвс ургамал сайн ургадаг, шимт чанар сайтай, зарим жилийн зун уулын орой хүртэл ногоорч, ерөнхийдөө өнтэй сайхан байсан. 1960-аад оны эхэн үед үлийн цагаан оготно элбэгшиж, Хэрлэн голын урд биеэр өвс ургамалгүй, улаанаараа эргэсэн боловч, хэдхэн жилийн дотор өвс ургамлын зүйлийн бүрэлдэхүүн шинэчлэгдэн ургасан юм. Манай улсын бусад сум нэгдлийн адилаар социализмын үед  манай суманд сүүний тасаг олноор байгуулагдаж, зуны туршид нэг дор олон мал бөөгнөрүүлсний улмаас бэлчээрийн даац, нөөц  алдагдаж, нөхөн сэргээх арга хэмжээ авахгүй байв. Мөн хот суурин газар, үйлдвэр уурхай, зам харгуй ихсэж, атар газар эзэмших үйл явц өрнөснөөр их хэмжээний газрыг хагалан ашиглахгүй орхигдуулж хөдөө аж ахуйн эдэлбэр газрын ашигтай талбай улам бүр багасаж байжээ.  Энэ  байдал нь  хүний буруутай үйл ажиллагааны үр дагавартай холбоотой байсан бөгөөд улмаар 1980-аад оноос дэлхийн цаг уур дулаарч, ус чийгийн хэмжээ багасаж ирэхэд хуурайшилт улам бүр нэмэгдэж, өвс ургамлын зүйлийн бүрэлдэхүүн өөрчлөгдөн, шимт чанар нь буурсны зэрэгцээ хогийн ургамал, үнэрт өвс их болж цөлжилтийн эхний шинж тэмдгүүд илэрсэн ажээ. 1990-ээд оноос хойш байгаль, газар орон, ус цаг уурын нөхцөл үлэмж өөрчлөгдсөн нь байгалийн хүчин зүйлээс илүүтэйгээр хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой байв.

            Хүн, байгаль хүйн холбоотой учраас байгалийн элдэв өөрчлөлт нь хүмүүсийн ахуй амьдралын бодит нөхцөл байдалд шууд нөлөөлж, аж төрөх хэв маягаа шинэчлэх, алдаа оноон дээрээсээ сургамж авахыг зүй ёсоор шаардаж байна. Хүн төрөлхтний нийгмийн хөгжил дэвшил өндөр дээд шатанд хүрсэн ч гэсэн хөгжлийг дагалдсан сөрөг үзэгдлүүд олонтаа тохиолдож, энэ нь зарим талаар дэлхий нийтийг хамарсан шинж чанартай болж байгаагийн нэг тодорхой илрэл нь цөлжилт хэмээх гамшигт төлөв байдлыг бий болгожээ. Манай сум орон нутгийн хувьд байгаль экологийн өөрчлөлт хэрхэн явагдаж буйг хэн ч харж, ойлгож байна. Одоо яах ёстой вэ?

            Эрт дээр үеэс эхлэн хүмүүс байгалиас асар их зүйлийг авсан, авсаар байгаа боловч, эх болсон байгаль орчноо хайрлан хамгаалах, арчлан тордож нөхөн сэргээх талаар тун ч бага зүйл хийжээ. Ийм үндсэн дутагдал манай дэлхий дахинд нийтлэг оршиж ирсэн гэж хэлж болно. Харин 1990-ээд оноос хойш манай суманд болон аль ч аймаг орон нутагт дээр үеэс тахиж ирсэн уул овоогоо тахиж, “тэнгэрээс хур бороо гуйж“ ирсэн билээ. Нэн ялангуяа 1991 онд сум байгуулагдсаны 60 жилийн ойн үеэр аймгийн Гүндүгаарлин хийдэд буян номын алба эрхлэж байсан нутгийн ахмад лам нарыг урьж, Баянхутаг уулаа тахиж, овооны наадам хийж байв. Түүнээс хойш жил бүр уулаа тахиж, баян хангайгаа аргадаж, өргөн олныхоо амар амгалан, сайн сайхныг ерөөн билэгдэж ирсэн юм. Энэ дашрамд сүсэгтэн олондоо “Баянхутаг уулын сан“- г толилуулж байна.

            Баянхутаг уулын сан: “Жаяг, гэгээн сэцэн хан Чаваа ширээт  Ума хан, ума хан, ума хан. Хотол чуулганы өлзий хутаг эргэлдсэн их оронд таван зүйлийн хүслийн эрдэнэ бүхнээр чимэгдсэн буянт жавхлант хуралдагсад илт өндөр байрлалтай эрхэм уул, сайхан цогийг барьсан, газар орны эзэн биений өнгө нь улаан бөгөөд баруун мутарт хивт сум хийгээд зүүн мутарт бумба барьсан, буга унасан элдэв зүйлийн торго хийгээд эрдэнэт чимгээр чимсэн нөхөр лүгээ сэлт орон үүнд залран соёрхов оо. Чамар, цай, архи, идээ ундаа элдэв зүйл хийгээд агь арц агар зандан бойпор тэргүүтэнд шатаасан утаанууд үүл болон огторгуй лугаа дүүрээд, үүгээр их онгон Баянхутаг нөхөр сэлтийг ариулсугай. Ариун бусын хирт чимгийн чуулган юм бүхэн, урвалт намын агаарт арилан хүмүүн эд нөхөр сэлт, тэргүүтэн бүхэнд эх хөвгүүнчлэн асартугай. Энэ орон газарт цасан шуурга, ган зудгүй, хэрүүл тэмцэл, хямралдаан болон дээрэм хулгай ба чоно араатан хийгээд хүн малын өвчин муу ёр, өлзий бус тэргүүтэн буцаж, амирлангуй цаг нь амгалан, жил нь сайхан, хүмүүн эд дэлгэрч өсөх нас буян, яруу алдар хийморь машид дэлгэрч, сайн үйлс санасан ёсоор, замд одохуй баясгалангийн хурим нь амгалангийн сайн үр, үүнд түгэх болтугай. Сайн буян нэмэн нэмэн дэлгэрч цацран мандах болтугай. Шагсай шавай хоржийлоо. Ума маани бад мэ хум” хэмээн тахилгын үед лам нар уншиж, өргөн олон сүсэглэн мөргөж, амь нас, ажил үйлс, юу санасан бүхнээ энэ сайхан уул, хангай дэлхийдээ даатган сэтгэлийн баясал төрж,  итгэлийн дээдээр хандаж ирсэн уламжлалтай. Энэ ёс уламжлал бол хүний сэтгэл заслын шинжтэй, бас уул ус, хангай дэлхийгээ эрхэмлэн дээдэлсэн өвөрмөц онцлогтой билээ. Энэ бүхний зэрэгцээ нутаг орноо хайрлан хамгаалах бодит үйл ажиллагаа хамгаас чухал юм. Ялангуяа бэлчээр нутгаа арчлан тордох, хашиж хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлсэн ч болох талтай.

Иймээс манай сум орон нутагт бэлчээрийн менежментийн зөв бодлого баримтлах, олон наст ургамал тариалах боломжийг судлах, уст цэгийн тоо, чанарыг дээшлүүлэх, уул уурхай, газрын хэвлийн асуудалд онцгой анхаарч, нөхөн сэргээлт явуулах, булаг шандыг сэргээх, ундаргыг хамгаалах, мод бут сөөг тарих зэрэг олон чухал арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай билээ. Манай нутгийнхан ажилсаг, хөдөлмөрч уламжлалтай, ахмад үеийнхнийхээ энэ эрхэм чанарыг өвлөж залгамжилсан ард түмэн юм. Тодорхой жишээ эш татвал, бүр 1930-аад оны үед  “бүдүүн“ хэмээх  Б.Гомбо гуай ганцаараа 30 худаг ухаж гаргасан гэдэг. Тэгвэл одоогийн хүмүүст тийм арга чадвар байхгүй гэж үү. Үгүй, хамгийн гол нь санаачилга дутагдаж, сэтгэлгүй бол зүтгэлгүй гэдэг л харагдаж байна. Социализмын үед манай суманд хашаа худгийн явуулын бригад ажиллаж байсан. Тэр үед хөдөөгийн малчид хэнээр ч шахаж шаардуулалгүйгээр ойр орчмынхоо булаг шанд, гар худгаа лайдаж сэргээж байсан ажээ. Мал аж ахуйтан ард түмний амин чухал ажил хэрэг нь усыг эрхэмлэн хайрлаж байсан явдал мөн. Бас тухайн нөхцөлд манай нам, засгаас бэлчээрийн усжуулалтын асуудалд ихээхэн анхаарч, уурхайн богино яндант болон өрөмдмөл худаг олныг гаргаж, нэгдлийн малчид худаг усаар нэг их гачигдаж байсангүй. Гэтэл хуучин зөвлөлтийн техник технологиор баригдсан өрөмдмөл худагнуудын төмөр хоолой он удаан жилийн явцад элэгдэн цоорч, улмаар элс хайрга дүүрч ашиглалтаас гарсан. Бас зах зээлд шилжиж эхлэх үеэс амар хялбар аргаар ашиг хонжоо олохыг хүсэгчид уурхайн болон өрөмдмөл худагнуудыг тонон ачаалж, одоо зөвхөн ул суурь нь үлджээ. Ийм учраас  ундарга сайтай худаг гаргаж, бэлчээрийн тогтвортой, хамтын менежментийг нэвтрүүлж чадсан өрх айл, иргэдийг  татвараас чөлөөлөх, хөнгөлөх, мөнгөн урамшуулал олгох, төр, засгийн үйлчилгээнд тэргүүн ээлжинд хамруулах зэрэг бодиттой дэмжлэг үзүүлж, бусдад үлгэр жишээ болгох хэрэгтэй юм.

Байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хадгалж, цөлжилтийн аюулаас хамгаалах ямар арга байна вэ гэдгийг эрдэмтэд судлаачид  эрэлхийлж янз бүрийн санал дэвшүүлсэн байдаг. Бас газрын доройтолтой тэмцэхэд ганц нэг улс орон хүч хүрэхгүй, олон улсын хэмжээнд тодорхой төслийн үндсэн дээр үлэмж хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр шаардагдана гэж үздэг. Энэ бүхэн зөв зүйтэй боловч, бидний бодлоор,  монгол орны өргөн уудам нутаг дэвсгэр, түүний дотор манай сумын газар нутгийг эдийн засгийн эргэлтэнд хэр зэрэг оруулж, үр ашгийг нь хүртэж чадаж байна вэ гэдгийг шударгаар бодиттой тооцож, газрын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт  оруулах тодорхой санал дэвшүүлэх шаардлагатай байна. Газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулна гэхээр ихэнх хүмүүс  уул уурхай, газар тариалан хэмээн ойлгож байгаа билээ. Манай хүмүүс төрсөн үеэсээ таалал төгсөх хүртлээ улсын мэдлийн газар дээр амьдарч, үржил шимийг нь хүртсээр ирснийг үгүйсгэх аргагүй. Тэр үед их зохиолч Д.Нацагдоржийн шүлэглэснээр, хэнтий хангай саяны өндөр сайхан нуруунууд..... өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд гэж нутаг орны сайхнаа магтан, дотроо шүүрс алдаж байсан. Тэгвэл одоо тэр сайхан газар орноо өмчилж, эзэмшиж бүрэн чадаж байна уу гэсэн асуудал тавихад үнэндээ үгүй юм. Иймээс манай төр, засгаас ард иргэддээ газар өмчлүүлэх хууль гаргасан боловч хэмжээ нь тун бага, тэгээд ч газар өмчлөлийн байдал бүх нийтийг хамарч чадахгүй, урьдын адил эзэмшээгүй газар их тул байгалийн доройтолд нийт ард иргэдээс санаа тавих, зориуд тодорхой арга хэмжээ авах ажил явагдахгүй байна. Энэ бүхнийг харгалзан, монгол улсын иргэнд 0,7 га газар өмчлүүлэх хэмжээг нэмэгдүүлэх, тэгэхдээ зөвхөн монгол улсын иргэнд худалдах, бэлэглэх, ашиглах эрхтэйгээр энэ асуудлыг шийдвэрлэх, түүн дээр ахуй амьдралын, ялангуяа аж ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газрыг монгол улсын иргэнд урт хугацаагаар түрээслүүлэх зайлшгүй шаардлагатай юм.

           

 

 

 

 

 

1.   2  Таван амьд эрдэнийн буян, тал нутгийнхны гавьяат  үйлстнүүд

Манай орон нутгаас малч, ажилч хичээнгүй олон зуун алдар цуутнууд төрж гарсан билээ. Тэдний амьдрал тэмцлийн тухайд гүнзгийрүүлэн судлах нь танин мэдэхүйн төдийгүй, практик ач холбогдолтой, асар их сургамжтай юм. Он цаг улиран өнгөрөх тутам эцэг өвгөд, нутгийн ахмад буурлуудын талаар орон нутгийн хүүхэд багачууд улам бүр мэдэхгүй, дурсан ярилцах баримтгүй болж үлдэх бодит аюул зайлшгүй тулгарч байна. Иймээс бичиг номын мэргэд, билэг танхай хүмүүс, сум орон нутгаа удирдаж буй нөхдүүд санаачилга гаргаж, хойч үеийнхэндээ номын цагаан буян үйлдэж байгаасай гэж хүсэх ёстой.

Нутаг орныхондоо “бүдүүн“ хэмээн нэрлэгдсэн, Улсын Бага Хурлын гишүүн, Улсын сайн малчин  Бажигийн Гомбо бол 1930 – аад оны дундуур манай орны олон аймаг сумдаас шилдгээр  шалгарсан  32 хүний нэг байв.

Үндэсний Төв Архивын сан хөмрөгөөс улсын сайн малчдын холбогдолтой    баримт сэлтийг нягтлан үзэхүл, 1941, 1943, 1948, 1955 онд манай оронд  улсын сайн малчдын 4 удаагийн зөвлөлгөөн болоход Баянхутаг сумаас 7 малчин ажил үйлсээрээ шалгаран оролцож, зарим нь өөрийн арга туршлагыг тодорхой ярьсан байдаг. Тийм малч хүмүүсийн нэг нь Бажигийн Гомбо байжээ. Б.Гомбо өөрийн намтраа өгүүлэхдээ: “Бажигийн Гомбо 1885 онд хүүхэн Бажигийн II хөвгүүн болж Сариг хэмээх газар төрсөн. 14 настайд нь эх нь нас барсан тул өөрийн гэр оронгүй мал хөрөнгө юу ч үгүй харьяат тайжийнд татагдан очиж гал тогоо, аргал усны ажлыг хийж явсан. 19 настайдаа тавилгүй, ганц охин даагатай тэр айлаас хөөгдөж даагыг айлын адуунд тавьж Далай вангийн Хэнүг гэгч Улиастайд морь малын жасаа жанжны албанд явахдаа миний биеийг агт малыг хариулгахаар хөтөлд дагуулан явж 2 жил шахам болоод Далай Чойнхор вангийн наадамд барилдаж харцага шонхор цолоор шагнагдаж намар цагт халагдаж ирсэн. Дараа нь ирмэгц өртөөний бүлд хөөгдсөн ба айл дамжуулан үргэлжлэн өртөөний бүл хийж 30 гаруй нас хүртэл явж байгаад нэгэн удаа халагдаж Хатанбаатарын цэрэгт харчин цэрэгтэй байлдах Хонхорын тулалдаанд явсан, эргэж ирмэгц хотын хавьд цэргийн агтыг харсан ба гурван мингийн үед хотноо Сэцэн ханы ус авах түлээ хөрөөдөх ажлыг хийж байсан. 20 онд тэр ажлаас халагдаж буй хөрөнгө нь замаг буу нэгтэй, өмсөх хувцасгүйгээр гарч нутаг зүг бароны цэргээс зугатан оргож гараад Сүжигт далай гүний Ёндон гэгчийн бага охинтой сууж хоёулан баялаг зургаан айлын ажлыг хийх зэргээр гэртэй болсон ба ан гөрөө хийж байгаад 3 унагатай гүү, 7 даагатай болсон ба 17 онд нэг хүүг айлаас үрчлэн авч 25 онд эмэгтэй хүүхэд нэгийг үрчлэн авч байгаад 27- 28 оны үеэст хуучин эхнэр бусдыг дагаж явсан, хэдэн малыг хоёулан хамт өсгөсөн учир 30 онд хувааж авсан. Миний мэргэжил хэмээвээс худаг гаргах, ан хийх, мал маллах албан ажлын талаар 17- 22 онд хийж байсан, 23 оноос хоршооны агент, 33- 34 онд аймгийн хоршооны тэргүүлэгчдийн ажлыг одоо болтол хийж байна. 17 оноос тавьтын даргыг зургаан сар хагас хийсэн. Бусдын хүчийг ер хэрэглэж байгаагүй, ял шийтгэлгүй, лам яваагүй, ах дүү төрөл садангүй. Өөрөө намын гишүүн, Улсын Бага Хурлын гишүүн, улсыг батлан хамгаалах ба хоршооны, үйлдвэрчний эвлэлийн гишүүн, сайн дурын морьт отрядын цэрэг, хоршоодын төв холбооны гишүүн, шагнал нь үнэмлэх ба үнэ бүхий зүйл, сумын ухуулгын ажлыг зөв сайн явуулсан учир 11 удаа шагнагдсан, тусгай гавьяагүй. Мөн өөрөө адуунаас бусад малыг багтаахаар  хашаа халхыг модоор тус тус хоёрыг барьсан, орон нутгийн хүн бүлгүй ядуу айл наймаас доошгүйд жил бүр хүүгийн хамтаар өвсийг хадаж өгдөг, бас Баянхутаг сумын Улаан толгой хэмээх газар марц хужрыг тарьж байсан, одоо тарих хужир нь хонь үхрийн хужиртай болсон, 30 гаруй худгийг ганцаар ухаж гаргасан. Одоо бэлэн буй мал нь адуу 105, тэмээ 12, хонь 95, ямаа 6 тус тус болно. Ард Гомбо үнэн ( 1: 274 ) гэжээ. Энэ баримт нь Б.Гомбо 1935 онд маршал Х.Чойбалсангийн тусгай урилгаар Улаанбаатар хотод тус улсын хамгийн шилдэг 32 малчныг урихад өөрийн сумаасаа С.Пунцагийн хамт ирж, мал маллагааны арга туршлагаа ярих дашрамд намтраа танилцуулж хэлж өгч бичүүлсэн хэрэг юм. Б.Гомбо нь хар багаасаа мал маллаж асар их туршлага хуримтлуулж, 1940 онд Улсын сайн малчин гэдэг алдар цолыг хүртэж, мөнгөн бүслүүртэй агар зандан хувин, эрээн сайхнаар шагнагджээ.

            Улсын сайн малчдын анхдугаар зөвлөлгөөн дээр Б.Гомбо хэлэхдээ: ”Адуун сүрэг хаврын цагт дор зөөлөн газар агь, халгай өвстэй газар сайн. Хэрвээ говь газар бол зэрлэг таанын бог, хурган шарилж ийм ургац хэрэгтэй. Хонь хариулсан газар ямар ч цагт адуунд муу байдаг. Зуны цагт говь, хангай, завсар  аль ч газар адуун сүрэгт судал газар сайн. Зуны сүүлч, намрын эхээр уул толгойн ар хажуу салхи ихтэй газар байваас сайн, мөн ямар ч газар ялгаагүй зун орой бол таана ба мангир хэмээх ногоог 8, 9-р сар хүртэл идүүлж үл болно. Энэ үед адууны бэлчээрийг хангай говь алин боловч өөр өөр газар сольж нутаглаж байваас хурдан таргална. Бас намар эрт бол нутаглах байдал зун лугаа адил бөгөөд намар орой бол зэрлэг таана, агь сайн байна. Өмхий хүрэн өвс муу. Хаврын тэмээнд наран ээвэр газар тачир өвс, агь, зээргэнэ, хурган хамхуул, өргөст харгана, хэрвээ орой бол тэмээнд голлон өргөст харгана, нүдэлсэн агь, тачир өвс буюу агь, зээргэнэ, хурган хамхуул, таана зэргийн бог сайн. Үхэр сүрэгт хавар нимгэн зөөлөн газар хэрэгтэй бөгөөд хавар эрт болбаас хар бог, агь таанын бог, адууны хар аргалыг идүүл. Зун, намрын цагт хангай тал холилдсон газар бол усан чийгтэй өлөн өвс, өндөр зүлэг, хэрс, агь, хиаг сайн. Зуны эцэс намрын эхээр хатуувтар хөрстэй газар хонь ямааг үзэхүй нь хялгасан таана, улайсан хэрс дээр, нарийн өвс сайн. Энэ үед нутгийг олон сольж олон янзын шинэ соргог өвс идүүлэх, салхи  багатай говь газраас ардууд ер холдож үл болно. Бас оготнын хөеө, өндөр, нам харганын навч, гашуун лянхуа зэрэг өвс сайн. Өвлийн эцэст дор газар хэрэгтэй бөгөөд дээрх өвснүүдтэй адил өвс сайн байдаг. Хавар адууг цасгүй бол худаг буюу сайн булаг, голын уснаас нэг удаа усалж байвал зохино. Зуны халуунд худгийн хүйтэн ус сайн. Намар, өвлийн завсраар амьтай хүйтэн усаар услах нь зохимжтой ( 2: 121- 148 ) гэжээ.

            Б.Гомбо нь 1935 онд маршалын урилгаар Улаанбаатарт ирж, нутаг нутгийн шилдэг  малчдын арга туршлагаа сонссоноос гадна 1941 онд Улсын сайн малчдын зөвлөлгөөнд оролцож, өөрийн туршлагаа дэлгэрэнгүй ярьжээ. Тэрээр 1940-1951 онд Улсын Бага Хурлын гишүүн байв. Мөн МАХН-ын X их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн 1946-8-16-ны өдрийн 66 дугаар тогтоолоор  Алтан гадас одонгоор шагнагджээ. 1940-өөд онд Б.Гомбо нь Жагайн Хоролтой гэр бүл болж, 3 хүүхэд өргөж авчээ. Том хүү Гомбын Чүлтэм нь Хэнтий аймгийн Баянхутаг  суманд мал маллаж, аймгийн аварга цол хүртэж байсан. 1989 он хүртэл нэгдэлд малчнаар ажиллажээ. Өргөмөл охин Г. Долгорсүрэн нь 1996 он хүртэл Хэнтий аймгийн Хэрлэн суманд амьдарч байжээ. Бага хүү Г. Алтангэрэл нь ШУА-ийн тэргүүлэгчдийн газарт ажиллаж байна. Манай нам, төрийн удирдагч Ю.Цэдэнбал 1959 онд Хэнтий аймагт ирээд, өндөр настай Б.Гомбо гуайг сураглан уулзаж, хувиасаа 1000 төгрөг өгч байсан гэдэг. Тэрээр аймгийн төвд амьдарч байгаад 1961 онд 76 насандаа таалал төгсжээ. Б.Гомбо гуайн ач нар Чүлтэмийн Батгүн Хэнтий аймгийн Баянхутаг суманд аймгийн алдарт уяач, мянгат малчин болсон бол Чүлтэмийн Махгал тракторын жолооч хийж байгаад өндөр насны тэтгэвэрт гарчээ.

            Улсын сайн малчин Самдангийн Пунцаг 1903 онд Баянхутаг сумын Харуулын хойд талд төрсөн, ард, халх, 11 нас хүртэл эцэг эхийн гар дээр хүмүүжиж байжээ Лам нэртэй байсан боловч хийдэд суусангүй, мяндаг тушаалгүй, эцгийн бие муу тул мал маллан аж ахуйгаа эрхэлж байжээ. 1921 онд 260 орчим  толгой малтай байсан бол 1943 он гэхэд адуу 278, тэмээ 21, үхэр 70, хонь 1308, ямаагүй, бүгд 1685 толгой малтай болжээ. Ямар нэгэн ял шийтгэлгүй, сайшаал шагналгүй, хоршооны гишүүний сонгуультай явжээ ( 3: 62- 64 ) гэсэн намтрын товч мэдээ байна. Мал сүргээ мянга давуулан өсгөсөн учир 1945 онд түүнд засгийн газраас дурсгалын эрээн майхан, мөнгөлсөн хувин шагнасныг хүлээн авчээ. С.Пунцаг 1946 онд ардын хувьсгалын 25 жилийн ойгоор Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагджээ. Тэрээр улсын сайн малчдын зөвлөлгөөнд оролцож хэлсэн үгэндээ:” Адуунд өвөл чулуу багатай зөөлөвтөр газар сайн. Хялгана, хиаг, ерхөг, шивээ зэрэг үндэслэг өвстэй газар адуунд тохиромжтой. Хавар ус цас дагах хэрэгтэй “ ( 4: 30 ) гэжээ. Манай нутгийн настайчууд,  Самдан Пунцаг мал ихтэй байсан учраас манай суманд нэгдэл байгуулах үед олон малаас нь төвөгшөөж гишүүнээр элсүүлж аваагүй учраас тэрээр Мөрөнд нэгдэлд орсон юм гэнэ лээ хэмээн ярилцдаг. Бас зарим хүмүүс С.Пунцаг гуайг Базарын Пунцагтай андуурч, их хэл амтай хүн байсан юм гэсэн, түүнээсээ болоод нутаг усныхантайгаа таарч тохирохгүй, өөр суманд шилжсэн гэж үздэг тал ч байдаг. Энэ дашрамд сонирхуулж тэмдэглэхэд, дээр дурдсан хоёр Пунцаг бол Сэцэн ханы гол хошууны хүмүүс мөн. Нутгийн захиргааны өөрчлөлтөөр, Б.Пунцаг нь Мөрөн суманд харьяалагдах болсон ажээ. Б.Пунцаг ( 1882- 1951 )  бол ардын журамт цэргийн анхны дөрвөн хороон даргын нэг, баруун замын байлдааны тусгай ангийн дэд жанжин, партизан, улсын сайн малчин байжээ. Тэрээр улсын сайн малчны зөвлөлгөөн дээр хэлэхдээ:” Одоогийн мал маллагаа урьдын мал маллагаанаас их өөр болжээ. Урьдын бидний мал маллагаа нь их сайн байсан. Гэтэл одоогийн мал маллагаа их сул байна. Жишээлбэл, жижиг малыг хариулахын оронд буцааж эргүүлэх, том малыг зүгээр бусдын амаар сураглаж явах болжээ. Хавар тэмээг ноостой нь алдаж хэдэн сараар эрдэг, адуу үхрийг ууланд байх гэж бусдаас сурвалжлан асуудаг. Миний биеийг бага байхад мал ба түүний ноосыг авахын төлөө тун их хайрлан хамгаалж байж, одоо тэр ажиллагаанаас огт өөр болж, мал ба түүний ноосыг авахын төлөө ямар ч санаачилгагүй байна. Жишээлбэл, манай аймгийн Мөрөн сумын ардуудын малын ажиллагаа бол муу гэж хэлж болно. Би одоо 50 гаруй настай, манай мал бол алтнаас илүү байна. Бидэнд гэрийн чинээ алт байснаас хонины үе сүүл дээр мэт. Хэрэв алтыг авах эзэнгүй байх ахул чулуунаас яахан ялгаа байх вэ? Манай нутгийн ардууд малаа маллахыг оролдохгүй, харин хэдэн малынхаа хойноос дагаж үргэлжлэн хөдөө явагчдыг зарим хүмүүс хөсрий, зэвхий, навсгар хэмээн нэр хочийг өгөх зэргийн үл бүтэх үзэгдлүүдийг гаргаж байна “ ( 5: 361- 367 )  гэж хурц шүүмжилсэн байдаг.

Улсын сайн малчин  Бадамын  Лүеэмядаг  нь 1906 онд  Баянхутаг сумын Хэрээ хөхлийн Хаяа гол гэдэг газар Бадамын  3 дахь охин болж эхээс мэндэлсэн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөжээ. 1944 – 1945 онд  зүүн гурван аймгийг хамарсан мичин жилийн зуднаар Хутаг уул, Шуусын хоолойгоор нутаглаж малын гарз хохирол багатай хүнд хэцүү үеийг туулж байжээ. 1948 онд Улсын сайн малчдын III зөвлөлгөөнд оролцож, хөдөлмөрийн хүндэт медаль, “хамгийн сайн малчин“ гэдэг алдар цол, таван хушуу малын дүрс бүхий энгэрийн тэмдгээр шагнагджээ. 1959 онд Баянхутаг сумын “Тэмцэл“ нэгдлийн гишүүн болсон. Тэрээр хонины ноосоор эсгий хийж, 2 – 3 метрийн өргөнтэй хашааны нөмрөгтэй байсан нь хүйтэн бороо, цасан шуурганаас мал сүргийг бүрэн хамгаалдаг байв. Нэг мянга гаруй малтай, бог малаа холбож саадаг. Хангай газраас мод авчран малын хашаа барьснаас гадна Тогоотын Усан толгойн ард шавар, чулуу ашиглаж малын хашаа барьж байсны  ул суурь өнөө болтол байдаг. Өөрийн хүү Х.Рэгзэннамжил, охин Х.Санжмятав нарыг ажилч хичээнгүй, хөдөлмөрч, амьдралын нарийн ухаанаар сургаж хүмүүжүүлсэн байна. Энэ тухайд одоо үр хүүхдүүд нь дурсан ярьж байгаа билээ.

1940-өөд оны үеийн улсын сайн малчид бол үнэнхүү “ясны сайн“ малчид байсан гэж ахмадууд ярьдаг. Тэдний арга туршлага нь зөвхөн өөрийн сум орон нутагтаа төдийгүй, улс орны хэмжээнд нийтийн хүртээл болж ирсэн онцлогтой юм. Манай суманд дээр дурдсан сайн малчдаас гадна Мөнхийн Шарав, Мөнхийн Догоожав, Гомбын Аюуш ( Аяваа хөгшин ) зэрэг малч, ажилч хүмүүс олон байсан гэдэг. Тэр үеийн уламжлал өнөө үед ч тасалдаагүйн нэг жишээ нь шинэ цагийн улсын сайн малчид төрж гарсан явдал билээ.

Улсын сайн малчин Балжирын Гантуяа нь 1956 онд Баянхутаг суманд мэндэлсэн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж, ЕБС-д сурч төгссөн. 1990 оноос ардын аж ахуйтан болж, хувийн малаа өсгөн 1993 онд сумын анхны мянгат малчин болсон. Мал сүргээ жил бүр таван төрөл дээр нь төлөөр нь өсгөж ирсэн. Тэрээр 1990 онд сумын сайн малчин, 1994 онд аймгийн сайн малчин, 2007 онд Улсын сайн малчин цол тус, тус хүртсэн. Мөн 2007 онд Алтан гадас одонгоор шагнагдаж, 2000 онд Аймгийн аварга уяач болжээ. Б.Гантуяа нь баг, сум орон нутагтаа шилдэг хандивлагч юм. Тэрээр жил бүр Баян- Эрхтий уулын тахилгаар 500000- 1 сая төгрөгний хандив өгчовооны наадмыг ивээн тэтгэдэг. 2009 онд Улаан загалмай нийгэмлэгт 50 хонь, 1 адуу, 2 сая төгрөг өгсөн бол мөн ондоо сумын соёлын төвийн 70 жилийн ойд 300000 төгрөг, 2010 онд сургуулийнхаа 70 жилийн ойд 300000 төгрөг, сумын наадмын бөхийн барилдааныг 300000 төгрөгөөр ивээн тэтгэж байсан. Түүнчлэн 2010 онд Самдан аваргын 110 жилийн ойд зориулж 200000 төгрөг, 2011 онд улсын начин Б. Одхүүгийн алдрыг тэмдэглэхэд зориулж 1 адуу, 500000 төгрөг, сумын 80 жилийн ойд зориулж 1 сая төгрөгний хандив өгөөд байна.

            Б.Гантуяа нь ард түмэндээ нэр хүндтэй, багийн залуу малчдад байнга ажил амьдралд нь сургамж зөвлөгөө өгч зааварлаж байдаг, ажилсаг, бусдыг тэргүүлэгч зан чанартай, нийгмийн идэвх сайтай хүн юм. Түүний амжилт бүтээлийг ард олон өндөр үнэлж, ардын хувьсгалын 90 жилийн ойг тохиолдуулан, Монгол улсын гавьяат малчин цолоор шагнуулахаар тодорхойлжээ.

Улсын сайн малчин Лувсансүрэнгийн Лувсанбаяр нь 1952 онд Өндөр хамар гэдэг газар эхээс мэндэлсэн. Мал маллах хугацаандаа жил бүр талаа таван төрөл дээр нь төлөөр нь өсгөж, 1990 онд ашиг шимийн аварга, 1996 онд сумын аварга, 1999 онд мянгат малчин, 2000 онд аймгийн аварга, 2005 онд Улсын сайн малчин болж, 2009 онд Алтан гадас одонгоор шагнагджээ. Л. Лувсанбаяр  2000 онд сумын өвлийн азарга, морины уралдаанд зориулж 400000 төгрөг хандивласан бол 2001 онд сумын ЕБС-ийн ойгоор 10 хонь, мөн онд Самдан аваргын нэрэмжит бөхийн барилдаанд 375000 төгрөг, нэгдсэн 1 дүгээр эмнэлгийн шефийн хандивт Үхэр 1, бог 15, Хэнтий аймгийн Эвт түмэн ХХК-д 370000 төгрөг, 2004, 2005 онд сум орны ажлыг дэмжиж 270000 төгрөг тус, тус бэлнээр өгч байсан. Дундаас доош орлоготой буюу нэн ядуу 5 өрх айл иргэнийг малжуулж ажил амьдралд нь тус нэмэр болжээ. Үүнд: С.Буянхишигт 75 толгой мал, Ц.Намнанд 34 толгой мал, Л.Батцолмонд 4 ханатай гэр 240 толгой мал, А.Баярмаад 100 толгой мал, Б.Хадаад 53 толгой мал тус, тус хандивлаж байсан ба 2010 онд ЕБС-д 5 бог малаар хандив өргөсөн болно. Л.Лувсанбаяр нь баг хамт олондоо нэр хүнд сайн, нийгмийн идэвхи санаачилгатай, олон түмнээ хошуучлан ажилладаг хүн юм. Түүний эхнэр С.Жавзмаа, 6 хүүхэд нь Л.Лувсанбаярын ажил үйлсэд байнгын дэмжлэг үзүүлж ирсэн, ажилсаг гэр бүл билээ. Баг, хамт олноос нь түүний хөдөлмөр зүтгэлийг дэмжин, ардын хувьсгалын 90 жилийн ойг тохиолдуулан, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулахаар тодорхойлжээ.

Улсын сайн малчин Рагчаагийн Цэрэн нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын Хаяа хэмээх газар мэндэлсэн. “Тэмцэл“ нэгдэлд няравын ажил хийж байгаад, 1992 оноос ардын аж ахуйтан болсон. Тэрээр өөрийн мал сүргийг сайн өсгөж, ашиг шимийг дээд зэргээр ашиглахын сацуу амьжиргааны түвшингээс доогуур орлоготой олон өрхийг малжуулахад 1500 гаруй толгой мал өгсөн байна. Дорнод аймагт болсон “Монгол мал“ үндэсний хөтөлбөрийн зөвлөлгөөнд оролцож, уг зөвлөлгөөний шийдвэрийг амьдралд бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа болно. Тэрээр аймаг, сум орон нутгийн хөгжил цэцэглэлтийн үйлсэд хувиасаа олон сая төгрөгийн хандив өргөсөн, хүний сайн сайхны төлөө санаа тавьж байдаг, ихээхэн ажилсаг хүн билээ. Түүний нэг онцлог нь зах зээлийн үеийн бизнесийн ухаантай, өөрийн хүүг малч арга ажиллагаандаа дагуулан сургаж байгаа явдал юм. Тиймээс сумын засаг дарга нь улсын сайн малчин Р.Цэрэнгийн хүүг магтан шүлэглэхдээ:

Аавын халааг авч үлдэх

Алсын хараатай Мөнхбаяр

Мал маллах арга ухааныг

Малчин ааваас өвлөн үлдсэн хүү

Одоо цагийн залуу малчин

Ирээдүй үеийн сайн малчин

Овсгоотой аавын сэргэлэн хүү

Идэр насны шинэ цагийн малчин хүү гэжээ.

Улсын сайн малчин, “ Нигүүлсэнгүй үйлст “ манлай малчин Насангийн Жамсранжав нь 1952 онд мэндэлсэн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж, 1974 – 1977 онд цэргийн алба хаасан. 1977 онд тус суманд ирж ачигч хийж, Баян- Эрхтий бригадын тоо бүртгэгчээр ажиллаж байлаа. 1978 онд Н.Түвшинжаргалтай гэр бүл болж 1982 оноос мал маллажээ. 1999 онд манлай малчин, 2004 онд сумын сайн малчин, 2005 онд аймгийн аварга малчин, 2006 онд хоёр мянгат малчин болж, 2006 онд Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн “ Нигүүлсэнгүй үйлст “ манлай малчнаар шалгарчээ. 2010 онд Улсын сайн малчин цол хүртжээ. Түүний хөдөлмөр зүтгэлийг баг, хамт олноос нь дэмжиж, ардын хувьсгалын 90 жилийн ойг тохиолдуулан, хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулахаар тодорхойлсон байна.

Мал аж ахуйн салбарын хөгжилтөнд малчдаас гадна мал аж ахуйн мэргэжилтнүүдийн гүйцэтгэсэн үүрэг их юм. Харамсалтай нь, 1990 оноос эдийн засгийн зах зээлийн харилцаанд шилжиж эхлэхтэй зэрэгцэн улсын мал эмнэлгийн алба татан буугдаж, түүний үр дагаврыг улс орон даяараа амссан гэж хэлж болно.1992 онд батлагдсан монгол улсын шинэ үндсэн хуулинд, мал сүрэг төрийн хамгаалалтанд байна гэж тунхагласан боловч, 2010 он хүрч байж “Монгол мал“ хөтөлбөр батлагдсан нь цаг хугацаа ихээхэн алдсан, бизнесийн нэр хүндэд ч үлэмж хохиролтой хэрэг болсон билээ. Социализмын үед манай суманд мал эмнэлгийн алба сайн ажиллаж, урьдчилан сэргийлэх угаалга, тарилга их явагддаг, малын эмч, мал зүйч нар ч ихээхэн зүтгэлтэй хөдөлмөрлөж байсан юм. Тийм зүтгэл бүтээлтэй хүмүүсээс төлөөлүүлж, зарим мэргэжилтнүүдийн тухайд товч өгүүлье.

Баянхутагт бүтээлч хөдөлмөрөөрөө ард олны хүндэтгэл хүлээж байсан хүн бол  Номинзулын Намчинжав юм. Намчинжав  Дундговь аймгийн уугуул, ардын цэрэгт алба хааж ахмад цол хүртэж байсан  ажээ. Нас нэлээд ахисан үедээ ХААДС-д суралцан мал зүйч (зоотехникч) мэргэжилтэй болоод ХАА-н яаманд мэргэжилтнээр ажиллаж байжээ. Дараа нь Баруунхараагийн сангийн аж ахуйн даргаар ажиллаж байгаад, Лоохууз, Нямбуу, Сурмаажав нарын бүлэгт хардагдан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, нутаг заагдан 1963 оноос Хэнтий аймгийн Баянхутаг сумын Өгөөмөр фермд үржлийн мал зүйчээр ажилласан байна. Тэрээр тухайн үед сумын мал эмнэлэг үржлийн тасагтай нягт хамтран ажиллаж, мал эмнэлгийн тасгийн эрхлэгч Наваанмөнхийн Дэрийлаа ( хожим нь монгол улсын гавьяат эдийн засагч болсон ), сум нэгдлийн ерөнхий зоотехникч Банзрагчийн Сандаг ( энэ номын хамтран зохиогч, хөдөө аж ахуй, үйлдвэрийн тэргүүний ажилтан ) нартай санаа сэтгэл, гар нийлж хүчин зүтгэж явжээ. Н.Намчинжав нарийвтар ноост цэвэр цыгай үүлдрийн хуцаар нутгийн эм хонинд зохиомол хээлтүүлэг хийж, Тарган Цайдам, Рашаант зэрэг газарт зохиомол хээлтүүлгийн пункт байгуулж, жил тутам 10000- 15000 эм хонийг хамруулж байжээ. Цыгай монголын эрлийз тохиромжтой хэвшлийн II, III үеийн эрлийз хонийг өөр дотор нь шилэн сонголт, тохируулан сонголт хийж I, II ангийн 10000- 20000 эрлийз хоньтой болж үүлдрийн хэсгээр батлагдахад маш ойрхон дөхөж ирээд байлаа. Сумын намын хорооны бүх гишүүдийн хурлаар  ерөнхий мал зүйч Б.Сандаг, үржлийн мал зүйч Н.Намчинжав нарын илтгэл сонсголыг авч хэлэлцээд, мал зүйгээр гарсан үр төл, анги чанар, дотоод, гадаад галбир, бие цогцсыг судалж үржлийн гэрчилгээ хөтлөх үржлийн тоо бүртгэгч ажиллуулахын хамт үржлийн фермийг удирдлага, аж ахуйн талаар бэхжүүлэх арга хэмжээ авч ажиллаж байв.

Мөн  Баянхонгор аймгаас нутгийн ширүүвтэр ноостой, хивс хийх технологид зохицсон ямаан үсгүй чамар хуц авчран Буян- Уул, Баян- Эрхтий бригадад үржүүлж байсан юм. Буян- Уул бригадын сүүний тасгуудад мах сүүний хосолмол ашиг шимтэй сименталь үүлдрийн цэвэр бухаар зохиомол хээлтүүлэг хийж, үхэр сүргийн сүү, ашиг шимийг нэмэгдүүлж байлаа. Зоотехникч Н.Намчинжавын гавьяа зүтгэлийг нам, засгаас үнэлэн, гурван өрөө байр, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ. Н.Намчинжавыг 1990 онд цагаатгасан билээ. Түүнтэй хамт ажиллаж байсан  малын эмч, мал зүйч ахмадуудаас дурдвал, Хишигт зоо, Чойжилбуугийн Самбуу, Нацагдорж, Аюуш зэрэг хүмүүсийг нэрлэж болно.

Манай сумынхан “бүдүүн“ хэмээн тодотгодог Жамбалсүрэнгийн Цэдэв 1935 онд Хэнтий аймгийн Норовлин сумын нутагт мэндэлсэн. Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн техникумыг зоотехникч- малын бага эмчээр 1959 онд төгсөж, Баянхутаг суманд ирж, зоотехникч, малын эмчээр ажиллажээ. 1976-1979 онд Баянхутаг сумын орлогч даргаар, 1980-1986 он хүртэл Буян- Уул бригадад малын эмч, зүүн 3 аймгийн мал тууврын эмчээр, 1986- 1991 онд мал бэлтгэлийн экспедицид ажиллаж байгаад, гавьяаныхаа амралтанд гарсан. Түүний хөдөлмөр зүтгэлийг төр, засгаас өндрөөр үнэлж, хөдөлмөрийн хүндэт медаль болон ардын хувьсгалын 50, 60, 70, 80 жилийн ойн  медаль болон В.И.Лениний мэндэлсний 100 жилийн хүндэт жуухаар тус, тус шагнажээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.   3. Эрдэм ухаан, авьяас чадвар, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан алдар цуутнууд, тэдний хойч үеийнхэн

 

Сэцэн хан аймгийн Сэцэн ханы гол хошуу, хожим нь Хан Хэнтий уулын аймгийн Өндөрхаан уулын хошууны үндсэн нутаг дэвсгэрт хамаарагдах  Баянхутаг сум нь 1931 онд байгуулагдсанаас хойш эдүгээ 80 жил болж байна. Энэ урт удаан хугацаанд тус сумаас аймаг орон нутагтаа төдийгүй, улс орны хэмжээнд, бүр гадаад орнуудад  мэдлэг боловсрол, авьяас чадвар, ололт амжилтаараа алдаршсан олон арван сайчууд төрж гарсан билээ. Тэдний хичээл зүтгэл, хөдөлмөр бүтээл бол унасан газар, угаасан тунгалаг уснаасаа эрч хүч нэмэн авсаар алдрын оргилд хүрэхэд нь нутгийн уул ус нь түшиж, өргөн олон түмэн нь сэтгэлээрээ дэмжиж ирсэн улбаагаар Баянхутагтайгаа хүйн холбоотой, бахархан дуурсагдах үнэнхүү нарийн учир шалтгаантай юм.

Нэрт ухуулагч, нийгмийн зүтгэлтэн Д.Жамсранжавын намтар, улс төрийн үйл ажиллагаанаас

         Өргөн олон түмэндээ өвгөн Жамсранжав гэж хүндлэгдсэн энэ хүний өөрийн гараар бичсэн намтрыг  Намын төв архивын алтан фондноос  бүрэн эхээр нь сийрүүлбэл: “Гишүүн Жамсранжавын түүхт байдал. 1. Дамдины  Жамсранжав нас 42, Улаанбаатар хотын жинхэнэ харьяат, гуравдугаар хороо, хорьдугаар хорин, халх монгол, ард, хар, гэрийн дотор ам 2, миний эхнэр Сундуй 38 настай ба сургуульд яваагүй бөгөөд монгол бичиг муу  мэднэ, мал ба оёдлын ажилд дадлагатай, 27 ба 28 онд банкны ерөнхий хорооны дотуур зарлага буюу банкны мөнгө тоологчийн дагалдан сурагчаар ажиллаж байгаад миний биеийг хөдөө хэлтсийн ажлаар шилжихэд ажлаас чөлөөлөгдөж, миний хамтаар явж ирээд, эдүгээ төв ерөнхий банкны тоологчийн ажилтай ба мөн 21 онд Улсыг батлан хамгаалах эвлэлийн гишүүнд элсэн орсон, 23 онд намын гишүүнд хуучин нөхөр Санги агсны хамтаар цэргийн газар байхдаа элсэн ороод, нөхөр Сангийг  наснаас нөхцөхөд  цэргийн газраас шилжихдээ бат илэрхийлэх, анкет ба үүрээс шилжих даалгавар зэргийг аваагүйгээр өөр нэг газрын намын үүрт бүртгэгдсэнгүй завсардан явсаар эдүгээ хүрсэн болой. 2.Миний төрсөн эцэг ард Дамдин нь хуучин Сайн ноён хан аймгаас Түшээт хан аймгийн нутаг  Бороо  Борнуур хэмээх газраа ганц бие хэрэмлэн ирж айлд мал тариалангийн ажлаар зарцлагдан явсаар Борнуурт суурьшин айл гэр болж хүү, охин 4 хүүхэд төрүүлсэн нь миний бие дөрөвдүгээр хөвгүүн болон 1888 онд Борнуур хэмээх газар төрсөн бөгөөд миний биеийг эцэг Дамдинаас нэг отго нутгийн лам Ойдов, түүний эхнэр Номт нарт үрчлүүлснээс миний жинхэнэ эцэг Дамдин нь намайг бага наснаа холдож хөндийрсөн буюу нас барсан учир эцгийн эцэг өвгөнийг үл мэдэмүй. Гагцхүү  намайг үрчилэн авсан Ойдов нь миний мэдэхийн мяндаг тушаалгүй, авааль эхнэртэй лам байсан. Урьдын үед зайсан явсан бол уул зайсан тушаалаасаа гэлэн болно хэмээн бүрмөсөн чөлөөлөгдөөд гэлэн болоогүй гэгчийг сонссон. Хөрөнгө нь хуучин Нийслэл хүрээнээ хашаа байшинтай, хөдөө нь эдүгээгийн Улаанбаатар хотын хойд зүг Сэлбийн голын ам болох Шарга морьт, Гоодойн ногоон мод хэмээх зэрэг газруудаар нутаглан арван хэдэн дээр хориод хонь ямаа, нэг хоёр уналгын морь гүү, илжиг тэрэг мэтийн хөрөнгөтэйгөөр амьдран явж  намайг арван хоёр гурван насны үед лам Ойдов нь гэрээс гарч үл чадах хуучин архаг өвчтэй болон хэдэн жил дараалан хөдөө ба Хүрээнд орж гарч хэвтсээр нас барсан ба мөн Ойдовын эцгийг үл мэднэ. Харин чухам Ойдовын ямар төрлийн болохыг нь тодорхой мэдэхгүй бөгөөд түүний төрөл садан болох да лам эрх Дамба, Сампил, Намуун хиа гэгч хүмүүс байсан юм гэгчийг бусдын ярилцлагаас сонссон бөгөөд урьд цагт да лам эрхгүй дор да ламын хөдөө хөрөнгө малыг Намуун хиа эзэмшсэн. Хүрээн дэх байшин хашаа хогшлыг Дамба, Сампилын өргөмөл хүү Цэрэнтүндэв Ойдов хоёр хуваарилан авч эзэмшсэн гэгчийг сонссон, Мөн дараа нь Намуун хиагийн хөрөнгийг мөнхүү Намууны хөвгүүн Дондог, Сандаг, Сүндэв гэгч хүмүүс эзэмшин байгаад, тэдгээр хүмүүс нь урьд дээр цагт нас барцгааж, эдүгээ түүний үлдэгдэл садан төрөл буюу хөрөнгө нь ч үгүй болжээ. Миний үрчилсэн эх Номт нь Ойдовыг нас барсны дараа Борнуур хэмээх газар нүүдэл хийж энгийн  нэгэн лам Лувсандэндэв гэгч хүнтэй ханилан сууж байгаад, сүүлийн үед гамин цэрэгт нөхөр Лувсандэндэв нь алагдаж, хэдэн цөөхөн мал нь цэргийн хөлд үрэгдэн эх Номтын бие уул модоор зугатан амь гарснаас 22 оны эхээр Хүрээ орж ирээд, надтай хамтран суусаар  өнгөрсөн 27 онд 72 насандаа бие барсан болой. 3. Миний бие 2 наснаас 13 нас хүртэл үрчилсэн  лам Ойдов, эхнэр Номт нарын гар дээр хүмүүжин  13 настайдаа тэдний удирдлагаар лам болж зүүн Хүрээний жасын аймагт суусан. Энэ үе нь манжийн Бадруулалт төрийн хорин хэдэн он болох ба манай монгол нь манж хятадын колони байсан үе бөгөөд энэ үед шавь шанзавын  яамнаас Хүрээний аймгуудаас монгол бичгийн сургуульд сургах хүүхдийг хуваарилан ноогдуулж гаргуулан байснаас миний биеийг жасын аймгаас албачлан сургуульд өгсөн нь шавь шанзавын яамны сурах ба туслах бичээчээр 3 жил шахам явсан агаад өвчтэй лам Ойдовыг сувилах хүнгүй хэмээн бүрмөсөн чөлөөлсний дараа  Ойдов нь нас барсан бөгөөд түүний дараа миний бие цаашдаа түвд номын орчуулгыг үзэж суралцахыг зорьж, Чойр ба  Ламирам дацанд орж, тэдгээр дацангуудын хурал номын  сургуулийг дагаж явтал, зүүн Хүрээнээ Богдын  шар ордноос  бандид тушаалаар тулган хаалгач болгосонд шар ордны  манаа манах ба хол ойроос бусдыг зарлан дуудах зэрэг үүргийн ажлыг нэгэн жил илүү ажиллаж байтал, шавь шанзавын яамнаас тус яамны жинхэнэ бичээчийг  түр орлуулахаар тэнд авсанд мөнхүү яаманд хагас жил хэр түр орлож    дараа нь няраваас халагдахыг бодож уул няравыг лам хүн хийдэггүй учир гэлэн болно хэмээн няраваас бүрмөсөн чөлөөлөгдөн гарч, лам болоод Чойр дацангийн хурал ном дагаж явсан. Энэ үе нь манай монгол нь манж хятадаас тусгаарлан салж автономит засгийг байгуулсан үе бөгөөд энэ завсар миний бие жасын аймгийн гишүүний тушаалыг хоёр дахин хүлээж 2 жил гаруй болон бүрмөсөн гарахын төлөө удаа дараалан чөлөөлөгдөн гарч, монголын Олноо өргөгдсөний 10 он хүртэл  Гандан хүрээн дээр сууж хурал номын  сургуулийг энгийн сул дагаж явсаар 11 оны хаврын тэргүүн сард хөдөө буй эх Номт нь нөхөр ба хөрөнгө малаа гамин цэрэгт алдаж үрэгдээд өөрийн бие амьд баймой гэгчийг сонсож, миний бие замын хүнс бага зүйлийг авч явганаар эхийн байгаа газар очсонд, миний эх нь  чавганц болж Хүрээнд суухыг хүссэний ёсоор чавганц болгож авчран зүүн Хүрээнээ надтай хамтран суусан. Энэ үе болбол манай ардын хувьсгалт нам ба засгийг анхнаа байгуулан ард түмэнд эрх чөлөөг олгож тунхаг зарлиг индрийн хурал илтгэлүүдийг хийж байсан цаг үе бөгөөд энэ байдлыг миний бие үзэж сонсож, түүнээс энэ засагт албан ажлыг хийвэл хөгшин эхийг тэжээж хоёр бие амьдарч болох байгаа хэмээх бодол төрж, албан ажил хийхийг хүсэж эрмэлзснээс анхан 11 оны намар цаг хуучин Дотоод яамнаа бичээч, 12 оны хавар цагаас 17 оны 4 сар хүртэл Сангийн яам ба түүний харьяа хөдөө хотын гаалийн хорооны нягтлан ба эрхэлсэн түшмэл, 17 оны 4 сараас 24 оны 10 сар хүртэл Дотоодыг хамгаалах газраа нягтлан бодох ба туслах, жинхэнэ төлөөлөгч, хэлтсийн туслах ба тасгийн дарга, аймгийн хэлтсийн дарга, 24 оны 10 сараас 1930 оны 4 сар хүртэл Монгол банкны ерөнхий хорооны төв кассын эрхлэгч, ерөнхий нярав, захиргаа аж ахуйн хэлтсийн дарга, аймгийн банкны хэлтсийн дарга, 30 оны 5 сараас эдүгээ хүртэл  тусгай хэргийн эрхлэгчээр ажиллаж байна. Миний бие 13 наснаас 37 нас хүртлээ лам явсан бөгөөд  33 настайдаа  11 оноос эхлэн 13 он хүртэл лам хэвээр албан ажил хийж яваад, 13 онд жинхэнэ хар болж, цэргийн бүртгэл авсан. Ламын талаар мяндаг хүлээж яваагүй ба тушаал хүлээж явсан буюу сууж байсан Хүрээ хийдийг дээр тодорхойлсон.

               Олон нийтийн талаар. Миний бие 13 онд өмнө хязгаарын Зосонжаргалантын гаалийн хорооны эрхлэгч байх үед  тэндэх нутгийн ойр намын байгууллага байсангүй бөгөөд тус гаалийн хорооны дэргэд намын үүртэй болох ба өөрийн бие намын гишүүнээр элсэн орох саналыг гарган, Сулинхээр дэх цэргийн намын байгууллага лугаа харилцсанд  тэндэхийн цэргийн намын байгууллагаас намын хурал хуралдуулж, гаалийн хороон дээр намын үүр байгуулахаар шийдвэрлэсэн ёсоор Сулинхээрийн цэргийн намын байгууллагаас гишүүдийн ирц, тус хорооны албан хаагчид болон орон нутгийн ардын дотроос намд элсэх саналаа өгөгсдийн хамтаар хурал хийж миний биеийг хүссэн ёсоор намд элсүүлэн авсан. Мөн миний биеийг жинхэнэ гишүүнээр элсүүлэн авч, намын үүрийн нарийн бичгийн даргаар сонгогдсон нь үүнээс эхлэн эдүгээ хүртэл энэ завсар хот, хөдөө албан ажлаар шилжин явах завсар Дотоодыг хамгаалах хэлтэс, Хөвсгөл зэрэг аймгуудын  хийгээд хотын гаалийн хороо, Сангийн яам, банк зэрэг албан байгууллагын дэргэдэх намын үүрүүдэд шилжигдэн бүртгэгдэж, хуралдсаар мөн үүрүүдийн дарга, тэргүүлэгчийн үүргийг хүлээж ажиллаж ирсэн. Мөн миний бие Үйлдвэрчний эвлэлийн гишүүнд анх тус хотын баруун гаалийн хорооны дэргэдэх үүр байгуулагдахад 16 оны 5 сарын 14-ний өдөр элсэн орж, мөн дараагаар нь үүрийн дарга, тэргүүлэгчийг удаа дараа сонгуулиар ажилласаар ирсэн. Мөн Улсыг батлан хамгаалах эвлэлд анх Дотоодыг хамгаалах газар 21 оны 2 сард үүр байгуулагдахад элсэн орсон ба мөн дарга, тэргүүлэгчээр сонгуулиар ажиллаж явсан. Мөн хоршооны гишүүнд  11 оны өвөл цагт анх хоршоо нээн байгуулах үед хуучин Дотоод яамнаа бичээч байхдаа 5 лан өгч элссэн хэмээсэн боловч мөнгийг хураан авсан ч үнэмлэх бат илэрхийлэх олж аваагүй учир 19 онд хотын хоршоонд дахин хувь оруулан элссэн болно. Мөн Үйлдвэрчний анхдугаар их хурал ба Улаанбаатар хотын захиргааны их хурлын төлөөлөгчөөр сонгогдон явсан.

         4.Өөрийн төрсөн эх эцэг нь миний бага насанд нас барсныг дээр тодорхойлсон бөгөөд үлдсэн ах эгч нар чухам хэд хичнээн тооны хөрөнгө ба малтай байсныг тодорхой мэдэхгүй, нэлээд сайн амьдарлагийн хөрөнгө малын аж ахуйтай байснаа албан татварт барагдсан гэгчийг сонссоны дээр миний төрсөн ах Нямцэрэн гэгч дээр цагт  нутгийн шүтлэг мэдэгчийн тушаал хүлээж явсан гэдэг. Мөн намайг багад, арваад насны үед нас барсан гэгчийг сонссон. Мөн хоёр эгч байсны  нэг нь тусгай хүнтэй сууж гэрээс гараад, монголын долоо ба найман оны үед нас барж, түүнээс гарсан хүү, охин хоёр эцгийн гар дээр үлдэж, 10 оны үед эцэг нь гамин цэрэгт алагдаад, мөнхүү хоёр хүүхэд нь хуучин гэртээ хоцорсон эгч, Цэрэнханд дээр нийлж, мөнхүү Цэрэнханд нь хөдөө малын амьдарлагаагүй болсны дээр галзуу солио өвчтэй болж, Улаанбаатар хотноо ирж суурьшин эмч доктороор эмчлүүлсэн боловч эдгэрч чадаагүй 27 оны үед нас барсан ба мөн нөгөө хоёр хүүхэд нь удаа дараагаар нас барсан.

             Мөн энэхүү эгч Цэрэнхандын өргөмөл хүү болох Ламжав гэгч энэ хэр Сэлбэ голын эхэнд өөрийн садан төрөл болох Цагаан лам гэгч айлд харах нүдгүй сохор сууж буй. Мөн миний хуучин нөхөрлөн сууж байгаад, 23 оны үеэс салж тусгаарласан эхнэр Бэндэнжаваас гарсан миний төрсөн хөвгүүн болох Цог эдүгээ 13 настай, Дорноговь аймгийн Хөвсгөл суманд эхийн хамтаар сууж буй, одоо чухам хичнээн ямар хөрөнгө малтай болохыг мэдэхгүй.

            Одоо миний хувийн хөрөнгө бол тугалтай үнээ нэг, тугалгүй үнээ нэг, унагатай гүү нэгээхэн бүрэн хогшил бүхийгээс өөр хөрөнгөгүй.

           5.Ямар нэгэн байлдаан хөдөлгөөнд оролцон яваагүй. Сайшаал шагналын тухай.  Дотоодыг хамгаалах газар он удтал зүтгэлтэй ажилласан хэмээн Улсын 10 жилийн ойн баяраар бугуйны цаг үнэмлэхээр буюу мөн 20 оны үед Хэнтий аймаг дахь ангийн дарга байх үед карманы цагаар, мөн 24 оны 10 сард миний биеийг тус Дотоодыг хамгаалах газраас банкны ерөнхий хороонд шилжүүлсний дараа мөн оны 11 сарын 10-наа Дотоодыг хамгаалах газрын 952 тоот тушаалаар 35160 ноймор бүхий тамгатай маузер хэмээх бага буу, мөн 3 тоот алтан үсэг бүхий үнэмлэх, тэдгээрийн хамтаар шагнагдсан бөгөөд уул тушаалын дотор дурдсан нь тус Дотоодын хамгаалах газар албан хааж байгаад, сая өөр газар шилжин албан хаасан Жамсранжавын бие 11 оноос эхлэн улсын албан ажилд зүтгэн ирсэн ба мөн тус газрын хүнд чухал үүргийн ажилд 17 оноос эхлэн эдүгээ хүртэл биеийн чадал хүчнийг дайчлан гаргаж зүтгэсээр ирсэн учир түүний сайнхүү зүтгэлийг илэрхийлэн тэмдэглэж, бие хамгаалах буугаар сайшаан шагнасугай хэмээсэн тушаал байсан болой. Гэтэл одоо энэхүү буу  ба тушаал үнэмлэх нь миний биед үгүй болсон бөгөөд учир нь өнгөрсөн 29 онд намайг Хөвсгөл аймгийн банканд ажиллаж байх үед нийтийн бууг шалгахаар хураах үед дотоод яамны аймаг дахь ангиас хураан аваад эргүүлэн өгөөгүй болой. Үүнд одоо хүртэл сэтгэл хямран гомдолтой явдаг. Мөн улсын 15 жилийн ойн баяраар он удтал санхүүгийн ажилд зүтгэн ирсэн хэмээн Улсын Бага Хурлын тэргүүлэгчдээс Аж үйлдвэрийн гавьяаны нэгдүгээр зэргийн одон тэмдгээр шагнагдсан.

              Ял шийтгэврийн талаар.  Олон нийтийн талаар намын хоёрдугаар шалгалтаар шашин шүтлэгтэй холбогдолтой лам явсан, баяжих хөрөнгөжихийг бодож байшин хөдөлгөж байсан баруун баярхагчидтай холбоотой гэх зэргээр тэмдэглэж нэгэн жилийн орлогч гишүүн болж явсан, өөр зүйлгүй, засаг захиргааны талаар ял шийтгэвэр хүлээж яваагүй.

               6.Ямар нэгэн хэрэгт холбогдсон садан төрлийн хүнгүй.              

                   Гишүүн Жамсранжав “(6)  гэж гарын үсэг зуржээ. Баянхутаг суманд анх “Тэмцэл“ нэгдлийг байгуулах санаачилга гаргаж, өргөн олны дунд ухуулга их хийж ирсэн энэ хүний тухай ирэх жил хэвлэгдэх Л. Чулуунбаатарын бичиж байгаа “Өвгөн Д. Жамсранжав–нэрт ухуулагч, нийгмийн зүтгэлтэн“ номноос дэлгэрүүлж уншихыг хүсэж байна.

Д.Жамсранжав гуайн төрсөн хүү Сайнхүүний Цог нь Хэнтий аймгийн Баянхутаг суманд ирээд худаг ус гаргаж өөрийн нэрийг мөнхжүүлсэн нэгэн билээ. Энэ худаг нь сумын төвөөс урагш 6 км орчимд байгаа “Цогийн шанд“ юм.

Мөн тэрээр, 1937 оны 5 дугаар сарын 24-нд Түмэннасангийн 4 дэх охин болон мэндэлсэн Цэгмидийг 3 настайд нь үрчлэн авч өсгөж хүмүүжүүлсэн байна. Ц.Цэгмид 5 настайгаасаа хурдны морь унаж, айраг, түрүү олныг авч байжээ. Сумын бага сургууль төгсөөд, 25 настайдаа МХЗЭ-ийн илгээлтээр нэгдэлдээ малчин болж 35 жил ажиллажээ. Ц.Цэгмид олон жил улс нийгэмдээ үр бүтээлтэй ажилласан тул МАХН, МХЗЭ-ийн медалиуд, алдарт эхийн I, II одон хүртэж, одоо үр ач нарынхаа хамт аж төрөн, тэдэндээ малч, ажилч арга туршлагаас зөвлөж сууна.

Ц.Цэгмидийн төрсөн охин Ёндонпэрэнлэйн Цэцэгээ 1959 онд эхээс мэндэлсэн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж, сумын ЕБС-д суралцан төгсөөд Улаанбаатар хотын Багшийн сургуульд суралцаж 1982 онд төгссөн байна. Улмаар өөрийн сумандаа бага ангийн багшаар 20 жил ажиллаж, 180 шавьд “а“ үсэг таниулсан, Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч, цагаан лавай, багшийн алдар медальтай сурган хүмүүжүүлэгч юм. Ё.Цэцэгээ 2009 оноос Баянхутаг сумын 2 дугаар багийн иргэдийн нийтийн хурлын даргаар ажиллаж, Глоб интернейшнл төрийн бус байгууллагатай хамтран ил тод байдлыг нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж, сумаа веб сайттай болгож, иж бүрэн компьютер тавиулж төрийн үйлчилгээг олон түмэнд ойртуулахад тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж явна. 

 

Баянхутаг сумын дарга асан ДАРЖААГИЙН ДОРЖСАМБУУ

(өөрийн гар бичмэл бүхий дурдатгалаас...)

Миний бие 1919 оны 12 сарын 25-нд хуучин Сэцэн хан аймгийн гол хошуу нутаг, одоогийн Хэнтий аймгийн төв, хийдийн баруун урд байдаг Саальчны дов гэдэг газар ядуу ард Наваандаржаагийн ууган хүү болон мэндэлсэн. Миний  ээж Дашдондов намайг 3 настай байхад 1922 онд цагаан цэцэг өвчнөөр нас барсан.

Би 1924 онд 5 настай байхдаа Цагаан эргийн хойд дээр шашны сургуульд сууж 1932 онд 13 настай байхдаа өөрийн сайн дураар хар болж Өндөрхааны хошуу танхимд  1932 он хүртэл суралцсан. Миний бие Монголын пионерын гишүүнд 1932 онд элссэн. 1934-1940 он хүртэл морин хоршооны гуанзанд морин тэрэгчин, лам нарын гуанзанд түлээ хөрөөдөгч, бэлтгэгч, Жаргалантын машинт станц зэрэг газар ажилчнаар ажиллаж байгаад 20 настай эр цэргийн албанд татагдах бичгийг авав. Аав минь эмээлт морины минь дөрөөнд сүү дусааж баруун хацрыг минь үнсээд, “за миний хүү эр цэргийн албанд эндэгдэлгүй, үеийн олон нөхөдтэйгээ хамт нэг аав, ээжийн хүүхэд шиг явж цэргийн эрдэмд сайн сураад ирээрэй” гэж хэлээд хоёр нүдэндээ дүүрэн нулимстай үдэж мордуулсан. Би ч Хавцлын худгийн хойд дээрээс хөлгийн жолоог сумын төв рүү залж сумын төв дээр ирэв. Ингээд бидний 75 хүн улаан туг мандуулж цэргийн морин жагсаалаар аймгийн төв явж билээ. Ингээд бид цэргийн албанд нас бие тэнцэж олон нөхдийн хамтаар машинд анх удаа сууж манай улсын нийслэл Улаанбаатар хотын зүг рүү дуулан явсан юм аа. Эндээс гараад Хэрлэнгийн буудал дээр очиж амраад хоол унд идээд цааш явж Хөшөөт түргэний цэргийн карантинд очиж тэнд хоёр машин гаруй цэрэг хүмүүжиж байгаад 9 сарын 17-нд хязгаарын цэргийн баяраар бидэнд мартагдашгүй үйл явдал болсон юм. Манай нам төрийн үүсгэн байгуулагчийн нэг маршал Чойбалсан, намын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Цэдэнбал нарт цэргийн тангараг өргөж, эх оронч үзлээр биднийг хүмүүжүүлж бид нарт хүндэт даалгавар өгсөн юм аа. Нөхөр Чойбалсан хэлсэн үгэндээ, “та нарыг ардын дотроос 3 дахин шалгаруулж авсан, та нар бол дотоод яамны нүд чих, та нар бол БНМАУ-ын дархан хилийн цоож түлхүүрийг нэг ах нараасаа хүлээж авна” гэж хэлсэн билээ. Бид нар тэр үед эх орон, нам засгаасаа эр хүн болсны хувьд онцгой даалгавар авч билээ. Үүнийгээ одоо болтол нандигнан хадгалж явдаг юм. Ингээд Хэнтийгээс Ховд хүртэл 2100 км урт замд 12 машин цэрэг гарч хошууч даргатай тавдугаар отрядад хуваарилагдан очиж Даринчулуу даргатай Дэлүүний дивизэд очиж, мөн Алтайн баруун хязгаарыг Хятадын гоминданы цэрэг, Османы дээрэмчдийн аюулаас хил хязгаараа хамгаалж байсан юм. Тэр үед миний хамт олон дотроос БНМАУ-ын баатар Дамба, Нэхийт, Жамбаа нар төрөн гарсан. Нөхөр Дамба бусад 4 нөхдийн хамтаар Османы 340 морьт дээрэмчидтэй тулалдаж байхад миний бие ганцаараа зэргэлдээ 3-р дивизэд даргаасаа тушаал авч холбоо барьж явсан. 1942 онд намайг цэрэгт байхад надад хүнд байдал тохиолдсон юм. Миний аав 52 насандаа нас барсан. Ингээд би аав, ээжээс үүрд өнчин болсон.

1945 оны 11-р сард цэргийн алба 5 жил хаагаад халагдаад ирж явахдаа Улаанбаатарт ирсэн өөрийн төрсөн дүү Янжмааг газар, газар очиж асуутал гэтэл дүү минь 1941 онд гэдэсний тиф өвчнөөр нас барсан гэнэ. Эргээд очих гэр оронгүй болж маш хүнд байдалд орсон. Ингээд Сүхбаатар аймагт байсан аавынхаа эгчээс гарсан миний авга эгч дээр очихоор хотод байхдаа шийдвэрлэв. Гэтэл тэр эгч минь 1941 онд могой яр өвчнөөр нас барсан сонсогдов. Ингээд бүрмөсөн бүтэн өнчирсөн юм даа. Би 1946 оны 11-р сард хотоос Хэнтийд машинаар, Хэнтийгээс Баянхутаг сум өртөөгөөр ирээд сумын захиргаанд бүртгүүлж нутаг таних айл Даржаагийнд ирсэн юм. Цэргээс ирээд 9 хонож байхад сумын намын үүрийн захиргаа дуудаж тэр үед сумын дарга Санжаажамц намын үүрийн дарга Гончигжав нар сумын түр сургууль байгуулах үүрэг өгөв. 13-45 насны шинэ бичиг сурах хүмүүст хичээл зааж багш болсон юм. Тэр үед сурагч байсан хүмүүсээс одоо эхийн амрахын асрагч Ухна, нэгдлийн үйлдхүйн борлуулагч Гомбожавын Намсрай, Баянхүрээ бригадын солгой Гомбосүрэн, Санжаа дарга. Орлогчийн багшаар 1946 оны 3 дугаар сар хүртэл ажиллаж байгаад аймгийн Гэгээрлийн хэлтсийн шийдвэрээр 1946 оны 3 сарын 1-нд багшаас халагдаж Хэнтий аймгийн номын сангийн эрхлэгчээр ажилласан. Энэ үед аймгийн номын сан 5000 гаруй ном, ботьтой, 200 гаруй идэвхтэй уншигчтай байсан. 1947 онд Ардын Гэгээрлийн яамны дэргэд аймгуудын номын сангийн эрхлэгч нарын семинар курс болж түүнд оролцсон юм. Ингээд 1946 оны 9 дүгээр сарын дундуур гэр оронтой болж, гэр бүлтэй болж, 27 настай Дамдингийн Сосортой гэр бүл болсон. 1948 оны 8-р сард орон нутгийн засаг захиргааны сонгуулиар Баянхутаг сумын 4-р багийн даргаар сонгогдон номын сангийн эрхлэгчээс халагдаж багийн дарга болсон юм. Тэр үед улс ардын аж ахуйг хөгжүүлэх анхдугаар таван жилийн төлөвлөгөөний зорилтыг биелүүлэхэд засаг захиргаа анхан шатны байгууллага удирдах үүргийг ард түмний сонгуулиар хүлээсэн юм. Хүн болж төрөөд төрийн сонгуульд анх удаа орсон. Ийм хүнд үүрэг хүлээн малын ажлыг урагш дэвшүүлэн хөдөлгөн хувьсгалт уралдаан байгуулж манай багийн хөдөлмөрчид хувьсгалт уралдаанд маш идэвхжиж 1949, 1950, 1951 онуудад сумандаа бүх ажлаараа 3 жил дараалан түрүүлж шилжин явах улаан туг хадгалсан. Мөн улс, хувьсгалын 30 жилийн ойгоор аймгийн 82 багийн тэргүүнд гарч аймгийн тэргүүний баг болцгоож байсан. Тэр үед 5-р таван жилийн төлөвлөгөөг төлөвлөж байсан үе, 1954 оны орон нутгийн засаг захиргааны сонгуулиар Баянхутаг сумын орлогч даргаар дэвшин сонгогдсон юм. Мөн 1956 оны сонгуулиар сумын даргад дэвшин сонгогдсон юм. Энэ үед аймгийн төвд сумын дарга нарын курс семинар явагдаж намын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Цэдэнбал манай аймагт ирж сумдын дарга нартай уулзаж төрийн захиргааны удирдлага, төр хөдөлмөрчин ардын холбоог сайжруулах, ХАА-н нэгдлийг дэмжих, намын XII хурлын шийдвэрийг биелүүлэх, намын XIII их хурал угтсан их хөдөлмөрлөх талаар зөвлөгөө өгсөн. Энэ үед манай суманд улсын сайн малчин Гомбо, Лүеэмядаг, Ичинхорлоо, Жадамба, Самдан нарын зэрэг тэргүүний малчид алдраа мандуулж сум орныг, 1956 онд нутгийнхаа нэрийг өндөрт өргөж явсан юм.

1957 онд надад дахин зовлон учирч гэр бүлийн дотор хүнд байдал тохиолдож хүүхдийн минь эх нас барж би 2 өнчин хүүхэдтэй үлдсэн. Ингээд аймагт намын хороо, захиргаа өнчин 2 хүүхэдтэй минь аймгийн төвийн хөдөө аж ахуйн хэлтэст байцаагчаар, хүүхдүүдийг цэцэрлэгт хүмүүжүүлж өсгөв. 1958 оны 1 сарын 1-ээс 1960 оны 6 сарын сүүл хүртэл байцаагч хийж байхдаа 1958 онд Балжиннямын Хишигнямтай гэр бүл болсон юм. 1960 оны 6 сард Жаргалтхаан суманд Хөгжил нэгдлийн даргаар томилогдон энэ ажлыг 1963 оныг дуустал хийж байгаад 1964 онд Модотын мал аж ахуйн машинт станцад намын үүрийн орлогч дарга,  дараа нь даргаар 1967 он хүртэл ажиллаж байгаад, 1968-1970 он хүртэл улсын асрамжийн хөдөлмөрийн газар соёл олон түмний эрхлэгч, намын үүрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. 1970-1971 оны 11 сар хүртэл Төв аймгийн Эрдэнэ сумын дарга, нэгдэлд орлогч даргаар ажиллаж байгаад 11-р сараас Баянхутаг сумын Тэмцэл нэгдэлд боловсон хүчний эрхлэгчээр 1975 он дуустал ажиллаж байлаа. 1976-1980 он хүртэл Баянхутаг сумын хүний их эмчийн салбарт аж ахуйгаар ажиллаж 1980 оноос одоог хүртэл Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн үржлийн бух маллагчаар ажиллаж байна. 1981 оны байдлаар, улс эх орондоо 41 жил хөдөлмөрлөж явна.

Миний энэ өчүүхэн хөдөлмөрийг нам засаг өндөр үнэлж ардын хувьсгалын 40, 50, нэгдэлжих хөдөлгөөн ялсны 20 жилийн ойн медалиудаар шагнасан.

Д.Доржсамбуу нь 1982 онд хүнд өвчний улмаас ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.

                                        

Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Түдэвийн  Санжаадамба  1907 онд Хэнтий аймгийн Идэрмэг сумын нутагт мэндэлсэн. 1924 онд түр цэргийн ХЗЭ-ийн үүрийн дарга, 1930- 1934 онд Дашбалбар уулын хошуу, хэнтий, Дорнод аймгийн ХЗЭ-ийн хорооны дарга, дараа нь Хэнтий аймгийн ҮЭ-ийн зөвлөлийн дарга, Өмнөговь аймгийн дарга, МҮЭ-ийн Төв Зөвлөлийн дарга, засгийн газар байцаагч зэрэг алба хааж байв. Тэрээр 1924 онд МХЗЭ-д, 1932 онд МАХН-ын гишүүнээр элсэж, МАХН-ын X, XVI , МХЗЭ-ийн анхдугаар бага хурал,    VIII их хуралд төлөөлөгчөөр оролцжээ.

Т.Санжаадамба 1924 онд Баянхонгор аймгийн Дашдоо гүний хошуунд түр цэргийн хорооны сумангийн даргаар томилогдож, ХЗЭ-ийн үүрийн дарга болжээ. Түүний ажил үйлс эхнээсээ олон түмэнтэй харилцах, нам, засгийн бодлого, шийдвэрийг билүүлэхэд чиглэгдэж байжээ. 1931 оноос улс орон даяар соёлын довтолгоон эхэлж, бичигтэн болох хөдөлгөөн өрнөжээ. Бас аймгийн төвд улаан гэр бий болж, ухуулга, суртал нэвтрүүлэг их явагджээ. Тэр үед жасуудын  үл хөдлөх  хөрөнгийг шууд хурааж, зарим ажилтнуудыг үндэслэлгүй халж сольж нугалаа завхрал гаргаж байнаас гадна Бэрээвэнд шинэ дуган барихын тулд зарим хүмүүс Санжаадамба нарын амийг хорлох оролдлого явуулж байжээ. Т.Санжаадамба хүүхэд залуучуудад хандаж хэлэхдээ: “Ажил амьдрал, хайр сэтгэлийнхээ гол илэрхийлэл болсон үр хүүхдээ зөв боловсон хүмүүжилтэй эх орон, ард түмэндээ элгэн халуун сэтгэлээсээ хайртай, хөдөлмөр болон хувийн үлгэр жишээ сахилга, дээд зэргийн зохион байгуулалттай болгоход их анхаарч байгаарай“ гэж зөвлөсөн байна. Энэ нь “Хайртай үрдээ хатуу үг хэл. Хайртай морио хазаартай нь идүүлж сурга“ гэсэн ардын цэцэн үг байдгийг эх эцэг, ахмад үеийнхэн анхаарах хэрэгтэй гэсэн үг ажээ.

Т.Санжаадамба гуай ажил амьдралын их зам туулж, ард түмнийхээ сайн сайхны төлөө их зүйл хийсэн хүн юм. Тэрээр амьдралын сүүлийн жилүүдэд өндөр насны тэтгэврээ авч, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан жижиг машиныг өөрөө жолоодож явж байсан. Таван толгой баруун урд зусаж, нутгийн олонтой ах дүү танил тал байсан билээ. Энэ хүний тухай цаашид гүнзгийрүүлж судлах шаардлагатай юм.

Хүндэт төмөр замчин Лувсан- Ишийн Дорж нь 1926 онд Хэнтий аймгийн Баянхутаг сумын  Мөнхөт гэдэг газар эхээс мэндэлсэн. 1937 онд Хэнтий аймгийн дунд сургуульд орж суралцсан. Дараа нь Улаанбаатарын багш нарыг бэлтгэх сургуулийг төгсөөд  1946 оноос Говь- Алтай, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Улаанбаатар хотын арван жилийн сургуулиудад тус, тус багшилж байв. 1952- 1958 онуудад ЗХУ-ын Төмөр замын дээд сургуульд суралцаж төгсөөд УБТЗ-д пүүлэгч, төмөр замын техникумд багш, захирал, ахлах инженер, Замын орлогч даргын референт, 1978 оноос замын олон улсын харилцааны хэлтсийн даргаар, 1982 оноос Москва хот дахь Элчин сайдын яаманд тээвэр хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 1986 оноос өндөр насныхаа тэтгэвэрт гарчээ. Тэрбээр улс эх орондоо 40 жил тасралтгүй ажиллах хугацаандаа ажил хөдөлмөртөө өндөр амжилт гаргасан учраас Хөдөлмөрийн хүндэт медаль, ардын хувьсгалын 40, 50, 70 жилийн ойн медаль, БНМАУ-ын Тээврийн яамны хүндэт жуух, таван жилийн гавшгайч, “Хүндэт төмөр замчин” цол хүртэж, сайшаалын үнэмлэхээр шагнагдаж байжээ. Л.Дорж 2006 онд  80 насан дээрээ хүнд өвчний улмаас ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.

Ард түмний гавьяат зураач Совдын Лувсанзундуй гуай  гэж нас сүүдэр өндөр болсон ч зураг уран бүтээлээ танилцуулах, ном товхимол хэвлүүлэх, нутгийн болон ажил хэрэгч хүмүүстэй уулзах гээд ер чөлөө завгүй явж байдаг тун их ажилтай нэгэн. Хааяа бас нэлээн шахаж, санасан бодсноо шууд л тулгаж ярина. Зангий нь мэдэхгүй хүн бол дургүйлхах, аясыг нь тааруулдаг хүн бол аргалах, танил хүмүүс бол үнэн зөвөөр ойлгохоор үргэлж л өөрийн удмынхан болон уран бүтээлийн тухай ярьж явдаг их өвөрмөц дүр төрхийн хүн гэж бид боддог.

С.Лувсанзундуй  1928 онд Хэнтий аймгийн Саальчны дов хэмээх газар эхээс мэндэлсэн. Нялх байхдаа эхээс өнчин хоцорч, нагац ах Совдод үрчлүүлэн, амьдралын хүнд бэрх замыг туулжээ. 1940 онд Баянхутаг суманд ардын бага сургууль байгуулагдахад анхны сурагч болж эрдэм ном сурах анхны гараагаа эхэлсэн байна. Бага сургуулиа төгсөөд аймгийн дунд сургуульд орж суралцжээ. 1947 оны намар тэрээр эр цэргийн албанд тэнцэж, зүүн хязгаарын 20 дугаар отрядад алба хаахаар явжээ. 1951 онд цэргээс халагдаж, төрсөн нутагтаа иржээ. 1951-1957 онд  Хэнтий аймгийн дүрслэх урлагийн салбарт зураачаар ажилласны зэрэгцээ 1953-1957 онд аймгийн дүрслэх урлагийн зураачдын курст суралцжээ. 1957-1964 онд Монголын Урчуудын Эвлэлийн хороонд зураач, 1964-1974 онд Налайхад УСФ-ын хорооны төлөөлөгчийн газарт зураач, 1974-1988 онд Улаанбаатар хотын салбарт зураач, 1988 оноос чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байна. Түүний гол бүтээлүүдээс дурдвал, 1959 онд бүтээсэн “Танкийн мөрөөр“, 1984 онд зурсан “Налайхын уурхайн шөнийн ээлжийнхэн“, мөн “Хэрлэн“, “Самдан аварга“ зэргийг дурдаж болно. 1988 онд хөрөг зургийн бүтээлээрээ бие даасан үзэсгэлэнгээ гаргасан. Сумын 60, 70 жилийн ойгоор үзэсгэлэн гаргаж, аймгийн 70 жилийн ойгоор “Өвгөдийн нутаг“ үзэсгэлэн гаргажээ.

С.Лувсанзундуй 2003 онд “Нутгийн хүү Р. Чойном“, 2006 онд “Түүхэнд мөнхөрсөн Самдан аварга“, 2008 онд “Өнчин хүү“ ном бичиж хэвлүүлсэн учраас Та бүхэн эдгээр бүтээлээс ахмад зураач, ард түмний гавьяатын тухай дэлгэрэнгүй танилцах бүрэн боломжтой.

Монгол улсын ахуй үйлчилгээний тэргүүний ажилтан, шинийг санаачлагч, шилдэг зохион бүтээгч Жанцангийн  Лувсандорж нь  1935 онд  Баянхутаг сумын  Дунд ухаа гэдэг газар малчин ард Жанцангийн 7 дахь хүү болж эхээс мэндэлсэн. Тэрээр бага насаа эцэг эхийн гар дээр  өнгөрөөж, мал маллаж байсан. 1958 онд  үйлдвэрийн хоршоодын төв холбооны артелийн гутлын тасагт гуталчнаар ажиллаж, 1959 оноос авто сургуулийн жолоочийн нэг жилийн курст суралцаж төгссөн. 1960- 1991 он хүртэл автын жолооч, механикчаар тасралтгүй 32 жил улс нийгэмдээ үр бүтээлтэй хөдөлмөрлөсөн байна. Ийнхүү ажиллах хугацаандаа 1977 оноос эхлэн хөдөөгийн хөдөлмөрчид, ард иргэдээс шинэ хувцасны захиалга авч, бэлэн бүтээгдэхүүнийг хүргэж өгөх, үсчин, гэрэл зурагчин, цаг  болон гэр ахуйн цахилгаан хэрэгслийн засвар, гутал, хувцас, төмөр, модон эдлэлийн захилга, засвар үйлчилгээг мэргэжлийн 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй  ахуйн үйлчилгээний явуулын үйлчилгээний бригад зохион байгуулан ажилласан юм. Явуулын үйлчилгээг иж бүрэн байдлаар ард олонд хүргэхийн тулд “ Зил- 130“ маркын машиныг чиргүүлийн хамтаар бүрэн тоноглож, автомат удирдлагатай, ажиллах, амрах бүхий л боломжтой, механикжсан, битүү төмөр бүрхүүлтэй, өнгө үзэмжтэйгээр төхөөрөмжлөн ашиглаж, олон аймаг, сумдаар явж, төв суурин, хөдөөгийн хүн амд шаардлагатай үйлчилгээг газар дээр нь хөнгөн шуурхай үзүүлж иржээ. Иймээс НААҮЯ-наас Ж.Лувсандорж ахлагчтай ахуй үйлчилгээний явуулын үйлчилгээний бригадын туршлагыг улсын хэмжээнд нэвтрүүлэхэд их анхаарч, тусалж дэмжиж байжээ. Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний тэргүүний ажилтнуудын улсын хэмжээний бүсчилсэн зөвлөлгөөнийг Завхан, Дорноговь, Дорнод аймгуудад зохион байгуулах үеэр Ж.Лувсандорж өөрийн биеэр оролцож, арга туршлагаа үзүүлж, өргөн олны хүртээл болгосон билээ. Энэхүү явуулын үйлчилгээний бригад нь  ард олны ямар нэгэн эрэлт хүсэлтийг цаг тухайд нь чанарын өндөр түвшинд  биелүүлж, мэргэжлийн туслалцааг газар дээр нь үзүүлж, хамтран ажиллагчдын  сэтгэл санаа, гар нийлсэн эвсэг, бүтээлч багийг бүрдүүлж, үйлчлүүлэгчдээс ихээхэн талархал хүлээж, улс орондоо төдийгүй,  гадаадын зарим улсад сайн мэддэг ажилсаг хамтлаг байсан юм.

Ж.Лувсандорж нь зөвхөн бүтээлч хамтлагийг удирдан зохион байгуулж, өргөн олонд өдөр шөнөгүй үйлчилгээ үзүүлэхийн төлөө зүтгэж явсангүй, бас өөрөө шинийг санаачилж, ахуй амьдралд хэрэгцээтэй олон зүйлийг хийж бүтээсэн, тэдгээрийгээ практикт туршиж нэвтрүүлсэн шилдэг зохион бүтээгч байв. Түүний оновчтой санал, санаачилга, шинэ бүтээлүүдийг улсаас олгосон гэрчилгээ, патентын дагуу  жагсаан нэрлэбээс,” Зил- 130“ машины тахир голын дагуу хөдөлгөөнийг зогсоох арга, засварлах багаж, нүүдлийн халуун ус, авто машины блок зорогч, явуулын үйлчилгээ, түүний ажлын байр, үйлчилгээний байр халаагч, түүний мотор, гутал засварын машин, бохир усны ёмкостны залгах механизмын өөрчлөлт, хаягдал цаас шатаах зөөврийн зуух, явуулын хими цэвэрлэгээ, хог тээврийн ажилд үйлдвэр зохион байгуулалтыг боловсронгуй болгох арга, хялбар хийцийн зөөврийн халуун ус, ердийн хөсгийн механик энергийг ашиглах, модон тэрэгний шинэчилсэн загвар, хөсөг тэрэг, арьс элдэх машин зэргийг дурдаж болно. Шинийг санаачлагч Ж.Лувсандорж анх 1959 онд монголын залуучууд оюутны анхдугаар их наадмын дүрслэх урлагийн уралдаанд “Өвөлжөө“ сийлбэрээр дэд байр эзэлж, дипломоор шагнагдаж байсан бол 1971 онд үйлдвэрлэлийн хоршоодын төв зөвлөлийн диплом, 1973 онд ШБОС (Шинэ бүтээл оновчтой санаачилга) –ын үзэсгэлэнд савхин эдлэл тослогч машин бүтээж оролцон, шагналт байранд шалгарчээ. Тэрээр 1976 онд ШБОС-76 үзэсгэлэнгээс нүүдлийн халуун ус, 1978 онд ШБОС-78-аас явуулын халуун усны иж бүрэн төхөөрөмж, 198О онд ШБОС-80 –аас явуулын ахуй үйлчилгээ, 1982 онд ШБОС-82 –оос ахуй үйлчилгээний явуулын станц, 1990 онд ШБОС- 90 үзэсгэлэнгээс хосолмол ашиглалттай ердийн хөсөг тэрэг бүтээлүүдээрээ тус, тус III байр эзлэж, хүрэл медалиуд хүртжээ. Ж.Лувсандорж ажил үйлсээрээ шалгарч, БНМАУ-ын АИХ-ын чуулган, МҮЭ-ийн XII их хурал, Нийтийн аж ахуй үйлчилгээний ажилчдын анхдугаар чуулган, Шинийг санаачлагчдын II их хурал, аймгийн намын XVIII бага хуралд төлөөлөгчөөр оролцож, аймаг, хотын АДХ-ын депутат болж байснаас гадна VI, VII,  VIII  таван жилийн гавшгайч, социалист уралдаанд түрүүлэгч тэмдэг, залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч болон хөдөлмөрийн хүндэт медаль, ахуй үйлчилгээний тэргүүний ажилтан цол, тэмдэг, Алтан гадас одонгоор шагнагдаж, Чехословак улсад амарч байсан. Ж.Лувсандорж 1958 онд  өөрийн нутгийн Шаравжамцын Цэвгээтэй гэр бүл болж, 3 хүүхэд төрүүлэн өсгөсөн. Ш. Цэвгээ 1948- 1958 онд Хэнтий аймгийн төвийн 10 жилийн сургуульд суралцан төгссөн. Тэрээр аймгийн худалдаа бэлтгэлийн трест, ахуйн үйлчилгээнд 2О гаруй жил ажилласан. 1984- 1989 онд Өндөрхаан хотын АДХГЗ-ны орлогч даргаар ажиллаж байлаа.

Сум нэгдлийн ахмад ажилтан Жанцангийн Данзанжамц нь 1927 онд (гал нохой жил) Хэнтий аймгийн Баянхутаг суманд ард Жанцангийн 4 дэх хүү болж мэндэлсэн. Тэрээр бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж, мал маллаж байжээ.1935 онд сургуульд орж, 1942 онд 7 дугаар анги төгсчээ.  Тэрээр монгол бичиг сайн сурсан. 1947-1952 онд цэргийн алба хааж ирээд, өөрийн орон нутгийн Лувсаншаравын Гөлгөөтэй гэр бүл болж, 12 хүүхэд төрүүлснээс эдүгээ 9 нь аймгийн төв болон сумандаа ажиллаж, амьдарч байна. Ж.Лувсандорж  багийн дарга, Тэмцэл нэгдлийн нярав аж ахуй, худалдаа бэлтгэлийн ангид барааны няраваар ажиллаж байгаад, 1987 онд  өндөр насны тэтгэвэрт орсон.

Н.Данзанжамц нь  шашны болон түүх уламжлалын тухай ном зохиол их цуглуулж,  уншиж, тэдгээрээс хүмүүст их ярьж өгдөг, олон түмэндээ нэр хүндтэй, хэнтэй ч санал бодлоо чөлөөтэй солилцдог байлаа. Өөрийн ураг төрлийнхөндөө “дүү ажаа“ хэмээн хүндлэгдсэн Н.Данзанжамц  тус сум нэгдлийн хөгжил дэвшилд хамтран зүтгэгчидтэйгээ ихээхэн хувь нэмэр оруулсныг зохих ёсоор үнэлж, хүүхэд залуучуудад үнэтэй зөвлөгөө өгч, шашны гүн ухааны чиглэлээр өргөн мэдлэгтэй, ном их хаялцаж, мэтгэлцээн өрнүүлж ирсэн сурталчилгааны үйлсийг нь хойч үеийнхэн өвлөн үргэлжлүүлэх ёстой гэж үзэж байна. Н.Данзанжамцын үр хүүхдүүд, ач гуч нар одоо нутаг орондоо сайн сайхан амьдарч, ажиллаж байна.

Жингий овгийн Нацагцэенгийн Пунцагийн элэнц, хуланц, өвөг эцгийн товч намтар

Сэцэн хан аймгийн Сэцэн ханы хошуу, одоогийн Хэнтий аймгийн Баянхутаг сумын дунд Тарганаар өнө эртнээс өвөг дээдэс нь үе залгамжлан нутаглаж, мал аж ахуй эрхлэн удмаараа өндөр насласан Жингий, Бөнжий гэдэг ах дүү хоёр байсан. Жингий нь 108 насандаа  Богд хаанаас өндөр настны бэлэг хүртэж байсан гэдэг. Хэдэн онд хэдтэйдээ таалал төгссөн тодорхойгүй. Жингий нь 2 охин, 1 хүүтэй байсан ба том охин Цэнд нь нэг хүү (Яринпил) төрүүлсэн нь Дамдинжав, Гунгаа, Пунцаг нарын аав болох хүн юм. Эмэг эх болох Цэнд орон нутагтаа амьдарч байгаад 1943 онд 83 насандаа таалал төгссөн. Энэ үед ач хүү Пунцаг нь цэрэгт дарга, амралтаараа ирээд эмэг эхийн оршуулганд оролцсон. Аав Яринпил нь их уран дархан аж ахуйч байсан учир дархан Яринпил гэж нэрлэгдсэн лам байж байгаад 1925 онд 35 насандаа хоолойн (ангина) өвчнөөр таалал төгссөн.

Жингийн хүү Гомбожавын 1-р хүү Равдан  Богдын цэрэгт яваад галзуурч ирээд нас барсан юм гэдэг. Харин Гомбожав нь 1950 оны үед нас барсан. Жингийн отгон охин Сүрэн дүү Бөнжийдөө өргүүлсэн учир Бөнжийн Сүрэн гэдэг бөгөөд хоёр хүү (Жанчив, Лхам) төрүүлсэн юм. Хүү Лхамыгаа Түвдэн гэдэг садандаа өргүүлсэн бөгөөд энэ хөгшин 1950 оны үед нас барсан. Бөнжийн Жанчив лам хүн байсан тул хүүхэдгүй, 1970 оны үед нас барсан. Лхам нь ан гөрөө их хийдэг хар хүн, 6 хүүхэдтэй. Үүнд: охин хадны Өвгөн, Сосор, хүү Төмөр, Дондовдорж, охин Дулмаа, Бадаадай. Т.Лхам нь 1950-иад оны үед мориноос ойчиж  зуурдаар нас барсан. Аавын аав нэлээд том хүн байгаад аавыг (Яринпил) төрөнгүүт Утай Гүмбэн яваад болсон. Аавын хойт эцэг үст Намжилдамба гэдэг өвөө бол аав болон биднийг асарч тэтгэж хүн болгосон ачтан. 1932 онд 75 настайдаа ах, эмээ бид гурвын гар дээр өргүүлж байгаад нас барсан. Эгч Цэений Дамдинжав нь 1914 онд төрсөн, туулай жилтэй, 19 настай Шаравжамц гэдэг хүнтэй гэр бүл болж амьдарч байгаад 1996 онд 82 настайдаа дүү Пунцагийнхаас өргөж авсан хүү Батхуяг, бэр Баярсайхан нарыэ асрамжинд байгаад нас барсан. Өөрийн төрсөн хүүхэдгүй. Ах Дамбын Гунгаа 1918 онд Яринпилийн II хүү болон төрсөн, 7- 20 нас хүртэл лам байгаад 1938 онд цэрэгт татагдаж Дорнод аймгийн цэргийн ангид жагсаалын цэргээс агаараас хамгаалах зенитийн салаан дарга, цэргийн техник засварын газрын механик, авто жолооны сургуульд багш зэрэг албанд 22 жил алба хаагаад халагдсан, хоёр дайнд оролцсон ахмад дайчин, алтан гадас, байлдааны медалиар 2 удаа, цэргийн ба ардын хувьсгалын ойн медалиудаар шагнагдаж байсан, цэргээс халагдаад Дорнод аймгийн даргын жолоочоор ажиллаж байгаад тэтгэвэртээ гарч, 1992 онд 74 насандаа өвчнөөр нас барсан, өөрийн төрсөн хүүхэдгүй, Цэрэнпил, Алтанцэцэг гэдэг хоёр өргөмөл охинтой.

Яринпилийн отгон хүү болох бидний аав Нацагцэенгийн Пунцаг нь 1920 онд Яринпилийн III хүү бололх төрсөн. Бага наснаасаа 17 нас хүртэл өвөг эцэг, эмэг эх, өөрийн эгч нарын хамт мал маллаж байгаад 7- 11 насандаа нутгийн монгол бичигтэй Шагдар гэдэг хүнээр монгол бичиг, тооны хичээл заалгаж нутаг хошуундаа номтой хүний тоонд орж байгаад  17 настайдаа албан журмын ажилд өвс хадах станцад ажилчнаар очиж тоо бүртгэгчээр, намар нь өвс хадах, өвөл нь хадсан өвсөө боож холын аймаг суманд тээвэрлүүлж 1938 оны  2 дугаар сард дуусаад иртэл аймгаас дуудагдаж цагдаа болгосон. Энэ албанд 1939 оны 6 дугаар сар хүртэл ажиллаж байтал Улсын Бага Хурлын тогтоол гарч, цэргийн насны цагдааг хугацаат цэргийн албанд явуулах болсноор  хязгаарын цэрэгт хуваарилагдсан. Монгол бичигтэй 8 хүнийг Улаанбаатар хот уруу явуулж, 1939- 1940 онд бага даргын сургуульд суралцаж салаан туслах, 1940- 1941 онд мөн сургуульд салаан даргын үүргийг орлож ажиллаж байгаад хариуцсан салаа нь сайн суралцсан тул 1941 онд Баянцагааны 23 дугаар отрядад биеийн тамирын зааварлагчаар томилогдож 1948 он хүртэл ажиллажээ. 1945 оны чөлөөлөх дайнд Зөвлөлтийн цэргийн ар талд Өвөр монголын нутагт алба хааж, 1948 онд төвөөс дуудаж, 1948- 1949 онд Ховдын 24-р отрядад, ар гэрийн гачигдлаар 1949- 1950 онд Сулинхээрийн 9-р отрядад хилийн албанд, 1950- 1052 онд замын – Үүдийн 12 дугаар отрядад аж ахуйн даргаар ажилласан. 1953 онд цэргээс халагдаж, 1953- 1956 онд Холбооны яамны барилга конторт аж ахуйн дарга хийж, жолоочийн оройн курст суралцжээ. 1956 онд хэнтий аймгийн Баянхутаг сумын “тэмцэл“ нэгдэлд жолооч, 1958 оноос худалдаа бэлтгэлийн ангид жолооч, механик, 1966 оноос авто тээврийн 10 дугаар баазад механикаар ажиллаж байгаад 1980 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. Төр, засгаас цэргийн гавьяаны одон, засгийн газрын жуух бичиг, байлдааны медаль, ялалтын болон ойн медалиудаар шагнагдсан.

1943 онд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Лхамын Цагаандарьтай гэр бүл болон 13 хүүхэд төрүүлснээс одоо 3 хүү, 5 охин тус бүр айл гэр болж, хөдөлмөрлөж байгаа ба дээрх хүүхдүүдийн 16 хүү, 14 охин бүгд 30 ач, зээ, гуч нар энх тунх бойжиж аж төрж байна.

Намтрыг үнэн зөв бичсэн: Хүү Жингий овогт Пунцагийн Нэргүй

              

ИХ ТАВНАН ДАРЖААГИЙН ОЧИРБАТ

 

А. ЭЦГИЙН ТАЛ

 

Миний эцэг Их тавнан Дандарын Даржаа Хэнтий аймгийн Батноров /хуучнаар Цэцэн хан аймгийн Сэргэлэн гүний хошуу, Идэрмэг/ сумын нутаг Баянхаан уулын зүүн суганд малчин Төгсийн/ эцгийн нас барахад ах Дандараар овоглосон/ отгон хүү болон 1884 онд төрөөд, хийдэд шавьлаад 13 настайдаа тэндээсээ оргоод жинчин дагаж явсаар жинчин болж Долнуур, Амбан, Шинду, Утай  Гүмбэн орсон гэж ярьдаг байлаа. Ажаа маань сайн малчин, сайн худалдаачин (өөрийнх нь өгүүлснээр) байсан шиг байгаа юм.

Эцгийн ах Мөрхүү, Дандар, эгч Дуламжав, Ваанчиг тэд (Дандараас бусад нь) 90 нас ойртож өөд болцгоосон. Манайх Хэрлэн голын урд биед гарч Баянхутаг сумын 1-р баг (Дөрвөн хаалга, Оорцог, Мөрөгцөг, Дулаан, Бүргэд-Өндөр, Сувраа, Баян-Өндөр, Хаяа толгой, Модон)–гийн нутгаар нутаглаж байгаад 1956 оны 5-р сард “Тэмцэл” нэгдлийн анхны 10 гишүүний нэг болж элсээд 1964 онд 80 насандаа өөд болсон доо.

Ажаа маань нэгдэлд ороод төллөх 800 хонь аваад: Нэг яс амарлаа гэж ижийд маань ярьсан нь одоо бодоход бүх төрлийн албан татвараас чөлөөлөгдсөн юм билээ.

 

Б. ИЖИЙН ТАЛ

Осорын Мийваа Цэцэн хан аймгийн Далай вангийн хошуу (Одоогийн Сүхбаатар аймгийн Мөнххаан сум) Цээл гэдэг газар 1902 онд малчин-өртөөчин Жунайн /эцгийг нь өөд болоход ах Осороор овоглосон/ отгон охин болон төрсөн. Бага насаа мал маллаж яваад Ажаатай нийлж 3 охин (охид нь тогтоогүй), 3 хүү төрүүлж өсгөсөн. Хүүд нь Д.Амагсэд өөд болсон. Д.Дашдорж, Д.Очирбат болой. Ээжийн их ах Наваан хүний бага эмч, ах Осор малчин-дархан, эгч Ханд, Хандсүрэн нар малчин.

Ижий маань 1984 онд 82 насандаа Ю.Цэдэнбал даргыг авч хаях үед өөд болсон. Эд нар маань миний анхны багш.

В.БИ

Би бээр бичин (1944) жилтэй, бага нас минь жирийн малчны хүүхдүүдийн нэг адилаар өссөн. Нэг онцлог нь ажаа, ижий хоёр маань адуу, тэмээнд ойртуулдаггүй байсан. Би ижийнхээ мээмийг 11 настай болтлоо хөхөж өссөн эрүүл саруул энх тунх өдий наслахад минь ээжийн минь ариун цагаан сүүний ачлал буян гэж боддогоо. Ээжийн мөөмнөөс гарган даахийг минь аван намайг 1955 онд  сургуульд оруулж билээ. Би чинь бараг (одоогийнхоор бол) зөнөг сурагч ахыгаа дагаж аймгийн төвд 1-р ангид ороод, тэндээ 10-р анги төгссөн юм. Ижий, ажаа хоёр маань малчин хүний хийх ажлын дөр,  ажиллагааны арга (сааль сүү, цагаан идээ боловсруулах, ноос ноолуур авах, мал хариулах, аргал хөрзөн цэгцлэх, ачаа бараа ачиж, буулгах гэх мэт) ухааныг зааж, сургаж, эзэмшүүлсэн нь Даржаагийн бага хүү “Малд нүдтэй, ажилсаг” гэж цол хүртээсэн байсан.

Бага насны минь халамжлагч өвгөд хөгшид Довчин гавж, эгч нь Осоржам, Мадавдаржаа гэлэн, хөгшин нь Батсүх, ажаагийн найз Пунцагдэлэг, Базаа, Дэндэвийн Долгорсүрэн, Бадрахын Жигмэд, хөгшин нь Мааль нараас гадна нутаг саахалтын Халзан, Удвал, Жамбалдорж, Жамбаа, бяруу хэмээх Дэндэв, цоорхой  хэмээх Сэдэд, сарьсан хэмээх Жигээдамбадаржаа, Дэнсмаа, Хөхийн Гомбосүрэн, ах Дугарсүрэн нар болой.

Нэгдэлд элссэнээс хойш халамжилж сургасан Намжилноров, Жасрай, Цулаа хэмээх Лувсан-Осор, жаал хэмээх Ламзав, ботго хэмээх Ойдов, ямаа хэмээх Гомбоо, Доржжанцан, хагархай хэмээх Сандаг, Жавзмаа, Чалхаа, хүний эмч Ядамсүрэн авхай нар болой. Эдгээр өвгөд хөгшдийн минь гэгээн дүр мөнхрөх болтугай.

Нэгдэлд орсоны дараа 10-р анги төгстөл хадлан бэлтгэх, хашаа саравч барих, хөрзөн ховхлох, мал байндах, адуу малиндах, хонь хяргах, ямаа самнах, үхэр, адуу хөөвөрлөх, аргал түүх, хужир шүү гаргах, түлээний мод бэлтгэх зэрэг бүх ажилд намайг дайчилж байсан маань ажлын аргатай болгосны зэрэгцээ эдгээр ажлын хүүхдүүдийн багийн ахлагчаар тохоож байсан нь намайг хүнтэй ажиллах аргад сургах эхлэл байсан.

Бидний үед эцэг, эх, баг, бригад, сургуулийн захиргаа, гудамж, хороо хүүхдүүдээр олон төрлийн хөдөлмөр хийлгэдэг байсан нь “алах дайсангаас хэцүү” амьдралд минь ач тусаа өгсөн. Эд нар маань хоёрдох багш.

Бага, дунд сургуулийн үе: Анхны “А” үсэг, 10-ын тоо заасан сургуулийн анхны багш Г.Цэвэлмаа, Дамдинсүрэн, Дэрэм, Шагдар нар  миний гуравдах багш.

Дунд сургуульд шинжлэх ухааны суурь боловсролын анхны мэдэгдэхүүн олгосон Санжмятав, Цэвээнсодном, Батсүх, Дорж, Долгор, Маньбадар, Санжид, Даваа, Алтангэрэл, Паршин, Мишиг, Балдорж, Содномцэрэн, Цэнддаваа, Цэвээндорж, Гармаа нар минь дөрөв дэх багш.

АУДэС: Ажаа болон том ахын хань өөд болоод ЗХУ-д махкомбинатын инженерийн сургуульд явалгүй (10 жил онц сурсаны ачаар) дуртай сургуулиа сонгох эрхтэйдээ омогшин эмч болох хүсэлдээ автан тус сургуульд элсэн орж суралцах завшаан тохиосон. Зорьсондоо хүрэх замыг минь заасан Г.Дашзэвэг, Таракановская. В.М, Хайруулла, Шагдарсүрэн, Дугарсүрэн, Шижирбаатар, Дорж, Нээчин, Лувсандаш, Бадамханд, Зэвгээ, Цэдэв, Дашням, Тажаа, Цагаанхүү, Дугаржав, Дондог, Шагж, Чүлтэмдорж, Очир, Бямбаа, Дангаа, Санжмятав, Долгормаа, Гэндэнжав, Гоош, П.Долгор, Жадав, Цэдэн, Дамдин, Дамдинжав, Цэрэндагва гээд 100-аад эрдэмтэд анагаахын шинжлэх ухааныг заасан тав дахь багш.

Манай нутаг ус, ургамал жигдэрсэн, ан амьтан, мал сүрэг багширсан тэнүүн сайхан хангай. Энэ нутгийн иргэд уужуу тайван, холч ухаантай, ажилсаг нэгэн байцгаажээ. Би тэднийхээ ач ивээлээр өдий чинээ болсон. Энэ бол маргаангүй үнэн бөгөөд дээрх 5 багш нарынхаа ач гавъяаг санан дурсаж, ярьж хөөрч, инээж баясч байдаг даа.

Алба хашихын хирээр ачаалалтай байх тул төрсөн, өссөн нутагтаа цөөхөн очсон доо харамсаж л суух юм. Одоо яая ч гэх билээ. Нас ахих тутам уул, нуруу, толгод, Хэрлэн гол ус нутаг минь түүн дээр өтгөс бууралууд, үеийн нөхөд минь нүднээ илхэн харагддаг байна шүү дээ. “Эрэг хаашаа бол ус тийшээ” гэдэг чинь усыг биш хүнийг л хэлсэн бололтой дог доо.

Багын найз Ж.Цэвээндорж, Ж.Жамъяандорж, П.Лувсандугар, Б.Жавзандулам, С.Даш, Н.Төмөр, Л.Доржнямбуу, С.Мийшээ, Л.Цэргээ, С.Төмөрбаатар, Н.Халтар, Г.Винтов, Я.Цэрэндулам, Л.Дариймаасүрэн, Я.Цэвэлмаа, З.Нарангэрэл, И.Цэнд-Очир, Г.Дашлхүндэв, Д.Тамараа, С.Жаахүү, С.Жамаадорж, С.Бадам, Д.Гантөмөр нар маань сэтгэлд хадаастай. Заримтай нь уулздаг даа. Мөрөн суманд Бадамхандын Дашдэндэв гэж нэг гоц найз байдаг. Эд нар минь миний зургаа дахь багш.

Та бүхний минь сэтгэлийн илч, нутаг усны минь түшгээр, хөдөлмөрийн хамт олны дэмжлэг, нам төрийн ивээл дор унаган нутгийн хүү тань энх тунх иртэй, хурдтай, зоригтой байж өндөр насандаа жаргаж байгаагаа унаган нутгийн та бүхэндээ мэдэгдэн мэндийн цэнхэр хадгаа өргөн баръя.

 

Миний алба хашсан намтар:

Анагаах ухааны дээд сургуулиа нилээд гэмгүй дүнтэй төгсөхөд сургуулийн захиргаанаас микро биологийн багшаар үлдээхээр санал тавихад нь Улаанбаатар хотод хамаатан садан, орон байр байхгүй, 2 хүүхэд бага зэрэг шалтгаанаас хөдөө явмаар байна гэхэд ЭХЯ-аас Дархан хотод хуваарилагдаж миний анхны цалин, гал голомт найрамдлын Дархан хотоос эхэлсэн явдлыг өөрийгөө азтай хүнд тооцдог доо.

Намайг бага наснаас минь ангийн дарга, сурагчдын зөвлөлийн гишүүн, ХЗЭ-ийн үүрийн дарга ба дотуур байрны дарга зэрэг давхар ажилд “сонгож” ангийн багш нар, захирал, түүний зөвлөлийн итгэлийг хүлээсэн нэгэн байсан. Энэ үйл явц Анагаах ухааны дээд сургууль, Дархан хот, Төв аймагт томилогдон ажилласан хугацаанд үүргээ хүлээх эх үндсэн болон сонгуульт ажлаа сайн гүйцэтгэсээр ирсэн. Найрамдлын Дархан хот–Интернациональч хотын АЗХС-ын станц (дарга), хотын АДХГЗ (байцаагч), мэргэжилтнийг үйлчлэх “орос” тусгай эмнэлэг (дарга – ерөнхий эмч), ЭХГазар (даргын үүрэг гүйцэтгэгч)-ын хөдөлмөрийн хамт олон, тэр үеийн нам, төр, олон нийтийн байгууллага, үйлдвэр аж ахуйн удирдлагуууд миний долоо дахь багш.

            Би Гал-боржигин овогт Юмын Цэндсүрэнтэй гэр бүл болж хоёр хүүхэдтэй тэд одоо 40 гаруй настай, том хүү Д.Ганболд автын оношлогооны инженер, хань нь Н.Отгончимэг багш гурван хүүхэдтэй, бага хүү Д.Ганхуяг их эмч, профессор гэр бүл С.Лхагва эдийн засагч гурван хүүтэй нэг ачтай, хөгшин бид хоёр гучийн зулай үнэрлээд 4-н жил боллоо.

Миний бие Намын төв хороо, ЭХЯам, аймаг хотын намын хороогоор томилогддог албан тушаал хашиж байснаас шалтгаалан хань минь (цагаан зээр шиг) нөхрөө дагаж явсан ч үйлдвэрийн эдийн засагч, Аймгийн ҮЭЗөвлөлийн хэлтсийн эрхлэгч, Хотын намын хорооны дарга, Хотын Засаг даргын орлогч зэрэг албыг хариуцлгатай хашсан нэгэн бөгөөд одоо ч хашсаар байна. Хань, үр хүүхэд нар минь миний найм дахь багш.

Найман төрөл багш, түүний дотор олон зуун хүнээр цаг ямагт багшлуулсан миний бие цэх шулуун жанжин шугамаас нь хаашаа хазайх билээ дээ.

            Алба хашсан хугацаандаа Дархан хот, Төв аймгийн хурлын депутатаар 6 удаа, аймгийн ҮЭЗ-ийн тэргүүлэгчээр 3, УЗ-н хорооны даргаар 4 удаа сонгогдож ажилласан байдаг.

            УЗН-ийн аймгийн хорооны удирдах зөвлөлийн гишүүн, зөвлөхөөр 2010 он хүртэл ажилласан бөгөөд аймгийн УЗХороо 10 гаруй жилд эхний 1-8 дугаар байранд шалгарч байсан.

            Бага наснаас спортоор хичээллэж 1962 онд 5, 10 мянган метрийн гүйлтээр 1 дүгээр, 1964 онд цанын спортын дэд  мастер, 1973 онд волейболын спортын 1 дүгээр, 1978 онд шатрын спортын 1 дүгээр зэргийг тус, тус хамгаалсан.

            Хамт олноо эл спортоор болон бусад спортын уралдаан тэмцээнд оролцоход бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн байдаг.

            Тэр төр, төрийн бус байгууллага, хамт олны идэвхи санаачлагыг цаг ямагт өрнүүлэхийн зэрэгцээ дэмжин дэлгэрүүлж, жишээ нь 1980–иад оны дундуур Анагаах ухааны хүрээлэнгээс боловсруулсан аргачлалаар “Өрх гэрийн диспансерчлал”, аймгийн хүүхдийн тэргүүний эмч Довдонгийн Сэмхээгийн санаачлан байгуулсан сувилагч Мягмарын гардан гүйцэтгэсэн “Чанарын бригад”, Түргэн тусламжийн авто машины үйл ажиллагааг аж ахуйн тооцоо, улмаар бүрэн түрээсэнд оруулсан шинэлэг үйл ажиллагааг аймгийн эрүүл мэндийн салбартаа нэвтрүүлж үр дүнд хүргэж ажилласны зэрэгцээ түргэн тусламжийн автын түрээс нь одоо хүртэл үргэлжилж байна.

            Мөн аймгуудын нэгдсэн эмнэлгийн мэс засалч 12 төрлөөс дээш мэс засал хийх эрх (сайдын тушаалаар)-гүй байсныг шүүмжлэн Төв аймагт 32 төрлийн мэс заслын эрх (МУын хүний гавъяат эмч 1991 он) нь зөвлөх мэс засалч Галданжавын Түмэннастад ЭХЯ-наас олгуулж байлаа.

            Зөвхөн анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан, эрүүлийг хамгаалахын зохион байгуулалтын онол, практик үйл ажиллагаагаар үйл ажиллагаа, онолын мэдлэгээ хязгаарлахгүй, барилга, сантехник, цахилгаан, авто машины талаар мэдлэг дадлага эзэмшсэн тэр чиглэлээр ажилчддаа хэрхэн ашиглах, арчлах, засварлах аргыг зааж өгч туслан дэмжиж сэтгэл зүйн, нэгдэл нягтрал үүсгэж ажиллаж байсны учир “жолоочдоо хайртай” хошин цолыг хамт олноос олгосон.

            Ямар ч ажлыг төлөвлөх, зохион байгуулах, хянах, мэдээлэх, дүгнэх арга барил, чадвар эзэмшин сүүлийн 10 гаруй жилд НЭМ-ийн төв, ЭМГ-ын дарга нарын зөвлөх, хүндэт зөвлөхөөр “өргөмжлөгдөж” байлаа.

            Намайг ЭХЯ-ны Жуухаар 4 удаа, Эрүүлийг хамгаалах, Биеийн тамир спорт,  Улсын иргэний Хамгаалалт, ХТАЗХ-ын “Тэргүүний ажилтан”, МУЗН-ийн Хүндэт тэмдэг, “Нигүүсэл” мөнгө, алтан медаль, МАН-ын “ахмад зүтгэлтэн”, “хүндэт тэмдэг”, 90 жилийн ой, “Эх орны төлөө” медаль, Ардын хувьсгалын 60, 70, 80, Их Монгол Улс Байгуулагдсаны 800-ны жилийн ойн медаль, Төв аймгийн “Хөдөлмөрийн аврага дарга”, аймгийн “Хүндэт тэмдэг”, ЭМЯ-ны Хүндэт тэмдэг, аймгийн Иргэдийн хурал, Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”, Хөдөлмөрийн хүндэт медаль, “Алтан гадас” одон зэрэг төрийн шагналуудаар шагнагдсан болон “Зууны шилдэг удирдагч” Зуунмод хотын цол хүртсэн, ЭМШУИС-ын хүндэт дэвтэрт бичигдсэн гэрчилгээ, 2007 онд мөн сургуулиас Клиникийн профессор цол олгосон.

Хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст хувь нэмрээ оруулах, ард иргэдээ эрүүл энх элэг бүтэн байлгахын төлөө хөдөлмөрлөсөн он жилүүдээс сүүлийн 5 /2004-2008/ жилийн эрүүл мэндийн үзүүлэлтийг сонгон авч үзвэл дараах үр дүнд хүрсэн байна. Үүнд:

·         Аймгийн хүн амын цэвэр өсөлт 1000 хүн амд жил дараалан өсснөөр 5 жилийн дундаж 4.0 болсон.

·         Эхийн нас баралтыг 2004 оноос бусад онд гараагүй 100000 амьд төрөлтөнд таван жилийн дунджаар 27.18 хүргэж /Номхон далайн баруун эргийн бүс 84.1, дэлхийн дундаж 260.0 ДЭМБ-ын Вэйб сайт/ бүсийн түвшингөөс 3  дахин, дэлхийн дундажаас 9 дахин тус, тус бууруулж, Мянганы хөгжлийн зорилтын түвшинд хүргэсний зэрэгцээ өмнөх 5 жил /1999-2003 он/- ийн дундажаас 4.1 дахин бууруулсан.

·         Нялхсын эндэгдэл /0-1 нас/-ийг жил дараалан бууруулж таван жилийн дундажаар 13.62 буюу өмнөх таван жилийн /1999-2003 он/ дундажаас 1.49 дахин /Номхон далайн баруун эргийн бүсийн дундаж 46.0, ДЭМБ-ийн дундаж 32.0, Монголын дундаж 26.0/ бүсийн болон дэлхийн дундажаас 3.5-2.3 улсын дундажаас 2.29  дахин тус, тус бага түвшинд хүргэсэн.

·         1-5 насны хүүхдийн эндэгдэл /1000 амьд төрөлтөд/-ийг жил дараалан бууруулснаар 4.26-д хүргэж өмнөх таван /1999-2003/ жилийн дундажаас 2.19 дахин /Номхон далайн баруун эргийн бүс төвшин 51.0, дэлхийн төвшин 32.0, Монголын түвшин 31.0/ бүсийн төвшингөөс 11.9, дэлхийн төвшингөөс 7.5, улсын төвшингөөс 7.34 дахин тус, тус бууруулж, Мянганы хөгжлийн зорилгыг бүрэн хэрэгжүүлсэн.

·         Орны хүчин чадал ашиглалт, орны эргэлтийг жил дараалан нэмэгдүүлсэн

·         Дундаж ор хоногийг жил дараалан багасгаж 2008 он гэхэд 8.98 болгож улсаас тавьж буй зорилтын түвшинд хүргэсэн.

·         Таван жилийн дунджаар урьдчилан сэргийлэх тарилгын хамралт 98.81  хувь, амбулаторийн үзлэг, ор хоног ашиглалтын түвшинг бууруулаагүй, урьдчилан сэргийлэх үзлэгийг жил дараалан нэмэгдүүлж, жирэмсний эхний 3 сартайд авах хувийг нэмэгдүүлэх хэмжээнд бодлого боловсруулан ажиллаж дээрх амжилтанд хүрсэн байна.

·         Цахим эрүүл мэнд, алсын зайн оношлогооны эхлэлийг тавьсан.

·         “НҮЭМ”, “НҮЭМ”-дэд дэмжлэг үзүүлэх техник хамтын ажиллагааны “Жи”Ти”Зэт”, “Сүрьеэгийн эмчилгээний ДОТС”, “ХӨЦМ”, “ДОХ/БЗДХ өвчинтэй тэмцэх сэргийлэх”, “Урьдчилан сэргийлэх тарилга”, глаболь сангийн үйл ажиллагаа, “Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн үйл ажиллагаа, “Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөр, “УАУ-ныг дэлгэрүүлье “Вансэмбэрүү”, “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр”, зэрэг 11 төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирсний дээр “Эмийн эргэлтийн сан” төсөл (Төв аймаг  ойрхон гэдгээр) Төв аймагт орхигдсоноос ЭМД-тай иргэд хөнгөлөлттэй болон наад захын эм эмнэлгийг жижиг хэрэгслийн хангалтаар хохирч байсныг Аймгийн ИХ-ын дэмжлэгтэйгээр аймгийн хөрөнгөөр жижиг эргэлтийн эмийн сан байгуулан ажиллуулснаас гадна бусад аймагт хэрэгжсэн НҮБ, ХАС-гийн “ЭЭС”-гийн төслийг аймагтаа оруулж ирэхийн төлөө ихээхэн хүчин чармайлт гаргаж ажилласны дүнд 2010 онд уг төсөл бүрэн хэрэгжсэн билээ.

·         Аймгийнхаа эрүүл мэндийн салбарын хөгжил бэхжилтийн төлөө 28 жил тасралтгүй хөдөлмөрлөж хүний нөөцийн хангалт, хөгжлийн төлөө аппаратын болон салбарын нэгжийн удирдлага хамт олонтойгоо уйгагүй ажиллаж эмчлэх, сувилах, эм барих тусгай зөвшөөрлийн түвшинг 99.6, магадлан итгэмжлэлийн түвшин 2004 онд 78.1-95.3 байсныг 2008 онд 79.3.-98.7 хувьд тус, тус хүргэсэн амжилт гаргаж байлаа.

·         Миний ажилласан хугацаанд салбарын хамт олны дундаас хуулиар шийтгэгдсэн, хөдөлмөрийн сахилга алдаж ажлаас халагдсан асуудал гараагүй, харин сахилгын шийтгэл ноогдуулсан тохиолдол 10 гарсан байдаг. Харин Монгол улсын хүний гавъяат эмч 3, Сүхбаатарын одон 1, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон 1, Алтан гадас одон 8, Хөдөлмөрийн хүндэт медаль 15 эмч ажилтан нар тус, тус шагнагдсаны дээр Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан 383, анагаах ухааны магистр 5, клиникийн профессор 11, ахлах зэргийн эмч 17, дунд мэргэжилтэн 19, тэргүүлэх зэргийн эмч 24, мэргэжилтэн 8 тус, тус хамгаалсан нь эмч мэргэжилтнээ шинжлэх ухааны оргил өөд тэмүүлэх сэтгэл зүй, нөхцөл бүрдүүлсэний үлгэр жишээ гэж үзэж болох юм. Төв сайхан нутаг – Төв аймагт Эрүүл мэндийн газрын даргын алба хашсан 28 жилд хамтран зүтгэсэн эмнэлгийн дарга нар, эмч, эм зүйч, мэргэжилтнүүд, нийт ажиллагсад миний ес дэх багш гэхэд болох буюу долоо дахь багшид хамаарах бүлгээ.

·         Миний бие  65 нас хүртлээ Эрүүл мэндийн салбарт удирдах алба хашиж ирсэн нэгэн бээр одоо аймгийн “Цагаан ихэр бэрс” шатрын холбооны тэргүүн, Хүүхдийн төлөө хэлтсийн шатрын дугуйлангийн багш, аймгийн “Хүмүүн цогцолбор ахлах” сургуулийн 10, 11 дүгээр ангид “анагаах ухаан, эрүүл мэндийн чиг баримжаа”-ны хичээлүүдийг зааж, шатрын дугуйланд 80 гаруй, эрүүл мэндийн хичээлд 60 гаруй хүүхдүүдийг хамрууллаа. Мөн “Хоёр тэмээний ааглалт”, “Гарааны алдаа хийгээд галтай комбинацууд”, “Шатрын бодлого, сорилууд”, “Дэлхийн шагналт өргууд”, Шатрын гоц авъяастнууд” ном, сурахын редактор, “Эгэлгүй ачтан” (соёл урлагийн хороогоор сайшаагдан батлагдсан) номын оруулагч- редактор зэрэг бүтээл туурвисан. Одоо Эрүүлийг хамгаалах алба үүсэн байгуулагдсаны 90, Төв аймгийн эрүүл мэндийн алба үүсэн хөгжсөний ойн ном, кино бүтээхээр ажлын хэсгийн нарийн бичгээр томилогдон ажиллаж байна.

Би ямагт шинжлэх ухаанд шунах, хэл сэтгэхүйгээ хөгжүүлэх, түүнээ амьдралд ашиглаж чаддаг болох, хөдөлмөрч, идэвхи санаачлагатай, шудрага, сайхан сэтгэлтэй, илэн далангүй яриатай, нөхөрсөг, хэнтэй ч үгээ ололцон үйл ажиллагаагаа  дэмжүүлэх овсгоотой , даалгасан ажил үүргийг чанд гүйцэтгэхийн төлөө ямагт сэтгэл зүтгэл хоёроо дайчлан ажиллаж ирсэн гэж өөрийгөө бодном. Унаган нутгийн Иргэдийн хурлын дарга С.Батчулуун, Засаг дарга Г.Энхбат, түүний Тамгын газрын дарга Н.Сайнтуяа, Нийслэл дэх нутгийн зөвлөлийн дарга доктор, проф. Л.Чулуунбаатар нарт Төв аймгийн харьяат (сэтгүүлчийн бичсэнээр Г.Д) “томилолтын цагаач” намайг Нийслэлийн нутгийн зөвлөлийн эгнээнд багтаасан явдалд гүн талархаж байгаагаа илэрхийлэхэд нэн таатай байна. Энэ дашрамд “шатарчин” болох замыг минь бага ангид суралцаж байх үед (хор, шар маажиж) заасан нутгийн ах эрдэмтэн, доктор Зундуйжамцын Нарангэрэлийг ес дэх багш гэж боддог.

Унаган нутгийн иргэд та бүхнээсээ архидаж согтуурахгүй, тамхидаж мансуурахгүй эрүүл, хөдөлмөрч, оюунлаг, чинээлэг амьдарцгааж урт насалж, удаан жаргацгаахын ерөөлийг өөд  өөд нь өргөн дэвшүүлье.

                            Та бүхний минь юу санасан есөн цагаан хүсэл биелж                            байх болтугай.

 

Омбого овогтой Наваанпэрэнлэй  нь 1925 онд Хэнтий аймгийн Галшар сумын нутагт мэндэлсэн. Тэрээр 20 нас хүртлээ мал маллаж, 1945- 1948 онд цэргийн алба хаасан. 1948 оноос Галшар сумын нарийн бичгийн дарга, 1949 онд нам, улсын хариуцлагатай ажилтны курс төгсөж, 1950 оноос Баянхутаг сумын даргаар ажиллажээ. О.Наваанпэрэнлэй аймгийн намын хорооны томилолтоор 1958 онд Баянмөнх сумын намын үүрийн даргаар, 1958- 1969 онд нэгдлийн орлогчоор тус, тус ажилласан. Тэрээр социалист хөдөлмөрийн бригадын гишүүн, МҮЭ болон хөдөлмөр батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн баярын бичиг, ойн медалиудаар шагнагдаж байсан. Гэр бүлийн хүн нь Гомбожавын Банзрагч, дүү Содном, хүү Пүрэвдорж, Ганпүрэв, Хэрлэнбаяр, охин Хэрлэнчимэг, Цэрэннадмид, Орхончимэг, Эрдэнэчимэг нар нь өнөр өтгөн гэр бүл болцгоож сайхан амьдарч байна. О.Наваанпэрэнлэйн гэргий Гомбожавын Банзрагч нь 1929 онд эцгийгээ Орос улсад элчин сайдаар ажиллаж байхад, Москвад мэндэлсэн. Банзрагчийн эцэг У.Гомбожав 1926 онд Хэнтий аймгийн дарга байсан, 1937 онд улс төрийн хилс хэрэгт баривчлагдан цаазлагджээ. Г.Банзрагч гуай 1948 онд О.Наваанпэрэнлэйтэй сууж, Хэнтий аймгийг бараг бүрэн тойрсон хүн юм. О.Наваанпэрэнлэйг 1969 онд автын ослоор таалал төгсөхөд  7 нялх хүүхэдтэй өрх толгойлж үлдсэн ч аймгийн төвд худалдааны байгууллагад 31 жил ажиллаж, Ардын Их Хурлын депутатаар сонгогдож байсан учраас “Депутат Банзрагч“ нэртэй болжээ. Хамтын тооцоотой бригад байгуулан, гавшгай ажиллаж байсны ач тус нь одоо ч түүнд асар их хүч тэнхээ, урам зориг өгдөг бололтой. Манай сумын дарга асан О.Наваанпэрэнлэйн хүү Хэрлэнбаяр нь Баянхутаг сумынхаа урд захад мал маллаж, тарган сайхан зусаж, нутгийн олон түмэнтэйгээ санаа сэтгэл нэгтэй аж төрж байна.

Сум орон нутгийг хөгжүүлэхэд удирдлагын багийн санаа сэтгэл, гар нийлсэн хамтын үйл ажиллагаа их чухал, өөрөөр хэлбэл идэвх зүтгэлтэй баг болж иргэдийнхээ төлөө чадварлаг ажиллаж ирсэн сайхан уламжлал манай суманд бий. Тухайлбал, сум нэгдлийн даргаар ажиллаж байсан, армийн бэлтгэл хурандаа, “ шар “ хэмээх Гэндэнгийн Дорж гуайн үед тус сумын намын үүрийн даргаар, ард олондоо “буурал“ хэмээгдсэн Түвдэнгийн Дамдинсүрэн гуай ажиллаж байв. Дамдинсүрэн даргын талаар нутгийн ахмадууд ам сайтай, их магтаж ярьдаг байсан. Т.Дамдинсүрэн 1950-иад оны үед Хэнтий аймгийн намын хороонд ажиллаж байгаад, мэдлэг боловсролоо дээшлүүлэхийн тулд Намын дээд сургуульд суралцсан ажээ. 1966 оны хавар Т.Дамдинсүрэн намын даалгавраар Баянхутаг суманд томилогдон ирж, намын үүрийн даргаар 1975 он хүртэл ажилласан байна. Ард олны ажил үйлс, сум орон нутгийг хөгжүүлэхийн төлөө их санаачилгатай ажиллаж, тэр хичээл зүтгэлийг нь нам, засгаас өндрөөр үнэлж, “Алтан  гадас“ одонгоор шагнаж, МАХН-ын XVII их хуралд төлөөлөгчөөр сонгон оролцуулж байжээ. Т.Дамдинсүрэн 1975 онд  намын хорооны шийдвэрээр Дархан суманд томилогдон ажиллахаар явсан байна. Т.Дамдинсүрэнгийн гэр бүл Д.Должин Баянхутаг сумын худалдаа бэлтгэлийн ангид тоо бүртгэгч, худалдагчаар ажиллаж байсан. Тэдний охидууд Д.Тунгалаг нь Дорноговь аймгийн анагаах ухааны дунд сургууль төгсөж ирээд, 1970 оноос тус суманд эх барих бага эмчээр ажиллаж, С.Жаахүүтэй гэр  бүл болж, 7 хүүхэд төрүүлж өсгөсөн ээж байлаа. Т.Тунгалаг 1988 онд хүнд өвчний улмаас ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ч, нутгийн олондоо мартагдаагүй, эх барьж авсан хүүхдүүд нь үргэлж санан дурсаж байдаг. Д.Тунгалагийн төрсөн дүү Д.Олдох эцэг эх, эгч нарын хамт Баянхутаг суманд ирж, номын санч, захиргааны бичээч зэрэг ажил хийж, 1971 онд Ховд аймгийн Дарви сумын харьяат, жолооч Төгсийн Лхагвасүрэнтэй гэр бүл болжээ. Т. Лхагвасүрэн жолооч бол сум орон нутгийн хөгжилд их зүйл хийж бүтээсэн, V, VI, VII таван жилийн гавшгайч, сумын АДХ-ын депутат, засгийн газрын жуух бичиг, баярын бичиг, сайшаалын үнэмлэхээр олон удаа шагнагдсан, он оны аварга тээвэрчин байв. Т.Лхагвасүрэн гэр бүлийн хамтаар 1982 онд Хурхын сангийн аж ахуйд шилжин ажилласан байна. Тэрээр 2010 онд монгол улсын онц тээвэрчин цол, тэмдгээр шагнагджээ. Ийнхүү Т.Дамдинсүрэн гуайн гэр бүлийнхэн Баянхутаг сум, нутгийн ард олондоо гүн хүндэтгэлтэй хандаж, хөдөлмөр бүтээлээ ундруулж, залуу насаа зориулсан энэ нутаг орондоо сайхан сэтгэл тээж явдагт нь бид ч их баяртай байна. Сайн сайхны ерөөл учрал бүрдэх болтугай.

Сум нэгдлийн дарга асан Чагдаг овогтой Дугарсүрэн нь 1933 онд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутагт эхээс мэндэлсэн. Бага, дунд сургууль төгсөөд, 1962 онд ХААДС-ийн малын их эмчийн ангийг дүүргэжээ. Тэрээр 1973- 1981 он хүртэл Баянхутаг сум нэгдлийн даргаар ажиллаж, сумын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Түүний хөдөлмөр зүтгэлийг нам, засгаас үнэлж, ардын хувьсгалын 50, 60, 70, 80 жилийн ойн медалиуд , залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч, нэгдлийн холбооны дээд зөвлөлийн хоршоологчдын тэргүүний ажилтан цол, тэмдгээр тус, тус шагнажээ.

Ч.Дугарсүрэн дарга бол малчид, олон түмэнтэйгээ их ойр дотно харилцаж, хот хорооны цас арилгах, мал угаах, агт ялгах зэрэг ямарваа ажлыг хүмүүс гүйцэтгэж байхад гар хумхин зогсолгүй , ялангуяа ажлыг хар бор гэж ялгалгүй, биеийн хүчний хүнд хөдөлмөрт ч ард иргэдтэйгээ хамт гар бие оролцон хийж, тэднийхээ дунд ямагт байж, цаг үргэлж хөгжөөн олон түмнээр хүрээлүүлсэн жинхэнэ удирдагч байсан билээ. Энэ тухай тэр үеийн хүмүүс их ярьж, Дугарсүрэн даргаа дурсаж байдаг юм. Энэ чанар бол удирдагч хүнд байх хамгийн эрхэм чанар, хүнийг өөртөө татах, хүнд танигдах, итгэлийг нь олох нэг шилдэг арга мөн гэж үздэг. Тийм сайхан чанар Ч.Дугарсүрэн даргад байсан билээ.

Улсын тэргүүний ясли цэцэрлэгийн комбинатын эрхлэгч Жамбаа овогтой Хүрэлтогоо нь 1933 онд Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд мэндэлсэн. Бага, дунд сургууль төгсөөд, УБДС-д суралцаж 1963 онд хими- биологийн багшийн мэргэжилтэй болжээ. 1973- 1981 онд Хэнтий аймгийн Баянхутаг сумын цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж, хамт олноо чадварлаг удирдаж, мургуулийн өмнөх насныхныг сайн хүмүүжүүлж цэцэрлэгээ Улсын тэргүүний ясли цэцэрлэгийн комбинат болгожээ. Энэ бол түүний удирдан зохион байгуулах ажлын нэг гол үр дүн байв.

Ж.Хүрэлтогоо 1987- 1989 онд  Хэнтий аймгийн Дадал суман дахь Гурван нуур амралтын газрын даргаар ажиллажээ. Түүний хөдөлмөр зүтгэлийг нам, засгаас үнэлж, VI таван жилийн гавшгайч, МАХН-ын 18 дугаар их хурлын төлөөлөгчөөр сонгож, ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн болон хөдөлмөрийн хүндэт медаль, залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч, ардын боловсролын тэргүүний ажилтан, багшийн гавьяа, алдар одонгоор шагнажээ.

 

Баянхутаг сумын Засаг Дарга асан Э.Энххуяг

Эрдэнэ-Очир овогтой Энххуяг нь 1960 оны 03 сарын 13 нд Баянхутаг сумын нутагт малчин ард Эрдэнэ-Очирын ууган хүү болон мэндэлсэн.

8 нас хүртлээ эцэг эхийн гар дээр өсөн хүмүүжиж, 1968 онд Баянхутаг сумын ЕБС-д орж суралцан, 1978 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын I сургуулийг төгссөн.Тухайн ондоо ХААИС-ын “Малын Их Эмч”-ийн ангид элсэн суралцаж 1983 онц дүнтэй төгссөн. 1983 оны 07-р сард Баянхутаг суманд малын их эмчээр ажиллаж, ажитл хөдөлмөрийнхөө гарааг эхэлж байсан.

1983-1995 оны хооронд Малын их эмчээр ажиллаж байх хугацаандаа малын хамуу өвчнийг сумандаа бүрэн устган ажиллаж байв.  1996 онд Сумын ЗДТГ-т Газрын түшмэл, ИТХ-ын даргаар тус тус ажиллаж байгаад 2000 онд Сумын Засаг Даргаар сонгогдон ажиллаж, 2004-2008 онд улиран сонгогдож ажиллаж байлаа.

2004-2008 оны хооронд Сумын Засаг Даргаар ажиллаж байхдаа Улс Төрийн Академийн Төрийн Удирдлагын сургуулийн “Нутгийн Захиргааны өөрчлөлт, шинэчлэл онол арга зүй”-н ангийг төгссөн.

Ажиллаж байх хугацаандаа Ардын Хувьсгалын 80 жилийн ойн медаль, хөдөлмөрийн алдар медаль, Хүүхдийн Төлөө Төвийн алтан медаль, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медалиар тус тус шагнагдаж байсан.

 

Сумын ИТХ-ын дарга асан Лувсандамдингийн Дэмбэрэлсайхан 1957 онд Хэнтий аймгийн Галшар суманд мэндэлсэн. Дээд боловсролтой, төрийн удирдлагын арга зүйч- менежер. 1977-1989 онд ардын армийн 016, 199, 234, 131-р ангид жагсаалын даргаас инженерийн албаны дарга, 1989-1992 онд Хэнтий аймгийн Баянхутаг сумын намын үүрийн орлогч дарга, АДХГЗ-ны тэргүүн дэд дарга, 1992-1999 онд Баянхутаг сумын ЗДТГ-ын дарга, 1999-2008 онд сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга, 2000 оноос сумын МАН-ын хорооны даргаар ажиллаж байна.

Л.Дэмбэрэлсайхан МАХН-ын 24, 26 дугаар их хурлын төлөөлөгч, сумын ИТХ-ын төлөөлөгчөөр 1992-2008 онд тасралтгүй 5 удаа сонгогдсон. Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж, зэвсэгт хүчний медалиуд, ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн болон Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, МАХН-ын тэмдгүүд, ахмадын холбоо, улаан загалмайн хүндэт болон тэргүүний ажилтан цол, тэмдэг, алтан гадас болон тусгаар тогтнолын одонгоор шагнажээ.

Багийн засаг дарга Сандагийн Чулуунбаатар нь 1980 онд Дорнод аймгийн хөдөө аж ахуйн техникум төгссөн. Малын бага эмч мэргэжилтэй. 1992 он хүртэл малын эмч, хэсгийн дарга хийж байсан. 1992-2000 он хүртэл багийн засаг дарга, 2000-2004 он хүртэл хүнс, хөдөө аж ахуйн түшмэл, 2008 оноос багийн засаг даргаар сонгогдон ажиллаж байна.

 

Ахмад сувилагч, бүжин овогт Балжиннямын Хишигнямын дурсамж тэмдэглэл.

 Миний бие, Б.Хишигням 1956-9-1-нд Баянхутаг суманд төрөх тасаг байгуулагдахад салбарын эрхлэгч бага эмч Авирмэд, эх баригч Цэрэндэжид нарын хамт анхны асрагчаар ажиллаж байлаа. Манай тасаг 2 ортой, цэрэг төмөр орон дээр ээжээ төрүүлж, аргал түлж  байраа дулаацуулан, лаа барьж өвчтөндөө үйлчилдэг байв. Манай эмнэлэг нэг тэмээ, нэг морьтой учраас мориороо аймгийн түргэн дуудах, тэмээн тэргээр эмэндээ явах, аргал усаа авах зэрэг ажлыг амжуулдаг. Тэр үеийн ээжүүд төрөх тасагт төрөх дургүй болохоор эмнэлэгт төрөхийн ач тусыг ойлгуулах сурталчилгаа хийдэг. Манай төрөхийн анхны эх 18 настай Хасбазарын Санжмятав гэдэг эх сайхан хүүтэй болсноор ээжүүдийн эмнэлэгт төрөх сэтгэлгээ эрс нэмэгдсэн юм. Түүнээс хойш 1958 онд сум бүрээс 1, аймгийн төвөөс 10, нийт 30 хүн сувилагчийн курст 6 сар суралцаж төгссөнөөр сум бүр мэргэжлийн сувилагчтай болсон билээ. Би онц төгссөн учраас дуртай эмнэлэгт ажиллах эрхээр шагнагдаж, аймгийн хүүхдийн тасагт ээлжийн сувилагчаар Гантөмөр, Бумдарь нарын хамт ажиллаж, их эмч Эрдэнээ, Амгалан, Өлзийбаяр нарын туршлагатай хүмүүсээс их зүйлийг сурсан.

Би 1960 онд Жаргалтхаан сумын эх баригчаар томилогдон, салбарын эрхлэгч Гомбожав эмч, сувилагч Шарав нарын хамт ажиллаж байлаа. Мөн л ээжүүд  эмнэлэгт төрөхийн ач тусыг ойлгохгүй, олон юм асуудаг гэнэ лээ, битгий яриарай хэмээн нөхрүүд нь захиж, зарим нь эмч дуудсан хэрнээ очиход хаалгаа тайлахгүй, гэртээ төрсний дараа оруулах, гэртээ төрсөн ээжийн дээгүүр гэрээ өргөж тавиад төрсөн газар дээр нь чулуу овоолж тавьдаг зэрэг ёс заншил гүйцэтгэх, хөгтэй явдлууд тохиолдож байсан. 1963 оны 9 сард Цэнхэрмандал сумын их эмчийн салбарт ээлжийн сувилагчаар томилогдон, их эмч Гомбо,бага эмч Молом, сувилагч Батаа, Дашдаваа нарын хамт ажиллаж байв. Тэр үед Гомбо эмч олгой, яс тайралт зэрэг жижиг хагалгааг сумын эмнэлэгтээ хийдэг, ариутгалдаа цогийн индүү ашигладаг байлаа. Улсын асрамжийн газар Цэнхэрмандал суманд үйл ажиллагаа явуулдаг, сувилагч дутагдалтай тул Даарийханд бид хоёр очиж, их эмч Бурмаа, Дашням, бага эмч Дамба, жижиг Дашням  нартай хамтран ажилласан. 1969 онд Улсын асрамж Төв аймгийн Батсүмбэр суманд шилжсэн учраас бид тэнд очсон. Нөхөр Д.Доржсамбуу Төв аймгийн Эрдэнэ сумын нэгдлийн орлогчоор ажиллах болсон учир тус суманд 30 ортой ясли шинээр байгуулан эрхлэгчээр нь ажиллаж байсан.

1971 онд Баянхутаг сумандаа шилжин ирж, цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж, 25 ортой, 1 багш, 1 ажилчинтай байсан бол Идэрмэг сум манай сумтай нийлснээр цэцэрлэгээ өргөжүүлж 50 ортой болгож, 1975 онд шинэ байртай, 75 ортой ясли  цэцэхлэгийн комбинат нийт 11 орон тоотой ажилласан юм.  1977 оноос сумын хүний их эмчийн салбарт сувилагч, Наранбулаг бригадад сувилагчаар ажиллаж байгаад, 1986 онд гавьяаны амралтаа авсан. Би улсад тасралтгүй 30 жил ажиллаж, 167 хүүхдийн хүйн ээж болсон, эх барьж авсан бүх хүүхдүүддээ энх амгаланг бэлэгдэж, “ЭНХ“-тэй нэр өгсөн билээ. 2004 оноос эхлэн одоо хүртэл үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Уламжлал бүл байгуулан ахлагчаар нь ажиллаж, 2004 онд “Шилдэг үйлдвэрлэгч“ цом, мөнгөн шагнал, 2005 онд зүүн бүсийн бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаанаас дэд байр, цом өргөмжлөл, 2006 онд “нэг суурин- нэг бүтээгдэхүүн“ үзэсгэлэн худалдаанаас Бренд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр шалгарсан. Мөн 2007 онд тэмээний бүрэн тоноглолоор шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр, зүүн бүсийн “Түншлэл- 2008“ үзэсгэлэн худалдааны тэргүүн байр, 2009 онд “Дэлхийн зөн монголд“ олон улсын байгууллагын аяны хүрээнд зарласан уралдаанд бүлээрээ шилдгээр шалгарсан.

Б.Хишигням мастер болон гэрийн сайн багш, залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч, тэргүүний ажил олгогч, шилдэг бүлийн ахлагч, нас өндөр болсон ч санаа сэтгэл их, хүүхэд залуучуудад хэлж зааж өгөх, зах зээлийн үеийн зарчмаар сайн ажиллаж, манлайлж яваа хүн юм. Тэрээр 10 хүүхэд төрүүлж өсгөсөн, алдарт эхийн I, II одонтой, ардын хувьсгалын 40, 60, 70, 80 жилийн ойн болон нам, эвлэл, хоршоодын холбооны медаль, тэмдгээр шагнагдсан байна.

 

Удам дамжсан багийн эмч Уртнасан овогтой Баяраагийн тухайд

Манай сумын ахмадуудын нэг  Аюушийн Ёндон аймгийн нэгдсэн эмнэлгийг анх байгуулалцаж байсан хүн бөгөөд У.Баяраа эмчийн өвөг эцэг нь юм. Тэгвэл эх Ё.Должин нь 1954- 1966 онд сумын хүн эмнэлэгт галч, асрагч, эгч У.Доржсүрэн нь 1966- 1990 онд Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт төрөх болон хүүхдийн тасагт сувилагчаар тус, тус ажиллажээ. У.Баяраа нь Дорноговь аймгийн АУДуС-ийг эх баригч мэргэжлээр 1986  онд төгсөөд, төрсөн нутаг Баянхутаг сумандаа 2010 он хүртэл багийн бага эмчээр тасралтгүй 24 жил ажиллаад тэтгэвэрт гарчээ. Тэрээр ажиллах хугацаандаа нийгмийн эрүүл мэндийн сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх ба эмчилгээний бүх ажлыг гардан явуулж, ард иргэдэд эмээр үйлчилж, олон төсөл дээр ажилласан туршлагатай эмч юм. Түүний хойч үеийнхэн мөн анагаах ухааны чиглэлээр мэргэжиж, суралцаж, үе залгамжлан хүн ардынхаа эрүүл энхийн төлөө хүчин зүтгэж байна.

 

Нойноо зангиас гаралтай гэдэг Заюу овогт (тайж) Төртогтохын Лувсанцэдэн

            Энэ хүн бол жирийн нэг малчин, олон түмэндээ хүндлэгдсэн, үр хүүхдүүд нь улс нийгэмдээ үр бүтээлтэй ажиллаж байгаа, сэтгэл сайхантай нэгэн байв. Нойноо гэдгээс улбаалан нутгийнхан түүнийг “ноньдол“ Лувсанцэдэн гэдэг байсан буй за. Т.Лувсанцэдэн 1918 онд Баянхутаг суманд төрсөн. 5 настайгаасаа Гүндүгааварлин хийдэд шавилан сууж, монгол болон түвд ном судартай, уншлага сайтай, монгол, түвдээр сайхан бичдэг хүн байсан. 1939 оны Халхын голын дайнд ах Лувсанданзангийн хамт оролцож, ах нь эх нутагтаа эргэн ирж чадсангүй. Төртогтохынх 5 хүүхэдтэй байсан, эцэг нь улс төрийн хилс хэргээр хэлмэгдэн нас барж, эх Уламбаяр нь нөхрийг хэлмэгдсэнээс хойш удалгүй, бага хүү Лувсангончигийг 6 настайд нь ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Дээр дурдсан Заюу тайж бол эмэг эхийн аав нь ажээ. Т.Лувсанцэдэнг цэргээс халагдаж ирэхэд нутагт нь тосож авах нэг ч хүн байсангүй, гагцхүү хатан ээж Хэрлэн голоосоо амсаж, хойшид хэрхэн амьдрахаа бодож байсан гэдэг. Тус суманд нэгдэл байгуулагдахаас өмнө Т.Лувсанцэдэн их төлөв Хаалгын ам, Хүрээ орчмоор нутаглаж байжээ. Тэрээр 1951 онд Л.Цэдэвтэй гэр бүл болжээ. Л.Цэдэв нь 1931 онд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Цээл хэмээх газар Раднаагийн 11 дэх охин болж, эх Бадамаас мэндэлжээ. Тэрээр аавынхаа талын хамаатан Хайдав тайжийнд 1 настайдаа үрчлэгдсэн. Тухайн үед урьдын феодал язгууртны үр хүүхдийг хавчин хяхдаг байсан учраас түүний хүү Лувсандашаар овоглогджээ. Өргөж авсан ээж нь Дулам гэж байсан.

Т.Лувсанцэдэн нь ах, дүү 5, том ах нь Лувсанданзан, эгч Цэдэнбалжир, дүү Лувсанчүлтэм, Лувсангончиг нар болно. Бага дүү Лувсангончиг нь хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн соёрхолт Д.Лувсаншаравтай найз байсан гэдэг.Т.Лувсанцэдэнгийн хамаатан садны нэг нь олондоо “ шар “ хэмээгдсэн Жамьян, түүний үр хүүхдүүд, тухайлбал Гантөмөр, Жавзан зэрэг болно. Мөн хамгийн дотнын нөхдүүд нь Лувсанчүлтэм эмч, сумын ХЗЭ-ийн үүрийн дарга Чадраабал, бэлтгэл дэд хурандаа С.Төмөрбаатар зэрэг хүмүүс байжээ.  Т.Лувсанцэдэнгийнх үхэр олонтой айл байсан бөгөөд тус суманд “Тэмцэл“, “Өгөөмөр“ гэсэн хоёр нэгдэл байгуулагдах үед эхний удаа, дараа нь бас дахин малаа нийгэмчилсэн ажээ. Тэрээр хурдан бор азаргатай байсан гэлцдэг. Энэ хурдан азаргыг олон бодоор худалдаж авсан, Жигээ угшлынх байжээ. Тэрээр мал маллаж байгаад, дараа нь шуудан зөөгч хийсэн. Аав, ээж маань 8 хүүхэд төрүүлж өсгөсөн. Том охин Л.Хэрлэнцэцэг Улаанбаатар хотод “Хүдэр баян“ эмийн сангийн эрхлэгч, эм зүйч мэргэжилтэй, ЭМЯ-ны хүндэт жуух, ойн медалиуд, эрүүлийг хамгаалахын  болон эмийн үйлдвэрлэл, хангамжийн тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнагдсан, дүү, том Л. Сэр- Од хувиараа хөдөлмөр эрхлэж байгаа, дүү Л.Сэр- Од Хэнтий аймгийн Баянхутаг сумын хүн эмнэлгийн салбарт сувилагч, дүү Л.Зуунннаст, дүү Л.Гэрэлтогтох, дүү Ц.Гэрэлт- Од, дүү Ц.Мөнгөнтуяа Улаанбаатар хотод ажиллаж байна. Одоо Т.Лувсанцэдэн, Л.Цэдэв нарын ураг төрлийнхөн нийтдээ  50-иад хүн энх тунх аж төрж байна. Т.Лувсанцэдэн гуайн том охин Л.Хэрлэнцэцэг аавынхаа тухай дурсан ярихдаа: “Аав маань үр хүүхдүүд биднийгээ багаасаа эрдэм номтой, ажилч хичээнгүй болгохыг зорьж байсан. Надад монгол бичиг зааж, дүү нарыг маань их дэг журамтай, ахас ихэсийг хүндэтгэх хэм хэмжээнд хүмүүжүүлж байлаа. Сайн эцгийн буянаар  ээж,бид нар одоо сайн сайхан амьдарч байна“ гэсэн билээ.

Сумын 80 жилийн ойг тохилдуулан, аав, ээж, ах дүү нарынхаа нэрийн өмнөөс өндөр насатан Л.Цэдэв, түүний охин Л.Хэрлэнцэцэг, гэр бүлээс сумынхаа  ИТХ, Засаг даргын тамгын газрын хамт олон, нутгийн зөвлөлийн тэргүүлэгчид, ялангуяа энэ бүтээлийн зохиогч, доктор, профессор Л.Чулуунбаатар ахдаа болон нийт ард иргэддээ баярын мэнд дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг  хүсэн ерөөхийн ялдамд цаашдын хөгжил дэвшил, ололт амжилтанд хамтдаа хүчин зүтгэхийг уриалж байна. 

 Ойдов овогтой Норжмаагийн дурсамж

Би 1949 онд Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг Хашаат гэдэг газар малчин ардын гэр бүлд мэндэлсэн. 1957 онд сумын бага сургуульд суралцаж, улмаар 1964 онд Өндөрхаан хотын 10 жилийн сургуулийн 7-р ангийг төгсөөд, 1964-1968 онд Дорноговийн анагаах ухааны дунд сургуулийг эх баригч бага эмчийн мэргэжлээр дүүргэсэн юм. Миний ажил амьдралын гараа төрсөн нутгаас эхэлж, 1968-1971 онд бригадын эмч, 1971-1974 онд сумын хүний бага эмчийн салбарын эрхлэгчээр ажилласан. Энэ хугацаанд манай сум мал аж ахуйн 3 бригадад 400 гаруй өрх, 1600-аад хүн амтай, жилдээ 60 70 эхчүүд төрдөг, 40-60 км радиустай нутаг дэвсгэрт морь, мотоцикль, машинаар дуудлага үйлчилгээнд цаг наргүй явдаг байжээ. Салбарын бүрэлдэхүүнд бага эмч Тунгалаг, сувилагч Жавзандулам, нярав сувилагч Санжмятав, асрагч Наранханд, Цэндсүрэн, бригадын сувилагч Дэнсмаа, Намтар, Жигжид нар, төрөхийн өмнө ба дараах байранд үйлчлэгч Ухнаа, Ургамал нар тус, тус ажиллаж байсан. 1983-1985 онд их эмч С.Мөнхсайхан салбарын эрхлэгч байхад би больницын бага эмчээр ажиллаж байлаа. Би сумандаа 8 жил хүний эрүүл мэндийн төлөө ажиллахдаа 200 гаруй хүүхдийг эх барьж авсан. Эмнэлгийн ажил мэргэжил нь ганц хүний амжилтаас бус, хамт олны хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэлээр эрдэнэт хүний амийг аварч өвчин зовлонгоос ангижруулдаг. Хүмүүст амьдралын сайн сайхныг  бэлэглэдэг буянтай үйлс гэдэгт бахархаж явдаг юм. Тэгээд хамт ажиллагсдаа хүндэтгэн дурсаж байна. Миний бие Эрүүлийг хамгаалах байгууллагад 32 жил  ажиллахдаа төр, засгаас эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол, тэмдэг, ЭХЯ-ны жуух бичиг, ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн болон алдарт эхийн I, II одон, Монголын Саран ээж нийгэмлгийн “Монголын буянтай ээж“ медаль, өргөмжлөлөөр шагнагдсан. Олон хурал зөвлөлгөөнд төлөөлөгчөөр уригдан оролцож, аймаг, сум, байгууллагын шагнал их хүртэж, хөдөлмөрөө үнэлүүлж байсандаа баяртай байдаг. Одоо Буян-Уул бригадын нутаг дулааны ар гэдэг газар гэр бүл үр хүүхдүүдийн хамтаар сайхан зусаж байна. Нутгийн өргөн олон түмэндээ сум байгуулагдсаны 80 жилийн ойн мэнд дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Одоо нутаг орны олон түмэн та бүхэндээ ардын бага сургуулийн багш, армийн бэлтгэл дэд хурандаа Содномын Төмөрбаатарын “Баянхутагийн дурсамж “- ийг толилуулья.

Унаган нутаг Баянхутаг сумаа санахад ямар сайхан дурсамж сэтгэлд тодхон буудаг гэж бодно... Хурга ишигний бэлчээрээс холдож яваагүй миний бие 1955 онд сумын бага сургуулийн шинээр баригдсан хүрэн дүнзэн байшинд Цэвээнсодном багшийн 1-р ангийн сурагч болж орж байсан үе тодхон санагдаж байна. Тэр жил сургууль завсардаж байсан маш олон хүүхдийг сургуульд оруулах болж, бид 35-уулаа 1-р ангид хичээл эхлүүлсэн боловч хүүхдүүд ганц нэгээрээ сургуулиас зарим нь гарч, зарим нь аймгийн төв рүү шилжсээр 1959 онд 4-р ангийг 10- уулаа төгсөж билээ. Лувсандагвын Даримаасүрэн, Агваанжамьянгийн Ширчмаа, Норжмаагийн Хорлоо, Наваанжамбын Төмөр, Дамдинсүрэнгийн Цэрэнбадам, Лувсанданзангийн  Цэрэнбат, Цэндийн Яндаг, Лувсангомбын Сэдэдпүрэв, Жамцын Нордог нарын зэрэг сумын бага сургуулийн андуудыгаа өнөөдөр дурсан санахад ямар сайхан бэ. Зуны амралтаараа баг, бригадын хадланд наадам өнгөрөнгүүт гарч, 8 дугаар сарын 23-нд бууж ирдэгсэн. Энэ нь мань мэтийн хүмүүсийн нэгдэл нийгэмдээ ажилласан бүтээлч хөдөлмөр минь болох байхдаа. Манай хадлангийн бригадын даргаар багийн дарга О.Зундуйжамц гуай, О.Сандаг гуай нарын зэрэг хүмүүс ажиллаж, өглөө нарнаас оройн нар шингэтэл хатуу сахилгатай ажиллуулдагсан. Бидэнд байнгын гэгээн сургаалаа хайрладаг нутгийн ахмад хүмүүсээ дурсан санаж байна.

Өндөрхааны 10 жилийн сургуулийн 7-р ангийг төгсөж, Улаанбаатарт багшийн сургууль (одоогийн багшийн коллеж )-д орж суралцан сайн дүнтэй төгсөж 1965 онд сумынхаа бага сургуульд багшаар  ирж 1 ба 3-р ангийг дааж, 1967 онд 4-р ангиа төгсгөж билээ. Тэгэхэд 4-р ангийг төгсөгчдөөс нэлээд нь цааш дэвшин суралцаж мэргэжил эзэмшин улс орондоо янз бүрийн салбарт ажмллаж байгааг сонсоход сайхан байдаг. Заримтай нь уулзаж байсан. П.Саруул, Л.Пагмасүрэн, Т.Цэвэлмаа, Д.Хандсүрэн, Ж.Төмөртогоо, Д.Доржсүрэн, Л.Шаравдорж, Г.Ганбаатар, Д.Ганболд  нарын 16 хүүхэд 4-р ангиа амжилттай төгсөж билээ. 1967 онд улсын хэмжээнд аймгийн математикийн аварга шалгаруулах анхны олимпиад болж манай 4-р ангийн Л.Пагамсүрэн шалгарч аймгийн математикийн аварга цолыг анх ( 4-р ангиудаас  ) хүртэж билээ. Аймгийн бүх сумдын 4 болон төвийн 2 сургуулийн 4-р ангийн 30 орчим хүүхэд аймгийн ХЗЭ-ийн хорооны хурлын танхимд 3 төрлийн бодлого бодож аваргаа шалгаруулсан юм. 1967 онд 1-р анги дааж авч 2-р ангид дэвшүүлээд цэргийн албанд 1968 онд мордож билээ. Тэр 1-р ангийн хүүхдүүдээс намайг мартаагүй багшаа гэж хүндэлж явдаг хүүхдүүд нэлээд байдгийн нэг нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгтээ томоохон, ажил сайтай “Хүдэр баян“ эмийн сангийн эзэн Лувсанцэдэнгийн Хэрлэнцэцэгтээ гүнээ талархаж явдгаа илэрхийлье.

Баянхутагийн бага сургуульд ажиллаж байхад байнгын дэмжлэг үзүүлж  байсан бүх хүмүүст, ялангуяа сургуулийн эрхлэгч П.Дуламсүрэн, багш Дашдондов, Д.Тамара та бүхэндээ маш их талархаж явдаг шүү. Сумандаа ажиллаж байх үедээ анхны социалист хөдөлмөрийн бригадын цол мандат авахуулахын тулд сэхээтний нөхөрлөл байгуулан хамтын хөдөлмөрийн давуу талыг үзүүлж 1968 оны 7 дугаар сард социалист хөдөлмөрийн бригадын цолыг саальчин Бадарчин гуайн удирдсан хамт олон хүртэж, манай сэхээтний социалист нөхөрлөл цол мандатаа тэдний хамт гардан авч байлаа.

1968 онд цэргийн албанд нас бие тэнцэж явсан нь миний амьдралын гол шугам болсон юм даа. Сумаасаа Г.Арцад, Г.Рэнцэн бид 3 цэрэгт мордож Рэнцэн 016-р ангид, Арцад хотын комендатын хүндэм харуулд, би 036-р ангид албаа хаасан юм. Тэр жил Дарханаас Л.Сэдэдпүрэв, Дорнодоом Л.Рэнцэн- Очир нар бас цэрэгт ирсэн байж билээ. 1970 онд тэр үеийн ЗХУ-ын Львов хотын цэргийн улс төрийн дээд сургуульд явж, 5 жил суралцаж эргэж ирээд армийн командлалын томилолтоор Зэвсэгт хүчний 167, 086, 016-р ангиудад улс төр, намын томилгоот албыг хашиж байгаад цэргийн тэтгэвэрт гарсан. Армийн командлалын үүргийг сайн гүйцэтгэсний учир “Дэд хурандаа“ цолтойгоор тусгай ангийн захирагчийн орлогч хүртэл албан тушаалд ажиллаж байлаа. Миний ажлын өчүүхэн амжилтыг минь төр засаг, армийн командлал өндөр үнэлж, цэргийн гавьяаны болон алтан гадас одон, цэргийн хүндэт медаль болон ойн медалиудаар шагнаж байсан нь Баянхутагийн ард түмэн, уул ус хайрлан дэмжиж байсны ач, энэ сумынхны надад олгосон хүмүүжил, сурлагын үр дүн гэж бодож баярлаж явдаг юм.

Би эх орны батлан хамгаалах хүчинд бие хайргүй зүтгэж явсан төдийгүй, миний 4 хүүхдийн 2 нь армид офицероор ажиллаж, нөгөө 2 нь хувийн хэвшилд ажиллацгааж байна. Миний гэргий Довдонгийн Цэцэгээ нь худалдааны техникум төгссөн, нийтийн хоолны сайн мэргэжилтэн, багш байсан ч миний албыг дагаж мэргэжлээсээ хөндийрч зөвхөн сайн тогооч байж анги байгууллагын аварга болж явснаас хэтэрсэнгүй. Сургуулиа  оны дүнтэй төгсөөд цаашид суралцуулах бодлого тэр үед сургууль нь тавьж байсан ч би Өмнөговьд томилогдож Даланзадгад орцгоосноор манай эхнэр цаашид суралцаж чадаагүй. Сумынхаа энэ сайхан баярт өдрүүдэд өөрийн эцэг эх, ах дүү төрөл төрөгсдийнхөө талаар товчхон дурдаж дурсмаар санагдаж байна. Бидний эцэг Намсрайн Содном бол эхээс ах дүү 3- уулаа байсан бөгөөд ах нь Намсрайн Сандаг гэж улсын сайн малчин хүн байсан. Тэдний үр хүүхдүүд Сэргэлэн гэж жолооч тус суманд олон жил ажилласан ажилсаг хүн байдаг. Та бүхэн мэдэх байх. Тэдний маань хамгийн бага дүү Баясгалан нь боксын олон улсад танигдсан шүүгч, гавьяат дасгалжуулагч цолтой хүн байдагт бид баярлаж явдгаа энэ дашрамд илэрхийлье.

Миний аав, ээж хоёр 1959 он хүртэл хувийн малтай байгаад 1959 онд тэр үед "Өгөөмөр“ нэртэй нэгдэлд гишүүнээр элссэн тэр үеэс 1970 он хүртэл нэгдлийн мал маллаж байсан. Миний эгч Догзой бидний хүргэн ах Лувсанцэдэнгийн хамт нэгдлийн мал маллаж байгаад хожмоо хувийн аж ахуйтан болж байгаад өвчний учир насан өөд болцгоосон ч өнөөдөр тэдний маань гал голомтыг хүү Энхбаатар нь нэр төртэй залгамжилж яваад гүн талархалтай явдаг юм. Миний дүү Жаахүү нэгдлийн сайн малчин байгаад тракторын жолооч болж 1967-1990 он хүртэл ажиллаж, улс, аймгийн аварга цол хүртэж явсан тэргүүний хүмүүсийн нэг байсныг өнөөгийн залуус эрхбиш сонссон байдаг байх. Тэдний маань хүүхдүүд сургууль төгсөж янз бүрийн ажил хийцгээж эцэг эхийн нэр төрийг залгамжлан яваад нь ах нь баярлаж байдаг юм. Бидний том ах Баатарчулуун маань 1954 онд сумаасаа цэрэгт мордон, мэргэжил эзэмшин Дундговь аймагт томилолт авч, тэнд ажиллаж амьдарч байгаад өвчний учир 1999 онд насан өөд болсон. Тэдний маань хүүхдүүд эмч, хуульч, багш, малчин зэрэг төрөл бүрийн ажил эрхлэн сайн явцгааж байна. Бидний хамгийн бага дүү Бат- Очир нэгдлийн тракторчин байгаад малчин болсон намтартай нэгэн билээ. Ийнхүү Намсрайн Содном, Дашийн Дашзэвэг нарын үүсгэсэн гал голомт дээр төрж өссөн 5 хүүхдийн хувь заяа зөв сайн байж, нутгийн зон олондоо дурсагдан байгаа нь ахмад үеийнхний маань гэгээн сургаалын ач буян гэж сүслэн залбирч явна би.

Сумын сургуульд ажиллаж байхад нийгмийн идэвх сайтай, онц сурлагатай байсан тэр үеийн сурагч, өнөөдрийн МУИС- ийн багш, эрдэмтэн Лувсандоо гуайн Чулуунбаатар утсаар намайг тоон ярьж, дурсамж, зургаа өгөхийг санал болгосонд нь тэтгэврийн өвгөн миний бие маш их баярласнаа энэ ялдамд илэрхийлье. Би бол насан туршдаа хүн сурган хүмүүжүүлэх үйлсэд хүчин зүтгэсэн Баянхутагийнхнаас төрж гарсан жирийн л нэг сэхээтэн шүү дээ. Гэвч намайг тоон энэ номыг гаргагч эрдэмт хөвгүүд дурсамж бичиж сэтгэгдлээ үлдээх боломж олгосон явдалд дахин талархлаа илэрхийлье.

Манай сумын уугуул иргэн, эдийн засгийн ухааны доктор Ч.Баатарын нагац ах  Дамдингийн Дашцэрэн нь 1928 онд Баянхутаг суманд мэндэлсэн. Тэрээр эцэг эхийн гар дээр өсөж, 5 настайдаа монгол бичиг сурсан. 1944 онд кирилл үсэг сурч, 1946-1947 онд кирилл үсгийн багшаар ажиллажээ. 1947-1950 онд Улаанбаатар хотод Дотоод яамны төв сургуульд цэрэг бага даргын үүрэг гүйцэтгээд халагдсан. 1950-1052 онд Баянхутаг суман дахь улсын 334-р морин өртөөнд улаачнаар Балдандагва, П.Намсрай нарын хамт ажиллаж байжээ. 1951 онд  улс орон даяар АИХ-ын анхны сонгууль болоход Баянхутаг сумын 6 дугаар багийн даргаар сонгогдож 1954 он хүртэл ажилласан. 1954 онд Гончигжав даргатай Баянхутаг сумын анхны хоршоонд тоо бүртгэгчээр ажиллаж байгаад, 1960 онд Буянт сумын анхны хоршооны даргаар аймгийн намын хорооны шийдвэрээр ажиллажээ. Дараа нь Мөрөн суманд худалдаа бэлтгэлийн ангийн даргаар ажиллаж байгаад, 1989 онд өндөр насны тэтгэвэрт гарчээ. Д.Дашцэрэнгийн хөдөлмөр зүтгэлийг үнэлж, ардын хувьсгалын 40, 50, 60, 70, 80 жилийн ойн медаль болон худалдааны тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнажээ.

Боржигон овогт  Зундуйжамцын Нарангэрэл  нь XVI зууны усан морин жил Хэнтий аймгийн Өндөрхаан хотод хаврын сүүл сард төрсөн, Баянхутаг сумын уугуул. 1951-1961 онд Өндөрхаан хотын ерөнхий боловсролын сургууль төгссөн. 1961-1966 онд Москва хотын Геологи- хайгуулын сургуульд суралцан уулын инженер цолтой, гидрогеолог, инженер- геологич мэргэшлээр төгссөн. 1967-1974 онд  Улаанбаатар хот дахь Геологийн удирдах газрын харьяа Рашаан судлалын ангийн инженер, ерөнхий инженер, даргаар, 1975-1976 онд Геологи уул уурхай эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн институтэд тасгийн эрхлэгч, “Хайгуулчин“ сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн даргаар хавсран ажиллажээ. 1976-1979 онд Москвагийн геологи хайгуулын дээд сургуулийн дэргэдэх аспирантурт суралцаж геологи эрдэсийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. 1980-1989 онд Улаанбаатар хот дахь Геологийн удирдах газрын (1983 оноос Төвийн геологийн экспедици нэртэй болсон) даргаар, 1989-1990 онд БНМАУ (хуучнаар) дахь Олон улсын геологийн экспедицийн даргаар, 1991-1992 онд Геологи шинжилгээний “Гурван гол“ нэгдлийн ерөнхий захирлаар, 1992-1996 онд “Гурван гол“ ХК-ийн ерөнхий захирлаар, 1996-2002 онд “Гурван гол“ ХК, “Гурван гол- Холдинг“ ХХК-ний дэд захирал, 2002 оноос “Баруун- Урт- Ус“ ХХК-ний захирлаар тус, тус ажилласан.

З.Нарангэрэл нь уугуул нутаг, өргөн олон түмэнтэйгээ ямагт харилцаатай байж, 1991 онд Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат иргэдийн нутгийн зөвлөлийн даргаар сонгогдон 1998 он хүртэл үр бүтээлтэй ажилласан билээ. Нутгийн зөвлөлийн дарга З.Нарангэрэлийн удирдлагаар хотын иргэд төрсөн нутаг, түмэн олондоо туслах, хамтран ажиллах чиглэлээр их зүйл хийснийг ард олон андахгүй сайн мэддэг. Тэрээр 1991 онд сумын 60 жилийн ойн үеэр орон нутгийг судлах музейд тавилга хэрэгсэл, геологийн олдворын дээж, мотоцикль бэлэглэж, тэр үеийн сум орон нутгийн удирдлагуудтай нягт хамтран ажиллаж байв. Гэвч  хотын иргэдийн хүч туслалцаа, сэтгэлийн дэм тусаар бүтээж бий болгосон зүйлийг нутгийн зарим нөхдүүд үр таран хийсэн нь үнэхээр харамсалтай хэрэг болсон гэж нутгийн зөвлөлийнхөн дүгнэдэг билээ. Доктор З.Нарангэрэл олон жил улс нийгэмдээ ажиллаж, мэргэжлийн дагуу судалгаа хийж, 2011 онд “Монголын рашааны тухай миний ойлголт“ гэсэн 15 х.х. ном хэвлүүлсэн байна. Уг бүтээлд, “... хүн, амьтан, ургамлын амьдралыг тэтгэгч уснаас өөр үнэ цэнэтэй ашигт малтмал гэж юу байх билээ дээ. Ус маань ч өөрөө олон янз, төрөл түүний дотор хүйтэн, халуун рашаан гэж өвчин эмгэгийг эдгээн илааршуулах ид шидтэй, газар сайгүй тааралдаад байдаггүй ховор, эрүүл мэндийн ашигт малтмал байдаг. Ийм учраас үнэ цэнэтэй эрүүл мэндийн ашигт малтмалын тухай өөрийн ойлголтыг уншигч тантай хуваалцахын тулд би энэхүү номыг ачит ээж Равдангийн Чогжмаагийн гэгээн дурсгалд зориулан бүтээж өчүүхэн ч атугай буян үйлдэхийг хичээсэн бөлгөө. Энэ номонд орсон рашааны химийн найрлагын талаархи хэсгийг инженер химич, хайрт гэргий Лувсаннавааны Цэвэлтэй хамтран бичснийг хэлэхгүй өнгөрч боломгүй“ гээд, манай оронд 2009 оны тооллогоор, химийн нарийвчилсан болон хураангуй шинжилгээ хийж, 429 рашаан орд, булаг шандын 187 нь эмчилгээний зориулалттай рашаан, 242 нь рашаан төстэй булаг шанд гэсэн дүгнэлт өгсөн байна. “Ус ундалдаг, тэжээдэг, эмчилдэг“ гэдэг нэгэн сайхан үнэн хэллэг байдаг. Үүн дээр “Ус өөрөө баярладаг, бас гомддог“ гэж нэмээд номоо төгсгөв. ( 10 : 242 ) гэжээ.

Очиртон овогт Чойжамцын Баатар

1945 онд Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг Хүрээгийн уул гэдэг газарт төрсөн. Хэнтий аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль, ЗХУ-ын Свердловск (одоогийн Екатеринбург) хотод  политехникийн дээд сургууль, Москва хотод Нийгмийн ухааны академид суралцаж төгссөн. Цахилгааны механик инженер, удирдлагын эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны доктор/Ph.D/.

Дорнод аймгийн Дулааны цахилгаан станцад мастер, инженер, Дорнод аймгийн болон Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газрын ХЗЭ- ийн хорооны нарийн бичгийн дарга, Эрхүүгийн Ерөнхий консулын газарт атташе, ерөнхий консул, Намын дээд сургуульд орлогч захирал, Хэнтий аймгийн МАХН-ын хорооны дарга, Улсын мэргэжлийн хяналтын газарт улсын ахлах байцаагч, хэлтсийн дарга зэрэг ажил, албан тушаал хашиж явсан. МХЗЭ-ийн болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан, Зөвлөлт-Монголын залуучуудын V, VII их наадам, МХЗЭ-ийн ХVII, ХIХ их хурал, МАХН-ын Онц ХХ, ХХI их хурлын төлөөлөгч. МАХН-ын Хянан шалгах төв комисс, МАХН-ын Төв Хороо, Бага хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан нам, олон нийт, төрийн албаны ахмад ажилтан юм.

Миний бие 8 нас хүрээд аймгийн төвийн 10 жилийн дунд сургуульд орж аймгийн төвийн хүн болсон учир төрсөн нутгийн тухай сэтгэгдэл гэвэл сургуульд орохын өмнөх сэтгэгдэл л сэтгэлд хоногшин үлдэж дээ. Гэвч багадаа чулуу өрж тоглож явсан газар, Мөнхөт, Долооны худаг, Хэрлэнгийн урд хаялга, ногоон зүлэг хаа ч явсан сэтгэлд дурсагдан явдаг юм. Санан санан бодоход, саравчлан саравчлан хармаар, нүдний хараа булаасан, миний нутаг сайхан даа...

Манайх мичин жилийн бэрх зуднаар оторлож Хүрээгийн уулны ханан хадны өвөрт очиж өвөлжин хамаг малаа бараад ганц эр үхэртэй үлдээд байхад нь би тахиа жилийн хавар төрсөн юм гэнэ лээ. Нэг их сайхан засч орхисон өвөлжөө байхад нь аав маань бууж орхисон чинь маргааш өглөө нь нутгийн хүмүүс манайхыг тойрч мөргөөд сүйд гэнэ. Тэгсэн чинь Жагар гэгээний өвөлжөө, айл  өвөлждөггүй онгон тахилгат газар нь очоод бууж орхиж. Зуднаар хаашаа нүүх вэ? Тэндээ өвөлжсөн гэдэг юм. Ингэж анх нутгийнхаа онгон тахилгат газрын ивээлд орж, тэр газар төрсөндөө баярлаж,  бололцоо гарвал очиж эрч хүчээ тэндээс олж авдаг хүн дээ би. Манай нутгийнхан Гонгор баатраа их хүндэтгэдэг учир надад Баатар гэсэн нэр өгсөн байх гэж боддог. Миний өлгий дээр зүүж байсан гээд Гонгор баатрын зураг манайд байдаг байсан.

Баянхутаг сумын клубын эрхлэгч нь Н.Жанцан гэж миний хүргэн ахынх сумын төвд байх. Нагац эгч Долгор (их Жоохой, бага Жоохой буюу бага Долгор нь миний ээж билээ) клубын уран сайханч байсан. Цагаан сараар сумын төвийн сэхээтэн залуус морьтой “Баадай авна” гэж давхилдаж байсныг санаж байна. Нагац ах Дашцэрэн (сумын худалдаа бэлтгэлийн ангийн дарга асан) “Учиртай гурван толгой” дуурийн тэрэгний тэнэгийн дүрд тоглож аймагт шалгарч байсан гэдэг юм. Эгч Дэнсмаа мөн сайн дурын уран сайханд явж байсан. Тэгэхээр тэр үед урлаг уран сайханд нэлээд анхаардаг байжээ.

Багадаа би хонь их хариулдаг, малд нүдтэй гэж магтагддаг хүүхэд байлаа. Өглөө хонио дагаад гарна. Өдөржин дүү Мөнхбаяртайгаа хонины захад тоглоод орой нь бас ч үгүй жижиг шээзгийгээр аргал түүгээд ирдэгсэн. Хүмүүс “Танай хонь хол явчихлаа” гэхэд нь “Манай хүүхдүүд хонин дээрээ байгаа” гэж манайхан хариулдаг байсан гэсэн. Өвөл жалганд хунгарласан цасан унаад гарч чадахгүй хөглөж байсан, намар хонио хужирлах гэж яваад оройтож эмээгийнхээ хаалгаар гаргасан дэнгийн гэрлээр чиг авч ирж байсан зэрэг сэтгэлд тодхон үлдэж. Энэ бүхэн бол амьдралын том сургууль байж дээ.

Манайд 1945 онд урдаас орж ирсэн Хөсрий гэдэг хүн суудаг байлаа. Бид тэр хүнийг Өлөө гэнэ. Өлөөгийнхөө нутагт малгайгаа ойчтол давхиад очно гэж бид ярьдаг байв. Их л хурдан давхиад очно гэсэн үг байх л даа. Өлөө маань надад бичиг үсэг зааж өгч би мянгын дотор нэмж хасдаг, дармал үсгээр ном, сонин уншдаг боллоо. 1952 онд маршал Чойбалсан нас барсан тухай аймгийн сонинд гарсан зүйлийг хот айлынхандаа уншиж өгч байсныг санаж байна. Нэг их усан борооноор нүүж явахад нагац ах, багш Загдаа тааралдахад нь аав минь “хүү маань ном, сонин уншдаг болсон гэж” гайхуулжээ”.  Ах Загдаа шалгаж үзээд сургуульд оруул гэж зөвлөсөн байх. Аав маань “Хүүгээ ном бараадуулна” гээд манайх аймгийн төв нүүж, би аймгийн төвийн 10 жилийн сургуулийн сурагч болов. Ингэж хоньчин болох хувь тавилан маань өөрчлөгдөх нь тэр. Харамсалтай нь бичиж сураагүй дармалаар нь уншаад сурчихсан тул нэгдүгээр ангиас суухаас өөр аргагүй байв. Аавын маань гаргасан шийдвэр, холч ухаан миний амьдралын чигийг тодорхойлж эрдэм номын мөр хөөсөн нь энэ. Аравдугаар ангиа алтан медальтай төгсч ЗХУ-д суралцахаар явсан юм.

Намайг ЗХУ-д сургуульд явахад нөлөөлсөн хүн бол Баянхутаг сумын 4-р багийн ахлах ухуулагч Д.Жамсранжав гэдэг хүн билээ. Багийн ахлах ухуулагч айл өрхөөр морьтой явж ухуулгаа хийнэ. Манайд ирээд баахан сахалтай хүний зураг үзүүлээд, энэ хүнийг Ленин гэдэг, энэ хүнийг Маркс гэдэг, ийм ийм хүн гээд ярина. Дараа ирээд асуухад нь торолгүй хариулахад нь “Миний хүү сургуульд орж онц сураад ЗХУ-д сургуульд яваарай” гэж захисан юм. Миний хувьд анх сургуульд орохдоо ч гэсэн, аравдугаар анги төгсөхдөө ч гэсэн ЗХУ-д явж суралцана гэсэн бодол маань огт  өөрчлөгдөөгүй. Сургуульд ороогүй жаахан хүүхдийг тоож ярьж, оюун ухаанд нь ортол ухуулж явсан тэр үеийн ухуулагч өвгөн ямар мундаг хүн байгаа вэ? Энгэр дүүрэн одонгийн туузтай, хижээлхэн насны шаравтар царайтай хүн байсан санагдана.

Миний аав Чойжамц Баянхутаг сумын 4-р багийн даргаар 50-иад оны эхэн үед ажиллаж, тэргүүний багийн дарга гэгдэж явсан юм. Гурван жил дараалан социалист уралдаанд түрүүлж шилжин явах улаан тугаар шагнуулж баяраа тэмдэглэж байсныг тодхон санаж байна. Томцуул айраг цагаа болцгоож их л баяр хөөртэй байцгаасан. Миний бие сургуульд ороогүй жаахан амьтан, яагаад ч юм шагнал гардуулсан газар нь очиж орхисон байсан. Аав маань дагуулж очсон юм болов уу даа. Сумын ойн баяраар аавынхаа багийн дарга байсныг дурсан тэмдэглэж дүү, эгч нарын хамт аавынхаа нэрэмжит шагналаар нэг багийн даргыг шагнаж байхаар болсондоо баяртай байна.

Өөрчлөлт шинэчлэлтийн цаг үеийн давалгааны үед нутгийн хамт олонтойгоо ойр дөт байсандаа баярлаж явдаг. Энэ үед миний бие аймагтаа 1990-1995 онуудад очиж ажилласан билээ. Цаг үеийн нөхцөл байдлаас болж хийж бүтээсэн гэж гайхуулах юм ховорхон ч гэсэн нутгийн хамт олны жаргал зовлонг хуваалцаж хамт байсан шүү гэж хэлэх эрх надад буй болов уу гэж боддог. Сумынхаа 60 жилийн ойг хамт тэмдэглэж босоо Самдан аваргынхаа хөшөөг нээхэд оролцож байлаа. 60 жилийн ойн баримтат кинонд дүрс хөрөг маань үлдсэнд баяртай байна. Арван жилийн анд С.Жамаадоржийнхоо хөдөлмөрийн баатрыг хамт тэмдэглэж байлаа. Нууц товчооны 750 жилийн ойн их баяр наадмаар дүү З.Хүрэлбаатарын даага түрүүлж, дүү З.Цогоогийн нэг нас айрагдахад хөөрч баярлаж байсан маань сэтгэлд үлдсэн байна. Өмч хувьчлал, өөрчлөлт шинэчлэлийн талаар бид бишгүйдээ их ярьцгаасан. Одоо эргэж санахад нэгдлийг хувьцаат компани болгоод бэлтгэлийн систем хэвээр байсан бол хөдөөгийн малчдад нэмэртэй байх байсан болов уу гэж боддог юм. Цаг үеийн их давалгаанд ганц хүний бодол санаа арчигдаад л өнгөрдөг юм билээ.

Баянхутаг сумынхаа түүхт 80 жилийн ойг тохиолдуулан сумынхаа нийт иргэд, малчдад халуун баяр хүргэж ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол улсын гавьяат агрономич, доктор, профессор Гочоогийн Даваадорж нь 1945 онд тус сумын 3 дугаар багийн харьяат малчин ард Гочоогийн 15 дахь хүү болон тус аймгийн Батноров сумын нутаг Малгар Баянхаан уулын дунд өвөлжөөнд (1944- 1945 оны бичин жилийн их зуднаар нүүдэл хийж очоод) төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж 1953 онд Өндөрхаан хотын 10 жилийн сургуулийн 1-р ангид орж 1963 онд төгссөн. 1963 онд  Улаанбаатарт  ХААДС-ийн агрономичийн ангид элсэж, 1968 онд “ Зусах буудайн ган тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх нь “ сэдвээр дипломын ажлыг онц дүнтэй хамгаалж төгссөн.

1968- 1970 онд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэнгийн сангийн аж ахуйд агрономичоор хуваарилагдан ажиллаж байгаад, 1970 онд Сэлэнгэ аймгийн Сангийн аж ахуйнуудыг удирдах трест (энэ онд Сэлэнгэ аймгийн ХААУГ нь Сангийн аж ахуйнуудыг удирдах трест болон өөрчлөн зохион байгуулсан)-д үр тарианы агрономичоор томилогдон ажиллажээ. 1971 онд өөрийн хүсэлтээрээ Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн (одоогийн Дархан- Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн) – д эрдэм шинжилгээний ажилтнаар шилжиж ажилласан байна. Г.Даваадорж нь тус хүрээлэнд “Буудайн сортуудын ган тэсвэрийн харьцуулсан судалгаа“ сэдвээр ургамлын физиологийн судалгаа хийж байгаад 1976 онд ЗХУ-ын Ленинград (одоогийн Санкт- Петербург) хотын ХАА-н их сургуульд аспирантурт суралцахаар явж 1979 онд “ Монгол улсын тариалангийн төв бүсэд зусах буудайн сортуудын ган тэсвэрлэх чадвар “ сэдвээр хөдөө аж ахуйн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. Тэрээр эрдмийн зэрэг хамгаалж ирээд Дархан хотын Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн генофондын секторт ажиллаж “Монгол улсад буудайн шинэ сортуудыг бүтээх параметр“- ыг бусад мэргэжилтнүүдийн хамт боловсруулан Эрдмийн зөвлөлөөрөө батлуулсан нь одоо хүртэл монгол оронд буудайн шинэ сорт бүтээх онолын үндэс болсоор байна. Г.Даваадоржийн мэдлэг чадвар, эрдэмтэн хүний няхуур нямбай, уйгагүй тэвчээртэй чанарыг үнэлэн 1980 оны 6 дугаар сард тус хүрээлэнгийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирлаар томилон тухайн үед монгол улсын газар тариалангийн хамгийн тулгамдсан асуудал болсон тариалангийн талбайн хөрсийг салхины элэгдлээс хамгаалах судалгааны ажлыг хариуцуулсан байна.

Г.Даваадорж нь тэр үед тус хүрээлэнгийн захирал байсан А.Хүчитийн хамт “Хөрсийг салхины элэгдлээс хамгаалах цогцолбор программ“- ыг боловсруулсан байна. Энэ нь Монгол улсад анх удаа газар тариалангийн газар шинжлэх ухаанд олон хүчин зүйлтэй урт хугацааны суурин судалгааны хөтөлбөр болсон бөгөөд энэ туршлага нь 4 хүчин зүйлтэй, 722 хувилбартай, 2888 давталттай нүсэр том туршлага байв. Ийм олон хүчин зүйлтэй хээрийн туршлагыг тухайн үед ЗХУ-д ч тавьж байсангүй. Энэхүү нэгдсэн арга зүйгээр Дорнод аймгийн Халх гол дахь эрдэм шинжилгээний станц,  Увс аймгийн Улаангом дахь туршлага станц, Хархорин, Хөвсгөлийн тариалан, Хэнтий аймгийн Биндэр сумд туршлага судалгааг нэгэн зэрэг хийж, тэдгээрийг хариуцсан 27 мэргэжилтнээс бүрдсэн “Хөрс хамгаалах хамтлаг“-ыг байгуулсан бөгөөд Г.Даваадорж нь энэ судалгааны “Төв” группийн удирдагчаар ажилласан байна. Эдгээр судалгааны дүнд үндэслэн 1983 онд “Монгол улсад тариалангийн талбайн хөрсийг салхины элэгдлээс хамгаалах технологи“- ийг боловсруулан тэр үеийн ХААЯ-ны коллегийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж орон даяар мөрдөж эхэлсэн байна. Ийнхүү монгол улсад үр тариа, тэжээлийн ургамлыг тариалах талбайг анжисаар хөмрүүлж хагалан хавар, намрын хуурай салхитай үед салхинд хийсгэж байсныг зогсоож үр тарианы талбайг өнгөц хавж элдэншүүлэх технологийг нэвтрүүлсэн байна. Үүний зэрэгцээ Г.Даваадорж тухайн үед өндөр хөгжилтэй орнуудад таримал ургамлыг ургуулах “Эрчимжсэн технологи“- ийг боловсруулан хэрэглэх болсон учир хүрээлэнгийнхээ мэргэжилтнүүдтэй хамтран “Уриншид зусах буудай ургуулах технологи“- ийг боловсруулан 1987 онд ХААЯ-ны коллегиор батлуулан үйлдвэрлэлд нэвтрүүлж эхэлсэн нь буудайн ургацыг 4- 6 центнер га- гаар нэмэгдүүлэх боломжийг олгосон байна. Г.Даваадорж нь ийнхүү “Тариалангийн талбайг салхины элэгдлээс хамгаалах технологи“, “уриншид зусах буудай ургуулах технологи“, “үр тарианы талбайн хог ургамалтай тэмцэх технологи“-ийн хамтран бүтээгч болж “Шинэ бүтээлийн патент“-ын гэрчилгээ авсан ажээ.

Г.Даваадоржийн эрдмийн ажлын энэ үр дүнг үнэлж Монгол улсын шинжлэх ухаан техникийн улсын хорооноос 1985 онд “Эрдэм шинжилгээний ахлах ажилтан“ цолоор, 1988 онд ШУА-ийн шагналаар шагнагджээ. 1989 онд тухайн үеийн журмын дагуу хийсэн сонгон шалгаруулалтаар тус хүрээлэнгийнхээ захирлаар сонгогдсон байна. Г.Даваадорж хүрээлэнгийнхээ материаллаг баазыг бэхжүүлэх ажилтнуудынхаа чадварыг дээшлүүлэхэд гол анхаарлаа хандуулж хүрээлэнгийн лабораториудыг тухайн үеийн шилдэг тоног төхөөрөмжөөр тоноглож техникийн паркыг шинэчлэх ажлыг 3 жилийн дотор хийсэн байна. Үүний зэрэгцээ ажилтнуудаа англи хэлний мэдлэгтэй болгохын тулд мэргэжлийн багш ажиллуулж бүх ажилтнуудаа залуу, дунд, ахмад насны бүлгээр ангилан бүлэг бүрийг англи хэлний 3 шаттай сургалтад хамруулснаар тус хүрээлэнгийн ажилтнууд тухайн үедээ бусад хүрээлэнгүүдээс илүү англи хэлний чадвартай болжээ. Энэ хугацаанд Г. Даваадорж нь “Монгол улсын газар тариалангийн бүс, бүсчилэл“-ийг шинээр боловсруулан 1991 онд “Тариаланчдын улсын зөвлөлгөөнөөр хэлэлцүүлэн батлуулсан нь хуучин газар зүйн байршил, тариалан эрхлэх арга хэлбэрээр нь хийсэн бүсчилэлийг дулаан- чийгийн хангамжийн хам шинжээр нь бүс, дэд бүсүүдэд хуваасан нь онолын хувьд шинэ зүйл байсан байна. Тэрээр залуу эрдэмтдийг бэлтгэхэд ихээхэн анхаарч 9 ажилтныг дэд эрдэмтний зэрэг, 5 ажилтныг магистрын зэрэг хамгаалахад эрдмийн ажлыг нь удирдаж хамгаалуулсан учир 1999 онд дэд профессор, 2005 онд профессор цолоор шагнагджээ. 2005 онд Г. Даваадоржийг Шинжлэх Ухааны Академийн биологи, хөдөө аж ахуйн дэд чуулганы гишүүнээр баталж, 2006 онд ХХААЯ-наас түүнийг “Монгол улсын зөвлөх агрономич“ болгож гэрчилгээ олгожээ.

1992 онд монгол улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж чадвартай мэргэжилтнүүдийг төрийн байгууллагад ажиллуулах шаардлагатай болсон учир Г.Даваадоржийг тухайн үеийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яаманд газар тариалан, механикжуулалт эрхэлсэн орлогч сайдаар томилон ажиллуулсан байна. ХХААЯ татан буугдаж Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яам болон өөрчлөн зохион байгуулагдахад Г. Даваадорж нь тус яаманд ХХАА-н газрын даргаар, 1998 оноос тус яамны бүтцийн өөрчлөлтөөр ХХАА-н газар татан буугдахад бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад 2000 онд ХХААЯ сэргээн байгуулагдахад Стратегийн төлөвлөлт, бодлогын газрын даргаар 2008 оныг хүртэл ажилласан байна. Тус яаманд ажиллах хугацаандаа монгол улсын тариалангийн салбарын эрх зүйн орчинг зах зээлийн нөхцөлд нийцүүлэн шинэчлэхэд жинтэй хувь нэмэр оруулж, газар болох түүний төлбөр, газар өмчлүүлэх хийгээд ус, хүнсний тухай хуулиудыг боловсруулахад мэргэжилтний хувьд ажлын хэсэгт ажиллаж, ”Таримал ургамлын үр сортын тухай“, “Үрийн тариалангийн тухай“, “Тариалангийн тухай“ зэрэг бие даасан томоохон хуулиудын эхийг УИХ-д өргөн барьсан байна. Мөн тус салбарт хандивлагч орон, олон улсын байгууллагуудын тусламжийг авахад ихээхэн анхаарч Азийн хөгжлийн банк, Европын холбоо, НҮБ-ын байгууллагуудаас нийт 7 төслийг боловсруулах ажлын хэсгийг удирдан батлуулж хэрэгжүүлжээ. 1992-2008 онд газар тариалан, хүнс хөдөө аж ахуйн асуудлаар УИХ-ын 4 тогтоол, Засгийн газрын 32 тогтоол, 18 тэмдэглэл, 11 төсөл, хөтөлбөрийг боловсруулан батлуулахад өөрийн чадвар, мэдлэг дадлагаа дайчлан ажилласан манай хөдөө аж ахуйн салбарын бодлогын томоохон мэргэжилтэн юм.

Г.Даваадорж энэ хугацаанд өөрийн мэргэжлийн чиглэлээр 8 ном, 6 товхимол, 90 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл туурвисан бүтээлч эрдэмтэн билээ. Монгол улсын газар тариалангийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, ХАА-н салбарын эрх зүйн орчинг боловсронгуй  болгоход түүний оруулсан хувь нэмрийг үнэлж 2006 онд “Монгол улсын гавьяат агрономич“ цолоор шагнасан байна.

Г.Даваадорж 2008 онд өндөр насны тэтгэвэрт гарсан боловч НҮБ-ын дэргэдэх Хүнс, Хөдөө Аж Ахуйн байгууллагаас санхүүжүүлсэн “Монгол улсын хүнсний аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр“-ийг шинэчлэн боловсруулах үндэсний багийн ахлагч, 2009 оноос өнөөг хүртэл Швейцарийн Хөгжлийн Агентлагаас хэрэгжүүлж буй “Цөлжилтийг сааруулах төсөл“-ийн менежерээр ажиллаж байна.

Г.Даваадорж 1971 онд А.Бадамтай гэр бүл болж 4 охины эцэг болсон. Том охин Д.Мандах нь АУДС-ийг эх барих эмэгтэйчүүдийн эмч мэргэжлээр төгсөж. Эх нялхасын эрдэм шинжилгээний төвд ажиллаж байгаа, 2007-2009 онд БНХАУ-д мэргэжил дээшлүүлсэн. Удаах охин Д.Ундрах нь МУИС-ийг дипломат харилцаа- англи хэлний мэргэжлээр төгсөж, МУИС-д багш. Япон улсад 2004- 2006 онд  суралцаж магисртын зэрэг хамгаалсан. 2011 онд АНУ-ын засгийн газрын тэтгэлгээр мэргэжил дээшлүүлэх сургалтын сонгон шалгаруулалтанд тэнцэж суралцаж байна. Гуравдахь охин Д.Цацрал нь Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсөж, 2004-2010 онд ХБНГУ-д суралцаж эдийн засгийн эрх зүйн мэргэшлээр эрдмийн зэрэг хамгаалсан. Одоо ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны газраас монголд хэрэгжүүлж буй төслийн мэргэжилтэн. Отгон охин Д.Туул нь МУИС-ийг дипломат харилцаа- хятад хэлний мэргэжлээр төгссөн. 2005-2007 онд БНХАУ-ын Шанхай хотод мэргэжил дээшлүүлж, 2008- 2010 онд ХБНГУ-д суралцаж магистрын зэрэг хамгаалсан.

Г. Даваадоржийн хөдөлмөр бүтээлийг үнэлж, атар эзэмшигч, хөдөө аж ахуйн болон худалдааны тэргүүний ажилтан, Зөвлөх агрономич, төрийн захиргааны тэргүүний ажилтан, профессор, алтан гадас одон, монгол улсын гавьяат агрономич цол хүртэж, ойн медалиудаар шагнагджээ. Г.Даваадоржийн ард түмэндээ зориулж хэлэх үг нь: “Арчаатай, ажилсаг хүнд шударга хөдөлмөрөөрөө амьдарч, өөдлөх арга бэлэн байна. Хөдөлмөрийн чадвартай монгол хүн өөрөө хичээвэл ядуурал, ажилгүйдэл гэж байхгүй.”

 

Түүхийн ухааны доктор, профессор  Лувсандоогийн  Чулуунбаатар  нь 1954 онд малчин ард  Түмэнбаярын  (манай нутгийнхан  Даржаагийн гэж төрсөн ахын нэрээр  нь нэрлэж хэвшсэн) Хандын 4 дэх хүү болж мэндэлсэн. Миний төрсөн эцгийг “хонины“ хэмээх Дорж гэж ярьдаг. Төрсөн эцэгтэйгээ би уулзаж байсан. Би төрүүлсэн эхээ “ажаа“ гэж нэрлэдэг. Ажаа маань 6 хүүхэд  төрүүлсэн ч 4 хүүхэд  нь эндсэн, дөнгөж төрөөд зуны халуунд тэмээ унаж явснаас нүдний хараа нь муудаж, төрсөн ахындаа үнэндээ зарцлагдаж, их хүнд бэрхшээл туулж, амьдралынхаа сүүлийн жилүүдэд төрүүлсэн охин Даржаагийн Саруултуяагийн гар дээр сайхан асруулж, хотод ажиллаж буй хүүгийндээ хэдэн удаа ирж байсан билээ. Миний бие 3 настай байх үедээ  “аяваа“ хэмээх Гомбын Аюушийг хүнд өвчтэй, удаан хугацаагаар аймгийн төвд эмчлүүлж байхад нь түүний төрсөн  дүү Садын Лувсандоогийн руу зүтгэж үрчлэгдсэн юм  гэнэ лээ. Үрчилж авсан аав С.Лувсандоо, ээж Баярын Ичинноров нар намайг хүний зэрэгтэй хүн болгох гэж бүхий л талаар хичээн зүтгэж, өсгөж хүмүүжүүлсэн билээ. 1962 онд бага сургуульд орох гэсэн боловч нас хүрээгүй өнжиж, дараа жил нь оторт яваад, 1964 онд сургуульд  10 настай орсон. 1968 онд  4-р анги төгсөөд, аймгийн төвийн 10 жилийн сургуульд орсон. Тэр жилийн намар эцэг маань мориноос унаж бэртээд, манайх сүүний тасаг дээр бараг ганц гэрээр үлдэж, ар гэр хүнд байсан. Бас сургуульд сурах их дургүй учраас хэрэв аймгийн сургуульд аваачиж өгвөл оргоод ирнэ гэж аав, ээжийгээ айлгаж сургууль завсардан Буян-Уул бригадад үхэрчин болсон.

            1969 онд манай сум 8 жилийн сургуультай болоход, аав, ээж маань намайг их учирлаж гуйж байж  8  жилийн сургуулийн 5 дугаар ангид оруулсан билээ. 1973 онд  сургуулиа онц дүнтэй төгсөөд, ЗХУ-д усны аж ахуйн техник мэргэжлийн сургуульд явна гэж их хөөрцөглөж  байсан ч зун нь тэр сургууль хаагдаж, би аймгийн төвийн 10 жилийн сургуульд орсон юм. 1973-1975 онд  Хэнтий аймгийн төвийн 10 жилийн сургуульд суралцаж төгссөн.

            Миний бие  1968-1974 онд  жил бүр 3 сар орчим хугацаагаар нэгдэл нийгмийн ажилд оролцож, сүү машиндагч, хадлан, хашаа худгийн бригадын ажилчин, СЭВ-ийн шинжилгээ, халуун усны үйлчлэгч зэрэг ажил хийж, баярын бичиг, сайшаалын үнэмлэхээр жил бүр шагнуулж явснаа одоо хүртэл хадгалж байдаг.

1975-1979 онд  МУИС-ийн түүхийн ангид суралцаж, түүхч, түүхийн багшийн мэргэжил эзэмшин, онцсайн дүнтэй төгсөж, улаан дипломыг Дондогийн Цэвэгмид гуайн гараас авч байлаа. 1979 оноос  МУИС-ийн түүхийн тэнхимд багшаар  томилогдон эдүгээ хүртэл нийт 32 жил ажиллаж байна. 1993 онд  өөрийн нутгийн уугуул, нэрт эрдэмтэн Л.Бат- Очир багшийн удирдлагаар “Бэлчээр нутаг сонгох ардын уламжлалт арга ухаан, орчин үе (дорнод тал хээрийн бүсийн жишээн дээр)“ гэсэн сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг хамгаалж, 1995 онд дэд профессор цол хүртсэн. Би  МУИС-иас гадна төрийн болон төрийн бус өмчийн 16 их, дээд сургуульд багшилж, хэд, хэдэн их, дээд сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Нийтдээ 100 гаруй эрдэм шинжилгээний бүтээл гаргаснаас  20 ном, илтгэл, өгүүлэл олныг туурвисан. Миний бие дэлхийн түүх, түүний дотор  Ази Африкийн орнуудын түүх, Монголын түүх, Орон нутаг судлал, Монголын эдийн засгийн түүх, Эдийн засгийн сэтгэлгээний түүхээр мэргэшиж, олон мянган шавь нарыг сурган хүмүүжүүлж, улс орныхоо хөгжил дэвшилд тодорхой хувь нэмэр оруулж явна. Би сүүлийн жилүүдэд намтар судлалаар хэд, хэдэн бүтээл гаргасан. Тухайлбал, Артын мэргэн бандид  Балбарын Жамьяндамбийням: амьдрал, хувь заяаны төөрөг,  Эх оронч Ч.Шаарийбуу: Өргөсөн тангарагтаа үнэнч эрэлхэг баатар, одоо бичиж байгаа “Өвгөн Д. Жамсранжав- нэрт ухуулагч, нийгмийн зүтгэлтэн“ зэрэг номыг дурдаж болно.

Миний бие  ЗХУ-ын Москвагийн улсын их сургуульд мэргэжил дээшлүүлж, ОХУ, БНХАУ-д олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож, илтгэл хэлэлцүүлж байсны зэрэгцээ 2006, 2007 онд  Хэнтий аймагт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан. ОХУ, Япон, БНСУ, ХБНГУ-ын эрдэмтэдтэй хамтран ажилладаг. Миний өчүүхэн хөдөлмөр зүтгэлийг үнэлж, засгийн газрын шагнал болох боловсролын болон шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол, тэмдэг, монголын ахмад багш нарын холбооны “Багшийн гавьяа“ одон, ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн медалиар шагнасан юм. Би ачит аав, ээж нартаа номын цагаан суварга босгоно гэж амалсан хүн. Энэ амлалтандаа хүрч яваадаа сэтгэл их хангалуун байдаг. Богд, Өндөрхаан, Баянхутаг минь гэж бодож, нутаг амьтай явахыг хичээж, 1991 оноос  Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, 1998 оноос одоо хүртэл нутгийн зөвлөлийн даргаар ажиллаж байна. 1991 онд Хэнтий аймгийн Баянхутаг сумын түүхэн замнал,  2001 онд нутгийн хүү Х.Чинтогтохтой хамтарч, Алтан нутгийн алдартнууд, 2011 онд  нутгийн хүү Х.Чинтогтох, хүргэн ах Б.Сандаг нартайгаа хамтран энэхүү бүтээл туурвиж байгаадаа их баяртай байна. 2009 оны Хэнтий аймгийн шилдэг эрдэмтэн гэсэн өргөмжлөл хүртсэн.

Би төрүүлсэн болон үрчилж өсгөсөн ачит аав, ээж нарынхаа талаар үргэлж бодож, ажил үйлс маань амжилттай байгаад, сэтгэлийн их эрч хүч авч, тэднийхээ ачийг бага ч болов хариулах юмсан гэж зүтгэж явна. Миний амьдралд олон сайхан багш нар үнэлж баршгүй тус дэм үзүүлснээс бага ангийн багш Лэгцэгийн Нэргүй, дунд ангийн багш Дэндэвийн Жамсран, их сургуулийн багш, монголын ардчилалын загалмайлсан эцэг Зоригийн аав  Цэвээний Санжаасүрэн нараа эрхэмлэн дээдлэж, цаашид бүтээх ном бүтээлдээ гавьяа зүтгэлийг нь томоохон үнэлэх бодолтой явна.

            Эрч хүчтэй, сэтгэл зүтгэлтэй бизнесмен, багш   Загдаагийн Ганбаатар

Би үргэлж л адуу мал Хэрлэн гол, Хаялга дэрс хөндлөн гулд давхиж өссөн нутаг усаа зүүдэлнэ. Энэ нь миний сэтгэлд тэнхээ нэмдэг биз ээ... Бага залуу насны минь бүхий л дурсамж нутгийн тухай бодол сүлрүүлнэ.

Манай өвөг эцэг Жоожийн Дамдингийнх Мөнхөт, Хавцал, Таван толгойгоор нутагладаг Загдаа, Должин, Их бага Долгор, Дашцэрэн, Батсүх нарын хүүхдүүдтэй айл байлаа. Ээжийн талынхан Элдэвийнхэн ч мөн л олуулаа, Элдэвийн Жамсран, Хас-Очир, Дуламсүрэн(эмэг эх), Гомбо гээд л...

Олондоо Загдаа багш хэмээн алдаршсан аав маань улс нийгэмдээ 46 жил хөдөлмөрлөсөн нэр хүндтэй хүн байсан юм. Ээж Д.Ичинхорол энэ туулай жилийн хавар өндөр их 90 насандаа бурханы оронд одлоо. Ээж минь олон хүүхэд төрүүлж өсгөсөн сэргэлэн ой ухаантай, ажилсаг, түмэн олондоо тустай буянтан байлаа. Сумынхандаа Манжига гэж өргөмжлөгдсөн ээжийн хайртай ах Наваанбалдан нагац  маань саяхан таалал болсон доо. Одоо аавын дүү Дэнсмаа эгч маань нутаг усандаа малаа маллаад ануухан хөгшин явж байна.

            Би Дамдин, Элдэвийнхний гурав дахь үеийн хүн юм. Миний өвөг дээдэс аав ээж энэ нутаг усандаа сайн сайхан аж төрж  бас үр хүүхэд ач зээ гуч дөч нь нутаг усандаа нэртэй төртэй сайн сайхан яваад нь би баярлаж тэднээр бахархаж явдаг юм.

Зун амины хэдэн малтай айлууд албан журмын сүү өгөх ажил өрнөнө. Тэр жил манайх Долооны худгийн ар дэнж дээр Санжаа Молом, Сахал Санжаа гуайнхантай айл, сумын  тасагт сүүгээ тушаана. Нэг орой  сүүгээ хүргэхээр 25 л сүү түрдэг тэргэн дээр тавиад мориор чирээд давхиж яваад онгосгоод асгачихсан юм. Ээжид загнуулахаасаа айгаад “сүүгээ тушаачихлаа Модоч гуай авч байна” гээд залчихсан чинь намар 25 л сүү дутуу тушаасан асуудал үүсч, ээж календарь дээр тэмдэглэсэн тэмдэглэлээ үзүүлээд, заводын тэмдэглэл дээр хүлээн авсан нь байхгүй би баригдаж загнуулж явсан минь одоо ч санаанд тодхон байна..                                                                                                                                        Аав төвийн арван жилийн сургуульд багшилж манайх хэдийгээр төвийн айл боловч  хөдөөний айл шиг л байсан юм. Хавар мал төллөх үеэр хэдэн хонь ямаа ганц нэг саалийн үнээгээ аваад Хаялага дэрсэндээ гардаг тул би 4 сараас намар 10 сар гартал сургуульдаа мориор явна. Өвөл цайны сүүний үнээ, бас бус хурга ишиг  тэжээнэ. Ингэж манайх жилийн 4 улиралд малаас салдаггүй, би малын дэргэд өссөн хүн юм.

Тоогоор цөөн боловч манайх таван хушуу малтай айл байлаа. Хүүхэд байхад тэмээнд явах хамгийн дургүй  байв. Тэмээ хаашаа ч хамаагүй явна, харах үзэхийн зуургүй далд орчихно, өлийгөөд хүүхдэд баригдахгүй, ботго тором нь таврана. Тэгээд л би тэмээнд дургүй байсан биз. 1978 онд билүү Засгийн газрын тогтоолоор амины малын тоо толгойг цөөрүүлэх тогтоол гарч хэдэн тэмээгээ бүгдийг нь бусад малаасаа нэлээдийг нэгдэлд өгч байсан юм даг. Социалист улс төр эдийн засгийн онолоор албан хаагчдын малыг хувийн биш амины мал гэж нэрлэдэг байлаа. Миний дунд ах монгол улсын алдарт уяач З.Хүрэлбаатар хар бага наснаасаа нэгдэл нийгмийн ажилд зүтгэсэн хүн дээ.  Дөнгөж 16-тай хүүхэд Дорнод аймаг руу малын тууварт явж өвөл нь ирээд Баян-Эрхтий бригадын 800 гаруй адуу хүлээн авч малчин болж, дараа нь Буян-Уул бригадад олон жил адуу малласан бөгөөд одоо ч Буян уулынхаа бэлд зүүн Хашаат, Адгийн мөргөцөгтөө амьдарч буй. Би багаасаа ахыгаа дагаж өвөл хавар зуны амралтаараа нэгдэл адуунд их давхидаг байлаа. Ах багаасаа морь уяж уралдуулж олон айраг түрүү авч байснаас 1994 оны аймгийн наадамд азарга, морь 2 түрүүлгэсэн нь Цэцэн хааны довон дээр нэг наадамд азарга морь 2-ын түрүү авсан 2 дахь тохиолдол нь болсон юм билээ.

Бага байхад адуунд явахсан гэж сургуулийн амралтаа тэсэн ядан хүлээдэг байлаа. Өглөө үүрээр мандаж буй нарны улбар туяан доор олон адуу хураагаад давхиж явах сэтгэл хийморь сэргэм сайхан  байдагсан. Тэр үед нэгдлийн олон адууны хажуугаар ойр хавийн айл амьтны адууг цуг хураана. Им тамга зүсийг нь ч андахгүй. Тээр жил тавиад оны эхээр салхины гэж нэрлэгдсэн мал их салхидсан намар болж, Эргэн сэтэрхийгээс орой тавьсан адуу зүүн тийшээ салхидаад өглөө Найнгийн цагаан нуур өнгөрөөгөөд авч байсан гэдэг. Энэ нь зуугаад километр газар шүү дээ. Миний багад адуу салхиддаг л байсан гэхдээ дээрхийн дэргэд шалихгүй ээ. Тагийн Овоотоос орой тавьсан адууны үзүүр зүүн тийшээ Модон Жаргалант баруун тийшээ Цайдам нуур орчихдог л байсан. Би боддог юм, хүүхэд байхад өдөрт хэдэн километр морьтой давхидаг байсан болоо гэж. Өглөө голоос адуу хураахаар мордоод Тагийн Овоот, Бүдүүн ухаа, Баруун Зүүн Хашаат, Хавцлын худаг, Мөнхөт, Олцон, Таван толгой , Сүүл Ухаа, Эрхтээр тойрч эргэж буцаж наашаа цаашаа давхихад 100-аад километр лав хүрнэ. Дээр нь морь давхиулна. Дээд гурван насны сунгаа, давхилуудын очих ирэхийг бодоход азарга, соёолон их нас ирж очихтойгоо 100-аад км, адуу хураасантайгаа нийлээд 200 гаруй км морин дээр давхиж өдрийн үлдсэн цагт нь морио гишиглүүлэх адуугаа тавих бас тугал үхэрт явна. Ингэж үүрийн 4 цагаас үдшийн 11 цаг хүртэл өдрийг морин дээр өнгөрөөж байж дээ.

Наадам дөхөөд ирэхээр өдөр хажуугаар хэвтүүлэх ч үгүй морины хүүхэд хэвтвэл уяа морины бие алдарна гээд гэрийн сүүдэрт л сууж амарна. Зуны халуун наранд өдөржин морин дээр давхихад уруул хатаад язайчихна. Аав “Миний хүү ам нь цангавал мориныхоо хөлсийг шимээрэй” гэнэ. Давхиж явахдаа мориныхоо хөхлөөс хэдэн хялгас авч хөлсөнд нь үрээд уруул завсараа хавчуулаад сорно. Тэгэхэд ам хатах нь гайгүй. Одооны морины хүүхэд ч мориноос буугаад л ундаа ус ууж, машинд суудаг болж дээ. Морин дээр давхихаас морь гишиглүүлэх нь мөн ч хэцүү, халуун наранд уралдаж ирсэн морио хөтлөөд уяа тойроод л байна, тойроод л байна, болж байна уу л гэнэ, болоогүй л гэнэ. Арай гэж нэг мориноос буугаад гэрт орж  хүйтэн юм залиглаад эргээд мордоно.  Багын дурсамжинд тод үлдсэн хамгийн гунигтай санагддаг юм нь наадам тарах байлаа. Өвөлжин, хаваржин, зунжин хүссэн, хүлээсэн бэлдсэн наадам тарж тэр их сэтгэл хөөрсөн баярласан зүйл үгүй болж, эцэж туйлдсан морьдоо чирээд сумаас хойш Олцон, Цахиурт уруудаад буцаж явахад дээрээс нар халааж наадам дууссан гэх шиг халуун салхи хонгоноос үлээгээд нөгөө шинэ гутал, дээл шороо тоос адууны хөлс, урвайж үрчийчихээд наадам тарах мөн ч гунигтай эд дээ.

Тээр жил 1971 оны наадмаар сумын 30 жилийн ой болж би 6 насны морь унасны 5 нь айрагдаж, даага баян ходоодолж, манайх хийморьтой сайхан наадаж билээ. Дурьдвал, азарганд манай саарал, моринд “өндөг” хэмээх Лувсанцэрэн гуайн хонгор, соёолонд Мулз Лувсандорж гуайн хамар цагаан хээр, хязааланд Тугалын Равдан гуайн хээр, шүдлэнд манай хүрэн, дааганд манай хул баян ходоодонд орсон юм. Ер нь тааруухан наадсан байлаа ч, хойтон жилийн наадамд дахиад үзнэ дээ гэх сэтгэл төрдөг нь монгол наадам, монгол хүний гайхамшигт чанар юм даа.  Аав ээж маань малд хайртай хурдан адуунд дуртай хүмүүс байлаа. Ээж багадаа хурдан морь их унаж олон айраг түрүүнд уралдаж байсан юм билээ. Аав Галшарын Д.Цэгмид гуайгаас авсан саарал үрээ, гэдсэнд ирсэн хүрэн унага хожим азарга болж сумынхаа тархины таван азарганы тоонд ордог хурдан азарга байсан бөгөөд одоо Хүрлээ ахын уяж хурдлуулж байгаа хурдан борууд энэ хүрэн азарганы төл удам угшил юм аа. Манай адуунд улс бүсийн наадамд айраг түрүү авсан олон унага төржээ. Эхний 2 том даншиг наадмын түрүү даага нь манай адууны унаганууд байснаас гадна Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн соёолонгийн түрүү халтар үрээ, айргийн 4-ийн бор халзан үрээ манай адууны унага угшил юм. Аав ээжийн үлдээсэн хурдан буянгууд халхын том наадмуудад айраг түрүүнд ордог цөөхөн хэдэн тооны хурдан угшлуудын дунд Хэнтийн Баянхутаг сумын Хүрлээгийн боруудын угшил гэж зүй ёсоор тоологдон нутаг усныхаа нэрийг гаргадагт  нь баярлаж явдаг юм.

Энэ дашрамд дурьдахад Хүрлээ ахын анхны даншигаас эхлээд завсаргүй зургаа түрүүлсэн Босоо хэмээн олноо алдаршсан бор халзан азарга хурдан адууны үнийг түүхэнд анх удаа УАЗ 469 машин, хазааранд нь мотоциклын үнэ хүргэж шуугиулж байсан бол түүний төл бор халзан морь 100 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэн зарагджээ. Энэ нь хурдан адууны үнэ 100 гаруй мянган төгрөг байхад Бор халзан 5 саяын үнэд хүрч, түүний төл үрээ өдгөөгийн хурдан адууны 30-аас 40 саяын ханшийг 100 сая болгон үнэлүүлсэн нь цаагуураа малын ханшийг өсгөж малчин ардын сэтгэл урмыг өөд нь татсан хэрэг болж байгаа юм. Ер нь манай сумын адуу хурц хурданаараа алдартай бөгөөд анхны даншиг наадамд монгол улсын 13 аймгийн 100 гаруй сумдын адуу уралдахад 1 түрүү 2 айрагтайгаар манай сум тэргүүлж байсан бол ардын хувьсгалын 80 жилийн ойн их баяр наадмын их насны айргийн 5 морины 2 нь бас соёолонгийн түрүү манай сумын морьд байсан нь халхын хурдан адууны угшлын  нэг том цөм нь манай нутгийн адуу гэдгийг нотолж буй хэрэг юм.

Манай авга ах Дашцэрэн сумын хоршооны худалдагч, түүхий эдийн няравын ажлыг 5 жил хийхдээ Цайдмаас ажилдаа мориор явсан байдаг юм. Одоо Өндөрхаанд сууж буй 80 гарч яваа өвгөн ах маань “би нэг өглөө ч ажлаас хоцролгүйгээр улсын ажлыг амжуулж явлаа” гэж ярьж сууна. Сумаас Цайдам 50- аад километр, өвөл зунгүй мориор ажилд явна гэдэг одоогийн хүний санаанд багтамгүй явдал шүү. Машин мотоциклоор явахад л цаг гаран явдаг газар, бас болоогүй ээ хагас сайн өдөр эрт тарлаа гээд зүүн тийш Харуулын бор толгойд байдаг хадмынхаараа ороод урагшаа Овоон  булагаар дайрч морио юүлээд орой харьдаг байсан гэж байгаа. Дээр үед манай суман дээр байсан 334-р морин өртөөнд улаач хийж байхдаа орой мордоод Дархан суманд хүн хүргээд шөнөдөө эргэж ирээд хонодог байсан  байгаа юм. Тэр үеийн морь хүн хоёр ч хатуу байж дээ. Та олон морь сольж унадаг байсан уу гэхэд “үгүй дээ 2, 3 мориор л явдаг байсан, морьд ч холд сурчихдаг юм” гэнэ.

Би 1985 онд Монгол Улсын Их Сургуулийг Зураг зүйч-Инженер мэргэжлээр төгсөж Улсын Барилгын Хорооны томилолтоор УГЗЗГазарт очиж ажил амьдралын гараагаа эхэлсэн. Дараа нь ЗГЗТҮШИнститутэд инженер, эрдэм шинжилгээний ажилтан хийж байлаа. Би мэргэжлээрээ Хэнтий аймгийн Атлас, Авто замын атлас, Нислэгийн зураг, Үндэсний атласын зарим сэдэвт зургууд, нэлээд хэдэн аймгийн зураг, атласын сэдэвт зураг зэрэг газрын зургийн бүтээл гаргасан байна. Мөн БНМАУлсын авто замыг хөгжүүлэх ерөнхий схемийн ажилд оролцсон юм. Түүнчлэн их, дээд сургуульд зориулсан бүтээл нэгийг гаргалаа. Одоо би барилга, үйлдвэрлэлийн чиглэлийн “Ээл-Ундрам ХХК”-ийг үүсгэн байгуулж ажиллахын зэрэгцээ ШУТИС-д багшилж улс, нийгмийн амьдралд хувь нэмрээ оруулж байна.

 Өвөг дээдэс, эцэг эхээс заяасан нутгийнхаа уул ус савдагт залбирч хүний дайтай явна даа би.       

Доктор, профессор Магсарын Хасбаатарын дурсамжаас

М. Хасбаатар миний бие 1932 онд Хэнтий аймгийн Идэрмэг сумын 8 дугаар багийн нутаг “Янтын бүрд” гэдэг газар ард Юндэнгийн 5 дахь хүү болж төрөөд 7 дахь хоногтоо Магсарынд үрчлэгдсэн  гэдэг. Намайг өргөж авсан аав ээжээс хүүхэд гарахгүй олон жил болсон учир үрийн мөрөөдөл болж бараг айлаас гарсан хүүхэд бүрийг өргөж авахаар ламаас  асуухад нааштай хариу өгөлгүй байсаар надад сая нэг ам нээж би тэдний үр болжээ. Цөөн тооны мал нь амьжиргааны үндэс болдог  ядуу малчин айл байсан бөгөөд би тэр үеийн тийм айлын хүүхдүүдийн нэгэн адил бага насаа өнгөрөөсөн.

Намайг сургуульд орох наснаас маань өнгөрөөж Идэрмэг сумын бага сургуульд 1945 онд оруулж Лхамсүрэн багшийн шавь болгосон минь миний насан турш сурч, сургах амьдралын их гарааны эхлэл байжээ. Дулааны улиралд Хэрлэн голын урд талаас сургуульдаа мориор З.Бадарч, Г.Гомбодорж, Д.Гунаажав гэх мэтийн үе тэнгийнхэнтэйгээ Хэрлэн голоо гатлан хичээлдээ явна. Ингэхдээ Хэрлэнгийн жижиг салаан дээгүүр мориороо харайлган замдаа наадна. Усан дээгүүр харайж өгдөггүй мориор сургуульдаа явах дургүй байдагсан.

Бага сургуулиа онцсайн дүнтэй төгсөж Хэнтий аймгийн төвийн 10 жилийн сургуульд суралцахаар явах болж эцэнхий зээрд мориндоо аав ээж бид гурав гэрээ ачаад аймаг зорьж билээ. Сургуульд бүртгүүлэхээр З.Бадарчин бид хоёр очиход хүүхэд ирээгүй байсан. Багш нарыг ирэхийг хүлээж сая засвар нь дууссан байшингийн сүүдэрт сууж байсан маань одоо хүртэл тод санагддаг юм.

Тавдугаар ангид гэртээ, зургадугаар ангиас дотуур байранд амьдарч 10 жилийн сургуулийг онцсайн дүнтэй төгссөн. Хэнтий аймаг тэхэд ганц бүрэн дунд сургуультай байсан учир аймгийн бүх сумаас хүүхдүүд ирж суралцана. Манай ангид мөн л адил, олон танихгүй хүүхдүүд тэр тусмаа буриад хүүхдүүд олон байсан. Бас хотоос буриад багш нар ирж хичээл заадаг, тэд орос ардын ба дэлхийн сонгодог зохиолоос их ярьж өгдөг байсны дээр хичээлээ тун сонирхолтой заана. Эд бүгдээс би буриад хүмүүсийг их боловсролтой хүмүүс байдаг юм байна гэж боддог болсон ба монгол хүүхэд бид буриад хүүхдүүдтэй сурлагаар өрсөлддөг байсан. Энэ явдал бидний сурлагад тун сайн нөлөө үзүүлсэн гэж одоо боддог. Аравдугаар ангиа төгсөөд би кино оператор болно гэж бодож байсан боловч хотоос эгч маань эдийн засагч болохыг зөвлөсөн юм.

Улаанбаатарт дээд сургуульд суралцахаа явахад аав, ээжийн нас өндөр бас өвчтэй, намайг явуулах хөрөнгө мөнгөний бэл хомс байсан тул би аав, ээждээ явахгүй гэсэн боловч тэд “чиний насан туршийн чинь хань эрдэм ном. Бид хоёр чамайг эрдэм номтой сайн хүүтэй болгох гэж мөрөөддөг. Энэ мөрөөдлийг минь чи заавал биелүүлэх хэрэгтэй. Сургуульд заавал явах ёстой. Бид хоёр сургуулиа төгстөл чинь амьд мэнд байна” гэж хатуу хэлсэн, Ингээд би сургуульд явах болж  аймгийн төв очиж хот орох мөнгөтэй хэрхэн болох тухай бодож сангийн аж ахуйн дэлгүүр орохоор явж байгаад жижиг модон хайрцагтай ёотон олж түүнийгээ дэлгүүрийн худалдагчид учирлан гуйж мөнгө болгоод Улаанбаатар хотод ирж “маршалын гүүр” орох зам дээр 1955 оны 8-р сарын 20-ны өглөө бууж хотын хүн болох анхны “хөл тавьсан”.

Би улсын их сургуулийн эдийн засгийн ангид бүртгүүлэх гэж пропуск бичүүлэн Засгийн Газрын ордонд орж Намын төв хорооны гадаад харилцааны хэлтсийн сургалт хариуцсан хүнд учраа хэлэхэд харин намайг гадаадад геологийн ангид сургана гэлээ. Би монголдоо эдийн засгийн мэргэжлээр сурах гэсэн юм гэж учирлаад МУИС-д хэрхэн очиж бүртгүүлэхийг зааж өгөхийг гуйж байсан хөгтөй явдлаар миний хотын хүн болж оюутан болох гараа эхэлсэн дээ.

Монгол улсын их сургуулийн эдийн засгийн факультетийн эдийн засагч-төлөвлөгч мэргэжлээр 4 жил мэрийж суралцсан. Ийнхүү суралцахад намайг эдийн засагч болохыг зөвлөсөн миний хайрт эгч тэдний гэр бүлийн бүхий л хүмүүс үнэн сэтгэлээсээ туслаж дэмжиж байсныг дурьдахад бахдалтай байна. Аав маань нэгдүгээр курсэд байхад, ээж маань гуравдугаар курсэд байхад өөд болсон. Д.Дамба ахынх миний хоёрдахь гэр маань болсон, би эднийхээс багш болсон, би эднийхээс  гэр бүл болсон, эднийхээс миний бие бие даасан амьдрал маань эхэлсэн. Би анх өрх тусгаарлан гарахдаа Жанжин Сүхбаатарын талбайн зүүн талд, театрын хойт залгаа Их сургуулийн нэг том хашаанд урьд нь хичээллэж байсан байшингийн  том өрөөг 2 хуваасны нэгд нь манайх, нөгөөд нь нэг орос багшийнх орсон хувийн түүхтэй.

Намайг Их сургуулийн 3 дугаар ангид байхад манай факультетэд ЗХУ-ын улсын баатар, доктор профессор (баруун гараа дэлхийн II дайнд алдсан) дөч эргэм насны өндөр том орос багш ирж билээ. Факультетийн декан Д.Загасбалдан багш намайг дуудан “энэ хүнийг чи дагалдан суралцаж их сургуулийн багш болно. Багшаасаа ихийг сур, багшдаа сайн тусал. Хичээлдээ ч сайн суралц, бас улс ардын аж ахуйн төлөвлөлтийн хичээлийн багш болох бэлтгэлээ сайн хий, за яв” гэсэн. Би тэгэхэд чухам юу болж байгаа, яаснаа ч одоо санадаггүй юм.

Би гуравдугаар ангийн турш хичээлээ хийж, орос профессорын зааж сургасныг сонсож бичиж тэмдэглэх, унш гэсэн номыг унших, мөн ганц гартай багшдаа гэр ахуйн алив ажил төрөлд нь нилээд хугацаагаар туслаж байсан. Харин гэр  бүлийн хүн  нь ирж би зарим ажлаасаа чөлөөлөгдөж сургуулиа амжилттай төгсөн төгсөх ажилдаа цагаа зарцуулж эхэлсэн. Би Их сургуулиа онц дүнтэй төгсөж Монгол улсын их сургуулийн багш болсон. Гэтэл бусад нөхөд маань янз бүрийн байгуулагуудад, төрсөн нутгийн аймагтаа гэх мэтээр сургуулиа орхин явцгаасан.  Над энэ явдал нэг л сонин санагдаад Намын төв хорооны боловсон хүчинд пропуска бичүүлж ороод би хөдөөний хүүхэд хөдөө явуулаад өгөөж гэж гуйхад “манай улсад багшлах үндэсний боловсон хүчин хэрэгтэй байна. Нөгөө талаас чамайг ЗХУ-ын өндөр мэргэжлийн үнэ цэнэтэй багшаар хоёр жил шахам хугацаанд ганцаарчлан хичээл заалгаж, багшлах арга барилд сургалаа, ингэж чамд найдвар тавьж байхад чи бидний итгэл алдуулж байна” гэх мэтээр зэмлэж, зөвлөж гарав.  Би үнэхээр явмаар байна ахаа гэхэд, “за яахав чи нутагтаа яв. Харин суралцсан бүх зардлаа төлөөд ир. Тэгээд дипломоо аваарай, гүйцээ, 7 хоногийн дотор асуудлаа шийдээрээ” гээд шургуулгандаа дипломыг маань чулуудаж билээ. Ингээд ордноос гараад явж байхад нэг л эвгүй, бас хөдөө явахад яадаг юм бэ, орон нутагтаа очих сайхан даа гэх мэтээр олон зүйл бодогдон уймарч явж байтал ажиллаж байгаад орж суралцсан ангийнхаа нэг нөхөртэй уулзаж байдлаа ярихад “ чи тун буруу ажил хийлээ дээ, аягүй бол ажилгүй ч болж магад” гэж айлгав.

1959 оны 7 дугаар сарын нэгнээс хойш хийж  гүйцэтгэсэн ажлууд:

Хаана

Албан тушаал

Огноо

Монгол Улсын Их Сургууль

Багш

1959.07.01- 1959.10.31 

Эдийн Засгийн Дээд Сургууль

-Багш

-Төлөвлөгөөний тэнхэмийн эрхлэгч

-Төлөвлөгөө статистикийн салбарын анхны декан

1959.11.01- 1963.09.30

 1963.11.01- 1965.10.01 

 1965.10.15- 1967.10.31

Монгол Улсын Их Сургууль

Төлөвлгөөний тэнхэмийн эрхлэгч

1967.11.01- 1968.10.25

ШУА, УТК-ын Эдийн засгийн хүрээлэн

 

-Тэнцвэрт харьцааны секторын эрхлэгч   

-Эрдэмтэн нарийн бичгийн дарга         

  1968.10.26- 1976.10.15

1976.10.16- 1982.07.25

УТК-ын Үйлдвэрлэх хүчний хөгжил байршлын хүрээлэн

Онолын секторын эрхлэгч

   1982.08.01- 1988.05.31

ШУА Эдийн засгийн хүрээлэн

Секторын эрхлэгч   

1988.06.01-1996.08.31

Хан-уул дээд сургууль

Эрдэмтэн нарийн бичгийн дарга

1996.09.01- 2000.06.30

УИХ Тамгын газар

Гишүүний туслах       

2000.07.01- 2004.07.01

Улаанбаатар Дээд Сургууль

Бизнес менежментийн тэнхимийн эрхлэгч,

зөвлөх багш     

2002.03.01-  2009.09.01

2009.09.01-ээс одоог хүртэл

Миний бие Эдийн засгийн сургуулийн анхны багш нарын нэг бөгөөд оюутнуудыг сонгон элсүүлэх (эхний 5 жил элсэлтийн комиссын нарийн бичгийн даргаар ажилласан), анги, тэнхим, факультет үүсгэн байгуулах, оюутны сурлага хүмүүжлийн бүхий л ажилд 52 жил идэвхийлэн ажиллаж байна.

Багшилсан ба шинжлэх ухааны салбарт ажилласан хугацаандаа 20 орчим мянган дээд боловсролтой төлөвлөлтийн мэргэжилтэн,  эдийн засагч-менежментийн мэргэжилтэн бэлтгэн гаргасан ба одоо Улаанбаатар дээд сургуульд бизнес менежментийн 7 мэргэжлийн ангид бизнес төлөвлөлт, эдийн засгийн бус мэргэжлийн салбарын бүх 3 дугаар ангид эдийн засгийн онолын үндэс хичээл зааж жилд дунджаар 400- 450 оюутан төгсгөж байна.

Миний  олон мянган шавь нар Монгол улсын бүх салбар, удирдлагын бүх түвшинд үр бүтээлтэй ажиллаж байна. Тэдгээрээс хөдөлмөрийн баатар, гавьяатнууд, эрдэмтэд, төрийн зүтгэлтэн, эрхэлсэн ажилдаа өндөр үр бүтээлтэй ажиллаж байгаа хүмүүс  олон бий. Миний үйл ажиллагааг  шавь нар маань улам өргөжүүлсөөр байгаад би туйлаас баярлаж явдаг.

1958 оноос эхлэн өдөөг хүртэл төлөвлөлтийн хичээлийг сургалтын бүрэн хөтөлбөрийн дагуу тасралтгүй зааж байгаа Монголын анхны багш юм. “Бизнес төлөвлөлт” сурах бичгийг 2002 онд бие даан зохиосон ба 2007 оны сүүлчээр “Бизнес төлөвлөлт” (37,0 хх) сурах бичгийг 4 дэх удаагаа өөрчлөн сайжруулж хэвлэн гаргасан. Эдгээр сурах бичгүүдийг Монголын  эдийн засгийн бүх их, дээд сургуулиудад үндсэн сурах бичиг болгон ашиглаж байна.

Одоо “Бизнес төлөвлөгөөний үзүүлэлтүүдийг тооцох аргачлал” 25,0 хх  номыг хэвлэлд шилжүүлэхэд бэлэн болгоод байгаа ба энэ аргачлалыг эдийн засаг бизнесийн удирдлагын мэргэжлийн ангийн оюутнууд, бизнесийн удирдлагын мэргэжилтнүүд, бизнес эрхлэгчид, сонирхогчдод зориулсан гарын авлага юм.

Ганцаар ба хамтран олон тооны ном өгүүллэг бичиж дотоод гадаадын хэвлэлд нийтлүүлсэн ба нийтлүүлж байна.

Гавъяа шагнал  ( Монгол улсын цол, одон, медаль)

¹

Шагналын нэр

Хэдэн онд

1

Таван жилийн гавшгайч

1965, 1970, 1980, 1985

2

Ардын хувьсгалын 40, 50, 60 жилийн ойн медаль

1961. 1971.  1981

3

Хөдөлмөрийн хүндэт медаль

1981

4

Профессор

1998

5

Ардын боловсролын тэргүүний ажилтан цол, тэмдэг

1999

6

Монгол улсын статистик бүртгэлийн тэргүүний ажилтан цол, тэмдэг

2008

7

Шинжлэх  ухааны тэргүүний ажилтан цол, тэмдэг

2009

8

Алтан гадас одон

2010

 

Миний бие  өөрийн амьдралын  бүтээлч бүх үйл ажиллагааг боловсрол, шинжлэх ухааны салбарт зориулж эдийн засгийн үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх,  эрдэм шинжилгээний залуу ажилтнуудад судалгааны арга барил ‎эзэмшүүлэх, их дээд сургуулиудад зориулан төлөвлөлтийн мэргэжлийн сурах бичиг, суралцах зүйлс удаа дараалан зохиож сургалтанд нэвтрүүлэн хэрэглэх, заах арга зүйн өгөөжийг дээшлүүлж төгсөгчдийн мэргэжлээ эзэмших чадавхийг ахиулах, хөдөлмөрчдөд эдийн засгийн боловсрол олгох, бизнесийн байгуулага, аж ахуйн  нэгжүүд, төрийн бус өмчийн дээд сургуулиудын үйл ажиллагааг дэмжин туслах, эдийн засгийн судалгаа шинжилгээг үр бүтээлтэй хийх зэрэг өргөн хүрээтэй үнэ цэнэтэй хариуцлагатай ажил үүргийг олон жил тасралтгүй гүйцэтгэж явна.

Төрсөн нутгаас гараад олон жил болж бараг Улаанбаатарын хүн болсон боловч орон нутаг уул ус, нутгийн ахан дүүс маань үргэлж сэтгэлийн гүнд хадаастай байдаг бөгөөд тэдэндээ яавал тус нэмэр болох бол гэж бодож явах юм. Саяхан Улаанбаатарт нутгийн удирдлага, нутаг нэгэнт ахан дүүстэй уулзаж ярилцахад үнэхээр сайхан байсныг зориуд дурсаж дурсамжаа дуусгав.

 

 

 

 

 

 

Монгол улсын гавьяат жүжигчин

ЦЭДЭНДОРЖ овогтой ТҮВШИНТӨГС

            Хэнтий аймгийн Баянхутаг суманд 1967 онд төрсөн.

·         1975 – 1985 онд Хэнтий аймгийн 10 жилийн дунд сургууль,

·         1987 – 1992 онд СУИС-д суралцаж, дуулаачийн мэргэжил эзэмшсэн,

·         1996 онд Итали улсын Триест хотод мэргэжил дээшлүүлсэн,

·         2003 - 2005 онд МУЗГХА Удирдлагын академийн Нийгмийн удирдлагын менежер,

·         2005 - 2007 онд СУИС-ийн урлаг судлалын магистр,

·         2007 онд “Монголжингоо” дээд сургуулийн дэд профессор,

·         2007 оноос докторантур,

·         1992 – 2007 УДБЭТеатрт гоцлол дуучин,

·         2006 оноос СУИС-ийн Дуулах ур зүй, уран чадвар, дуурийн тавилын багш,

·         2006 оноос Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын даргын үүргийг гүйцэтгэж байна.

Бие даасан тоглолт:

v  Миний араншин

v  Мөнх тэнгэрийн нутаг

v  Бурхан бумбын орон дахь цэнхэрийн голоор нутаг /МУГЖ Г.Эрдэнэбаттай хамтран/

v  Орчлонгийн сайхан хүүхнүүд /МУГЖ Г.Эрдэнэбат, МУГЖ Х.Үнэнхүү нартай хамтран/есөн жил дараалан/

v  Миний Монгол

Айлчлан тоглолт:

v  1993 онд БНАС улсын Пхеньян хот /Гранпри шагнал/

v  1996 онд Итали улсын Триест хот /2 удаа/

v  1999 онд БНАСУ “Хаврын баяр” /Гранпри шагнал/

v  1999 онд ОХУ-ын Улан-Үд хот

v  1993, 1997, 1999, 2001 онуудад АНУ-ын Лос Анжлес, Сант Луйс, Денвер, Чикаго, Нъю Йорк хотууд болон БНХАУ-ын Хөх хот, Бээжин хот

v  2003 онд БНАС улсын Пхеньян хот

v  2004 онд Япон улсын Токио, Осака, Оцу хотуудад

v  2008 онд ОХУ-ын Москва хот

v  2009 онд БНСУ-ын Сөүл хот

v  2010 онд БНСУ, БНХАУ зэрэг улсуудад айлчлан тоглолт хийсэн.

“Учиртай гурван толгой” дуурийн Улсын II уралдаанд Юндэнгийн дүрээр тэргүүн шагнал, нийтийн дууны “Морин хуур” уралдааны 1992, 1996, 2009 онуудад тэргүүн байр, 1997, 1998, 1999 онуудад дэд байр, “Цагаан лавай” дууны уралдаанд “Сүүдэр цармын цэцэг” дуугаар тэргүүн байр, “Зөвхөн Монголдоо” дуугаар тэргүүн байр, “Хонгорзул” сонины нэрэмжит “Хайрын дууны наадам”-ын тэргүүн байр, Б.Шаравын “Чингис Хаан” дуурийн Чингис Хааны дүрээр 2003 оны Шилдэг уран бүтээлчийн шагналыг тус тус хүртсэн.

Ш  1997 онд МУГЖ,

Ш  2009 онд МХЗХолбооны тэргүүн дээд шагнал,

Ш  2009 онд Нийслэлийн тэргүүн дээд одон “Хангарьд”,

-       Урлагийн тэнгэр сонины үүсгэн байгуулагч,

-       МУЗГХА, Соёл Урлагийн хорооны мэргэжлийн зөвлөлийн гишүүн,

-       Монголын Урлагийн ажилтны холбооны Дууны нийгэмлэгийн тэргүүн.

            Төрж өссөн өлгий нутгийн минь түүхт ой болж байгаад нутгийн унаган хүү  туйлын баяртай байна.            Хүүхэд насны минь хөгжөөнт он жилүүд Хүрээгийн уул, Заан ширээ, Унагын ам, Хүрэн толгой, Төмөртийн өндөр, Зүүн баруун хашаат, Бүдүүн ухаа гээд л буян заяаг минь тэгшилж өгсөн нутгийн минь хайрхан, уул, толгод, нуур, цөөрөм бүгд сэтгэл зүрхэнд минь уяатай явдагаа.

            Хүй цөглөж хүн болсон газар нутаг минь хаадын хааны өлгий нутаг гэдгийг ухаа орсон цагаасаа мэдэрч хайрлан бахархаж өслөө.

            Маш олон сайхан дурсамж бичиж болох ч урлагийн алтан шар замд ороход өвгөн буурал багш минь /МУХБ АЖ ТС хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав/ нэг дов шандных байж урам зоригийг бадрааж, омголон явахыг мэдрүүлж байж билээ. Баянхутагийнхаа урлагийн эрхэм алдартнуудаасаа /МУХБ АЖ ТС Д.Лувсаншарав, МУУГЗ Бадарч/ ихийг сурч мэдэж явна.

            Бидний хүүхэд насанд сүүний завод (тасаг ч гэдэг)-оороо бүгд голын тохой бараадан буугаад нэг айл 40-60 үнээ саана. Үүрээр 01-02 цагийн хооронд босох, орой 18-19 цагийн хооронд сүүгээ тушаана. Өөрсдөө хүртэл сүүгээ машиндаж өгдөг байлаа. Заримдаа зуны хүйтэн бороотой өдөр үүрээр хачин их даардагсан, хөл хөлдчих гээд л, тэгэхлээр нь үхрийн нойтон баасан дээр гишгээд зогсож дулаацна, тугалынхаа хашааны амыг сул тавьж хөхүүлээд (зориуд) хэрэг мандааж ч явлаа.

Дөнгөж морь унаж сурч байсан зун. Нэг өдөр Буян уул бригадын хавцлын шанд гэдэг газар  Намхайдагва ахтайгаа өглөө эрт үхрээ услах гээд зогсож байлаа. Гэтэл улаан алчуур зангидсан, эсгий гуталтай, жижиг биетэй, шингэн дуутай нэг хүн хаая, хүүе гэж үхрээ туусаар бидэн дээр ирсэн. Тэр ч үхрийг нааш нь болго, энийг ч тэг гээд зааж эхэлсэн. Явахаар нь “энэ юун хүн бэ” гэж ахаасаа асуусан чинь “юу гэж байгаа юм бэ, энэ чинь Хөдөлмөрийн баатар Данзандаржаа” гэж билээ. Миний бяцхан оюунд “хөдөлмөрийн баатар хүн гэдэг том биетэй, хүнгэнэсэн дуутай байх ёстой” л гэж төсөөлөгдөж байж л дээ. Тэгээд их гайхаж билээ. Зуны халуунд эсгий гуталтай, улаан алчуур зангидсан хүнийг балчир байсан би баатар гэж яаж бодохов. Ингэж л хөдөлмөрийн баатар агсан Данзандаржаа ахтайгаа нүүр тулан учирч билээ. Түүнээс хойш айл, хөрш байж ах дүү болон явж байлаа. Манай баатар ах маань алаг голдуу алхаа гишгээтэй адуу унадаг, бидэнд амьдралын ухаан зааж сургасан сайхан хөдөлмөрч буурал байсныг нутгийн олон андахгүй ээ.

            Энэ бүхэн Монгол түмний минь амьдралын хар ухаан гэдгийг сургаж өгч байж дээ. Уул ус, унаган нутгийн минь ариун их авшиг буян урлагийн эгэл нэгэн уран бүтээлч хүүгээ харан, хайрлан хамгаалж явдаг гэдэгт итгэж, залбирч явдаг аа.

            Эх нутгийн минь ой, Их Монгол улс байгуулагдсаны 805 жил, Ардын хувьсгалын 90 жил, Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жил, Үндэсний эрх чөлөөний 100 жилийн их ойтой давхцан байгаа нь миний нутгийн ард түмэн ямархуу их буян заяатай, хийморьтой түүхийн алсран одох уламжлалт ёс, унаган түүх, удам судартай хичнээн ойр дөтийг харуулж байна.

            Бахархаж байна. Баянхутагаараа

            Баясаж байна. Буянтай олон түмнээрээ

            Та бүхнийг минь бурхан тэнгэр өнөд ивээж

            Буяны аманд, бурханы суганд байх болтугай

 

Монгол улсын гавьяат жүжигчин, уртын дууч Г. Хонгорзулын намтар

            Г. Хонгорзул миний бие Хэнтий аймгийн Баянхутаг сумын хүн эмнэлгийн төрөх тасагт 1974-09-12-ны өглөө Галсанцэрэнгийн Ганбаатарын ууган охин болж мэндэлсэн. Миний аав Ганбаатар ээж Нямзав нар нь 1973 онд гэр бүл болж 5 сайхан хүүхэд төрүүлж манайх ам бүл өндөр настай буурай ээжээ оруулаад 8-уулаа өнөр өтгөн сайхан бужигнасан гэр бүлд өссөн.

1982 онд Баянхутаг сумынхаа 8-н жилийн сургуульд элсэн суралцаж 8-н жилээ дүүргээд 1992 онд Өндөрхаан хотын нэгдүгээр 10 жилд 10-р анги төгссөн. 1995-1998 он хүртэл Хэнтий аймгийн “Хан Хэнтий” чуулгад дуучнаар ажиллаж байгаад 1998 онд СУИС-ийн дуулаачийн ангид элсэн суралцаж 2003 онд мэргэжлийн уртын дуучны боловсрол эзэмшиж төгссөн. Одоо нийслэлийн “Улаанбаатар” чуулгад мэргэжлээрээ ажиллаж байна. Ам бүл 4-үүлээ нөхөр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотод амьдарч байна.

Олон улсад гаргасан уран бүтээл

·         2001 онд Голландын Хатан хааны төрсөн өдөрт уригдаж дуулсан          

·         2002 оны ДАШХөлбөмбөгийн тэмцээнийг уртын дуугаар нээж дуулсан

·         2005 онд Нобелийн шагнал гардуулах ёслолын ажиллагааг нээж дуулсан

  Аялан тоглосон алдарт театрууд

·         АНУ-ын Нью-Иорк хотын “Карнеги Холл” театр, “Бенария Холл” театр, Лос-Анжелес хотын “Холливуд Вовл” театр

·         Голланд улсын Амстердам хотын Европын хамгийн том”Концерт гебау“ театр

·         Японы”Сантори Холл”

·         Их Британи улсын “Алберт Холл” театр

·         ОХУ-ын Чайковскийн нэрэмжит “Большой” театр

                         Бие даасан тоглолт

·         2006 онд “ Хэрлэнгийн домог” Дуурь Бүжгийн Эрдмийн Театр

·         2007 онд “ Их талын шуранхай” Монгол бөхийн өргөөнд

·         2009 онд “ Домгийн хорвоо” Дуурь Бүжгийн Эрдмийн Театр

·         2010 онд “ Хөх тэнгэрийн зээ” Дуурь Бүжгийн Эрдмийн Театр

 Шагнал

·         2005 онд МУСТА

·         2009 онд МУГЖ цолоор тус тус шагнагдсан.

        Миний бага нас төрсөн цагаасаа л Хэнтий аймгийн Баянхутаг сумандаа өсөн торниж тэндээ сургуульд орж сургууль амрахаар сумынхаа баруун талын Өгөөмөр бригадын нутаг дэвсгэрт хөдөөний л хүүхдүүдийн эгил боргил амьдрал дунд өсөн торнисон. Миний аав ээж 2 сумын төвд ажилтай тул би 4 дүүгээ харж хандаж аав ээжийнхээ байх байхгүйд айлын ууган охины үүргийг биелүүлэх гэж хэрэндээ их мэрийдэгсэн. Миний аав гитар, баянхуур, аман хуур зэрэг хөгжмийн зэмсгийг хэрдээ цэвэрхэн тоглочихдог байлаа. Харин ээж минь аяархан хэр нь ямар ч дууг маш цэвэрхэн чамбай дуулдаг байсан. Аав ан гөрөөнд их дуртай тарвага сайн агнадаг байлаа. Би аавыгаа дагаж яваад л тарвага хошгирохоор нь дууриаж хошгирохийг оролддогсон. Ээж минь үйл уранд их гарамгай маш цэвэрч ажилсаг нэгэн байлаа.

Би 10-р анги төгсөөд эмээ өвөөгөө дагаад 1993 онд хөдөө гарч мал маллаж эхэлвээ. Уг нь сургуульд явах санаа их байвч эмээ минь намайг хөдөө гаргахыг ятгаж чадсан юм. Ингээд малчин болж 2 жил хэртэй хөдөө мал маллаж эмээ өвөөгийн тусч охин болж хувирав аа. Залуу хүнд тэр дундаа сургууль соёлд явахыг мөрөөдөн хүсэж байгаа хүнд хөдөө мал маллана гэдэг эхэндээ эвлэрэхэд бэрх л байсан. Ялангуяа хаврын мал төллөх үер өдөржин хониноосоо нүд салгахгүй дагаж явна гэдэг бол үнэндээ тэр үедээ уйтгартай л санагддаг байснаа нуух юун. Би нэг жижигхэн хар дөрвөлжин оросын хүлээн авагч өвөртлөж тэрнийгээ их сонсож явдаг байлаа. Тэгээд ганц нэг дуу сурч тэрийгээ хониныхоо билчээр дээр явахдаа талийн эн, хоолойн чадлаар хэнээс ч ичихгүй хоолой мэдэн дуулж заримдаа мориныхоо цулбуурыг эвхэж атгачихаад амандаа микрофон болгон барьж хэдэн хонинуудаа үзэгчид гэж төсөөлөөд л учир зүггүй өөрийнхөө зохиосон шүлэгэрхүү юмаа өндөр дуугаар 2 гараа ээлжлэн дэлгэж ирээд л уншиж гардаг байлаа. Уул нь би 10-р ангиа төгсөөд сэтгүүлч болно гэж мөрөөддөг байсан тиймдээ ч их ном уншина, бас янз бүрийн шүлэг зохиох гэж оролддог байж дээ. Тэгээд л тэр хониндоо уншсан шүлэгээ ойр хавийн чулуун овооны дор аваачаад л булчихдаг байж билээ. Хаврын өдрийн уртад хонь хариулангаа дуулж явахад 4-н тогоруу намайг дуулаад эхлэнгүүд хонин дунд минь бууж ирээд л намайг удаан дуулахаар хөвж буй мэт далавчаа удаан дэвээд л бүжиглэх мэт хөдөлгөөн хийнэ, харин хурдан дуулбал дороо хурдан хурдан дэвхцэлдээд л яг л дууны хэмжээнд тааруулж бүжиглээд байх шиг надад санагддагсан. Тэр тогорууд 4-үүлээ байснаа намар буцахдаа 6-уулаа болоод тэнгэрт зэллэх сүргээсээ тасарч ирээд миний хариулж байгаа хонин сүрэг дээгүүр нэгэнтээ ганганалдан эргэж нисээд сүргийнхээ хойноос нисэн одож байсныг би маш сайн анзаарч билээ. Ийм байдлаар би тэр тогоруудыг 2 хавар угтан дуулж 2 намар үдэн далласан минь одоо бодоход талын цэнхэр тэдгээр тогорууд миний анхны үзэгч байсан болов уу даа гэж хааяахан би дурсан санадаг юм.

Яг энэ тухайгаа 2001-09-12 нд “Өдрийн сонин”-д сэтгүүлч Д. Оюунтуяа гэдэг бүсгүйд ярьж өгч тэр сонинг олон уншигчид уншиж миний энэхүү ярилцлагыг ихэд таалж байсныг би санаж байна. Миний энэ ярилцлагыг манай СУИС-ийн захирал Д. Цэдэв багш минь олж уншаад надад зориулж “Тогоруун дуутай намар” гэдэг шүлгийг бичиж өгч дуу болгохыг хүссэн юм. Би тэр шүлгийг хөгжмийн зохиолч Т. Сэр-Од багшид барьж очин үзүүлэхэд маш таашаан хүлээн авч 2001-11-23 нд дууны ая бэлэн болж ийм нэгэн сайхан дуу бүтэж энэ дуугаа би өөрөө дуулсан юм.    

Тогоруун дуутай намар

                                       Хонин сүрэгт хорогдоо юм уу

                                      Хос хосоороо тогоруу бэлчинэ ээ

                                      Хоолойн цээлд уяраа юм уу

                                      Хос хосоороо тогоруу бүжинэ ээ

                                                 Тогоруун дуутай намар   

                                                 Миний сэтгэлээс буцахгүй ээ

                                                 Толгод дамжин дэгдсэн

                                                 Хонгор насаа үргээхгүй ээ

                                      Ухаа цайдамд идээшээ юм уу

                                      Хос хосоороо тогоруу эргэнэ ээ

                                      Учрал хайрыг даллаа юм уу

                                      Хос хосоороо тогоруу ханьсана аа

                                                 Тогоруун дуутай намар   

                                                 Миний сэтгэлээс буцахгүй ээ

                                                 Толгод дамжин дэгдсэн

                                                 Хонгор насаа үргээхгүй ээ

                                      Холын аяндаа дуудаа юм уу

                                      Хос хосоороо тогоруу ганганана аа

                                      Хойтон ирэхээ зарлаа юм уу

                                      Хос хосоороо тогоруу зэллэнэ ээ   

                                                 Тогоруун дуутай намар

                                                 Миний сэтгэлээс буцахгүй ээ

                                                 Толгод дамжин дэгдсэн

                                                 Хонгор насаа үргээхгүй ээ

      Нутгийн минь уул ус хүн зон олон үргэлж миний сэтгэлд уяатай байдаг аа. Миний багад чихэр үзэм өвөрлөн хүүхэд багачуудыг баярлуулж явдаг байсан олон сайхан буурлуудыг би огт мартдаггүй.

Миний аав ээж юугаар ч дутаалгүй маш сайхан өсгөж хүмүүжүүлсэн бөгөөд миний ээжийн талынхныг бүжин Намжилынхан гээд нутгийн буурлууд андахгүй сайн мэддэг юм билээ. Би Баянхутаг сумынхаа  8-н жилийн сургуульд сурч байсан үеэ огт мартаж чаддаггүй юм. Одоо ч санахнаа өчигдөр юм шиг л бүх зүйл тодхон гэгээхэн санагдаж байна. Манай багш нар биднийг эгэлгүй сайхан сургаж хүмүүжүүлсний ачаар бид өнөөдөр амьдралд өв тэгш сайхан амьдарцгааж байна. Би нэгэн зүйлийг ихэд эрхэмлэж хүн бүхэнд ерөөж явдаг юм. Тэр бол: 

                                 Дээдийн баян эрүүл байх болтугай

                                    Дэргэдийн буян элэг бүтэн жаргах болтугай   гэж хэлэх ерөөх дуртай. Нутгийн минь түмэн олонд энэ ерөөл шингэх болтугай.

 

Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Тайван овогт Жамбаагийн Төмөрбаатар                      

Өөрийн тухай товчхон

            Миний бие 1945 онд Баянхутаг сумын Долоон гэдэг сайхан нутагт Намсрайн Жамбаагийн өргөмөл охин Должинсүрэнгийн Долгорсүрэнгээс мэндэлсэн билээ. 1953 онд сумынхаа бага сургуулийн нэгдүгээр ангид Дашзэвгэ багшийн шавь болж, 1-р ангиа Онцсайн дүнтэй төгссөн тул Сайшаалын үнэмлэх, үнэ бүхий зүйлээр шагнуулсандаа урамшиж номын мөр хөөх үүд хаалгаа нээсэн юм. Би 1957-1963 онд Өндөрхаан хотын төвийн 10 жилийн дунд сургуулийг дүүргэж, улмаар ЗХУ-ын Ленинград хотын С.М.Кировын нэрэмжит Ойн инженер техникийн академид элсэн суралцаж төгссөн. 1968 онд инженер-эдийн засагчаар ажиллаж  байтал Хэнтий аймгийн удирдлагуудын  удаа дараагийн хүсэлтээр аймгийн АДХГЗ /хуучин нэрээр/ -ны Төлөвлөгөөний комиссын мэргэжилтэн, орлогч даргаар ажиллахаар ирж билээ. Тэр үед Орост дээд боловсрол эзэмшсэн орос хэлтэй хүн аргагүй л ховор байсансан. Аймгийн төлөвлөгөөний комисс маань эрх мэдэл өндөртэй байсан байх, олдоц ховортой бараа материалыг тусгай хувиараар сумдад хувиарлана. Би нэг удаа аймгийн Бөөний бараа баазад хотоос хуваарилагдаж ирсэн  бор эсгийг /тэр үед нэг машинд 190 ширхэг бор эсгий ачдаг байсан юм/ Баянхутаг суманд машинаар нь хуваарилж явуулсан нь хэт нутгархаг үзэл гаргасан гэж аймгийн Намын хороонд матаас очсон гэдэг. Уг нь нэг суманд 5-7 ширхэг эсгий хуваарилдаг байсан. 1975-1980 онд аймгийн Намын хорооны Үзэл суртлын хэлтсийн МЗНН-ийн нарийн бичгийн даргаар ажиллахдаа монгол зөвлөлтийн ард түмний найрамдлыг гүнзгийрүүлэн бэхжүүлж, хөгжил цэцэглэлтийг өргөн дэлгэр сурталчилж, залуу хойч үеийг интернационалч үзэл санаа, өв тэгш хүмүүжлээр хүмүүжүүлэх, нийгэмлэгийн гишүүдийн эгнээг өргөжүүлэх, гадаадын мэргэжилтнээс суралцах, туршлага судлахад хүчин зүтгэж ажилласан.

Улмаар 1979 онд Зөвлөлтийн соёлын өдрүүдийн арга хэмжээний хүрээнд манай аймагт ЗХУ-ын Соёлын яамны орлогч сайд Попов тэргүүтэй төлөөлөгчид  хүрэлцэн ирж аймгийн Соёлын ордонд найрамдлын сарын нээлтийн ажиллагаан дээр төлөөлөгчдийн тэргүүн Поповын тавьсан илтгэлийг шууд монгол хэлнээ хөрвүүлсэн нь орчуулгын хэмээн сайшаагдаж билээ.

1980-1988 онд Үзэл суртлын хэлтсийн эрхлэгчээр ажиллахдаа аймгийн УААА-ны төлөвлөгөөт зорилтыг бүрэн хэрэгжүүлэх, үзэл суртлын ажлыг зохион байгуулж, ХАА-н нэгдлийн бригадуудын өдөрлөгийг өргөн цар хүрээтэй явуулж, хөдөлмөрчдийн соёл боловсролын түвшинг дээшлүүлэхэд мэргэжлийн байгууллагын хүчийг дайчлан оролцуулахад гол анхаарлаа хандуулдаг байсан. Сард 1 нэг удаа 10 хоног буюу жилд 12 удаа графикт хугацаагаар суртлын бригадаар явахдаа хэдэн мянган км замыг “Ухуулгын цагаан”-тайгаа туулж билээ.

1988 онд намайг аймгийн АХШХ /хуучин нэрээр/-ны орлогч даргаар томилж АХШХ-ны дарга Ц.Яндагдорж хэмээх ажлын баялаг туршлагатай, ажилд дайчин шуурхай, олон жил удирдах ажил хийсэн хүний удирдлаганд ажиллаж байсандаа бахархаж явдаг юм. 1992 онд манай улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай нийгмээс зах зээлийн тогтолцоотой  нийгэмд шилжиж байсан түүхэн үед миний бие шинээр байгуулагдаж буй аймгийн Өмч хувьчлалын комиссын албанд тохоон томилогдсон.

Өмч хувьчлал... миний хувьд төдийгүй Монгол улсын хувьд цоо шинэхэн зүйл байлаа. Хувьчлалын ажил эхлэхэд ганцхан Өмч хувьчлах тухай хуулиас өөр гартаа барих бичиг баримт, урьд өмнө яаж хийж байсан бол гэхээр санаа оноо авах ч гарын авлага, материал тарчигхан байсан. Өмч хувьчлалын ажил алдаа оноо байсан л байх, бидний хувьд хуулийг хэрэгжүүлэхийн төлөө л ажилласан даа.

Монгол Улсын Их Хурлаас 1997 онд Статистикийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, аймгуудад Статистикийн товчоог бие даасан хэлтэс болгон өөрчилж, хэлтсийн даргаар намайг томилуулахаар дээд байгууллагад санал  явуулснаар Үндэсний статистикийн даргын тушаалаар томилогдон ажиллах хугацаанд Үндэсний статистикийн газраас тусгай болзол гарган жил бүр аймаг, хот, дүүргүүдийн статистикийн хэлтсийн ажлын үр дүнгийн үзүүлэлтээр байр эзлүүлэн ажил дүгнэхэд манай хэлтэс ажлын үзүүлэлтээр хэлтсүүдийн дунд 1998 оноос эхний 5 жилд эхний 10-т, сүүлийн 6 жилд нь айргийн 5-д удаа дараа шалгарч байсан.

1972 онд Москва хотын Плехановын нэрэмжит Эдийн засгийн дээд сургуулийн дэргэдэх дээд курс, Новосибирск хотын Коммунист намын дээд сургуулийн дээд курс, Д.Сүхбаатарын нэрэмжит Намын дээд сургуулийг тус, тус дүүргэж мэргэжил боловсролоо байнга дээшлүүлж байсан нь өөрийн удирдлагад ажиллаж байсан хамт олонтойгоо тулгамдсан асуудалд нөхдийнхөө санаа бодлыг тусгаж, хамт олноороо нэгдсэн ойлголттой нэг санаагаар асуудлыг шийдвэрлэж, эрхэлсэн ажлаа хэвийн явуулахад нөлөөлсөн гэж боддог. Ийнхүү миний бие нам, төрийн байгууллагад 40 гаруй жил алба хашиж 2009 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. Туулж өнгөрүүлсэн замаа эргэн харахад, намын хороонд 13 жил, захиргаанд 26 жилийн ажил амьдралаа холбосон нь аймгийн түүхэнд бичигдэх ховорхон тохиолдол гэдэгтэй маргах хүн гарахгүй бизээ.  

Төрийн алба хашихын зэрэгцээ биеийн тамир спортоор нилээд идэвхтэй оролдож байлаа. Ялангуяа үндэсний бөхийн барилдаанд 1970-аад онд гайгүй барилдаж, аймгийн цол хүртэж байсны дээр 1971 онд аймгийн наадамд шөвгийн 4-т үлдэж цолоо бататгаж байлаа. Мөн Баянхутаг сумын наадамд 2 удаа, Мөрөн суманд 1 удаа түрүүлж, хурдан удмын даагаар байлуулж байлаа. Аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр 16 жил ажилласан. Одоо аймгийн Шагайн холбооны тэргүүнээр сонгогдож, үндэсний спортыг хөгжүүлж, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой ажиллаж байна. Миний ажлын амжилт бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж, Алтан гадас одон, Ардын Хувьсгалын 60, 70, 80 жилийн ойн болон Чингис хааны 800 жилийн ойн медалиуд, Санхүү, бүртгэлийн статистикийн тэргүүний ажилтан тэмдгээр шагнасан.

Эдүгээ миний бие энэ зэрэгтэй яваагаа өсөж төрсөн нутгийн минь уул ус, баян хангай, газар нутгийн минь нөмөр нөөлөг, миний халамжит хань, Монгол улсын гавьяат багш Ч.Гантөмөр / агсан /, том охин Т.Ариунаа / ”Жуулчин” корпорацийн япон хэлний менежер /, удаахь охин Т.Ариунтунгалаг / аймгийн Архивын албаны дарга / бага охин Т.Ариунтуяа / Орхон Их сургуулийн англи хэлний багш / түүнчлэн сайхан сэтгэлт олон түмний тусламж, дэмжлэг гэдэгт бүрэн итгэлтэй явдаг юм.

 

  МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ ЗОХИОН  БҮТЭЭГЧ, ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР, БАГШ  ГОМБЫН АЛТАНГЭРЭЛ                                                                                                                       

Гомбо  овогтой Алтангэрэл 1953 онд Хэнтий аймгийн Баянхутаг суманд  төрсөн, УБИС-ийн физикийн салбар, ШУТИС -ийн  магистрантур  төгссөн, физикч, инженер багш  мэргэжилтэй, боловсрол судлалын болон техникийн ухааны  магистр  цолтой, Дархан хотын 10 жилийн  сургуульд физикийн багш, Залуу  техникчдийн ордонд зохион бүтээгч инженер багш, лабораторийн эрхлэгч  багшаар ажиллаж тасралтгүй 25 жил  багшилжээ.  МУИС-ийн Физик Электронникийн  сургуульд инженер багш, төрийн  өмчийн  хорооны хангамж эд хөрөнгийн бүртгэлийн газрын  мэргэжилтэн,  2003 оноос  Залуу зохион бүтээгчдийн “Эврика” нийгэмлэг ТББ-ын гүйцэтгэх захирлаар  тус,  тус  ажиллаж  ирсэн  ба одоо   ШУА- ийн тэргүүлэгчдийн газар инноваци хариуцсан мэргэжилтнээр   ажиллаж  байна.

            Инженер, зохион бүтээгч Г.Алтангэрэл  нь  багшилсан 25 жилийн   хугацаандаа өсвөр залуу үе, оюутан сурагчдын техникийн сэтгэлгээг хөгжүүлэх, техникт хүсэл сонирхолтой  болгох, тэдэнд  зохион  бүтээх авьяас  чадварыг  олгох,  бүтээлч хөдөлмөрийн  үйл ажиллагаанд  суралцуулахад онцгой  амжилт гарган ажиллаж иржээ. Тэрээр шавь нарынхаа хамтаар  нар, ус,  салхины  эрчим  хүч  ашиглах, физик электронник, автоматикийн  чиглэлээр 30 гаруй  техникийн  бүтээл  хийж ШБОС-ын гэрчилгээ  авсан  бөгөөд  хийсэн бүтээлээрээ Москва, Пловдив, Пхеьнян хотуудад болсон олон улсын  залуучуудын  техникийн  бүтээлийн  үзэсгэлэнд  амжилттай оролцож,  шагнал  хүртэж  байсан байна.  Түүний хүүхэд залуучуудад техникийн боловсрол олгож зохион бүтээх авьяасыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, техникийн бүтээлүүд зохион бүтээж туурвисныг нь үнэлж   1998 онд “Боловсролын тэргүүний ажилтан”,   2004  онд  Оюуны  өмчийн  газраас  "Монгол улсын шилдэг зохион бүтээгч"  цол, тэмдгээр  шагнажээ.  Мөн  2007 онд  Үйлдвэр худалдааны  яамнаас   “Монгол улсын зөвлөх инженер”   цолыг  олгожээ.  Тэрээр  шавь нарынхаа  хамтаар “Сансар” хэмээх  монголын анхны робот зохион бүтээж, “Хэрэм” нэртэй анхны  микро ( бичил )  мотоцикль,  “Тахь”    авто картинкийг зохион бүтээж   хийж туршиж  байлаа.

 Хүүхэд багачуудын сурган хөмүүжүүлэх үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг үнэлж   Монголын багш нарын 4:,5 –р их хуралд төлөөлөгчөөр  сонгогдож  “Тэргүүний сэхээтэн залуу алтан медаль”, “Хөдөлмөрийн  хүндэт  медаль”-иар шагнагдаж  байснаас  гадна . монголын  хүүхэд залуучуудын сурган хүмүүжүүлэх үйлсэд зориулсан хүч хөдөлмөрийг  нь  төр, засгаас өндрөөр үнэлж   “Алтан гадас” одонгоор шагнасан юм      Сосорбарамын Майнбаярын хамт Монголд усан  аялалын эх суурийг тавилцаж, 1985 онд анхны   “Сорилт”  багийн гишүүнээр Эг, Дэлгэр мөрөн, Сэлэнгэ мөрнөөр 1240 км   усан аялалд оролцож  байсан ба 2010 онд  “Гоодаль” сэтгүүлийн газраас  зарласан  “Миний  аялалын түүх” сэдэвт   бичлэгийн уралдаанд  хоёрдугаар  байр эзэлж  байлаа.

Хийсэн бүтээлүүдээс:  “Ёслол хүндэтгэлийн өргөө - 2010 он” –г бүтээснээс гадна

 монголын уламжлалт гар урлалын сийлбэрлэх, зүмбэрлэх урлаг, эсгий, ширмэл,  металл, хөөмөл оролцуулж  зохион бүтээсэн их найман ханатай  гэр бий.

 

Монгол улсын спортын мастер Жигжидсүрэнгийн Дашдорж

1956 онд Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Мөнхтийн худаг” гэдэг газар төрсөн.  1974 онд Өндөрхаан хотийн төвийн  жил, 1974-1978   онд УБДСийн биеийн тамирийн салбарыг дүүргэсэн.   Биеийн тамирын  багш, дасгалжуулагч мэргэжилтэй,   аймгийн арслан Ж.Батболд багшийн унаган шавь нарын нэг  юм.

              УБ хотын 51, 13- р сургуульд багш,  1987-1993 онд Анагаах Ухааны Их Сургуульд    биеийн тамирын багш, тэнхмийн эрхлэгчийн ажил эрхэлж   байлаа.     1993 оноос одоог хүртэл Польш улсын Варшав хотод амьдарч  байгаа бөгөөд  бариа засал, биеийн тамир эмчилгээ хийж байна.

   Багаасаа  гар бөмбөгийн спортоор  амжилттай  хичээллэж улс, аймгийн  чанартай  тэмцээн уралдаанд  амжилттай  оролцож,  байр эзэлж   байсны зэрэгцээ  1974 онд УБДСийн шигшээ багийн бүрэлдэхүүнд орж, гар бөмбөгийн спортоор идэрчүүдийн улсын аврага болж , алтан медаль хүртэж  байлаа.   1976 оноос   байт харвалтын спортоор эрчимтэй хичээллэж  хот,  улс, олон улсын  чанартай тэмцээнд  амжилт гарган оролцож байр эзэлж байсан ба  улмаар 1981 онд байт харвалтаар спортын мастер цол хүртсэн байна. Биеийн тамирын багш, дасгалжуулагчаар ажиллах хугацаандаа  сагсан бөмбөг болон гар бөмбөгийн спортоор  олон шавь нар төрүүлж,   тамирчид бэлтгэж гаргасны зэрэгцээ  шавь нар нь хот, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд  удаа дараалан амжилт гарган  оролцож,  алт, мөнгөн медаль авч байсан байна.

Уяачдын холбооны хүндэт өргөмжлөлтэй,” уртын “ хэмээх Лувсангийн Дамдинжав нь 1932 онд Сүхбаатар аймгийн Асгат суманд малчин ард Лувсангийн  6 дахь хүү болон мэндэлжээ. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж, 1936 онд аав ээжийнхээ хамт Хэнтий аймгийн Баянхутаг суманд шилжин ирж суурьшжээ. Сумын бага сургуульд суралцаж төгссөн. 1950 онд ардын цэргийн алба хааж, улмаар Дорноговь аймгийн Алтанширээ суманд Содномжижээтэй гэр бүл болж, тэнд барилгачдын төлөө бригадын дарга, нэгдлийн малчнаар ажилласан байна. 1965 онд Хэнтий аймгийн Баянхутаг суманд ирж, “ Тэмцэл “ нэгдлийн гишүүн болж мал маллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан.

            Л.Дамдинжав 1950 оноос морь уях гараагаа эхэлж, хагас зуун жил энэ эрдэм ухаанд суралцсан. Тиймээс 1983 онд Хэнтий аймаг байгуулагдсаны 60 жилийн ойн баяр наадамд цагаан морь нь түрүүлж, хээр халзан азарга нь гуравт хурдалсан. 1997 онд Хардэл жанжин бэйс, өвгөн ноёны нэрэмжит зүүн бүсийн наадамд хүрэн морь нь тавд давхиж, анхны их хурдад явсан ажээ. 2001 онд улсын баяр наадмаар хонгор шүдлэн нь гуравт хурдалсан байна. Тэрээр 1998 онд сумын алдарт уяач, 2000 онд аймгийн алдарт уяач цол хүртэж, 2002 онд Монголын морин спорт уяачдын холбооны хүндэт өргөмжлөл авчээ.

            Л.Дамдинжав 1981 онд мал өсгөх, төл хүлээн авах ажилдаа өндөр амжилт гаргасан учраас аймгийн жуух бичиг болон ойн медалиуд, баярын бичиг, сайшаалын үнэмлэх, дурсгалын зүйлээр удаа дараа шагнагдаж байсан хүн юм. Дамдинжав морь уях эрдэм ухааныхаа буухиаг хүү Эрдэнэчулуун, Бадарчид залгамжлуулж, хүргэн Очиржав, Батгүн нар нь аймгийн алдарт уяач болжээ. “Уртын“ Дамдинжавын  уг гаралтай олон морьд аймаг сум, улс бүсийн наадамд хурдалж байгаагийн дотор Г.Батхүүгийн толин хул азарга, хонгор шарга морьд нь түрүү, айраг авч байлаа.

            Аймгийн алдарт уяач Дандарын Нацагдорж нь 1924 онд Хэнтий аймгийн Баянхутаг сумын Хөвийн шар толгой гэдэг газар малчин ард Дандарын  гуравдахь хүү болон мэндэлсэн. Бага наснаасаа мал маллаж байгаад, 1943- 1948 онд Дорнод аймгийн Эрээнцавын морьт дивизд цэргийн алба хааж, хил зөрчигчийг илрүүлэн хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж явжээ. Тэрээр орон нутагтаа малын тоо бүртгэгч, багийн даргын ажил хийж явжээ. Түүний эцэг Тасрангийн Дандар нь лонхон хээр мориороо Сэцэн ханы олон наадмаас олон удаа айраг, түрүү авч байсан алдартай уяач байв. Иймээс Д.Нацагдорж бол удам дамжсан уяач юм.  Д.Нацагдоржийн адуун сүрэг нь банди, донир, жигээ угшилтай. 1970 оноос хээр азарга, цагаан морь, 1980- 1990 онд хонгор азарга, халзан морь зэрэг олон хурдан хүлгээрээ сум, аймаг, орон нутагтаа олон айраг түрүү авч байсан. Эдгээр амжилтыг нь үнэлж, 2003 онд Д. Нацагдоржийг Хэнтий аймгийн алдарт уяач цол, тэмдгээр шагнажээ. Түүний төрсөн ах Лувсаннамжил нь Хэнтий аймгийн Гүндүгааварлин хийдийн хамба лам байсан. Одоо Д.Нацагдоржийн үр хүүхдүүд нь удам дамжсан уяачид,  төв, орон нутагтаа үр бүтээлтэй ажиллаж, сайн сайхан амьдарч байна.          

         Аймгийн алдарт уяач Лувсангийн Гонгор                       1926  онд Сүхбаатар аймагт мэндэлсэн. 1931 онд нэр бүлийн хамтаар Хэнтий аймгийн Баянхутаг сумын Цагаан тэмээт хэмээх газар ирж суурьшжээ. 1933 онд Өндөрхаан уулыг тахих үед тэрбээр хурдан морь унаж явахдаа халхын хамгийн сүүлчийн Сэцэн хан Ц.Навааннэрэнг олж харж бахархаж байсан гэдэг. Л.Гонгор монгол бичиг заалгаж сайн сурсан нь хожмоо төр, засгийн алба хашихад их тус дөхөм болсон ажээ. 1959 онд  тэрээр нутгийн бүсгүй Чиэмэдцэндтэй гэр бүл болж, нэгдлийн гишүүнээр элсэн хоньчин болжээ. Мөн улсын бэлтгэлийн хонь тууварлан Чойбалсан аймгийн Эрээнцавт тарга хүч сайтай, өндөр жинтэй тушаажээ. 1960-аад оны үед түүнийг улсын аварга малчнаар тодорхойлох гэсэн боловч ийм том шагнал хүнддэнэ хэмээн татгалзсан тухай яриа байдаг. Харин Өгөөмөр, Буян-Уул бригадад намын хэсгийн зохион байгуулагч, фермийн дарга, малчнаар ажиллаж байхдаа улсын аваргууд, хөдөлмөрийн баатрууд төрж гарахад багагүй нөлөөлж, арга туршлагаа зааж хэлж өгч байжээ.

            Л.Гонгор хурдан удмын донир адууны угшлыг батжуулан хөгжүүлэхэд их анхаарч, хурдан морь уяж сойж, нутгийн уяачдад хэлж зааж өгснөөр манай нутгийн уяачид түүнийг ихэд хүндэтгэж  иржээ. Иймээс түүнд аймгийн алдарт уяач цол хүртээсэн учиртай. Л.Гонгорын хурдан хүлгүүдээс алдарт толин хул нь улсын баяр наадмын түрүү авч байсан билээ. Энэ бүх мэдээллийг уг номыг хамтран зохиогч Б.Сандагаас авсан болно.

            Аймгийн алдарт уяач Наваанцэндийн  Оросоо нь 1953- 1986 он хүртэл морь цяж, аймаг, сумын наадмаас 24 айраг, түрүү авчээ. Энэ нь түүний багаасаа адуу малтай хөөцөлдөж, ахмадуудаас их зүйлийг сонсож мэдсний нэг үр дүн бололтой юм. Н.Оросоогийн уяж хурдлуулсан хүлгүүдээс дурдвал, 1964 онд Хэнтий аймгийн наадамд шарга халзан хязаалан түрүүлж, хонгор халзан хязаалан аман хүзүүдсэн бол 1965 онд хонгор халзан морь нь түрүүлж, шарга морь нь аман хүзүүнд оржээ. Хэнтий аймгийн Баянмөнх суманд халиун даага нь түрүүлж, 1985 онд Дорноговь аймгийн Иххэт суманд их насны морь нь түрүүлжээ. Тэрээр 1962 онд сумандаа хязаалан хул морь,  1969 онд халиун зүсний соёолон морь, 1981 онд соёолон, 1985 онд хээр даагагаа түрүүлгэж, 16 айраг авсан. Энэ бүх амжилтыг нь үнэлж, 2007 онд аймгийн алдарт цяач цол, тэмдэг олгожээ.

 

  Нэрт уяач Цэнд овогтой Лувсандамдин нь  1925 онд ХХХэнтий аймгийн Батноров суманд мэндэлсэн. Тэрээр 19 настайгаасаа морь уяж эхэлснээс хойш 40 гаруй жил Хэнтий аймгийн Баянхутаг, Галшар, Буянт, Баянмөнх, Дархан, Хэрлэн, Батноров, Идэрмэг болон Сүхбаатар аймгийн Мөнххаан, Түмэнцогт, Түвшинширээ, Дорноговь аймгийн Дэлгэрэх, Иххэт зэрэг сумдын баяр наадам, бэсрэг наадмуудад хурдан морьдоо уяж сойж олон түрүү, айраг авчээ. Ялангуяа 1970-1989 онд түүний их улаан морь, бага улаан морь, цуурхай цагаан зэрэг морьд нь ид хурдалж олон наадмын түрүү, аман хүзүүг авч наадамчин олныг баярлуулж байжээ. Ц.Лувсандамдин нь их насны морь болон хусран даага уяж сойхдоо гаргуун дадлагажиж, хамгийн сүүлд сумандаа их насны цагаан морь уяж түрүүлгээд, уяачидтайгаа морь ярьж суугаад таалал төгсчээ. Тэрээр уяачид, залуучуудад хандаж, адуугаа сайжруулахын тулд азарга, гүүг шинжин сонгох явдал онцгой чухал хэмээн зөвлөжээ. Тэр зөвлөгөөнөөс дурдвал: Сайн азарганы шинж нь толгой хатингардуу, магнай тэнэгэр, чих урт, хамрын нүх уужим, зовхи зузаан, сормуус урт, цээж өргөн, мундаа сэрвээ өндөр, хавирганы матаас сайн, нуруу шулуун, зоогоороо ялимгүй бөгтрөгтэй, ташаа өргөн, үс нь олон эргүүлэгтэй, туурай нь цомбон хэлбэртэй, сагаг босоо, шилбэ бүдүүвтэр, гэдэсний хэвлий тавиун байдаг юм. Сайн гүүний шинж нь: Бие ханхар, хөл их алцгар, ташаа нь агуу, сэрвээ өндөр, бүх бие нь бөөрөнхий, дөрвөн хөл тэгш, туурай нь зузаан мөлгөр, өвчүүний судас хуруу мэт бүдүүн, хоёр хүнхрэг хонхорхой, их гэдэстэй, доод уруул их, урт буйлтайгүүнээс эр унага гарвал сайн морь төрж байгаа нь тэр гэж үр хүүхэд, залуу уяач нарт сурган захиж байжээ.

Аравнайлсан бурхан лугаа адил адис хүртэм

Аз далласан буяны тэнгэртэй

Хийморь сэргээсэн хурдан морьд мину

Хойморт тань залагдах тэнгэрлэг хүлгүүд мину

 

            Уяач  Содномын Гомбын амжилтаас

С. Гомбо 1909 онд Хэнтий аймгийн Баянхутаг суманд мэндэлсэн. Нутаг усны олон түмэндээ уяач, малч ажиллагаагаараа алдаршиж явсан энэ хүний саарал, ухаа зүсмийн хурдан хүлгүүд сум, аймаг, улсад сайн хурдалж байсан ажээ. Тухайлбал, Содномын Гомбын саарал азрага 1952 онд улсад түрүүлж, мөн 1 удаа айрагдаж байжээ. Энэ хурдан азарга сум орон нутагтаа олон удаа түрүүлсэн гэдэг.

Хурдан морины уралдааны бүртгэлээс харахад, 1952 онд С.Гомбын ухаа соёолон түрүүлж, хонгор хязаалан 2-т, ухаа хязаалан 3-т, 1953 онд хонгор шүдлэн 5-д, саарал азарга 5-д, хонгор соёолон 3-т, 1959 онд Хэнтий аймгийн наадамд саарал азарга 3-т, ухаа шүдлэн 5-д, хонгор хязаалан 6-д  тус, тус хурдалжээ. Мөн 1962 онд С.Гомбын ухаа морь 2-т, хонгор сорь 4-т давхиж байсан бол 1964 онд хар морь түрүүлж, ухаа морь 2-т, хонгор халзан сорь 5-д, ухаа азарга 5-д оржээ. 1965 онд хонгор азарга 2-т хурдалсан байна.

Содномын Гомбо гуай өөрийн эрдэм, арга ухаанаа хүүдээ өвлүүлж, Г.Арцсэд 1978 оны наадмаар хээр их насаа түрүүлгэж, хүрэн азарга нь 2-т, 1988 онд  түүний саарал морь түрүүлсэн, саарал соёолон 3-т хурдалжээ. 1991 онд Г. Арцсэдийн хонгор азарга 4-т, 1994 онд Г.Арцсэдийн хонгор азарга 3-т давхисан байдаг. Энэ бүхнээс үзэхэд, Содномын Гомбо гуай, түүний хүү Г.Арцсэд нар гол төлөв ухаа, хонгор, саарал зүсмийн морьдыг уяж сойж, улс, аймгийн болон сум орон нутгийн наадамд тогтмол сайн хурдлуулж ирсэн нь уяачдад их сургамжтай, бас санаа их авууштай, удам залгамжилсан сайхан үйл хэрэг юм.

Манай суманд ажил үйлсээрээ алдаршсан амьдаа нар олон байдаг. Тэдгээр хүмүүсээс төлөөлүүлж заримыг гь товч дурдья.

            Манай сумынхан гол төлөв Дэмчигээ Баатар гэж нэрлэдэг Чүлтэмпунцагийн Баатар 1938 онд  Баянхутаг сумын Мөнхөт  гэдэг газар төрсөн. “Тэмцэл“ нэгдлийн ууган тракторчин, 1961 оноос МТЗ-5 тракторыг жолоодож, улс нийгэмдээ тасралтгүй 32 жил ажилласан байна. Боргилын Шаравжамц ахлагчтай социалист хөдөлмөрийн төлөө бригадын анхны гишүүн, Ж.Дорждэрэм ахлагчтай хадлангийн механикжсан салааны өвс тармуурчнаар ажиллаж байсан. 1971 оны сумын тээврийн аварга, 1972, 1973, 1974 оны сумын хадлангийн аварга, мөн 1975 оноос хойш аймгийн 3 удаагийн аварга хадланчаар шалгарч байжээ. Тэрээр IV, V, VI  таван жилийн гавшгайч, их ажилсаг хүн юм. Эдүгээ нас сүүдэр 74 хүрч байгаа ч үр хүүхдүүд, ач гучийнхаа хамт энх тунх аж  төрж байна.

Тэгвэл олондоо эмэгтэй Баатар гэж нэршсэн Тогтохын Баатар 1941 онд Баянхутаг сумын Өртөө олом гэдэг газар эхээс мэндэлсэн. 1949- 1953 онд сумын бага сургуульд суралцаж төгссөн. Эхтэйгээ хамт мал маллаж, сумын ахлах ухуулагч Д.Жамсранжавын шавь болж, нэгдэл байгуулах тухай болон соёлжилтын талаар ухуулга их хийж, 1956 онд Баянхутаг суманд “ Тэмцэл “ нэгдэл байгуулагдахад анхны гишүүнээр элсжээ. 1956 оноос эхлээд нэгдлийн 25 үнээ сааж, төлөвлөгөө нормоо ямагт давуулан биелүүлж иржээ. Тиймээс “Тэмцэл“ нэгдлийн социалист уралдаанд II байр эзэлж байв. 1959 онд болсон Монголын залуучууд оюутны анхдугаар наадамд сумаасаа ажил үйлсээрээ шалгаран оролцжээ. Боргилын Шаравжамц ахлагчтай социалист хөдөлмөрийн төлөө бригадын гишүүнээр ажиллаж цол мандатаа авсан. Мөн Ж.Дорждэрэм ахлагчтай хадлангийн механикжсан салааны тогоочоор ажиллаж, хамт олныхоо ажил үйлсэд ихээхэн дэмжлэг үзүүлж иржээ. Тэрээр I, II, III таван жилийн гавшгайч, ажил үйлсээрээ алдаршсан эмэгтэй байв. Одоо үр хүүхэд ач гуч нарынхаа хамт энх тунх аж төрж байна.

     

   Улсын начин Батжаргалын Одхүү

Б.Одхүү 1977 оны 03 сарын 21-нд Баянхутаг сумын “Баян” гэдэг газар Батжаргалын 10 дахь хүүхэд болон ээжийнхээ 36 насан дээр мэндэлсэн. Багаасаа ясли, цэцэрлэгээр дамжиж Өндөрхаан хотын үлгэр жишээ дунд сургуулийн 8-р анги, улмаар бүрэн дунд сургуулийг дүүргэсэн.

Багын л өсгөлүүн биетэй байсан болоод ч тэр үү барилдах, ноцолдох сонирхолтой хүүхэд байлаа. 12 настайгаасаа аймгийн баяр наадмын хүүхдийн барилдаанд барилдаж 2 жил түрүүлж, 1 удаа үзүүрлэж билээ.

Улсын чанартай тэмцээнд 15 настай анх орж байсан бөгөөд өсвөр насны самбо, жудо бөхийн улсын аваргаас тус бүрд нь 3-р байранд орж хүрэл медаль хүртэж, энэ төрлийн бөхийн барилдаанд барилдах гараагаа эхэлсэн. Мөн аймагтаа өсвөр насны үндэсний бөхийн барилдаанд 3 удаа түрүүлж байлаа.

1993 он - Өсвөр болон идэрчүүдийн улсын аварга шалгаруулах барилдаанд 3 удаа барилдаж 1 түрүүлж, 1 үзүүрлэсэн.

1994 он - 17 настайдаа Г.Самдан аваргын нэрэмжит үндэсний бөхийн аймгийн аварга шалгаруулах барилдаанаас аймгийн заан цол хүртсэн.

1997 он - Жудо бөхийн улсын шигшээ бөхийн тамирчин болсон. Жудо бөхөөр зүүн өмнөд азийн аваргаас хүрэл медаль хүртсэн бөгөөд өмнө нь өсвөрийн жудо бөхийн дэлхийн аваргаас хүрэл медаль авсан юм.

1997 – Аймгийн 74 жилийн ойн баяр наадмын түрүү бөх

2000 он - Улсын наадамд М.Мөнгөн арслангаар 5 давж “улсын начин” гэдэг эрхэм хүндэт цолыг хүртсэн.

2002 он – Аймгийн 79 жилийн ойн баяр наадмын түрүү бөх

2003 он - Аймгийн 80 жилийн ойн баяр наадамд Б.Бат-эрдэнэ аваргатай үлдэж үзүүрлэсэн.

2005 он - Аймгийн 82 жилийн ойн баяр наадмын түрүү бөх

Мөн Баянхутаг, Батширээт, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Өлзийт, Цэнхэрмандал, Мөрөн сумдын наадамд тус бүр 1-2 удаа түрүүлсэн. Тэр үеийн АУДС-ийн зааланд явагддаг байсан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд тогтмол зодоглож түрүү, үзүүр, их шөвгийг алддаггүй байсан.

Улсын баяр наадамд 3 удаа 3, 3 удаа 4 давж байсан. Үндсэн мэх баруун тохно, хутгана, хавирна, 2 талдаа хонгодно, барьцгүй хавсарна, хүний мэхэнд үлдэцтэй. Бас мэх хариулна, унаа холтой, зогсолт сайтай юм.

Самбо, жудо бөхийн улсын 5 удаагийн аварга, Красноярскийн олон улсын тэмцээнээс 2 удаа мөнгө авч, 100 кг-ийн жинд Олимпийн дэвжээнд 2 удаа эх орноо төлөөлөн зодоглосон агаад сонирхогчдын сумогийн дэлхийн аваргын тэмцээн, Узбекийн Кураш бөх, Солонгосын үндэсний бөхөөр амжилттай барилдаж байна.

Сүүлийн үед 2010, 2011 онд АНУ-д болсон Жиу-жицу бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс үнэмлэхүй жинд дэлхийн аваргын цолыг хүртээд байна.

1995 онд өсвөрийн улсын аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаанд Хэнтий аймгийн залуу бөх гэсэн нэрээр барилдах гээд зогсож байлаа. Гэтэл тэр үед бөх тайлбарлагч нь дуудаад “Чамайг Хэнтийн аль сумын бөх гэж зарлах вэ?” гэхэд нь “аавынхаа нутгаар зарлуулах уу, төрсөн газраараа зарлуулах уу” гэж асууж билээ. Бөх тайлбарлагч “төрсөн нутгаараа байлгүй яахав” гэж хэлэхэд нь анх удаа “Хэнтий аймгийн Баянхутаг сумын бөх Б.Одхүү” гэж дуудуулж гарч байсан. Уг нь аав минь Батширээт сумын хүн л дээ. Баянхутаг суманд 1976-1980 онд тэр үеийн АДХ-ын гүйцэтгэх захиргаанд нарийн бичгийн дарга хийж байсан бөгөөд одоо өндөр насныхаа тэтгэвэрт сууж байгаа буурал бий. Түүнээс хойш Баянхутаг сумын харьяат бөх гэж цоллуулсаар өдийг хүртэл явж байна даа. Миний бие Ардын засгийн анхны аварга Босоо хэмээх Г.Самдан аваргын нутагт төрснөөрөө байнга бахархаж явдаг бөгөөд энэ л нутагтай хүйн холбоотой байж, аймаг, улс, тив, дэлхийн аваргын барилдаануудад нутгийнхаа уулстай хамт зодоглож олон сайхан амжилт үзүүлсээр байгаа билээ.

Төрөлх нутгийн минь 80 жилийн ойн баяр тохиолдож байгаатай холбогдуулан нутгийнхаа азай буурал ахмадууд, хойч үеийн хүүхэд багачууд, энэ цагийн түүхийг бүтээгчид гээд та бүхний минь ажил үйлс нь тэгширч, заяа буян нь арвижин бие сэтгэл тань эрүүл энх байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Аймгийн арслан Нацагдоржийн Баатархүү 

1973 онд мэндэлсэн. 1981-1989 онд сумын 8 жилийн сургууль, 1989-1991 онд Хэнтий аймгийн хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийг тус, тус төгссөн. 1998 оны 6 дугаар сард босоо Самдан аваргын нэрэмжит барилдаанд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн. Мөн онд улсын наадмаар Хэнтий аймагтаа түрүүлж арслан цолоо баталсан байна. 1997-2001 онд  бөхийн үндэсний дээд сургуульд суралцаж төгссөн. 2000 онд Улаанбаатар хотод болсон аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаанд 2 удаа  түрүүлсэн. 2001 оны улсын баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 3 давсан. Одоо Улаанбаатар төмөр замд ажиллаж байна.

 

        Аймгийн заан Бадарчийн Ганбаатар

            Б. Ганбаатар Баянхутаг суманд мэндэлсэн. 15 настайгаасаа бөхийн спортыг сонирхон хичээллэж, үндэсний бөхөөр аймгийн заан, самбо болон жудогоор бүсийн 7 удаагийн, аймгийн 12 удаагийн аварга, жудо бөхөөр улсын хошой хүрэл медальтай, олимпийн алдар одонгоор шагнагдсан ахмад тамирчин, спортын дэд мастер юм.

   Спортын дэд мастер Жигжидийн Эрдэнэжаргал

            1976 онд аймгийн өсвөр залуучуудын аварга, 1980 онд аймгийн идэрчүүдийн чөлөөт бөхийн тэмцээнд түрүүлсэн. 1981 онд  аймгийн идэрчүүдийн үндэсний бөхөд түрүүлсэн. Мөн ондоо спортын II зэрэгтэй болсон. 2007 онд спортын дэд мастер цол хүртсэн. 2011 онд спортын алдар тэмдгээр шагнагдсан.

            Эрдэнэжаргал нь 1989 онд сумын, 2008 онд аймгийн сайн малчин болж, 2007 онд хөдөө аж ахуй үйлдвэрийн тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнагджээ.

 Аймгийн начин   Лосолдаваа  овогтой Чимэдпунцаг

        Хэнтий аймгийн Баянхутаг сумын уугуул. 1941 онд төрсөн, төмөр могой жилтэй  1969 онд Алдарт бөх Самдан аваргын нэрэмжит анхны барилдаанд 27 давж “Аймгийн начин”-гийн болзол ,мөн 1970-1973 онуудад энэ барилдааны “Аймгийн начин”-гийн болзлыг биелүүлж байлаа.

         1971 онд аймгийнхаа 48 жилийн ойн баяр наадмаар 4 даваад 5-ын даваанд Аймгийн арслан Базарсадад, 1972 онд мөн 4 давж 5-ын даваанд Улсын начин Шаравжамцад ,1973 онд мөн 4 давж 5-ын даваанд  арслан Цэрэнпунцагт тус тус өвдөг шороодсон. 1967 онд Баянхутаг суманд Сумын начин Доржхуягтай үлдэж түрүүлсэн.Мөн сумандаа Сумын заан Цэргээ,Аймгийн начин Төмөрбаатар нартай үзүүр түрүүнд үлдэж үзүүрлэж байсан.

        1979 онд Мөрөн сумын баяр наадамд Сумын заан Рагчаатай шөвгөрч түрүүлсэн. Энэ наадамд шүдлэн үрээ аман хүзүүнд оруулж байлаа. 1960 онд аймгийнхаа баяр наадамд хязаалан морь түрүүлүүлж байсан.

       Би өөрийгөө бөх хүний од муутай юмуу даа гэж боддог. Яагаад гэвэл жирийн барилдаанд улсын начин,аймгийн арслангуудыг өвдөг шороодуулж түрүүлээд байдаг мөртлөө Улсын баяр наадамд унаад байдаг байсан юм даа.

Сум байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан газар газар, улс улсад суугаа Баянхутагчууд та бүхэндээ төрт ёсоо хүндэтгэн дээдэлж, баяр наадмаа дэлгэр сайхан тэмдэглэн өнгөрүүлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшvvлэе.

                  Аймгийн начин Лувсангийн Мөнхбаяр                               

         Л.Мөнхбаяр нь 1975-01-12-нд Хэнтий аймгийн  Баянхутаг сумын төрөх тасагт  Лувсангийн 4 дэх хүү болон мэндэлсэн.   1982 онд сумынхаа ЕБС-д элсэн орсон бөгөөд багаасаа л барилдах сонирхолтой байсан тул сургуулийнхаа бөхийн секцэнд хичээллэж 1986 оноос Аймгийн аварга шалгаруулах бөхийн тэмцээнүүдэд секцийн багш Содномпилийн удирдлаган дор  оролцож байлаа. 8-р ангид байхдаа Баянхутаг уулын овоо тахих наадамд үзүүрлэсэн. Тэр үед овоо тахих ёслол хаа сайгүй дөнгөж сэргэж байсан болоод ч тэр үү их л том наадам болж байсан шиг санагддаг юм. Хайрханыхаа тахилгад ийнхүү үзүүрлэсэндээ их л билэгшээж бас урам авч билээ.

        1991 онд үндэсний бөхийн ААШ-х тэмцээний 15-16 насанд түрүүлж ,Булган аймагт болсон УАШ-х тэмцээнд оролцож 8-р байр эзэлсэн.

         1992 онд үндэсний бөхийн ААШ-х тэмцээний 17-18 насанд түрүүлж, Сэлэнгэ аймагт болсон  УАШ-х тэмцээнд оролцож 13-р байр эзэлсэн.

        1992 онд ОХУ-ын  Чита мужид болсон Чөлөөт бөхийн нээлттэй тэмцээнд 2-р байр эзэлж, улмаар Чөлөөт бөхийн УАШ-х тэмцээнд 5-р байр эзэлж байсан.

        ААШ-х чөлөөт самбо бөхийн өсвөр нас, насанд хүрэгчдийн тэмцээнд 4 удаа аварга болж байсан.

        1995 онд Баянхутаг сумын баяр наадамд  түрүүлэн “Сумын заан” цол хүртсэн.

        1996 оноос аймгийн баяр наадамд тогтмол 4, 5, 6-ийн даваа хүртэл  барилдаж байна.

        1999 оны аймгийн баяр наадамд  5 давж  “Аймгийн начин” цол хүртсэн.

        2000 оны Баянхутаг сумын баяр наадамд үзүүрлэсэн.

        2002 онд ОХУ-ын Буриадын Ага мужид болсон Алтаргана наадамд 5 давсан.

        2003 онд Зүүн бүсийн Өвгөн ноён Пүрэвжавын нэрэмжит наадамд үзүүрлэсэн.

        2007 онд Баянхутаг сумын баяр наадамд түрүүлсэн. 

        2009 онд чөлөөт бөхийн ОХУ-ын спортын дэд мастер, чөлөөт бөхийн “Улсын шүүгч” болсон.

       Одоо Хэнтий аймгийн Тэмүүжин цогцолбор сургуульд бөхийн залгамж халаагаа бэлтгэн биеийн тамирын багш дасгалжуулагчаар ажиллаж байна. Шавь нараас жүдо бөхийн УАШ-х тэмцээний алтан медаль, чөлөөт бөхийн  УАШ-х тэмцээний хүрэл медаль, самбо бөхийн УАШ-х тэмцээний хүрэл медаль,”Сумын заан ”, ”Сумын начин” цол хүртээд байна. Шавь нараас гадна миний төрсөн дүү Л.Цогтбилэг 2010 онд сумынхаа баяр наадамд урамтай сайхан барилдан түрүүлж “сумын заан” цолыг хүртсэнд баяртай байдаг юм.

Шинжлэх ухаан технологи, боловсрол, ажил хөдөлмөр, урлаг спорт, оюун ухаан, авъяас чадвар, эр зоригоороо нутаг ус, эх орныхоо нэр төрийг өндөрт өргөн яваа олон сайхан хүмүүс, залуусаараа Баянхутагчууд бид бахархаж байна.

Төрөлх сумынхаа байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан нутгийн олон түмэндээ баяр наадмын халуун мэндчилгээг дэвшүүлэн, ажил хөдөлмөр, сурлага боловсрол, энхийн түмэн амгаланг хүсэн ерөөе.

 

             ҮРЖИНГИЙН БОЛОРМАА

Баянхутаг суманд 1969 оны хавар төрсөн. Бага, идэр, залуу насандаа нутагтаа сурч, ажилласаар өнөөдрийг хүрсэн билээ. Багаасаа ясли, цэцэрлэгээр хүмүүжин 1984 онд сумынхаа 8 жилийн сургуулийг дүүргэж 1986 онд Өндөрхаан хотын 1-р арван жилийг төгссөн.

1990-1992 он. Баянхутаг сумын соёлын төвийн бүжгийн багш

1992-1994 он. Цэнхэрмандал сумын соёлын төвийн багш

1995-2003 он. Баянхутаг сумын ЕБС-д дуу хөгжмийн багш

2003-2007 он. Цэнхэрмандал сумын ЕБС-ийн дуу хөгжмийн багш, сургалтын менежер

2007 оноос УБ хот Ардын багш Бавуугийн Цэрэндоржийн нэрэмжит Хүүхдийн Урлан бүтээх төвд багшаар ажиллаж байна.

СУИС-ийн харьяа соёлын коллежийг Дуу хөгжмийн багш мэргэжлээр төгссөн.

Миний ажил амьдрал тэр чигээрээ дуу, хөгжмийн ертөнцтэй холбоотой боловч аймаг, бүс, улсын хэмжээнд сум, аймгийнхаа нэрийг тухайн үедээ гаргаж, тодорхой амжилт үзүүлсэн нь спортын салбар билээ.

Спорт, тэр тусмаа буудлагын спортоор багаасаа хичээллэхэд тухайн үед пионерийн удирдагч байсан Г.Жамьянжав багшийн маань нөлөө их байсан.

1983 он – Хийн гар бууны төрөлд сумын аварга. 7 ангийн сурагч.

1984 он – БКП-5 гар буугаар идэрчүүдийн аймгийн аварга. 10 сумаар 85 буудсан. Спортын III зэрэг. 8 ангийн сурагч.

1985 он - БКП-5 тогтоол, хурдан буудлагаар аймгийн аварга. 30 сумаар 295 буудаж спортын II, I зэрэг. 9 ангийн сурагч.

1986 он - БКП-5 гар буугаар аймгийн аварга. 10 ангийн сурагч.

1986 он – Зүүн бүсийн аймгуудын аварга шалгаруулах БКП-5 тогтоол, хурдан буудлагаар бүсийн аварга

1986 он – Улаанбаатар хотын идэрчүүдийн аваргын тэмцээнд тогтоол буудлагын төрөлд 3 байр. Хурдан буудлагын төрөлд 6 байр.

1987 он - БКП-5 гар буугаар аймгийн аварга.

1990 он - БКП-5 гар буугаар аймгийн аварга, улсын 5 байрны шагналт.

1992 он - БКП-5 гар буугаар аймгийн аварга.

1982 онд пионерийн удирдагч Г.Жамьянжав багш “Дөл” тоглолтонд оролцох хүүхдүүдийг шалгаруулж авч билээ. Тэдгээр хүүхдүүдээс буудлагын тасагт хэсэг хүүхэд авахад нь миний бие багтаж энэ үеэс эхлэн буудлагаар хичээллэх болсон. Н.Жамьянжав багш 6, 7-р ангийн жижигхэн охид, хөвгүүдэд урт буу үүрүүлчихээд том том алхан бид нарыг дагуулсаар сургуулийнхаа баруун дэнж дээр очиж модон дээр хар дугуй тэмдэг тавин 50 метрийн зайд хэрхэн буудах арга барилыг нэг бүрчлэн зааж байсан нь ердөө саяхан мэт сэтгэлд тодхон үлдэж. Анх буудаж үзэхэд сонин айдастай, тэгсэн мөртлөө сонирхолтой мэдрэмж төрж байж билээ. Хичээлийн бус цагаар өдөр бүр бэлтгэл хийж тэр хавар нь бүсийн сумдын “Дөл” тоглолтонд багаараа амжилттай оролцсоноос гадна хувийн өндөр амжилт үзүүлсэн нь багшаас гадна сургууль, сум, нэгдлийнхнийгээ баярлуулсан сайхан үйл явдал болсон.

1982, 1983 онд Галшар, Дархан, Баянмөнх, Баянхутаг сумын бүсийн тэмцээнд манай баг удаа дараа тэргүүн байранд шалгарч аймгийн аваргын тэмцээнд 10 жилийн мундаг багуудтай эн зэрэгцэн өрсөлдөж 3-р байранд шалгарч байлаа.

1986 он шиг санаж байна. Улсын аваргын бэлтгэлд одоогийн олимпийн хүрэл медальт /Германы иргэн болсон/ Мөнхбаяртай зэрэгцэн бэлтгэл хийж чамгүй урмын үгээр мялаалгаж өөрийн үзүүлсэн амжилтаараа аймаг, сумынхаа нэрийг чадлынхаа хэрээр өндөрт өргөж явсан гэж боддог. Буудлагын спорт нь өндөр зардалтай, дээрээс нь тухайн үед нийгмийн амьдралд өөрчлөлт гарч зах зээлийн нийгэмд шилжин бидний дөнгөж гарч ирж буй хөдөө нутгийн залуу тамирчинг дэмжих нь бүү хэл, улс, дэлхийд алдартай тамирчидыг ч дэмжин амжилтыг нь харахад бэрх болоод байсан. Гэхдээ одоо харахад бэлтгэл, сургуулилт сайн хийвэл миний энэхүү өчүүхэн амжилтыг эвдэх олон сайхан буудлагын тамирчин манай нутгаас төрөн гарна гэдэгт итгэлтэй явдаг.

Монгол түмний их цагаан сүлд хийморийн даллагатай төрөлх сумынхаа 80 жилийн ойг тохиолдуулан азай буурал ахмадууд, цог золбоот залуус, балчир үрс нийт Баянхутагчууддаа амар амгаланг айлтгаж хотол олноороо өргөн дэлгэр, эрүүл сайхан наадахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

Олон улсын хэмжээний мастер Чулуунбаатарын Оюун- Эрдэнэ гэдэг охинтой хамт УИХ-ын сонгуулийн кампанит сурталчилгааны ажлын үед ажиллаж сайн таньдаг болсон юм. 2008 оны сонгуульд бэлтгэж, манай сум ч тэр аяараа улс төржиж, МАН-ынхан их хүчтэй байсан. Ард иргэдийн дийлэнх нь МАН-ыг дэмжиж байсан. Тэгээд МАН нь тус сумыг хэр зэрэг хөгжүүлж, ард түмний аж байдлыг яаж дээшлүүлсэн бэ гэсэн асуудал зүй ёсоор гарч байгаа болно. Ийнхүү их улс төржиж, намчирхсан уур амьсгалын нөхцөлд би 2 Оюун- Эрдэнэтэй хамт ажиллаж, мань 2 ч их идэвх зүтгэлтэй, шинэлэг уур амьсгалаар нөлөөлж байсан билээ. Энд товч танилцуулах тамирчны нөгөө амьдаа нь Ч.Оюун- Эрдэнэ билээ. Ч. Оюун- Эрдэнэ 2006 онд сумо бөхийн улсын аваргын мөнгөн медаль, 2009, 2010 онд олс таталтын монгол улсын аваргын алтан медаль, 2009 онд олс таталтын олон улсын аваргаас хүрэл медаль, 2010 онд олс таталтын олон улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медаль, 2010 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль тус, тус хүртсэн. Тэрээр 2009 онд спортын дэд мастер, 2010 онд олон улсын хэмжээний мастер цол хүртсэн шилдэг тамирчин билээ.

        Ахмадуудаа залгамжилсан нутгийн залуучуудын алдар цууг буухиалах биет нэгэн төлөөлөгч нь Чулуунбаатарын Оюунболд билээ. Ч.Оюунболд бол сүүлийн үеийн залуучуудын сор болж байгаа авьяаслаг, оюунлаг хүү юм. Түүний амжилтыг 2005 оноос жишээ авч авч, товч дурдья. Тэрээр 2005 онд урлагийн гавьяат зүтгэлтэн, бүжиг дэглэгч Д.Санжаасүрэнгийн нэрэмжит ардын болон орчин үеийн бүжгийн наадмаас алтан медаль, Монголын хүүхдийн ордны “Эрдэм“ алтан медаль хүртжээ. 2008 онд аймгийн сэтгэн бодох чадварын олимпиадын алтан медаль, 2009 онд сэтгэх чадварын улсын төрөлжсөн 44-р олимпиадын алтан медаль, математикын мөнгөн медаль, мөн онд аймгийн “Яргуй“ урлагийн наадамд хамтлаг бүжгээр мөнгөн медаль хүртэж, тус аймагт тавигдсан анхны рок мюзиклд бүжиглэсэн, 2009 оны аймгийн шилдэг сурагч юм. Ч.Оюунболд 2010 онд  Д.Санжаасүрэнгийн нэрэмжит зүүн бүсийн өсвөр үеийн наадмаас хүрэл, монголын хүүхдийн ордны “Авьяас“ алтан медаль тус, тус хүртжээ.

Доной овогт (сайхан) Чүлтэм

Доной овогт Чүлтэм нь 1923 онд Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг “Хаяа” голд төрж эцэг эхийн гар дээр өсөн хүмүүжиж мал аж ахуйн ажлыг эрхлэн амьдарч байгаад 1939-1941 он хүртэл Баянхутаг суманд Монгол бичгийн түр сургуулийн багш, 1941-1943 онд Хэнтий аймгийн Цагдан сэргийлэх ангид улсын цагдаа, 1943-1947 онд Байшинтийн 8-р дивизэд их бууны салаа орлогчоор цэргийн албыг 5 жил хааж 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон.

1947 онд цэргээс халагдаж ирээд 1952 оны 5 сар хүртэл Баянхутаг сумын МХЗЭ-ийн үүрийн дарга, 1952 оны 6 сараас 10 сар хүртэл Идэрмэг сумын МАХН-ын үүрийн дарга, намын хүчний сургуульд суралцан 1952 оны 11 сараас1954 оны 9 сар хүртэл Баянхутаг сумын МАХН-ын үүрийн дарга, 1954 оны 10 сараас аймгийн МАХН-ын хороонд нягтлан бодогч, Анагаах ухааны сургуульд лаборантын 6 сарын курст суралцан мэргэжил эзэмшсэн. Аймгийн нэгдсэн эмнэлэгт лаборантоор 1962 он хүртэл ажилласан. 1962 оны 10 сард Бэрх дэх авто жолооны курс төгсөж 1963 оны 4 сараас 1976 он хүртэл аймгийн эрүүл мэндийн газарт жолооч, 1976 оноос Баянхутаг сумын холбоонд шуудангийн жолооч, худалдаа бэлтгэлийн ангид автомухлагийн худалдагч жолоочоор ажиллаж байсан. Баянхутаг суманд ажиллаж байх хугацаандаа нам, улсын сонгуульт ажил, Наранбулаг бригадын намын хэсгийн зохион байгуулагч, аймгийн хурлын депутатаар удаа дараа сонгогдож байсан. Зан ааш сайхантай, уурлах гэдгийг мэддэггүй, хэлдэг үг нь “сайхан л байна” гэдэг байсан учир нутгийн ард түмэн “Сайхан Чүлтэм” гэж нэрлэж ирсэн. “Бид ялав” медаль, байлдаанд оролцсон ахмад дайчин тэмдэг, Халх голын 30 жилийн ойн медаль, Жуковын 100 жилийн ойн медаль, Засгийн газрын хүндэт жуух, Ардын хувьсгалын 50, 60, 70 жилийн ойн медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль зэрэг шагналуудаар шагнагдаж байсан. 1983 онд өндөр насны тэтгэвэрт гарсан.   Хүү Ч.Батдэлгэр, Ч.Чимчгээ

 

Мижидийн Өргөнцагаан

(1910-1988)

“Хэнтий аймгийн хувь нийлүүлэгчдийн анхдугаар төлөөлөгчдийн хурал 1928 оны 6-р сард болж Хэнтий аймгийн хоршоодын холбоог 7 хүний бүрэлдэхүүнтэй сонгон байгуулаад даргаар М.Өргөнцагаан, орлогчоор Дэмбэрэл дод нар сонгогджээ.”

М.Өргөнцагаан нь 1928-1930  онд Хэнтий аймгийн хоршоодын холбооны дарга, 1937-1938 оны 6 сар хүртэл Хэнтий аймгийн хоршоодын холбооны дарга, 1938 оны 6 сараас 1940 онд Хоршоодын төв холбооны сурган боловсруулах хэлтсийн дарга, 1940-1945 онд Дорноговь аймгийн хоршоодын холбооны дарга зэрэг хоршоолол, намын хариуцлагатай ажлыг 22 жил хийхдээ 10 гаруй жилийг хоршооллын байгууллагын удирдах ажлыг хийж  “байсан бөгөөд Хоршоологчдын 7-12-р хурлуудад оролцож байсан хоршооллын байгууллагыг Хэнтий нутагт байгуулахад  оролцсон худалдааны ахмад ажилтан юм.

Боржигон овогт М.Өргөнцагаан нь Сэцэнхан аймгийн Сэцэн ханы хошуу (одоогийн Хэнтий аймгийн Баянхутаг сум)-ны “Эмчийн булаг”-т 1910 онд Шину тайжийн хүү (Хувьт мэргэн)-ийн Мижид (мэргэн)-ийн 2 дугаар хүү болон төрсөн. Хан Хэнтий уулын аймгийн төвийн нам, эвлэлийн үүрт 1925 онд МХЗЭ-д (325 тоот бат илэрхийлэл нь байгаа), 1935 онд МАХН-д гишүүнээр тус тус элссэн.

М.Өргөнцагаан нь 1926-1948 оны 7 дугаар сарын 10-ны   өдрийг хүртэл Өндөрхаан уулын   хошууны тамгын газрын тал, бүтэн бичээч, Хэнтий аймгийн хоршоодын холбооны дарга, Төдөгтэй сумын нарийн бичгийн дарга, Хэнтий аймгийн ХЗЭ-ийн хорооны зохиолын хэлтсийн дарга, Хоршоодын төв холбооны сурган боловсруулах хэлтсийн дарга, Дорноговь аймгийн хоршоодын холбооны дарга, мөн аймгийн намын хорооны 2-р нарийн бичгийн дарга зэрэг ажлуудыг хийж байсан бөгөөд төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн хүндэт медаль” болон 25 жилийн ойн медаль, Засгийн газрын жуух бичгээр шагнагдан, МХЗЭ-ийн 6, намын 10, улсын 8-р их хурал, Хоршоологчдын 7-12-р хурлуудад төлөөлөгчөөр оролцож байсан.

Морин хуур, шатар, хурдан морины хусуур, сойз, (шүдэнзний хайрцаганд багтах шатар хийж байсан) зэргийг гайхамшигтай сайхан хийдэг МУЭ-ийн анхдугаар их хурлын төлөөлөгч, МУЭ-ийн гишүүн, сийлбэрч, Зөвлөлтийн фронтод бэлэглэх ангийн бригадыг санаачлан биеэр гүйцэтгэгч-сайн анчин (Үнэн сонин. 1927 оны №64, 1944 оны №109, 1945 оны №3, 1985 он №211 дугаарууд) байснаас гадна ургамал, байгалийн сонин тогтолцоог сонирхон судалж нүүрс (Баянхутаг)-ний зэрэг ашигт малтмалын ордуудыг сонирхон холбогдох байгууллагуудад мэдэгдсэн. ШУА-ийн “Идэвхтэн сурвалжлагч”, аймаг, сумын шүүхийн ардын төлөөлөгч, өмгөөлөгч, ардын авьяастан байв. Ууган хүү Боржигон овогт Чогжмаагийн Адъяа

Шаравын Ишдорж

(1926-1994)

Шаравын Ишдорж нь 1926 онд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд Шаравын 6-р хүү болон төрсөн. 11 наснаасаа бага боловсрол эзэмшиж улмаар нутгийн иргэдэд бичиг үсэг зааж байв. 20 насандаа Улаанбаатар хотноо ХАА-н техникумд суралцаж зоо-малзүйч мэргэжил эзэмшсэн. 1946 онд МАХН-ын түр курс төгсөөд намын үүр, хороон дарга, зохион зааварлагчаас намын удирдах ажил хийж байгаад МАХН-ын томилгоогоор Сүхбаатар аймгийн “Сүхбаатарын зам” сонины эрхлэгч, Халзан, Асгат, Онгон сумдаар нам, төрийн хариуцлагатай ажил хийж улмаар нэгдэл байгуулалцаж явсан нэгэн.

Цаашдаа улс төрийн боловсрол эзэмшихээр 1961 онд ЗХУКН-ын дээд сургуульд элсэн орсон юм. 1964 онд МАХН-ын IV бүгд хурлаар “Лоохууз, Сурмаажавын бүлэглэл”, “Намын эсэргүү” нэр зүүж төгсөх курсдээ сургуулиасаа хөөгдөж улмаар нутаг заагдан Монголд ирж Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Гичгэнэ бригадын даргаар 1965 онд эхнэр 3 хүүхэдээ дагуулан ирж ажиллаж байжээ. 1 жил гаран ажиллаад аймгийн намын хороонд хүсэлт гаргасны дагуу аймгийн төвд 1966 онд шилжин орж ирээд БУКонторт мужаан, Хүнсний үйлдвэрт мастер, Холбооны газар нярав зэрэг ажил хийж байгаад 1970 онд Баянхутаг суманд малчнаар очсон.

Волейболын улсын зэрэгтэй, орос, түвд хэлтэйбайснаас гадна Засгийн газрын хүндэт жуух бичиг, ойн медаль зэргийг хүртэж явсан. Монгол улсад намын завхрал, сэхээтний төөрөгдөл гэгч их хэлмэгдүүлэлт эхэлж олон сайхан чадалтай, боловсролтой сэхээтнүүдээ толгой дараалан устгаж гүтгэн хэлмэгдүүлж байсны нэг амьд жишээ нь энэ хүн юм. 25 жил хэлмэгдүүлэн хавчин шахаж, дарамталсны эцэст Монголын төр уучлал гуйж 1990 онд цагаатгасан билээ.

 

 

 

 Өндөр хотгойд овогт  Нямдоржийн Энхбаярын дурсамж, нөхөрсөг элэглэл:                     

                      Хэрлэн мөрнөөр хоймороо эмжиж

                        Хөөврийн говиор босгоо тулсан

                        Хөхөл хайрхан, Наангийн нуураар

                        Хаяалан эргэх дөрвөн улиралдаа дандаа амгалан орших энэ сайхан нутаг хүн, малын жаргалын орон байж, хил залгаа аймаг, сумдын малчид цагийн хатууг давах гэж тэмүүлэн зүтгэдэг юм. Цагаан зээр, тарваганы жинхэнэ нутаг болж зүүн аймгууд уруу зорчих их аяны засмал харгуй дайран гарч, Хавтгайн нүүрсний ордоос хар алтны экспорт гадагш хөвөрч, ажил амьдралын сайхан бүхэн оргилсон 80 жилийн түүхтэй Баянхутаг сум удахгүй олон түмэн бужигнасан том суурин болох нь лавтай.

            Миний бие 1989 онд сумын ХЗЭ-ийн хорооны даргаар томилогдон ирж, эндээс ажил амьдралын анхны гараагаа эхэлснээр нутгийн унаган иргэнээс ялгаагүй болжээ. Тэр үеэс сум байгуулагдсаны 60 жилийн ойн арга хэмжээг гардан зохион байгуулж, босоо Самдан аваргын мэндэлсний 100 жил, сумын 70 жилийн ой гэх мэт том арга хэмжээнд өөрийн биеэр оролцон тэмдэглэлцэж явсан нь сайхан дурсамж юм. Энэ л нутгийнхаа төр захиргаа, удирдах байгууллагад 10 шахам жил ажиллаж, сайхан хань Д. Эрдэнээгээ олж, Э. Энхмэнд, Э. Энх- Амар гэсэн хүү, охин хоёртой болсон хүн энэ нутгийн ард иргэдийг мартах учиргүй, харин ч өөрт байгаа боломж бололцоо бүхнээр туслах сэтгэл өвөрлөж явдаг юм. Залуу насны минь амьдралын сайхан үеийн бүхий л дурсамж энэ нутгаас салгаж ойлгох учиргүй болохоор нэгэн дөрвөн мөртийг өөрийн сэтгэл зүрхэндээ байнга хадгалж явдаг юм.

                        Хээтэй торго шиг залуу насаа

                        Хэнтий хандаа өргөсөн юм би

                        Хэнд ч өгөөгүй нандин сэтгэлээ

                        Хэрлэн мөрний бүсгүйд даатгасан юм би

            80 жилийн ойд зохиулсан номонд өөрийн бяцхан дурсамжаа үлдээж нутгийнхаа тухай хэдэн мөр шүлэг, нутгийн ах нар, найз нөхөддөө зориулан нөхөрсөг элэглэл туурвиснаа хүргэж байна. Баянхутагчууд Та бүхэндээ ардын хувьсгалын 90, сум байгуулагдсаны 80 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж,

            Баянхайрханы тахилга шигээ ариун

            Баатар гавьяатуудынхаа адил хөдөлмөрч

            Бөхийн босоо цагаан хийморь ивээн

            Хүлэг морьд нь хурдан байхын ерөөл өргөе.

 

Нөхөрсөг элэглэл:       

Наваанжамбын Төмөр  Танаа

            Тэмцэл нэгдлийн буйран дээрээс

            Төл малаар баяжсан түүхтэй

            Даалуу дэвжээ хоёрын захаас

            Данс тооцоогүй хөлжсөн сурагтай

                        Нягтлан мэргэжил нямбай санаагаар

                        Нартад удаан амьдрахаа тооцчихсон

                        Нам, намба, нас гурваар

                        Найдвартай  ар талаа бэлдчихсэн

            Хэлсэн үгэндээ хийгүй

            Хийсэн бүтээсэндээ дутагдалгүй

            Хэнээрхэл атаархалд автагдаагүй

            Хэцүү  Төмөр, нарийн Төмөрөө гэж ...

 

Лувсандамдингийн Дэмбэрэлсайхан Танаа

            Генералын  погон хармаалж жирийгээд

            Гайгүй сайн офицер болж үзсэн

            Намын батлах өвөртөлж гүйгээд

            Насаараа дарга хийчих шахсан

                        Одоохондоо хэдэн малаа хариулаад

                        Орчлонгийн жамтай эвлэрч яваа

                        Урьд насандаа урт ганс байсан

                        Энэ насандаа алтан Чингисийн шил болсон

                        Хойд насандаа хип хопчих болох

                        Ховорхон нигууртай Дэмбээ даргаа

 

Сандагийн Сэргэлэн Танаа

            Нар ойсон тэргүүн дотроо

            Нарангэрэлийн ариухан хайртай

            Насаараа зооглох гүнцэгээ

            Нарантуулын хаалганд даатгасан

            Өтөлж яваа ч дэггүй төрхтэй

            Өвгөд хүүхдэд гэнэн шоглоомтой

            Хэдий насандаа намба суухыг

            Хэдэн хүүхдүүд нь хүлээж цөхөрсөн

            Хэндээ ч зөвхөн нэг л зангаараа

            Хээгүй хэнэггүй хийгүй Сээкээ

                                   

Рагчаагийн Цэрэн  Танаа

                                 Одоо цагийн оодон панз

                                 Орчин үеийн зальжин босс

               Бултдаг няравын гараанаас

               Баатар малчны бариатай

               Өгөөмөр багийн бууцнаас

               Өндөрхаан хүртэл харштай

                                 Хийтэй ярьвал зажлалгүй залгина

                                 Хийгүй хийвэл бүхлээр нь үмхэнэ

 

Балжирын  Гантуяа  Танаа

            Баян- Эрхтийд мөргөсөөр байгаад

            Барагдахгүй хөрөнгөжиж чадсан

            Баянхайрханд ууц өргөсөөр яваад

            Баатрын бариатай аварга болсон

            Баянаа аваргатай нөхөрлөөд шүтээд

            Барилддаг хүүтэй болохоор мөрөөдөж явдаг

            Бас ч үгүй барилддаг уядаг болохоор

            Балжирын хүү бэлчээр томтой шүү

 

Г.Содномпил –д

Эзэн Чингисийн мянга дахь дүр

Эгэл заяаны зөнч их багш

Сахал малгайн шинэчлэлээр

Шинэ дэвшилтийн ууган гишүүн

Самданг санаачилсан зүтгэлээр

Шилдэг ардчилагч манлай болсон

Зүүд манаж хуралд шовойно

Зүрхээ зориулж намдаа зүтгэнэ

 

Алтанхуяг танаа

Тракторын жолооч Автохуяг

Дизелийн механик Ачтанхуяг

Тамгын нярав Алтанхуяг

Тайван зантай Амгаланхуяг

Тураг урттай Ёдгойхуяг

 

П.Лувсан танаа

Хүрээ энгэрлэсэн ламхайн дүр

Хөрөнгө хураасан буянтны сүнс

Утай гүмбэнд аялж ирээд

Уншлага нь сайжирсан ловон

Улбар шарын сахил горилоод

Уртад мөргөсөн даяанч гуай

 

          Г.Сайнбилэг танаа

Сүүтэй даага хурдлуулдаг авьяастай

Суварга мэт ганган хийцтэй

Сүүхэй сайтай менежер ухаантай

Сайн шинжвэл саруй найм шиг

Сахал зохиж Чулуунаагаа татсан

Санаа сайтай сонор Сайнбилэг ээ

                                 

 

Товч  дүгнэлт

 

            Төрж өссөн нутгийн түмэн олондоо өргөн барьж буй энэ ном бол түүхт ойг тохиолдуулан бүтээсэн оюуны бүтээл мөн. Энэ бүтээлийг хийхэд үлэмж цаг зав, хүч хөдөлмөр, хөрөнгө санхүүгийн зардал гарсныг өнөө үеийнхэн ойлгохгүй юмаа гэхэд хойч үеийнхэн  эрхбиш анхааран үзэх буй за. Номын цагаан буянд хандив өргөн, сэтгэлийн угаас дэмжсэн хүмүүст талархал илэрхийлж, Та бүхэн хүн болсны учирт гүйцэтгэх гурван сайн үйлийн нэгэнд хамаарагдсанаараа үр хүүхдүүд, хойч үеийнхэндээ нэр тань мөнхөрч, үйлс тань дэлгэрч байх гайхамшигтай ул мөрөө үлдээж чадлаа гэж зохиогчид бид үнэлж байна. Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээл, сайн сайхны ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.

            Эх орон сумаас эхэлнэ гэдэгчилэн, эх байгаль, орон нутгийн түүх соёл, ёс зан заншил, өв уламжлал, ахмад үеийнхэн болон алдар цуутнуудын тухай үргэлжлүүлэн судлах зорилго тавьж, энэ удаа “Өнө мөнхөд дуурсагдах  өгөөмөр гавьяат үйлстнүүд (Алтан нутгийн алдартнуудын үргэлжлэл) цувралыг бид нийт 60 хүний товч намтар, дурсамжийг багтаасан намтар судлалын хэв маягтайгаар бичиж, өргөн олон түмэндээ барьж байна. Энэ удаа уг номонд намтар, дурдатгалаа оруулж амжаагүй хүмүүсээс хүлцэл өчихийн ялдамд баг, сум, аймаг, албан байгууллага, пүүс компани, хувь хүн хэвлүүлэх зардлыг гаргаж, зохиогчдын шагналыг өгч чадвал “Алтан нутгийн алдартнууд“ цуврал цаашид үргэлжлэх бүрэн боломжтой. Энэхүү бүтээлээс Баянхутаг сумын унаган болон ажиллаж амьдарч байсан хүмүүсийн тухай товч танин мэдэхийн сацуу тэдний амжилт бүтээл, арга туршлагаас суралцах, санаа авах, ер манай хүүхэд залуучуудад үлгэр жишээ болгох зэрэг олон талын ач холбогдолтой, орон нутаг судлал болон намтар судлалын ухаанд зохих нэмэр болж буйг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.

            Баянхутаг сумыг  зах зээлийн нөхцөлд  эрчимтэй хөгжүүлэх боломж их байна гэж үзүүштэй. Одоогоор олон айл, хүмүүс нутгаасаа нүүж явсан нь зах зээлийг дагаж, ажил амьдралын бодит шаардлагатай холбоотой байснаас гадна орон нутгийн удирдлагын алсын хараагүй бодлого, үйл ажиллагааны уршигтай ч бас уялдаж байна. Олон хүний бичсэн дурсамжаас ажиглахад, ойрын ирээдүйд Баянхутаг сум түм түжигнэж, бум бужигнасан газар болно гэсэн нь үнэний ортой юм. Аймгийн төвд хамгийн ойр, аль аль талаасаа их ач холбогдолтой тус сумын нутаг дэвсгэрт шилжин ирэгсэд олон болох хэтийн төлөв бүхий. Бас газрын тухай хууль, газрын төлбөрийн асуудал цэгцэрч ирэхэд манай сумын нутаг дэвсгэр үлэмж чухал обьект болно. Гэвч энэ бүхнийг харж суух биш, харин нутаг орноо хөгжүүлэх стратегийн чиглэлтэй бодлогыг амьдралд хэрэгжүүлэх, ажлын байр бий болгох, ард түмний аж амьдралыг дээшлүүлэх талаар сум орон нутгийн удирдлага маш тодорхой бодлогыг баримталж, бодиттой зүйл их хийх хэрэгтэй юм.

            Чингис богдын удамтай, Сэцэн ханы өлгий- Хэнтий аймгийн түшиц сум байсан Баянхутаг бол үеэс үед амьдрал тэмцэл оргилж, амжилт бүтээл ундарч ирсэн нутаг. Энэ нутгийнхан малч, ажилч хичээнгүй , эрдэм соёлын алдартнууд, эрхэлсэн хөдөлмөртөө амжилтаар жигүүрлэгсэд, хойч үеийнхэндээ үлгэр дууриал болсон гайхамшигт хүмүүсээрээ ямагт бахархаж байдаг. Хойшид ч энэ уламжлал тасрахгүй, улам өргөжин тэлнэ гэдэгт бид бүхэн гүнээ итгэж байна.

                       Унаган нутгийн өргөн олны маань мэлмий тунгалаг, өлмий бат оршиж, юу санасан бүхэн сэтгэчилэн бүтэх болтугай. Сайн үйлс дэлгэрэг.

                          

 

Архивын болон ашигласан зарим ном зохиолын нэрс

1.    Үндэсний төв архив, ф. 15, д, 2, хн. 274-  Улсын шилдэг сайн малчдын анкет,                                                                             

                                                                     бүртгэл

2.    Үндэсний төв  архив,  Ф. 15, д. 2, хн. 275, 9-р бүлэг. Улсын сайн малчдын                 

                                                                       хэлсэн үг, санал шүүмжлэл

3.    Үндэсний төв  архив, Ф. 15, д. 2, хн. 274  Малчдын анкет бүртгэл

4.    Үндэсний  төв  архив, Ф. 15, д. 2, хн. 275, 1-р бүлэг. Санал шүүмжлэл

5.    Үндэсний  төв  архив, Ф, 15, д, 2, хн. 208  Малчдын санал шүүмжлэл

6.    Намын төв, архив. МАХН-ын гишүүдийн анкет бүртгэл

7.    С. Лувсанзундуй. Нутгийн хүү  Р. Чойном    УБ, 2003

8.    С. Лувсанзундуй. Түүхэнд мөнхөрсөн Самдан аварга    УБ, 2006

9.    С. Лувсанзундуй. Өнчин хүү      УБ, 2008

10. . З. Нарангэрэл. Монголын рашааны тухай миний ойлголт   УБ,  2011

11.  Л. Чулуунбаатар. Хэнтий аймгийн Баянхутаг сумын түүхэн замнал  УБ, 1991

12.  Л. Чулуунбаатар нар   Алтан нутгийн алдартнууд    УБ, 2001

13.  Хан  Хэнтийн товчоон    УБ, 2003

 

 

 

 

 

 

 

ХАВСРАЛТ

БАЯНХУТАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ:

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Сумын нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэхэд иргэд, хамт олны бүтээлч санаачлага, идэвхтэй оролцоонд тулгуурлан ажиллаж Нутгийн Удирдлагын тогтолцоонд ИТХ-ын гүйцэтгэх үүргийг  өндөржүүлэн бие даасан байдлыг хангах, нутгийн өөрөө удирдах ёсыг хөгжүүлэхэд оршино.

 

ИТХ-ын дарга С.Батчулуун

С.Батчулуун 1956 онд Хэнтий аймгийн Баянхутаг суманд төрсөн. УБДС-ийг 1978 онд зураг-хөдөлмөрийн багш мэргэжлээр төгссөн. Боловсролын байгууллагад тасралтгүй 30 жил багш, хичээлийн эрхлэгч, захирлаар ажиллаж байсан. 2008 оноос ИТХ-ын даргаар ажиллаж байна. Ардын боловсролын тэргүүний ажилтан, мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй. Сумын ИТХ-ын төлөөлөгчөөр 4 удаа, аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 1 удаа сонгогдон ажиллаж байна.

 

 

 

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн

дарга Болдбаатар овогтой Энхтунгалаг

Б.Энхтунгалаг нь 1983 оны 03 сарын 11-нд Баянхутаг суманд төрсөн. 2004 онд ШУТИС-ийн Санхүүгийн удирдлагын анги, 2006 онд Улс төрийн боловсролын академийн Бизнесийн удирдлагын ангийг тус, тус төгссөн. 2004 оноос ИТХ-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

 

ТЭРГҮҮЛЭГЧИД :

1. С.Батчулуун

2. Ц.Ганболд

3. Д.Энхцэцэг

4. Ц.Оюунбаатар

5. С.Оля                                    

 

 ТӨЛӨӨЛӨГЧИД :

1. Д.Алтаннавч        9. Г.Ганболд

2. Ж.Батсүх            10. Л.Дэмбэрэлсайхан

3. Г.Билгүүн           11. Д.Дугарсүрэн

4. Д.Ганхуяг             12. Ц.Лхагваа

5. Г.Гангантөгс        13. Д.Цолмон

6. До.Ганзориг         14. Д.Цолмонбаяр

7. Да.Ганзориг         15. Д.Эрдэнэболор

8. Д.Ганболд            16. С.Эрдэнэхуяг

 

БАЯНХУТАГ СУМЫН ДАРГА НАР:

1931 онд Баянхутаг сум нь Эрдэнэ сум нэртэйгээр анх нэрлэгдэн байгуулагдаж байсан ба анхны дарга нь Долцонгийн Сүрэн хэмээх эмэгтэй хүн байсан байна.

2. Даваа Хас

3. Оньжоо Даваа 1934-1936 он

4. Гүр Ёндон 1938-1939 он

5.Гомбожав Буян 1941-1942 он

6. Зундуй Санжаажамц 1942-1943 он

7. Үет Дуламсүрэн 1944 он

8. Бат Батмөнх 1945-1950 он

9. н.Агваанбалдан 1952-1953 он

10. Бадамханд Лувсандэмбэрэл 1954 он

11. н.Лувсанжамбаа 1955 он

12. Даржаа Доржсамбуу 1956-1957 он

13. Ванчиг Гомбожав 1958 он

Сум нэгдлийн дарга

14. Буджав Дамдинсүрэн 1959-1965 он

15. н.Чүлтэм 1965-1966 он

16. Гэндэн Дорж 1966-1967 он

17. Батмөнх Дугарсүрэн 1976-1982 он

18. Лувсан Хээшиг 1982-1990 он

Сумын дарга

19. Лувсандаржаа Цэргээ 1990-1992 он

Сумын засаг дарга

20. Лувсандаржаа Цэргээ 1992-2000 он

21. Эрдэнэ-Очир Энххуяг 2000-2008 он

22.Гантөмөр Энхбат 2008-

 

Мянгат малчид

1.    Ц.Баатарболд

2.    Г.Алтанхуяг

3.    А.Зоригтбаатар

4.    Б.Мөнгөнтулга

5.    Л.Мөнхбаатар

6.    М.Эрдэнэцолмон

7.    Б.Гантүлхүүр

8.    Н.Лхагвасүрэн

9.    Г.Гонгорбаатар

10. Ш.Бавуу

11. Н.Төмөр

12. Т.Бат-Эрдэнэ

13. Н.Хэрлэнбаяр

14. Д.Өлзий-Орших /хамгийн олон адуутай, 2 мянгат/

15. Д.Чинзориг /хамгийн олон үхэр, ямаатай, 2 мянгат/

16. Г.Давхарбаяр

17. С.Ганбат

18. Б.Эрдэнэбат

19. Г.Батбаяр

20. Г.Болдбаатар

21. С.Бямбадорж

22. Т.Олцон

23. Ч.Нямжав

24. Э.Цолмонбаатар

25. Н.Лхагвадорж

26. Н.Батдорж

27. Н.Түмэнбаяр

28. Р.Жаргалсайхан

29. С.Батгүн

30. О.Мягмаржав

31. Ч.Нямжав

32. С.Ганлхагва

33. Р.Насанбат

34. Л.Лувсанбаяр

35. Н.Отгонбаяр

36. Р.Цэрэн  /2 мянгат/

37. Б.Гантуяа  /хамгийн олон адуутай, 2 мянгат/

38. Н.Жамсранжав /хамгийн олон хоньтой, 3 мянгат/

39. Л.Мөнхдагва

40. Д.Жунай

41. Ба.Оюунбат

42. Б.Оюунбаатар

43. Л.Батболд

44. Б.Сүхбаатар

45. Д.Ганбаатар

46. Г.Батзаяа

47. Р.Лхагвацэрэн

48. Д.Ганзориг

49. Л.Пүрэвням

50. Г.Батбаяр

 

 

Улсын баатар

Ш.Гонгор

 

Хөдөлмөрийн баатар

Д.Данзандаржаа - үхэрчин

С.Жамаадорж - хоньчин

Д.Лувсаншарав

Ардын жүжигчин

Д.Лувсаншарав

 

Гавьяат жүжигчин

Ц.Түвшинтөгс - дуучин

Г.Хонгорзул - дуучин

 

Урлагийн гавьяат зүтгэлтэн, төрийн соёрхолт

Д.Бадарч – хөгжмийн зохиолч

 

Гавъяат агрономич

Г.Даваадорж

 

Эрдэмтэн

Л.Бат-Очир – түүхийн ухааны  шинжлэх ухааны доктор, профессор

З.Нарангэрэл – геологи-эрдэс судлалын ухааны доктор

Л.Чулуунбаатар – түүхийн ухааны доктор, профессор

Д.Намсрайжав – Монгол улсын анхны анагаах ухааны анхны эрдэмтэн  эмэгтэй

М.Хасбаатар – эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор

Ч.Баатар – эдийн засгийн ухааны доктор, профессор

Г.Даваадорж –  хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор, профессор

 

Улсын алдарт уяач

Б.Балдандагва

З.Хүрэлбаатар

 

Улсын сайн малчин

Б.Гомбо

С.Пунцаг

Б.Лүенмядаг

Н.Ичинхорол

Ө.Жамбаа

Б.Халзан

Л.Лувсанбаяр

Б.Гантуяа

Р.Цэрэн

Н.Жамсранжав

 

Улсын аварга төлчин

Г.Ёндон

н.Лувсандаш

 

Спортын мастер

Ч.Оюун-Эрдэнэ – ОУХ-ны мастер  (олс таталт)

Б.Ганхайч – спортын мастер (жудо бөх)

Ц.Баярмаа – спортын мастер – (үндэсний сур)

А.Баяртуяа – спортын мастер (үндэсний сур)

Л.Хаянхярваа -  спортын мастер (аймгийн суран спортын анхны мастер)

Б.Ганбазар - спортын мастер (эмнэг сургалт)

Ж.Эрдэнэжаргал - спортын дэд мастер  (чөлөөт бөх)

Б.Ганбаатар - спортын дэд мастер (жудо бөх)

 

Бөх

М.Мөррэнцэн – даншгийн их аварга

Г.Самдан – ардын засгийн анхны аварга

М.Жунай – улсын заан

Б.Одхүү – улсын начин

Х.Бямбажав – аймгийн арслан

Б.Оюунболд – аймгийн арслан

Н.Баатархүү– аймгийн арслан

Т.Гүрсонронзон– аймгийн арслан

С.Ариунбилэг – аймгийн арслан

Л.Шагжаа – аймгийн заан

И.Гансүх– аймгийн заан

Л.Дугар– аймгийн заан

Б.Ганбаатар– аймгийн заан

Б.Олзбат– аймгийн заан

Ж.Төмөрбаатар-аймгийн начин

Л.Чимэдпунцаг-аймгийн начин

Ч.Гансүх-аймгийн начин

Л.Мөнхбаяр-аймгийн начин

 

Шагайн харваа

Аймгийн гоц мэргэн Мөнхнаран ахлагчтай шагайн харвааны баг

Аймгийн гоц мэргэн Б.Бадарч

 

 

НААДМЫН ӨГЛӨӨ

(өгүүллэг)

 

Бор дээлтэй цагаан бүрх малгайтай өвгөн номхон байрын бор хул морьтой одончуу цув олонцог дээрээ хайнгадуухан даруулсан нь нэлээд яарсан шинжтэй. Гөхөл сүүл нь боолттой хээр азарга хөтлөн нартай уралдсаар Тогоот уулын зүүн хажуу руу бодолд дарагдан бууж явахдаа нэгэнтээ хойд зүг рүү харан Хэрлэнгийн уудам хөндий, Өндөрхааны  цэнхэрлэх оргил өөд харж залбиран гүн үрчлээстэй магнайгаа илэн “түмний минь буян хурсан наадам болохоор тэнгэр ч сайхан байх нь ээ” хэмээн амандаа дуулдахуйц хэлэх нь нэлээд догдолсон шинжтэй. Азаргаа чангаахад сая л анзаарч нэлээд сүрхий лавлан ажигласнаа “тарган хөг дээр нь зөв онгойлгосон доо, бяр дутна гэж ч байхгүй, тавил хол өнөөдөр ч үзүүр өөдөө зүтгэнэ дээ” гэж бодоод “өнөөдөр чинь байз хээртэй минь уралдах азарга Очирын Зундуйжамцын хээр, шонхор Лувсандоржийн хээр, хагархай Сандагийн хээр, Равдангийн хээр, Өвгөнхүүгийн хар, Жигээ Жамьяндоржийн алаг, Балдангдагвын хар гэж аюул бий, хазгар Тажаагийн цагаан, уртын Дамдинжавын хул, Сүхчулууны халиун, Шуумаржавын хээр гээд л олон хурдан буян бий дээ. Миний хоншоор мэдэж. Хөгшин маань “хээр азарга түрүүлнэ ээ, би үүл харсан” гэж хэлсэн шүү. Манай сум ч азарга, их мориор алдартай нутаг даа. Жигээ улаан гэж улсад нэг наадамд азарга будилаад дахин уралдахад нь дахин хоёуланд нь түрүүлсэн тийм хурдан буян Монголд байхгүй. Миний хонгор даага ч босоо амьтан болох байлгүй. Хээр азарганы минь халаа азарга болно доо, Жигээ адууны удамтай юмдаг” гэж бодох сацуу хул морь зөөлөн үүрсэхэд хонгор морь унасан хүрэн торгон дээлтэй баадан бүсэлсэн хөгшин нь зэрэгцэн ирж “хүүхдүүд маань гурван бага насандаа ажлыг нь хийгээд араас морьдоо хөтлөөд ирнэ гэнэ ээ” гэхэд өвгөн “миний бор хүүхдүүд морины сүүлтэй ноцолдсон улсууд болох дог шүү” гэж бахтай нь аргагүй инээснээ “энэ наадмыг морьтой, бөхтэй нь бид хоёр авах юм биш биз” гэхэд хөгшин нь “өвгөөн, би азаргаа хөтлөөд явж байя. Чи түрүүлээд яв” гэхүл “тэгье ээ, Сономын Батсүхийн уяан дээр уяарай” гээд өвгөн шогшсоор “Худалчийн” хэмээх овоон дээр ирж буун овоонд чулуу өргөн сэргээж Эрхтий, Баян хайрхан хоёртоо сүслээд “энэ овоог босгосон худалч нь хэн бол доо” гэж бодон инээмсэглэн “ганц хоёр уяан дээгүүр очиж нүд хужирлая байз, азарга удахгүй мордох байх” гээд цааш мордлоо.

“Нацагдорж гуай ирлээ” гэх хүүхдийн дуунаар майхнаас гарах уяач эрс өвгөнтэй мэнд амраа мэдэн морьдоо харуулан зөвлөгөө авах зуур өвгөнийг бас нүд салгалгүй харах ажээ. Учир нь энэ буурал уяач эргэн харвал тэр уяан дээр баттай айраг, түрүүний адуу байдаг гэдгийг нутгийхан эс андах тул ийнхүү бас өөрийг нь давхар аждаг билээ.

Хөгшин азаргаа хөтөлсөөр Батсүхийн гадаа ирэхэд Батсүх азаргыг уяанд уянгаа “ямар азарга түрүүлэх вэ, Хандаа үүл харав уу?” гэхэд “харсан, харсан. Яагаав манай хээр” гэж хариулан мориноосоо буулаа.

Баянхутаг сумын наадмын өглөө бөртийх ч үүлгүй сайхан байлаа.

 

Зохиогч: -Нацагдоржийн хонгор азарга 7 түрүүлсэн бөгөөд Жигээ улааны удамтай гэж ярилцдаг. Н.Батдоржийн уясан Хонгор азарганы үр хонгор даага Бэрхийн уурхайн наадамд даага нь будилж 2 дахин уралдахад хоёуланд нь түрүүлж байсан.

 

Их уяач багш Дандарын Нацагдоржид зориулав.

Г.Сайнбилэг.

Баянхутаг сум.

2011 оны 06 сарын 28 өдөр

 

 

 

 

 

 

Баянхутаг сумын ИТХ, ЗДТГ-ын хамт олон. 2011 он

Улсын сайн малчин Р.Цэрэн                        МУГЖ Г.Хонгорзул орон нутгийн      

                                                                                                        удирдлагуудтай

хүүгийн хамт             

 

Самдан аваргын нэрэмжит үндэсний бөхийн аймгийн аварга шалгаруулах барилдааны үеэр.

 

 

 

 

 

 

 

 

 

Хөгжимчин Ч.Оюунтөгс, Бүжигчин Г.Алтангэрэл (яргуй наадмын шагналтнууд)    

 

 

 

 

 

 

 

 

Уяач М.Ганбаатар хурдан хүлгээ уралдааны замд гаргах гэж буй нь.                                    Д.Жамьяндорж хурдан морьтойгоо

 

Үг, аяыг Л.Агваанжамбал

(Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Б.Хишигнямын захиалгаар бүтээв)

БАС Л ХУРДТАЙ НУТАГ ДАА

Буга урамдаж согоо хуйларсан

Бударч харагдах сонин тогтоцтой

Баян, Баян хүрээ, Баян уул

Баян эрхтий их тайлагт уулстай даа

Зуур шаргалтаж янзага дэгдсэн

Зэрэглээ жирэлзэж нүд гижигдэм

Цэцгэн цэнхэр хөндий хоолой

Цэлгэр говь, Баян хаяа нутагтай даа

Хүмүүс гаталж мал багширсан

Хүдэнтэж харагдах хатан Хэрлэн

Хүлэг уралдаж тоос татсан

Хүүхдийн марзай цангинаж байдаг нутагтай даа

Уяа босгож адуу хураасан

Уурга нь сунагар эзэн нь хийморьтой

Удмын өргөө дуу хууртай

Унаган төрмөл хурд сайтай нутагтай даа

Эртний сайн уяачдаа дурсая

Энгүй хурдан хүлгийн нь магтая

Зээ. Мангал туслагчийн тонж улаан

Хүрдэтийн Дамдингийн сонин хонгор

Донирын Дэмбэрэлийн онь хүрэн

Төгсийн Балжиннямын бор шарга

Дамдин Доржпаламын соёолон саарал

Хөхийн Дугарсүрэнгийн одон улаанууд

Содномын Гомбын хөх саарал

Шаазан Шаравын мэнгэт хүрэн

Жигээ Дамбадаржаагийн салхин бор

Гайхамшигтай сайхан хурдан хүлгүүд байжээ.

Одоо үеийн уяачдаас нэрлэе

Онцгой хурдан хүлгий нь магтья

Зээ. Хүрэлбаатарын босоо улаан

Балдандагвын цавьдар хүрэн

Батжаргалын хар хүрэн

Батгүний дүмбэн шарга

Лувсангийн Гонгорын хурдан хээр

Лувсанзундуйн зоост будан

Цаал Цэрэнгийн бор халзан

Сүхчулууны бор хулиун

Уртын Дамдинжавын унаган ухаа (бусдад зарагдаж улсад хурдалсан толин хул)

Нацагдоржийн хонгорууд гээд л

Айл айлын айраг түрүүнүүд

Арай ч тоолж баархгүй дээ хө

         Төгсгөл

Удам судраа хадгалсан хүмүүс

Улс орондоо нэртэй уяачид

Олон үе дамжсан угшил

Ойр холдоо цуутай түмэн эх хүлгүүд мөнөөс мөн.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сумын ИТХ-ыхан УБ хотод            Сумын засаг дарга Г.Энхбат аав хүүгийн хамт

 

Жич: зарим зураг хэвлэлийн шаардлага хангаагүй байгаа нь зохиогчид болон хэвлэлийн компанитай хамааралгүй болно.

 

 

Арын хавтасны текст

ХҮҮЦҮҮГИЙН ЧИНТОГТОХ

Намтрын товчоон

Төрсөн он, жил: 1977 оны гал могой жил

Төрсөн нутаг: Хэнтий аймгийн Баянхутаг сум

Мэргэжил: Түүх-уран зохиолын багш

Эрдмийн зэрэг цол: Боловсрол судлалын магистр

Мэргэжлийн зэрэг: Тэргүүлэх

Ажлын туршлага: Хэнтий аймгийн Баянхутаг сумын 8 жилийн дунд сургуульд багш (1999-2002), “Үнэмлэхүй”, “4 дэх засаглал” сонины ерөнхий редактор (2002-2004), Хэнтий аймгийн Боловсрол, Соёлын газарт мэргэжилтэн (2005-2010), БСШУЯ-ны харьяа АББЗСҮТ-д мэргэжилтэн (2010 оноос одоог хүртэл) –ээр ажиллаж байна.

Ажлынхаа анхны гарааг төрөлх нутгаасаа эхэлж Д.Ганчимэг захиралтай ЕБС-ийн хамт олны дотор хөдөлмөрийн дадлага туршлагаа эхлүүлсэн билээ. Төрөлх сумандаа ажиллаж байхдаа олон зуун бахархах шавьтай болж, хэвлэл, мэдээллийн салбарт улсын тэргүүний цол хүртэж, Хэнтий аймгийн БСГ-т ажиллаж байх хугацаандаа удирдлага, арга, зүйгээр хангасны дүнд боловсрол судлалын 19 магистр багшийг 2008-2009 онд төрүүлэн гаргасан зэрэг амжилтууд маань ус нутгийн минь өмөг түшигтэй салшгүй холбоотой. Тиймээсээ ч ажлынхаа өрөөнд нутгийн хайрхныхаа зургийг дээдлэн хадгалдаг билээ.

2005, 2007 онуудад Их Британи улсын Эксэтэрийн Их Сургуульд багшийн мэргэжлийн хөгжлийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтуудад хамрагдсан. “Хүмүүнлэгийн эрх зүй”, “INTEL-ийн сургалтын хөтөлбөрийг Монголын багш бэлтгэх сургалтанд хэрэгжүүлэх нь”, “Хөдөөгийн багш нарын мэргэжлийг ажлын байранд нь хөгжүүлэх нь” зэрэг хөтөлбөрүүдийн үндэсний сургагч багш. Багшийн хөгжил, орон нутаг судлал, амьдрах, аж төрөх ухааны 10 гаруй гарын авлага, дүйцсэн хөтөлбөрийн 1 модуль тус тус боловсруулан гаргаад байна.

 

БАНЗРАГЧИЙН САНДАГ

1950 онд Хэнтий аймгийн Баян-Овоо суманд малчин ард Х.Навааны гэр бүлд мэндэлж, Галшар сумын уугуул эцэг Гомбожавын Банзрагчид үрчлэгдсэн.

Миний эх Баянхутаг сумын харьяат Гэнэмаагийн Дамдинсүрэн юм. 1974 онд ХААДС төгсөж, мал зүйч мэргэжил эзэмшсэн. 1978 онд ЗХУ-ын Эрхүү хотын ХААИС-д мэргэжил дээшлүүлсэн. Баян-Адарга, Баянхутаг, Баян-Овоо, Галшар суманд ерөнхий мал зүйч, Хүнс-ХАА-н түшмэл, багийн засаг дарга зэрэг ажил хийж ирсэн. Баянхутаг сумын “тэмцэл” нэгдлийн ерөнхий мал зүйчээр ажиллахдаа Өгөөмөр фермийн нарийвтар ноостой цигай монголын эрлийз хонийг 30 мянгад хүргэж, тохиромжтой хэвшлийн I, II, III ангийн хонийг 20 мянган толгойд хүргэсэн. Хивсний үйлдвэрийн технологид зохицсон ноосны чанараар сайн хуцыг (одоо Байдраг үүлдэр болсон) Баянхонгор аймгийн Байдрагийн САА-аас авчран монгол хоньтой Наранбулаг, Баян-Эрхтий бригадад үржүүлсэн. Үхэр сүргийн мах, сүүний гарцыг нэмэгдүүлэх зорилгоор Төв аймгийн Баянцогтын САА-аас цэвэр мах, сүүний сименталь үүлдрийн бух худалдан авч Буян-Уул бригадын Эрдэнэ уулын сүүний тасгийн үнээнд зохиомол хээлтүүлэг хийж үхэр сүргийн мах, сүүний шимийг нэмэгдүүлэв.

Галшар сумын улаан ямааны үржлийн фермд сайн чанарын ухна үржүүлэн Хэнтий аймгийнхаа сумдыг улаан ухнаар ханган, ямаан сүргийн ноолуурын чанар, гарцыг сайжруулж шилмэл сүрэг бий болгосон. МАА-н үйлдвэрлэлд хэд хэдэн шинэ бүтээл, оновчтой санал дэвшүүлж патент авсан. Хүнс, ХАА-н үйлдвэрийн тэргүүний ажилтан. Одоо цантын хоолой багийн Иргэдийн нийтийн хурлын даргаар ажиллаж байна

Бичсэн: EDUCATION | цаг: 13:01 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1737479 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax