Сүүлийн 300 жил Монгол сэтгэхүй ихэд алдагдаж гадны сэтгэхүй, соёл, шашин Монголд их орж ирснээр Жинхэнэ Монгол эр хүний зан араншин илтэд доройтов.Үүний улмаас одоо цагт хэн байснаа хэн болоод байгаагаа ч мэдэхгүй байж архинд хөлчүүрч согтохоороо БИ Чингисийн Монгол хэмээн агсамнагч эр хүний хагас залуус олширов!
Хүний эрх, эрх чөлөө, Ардчилал хэмээн шүлсээ үсэргэн эхнэр хүүхэд, ээж аав, анд нөхөд гэр бүлийнхээ аз жаргалыг булаагч согтуу Монгол эрчүүд зодоон, хүүхэн, мөнгө, архинаас өөр ярих сэдэвгүй болж хүн муулж, хов ярьсан арчаагүй өөдгүй новшнууд болж хувирав.
Архинд донтож ухаан санаагаа доройтуулснаар олон Монгол эр хүний үнэлэмж буурч гэр бүлгүй, ажилгүй, архичин, арчаагүй, амьдралгүй, ёс суртахуунгүй, ухамсаргүй болж байна.
Үнэхээр л өвсөнд ороовч үхэр тоож идэхгүй, өөхөнд ороовч нохой тоож шиншихгүй боллоо.
Нүүдлийн соёл иргэншил болон Монгол үндэстний уламжлалт сэтгэхүйн онцлог, ардын сургааль, зүйр цэцэн үгс, сахилга бат, уламжлалт соёлтой өтгөс буурлууд, эцэг эхчүүд нь жинхэнэ эх орон, гэр бүлдээ эзэн болсон эрчүүдийг бэлдэж байжээ.
Тэгвэл одоо Жинхэнэ Монгол эр хүний тухай номын хуудаснаас хайж, түүхийн гүнээс түүж цуглуулах хэрэгтэй болов. Монголчуудын бахархал болсон олон бөхчүүд ч хүртэл сүг болсон байнам.
Энэхүү нийтлэлийг Монгол эрчүүд минь уншиж үзээд өөрийгөө засаж, үр хүүхдээ үлгэрлэн хүмүүжүүлээсэй хэмээн хүснэм.
Эмэгтэйчүүд маань ч гэсэн эрчүүддээ Эр ХҮН болох нөхцлийг олгож ойлгож, итгэж дэмжээсэй хэмээн хүснэм!
Үр хүүхдэдээ үлгэрлэн сургаасай хэмээн хүснэм! Ядаж жаахан ч болов санаа аваасай хэмээн хүснэм!
Бид гал шиг халуун сэтгэлтэй, ус шиг тунгалаг бодолтой хүний дээд хөх толбот Монголчууд шүү дээ!
Ингээд жинхэнэ Монгол эр хүний шинжийг өгүүлсү!
Монгол эр хүн зорилготой амьдарч, бие дааж шийдвэр гаргаж нэртэй төртэй амьдарч чаддаг. Энэ нь нүүдлийн соёл иргэншлийн үр дүнд Монгол эр хүнийг бие хүн болгож төлөвшүүлсэн суурь гайхамшигт Шинж чанар юм.
Шийдвэр гаргасан хойноо түүнээс гарч болох ямарваа эрсдлийг дааж хариуцаж чадах сэтгэлийн тэнхээтэй байдаг. Энэ нь ухаан, амьдралын туршлага, сүүхээ, ажилч хөдөлмөрч зан, эрүүл мэндтэй холбоотой.
Жинхэнэ Монгол эр хүн бол үр хүүхдэдээ үлгэр дууриалал болж хүүхдийнхээ эрүүл мэнд, хүмүүжил боловсролд анхаарч гэр бүлдээ хайр халамж тавьж, амьжиргаанд хэрэгтэй зүйлсийг мэдэрч гүйцээж байх чадалтай байх нь нэр төрийн асуудал хэмээн үздэг.
Сайн явах санааных, Санаж явбал бүтнэ гэдэг.
Элдэв сул үггүй, хэлье гэснээ бодолтой, шулуунхан, шударга, товчхон хэлчихдэг, алсын хараатай, зориг тэнхээтэй, алив зүйлийг бусадтай ярилцахдаа дөвийлгөн хөөргөх, хэт тойруулж ярих, давслах, өөрийгөө хэт магтах, хов жив хөөцөлдөх, сүржигнэх, үглэх, хэрүүл хийх, бусдын хор шар малтах зэргийг цээрлэн хичээдэг чанар бол жинхэнэ Монгол эр хүний давуу тал юм.
Үр хүүхэд, гэр бүлийнхээ гишүүд болон бусдын жижиг алдаа дутагдлыг үл тоох уужуу тайван амгалан эрчүүд зөвхөн Монголд л байсан байна. Нойронд сэргэг байж ирээдүйн амьдралаа төлөвлөж чаддаг, цэвэр цэмцгэр, эрүүл мэнддээ анхааралтай, бусдад халамжтай нөмөр нөөлөгтэй, өөрийн зовлон уйтгар гунигаа бусдаас нууж аль болох бие даан хүндрэлээс гарах гарцыг олж шийдвэрлэх нь жинхэнэ Монгол эр хүний шилдэг шинж чанар юм.
Бусдын хов үг, зусар муу ятгалганд орохгүй, өөрийн үзэл санаа амьдралын чиг шугамдаа үнэнч байх нь жинхэнэ Монгол эр хүний сэтгэлзүйн дархлаа, эр хүний ноён нуруутай холбоотой.
Ах захтай, өтгөс буурлыг хүндэлж үгийг нь сонсож, түүх соёл, удам угсаагаа мэдэрч цаг үетэйгээ шударгаар зохицож амьдарах чадвар бол Монгол эр хүний шинж өвөрмөц чанар билээ.
Монгол эр хүн уул мэт сууж, тал мэт хэвтэж, салхи мэт явж, зөв хувцаслаж, нуруу цэх, хараа дээгүүр байж шударга ёс, зорилгынхоо төлөө уйгагүй зүтгэж хүрдэг нь зориг зүрх, хүч чадал, эрүүл бие өвөрмөц сэтгэлгээтэй шууд холбоотой.
Эр хүн алдаж эрэг нурдаг гэдэг. Жинхэнэ Монгол эр хүн алдаа хийснээ мэдэрч ойлгосноос эхлэн засан залруулж, уучлалт гуйж, түүндээ таарсан шийтгэл хариуцлагыг үүрээд гарч чадах чадвартай байдгаараа онцгой.
Жинхэнэ Монгол эр хүн нь хүний итгэл дааж, хүнийг сэтгэл санаагаар болон эдээр дэмжиж, тусалсан шиг тусладаг. Бусдаас тусламж авч хариу тус хүргэж чаддаг. Хүний үг сонсож чаддаг, хүлээцтэй даруу шинж нь эх түүхийн хуудасанд эгэл баатруудтайгаа мөнхөрч байна.
Аяганы хариу өдөртөө, Агтны хариу жилдээ…
Жинхэнэ Монгол эр хүн бол хүн ялгаж харьцдаггүй, өөртөө итгэлтэй сэтгэл хангалуун байж чаддаг түүнийхээ төлөө тэмцэж зүтгэж чаддаг. Анд нөхдөө зөв таньж нөхөрлөсөн шиг нөхөрлөж чаддаг.
Анд нөхдөөрөө хүрээлүүлж бусдын хүндлэлийг олдог. Бусдыг өөлж гоочлохыг үзэн ядаж аль болох дэмжиж хамтарч их үйлийг нугалдаг.
Дэм дэмэндээ дээс эрчиндээ…
Монгол эрчүүд хүнтэй танилцахдаа бүтэн нэрээ хэлж хүнийг бүтэн нэрээр нь дууддаг уламжлал бий. Нэр хугарахаар яс хугар хэмээн нэрээн хичээдэг.Өөрийгөө дорд үзэх, өөртөө үл итгэх үзэлгүй байж бусдаас ирсэн доромжлол, өдөөн хатгалаганд таарсан хариуг барьж чаддаг.
Хуурч мэхлэх, зусардаж зальдах, шалиглан завхайрах, байнгад архидан согтуурах, гүтгэн доромжлох, ихэрхэж баярхах, эрх мэдлээр далайлгах, эмэгтэй хүнд хүчийг үзүүлэх, айж урвах, хулгай дээрэм хийх, хүн муулах зэрэг нь адгийн эрийн шинж хэмээн Монгол эрчүүд цээрлэж байжээ.
Ноён урваач нохой шарваач. Эрийн муу эмд…
Эрх чөлөө, ардчилал, хүний эрх, хүний онцлог шинж гэсэн сайхан үгнүүдээр халхавч хийж өөрсдийгөө өмөөрч дутагдалтайгаа эвлэрч байхаар одооноос зоригтой шударга байж өөрсдийгөө өөрчлөе Эрчүүдээ!
Одоо… эсвэл хэзээ ч Үгүй!!!
Эрүүл, Зоригтой, Тэвчээртэй, Чадалтай, Оюунлаг, Хүнлэг, эх оронч байхыг хичээж
Эзэн Чингис хаан, тулгар төр тусгаар тогтнол Монгол улс, Монгол үндэстнээрээ омогшиж амьдарцгаая Эрчүүдээ!
Монгол бүсгүйн хайрыг татсан хайрлахгүй байхын аргагүй, гэр бүл эх орон, улс үндэстэндээ хүндтэй Жинхэнэ Монгол эр хүн байх нь зөвхөн таниас л хамаарна!
Амжилт хүсье! Мөнх тэнгэр ивээх болтуухай!
S.Bataa 2011 source: http://bataa2011.wordpress.com/